- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1998 оны 122 дугаар тогтоолын хавсралт
ОЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
ОЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
1.Манай орны ой нь Төв Азийн хээр цөл, Зүүн Сибирийн Их Тайгын зааг дээр дэлхийн усны 3 том ай савын хагалбарыг дагаж ургасан, гол мөрний усыг зохицуулах, цуглуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон бөрих зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах өндөр ач холбогдолтой биогеоценозын эмзэгхэн тогтоц билээ.
1995 оны байдлаар манай улсын ойн сан 17,5 сая га болж байгаа боловч ой модоор хучигдсан талбай нь 12,7 сая буюу нутаг дэвсгэрийн 8,1 хувь, заган ой, сөөг, торлогийг оролцуулахгүйээр тооцвол 10,2 сая га буюу 6,5 хувь болж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан "Дэлхийн ойн өнөөдөр ба маргааш" гэсэн статистик мэдээтэй харьцуулахад дэлхий нийтийн жишгээр ойн нөөцөөр ядуу тоонд хамрагдаж байна.
Манай ойн нөөцийн хэмжээ 1,3 тэрбум гаруй шоометр, түүний жилийн дундаж өсөлт 5,6 сая шоометр бөгөөд ойн 58 хувь нь 30 хэмээс дээш налуу газарт болон тусгай хамгаалалттай газар нутаг, ногоон бүс, хориотой зурваст хамрагддагийн зэрэгцээ ашиглаж болох ойн нөөц нь төв суурингаас хэт алслагдсан, зам харгуйн нөхцөл муутай газарт байдаг.
Судалгаанаас үзэхэд 1940-1997 онд 42,1 сая шоометр модыг 300 гаруй мянган га газраас огтолж ашиглажээ. Үүний зэрэгцээ 1970 оноос хойш жил бүр түймэрт 270,0 мянган га, хөнөөлт шавьж, өвчинд 70,0 мянган га ойн талбай тус тус нэрвэгдэж байсан байна.
Зөвхөн 1996 онд түймэрт 2,3 сая га ойн талбай нэрвэгдсэнээс 250,0 мянган га талбайн ой түймэрт хүчтэй шатаж, экологийн ая холбогдолоо алдсан байна. Ийнхүү өнөөдөр ойтой талбайн дөрөвний нэг хувь нь технологийн биш огтлолт, түймэр, хөнөөлт шавьж, өвчин зэрэг гадны хүчин зүйлийн нөлөөнд нэрвэгдээд байна.
Монгол Улсын Их хурал 1995 онд Ойн тухай, Хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай, 1996 онд Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулиудыг батлан гаргав.
Төр засгаас ойн талаар гаргасан хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн орон нутагт хэрэгжүүлэх үүргийг аймаг, сумын Засаг дарга нар хүлээдэг. Гэвч аймгуудын Засаг даргын Тамгын газарт ойн мэргэжлийн боловсон хүчин, мэргэжлийн нэгж, орон тоо байхгүй байгаагийн улмаас ойн менежментийн бодлого алдаглаж, ойг түйсэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэж хохирлыг арилгах, ойг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажилд дорвитой ахиц гаргахгүй байна.
Ойн тухай хуульд ой зохион байгуулалтыг 10 жилийн давтамжтайгаар явуулж байхаар заасан боловч одоогийн хүчин чадлаар /жилд 600,0 мянган га/ тооцоход уг арга хэмжээнд даруй 30 орчим жил шаардагдах тооцоо гарч байна.
Сүүлийн жилүүдэд ойд хийх арчилгааны огтлолтын хэмжээ багасаж, жилд дунджаар 500 га талбайгаас хэтрэхгүй байна. Харин ойн цэвэрлэгээг жилд дунджаар 1000 га талбайд явуулж, гарсан модыг төрөл бүрийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдийн түлшний хэрэгцээг хангахад ашиглаж ирлээ.
1971 оноос ойг нөхөн сэргээх ажлыг төвлөрсөн төлөвлөгөөгөөр зохицуулж ирсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 69,4 мянган га талбайд ойг тарьж ургуулсан нь мод бэлтгэсэн талбайн дөнгөж 20 гаруй хувьтай тэнцэж байгаа гэсэн мэдээтэй ч бодит байдал дээр ургасан нь түүнээс туйлын бага юм.
Мөн хугацаанд Сэлэнгэ, Дорнод, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймгийн зарим сумдад тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах, Говь-алтай, Өмнөговь аймгийн зарим сумдад цөлжилт, хөрсний элэгдэл, эвдрэлтэй тэмцэх зорилгоор тал, хээр, говийн бүсэд мод, сөөг тарьж ургуулах ажлыг хийж иржээ.
1980 оны сүүлчээр ойн аж ахуй, модны үйлдвэрүүд жилд дунджаар 6,0 мянган га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг хийж байлаа. Гэвч энэ чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагад техникийн шинэчлэлт хийгээгүйгээс тэдгээрийн хүчин чадал буурч 1991-1997 онд жилд дунджаар 4,0 мянган га орчим талбайд ойжуулалт хийж, хөрөнгийн эх үүсвэргүйгээс цөлжилт, хөрсний элэгдэлтэй тэмцэх арга хэмжээ үндсэндээ зогсонги байдалд орлоо.
Одоо жилд дунджаар 700,0 мянга гаруй шоометр мод бэлтгэн ашиглаж байгаагаас ЗХУ-ын /хуучин нэрээр/ түрүү үеийн техник, технологиор голчлон тоноглогдсон аж ахуйн нэгжүүд 300,0 мянган шоометр хэрэглээний мод, иргэд, бусад байгууллага 400,0 мянган шоометр хэрэглээний мод, түлээ бэлтгэж, мод, модон бүтээгдэхүүн, түлшний дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаадын зах зээлд зүсмэл нийлүүлж байна.
Мод бэлтгэх, боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн зориулалтын машин механизм, тоног төхөөрөмж хуучирч, үйлдвэрлэлийн технологи алдагдсанаас тэдгээрийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Харин 1990 онтой харьцуулбал 1994 оноос эхлэн үйлдвэрлэлийн уналт саармагжих, цаашид сэргэх хандлага ажиглагдаж байна.
Гэвч манай оронд зам харилцаа, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийн хөгжил сул байгаа нь ойг хөмгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учруулж, өртөг зардал өндөрсөж, үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байгаа билээ..
2.Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх шаардлага
Төрөөс экологийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, модон бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах зорилгоор дараахь арга хэмжээг авах шаардлага зүй ёсоор тавигдаж байна:
1.Хөрс, ус, ургамэл, амьтны аймаг, хүрээлэн буй орчныг хамгаалж, хээршилт, цөлжилтөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх;
2.Одоо болон ирээдүй үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл ахуйн хэрэгцээнд зориулж ойн нөөцийг экологийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахгүйгээр үр өгөөжтэй ашиглан тогтвортой хөгжлийг хангах;
3.Ойн нөөц, түүний дагалт баялгийг зохистой ашиглах замаар хүн амын өсөн нэмэгдэж байгаа мод, модон бүтээгдэхүүн, хүнсний зарим хэрэгцээг хангах, ядуурлыг бууруулах;
4.Ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд нутгийн иргэдийг өргөн оролцуулах;
5.Ойн олон талын ач холбогдлыг хүн амд өргөн хүрээтэй сурталчлах, тэдэнд экологийн боловсрол олгох замаар эх орныхоо ой, түүний баялгийг хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх;
6.Иргэн бүр эрүүл, экологийн цэвэр орчинд амьдрах эрхийг хангах;
7.Ойн салбарын удирдлагын бүтцийг оновчтой өөрчилж, ойн менежментийн төлөвлөгөөг боловсронгуй болгож, хэрэгжүүлэх арга хэмжээ авах..
3.Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх үе шат
Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн байгаль орчин, тогтвортой хөгжлийн шаардалагад нийцүүлэн байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн нөхөн сэргэлт, чанарыг сайжруулах, цөлжилт, хээршилтээс хамгаалах, ойн аж ахуй, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийн техник, технологийг дэлхийн түвшинд ойртуулах, мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, экспортын чиглэлтэй мебель, модон эдлэлийн үйлдвэрлэлийг дэмжих, төрөөс ард түмний амьжиргааг сайжруулах, экологи, ойн талаар баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийг дараахь 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
-1 дүгээр үе 2005 он хүртэл
-2 дугаар үе 2006-2010 он;
-3 дугаар үе 2011-2015 он.
4.Ой, модны салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл
Ойн экологийн тогтолцоог хамгаалж, нөхөн сэргээхийн зэрэгцээ монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон техник, технологиор ойн нөөц баялгийг иж бүрэн, зохистой ашиглах бодлого, чиглэлийг дараахь хүрээнд хэрэгжүүлнэ:
1.Ойг хамгаалах
2.Ойг зохистой ашиглах;
3.Ойг нөхөн сэргээх.
1.Ойг хамгаалах асуудлын хүрээнд
Хүний үйлажиллагааны сөрөг нөлөөлөл, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хохирлыг арилгах арга хэмжээг өргөжүүлж, үр өгөөжийг дээшлүүлэх, ойг хамгаалах ажилд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлогыг дараахь дэс дараагаар хэрэгжүүлнэ:
а/ойн хайгуул, судалгаа, менежментийн төлөвлөгөө, орон нутгийн хэрэгцээнд тулгуурлан ойн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхаар тооцож, жилд бэлтгэх модны хэмжээг тогтоож байх;
б/ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар мэргэжсэн боловсон хүчин, зориулалтын техник хэрэгсэл, хөрөнгийн эх үүсвэртэй мэрэгжлийн аж ахуйн нэгжийн хүчээр үйлдвэрлэлийн зориулалттай мод бэлтгэл, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийлгэж, ойн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг сайжруулах;
в/аймаг, нийслэл, суманд хэрэглээний бөөрөнхий мод, дүнз, зүсмэл материал, түлээ борлуулах бирж байгуулах замаар модон материалын борлуулалтыг журамлах;
г/ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх ажилд дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж, уг ажлыг эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын техник, материаллаг баазыг бэхжүүлэхэд туслах;
д/ерөнхий ашиглалтын огтлолт явуулсан талбайг цэвэрлэх, арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг тодорхой зорилго чиглэлтэй хийх замаар түймэр, хөнөөлт шавьж, өвчин тархахаас сэргийлэх;
е/орон нутгийн түвшинд хамтын эзэмшлийн ой бий болгох, аж ахуйн нэгж, байгууллагад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх замаар ой хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд бүх нийтийн оролцоог дээшлүүлэх, түүний үр ашгийг сайжруулах.
2.Ойг зохистой ашиглах асуудлын хүрээнд
Мод бэлтгэх, боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгжийн техник, технологийг шинэчлэх, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанарыг сайжруулах, мод, модон бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, аж ахуйн нэгжийг байгуулах, шинэчлэхэд дараахь чиглэлийг баримтлана:
а/тухайн нутгийн ашиглах модны нөөц, даацыг тогтоож, ашиглалтыг зохицуулах;
б/модон түүхий эдийг иж бүрэн боловсруулан ашиглах;
в/мод, модон түүхий эдийг импортлох, дотооддоо бэлтгэх замаар эх орны модон бүтээгдэхүүний хэрэгцээг хагаж, улмаар хийц, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох;
г/ой, модны салбарт шинэ техник, технологи бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, модон түүхий эдийн ашиглалтыг дээшлүүлэх, хаягдалгүй технологи нэвтрүүлэх, шинээр ажлын байр бий болгохыг тал бүрээр дэмжих ;
д/гэрийн мод, ахуйн хэрэгцээний модон эдлэл, хэрэгслийг үйлдвэрлэх арга ажиллагааг сэргээн эзэмших, баяжуулах замаар үндэсний уламжлалт технологийг боловсронгуй болгох;
е/ойн зам барьж байгуулах нь түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, модны ашиглалтыг сайжруулах, аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг харгалзан, түүнийг төр засгийн оролцоо, дэмжлэг, гадаадын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх;
ж/модон материалыг өөр зүйлээр орлуулах, мебель эдлэлийн зарим тоноглолыг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлэх, бүтээгдэхүүний үнэ, өртгийг хямдруулах, маркетингийн сүлжээг өргөтгөх;
з/мод, модон түүхий эдийн экспортыг хязгаарлах, зогсоох.
3.Ой нөхөн сэргээх асуудлын хүрээнд
Мод, сөөгний тарьц, суулгац үржүүлэх ажлыг эрчимжүүлсний үндсэн дээр мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн талбайг эхний ээлжинд ойжуулж, тал хээр, говь цөлд хамгаалалтын ойн зурвас, төгөл, ногоон хаалт байгуулах арга хэмжээг дэс дараагаар хэрэгжүүлнэ.
а/шинээр мод бэлгэсэн талбайг байгалийн аясаар сэргээн ургахад нь дэмжих арга хэмжээг авч аажим огтлолтоор мод бэлтгэх үед үр, тарьцаар урьдчилан ойжуулах аргыг зарим шаардлагатай талбайд хийх;
б/түймэрт их хэмжээгээр нэрвэгдэж, байгалийн сэргэн ургалт явагдахгүй болсон талбайг үр, тарьцаар, урьд нь мод бэлтгэсэн болон өсвөр модгүй талбай, хээршсэн газрыг жишгийн тарьцаар ойжуулах;
в/элсний нүүлт, цөлжилт явагдаж байгаа газарт механик хамгаалалт, усалгааны асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр тухайн нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд ургаж чадах мод, сөөгийг үр, суулгацаар тарьж, ургуулах ажлыг өргөжүүлэх;
г/говь, хээрийн бүсэд тариалангийн талбайн хөрсийг эвдрэлээс хамгаалах ойн зурвас, бэлчээр хамгаалах, хүн, амьтны амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, малын ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор төгөл ой байгуулах ажлыг бүх талаар дэмжих;
д/ойн үрийн аж ахуйд генетик, селекцийн шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, ойн байнгын үрийн хэсэг, плантаци байгуулах ажлыг үе шаттайгаар хийх;
е/үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах, ойжуулах ажилд иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөлийн оролцоог нэмэгдүүлж, тэдгээрт санхүүгийн дэмжлэг үзүүлж, урамшуулах.
Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг төр, засгийн байгууллагаас зохион байгуулж, төрийн бус байгууллага, болон компани, хоршоо, нөхөрлөл, иргэд, мэргэжлийн байгууллагын хүч, оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
1.Ойг хамгаалах зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх төрийн байгууллага
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого, чиглэлийг боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна.
Ой, модны салбарын удирдлагын бүтэц, менежментийг боловсронгуй болгох асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэнэ.
Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлын зохих хэсгийг жил бүр төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
Аймаг, нийслэл, сум нь орон нутгийн байгаль, цаг агаарын онцлогийг тусган, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.
2.Ойн мэргэжлийн байгууллага
Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг эрх бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны Засаг дарга ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулахдаа төрийн өмчийн болон бусад хэвшлийн ойн мэргэжлийн байгууллагаар дамжуулан гүйцэтгүүлж болно..
3.Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг ойн аж ахуй, мод бэлтгэх боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага хэрэгжүүлж болно.
Төрийн бус байгууллага холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн удирдлагын бүтэц, зохион байгуулалтаа бүрдүүлж, өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаа явуулна.
Төрийн бус байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг төсвийн болон өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж болно.
Төрийн бус байгуулага үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, техник, технологи, бизнесийн мэдээллээр хангах, гадаад харилцааны нөгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, төсөл боловсруулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж болно.
Төрийн бус бйагуулага ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон сурталчилгааны ажилд идэвхтэй оролцоно.
Иргэд оршин суугаа газрынхаа ойн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүнчлэн ойн ашиглалтыг зохицуулах зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, ой хамгаалах нөхөрлөл байгуулж болно.
Нөхөрлөлийн үйл ажиллагаанд төв, орон нутгийн захиргаа, олон улсын болон төрийн бус байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
Ой хамгаалах ажилд ойн нөөцийн өөрчлөлтийг тогтоох, ойг арчилж, бүтэц бүрэлдэхүүнийг сайжруулах, ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах зэрэг арга хэмжээ хамрагдана.
1.Ойн нөөцийн өөрчлөлтийг тогтоох
Ойн нөөцийн өөрчлөлтийг тогтоохдоо дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/ой зохион байгуулалтын хүчин чадлыг 1,5-2,0 дахин нэмэгдүүлэх;
б/агаараас авсан ойн том масштабын гэрэл зургийг тайлан уншиж тогтоосон таксацын үзүүлэлтийг дээж талбай дээр шалгаж засварлах аргаар ой зохион байгуулалт хийх журамд аажмаар шилжих;
в/ойн талбайн өөрчлөлтийг сансраас тандан судлах, газар зүйн мэдээллийн системийг ашиглан ойн зураг үйлдэх техник, тоног төхөөрөмжөөр хангах.
2.Ойг арчилж, бүтэц бүрэлдэхүүнийг сайжруулах
Ойг арчилж, бүтэц бүрэлдэхүүнийг сайжруулахдаа дараахь арга хэмжээг авна:
а/манай орны байгаль, цаг уур, ойн онцлогт тохирсон арга, технологиор ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолыг хийж, модны өсөлт, бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх;
б/Булган, Сэлэнгэ, Завхан аймгийн нарс, шинэс, шинэсхусан, хус-шинэсэн ойд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах байнгын талбай байгуулан, огтолох эрчим, давтагдах хугацаа, модны өсөлтийн хэмжээг тодорхойлж, огтлолтын арга, технологийн үндэслэлийн боловсруулах;
в/ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах сургалт, семинар, үзүүлэх сургууль зохион байгуулах.
3.Ойг түймрээс хамгаалах
Ойг түймрээс хамгаалахад дараахь арга хэмжээг авна:
а/түймэр гарахаас сэргийлэх арга хэмжээнд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, ой хээрийг түймрээс хамгаалах, хууль тогтоомж, орон нутгийн төр, захиргааны байгууллагын шийдвэр, гал түймрийн хор уршиг, түймрээс сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр олон түмэнд сурталчлах ажил зохиох;
б/харлуулсан зурвас татах, түймрийн эсрэг ойн зааг гаргах ажлыг зохион байгуулж, түймрийн тархалтаас сэргийлэх;
в/ойн тухай хуулийн дагуу түймрээс сэргийлэх, түүнтэй тэмцэх хөтөлбөрийг аймаг, сумын хэмжээнд боловсруулан, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгаж, жил бүр санхүүжүүлэх;
г/ гарсан түймрийг түргэн шуурхай илрүүлж, унтраахын тулд сансраас тандан судлах, агаарын харуул, сумдад улирлын чанартай урамшилтай эргүүл гаргаж, түймрээс сэргийлэх, унтраах бүлгийг зохион байгуулах;
д/Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын Байгалийн гамшигтай тэмцэх салбаруудыг холбооны болон түймэр унтраах техник, багаж хэрэгсэл, шатахуунаар хангах;
е/үүлэнд нөлөөлж, зориудаар хур тундас оруулах ажлыг өргөтгөх.
4.Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалахад дараахь арга хэмжээ авна:
а/ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлж, тэдгээрийн тархалтын урт богино хугацааны прогноз боловсруулах;
б/ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх хэсэг, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчилж, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах;
в/ойн хөнөөлт шавьж өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах..
Б.Ойг зохистой ашиглах ажлын хүрээнд
Ойг зохистой ашиглах ажлын хүрээнд модны ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн техник, технологийг боловсронгуй болгох, ойн дагалт баялгийг иж бүрэн ашиглах зэрэг асуудал хамрагдана.
1.Модны ашиглалтыг сайжруулах талаар
Модны ашиглалтыг сайжруулахад дараахь арга хэмжээ авна:
а/ой, модны чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагын хүчин чадлыг үндэслэн тэдгээрт ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журамд шилжих;
б/ойн мэргэжлийн байгууллагаас мод огтлох талбайг тусгаарласан газарт ерөнхий ашиглалтын огтлолтыг аажим болон түүвэрлэх аргаар явуулж, экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
в/30 хэм хүртэл налууд модыг бэлтгэж цагаалах, ачих, тээвэрлэх орчин үеийн техник, технологийг ердийн хөсөг, татлагат цагаалгатай хослон хэрэглэх;
г/ерөнхий ашиглалтын огтлолт, ойн аж ахуйн арга хэмжээний явцад гарах модны шилмүүс, үзүүр мөчир, гишүү, тайрдас, чанар муутай модыг механик болон химийн аргаар гүнзгий боловсруулалт хийж ашиглах;
д/ойн нөөц, даац, тархацыг түшиглүүлэн шаардлагатай газарт замын хайгуул, төсөл хийсний үндсэн дээр зам засварлах, шинээр барьж байгуулах ажлыг зохион байгуулах;
е/хязгаарлагдмал нөөцтэй боловч зайлшгүй бэлтгэж ашиглах шаардлагатай модыг газар дээр нь зүсэж боловсруулах техник, технологийг эзэмших;
ж/бөөрөнхий мод, зүсмэл материалын экспортын эдийн засгийн аргаар хязгаарлаж, импортыг дэмжих.
2.Мод боловсруулах үйлдвэрлэлийн техник, технологийг боловсронгуй болгох талаар
1.Мод боловсруулах үйлдвэрлэлийн техник, технологийг боловсронгуй болгоход дараахь арга хэмжэ авна:
а/үртэс, холтос, модны зах, өөдөс, тайрдасыг боловсруулж ашиглах жижиг, дунд үйлдвэрлэлийн техник, технологи нэвтрүүлэх;
б/зүсмэл материалыг хатаах дэвшилтэт арга технологи эзэмших;
в/мебель, модон эдлэлийн үйлдвэрлэлийг шинэчлэх, шинээр байгуулах замаар зах зээлд өрсөлдөх чадвартай жижиг, дунд үйлдвэр байгуулахыг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх;
г/үйлдвэрлэлийг хорших, дагнах, төрөлжүүлэх замаар төв, орон нутгийн үйлдвэрүүдийн зах зээлд зохицож ажиллах чадварыг дээшлүүлэх;
д/хавтан, фанер, мебелийн хуулга үйлдвэрлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэр шинээр байгуулахыг дэмжих;
е/хөдөөгийн малчид, иргэдийн өргөн хэрэгцээний модон эдлэл, гэрийн мод үйлдвэрлэх уламжлэлт аргыг орчин үеийн технологитой хослуулан, төв, орон нутагт жижиг, дунд үйлдвэр байгуулах;
ж/дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар зүймэл шал, ханын бэлдэц болон барилгын мод, модон эдлэлийн үйлдвэрийг хөгжүүлэх;
з/хус, шинэс модны нүүрс, модлогийн ба холтосны тос зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэх;
и/ой, модны чиглэлийн үйлдвэрлэлийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
3.Ойн дагалт баялгийг иж бүрэн ашиглах талаар
Ойн дагалт баялгийг иж бүрэн ашиглахад дараахь арга хэмжээг авна:
а/ашиглах боломжтой ойн дагалт баялгийн нэр төрөл, нөөцийг тогтоож, тэдгээрийн байршлын зураглал, түүж ашиглах хугацааг бүс нутгаар гаргаж мөрдүүлэх;
б/самар, жимс, мөөг, эмийн ургамал зэрэг ойн дагалт баялгийг бэлтгэж ашиглах заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж мөрдүүлэх;
в/ойн дагалт баялгийг боловсруулах бага оврын механикжсан үйлдвэр байгуулах.
В.Ойн нөхөн сэргээх ажлын хүрээнд
Ойг нөхөн сэргээхэд зориулан модны үр түүж бэлтгэх, тарьц суулгац бойжуулах, ойг тарьж ургуулах чиглэлээр дараахь арга хэмжээ авна.
1.Ойн үрийн аж ахуйн талаар
Ойн үрийн аж ахуйг хөгжүүлэхэд дараахь арга хэмжээ авна:
а/ой ургамалжилтын мужуудад селекцийн үнэлгээ хийж, үрийн хэсгийг тусгаарлан, үр бэлтгэх ажлыг зохион байгуулах;
б/мод, сөөгний үр бэлтгэх ажлын хэмжээг нэмэгдүүлж, зонхилох модны үрийн байнгын нөөцийн сантай болох;
в/үр бэлтгэх болон үрийн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэх;
г/сор, шилмэл модыг сонгон авч ойн үрийн плантаци байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх.
2.Модны тарьц, суулгац бойжуулах талаар
Модны тарьц суулгац бойжуулахад дараахь арга хэмжээ авна:
а/ой бүхий аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар ойжуулалтын ажлын хэрэгцээг хангах тарьц, суулгацтай болсон байх;
б/говь, хээрийн бүсийн зарим аймгуудад бэлчээр, тариалангийн талбайн хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулж, төгөл ой ургуулах зорилгоор мод үржүүлгийн газруудад тухайн нутгийн онцлогт зохицсон мод, сөөгний суулгац ургуулах;
в/ой ургамалжилтын мужуудад тухайн нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон тарьц, суулгац бойжуулах энгийн, хямд төсөр арга технологи нэвтрүүлэх;
г/модны үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах ажилд нутгийн иргэд, олон нийтийг өргөн оролцуулж, тэндэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
д/үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах ажлыг механикжуулах техник хэрэгслийн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
3.Ой нөхөн сэргээх, ойгүй газрыг ойжуулах
Ойг нөхөн сэргээх, ойгүй газрыг ойжуулахад дараахь арга хэмжээ авна:
а/ойн санг байгалийн аясаар болон зориудын аргаар нөхөн сэргээх хялбар өгөөжтэй арга технологийг ой ургамалжилтын муж, бүс нутгийн онцлогт тохируулан ялгавартай тогтоож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
б/Монгол-Алтай, Төв Хангайн түймэрт их хэмжээгээр нэрвэгдсэн, хавтгайруулан мод бэлтгэж хээржсэн газар болон тал хээр, говийн бүсийн бэлчээр, тариалангийн талбай хамгаалах ойн зурвас, төгөлийг жишгийн тарьц, суулгацаар ойжуулах;
в/ойг нөхөн сэргээх, тал, хээрийг ойжуулахад шаардагдах үр, тарьц, суулгацын хэмжээ, үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах, ойг тарьж ургуулах ажлын норм, үнэлгээ, зардлын нормативыг шинэчлэн тогтоох;
г/ойг нөхөн сэргээх ажлыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэдэг журамд шилжих;
д/ойг тарьж ургуулах, нөхөн тарилт хийх, арчлан хамгаалах, ойн санд шилжүүлэх ажлын тасралтгүй ажиллагааг хангаж, ойжуулалтын ажлын бүртгэл, тооцоог сайжруулах.
Г.Хөтөлбөрийн хяналт, санхүүжилт, үр дүн
1.Хөтөлбөрийн хяналт
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад тавих, дүгнэх ажлыг улсын хэмжээнд Байгаль орчны болон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын дэргэдэх Үндэсний зөвлөл, аймаг, нийслэлийн түвшинд салбар зөвлөл гүйцэтгэнэ. Эдгээр зөвлөл нь орон тооны бус байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар орон нутгийн салбар зөвлөлүүд нь жил бүрийн 11 дүгээр сард Үндэсний зөвлөлд, Үндэсний зөвлөл нь жил бүрийн 12 дугаар сард багтаан Засгийн газарт тайлагнаж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцтай уялдуулан нэмэлт тодотгол оруулж байна.
2.Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
а/ойг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан байгаль орчны салбарт төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс жил бүр олгох хөрөнгө;
б/үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашиглагчдын ойг нөхөн сэргээхэд зориулсан өөрийн хөрөнгө;
в/жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
г/ой, модны чиглэлийн бизнесийн байгууллага болон хувь хүмүүсийн хуримтлал;
д/гадаад улс, олон улсын байгууллага, төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгч буй тусламж, дэмжлэг, хандивын хөрөнгө.
3.Хөтөлбөрийн үр дүн
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ой, модны салбарын зохион байгуулалт, эрх зүй, эдийн засгийн нэгдсэн тогтолцоо бий болж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гаргана.
Хөтөлбөрийн үр дүнг дараахь байдлаар тодорхойлж байна:
Ойг хамгаалах ажлын хүрээнд
Ойг хөмгөөлах эрх зүй, эдийн засгийн үндэс бүрдэж, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг багасгах нөхцөл бололцоо бий болно.
Жилд гарах ойн түймрийн тоо, түймрээс учрах хохирлын хэмжээг бууруулна.
Хөнөөлт шавьж, өвчнийг илрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, тэдгээрээс учрах хохирлыг багасгана.
Ойг зохистой ашиглах ажлын хүрээнд
Ой зохион байгуулалтыг 10 жилийн давтамжтайгаар явуулж, ойн модлогийн наац, бусад дагалт баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Огтолсон модноос гарах гуалин, зүсмэлийн гарцыг дээшлүүлж, модны хаягдлыг механик болон химийн аргаар боловсруулж үйлдвэрлэлд иж бүрэн ашиглана.
Дотоодын мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай модон бүтээндэхүүн экспортолно.
Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ.
Ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд
Мод, сөөгний үрийн улсын байнгын нөөцтэй болж, ойжуулалтад шаардагдах тарьц, суулгацын хэрэгцээг бүрэн хангана.
Шинээр модны огтлолт явуулсан талбайг бүрэн ойжуулахын хамт өмнөх жилүүдэд мод огтолсон болон хөнөөлт шавьж, өвчин түймэрт нэрвэгдсэн талбайн 15 хүртэлх хувьд ойг тарьж ургуулна.
Тариалангийн талбайг хөрсний эвдрэлээс хамгаалах, ургац нэмэгдүүлэх ойн зурвас, хүн малын амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, цөлжилтөөс сэргийлэх төгөл, ногоон хаалт бий болгох ажлыг хүмүүсийн нийгэм, эдийн засгийн асуудалтай холбон зохион байгуулна.
Ой, модны үйлдвэрлэлийн шинжлэх ухаан, технологийн бодлого нь ойн нөөцийн үеийн үед зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх замаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад чиглэгдэнэ.
Энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлтийг дор дурдсанаар тодорхойлж байна:
а/ойн экосистемийн өөрчлөлт, түүний тэнцвэрт байдлыг хангах, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх дэвшилтэт техник, технологи эзэмших, шинжлэх ухааны үндэслэл боловсруулах судалгаа, шинжилгээний ажлыг тэргүүн зэрэгт анхаарах;
б/ой модыг түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх арга хэмжээний ойн биологийн үндэслэл, прогноз гаргах;
в/ойн сангийн тооллого бүртгэлийн ажилд өндөр ялгах чадвөртай сансрын гэрэл зураг, цахим техник нэвтрүүлэн улсын ойн сангийн өөрчлөлтийг жил бүр хянаж байх;
г/Монгол орны ойн бүсүүдэд ойн селекцийн үнэлгээ хийж сор, шилмэл модыг олж илрүүлэн арчлан хамгаалах, үрийг түүж бэлтгэх, тарьц суулгац бойжуулах, ойн үрийн плантац, байнгын үрийн хэсгийг байгуулах үндэслэлийг гаргах;
д/ойн аж ахуйн арга хэмжээний болон ойжуулалтын ажлын мужлал тогтооно. Ой үүсгэгч голлох төрлийн мод, хамгаалалтын өндөр ач холбогдолтой мод, сөөгний тарьц, суулгац бойжуулах, ойг тарьж ургуулах дэвшилтэт агротехник, технологийг ой ургамжилтын бүс бүслүүр бүрт нарийвчлан тогтоох;
е/мод үржүүлэг, ойжуулалтын ажлын техник, технологийг боловсронгуй болгох судалгаа явуулж, бага оврын техник хэрэгслээр хангах;
ж/тал, хээрийн бүс, цөл, цөлийн хээрт бэлчээр, тариалангийн талбайг хөрсний элдэгдэл, цөлжилтөөс хамгаалах, бэлчээрийн болон хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх зорилго бүхий ойн зурвас, төгөл, ногоон хаалт ургуулахад ашиглах модны төрөл зүйл, бүрдлийг сонгож, тэдгээрийг тарьж ургуулах агротехник, технологи боловсруулах;
з/тусгай хамгаалалттай газар нутгийн ойн менежментийг хөгжүүлэх, ойтой нутгийн биологийн төрөл зүйлийг хамгаалах, ойн хөрс, ус хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үүргийг дээшлүүлэх;
и/мод боловсруулах үйлдвэрлэлээс гарах үлдэц, өөдсийг ашиглан чанаржуулсан дэвшилтэт материал бий болгох, ялангуяа шинэсэн түүхий эдийг гүнзгий боловсруулах, өргөн хэрэглээний мебель, модон эдлэл үйлдвэрлэх арга технологийг нэвтрүүлэх, ойн химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн судалгаа туршилтыг явуулах;
к/ой модны салбарын удирдлага, зохион байгуулалт, эрх зүй, эдийн засгийн нэгдсэн тогтолцоог бий болгох;
л/өмчийн аль ч хэлбэрт тулгуурласан аж ахуйн нэгж, байгууллага, салбарын шинжлэх ухаан, техник, технологийг хөгжүүлэх, судалгаа-туршилт, үйлдвэрлэл-бизнесийн ажил ажил эрхлэхийг төрөөс бүхий л талаар дэмжих.
2.Олон улсын хамтын ажиллагаа
Ой, модны үйлдвэрлэлийн салбарыг зах зээлийн эдийн засгийн харилцааны үндсэн шаардлага, дэлхий нийтийн энэ чиглэлийн үйлдвэрлэлийн хөгжилт, чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх, ойн шинжлэх ухааны ололт, орчин үеийн тэргүүний техник, технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны үр ашигтай бүх хэлбэрийг ашиглана:
а/Оросын Холбооны Улс, Америк, Канад, Япон, Швед, Герман, Финланд, Хятад зэрэг улстай ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойн сангийн тооллого хийх, тандан судалгаа явуулах, мод боловсруулах болон ойн химийн үйлдвэрлэлийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх;
б/орчин үеийн техник, технологи эзэмшсэн өндөр мэргэжилтэй боловсон хүчин, аспирант, докторыг Япон, Америк, Оросын Холбооны Улс, Герман зэрэг оронд бэлтгэх;
в/ойг хамгаалах, нөхөн сэргээх, түймэр, хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, зээл тусламж авах, хамтарсан судалгаа шинжилгээний ажил зохион байгуулах зэргээр гадаад оррнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх;
г/Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази, Номхон Далайн орнуудын ойн комисс Дэлхийн болон Ази, Номхон Далайн оруудын Ойн судалгааны байгууллага, ойн судалгаа, ойжуулалтын чиглэлийн төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлж, бүс нутгийн хэмжээнд улс орнуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, үйлдвэрлэл эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх.
3.Ой, Модны үйлдвэрлэлийн мэргэжлийн сургалт
Ой, модны үйлдвэрлэлийн мэргэжлийн сургалтыг сайжруулахад дараахь арга хэмжээ авна:
а/ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг зах зээлийн нөхцөлд тохируулан явуулахад урьд бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчин, ажилчдыг давтан сургах, дотоодын их, дээд сургуулиудад болон хөгжилтэй орнуудад мэргэшсэн бакалавр, магистр бэлтгэхэд анхаарч, аспирантур, докторантурт суралцуулж эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх;
б/мэргэжилтэй боловсон хүчин, ажилчдын зах зээлийн болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалт дамжааг Монгол Улсын Их сургууль, Техникийн Их сургууль, Хөдөө аж ахуйн Их сургууль, Ой, модлог судлалын төв, бусад сургалт үйлдвэрлэлийн төв, Геоэкологи, Биологийн хүрээлэнгийн материаллаг бааз, оюуны нөөцийг түшиглүүлэн зохион байгуулах;
в/улсын хөрөнгө оруулалт гадаад, дотоодын зээл, тусламж авах, төсөл хэрэгжүүлэх замаар шинжлэх ухааны болон үйлдвэрлэлийн материаллаг баазыг бэхжүүлэх;
г/ойн аж ахуй, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийн шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох
---оОо---
Текст томруулах
A
A
A