A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 255 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

"БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
 
Нэг. Хөтөлбөрийн үндэслэл
ХХI зууны дэлхийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай хөгжүүлэх стратегийг үндэсний хэмжээнд боловсруулж, энэ талаар төрөөс баримтлах бодлогоор дамжуулан нийгмийн амьдралын бүх хүрээнд хэрэгжүүлэх зорилт дэвшигдэн гарч байна.
1. Дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсон өнөө үед дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд бүх нийтийн экологийн боловсрол ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт 1997-2005 онд хийх өөрчлөлтийн үндсэн чиглэлд аз жаргалтай амьдрахыг эрмэлзэж, түүндээ хүрэх шударга арга замыг өөрөө сонгохын зэрэгцээ үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг чөлөөт нийгэмд иргэн бүрийг өөрийн авьяас, сонирхол, хэрэгцээнд тохируулан бие даан амьдрах чадвараа нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдлэг, боловсрол, соёл эзэмших орчин бүрдүүлэхэд боловсролын эрхэм зорилго оршино гэж тодорхойлсон.
2.Төрөөс экологийн талаар баримтлах бодлогод тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн яамд эрхэлсэн салбарын хүрээнд экологийн талаар явуулах бодлого, чиглэлээ тоддорхойлон түүний хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэгтэйгээр ажиллаж, гаргасан шийдвэр, эцсийн үр дүнгийн төлөө хамтын хариуцлага хүлээдэг байх тогтолцоог бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг байгаль орчны даац, чадавхид нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах, эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор байгалиа нандигнан хайрлаж  ирсэн уламжлалыг сэргээн өвлүүлэх, бүх нийтэд экологийн боловсрол эзэмшүүлэх зорилт тулгарч байна.
3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д иргэдэд экологийн боловсрол олгох Засгийн газрын хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхээр заасан юм. Иймд бүх нийтийн экологийн боловсролын асуудалд хөгжлийн тухай шинэ хандлага, үзэл баримтлал, өөрчлөлт шинэчлэлийн зорилго, зорилтын үүднээс хандаж, бүх нийтийн экологийн боловсролын түвшин, чанарыг дээшлүүлэхийн тулд төр, олон нийт, иргэдийн хамтын хүчин чармайлтаар техник, эдийн засаг, хүний нөөцийн храрьцангуй хязгаарлагдмал нөөцийг бүрэн дүүрэн, үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлэх  зорилгоор үндэсний хөтөлбөр боловсруулан гаргаж  хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
4. Эрхэм зорилго
Хүн ам байгальтайгаа зүй зохистой харьцах болон амьдрах орчноо тэтгэн сайжруулах эрүүл саруул амьдрах ухаанд суралцах, байгалийн нөөц баялгийн үр өгөөжийг зүй зохистой, хэмнэлттэй ашиглах соёл эзэмших, тэдэнд байгаль орчны гоо сайхныг таашаах мэдрэмж, хүн байгальтайгаа зохицон амьдрах сэтгэлгээ төлөвших таатай орчин бүрдүүлэхэд оршино.
5. Гол зорилго
Монгол Улсын тогтвортой хөгжлийн стратегийн дагуу нийгмийн шинэ харилцаанд нийцүүлэн боловсролын тогтолцоог бүхэлд нь хамарсан шинэчлэлийг бүрэн агуулгаар нь хэрэгжүүлэх зорилтын хүрээнд албан ба албан бус боловсролын арга, хэлбэрээр бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны шинэ механизм бүрдүүлэхэд оршино.
6. Үйл ажиллагааны зорилго
Төрөөс экологийн болон боловсролын талаар баримтлах бодлогын үзэл санаа, хүн амын сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүх нийтэд экологийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга, хэлбэр, арга зүйг шинэчлэн боловсруулж, энэ төрлийн боловсролын эрэлт, хэрэгцээг хангах бүтэц, удирдлага зохион байгуулалтыг бий болгож, үйлчилгээний хүрээ, чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
 
Гурав. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа
7. Боловсрол, экологи, эрүүл мэндийн асуудлаар нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх стратегийн бодлогыг тодорхойлсон баримт бичгүүд, үндсэн чиглэл, үйл ажиллагааны бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаатай нягт уялдуулан Үндэсний хөтөлбөрийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе нь 1998-2005 оныг хамаарна.
 
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
-Монгол Улсын боловсрол, байгаль орчны талаар гарсан стратегийн бодлогыг тодорхойлсон баримт бичгүүд, хууль эрхийн акт, Засгийн газрын болон олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдуулах;
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монголын төрийн үүрэг, төсвийн байгууллагын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны шинэ зарчмын баримтлах;
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хүн амын боловсролын түвшин, хэрэгцээ, сонирхол, бололцоонд тулгуурллан зохион байгуулах;
-Хүн амд экологийн боловсрол эзэмшүүлэхдээ зах зээлийн харилцаан дахь экологийн боловсролын хэрэгцээг нэмэгдүүлэх, эрэлтийн түвшинг дээшлүүлэх, түүний гүйцэтгэлийг хангах зарчмын баримтлах зэрэг болно.
 
Тав. Хөтөлбөрийн санхүүжүүлэлт, хамтын ажиллагаат
9.Санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
1/ бүх нийтийн экологийн боловсролд зориулан гэгээрэл байгаль орчин, эрүүл мэндийн салбарын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс жил бүр олгох хөрөнгө;
2/ байгалийн баялгийг ашигласан төлбөрийн орлогын тодорхой хэсэг;
3 /боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн талаар гарсан үндэсний хөтөлбөрүүдийн экологийн боловсролд зарцуулах төсвийн хөрөнгө;
4/"Бүх нийтийн экологийн боловсрол" хөтөлбөрийг дэмжих зориулалтаар гадаад улс, олон улсын байгууллага, төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгч буй тусламж, дэмжлэг, хандивын хөрөнгө;
5/байгууллага, аж ахуйн нэгжээс малчид,ажиллагчид, суралцагчдынхаа экологийн боловсролыг дээшлүүлэх, байгалиа хамгаалах, зүй зохистой ашиглах, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэхэд зарцуулах өөрийн хөрөнгө;
6/ экологийн боловсролын талаар идэвх, санаачилга, үр дүнтэй ажиллаж байгаа төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төр,олон нийтээс дэмжих урамшуулал зэрэг болно.
10. Хамтын ажиллагаа
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дотоодын нөөц бололцоог дайчлан үр ашигтай ашиглахын зэрэгцээ хоёр талын болон олон улсын мэргэжлийн ба  бусад төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэднээс үзүүлэх тусламж, дэмжлэгийг монголын боловсролын болон байгаль орчны салбарын шинэчлэлд үзүүлж буй туслалцааны нэг бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулна.
 
Зургаа. Хөтөлбөрийн зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
11. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
1/ экологийн боловсролын эрэлт, хэрэгцээг хангах бүтэц, удирдлага зохион байгуулалтын шинэ тогтолцоог бүрдүүлж, чадварлаг боловсон хүчнээр ханган, материаллаг нөхцөлийг сайжруулах;
2/ бүх нийтэд экологийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга, хэлбэр, арга зүйг шинэ хэрэгцээ шаардлагыг хангахуйц түвшинд шинэчлэн боловсруулж сургалтад нэвтрүүлэх;
3/ экологийн боловсрол эзэмшүүлэх үйлчилгээний хүрээг өргөжүүлж, чанарыг дээшлүүлэх;
4/ хүн амд экологийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд төр, олон нийт, аж ахуй, хэвлэл мэдээллийн байгууллагууд,, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэн тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх;
5/ үндэсний хийгээд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй экологийн болон эрүүл мэндийн боловсролтой холбоотой мэдээлэл, сургалт, сурталчилгааны хөтөлбөр, төслүүдийг уялдуулан зохицуулж, үр ашгийг нь дээшлүүлэх.
12. Экологийн боловсролын эрэлт, хэрэгцээг хангах бүтэц, удирдлага зохион байгуулалтын шинэ тогтолцоог бүрдүүлж, чадварлаг боловсон хүчнээр ханган, материаллаг нөхцөлийг сайжруулах талаар:
а/ хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд стратегийн удирдлага төлөвлөлтөөр хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй Үндэсний зөвлөл ажиллана. Үндэсний зөвлөлийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдана. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж зохицуулах үүргийг Гэгээрлийн яамны харьяа "Байгаль эх" төв, арга зүйн удирдлагаар хангах үүргийг Гэгээрлийн яамны харьяа "Албан бус боловсрол"-ын төв тус тус эрхлэн гүйцэтгэнэ;
б/ орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, хяналт тавих үүрэгтэй аймаг нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөлийг тухайн орон нутгийн Засаг дарга удирдана;
в/ аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж зохицуулах, мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах үүргийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын төв, сургалт сурталчилгаа явуулах үүргийг цэцэрлэг, бүх шатны сургууль, томоохон суурин газруудад шинээр байгуулагдах Гэгээрлийн төвүүд тус тус эрхлэн гүйцэтгэнэ. Экологийн боловсролын талаар мэдээлэл сурталчилгаа, сургалт  явуулж буй байгууллага, иргэдийг дэмжинэ;
г/ хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын ба орон нутгийн аль ч түвшинд төрийн болон төсвийн байгууллагын үүрэг хариуцлагын шинэ тогтолцооны үйл ажиллагааны зарчмаар зохион байгуулна;
д/ хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлагаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөх үүргийг боловсролын болон байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд өөрсдийн харьяа хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын оролцоотойгоор гүйцэтгэнэ;
е/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй дээр дурдсан байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, мэргэжлийг нь дээшлүүлэх, тэдэнд үзүүлэх экологийн мэдээллийн хангамжийн үйлчилгээг сайжруулна;
ж/ бүх нийтэд экологийн боловсрол эзэмшүүлэх сургалт, сурталчилгааны ажил эрхлэх бүх шатны сургалтын байгууллагууд, Байгаль эх төв, Албан бус боловсролын төв, Гэгээрлийн төвүүдийн ном зохиол, сурах бичиг, сургалтын бусад хэрэглэгдэхүүн, техник хэрэгслийн хангамжийг дээшлүүлэн сургалтын материаллаг нөхцөлийг сайжруулна.
13. Бүх нийтэд экологийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга, хэлбэр арга зүйг шинэ хэрэгцээ шаардлагыг хангахуйц түвшинд шинэчлэн боловсруулж сургалтад нэвтрүүлэх талаар:
а/ хүн амын экологийн боловсролын өнөөгийн байдал болон эрэлт хэрэгцээ, сонирхлыг тэдний насны ялгаа, ажил мэргэжил, байршил зэргийг харгалзан судлах үндсэн дээр сургалтын технологийг шинэчлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хэрэглэгчдийн бүлэг бүрт тохирсон сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйг боловсрулна;
б/ экологийн албан ба албан бус сургалт явуулах багш нарыг бэлтгэх, давтан бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, сурах бичиг, сургалтын хэрэглэгдхүүнээр хангах ажлыг шийдвэрлэнэ;
в/ бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх сургалтад албан ёсны сургалтаас гадна гэрийн болон түр сургалт, бүлгэм, дугуйлан, орой, эчнээ, зайны сургалт зэрэг албан бус сургалтын хэлбэрийг өргөн ашиглана.
14.Экологийн боловсрол эзэмшүүлэх үйлчилгээний хүрээг өргөжүүлж чанарыг дээшлүүлэх талаар:
а/ уламжлалт албан сургалтын болон шинээр бүрэлдэж буй албан бус сургалтын сүлжээг ашиглан нийт хүн амыг хамрах замаар үйлчилгээний хүрээг өргөтгөн бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлнэ;
б /хувь хүн, гэр бүл болон тухайн байгууллага, хамт олны үйл ажиллагаанд тулгуурлан тэдний эрхлэж буй ажил, үйлчилгээ, амьдарч ажиллаж буй орчин нөхцөлтэй нь нягт холбож, экологи, эрүүл мэндийн талаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх замаар экологийн боловсролын чанарыг сайжруулна.
15. Хүн амд экологийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд төр, олон нийт, аж ахуй, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэн тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх талаар:
1/ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэг, иргэд дараахь үүрэг, хариуцлага хүлээж  оролцоно:
а/ Засгийн газар, төрийн ззахиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын оролцоо:
-хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улс орны болон орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт  тусгах;
-эрхэлсэн салбарынхаа хүрээнд бүх нийтийн экологийн боловсролын талаар стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, экологийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж  үнэлгээ хийх;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэг, иргэдийн санаачилга, оролцоог дэмжих, идэвхжүүлэх;
б /хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо:
-үндэсний болон орон нутгийн хэвлэлийн нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлгийн бодлого, чиглэл, төлөвлөгөө, хөтөлбөрт экологийн сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, чанарыг нь дээшлүүлж, арга хэлбэрийг боловсронгуй болгох;
-экологийн боловсролд зориулсан албан бус сургалтын зайны сургалтын хөтөлбөрийг боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
в/ төрийн бус байгууллагуудын оролцоо:
-экологийн боловсролын асуудлаар тодорхой төсөл, бусад арга хэмжээг дангаараа болон олон улсын хийгээд Засгийн газрын бус бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, олон түмнийг өргөн оролцуулах;
-өөрийн байгууллагуудын гишүүд болон дэмжигчдийнхээ экологийн боловсрол, эрүүл аж төрөх ёсны төлөвшилтөнд дүгнэлт хийж түүнийг сайжруулах талаар жилийн болон хэтийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллах;
г /аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо:
-байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, сурталчилгаа, судалгаа шинжилгээ явуулах талаар төр, засгаас гаргасан бодлого, хууль тогтоомжийг судлуулах, тэдгээрийг биелүүлэх ажлыг байгууллагын хэмжээнд зохион байгуулж үр дүнг тооцох;
-малчид, ажиллагчид, суралцагчдынхаа экологийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмждэг орчин бүрдүүлэх талаар зохих шийдвэр гарган төсөл боловсруулж хэрэгжүүлэх, хамт олны болон бусад байгууллагын идэвх санаачилгыг дэмжих, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
д/гэр бүл, иргэдийн оролцоо:
-эцэг эх нь үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүдэд экологийн боловсрол эзэмшүүлж, зөв хүмүүжил төлөвшүүлэхэд нь санаачлага, хүчин чармайлт гаргаж  анхдагч үүрэгтэйгээр оролцох, тэдэнд сайн үлгэр дууриал үзүүлэх;
-иргэд нь байгаль хамгааллын чиглэлээр гарсан төр, засгийн хууль тогтоомжийг чанд биелүүлж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
16. Үндэсний болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй экологийн болон эрүүл мэндийн боловсролтой холбоотой мэдээлэл, сургалт, сурталчилгааны хөтөлбөр, төслүүдийг уялдуулан зохицуулж, үр ашгийг нь дээшлүүлэх талаар:
а/ боловсрол, экологи, эрүүл мэнд, нийгмийн хамгаалллын чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдтэй нягт уялдуулан тэдгээрийг хэрэгжүүлж буй бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин, материаллаг нөхцөлийг оновчтой хоршин хамтран ажиллах замаар бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд шаардагдах зардлын үр ашгийг дээшлүүлнэ:
б/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлөөс бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн гадаадын ба олон улсын төрөлжсөн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр төслүүдийг уялдуулан зохицуулж тэдгээрээс үзүүлж буй тусламж дэмжлэгийг үр ашигтай ашиглана.
 
Долоо. Хөтөлбөрийн хяналт, үнэлгээний шалгуур
17. Хяналт
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүгнэх ажлыг Үндэсний болон орон нутгийн салбар зөвлөл гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар орон нутгиийн салбар зөвлөлүүд нь жил бүрийн 10 дугаар сард Үндэсний зөвлөлд, Үндэсний зөвлөл нь жил бүрийн 11 дүгээр сард багтаан Засгийн газарт тайлагнаж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцтай уялдуулан нэмэлт тодотгол оруулж байна.
18. Үнэлгээний шалгуур
Хөтөлбөрийн эрхэм зорилго, гол зорилго, үйл ажиллагааны зорилгын биелэлтийг үнэлэхэд дараахь шалгуур үзүүлэлтийг үндэслэл болгоно:
а/ экологийн боловсрол эзэмшүүлэх үйлчилгээний чанарын өөрчлөлт:
-сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийн түвшин;
-экологийн сургалт явуулах багш арга зүйч, сайн дурынхны хангамж, хүрэлцээ;
-сурах бичиг, сургалтын хэрэглэгдхүүн, тоног төхөөрөмжийн хангамж, чанар;
б/ бүх нийтэд экологийн боловсрол эзэмшүүлэх бүтэц, зохион байгуулалтын шинэ тогтолцоо бий болсон байх;
в/ экологийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны хариуцлага, эрхийн хуваарилалт оновчтой байх;
г/ экологийн боловсрол нь хэрэглэгчдийн эрх ашиг, хэрэгцээ сонирхолд нийцсэн хүртээмжтэй байх;
д/ хөрөнгө санхүүгийн эх үүсвэр нь тогтвортой найдвартай байх;
е/ хөрөнгө, хүний нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах нөхцөл бүрдсэн байх;
ж/ экологийн боловсролын хэрэгцээ өсөж, түүнийг хөгжүүлэхэд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дэмжлэг, хамтран ажиллах санаачилга, сонирхол өссөн байх;
з/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь цаашдын хөгжлийн нөхцлийг хангасан, хөтөлбөрийн эрхэм зорилгод чиглэсэн байх.
 
 
Найм. Гарах үр дүн
19. Дэлхийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл хандлага хийгээд монголын нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд нийцсэн боловсрол, байгаль орчин, эрүүл мэндиийн шинэ тогтолцоо бүрэлдэн төлөвших хүрээнд хүн амын экологийн боловсролын түвшин дээшилнэ.
 
---------оОо---------