- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн Газрын 2002 оны 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх асуудал манай төр, засгийн анхааралд байнга оршиж, энэ талаар зохион байгуулсан олон талт, шат дараалсан арга хэмжээний үрээр цагаанбурхан, бөөсний хижиг, полиомиелит өвчнийг устгаж, сахуу, хөхүүл ханиад, улаанбурхан, менингококкт халдварын өвчлөлийг хяналтад авсан амжилттайгаар Монгол Улс 21 дүгээр зуунтай золгож буй хэдий ч халдварт өвчинтэй тэмцэх ажил нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна.
Манай улсад сүүлийн 5 жилд буюу 1997-2001 онд халдварт өвчний 165700 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 140.6 өвчлөл ногдож, халдварт өвчний улмаас 772 хүн нас баржээ.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай", "Дархлаажуулалтын тухай" хуулиудын болон "Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын үндсэн зорилтыг хангах таатай орчин бүрдүүлэх зорилгоор:
-Дэлхий нийтэд эмд тэсвэржсэн нянгийн тархалт нэмэгдэж, нянг биотеррозмд ашиглах хандлага өсч байгааг харгалзаж;
-Хүн амын дунд халдварт өвчнөөс сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт, сурталчилгаа, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор;
-Дархлаажуулалтын болон сүрьеэ, дархлалын олдмол хомсдол, бруцеллёз өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ажлын туршлага, сургамжид тулгуурлан;
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчинтэй тэмцэх талаар дэвшүүлж байгаа зорилт, манай орны халдварт өвчний цаашдын хандлага, халдварт өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх нэгдмэл бодлогын хүрээнд асуудалд цогцолбороор хандах шаардлагад нийцүүлэн "Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулав.
Хоёр. Халдварт өвчний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
Дархлаажуулалттай халдварт өвчин
Дархлаажуулалтын хөтөлбөрт багтдаг долоон өвчний эсрэг нэг хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтын хамралт сүрьеэ 98.0 хувь, сахуу, хөхүүл ханиад, татран 95.4 хувь, полиомиелит 95.4 хувь, улаанбурхан 95.0 хувь, В вируст гепатит 95.1 хувьд тус тус хүрч, дархлаажуулалт хариуцсан эмнэлгийн байгууллагуудын 98.0 хувь нь хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаар уг хөтөлбөрийн зорилтууд 1993-2001 онд амжилттай хэрэгжсэн боловч сум, багийн түвшинд давтан дархлаажуулалтын хамралт зорилтот түвшинд хүрээгүй байна.
Дэлхийн зарим орнуудад 1970 оноос сэргийлэх вакцин хэрэглэж эхэлсэн боловч манай улсад нэвтрүүлээгүй байгаа дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүд тухайлбал, гахай хавдар, улаанууд өвчний өвчлөл, хүндрэл манай улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болж, зөвхөн 2000 онд тууралттай халдварт өвчний 2420 тохиолдол бүртгэгдсэнээс 48.1 хувь нь лабораторийн шинжилгээгээр улаанууд өвчин болох нь батлагджээ. 2001 онд гахай хавдар өвчний 2795 тохиолдол бүртгэгдэж 10.000 хүн ам тутмаас 12 хүн өвчилж, өнгөрсөн онтой харьцуулахад өвчлөл 3.2 дахин нэмэгдэж, 10.000 хүн амд 7.9 промилээр өссөн байна.
2.2.Сүрьеэ
1995 оноос 21 аймаг, 8 дүүрэг, хүүхдийн нэгдсэн эмнэлгийг хамруулан шууд хяналттай богино хугацааны курс эмчилгээг нэвтрүүлж,сүрьеэгийн оношлогооны 31 лабораторийг чанарын хяналтын нэгдсэн сүлжээнд оруулснаар сүрьеэгийн оношлогооны баталгаажилт 8 дахин, халдвартай хэлбэрийн сүрьеэгийн бүрэн эдгэрэлтийн түвшин 2.5 дахин нэмэгдсэн боловч сүрьеэгийн өвчлөл 100.000 хүн амд 127.0 байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орнуудын өвчлөлийн дунджаас даруй 2.5 дахин их байна.
Хоригдлуудын дунд 1999 онд хийсэн судалгаагаар тэдний өвчлөл нийт хүн амынхаас 26 дахин их байна.
2.3. Гэдэсний халдварт өвчин
Сүүлийн 5 жилд гэдэсний халдварт өвчин ихсэх хандлагатай болсны дотор цусан суулга өвчин 2 дахин нэмэгдэж, А вируст гепатитийн өвчлөл сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд гарах нь ихсэж байна.
Мөн ус, хүнсээр дамжин халдварладаг Е вируст гепатитийг бүрэн оношилж чадахгүй байна. Ус, хүнсний аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хөрсний бохирдолт их байгаа нь гэдэсний халдварт өвчин тархах гол нөхцөл болж байна.
2.4 Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин
1992-2001 онд 59 голомтод 85 хүн тарваган тахлаар өвчилсний 37 нь нас барж, өвчлөл өмнөх 10 жилийнхээс 22-оор өсч, нас баралтын хувь 43.5 болжээ.
Манай орны ойт хээр, хээрийн бүсэд орших 15 аймгийн 70 шахам сум боом өвчний байгалийн нутагшмал голомттойгоос жилд дунджаар 40 орчим хувь нь идэвхжиж мал, хүний өвчлөл ихсэж байна. 1999-2001 онд галзуу, боомоор өвчилсөн малын тоо 2.5 дахин өссөн нь хүний өвчлөлд шууд нөлөөлж байна.
Сүүлийн жилүүдэд малын бруцеллёз нэмэгдсэнээс хүнд халдварлах, улмаар өвчлөх байдал ихсэж энэ нь хүүхэд, хөдөлмөрийн насныханд зонхилон тохиолдож байна.
2.5. Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолын өвчин, бэлгийн замаар дамжих халдвар /цаашид ХДХВ/ДОХ/БЗДХ гэнэ/.
Сүүлийн жилүүдэд манай оронд бэлгийн замаар дамжих халдвар эрс нэмэгдэж, 1998 онд тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчнүүд нийт халдварт өвчний 36.0 хувийг эзэлж байсан бол 2000 онд 42.2 хувь болжээ.
1990-2001 онд төрөлхийн тэмбүүгээр 120 гаруй нярай өвчилсөн нь жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдалд тавих хяналт, холбогдох мэргэжлийн кабинетуудын хамтын ажиллагаа суларсан, хүн амын дунд БЗДХ-ын тархалт ихсэж байгааг харуулж байна. Мөн бэлгийн херпес, хламид зэрэг өвчнүүд сүүлийн үед шинээр илэрч, оношлогдоод байна.
БЗДХ-аар өвчлөгсдийн 50 орчим хувийг эрхэлсэн ажилгүй, тэнэмэл, орон гэргүй, төлбөрийн чадвар муутай хүмүүс эзэлж байна.
Манай оронд ХДХВ-ийн халдвар авсан 3 тохиолдол илэрснээс 2 иргэн өвчилж нас барсан байна. Дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын цар тахал дэлгэрч, хөрш ОХУ, БНХАУ-д ХДХВ-ийн халдвар хурдацтайгаар тархаж байгаа нь манай улсад халдвар цаашид нэмэгдэх аюулыг улам ихэсгэж байгаа тул ХДХВ/ДОХ/БЗДХ–ыг тандах судалгаа, сэргийлэлтийг эрс сайжруулж, эмчилгээ, оношлогоог боловсронгуй болгох асуудал нэн тулгамдаж байна.
2.6.Бусад халдварт өвчин
1997-2001 оны байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10.000 хүнд 665.8 тохиолдол бүртгэгдэж, 3 жил тутамд бага хэмжээний, 8 жил тутамд өргөн хэмжээний дэгдэлт ажиглагдаж байна.
ХХI зуунд томуугийн 9 дэх цар тахал дэгдэж болзошгүйг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байгаатай уялдуулан томуу, томуу төст өвчнийг лабораториор эрт оношлох, бага насны хүүхэд, өндөр настанг тархвар зүйн заалтаар, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, иргэдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулах асуудал шинээр тавигдаж байна.
Сүүлийн 5 жилд менингококкт халдварын 2181 тохиолдол бүртгэгдэж 185 хүн нас барсан байна. Менингококкт халдварын хэтийн хандлагаас үзэхэд Улаанбаатар хотод 2004, 2009, 2014, Дархан хотод 2005, 2011, 2016 онуудад, улсын хэмжээгээр 2014-2016 онуудад ээлжит 4 дэх дэгдэлт тохиох магадлал байгааг харгалзан сэргийлэх арга хэмжээг дэгдэлтийг угтуулан авч хэрэгжүүлэх асуудал тулгарч байна. Бактерт мэнэнгийн алаг цоог өвчлөлд зонхилох суурь эзэлдэг гэж дэлхий дахинд үзэж байгаа хемофилюс нянгийн тархалт манай улсад аль түвшинд байгааг тогтоох, сэрүүн бүсийн зарим улс орнуудад амжилттай хэрэглэж эхлээд байгаа энэ халдварын эсрэг вакциныг хэрэглэх эсэхийг судлан магадлах шаардлагатай байна.
Сүүлийн 4 жилийн байдлаар улсын хэмжээнд эмнэлгээс шалтгаалсан халдварын 1284 тохиолдол бүртгэгдэж, өвчлөгсдийн 6.1 хувь нь нас баржээ. Нярайн болон В, С вируст гепатит, ХДХВ-ийн халдвар цус, цусан бүтээгдэхүүн, тарилгаар дамжихаас сэргийлэх нь анхаарал татсан асуудал болоод байна.
Гурав. Халдварт өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийн нийтлэг зорилго,зорилт, дэд хөтөлбөрийн өвөрмөц зорилго, зорилт
3.1. Хөтөлбөрийн нийтлэг зорилго
Үндэсний хөтөлбөрийн зорилго нь халдварт өвчинтэй тэмцэхэд нийгмийн нөөц бололцоог үр дүнтэй дайчлан ашиглах замаар хүн амын дундах халдварт өвчний өвчлөл, эндэгдлийг бууруулахад оршино.
3.2. Хөтөлбөрийн нийтлэг зорилт
3.2.1. Халдварт өвчний оношлогоо, эмчилгээ, сэргийлэлтэд лабораторийн аргын ашиглалтыг сайжруулж, дэлхийн дундаж түвшинд ойртуулах
3.2.2. Халдварт өвчний тандалт, судалгаа, мэдээллийн сүлжээг боловсронгуй болгож, урьдчилан сэргийлэлтэд ашиглах түвшинг нэмэгдүүлэх
3.2.3. Халдварт өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх
3.2.4. Халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сумын болон өрхийн эмнэлгийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах.
3.3. Дэд хөтөлбөр
Халдварт өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр нь дараахь дэд хөтөлбөрүүдтэй байна:
3.3.1. Дархлаажуулалттай халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр;
3.3.2. Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр;
3.3.3. Гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр;
3.3.4. Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр;
3.3.5. ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр;
3.3.6. Бусад халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр.
3.4. Дэд хөтөлбөрүүдийн өвөрмөц зорилго, зорилт:
3.4.1. Дархлаажуулалттай халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр;
3.4.1.1. Зорилго:
Дархлаажуулалттай халдварт өвчний өвчлөл, эндэгдлийг эрс бууруулах, устгах нөхцөлийг бүрдүүлэх.
3.4.1.2. Зорилт:
3.4.1.2.1. Дархлаажуулалттай халдварт өвчний лабораторийн шинжилгээнд суурилсан тандалт, бүртгэл мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох;
3.4.1.2.2. Улаан бурхан өвчний гаралтыг эрс бууруулж, улмаар устгах;
3.4.1.2.3. Шинэ болон хавсарсан вакцинуудыг дархлаажуулалтад нэвтрүүлэх;
3.4.1.2.4. Сум, багийн түвшинд дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх;
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр
3.4.2.1. Зорилго:
Шууд хяналттай богино хугацааны эмчилгээг эрүүл мэндийн үйлчилгээний бүх шатанд нэвтрүүлснээр 2010 он гэхэд сүрьеэгийн тархалт, нас баралтыг бууруулах.
3.4.2.2. Зорилт:
3.4.2.1. Уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэгийн онош баталгаажилтыг 75 хувьд хүргэх;
3.4.2.2. Уушигны халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэгийн эдгэрэлтийн түвшинг 90 хувьд хүргэх.
3.4.3. Гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр
3.4.3.1. Зорилго:
Хүн амын дундах гэдэсний халдварт өвчний өвчлөл, эндэгдлийг бууруулах
3.4.3.2. Зорилт:
3.4.3.2.1. Гэдэсний халдваруудын лабораторийн оношлогоо, сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах;
Хүн амыг, нэн ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхнийг ариун цэвэр, эрүүл ахуйн дадал хэвшилд сургах;
3.4.3.2.3. Ахуйн шавьж, мэрэгчийн тархалтын зүй тогтлыг судалж, тэмцэх арга хэмжээг сайжруулах.
3.4.4. Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр
3.4.4.1. Зорилго
Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний өвчлөл, эндэгдлийг бууруулах.
3.4.4.2. Зорилт:
3.4.4.2.1. Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнүүдийн тохиолдол бүрийг лабораторийн аргаар баталгаажуулдаг болох;
3.4.4.2.2. Байгалийн голомтот халдварт өвчний эпизоотыг судлан тогтоож, голомтын идэвхийг хяналтад авах бололцоог бүрдүүлэх.
3.4.5.ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр
3.4.5.1. Зорилго
Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, БЗДХ-ыг бууруулах замаар ХДХВ-ийн халдварын тархалтыг хязгаарлах.
3.4.5.2. Зорилт:
БЗДХ/ХДХВ/ДОХ өвчнөөс сэргийлэх төв, орон нутгийн мэргэжлийн албадын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
БЗДХ/ХДХВ/ДОХ-ын харуулдан тандалтын тогтолцоог нэвтрүүлж, оношлогоо, эмчилгээний чадавхийг дээшлүүлж, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх;
Хүн амд БЗДХ/ХДХВ/ДОХ өвчнөөс сэргийлэх эрсдэл багатай зан үйл, дадал зуршлыг хэвшүүлэх;
ХДХВ зүү, тариураар дамжин халдварлах эрсдэлийг бууруулах.
3.4.6 Бусад халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр
3.4.6.1. Зорилго
3.4.6.1.1. Эмнэлгээс шалтгаалсан халдварын түвшинг тогтоож, дэгдэлтийг бууруулах;
3.4.6.1.2. Антибиотикт тэсвэртэй нянгийн тандалтыг сайжруулах;
3.4.6.1.3. Шимэгчээр дамжих халдварт өвчний өвчлөл, тархалт, халдварлалтын түвшинг судлан тогтоох, сэргийлэх арга замыг боловсронгүй болгох;
3.4.6.1.4. Томуу, томуу төст өвчний лабораторид түшиглэсэн тандалт, хяналтын сүлжээг нэвтрүүлж, дэгдэлтийн түвшинг тогтоох.
Зорилт:
Эмнэлгээс шалтгаалсан халдварын харуулдан тандалтын тогтолцоог нэвтрүүлэх;
Эмнэлгээс шалтгаалсан халдварын лабораторийн оношлогоо, антибиотикт тэсвэрлэсэн нянг илрүүлэх, тархалтыг хязгаарлах арга хэмжээний үр дүнг сайжруулах;
3.4.6.2.3. Томуу, томуу төст өвчний цар тахлын үед эрсдэл өндөртэй бүлгийн дархлаажуулалтын түвшинг нэмэгдүүлэх;
3.4.6.2.4. Томуугийн лабораторийн тандалт, хяналтын улирлын чанартай сүлжээг бий болгох.
Дөрөв. Үндэсний хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа
4.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
4.1.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, оролцогч талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих, хэрэгжилтийн явцыг Засгийн газарт тайлагнах, шаардлагатай асуудлаар холбогдох газарт санал оруулах үүргийг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл хариуцан гүйцэтгэнэ.
4.1.2. Халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр олон улсын байгууллага, гадаад орон, холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх асуудалд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн оролцоог дэмжих, чиглүүлэх үүргийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
4.1.3. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, халдварт өвчнөөс сэргийлэх, өвчлөлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх арга, стандартыг сайжруулж дэлхийн дундаж түвшинд ойртуулах, нийтэд мэдээлэх ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төв хариуцан гүйцэтгэнэ.
4.1.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлд тайлагнах, мэдээлэх ажлыг Засаг даргаар ахлуулсан нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл хариуцна.
. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа:
Халдварт өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр 2002–2010 онд хэрэгжинэ.
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтэд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хамт олны оролцоо, хүлээх үүрэг
5.1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам:
5.1.1. Багш нарыг бэлтгэх их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийн нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн агуулгыг цаг үеийн шаардлагад нийцүүлэх, байнга боловсронгуй болгох арга хэмжээ авах;
5.1.2. Ерөнхий боловсролын сургуулийн албан сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийн агуулгад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, халдварт өвчнөөс сэргийлэх асуудлыг түлхүү тусгах, албан бус сургалтын хүрээнд ариун цэвэр, эрүүл ахуйн дадлыг хэвшүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
5.1.3. Халдварт өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ, сэргийлэлтийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх;
5.1.4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт дархлаажуулалтын мэдээллийн сан бий болгож, харьяаллын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах зохион байгуулалт хийх;
5.1.6. Хүүхдийн байгууллага, дотуур байрны бохир усны шугам, цооног, гар угаагуур, бие засах газрын стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээг хангуулах, суралцагсдын халуун хоолны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.
5.2. Хууль зүй, дотоод хэргийн яам:
5.2.1. Хорих ял эдлэгсдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохих журмын дагуу хугацаанд нь хийлгэх, тэднийг эрүүлжүүлэх арга хэмжээний чанарт тавих хяналтыг сайжруулах;
5.2.2. Хорих газрын орчин, хоол тэжээлийг эрүүл ахуйн зохистой норм хэмжээнд байлгах талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
5.3. Санхүү, эдийн засгийн яам
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Эрүүл мэндийн яамны захиалга, тооцоог үндэслэн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх.
5.4. Байгаль орчны яам:
5.4.1. Хот суурин газрын агаар, ус, хөрсний бохирдолтыг багасгахад чиглэсэн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
5.4.2. Төв суурин газрын ердийн болон аюултай хатуу, шингэн хог хаягдлыг зайлуулах, устгах, цэвэрлэх байгууламжийг стандартын шаардлагын дагуу ажиллуулах, хог хаягдлыг тогтоосон цэгт зохих журмын дагуу зайлуулж, халдваргүйжүүлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж зохион байгуулах;
5.4.3. Зэрлэг ан амьтны дотор байгалийн голомтот халдварт өвчний эпизоотыг судалж, голомт эрүүлжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
5.5. Хүнс, хөдөө аж ахуйн яам:
5.5.1. Мал, амьтнаас хүнд халдварладаг бруцеллёз, боом, бэтэг, сүрьеэ зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээр өвчинтэй тэмцэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
5.5.2. Хүн амын хоол хүнс, ундны усны хүрэлцээ хангамж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх;
5.5.3. Хүнсний аюулгүй байдал, мал, амьтдыг эрүүлжүүлэх асуудлаар малчид, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах.
5.6. Батлан хамгаалах яам:
5.6.1. Зэвсэгт хүчний Эрүүл мэндийн хяналтын албаны халдварт өвчний оношлогооны хүчин чадлыг нэмэгдүүлэх, лабораторийн нэгдсэн сүлжээнд хамруулах, тандалтын тогтолцоо нэвтрүүлэх;
5.6.2. Цэргийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;
5.6.3. Цэргийн сургалт бэлтгэлийн хөтөлбөрт "Эрүүл мэндийн боловсрол олгох" хичээлийг оруулах.
5.7. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам:
5.7.1. Эмзэг бүлгийн хүмүүсийн халдварт өвчнөөр өвчлөхөд нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоож, арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
5.7.2. Халдварт өвчнөөр өвчлөгсөд, нян тээгчдийн хөдөлмөр хамгаалал, хөдөлмөр зохицуулалт, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг судалж шийдвэрлэх.
5.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын
Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал:
5.8.1. Нутаг дэвсгэрийн холбогдох байгууллагуудын хүчийг халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэхэд чиглүүлэн, уг ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий аймаг, дүүргийн салбар хороодыг байгуулан ажиллуулах;
5.8.2. Халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх талаар гарсан хууль тогтоомж, шийдвэрүүдийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
5.8.3. Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгаж хугацаанд нь олгох, зарцуулалтын байдал, ажлын үр дүнд хяналт тавих;
5.8.4. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хүчин чадлыг нь бэхжүүлэх, багш, эмч мэргэжилтний мэдлэг, боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ авах;
5.8.5. Нутаг дэвсгэрийн түвшинд халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх асуудлаар төрийн ба төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олон, иргэдийн идэвх санаачилгыг дэмжиж ажиллах.
5.9. Өрхийн ба сумын эмнэлэг:
5.9.1. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд заавал хийх дархлаажуулалтын хамралтыг 95-аас дээш хувьд хүргэх;
5.9.2. Үйлчлэх хүрээний хүн амын дунд халдварт өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах;
5.9.3. Халдварт өвчний голомтын халдвар эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулах;
5.9.4. Халдварт өвчинд өртөх эрсдэлтэй болон эмзэг бүлгийн хүмүүсийг хяналтад авч үзлэг шинжилгээнд хамруулан, эрүүлжүүлэх арга хэмжээ авах;
5.9.5. Үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийн агаар, ус, хөрсний бохирдолтын байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
5.10. Иргэд, хамт олон:
5.10.1. Өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлж, эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа заавал орж байх.
5.11. Радио, телевизийн хэрэг эрхлэх газар
Халдварт өвчнөөс сэргийлэх талаар олон нийтэд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааг мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран бэлтгэж үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр явуулж байх.
Текст томруулах
A
A
A