- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 104 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх / нь 1998-2005 онд Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэн томьёолсон үндсэн баримт бичиг мөн
Өнөөдөр манай улсын нийт хүн амын 843900 нь буюу 37 хувийг 16-35 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд ойрын 25-30 жилд нийт хүн амд залуучуудын эзлэх хувь, хэмжээгээрээ дэлхийн улс орнуудын дотор эхний 15 улсад багтах хандлагатай байна.
Нийт залуучуудын 98,2 хувь нь бичиг үсэгт тайлагдсан бөгөөд тэдний 33,5 хувь нь анхан шатны боловсролтой, 48,6 хувь нь дунд боловсролтой, 16,8 хувь нь тусгай дунд болон дээд боловсролтой байна.
Хөдөлмөр эрхлээгүй хүн амын тоо 217,7 мянгад хүрсний 60-70 хувь нь залуучууд бөгөөд жил тутам 50,0-60,0 мянган залуучууд хөдөлмөрийн насанд шилждэг боловч 60 хувь нь эрхэлсэн ажил сургуульгүй үлдэж байна.
Сүүлийн 5 жилд цэргийн албанд татагдсан залуучуудаас зөвхөн эрүүл мэндийн байдлаар тэнцээгүй залуучууд жил бүр 6,2-7,8 мянгад хүрч байгаа бөгөөд улмаар ихсэх хандлагатай байна.
Мөн түүнчлэн 1997 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 50 орчим хувь нь 15-25 насны залуучууд байгаа юм.
Залуучуудын 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч, зах зээлийн шилжилтийн өнөө үед амьдралын чиг баримжаагаа тодорхойлоход хамгийн хүндрэлтэй хэсэг болоод байна.
2.Хөтөлбөрийн үндэслэл:
Монгол Улс ардчилал, шинэчлэлийн замд эргэлт буцалтгүй орсноос хойш 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн батламжилсан "Төрөөс хүүхэд, залуучуудын талаар баримтлах чиглэл", 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдан, 1996 онд Монгол Улсын Их Хурлаас "Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлого"-ыг батлан гаргаснаар зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын үндэс тодорхойлогдсон юм.
Шинэ цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн төрөөс залуучуудын асуудлыг цогцолбороор авч үзэн, хэрэгжүүлэх арга механизмыг оновчтой тодорхойлох шаардлага тавигдаж байна.
Төрөөс залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн боловсруулж гаргах асуудал нь манай орны хүн амын нийгмийн бүлгүүдийн дотор залуучуудын эзлэх хувь, улс орны хөгжилд тэдний гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх шаардлага, дэлхийн улс орнууд, олон улсын нийтлэг чиг хандлагаас урган гарч байна.
НҮБ-ын гишүүн орнуудын 77 хувь нь төрөөс залуучуудынхаа талаар баримтлах үндэсний үзэл баримтлал, хууль, хөтөлбөрийг боловсруулан гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх тогтолцоог бий болгоод байна.
1996 онд болсон НҮБ-ын 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдсон дэлхийн залуучуудын чуулга уулзалтаас "Дэлхийн залуучуудын 2000 он, түүнээс цаашхи хөгжлийн хөтөлбөр"-ийг боловсруулж гаргалаа.
Энэ бүхэн нь Монгол Улсын Засгийн газраас "Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр"-ийг батлан гаргах үндэслэл болж байна.
Манай улсад залуучуудын асуудалд хамаагүй ганц ч гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгж, яам, орон нутаг гэж байхгүй бөгөөд энэ утгаараа залуучуудын асуудлыг нэг яам, газарт хариуцуулан гүйцэтгүүлэх нь үр дүнд хүрэхгүй байна.Иймд залуучуудын асуудлыг шийдвэрлэхэд бүх шатны төрийн захиргааны болон мэргэжил, салбарын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх явдал чухлаар тавигдаж байна.
3.Хөтөлбөрийн зорилго:
"Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр"-ийн зорилго нь нийгмийн хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч залуучууд байдаг тухай дэлхийн улс үндэстний нийтлэг зүй тогтлыг хүлээн зөвшөөрч өсвөр залуу үеийг эрүүл чийрэг өсгөн бойжуулж, эрдэм боловсрол эзэмшүүлж эх орноо хөгжүүлэх чин эрмэлзэл, үндэсний эв нэгдэл, хүнлэг энэрэнгүй үзлээр хүмүүжүүлж, монгол зан заншил, үндэсний уламжлалыг өвлүүлэх, бие дааж аж төрөх нөхцөлийг хангах, ХХ1 зууны босгоор дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхаж ороход нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд оршино.
"Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр"-ийг НҮБ-аас 1995 онд батлан гаргасан "Дэлхийн залуучуудын 2000 он хүртэлх болон түүнээс цаашхи хугацааны хөтөлбөр", "Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлого", "Боловсролын тухай" хууль, "Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр", "Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр", "Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр", "Ажилгүйдлийг бууруулах үндэсний хөтөлбөр", "Хөдөөгийн талаар төрөөс баримтлах бодлого", "Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал", "Өсвөр үе, сурагчдын эрүүл мэндийг сайжруулах хөтөлбөр"-үүдэд дэвшүүлсэн зорилтууд, дээрх чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүдийн агуулгад нийцүүлэн улс орныг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн жил бүрийн үндсэн чиглэлд тусгах замаар хэрэгжүүлнэ.
4.Хөтөлбөрийн үе шат:
Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр"- нь 2 үе шаттай хэрэгжинэ.
1 үе шат нь 1998-2000 оныг хамрах бөгөөд энэ хугацаанд залуучуудын байдалд судалгаа шинжилгээ хийх, залуучуудын байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоог өргөтгөх, тэднийг хөгжүүлэх талаар төрийн цэгцтэй бодлогыг боловсруулан, хэрэгжүүлж эхлэх үе юм.
П үе шат нь 2001-2005 оныг хамрах бөгөөд залуучуудын өмнө тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн өргөн хүрээтэй олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлэн, зохих үр дүнд хүрэх үе юм.
5.Хөтөлбөрийн бүтэц:
Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр" нь дараахь бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.Үүнд:
1/ Залуучууд ба боловсрол, мэдээлэл, оюутан залуучуудын асуудал
2/Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт
3/Залуучууд ба чөлөөт цаг
4/ Залуу гэр бүл, залуучуудын эрүүл мэнд
5/Хөдөөгийн залуучуудын нийгэм, соёлын асуудал
6/Залуучууд ба эх орон, хүрээлэн байгаа орчин
7/ Залуучууд ба олон улсын залуучуудын хөдөлгөөн..
а/ залуучуудын зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай мэдлэг, боловсрол эзэмшүүлэх, залуучуудыг шинжлэх ухаан, техник, технологийн ололт, мэдээллээр хангах;
б/ албан бус сургалтыг хөгжүүлэх, хамрагдах залуучуудын тоог нэмэгдүүлэх;
в/ бичиг үсэг үл мэдэгч залуучуудыг бичиг үсэгт сургах;
г/ оюутан залуучуудын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, оюутны хөнгөлөлтийн тогтолцоог зах зээлийн харилцаанд нийцүүлэн бүрэлдүүлэх.
2.Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
а/ залуучуудад суурь болон мэргэжлийн боловсрол, мэдлэг чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдсэн бүх шатны сургалтыг эрчимтэй зохион байгуулах;
б/ залуучуудад техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх хүрээг өргөтгөж, сургалтын бүх хэлбэрийг дэмжин хөгжүүлэх;
в/ мэргэжлийн боловсролын сургуульд суралцагч залуучуудын хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах;
г/ мэргэжлийн сургуулиудыг онол практикийн өндөр мэдлэг чадвартай залуу багшлах боловсон хүчнээр бэхжүүлэх;
д/ залуу хүн бүр хоёроос доошгүй гадаад хэл сурах хөдөлгөөн өрнүүлэх, албан бус сургалтыг өргөтгөх, гадаад хэлийг зохих түвшинд эзэмшсэн залуучуудыг дэмжих;
е/хөдөөд өрхийн болон явуулын багшийг ажиллуулах замаар залуучуудад суурь боловсрол олгох ажлыг сум, багт зохион байгуулах;
ж/ залуучуудыг мэдээлэл ашиглах чадварт сургах, зайны сургалтын ач холбогдлыг өндөржүүлэх;
з/ ерөнхий боловсролын сургууль төгссөн ядуу өрхийн хүүхэд, төвөөс алслагдсан хөдөөгийн залуучууд, гоц авьяас, оюуны онцгой чадамж бүхий залуучуудад мэргэжил, боловсрол олгоход онцгойлон анхаарч дэмжих;
и/ мэргэжлийн боловсролын сургалтуудыг өргөжүүлэн, тэдгээрт ерөнхий боловсролын сургууль төгссөн залуучуудыг өргөнөөр хамруулах;
к/ өндөр хөгжилтэй орнуудад залуучуудыг сургах тоо хэмжээг нэмэгдүүлэх, хувиараа боловсрол эзэмших бололцоо, нөхцөлийг бүрдүүлэх;
л/ боловсрол, шинжлэх ухааны салбарын хүрээнд удирдах, шийдвэр гаргах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх дүгнэх үйл ажиллагаанд залуучуудыг өргөнөөр оролцуулах явдлыг дэмжих;
м/ оюутан, залуучуудад улсаас үзүүлэх хөнгөлөлтийн тогтолцоо /нийтийн тээврийн хэрэгсэл, холын аймгуудын тээврийн зардал, аялал жуулчлал, оюутан гэр бүл, оюутны байр, хүүхдийн цэцэрлэг, ном, сурах бичиг,хоол, эмнэлэг, эрүүл мэнд, түр хөдөлмөр эрхлэх гэх мэт/-г бүрдүүлэх, улмаар тэдний өмнө тулгарч буй нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх.
а/ залуучуудад хувиараа хөдөлмөр эрхлэх,орлогоо нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлэн явуулахад дэмжлэг үзүүлэх;
б/ ерөнхий боловсролын сургууль төгсөөд ажил, сургуульгүй үлдсэн охид, хөвгүүдийг мэргэжлийн сургалтад тухайн жилд нь хамруулах;
в/ залуучуудыг нийтийг хамарсан ажилд өргөнөөр оролцуулах;
г/ гадаад орнуудад залуучуудыг гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх, тэргүүний технологи эзэмшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
2.Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
а/ орон нутагт залуучуудын ажилгүйдлийг бууруулах дэд хөтөлбөр боловсруулж, нөөц бололцоогоо дайчлан ажлын байр нэмэгдүүлэх;
б/ залуучуудыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, нөхөрлөл, хоршоо байгуулж ажиллахыг дэмжих;
в/ оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, залуучуудад хөдөлмөрийг үнэлэх, хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх;
г/ улирлын чанартай болон хөдөлмөр зарцуулалт ихтэй, нийтийг хамарсан ажилд хөдөлмөр эрхлээгүй залуучуудыг түр хугацаагаар, сонирхлын дагуу, хэсэг бүлгээр нь зохион байгуулан ажиллуулах.
а/ залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан мэдээлэл солилцох, өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох нөхцөл бололцоог бүрдүүлэх;
б/ залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зориулалтын барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулж, үйлчлэх хүрээг өргөжүүлэх;
в/ нийслэл хот, аймаг, сум, дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байрладаг соёлын төв, нийтийн номын сан, мэдээллийн төв, спортын танхим зэрэг соёл үйлчилгээний бусад газруудын үйл ажиллагааг сэргээх, сэлбэн засварлаж ашиглалтыг сайжруулах;
г/ чөлөөт цагийг боловсролын агуулгын бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэж, залуучуудын чөлөөт цагийн асуудлыг бүх шатны сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх;
д/ соёл, урлаг, уран сайхан, спортын арга хэмжээг залуучуудын үүсгэл санаачилгад тулгуурлан тэдгээрийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулж байх;
е/ залуучуудын чөлөөт цагийг тэдний мэдлэг боловсрол, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглүүлэх.
2.Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
а/ бүх аймаг, нийслэлийн дүүргүүдэд "Хүүхэд залуучуудын хөгжлийн төв"-ийн үйл ажиллагааг залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, залуучууд өөрийгөө хөгжүүлэхэд нь чиглүүлэх;
б/ залуучуудыг хүн төрөлхтөний түүх соёлын үнэт зүйлс, шинжлэх ухаан технологийн орчин үеийн ололт, дэвшил болон сонгодог бүтээлүүдтэй танилцуулахад интернет, бусад эх үүсвэрийг ашиглах;
в/ залуучуудын сэдэвтэй радио, телевизийн нэвтрүүлгийн чанар, агуулга, хэлбэрийг сайжруулах;
г/ залуучуудын дунд зохиох соёл урлаг, биеийн тамирын төрөл бүрийн уралдаан, тэмцээний хэлбэр, агуулга, чанарыг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөх;
д/ монголын залуучуудын үндэсний чуулган, их наадам, урлаг, спортын нэгдсэн арга хэмжээг зохиож байх, энэ ажил угтсан олон хэлбэрийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах;
е/ залуу үеийнхний техник сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт, олимпиад, тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж хэвшүүлэх;
ж/ залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагаас явуулж буй үйл ажиллагааг дэмжих;
з/ залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бизнес үйлчилгээ явуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих.
а/ залуу гэр бүлийг эдийн засаг, ёс суртахууны хувьд бэхжүүлэн дэмжих;
б/ эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн орчинд үндэсний болон ардын дэвшилтэт ёс заншил, өв уламжлалыг сэргээн өвлүүлэх;
в/ залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад чиглэгдсэн эрүүл ахуйн болон чийрэгжүүлэлтийн үйлчилгээг нэмэгдүүлж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг ахуйн соёл, амьдралын хэрэгцээ болгон хэвшүүлэх.
2.Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
а/ төв, орон нутагт залуу гэр бүлд харилцааны соёл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ёс зүй, хууль эрхийн асуудлаар зөвлөлгөө өгөх төвийг зохион байгуулж ажиллуулах;
б/ залуу гэр бүлийг бие даан амьдрах явдлыг бүх талаар дэмжиж, амины болон нийтийн орон сууц, гэр барих, удаан эдэлгээтэй эд хогшил худалдан авах, мал, эзэмшил газартай болох, аж ахуй эрхлэх, орлогоо нэмэгдүүлэхэд нь зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох тогтолцоог бий болгох;
в/ залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсны талаар өгөх мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөтгөх, гарын авлага, зөвлөмж, сургалтын материалуудаар хангах, энэ чиглэлээр төрийн бус байгууллагуудаас санаачлан зохиож байгаа ажлуудыг дэмжих;
г/ залуучуудыг осол гэмтэл, хордлогоос урьдчилан сэргийлэх, тэдний дунд тохиолдож байгаа иод, бичил элемент, амин дэм, төмрийн дутагдлаас шалтгаалсан өвчлөлийг бууруулах;
д/ залуу гэр бүл, залуу хүн бүрт "3-s" /SSS/-ийн зарчмыг /спорт, эрүүл секс, хөрөнгийн бирж/ амьдралын хэрэгцээ болгон хэвшүүлэх;
е/ архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх, бэлгийн гаж зуршил, биеэ үнэлэх, садар самууныг хор холбогдлыг залуучуудад ойлгуулах, ДОХ болон бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өргөнөөр зохион байгуулах;
ж/ залуучууд, залуу гэр бүл овог, удам угсаагаа сэргээх "Угийн бичиг" хөтлүүлж хэвшүүлэх.
а/ хөдөөгийн залуучуудыг ахуйн соёлыг дээшлүүлэх;
б/ хөдөөгийн залуучуудыг хувийн өмч хөрөнгө, мал, эзэмшлийн газартай болгох явдлыг дэмжих;
в/хөдөөгийн хүн ам, залуучуудад үзүүлэх нийгэм, ахуйн соёлын үйлчилгээг сайжруулах.
2.Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
а/ хөдөөгийн залуучуудад зах зээлийн харилцааны нөхцөлд ажиллаж, амьдрах арга ухаанд суралцахад нь туслах;
б/ мал аж ахуй, газар тариалан эрхлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулахад чиглэсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч залуучуудад эдийн засгийн талаар дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөө орон нутагт залуучуудын өөрсдийн нь үүсгэл, санаачилгад үндэслэн нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгж үүсгэн байгуулах;
в/ залуучуудад ардын уламжлалт үйлдвэрлэлийн арга ухаан эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, ерөнхий боловсролын болон мэргэжил олгох, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн хөтөлбөрүүдэд тусгах;
г/ сумын төвд халуун ус, үсчин, зурагчин, төрөл бүрийн хувцас, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээний цэгийг шинээр буюу сэргээн засварлан ажиллуулахыг дэмжих;
д/ сумдыг соёл, боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчнээр хангахад онцгой анхаарч тэднийг хөдөөд тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
1.Зорилт:
а/ залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орноо хөгжүүлж, түүгээрээ бахархах чин үзэл эрмэлзэл, итгэл үнэмшил бүрэлдүүлэх, тэдний тогтвортой хөгжилд оролцох оролцоог нэмэгдүүлэх;
б/ залуучуудад байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, эрүүл, цэвэр орчинд аж төрөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх;
в/ залуучуудад төрөө дээдлэх, эцэг эх, ахмад үеэ хүндэтгэн асрах, үр хүүхэд, дүү нараа эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлж хөгжүүлэх, үе тэнгийнхэнтэйгээ сурч боловсрон ажиллаж амьдрах хүсэл эрмэлзэл төлөвшүүлэх.
2.Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
а/ залуучуудад эх орны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө явуулсан ард түмний тэмцэл, ялалтын дайчин замнал, уламжлалыг бүх талаар сурталчлах, энэ ажилд ахмад үеийнхнийг өргөнөөр оролцуулах;
б/ бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрт Монгол Улсын түүх, экологийн боловсрол олгох хичээлийг оруулж, мэргэжлийн багш нарыг сургаж бэлтгэх;
в/ залуучуудын дунд эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах хөдөлгөөн өрнүүлэх, дотоодын аялал жуулчлалын сүлжээ, мэдээллийн сан байгуулах;
г/ "Монгол Улсын нэвтэрхий толь бичиг", "Улаан ном", "Дархан цаазат газрууд", "Ан амьтан" зэрэг шинжлэх ухаан, таних мэдэхүйн ном, сэтгүүлийг шинэчлэн буюу шинээр хэвлүүлэх, залуу үеийнхэнд сурталчлан түгээх ажлыг зохион байгуулах;
д/ эх орны үзэсгэлэнт байгаль, үндэсний зан заншил, ардын уламжлалыг харуулсан кино, ном зохиол, урлагийн бүтээлийг хүүхэд залуучуудад өргөн сурталчлах;
е/ залуучуудын дунд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, арчлан тордох, унаган төрхийг нь сэргээх, хот суурин газрын ойжуулах, айл гэр, албан газраа цэцэгжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх.
а/ залуучуудын асуудлаар НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгээс тавьж байгаа зорилтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх;
б/ Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын нийтлэг үндэслэл, үндсэн чиглэлүүдэд тулгуурлан залуучуудын төрийн болон төрийн бус байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх;
в/ орон орны залуучуудтай найрсаг харилцаатай байж, олон улсын залуучуудын хөдөлгөөнд байр сууриа бэхжүүлэх.
2.Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
а/ хөрш зэргэлдээ болон олон улс, бүс нутгийн орнуудын залуучууд, залуучуудын байгууллагуудтай үр дүнтэй харилцаа холбоогоо хөгжүүлэх, дэлхий нийтийн болон бүс нутгийн түвшинд залуучуудын тулгамдсан асуудлаар санал солилцож байх;
б/ залуучуудын эрхийг хамгаалах талаар гарсан олон улсын эрхийн актуудад нэгдэн орох асуудлыг судлан шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг хангах;
в/ монголын залуучуудын үйл ажиллагааны талаар гадаад орнуудын хүрээнд мэдээлж сурталчлах, харилцан мэдээлэл солилцох;
г/олон улсын болон бүс нутгийн залуучуудын байгууллагуудыг нэгтгэсэн мэдээллийн сүлжээнд нэгдэн орох;
д/ олон улсын болон бүс нутгийн залуучуудын чуулга уулзалт, их наадам, уралдаан тэмцээнд Монголын залуучуудыг өргөнөөр хамруулж, дэмжин туслах;
е/ залуучуудыг хөрш зэргэлдээ болон өндөр хөгжилтэй улсад аялал, жуулчлалаар явуулж, үе тэнгийнхний аж амьдрал, хүн төрөлхтөний соёл иргэншилтэй танилцуулах ажлыг зохион байгуулах;
ж/ залуучуудын өмнө нийтлэг тулгамдсан асуудлаар дэлхий нийт болоод бүс нутгийн залуучуудыг уриалсан хөдөлгөөн, аян, компанит ажил зохион байгуулах, уриалга гаргах санал санаачилгыг дэмжих;
з/ Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн болон хоёр талын хамтын ажиллагааг өргөтгөх, залуучуудын төрийн болон төрийн бус байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хяналт тавина.
Хөтөлбөрийн үр дүнг 2000 он болон 2005 онд 1998 оны байдалтай харьцуулан дараахь үндсэн үзүүлэлт шалгуурыг хэрэглэн тооцож дүгнэнэ.Үүнд:
1/ Залуучуудын боловсрол,мэдээллийн түвшингийн өсөлт;
2/ Оюутан залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гарсан ахиц;
3/ Хөдөлмөр эрхлээгүй хүн амын дотор залуучуудын эзлэх хувийн жингийн бууралт;
4/ Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс мэргэжлийн сургалтад хамран суралцагсдын түвшингийн өсөлт;
5/Залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нэгдсэн тогтолцоо бүрдсэн байх;
6/ Гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдсон залуучуудын тооны бууралт;
7/ Залуучуудын эрүүл мэндийн боловсрол, байдал дээшилж, залуучуудын дунд нийгмийн халдварт өвчин буурсан байх;
8/ Залуу гэр бүлийн эдийн засаг, ёс суртахууны бэхжилт, гэр, байр, орон сууц, удаан эдэлгээтэй эд хогшил худалдан авахад урт хугацаатай зээл авсан залуу гэр бүлийн өсөлт;
9/ Хөдөөгийн залуучуудын нийгэм, ахуйн соёлын түвшингийн дээшилсэн байдал;
10/ Залуучуудын эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нийгмийн сэтгэл зүйн төлөвшилтийн дээшлэлт;
11/ Залуучуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааны өргөжилт.
-----оОо-------
Текст томруулах
A
A
A