- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР
Засгнйн газрын 1998 оны 103 дугаар тогтоолын хавсралт
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР
Манай орны эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжиж төсвийн татаас, хөнгөлөлттэй зээл, тусламж зогссоноор газар тариалангийн үйлдвэрлэл сүүлийн 7 жил дараалан унаж, нийт эргэлтийн талбайн 50 орчим хувь ашиглагдахгүй болж, хүн амын хэрэгцээт гурил, төмс, хүнсний ногооны 50 хүртэл хувийг хангах төдийд хүрлээ. Зөвхөн 1997 онд газар тариалангийн үйлдвэрлэлийн уналт зогсох хандлага гарч 1996 оныхоос үр тарианы үйлдвэрлэл 8,9 хувиар, төмснийх 14 хувиар, хүнсний ногооных 32 хувиар өслөө.
Энэ салбарт машин техник хуучирсан, бордоо, гербицид хэрэглэхгүй болсон, үрийн чанар муудсан зэрэг үйлдвэрлэлийн уналтад нөлөөлж байгаа хүчин зүйл олон байна. Хамгийн гол нь тухайн салбарыг зах зээлд бүрэн шилжүүлэх талаар төрийн бодлого цогцолбор болж чадаагүй байна. Урьд жилүүдэд Засгийн газраас тус салбарын уналтыг зогсоох зарим арга хэмжээ авч улсын төсөв, банкны зээлээр дэмжсэн боловч үр дүнд хүрсэнгүй, уналт нь үргэлжилж, өр авлага улам нэмэгдсэн байна. Газар тариалангийн бүтээгдэхүүний үнийг удаан хугацааны туршид хатуу тогтоон барьж байсан нь сайн ажилласан компанийн ашиг орлогод ч муугаар нөлөөлж байв.
Газар тариалангийн аж ахуйнуудыг үндсэндээ хувьцаат компанийн хэлбэрээр хувьчилсан боловч хувьцаа эзэмшигчид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, шийдвэр гаргахад оролцох байдал хангалтгүй, гүйцэтгэх захирлын гарт эрх мэдэл төвлөрсөн, түүнтэй хариуцлага тооцох механизмгүй байснаас ихээхэн өмч хөрөнгө үрэгдэж, газар тариалангийн аж ахуйн нэгжүүд ажиллах чадваргүй болов.
Газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчид ногдох хэсгийн хувьчлалыг удаашруулж, үнэт цаасны хоёр дахь зах зээл нээх хугацааг сунжруулснаас болж хувьцаа төвлөрч өмч эзэнтэй болох үйл явц зогсонги байдалд орж, улмаар өртөг зардлыг багасгах, өмч хөрөнгийг үр дүнтэй ашиглахад сөргөөр нөлөөлөв. Аж ахуй эрхлэгчид зах зээлийн шинэ нөхцөлд үр ашигтай ажиллаж импорттой өрсөлдөхийн тулд бизнес, санхүүгийн менежмент, маркетингийн мэдлэг чадварт суралцах талаар идэвхтэй ажилласангүй.
Дампуурлын байдалд орсон аж ахуйнуудыг босгох гэж улсын төсөв, банкны ихээхэн хэмжээний хөрөнгө, зээл зарцуулагдсан ч нэгэнт зах зээлийн суурь харилцаа тогтолцоо бүрдээгүй учир энэ нь цогцолбор болж чадаагүй, авсан арга хэмжээ нь мэдэгдэхүйц үр дүнд хүргэсэнгүй. Шинэтгэл хийгдээгүйгээс газрын ашиглалт нь муу, түүнд зах зээлийн харилцаа хөгжиж чадаагүй байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гурил, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангахаар заасан бодлогын хүрээнд тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчид ногдох хэсгийг хувьчилж дуусгах, тариалангийн газрын харилцааг шинэчлэх, газар тариаланд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нөхцөлийг бий болгох үндсэн дээр үр, техник шинэчлэх, экологийн тэнцвэрийг хадгалж, хөрсний эвдрэлээс хамгаалах, хөрсөнд чийг, шим тэжээлийн бодис хуримтлуулах, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх чиглэлээр технологийн дэвшилтэт арга нэвтрүүлэх бодлого баримталж, түүнийг төрөөс бүхий л аргаар дэмжиж, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг энэ арга хэмжээнд ашиглах замаар хувийн хэвшлийн байр суурийг бэхжүүлэх, үйлдвэрлэгчид газар тариалангийн үйлдвэрлэлээ бие даан, үр ашигтай явуулах зах зээлийн эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн бүхий орчинг бүрдүүлэн, тус салбарыг зах зээлд бүрэн шилжүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх асуудлыг монгол орны тогтвортой хөгжлийн үе шат бүрийн зорилттой уялдуулан уян хатан хэрэгжүүлнэ.
1. Эхний үе шат 1998-2000 он. Энэ үе шатны хүрээнд газар тариалангийн салбарт хувьчлал, бүтцийн өөрчлөлтийг дуусгах, тариалангийн газрын тооллого явуулж, бүртгэлийг шинэчлэх, газрын шинэтгэлийн эрх зүйн суурь харилцааг бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хураан авсан улаан буудайн борлуулалтыг баталгаажуулах асуудлыг зах зээлийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх чиглэл баримтална. Техник, үр шинэчлэх, хөрсийг элэгдлээс хамгаалах, түүний үржил шимийг дээшлүүлэх чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлж эхлэх замаар газар тариалангийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн импортыг багасгана.
2. Хоёрдугаар үе шат 2001-2005 он. Энэ үе шатны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, үр ашгийг дээшлүүлэх, улмаар гурил, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтыг хэрэгжүүлнэ.
1.Газар тариалангийн салбарт хийх бүтцийн өөрчлөлт:
а/газар тариалангийн аж ахуйн нэгжүүд болон гурилын үйлдвэрүүдийн төрийн өмчид ногдох хэсгийг 1998 онд багтаан үндсэнд нь хувьчилж дуусгана;
б/газар тариалангийн салбарын мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид, механикжуулагчид, тариалан эрхлэгчдийг бэлтгэх, давтан сургах, туршлага судлуулах, мэдээллээр хангах, зөвлөлгөө өгөх чиглэлээр дотоод, гадаадын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, сургалт нэвтрүүлэлтийн албыг бэхжүүлнэ;
в/фермерийн болон хоршооллын аж ахуйн хэлбэрийг түлхүү хөгжүүлэх, гадаад орнуудын туршлагыг судлах, фермерүүдийн шууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;
г/газар тариалангийн бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтад зуучлах аж ахуй дундын болон бие даасан аж ахуйн нэгжүүдийг үүсгэн байгуулж ажиллуулахыг дэмжинэ;
д/таримал ургамлын үрийн бодлого, газар тариалангийн даатгалын болон газрын харилцааг шинэчлэх зэрэг эрх зүйн орчинг боловсронгуй болгоно;
е/импортын гурил, төмс, хүнсний ногооны чанар, эрүүл ахуй, стандартад тавих хяналтыг чангатгаж, энэ чиглэлийн мэргэжлийн албадыг бэхжүүлнэ.
2.Газар тариалангийн салбарт төрөөс үзүүлэх санхүү, татварын дэмжлэг:
а/газар тариалангийн үйлдвэрлэлд 50 хүртэл хувийн орлогын татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг үргэлжлүүлэн явуулна;
б/газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийг багасгах, бүтээгдэхүүний борлуулалтыг баталгаажуулах зорилгоор борлуулалтгүй улаан буудайг тэдний ашигт ажиллагааг хангахуйц үнээр худалдан авах тогтолцоог бий болгох, буудай худалдан авах, борлуулах аж ахуйн нэгж байгуулж ажиллуулахад дэмжлэг үзүүлнэ;
в/"Ногоон хувьсгал" хөтөлбөрт заасны дагуу сургалт, сурталчилгааны агро парк байгуулах, бага оврын техник төхөөрөмж, гар багаж хэрэгсэл, сайн чанарын үрээр хангах арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ;
г/үрийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг техникээр хангах болон бордоо, гербицид дотооддоо үйлдвэрлэх төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгоно;
д/газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд үзүүлэх гадаадын зээл, тусламжийг нэмэгдүүлэх талаар идэвхтэй бодлого явуулна;
е/гадаад орноос үзүүлж байгаа хүнсний буцалтгүй тусламжийн орлогыг аль болохоор газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглүүлнэ;
ж/газар тариалангийн аж ахуйн нэгжүүд бонд, үнэт цаас гаргах зэргээр хөрөнгө санхүүгийнхээ чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, сургалт, сурталчилгааг эрчимжүүлнэ;
з/дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ, инфляцийн түвшинг харгалзан эрэлт нийлүүлэлтийн зохицуулалтыг тухайн үед нь судалж шийдвэрлэнэ.
3.Тариалангийн газрын харилцааг шинэчлэх:
а/тариалангийн газрын тооллого явуулж, бүртгэлийг шинэчлэх, түүний ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож мөрдүүлнэ;
б/газрын шинэтгэлтэй холбогдох эрх зүйн суурь харилцааг бүрдүүлэх асуудлыг шийдүүлнэ;
в/тариалангийн талбайг бүртгэлжүүлэн, түүний хянан баталгаа, үнэлгээний системийг шинээр гарган мөрдүүлж, тариалангийн газрын кадастрыг зохион байгуулна;
г/атаршсан газар, үржил шим нь муудсан талбайг сэргээн ашиглах, төлөв байдлыг нь сайжруулах, ойжуулах, ургамалжуулах зэрэг арга хэмжээ авсан тохиолдолд татвараас хөнгөлөх, чөлөөлөх хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ;
д/газрын асуудал хариуцсан албан тушаалтан, мэргэжилтэнг сургах, давтан сургах ажлыг зохион байгуулна;
е/атаршсан газрыг нөхөн сэргээх арга хэмжээнд тариалангийн газрын төлбөрийн орлогоос зарцуулах асуудлыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн болон аймаг, нийслэл, орон нутгийн төсөвт тусгах замаар хэрэгжүүлнэ.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд хөдөө аж ахуйн техник, таримлын үр, бордоо болон хөрс боловсруулах, тариалах, ургац хураах технологийн гол асуудлыг авч үзэж байна. Хөтөлбөрийн техник, технологийн шинэчлэлийн хэтийн зорилт нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй, эрчимжсэн технологиор газар тариалан эрхэлж дотоодын хэрэгцээгээ хангах, чанар сайтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг экспортлох замаар тариаланчдыг бие даан техник, технологийн шинэчлэлээ хийх, үйлдвэрлэлээ эрхлэх боломж бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
1.Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл
Хөрсийг эвдрэлээс хамгаалах, түүний үржил шимийг дээшлүүлэх дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрүүлэх чиглэл баримтална:
а/үр тарианы талбайд зурваслан тарих, хөрсийг хавж боловсруулах технологиудыг тариалангийн бүх бүс нутагт нэвтрүүлэхэд төрийн захиргааны болон хяналтын байгууллагуудын анхаарлыг төвлөрүүлнэ;
б/хөрс боловсруулах шинэ технологи нэвтрүүлж, механик боловсруулалтыг цомтгох, халах хувилбаруудыг туршин нэвтрүүлнэ;
в/тариалангийн талбайн сэлгээг боловсронгуй болгох, уртасгах, хөрс хамгаалах систем нэвтрүүлэх чиглэлийг баримтална;
г/болц түргэнтэй, экспортын ач холбогдолтой шинэ таримлуудын судалгаа, шинжилгээ явуулж, энэ талаар төсөл боловсруулж хэрэгжүүлнэ;
д/тариалангийн талбайг эрдэс, шим (бууц, сүрэл, сангас, биогумус, лагийн бордоо г.м.), бактерийн зэрэг бордоогоор бордохын сацуу уриншийн талбайд буурцагт ургамал тариалах, тарианы сүрлийг талбайд нь цацах замаар хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнтэй уялдуулан бордооны дотоодын үйлдвэрлэл, импортыг дэмжих бодлого явуулна;
е/механик элдэншүүлэггүй буюу цомтгосон элдэншүүлэгтэй уриншид тариалах технологийг өөрийн нөхцөлд туршин нэвтрүүлэхэд шаардагдах техник, хог ургамалтай тэмцэх химийн бодисыг импортлох, дотооддоо үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ;
ж/газар тариалангийн үйлдвэрлэлд химижүүлэлтийг үр ашигтай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюулгүй технологиор нэвтрүүлэх замаар хог ургамал, өвчин хортны тархалтыг хязгаарлан, газар тариалангийн соёлжилтыг дээшлүүлж ургац нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ;
з/ургамал хамгаалах арга хэмжээг өргөжүүлж хог ургамал, өвчин, хортон, мэрэгчидтэй тэмцэхэд аж ахуйн нэгжийн анхаарлыг төвлөрүүлэх ба гербицидийн импортыг нэмэгдүүлэхийн хамт дотооддоо үйлдвэрлэдэг болоход төсөл шалгаруулан санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Хөрс элдэншүүлэлтийг цомтгох, хог ургамалтай тэмцэхэд шаардагдах гербицидийн хангамжийг сайжруулна;
и/энгийн ба бага хүч чадалтай механикжсан услалтын системийг сэргээн ашиглах хэтийн чиглэлийг баримтална. Хуучин ашиглагдаж байсан услалтын системийг тоноглож, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах чиглэлээр фермерийн болон өрхийн аж ахуйг хөгжүүлэхэд илүү анхаарна;
к/газар тариалангийн усалгаанд бага оврын энгийн хийцтэй машин төхөөрөмж ашиглах, ардын уламжлалт арга ажиллагааг сэргээн хэрэглэх талаар сургалт, сурталчилгааг өргөжүүлэх бодлого явуулна;
л/хүлэр, малын бууц, шувууны сангас зэрэг орон нутгийн бордоог тариалангийн талбайд хэрэглэх, тэдгээрийг бэлтгэх, боловсруулах, хадгалах талаар сургалт сурталчилгааг өргөжүүлнэ;
м/сүрлийг талбайд цацах, ойн зурвас байгуулах, хөшиг ургамал тариалах, хагас уриншаар талбайг боловсруулах зэргээр хөрсийг элэгдлээс хамгаалах, түүний үржил шимийг сайжруулах чиглэл баримтална.
2.Үрийн шинэчлэл
Хурдан боловсордог, ган гачиг, өвчин, хортонд тэсвэртэй, чанар сайтай арвин ургац өгөх сорт буй болгож, үрийг нь цэврээр үржүүлж дэлгэрүүлэхэд селекци, үр үржүүлгийн зорилт оршино:
а/селекци, үр үржүүлгийн ажлыг зах зээлийн чөлөөт тогтолцоонд шилжүүлж селекцийн болон сортын үр үйлдвэрлэлийн хувийн фермер, аж ахуйн нэгжүүдийг аттестатчилан эрх олгож үрийн хувийн аж ахуйг татвар санхүүгийн бодлогоор дэмжиж улсын захиалгаар үр үйлдвэрлүүлнэ;
б/элит үрийг эрдэм шинжилгээний байгууллагуудад төрийн захиалгаар, дээд /1, 2 дугаар/ үеийн үржүүлгийн үрийг төрөлжсөн үрийн аж ахуйн нэгжүүдэд улсын нөөцийн захиалгаар үйлдвэрлүүлж, аж ахуйн нэгжүүдэд худалдах зохион байгуулалтын арга хэмжээ авна. Энэ зорилгоор газар тариалангийн эрдэм шинжилгээний байгууллагууд болон зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдээр элит болон дээд үржүүлгийн үр, түүний анхдагч материалыг гаргуулж, түүнийг 1-2 дугаар үеийн үр болгон үржүүлж шууд болон улсын үрийн нөөцөөр дамжуулан аж ахуйнуудад худалдах замаар чанар сайтай үрээр улсын хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлнэ;
в/илүү арвин ургацтай сортуудыг гадаадын зээл, тусламжаар авч туршиж шалгаруулан нутагшуулна;
г/НҮБ-ын тусламжтайгаар үрийн шинэчлэлт хийхтэй холбогдсон зарим төслийг хэрэгжүүлнэ. Цэвэрлэх, дугаарлах машиныг шинэчлэх, түүний хангамжийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж, үрийн цэвэрлэгээний чанарыг дээшлүүлнэ;
д/улсын үрийн аюулгүйн нөөцийг нийт хэрэгцээний 20 хувьд, хүнсний буудайн улсын аюулгүйн нөөцийг жилийн хэрэгцээний 10 хувьд хүргэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын нэгдсэн төсөвт тусган хэрэгжүүлнэ. Үрийн шинэчлэлтийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх хүртэл Улсын үрийн нөөцөөс аж ахуйн нэгжүүдэд тодорхой болзол, нөхцөлтэйгээр үр зээлээр олгох бодлого явуулна;
е/сорт сорилт, үр үржүүлгийн ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх болон үрийн импорт, экспорттой холбогдсон хууль эрхийн актуудыг боловсруулан гаргаж мөрдүүлнэ;
ж/үр үржүүлэх ажил эрхэлж байгаа эрдэм шинжилгээний байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ;
з/дотоодын таримлын үрийн чанарт улсын аттестатчилал явуулж түүний үр дүнг харгалзан үр шинэчлэх төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
3.Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэл
Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэлт хийх санхүүгийн гол эх үүсвэр нь аж ахуйн нэгжүүдийн өөрийн хуримтлал гэж үзэх боловч энэ чиглэлээр гадаадаас хөнгөлөлттэй зээл, тусламж авч ашиглах бодлогыг үргэлжлүүлнэ:
а/хөрсийг элэгдлээс хамгаалдаг, нэг удаагийн явалтаар сийрүүлэх, булдах, борнойдох, үрлэх, бордох зэрэг хэд хэдэн үйлдэл гүйцэтгэдэг бүтээмж ихтэй, нэгж ажилд шатахуун бага зарцуулдаг, эдэлгээний хугацаа урттай, монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд зохицсон орчин үеийн машин техникээр парк шинэчлэхэд гадаадын зээл, тусламжийг түлхүү зориулах чиглэл баримтална;
б/аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн хуримтлал зохих хэмжээнд хүрээгүй, Засгийн газраас техникийн шинэчлэлд үзүүлэх санхүүгийн дэмжлэг хязгаартай байгааг харгалзан гадаадаас хөдөө аж ахуйн техникийн лизенгийн үйлчилгээг нээж ажиллуулахад анхаарал тавина;
в/монгол орны байгаль, цаг уурын нөхцөл, газар тариалангийн технологид зохицсон техникийг импортлоход зориулж түүнд тавигдах шаардлага, нөхцөлүүдийг гаргаж мөрдүүлэх чиглэл баримтална;
г/өрхийн жижиг аж ахуйн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж бага чадлын иж бүрэн техникийг сонгон нэвтрүүлэх арга хэмжээг түүний эрэлт хэрэгцээ, захиалгыг үндэслэж шийдвэрлэнэ;
д/энгийн хийцтэй чиргүүл техник, түргэн элэгддэг эд ангийг дотооддоо үйлдвэрлэх санаачилгыг дэмжиж тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ;
е/техникийн засвар хийх, хүн сургах, сэлбэгээр хангах тогтолцоог үйлдвэрлэгчээс бий болгоход голлон анхаарах боловч одоогийн байгаа засвар, үйлчилгээний газруудыг түшиглүүлэн ийм чиглэлийн бизнесийг дотооддоо хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, түүнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, энэ чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх бодлого явуулна;
ж/хөдөө аж ахуйн техникийн шинэчлэлт хийх санхүүгийн гол эх үүсвэр нь аж ахуйн нэгжүүдийн өөрийн хуримтлал гэж үзэх ба энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг чөлөөтэй байлгах бодлогыг тууштай баримтална;
з/олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас хөдөө аж ахуйн техникийн шинэчлэлтэд зориулан хөнгөлөлттэй зээл, тусламж авч ашиглах бодлогыг үргэлжлүүлнэ.
1.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам:
а/хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төслүүд боловсруулж, зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх талаар холбогдох гадаад орон, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх;
б/газар тариалангийн үйлдвэрлэлд техник шинэчлэх, гербицид, бордооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зориулж "Газар тариаланг дэмжих сан"-гаас хөрөнгө гаргаж санхүүжүүлэх;
в/газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчийн оролцоог хувьчлах талаар Төрийн өмчийн хороотой хамтран ажиллах;
г/газар тариалангийн салбарт дутагдаж байгаа мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх асуудлыг Гэгээрлийн яамтай хамтран хэрэгжүүлэх.
2.Сангийн яам:
а/1998 оноос эхлэн манайд үзүүлэх гадаадын хүнсний буцалтгүй тусламжийн хөрөнгийг ашиглах замаар "Газар тариаланг дэмжих сан"-гийн нийт эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллах;
б/Засгийн газрын мэдэлд худалдан авах хүнсний улаан буудай, Улсын нөөцөд хүлээн авах үрийн тарианы хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төвлөрсөн төсөвт тусгах;
в/энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл хийхтэй холбогдох төслүүдийг хандивлагчдын зөвлөлгөөн, гадаад орон, олон улсын байгууллагуудад тавьж шийдүүлж байх.
3.Хөдөө аж ахуйн газар (Хэрэгжүүлэгч агентлаг):
а/хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах бүх талын арга хэмжээг авч ажиллах, түүний биелэлтийг жил бүр гаргаж, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдад танилцуулж байх;
б/газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээхтэй холбогдсон судалгаа, тооцоог гаргуулан үйлдвэрлэлийг нь дэмжих аж ахуйн нэгжүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран шалгаруулах.
4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар:
а/аймаг, нийслэлийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх хөтөлбөрийн биелэлтийг хангуулах;
б/энэхүү хөтөлбөрийн хүрээнд тодорхой төсөл боловсруулж хэрэгжүүлэх талаар холбогдох яам, байгууллагатай хамтран ажиллах;
в/тариалангийн газрын тооллого явуулж, бүртгэлийг шинэчлэх, түүний ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч, төлбөрийн хэмжээг тогтоон мөрдүүлэх.
5.Аж ахуйн нэгжүүд:
а/газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэл хийх төсөл, төлөвлөгөөг боловсруулж, хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх санал, тооцоо, балансыг гаргаж, төв, орон нутгийн холбогдох байгууллагатай хамтран ажиллаж хэрэгжүүлэх;
б/үйлдвэрлэлээ эрчимжүүлж, үр ашгийг дээшлүүлэх замаар хөрөнгийн хуримтлал бий болгож, техникийн шинэчлэлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж ажиллах;
в/тариалах, хөрс боловсруулах технологийг орон нутгийнхаа хөрс, цаг уурын нөхцөлд тохируулан чанд мөрдүүлж ажиллах, бордоо, сонгомол гербицид хэрэглэж хөрсний үржил шимийг сайжруулах, хог ургамлыг устгах, механик боловсруулалт хийдэггүй болон салхины элэгдлээс хамгаалах технологи нэвтрүүлэх;
г/мэргэжилтэн бэлтгэх, мэргэжилтэй ажилчдын тоог нэмэгдүүлэх.
Хөтөлбөрт тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхэд хавсралт тооцооны дагуу импортоор авах бордоонд 23,0 сая ам.доллар, гербицидэд 13,0 сая ам.доллар, үрийн материал гаднаас авч үржүүлэхэд 2,0 сая ам.доллар, шинэ техник, авахад 106,0 сая ам.доллар, бүгд 144,0 сая ам.доллар шаардагдаж байгаа бөгөөд түүнийг голлон аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэх боловч шинэ техник, технологи нэвтрүүлэх арга хэмжээг гадаад орон, олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, "Газар тариаланг дэмжих сан"-гийн эх үүсвэрээр төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн лизенгээр техник авах талаар идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус салбарт дотоод, гадаад талаас хөрөнгө оруулах таатай орчинг бүрдүүлэх замаар шийдвэрлэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 199 дүгээр тогтоолоор баталсан "Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр"-өөр хэрэгжүүлнэ.
1.Гадаадын буцалтгүй тусламж:
а/газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зориулалтаар олгодог гадаадын тусламжаар техникийн шинэчлэлт хийх буюу эсвэл энэ салбарыг сэргээх чиглэлээр томоохон төсөл боловсруулж хэрэгжүүлэх талаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудын Засгийн газартай идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх;
б/буудайн үр шинэчлэлтээр төсөл хэрэгжүүлэх, буцалтгүй тусламж авах талаар гадаад орон, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах.
2.Гадаадын зээл:
а/хандивлагч орон, олон улсын байгууллагаас өгөх зээлийн хөрөнгөөс газар тариалангийн үйлдвэрлэлд техник шинэчлэх, эрчимжсэн технологи нэвтрүүлэх арга хэмжээнд зориулж олгуулах талаар хамтын ажиллагааг хөгжүүлэх;
б/хөрсийг салхины элэгдлээс хамгаалах болон механик боловсруулалт хийдэггүй технологи нэвтрүүлэхэд зориулж засвар хийгдсэн хуучин техникийг тодорхой хугацаанд үнийг нь буцааж төлөх нөхцөлөөр авч ашиглах талаар олон улсын байгууллага, гадаад орнуудын энэ чиглэлийн сонирхсон худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллах.
3.Газар тариаланг дэмжих сан
1998 оноос манайд үзүүлэх хүнсний буцалтгүй тусламжийн хөрөнгийг ашиглах замаар "Газар тариаланг дэмжих сан"-гийн нийт эх үүсвэрийг нэмэгдүүлж 5,0 тэрбум төгрөгөөс доошгүйд хүргэж, бордоо, гербицид импортлох, түүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, Засгийн газрын мэдэлд хүнсний буудай худалдан авах, үрийн аж ахуйг сэргээн хөгжүүлэхэд зарцуулах.
4.Газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн хуримтлал
Газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ бүрэн чөлөөлөгдсөн, хуулиар энэ салбарт орлогын албан татварыг 50,0 хувь хөнгөлсөн, газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчид ногдох хэсгийг 1998 онд багтаан үндсэнд нь хувьчилж дуусган эзэнтэй болгож менежментийг сайжруулан тариалангийн газрын харилцааг шинэчилснээр хөрөнгийн хуримтлал нэмэгдэнэ.
5.Бусад хамтын ажиллагаа
Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр бусад гадаад орон, олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг хөгжүүлж, тус салбарын техник, технологийн шинэчлэлд зохих хувь нэмэр оруулах бололцоог бүрдүүлж ажиллана.
1.Төмс, гол нэрийн хүнсний ногоо, үр тарианы дотоодын хэрэгцээг үндэсний үйлдвэрлэлээр хангана.
2.Газар тариалангийн салбар зах зээлийн эдийн засагт тогтвортой шилжиж, цаашид эрчимтэй хөгжих суурь бүрэн тавигдана.
3.Газрын харилцаа шинэчлэгдэж, ашиглалт нь сайжрах ба хөрс хамгаалах, үржил шимийг нь нөхөн сэргээх, хадгалах талаар дэвшил гарна.
4.Хөдөөд газар тариалангийн үйлдвэрлэл сэргэснээр ажилгүйдэл, ядуурал буурч, амьжиргааны түвшин дээшилж, хүмүүсийн тогтвор суурьшилыг сайжруулан, 3-5 мянган хүн шинээр ажлын байртай болно.
5.Газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлснээр тариалах, хөрс боловсруулах ажлыг агротехникийн хугацаанд нь чанар сайтай явуулж, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх, шатах тослох материал, механикжуулагчдын зардлыг бууруулах боломж бүрдэх ба улмаар тариаланчдад хөрөнгийн хуримтлал бий болгоход эерэгээр нөлөөлнө.
6.Хүч чадал сайтай орчин үеийн техник нэвтрүүлснээр механикжуулагчдын ажиллах нөхцөл сайжирч, хөдөлмөрийн бүтээмж дээшлэх ба мөн хөрсний элэгдэл, нягтралыг багасгана.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A