A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

УСНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл Өнөөгийн байдал
Хүн амын өсөлт, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээ тэлэхийн хэрээр ус хэрэглээний хэмжээ нэмэгдэж байгаагийн зэрэгцээгээр нутгийн зарим хэсэгт усыг ихээхэн үрэлгэн ашиглах болсон, томоохон хот суурингийн ойролцоох усны эх үүсвэрийн хомсдол, бохирдол ихэссэн зэрэг нь хүн амын амьдрах орчинд сөрөг  нөлөөлсөөр байна. Түүнчлэн голын усны тэжээгдлийн бүсэд тооцоо судалгаагүйгээр мод ихээр огтолсноос Туул, Хараа, Хэрлэн зэрэг голын ус багасч, тэдгээрийн усны бохирдол  зөвшөөрөгдөх агууламжаас олон дахин давж байгаа нь шинжилгээгээр тогтоогдоод байна.
Одоогийн байдлаар 70 гол, 1 булаг, 9 нуурт ус судлалын 107 харуул, 14 өртөө ажиллаж усны горим, чанар найрлагын судалгаа хийж байгаагийн дотор усны биологийн дээжийг 54, ууршлыг 8, усны өнгөрөлтийг 81 харуулаар холбогдох хэмжилт хийж байна. Энэ нь дэлхийн өнөөгийн түвшнээс 3 дахин доогуур байна.
Манай орны усны нийт нөөц 38.8 шоо км бөгөөд жилд ашиглах боломжит усны нөөцийн хэмжээ 34.6 шоо км, үүний 17.8 хувийг газрын доорхи усны нөөц бүрдүүлдэг. Нийт ус хэрэглээний 80 орчим хувийг газрын доорхи усны нөөцөөс хангаж байна.
Манай улсын нийт хүн амын 30.8 хувь нь төвлөрсөн цэвэр ус түгээгүүрийн системээс, 24.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 35.7 хувь нь ус түгээх цэг, худгаас усаар хангагдаж, 9.1 хувь нь булаг шанд, гол горхи, цас мөсний усыг унд, ахуйдаа хэрэглэж байна.
Нийт усны эх үүсвэрийн 70 хувьд ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоогоогүй, 30 хувь нь ариун цэврийн паспортгүй байгаа нь хүн амын унд, ахуйн хэрэглээний усны аюулгүй байдлыг хангах, бохирдолтоос хамгаалах талаархи хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгааг илэрхийлж байна.
Ундны усны ариун цэврийн бүсийн дэглэм, түүний шаардлагыг бүрэн хэрэгжүүлэхгүй байгаагаас хүн амын унд, ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа худгуудын усны чанар муудах, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, малын ялгадас, бордоо, хатуу хог хаягдлаар бохирдох  явдал байнга тохиолдож байна.  Хүн амын унд, ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа худгуудын усны эх үүсвэрийн 10 хувь нь усны чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна.
Орчны бохирдолт, усны хангамж хүрэлцээ, чанарын аюулгүй байдал, хүн амын эрүүл аж төрөх ёсны соёл, боловсролын түвшинтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд манай улсад вируст гипатит 2.3, цусан суулга 1.4 дахин тус тус нэмэгдэж гэдэсний балнад, урвах тахал зэрэг халдварт өвчнүүд голомтлон гарч, зарим халдварт бус өвчин нутагшмал байдалтай болох хандлагатай байна.
Хот, суурин газрын хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилгоор сүүлийн 20 гаруй жилд нэлээд арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд хот, аймгийн төвүүдийн ус хангамжийн барилга байгууламжийн хүч чадал 6 дахин өсч, 339 худаг, 107 насосны станц, 783 км шугамаар дамжуулан ус олдворлолт хоногт 550 гаруй мянган шоо метрт хүрсний зэрэгцээ бохир ус цэвэрлэх байгууламжийн нийлбэр хүч чадал 4 дахин нэмэгдэн хоногт 400 гаруй мянган шоо метр бохир ус цэвэрлэх боломжтой болсон юм.
Манай улсын хөдөөгийн 345 төв суурингийн 170 гаруй сумын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байдгаас дөнгөж 70 сумын төвийн хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд өнөөгийн байдлаар хөдөөгийн малчдын дийлэнх хэсэг нь бэлчээр усжуулалтын зориулалттай уст цэг болон ил задгай усыг унд, ахуйн хэрэглээндээ ашиглаж байна.
Цаашид 100 гаруй сумын ус хангамжийг сайжруулах зорилгоор усны эх үүсвэрийн хайгуул, судалгааны ажлыг хийх шаардлагатай байгаагаас 21 сумын төвийн ус хангамжийн асуудал туйлын хүндрэлтэйд тооцогддогийн зэрэгцээ манай орны нийт сум, суурин газрын 38.5 хувьд оршин суугаа хүн амын унд, ахуйн хэрэглээндээ ашиглаж байгаа ус  найрлагаараа эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна.
Ус сувгийн аж ахуйд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн ихэнх нь 1960-аад онуудад суурилагдсан, нийт тоног төхөөрөмжийн 80 орчим хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан боловч хөрөнгийн эх үүсвэргүйгээс тэдгээрт их болон урсгал засвар, шинэчлэл хийгдэхгүй байна. Ус хангамжийн барилга байгууламж, тоног төхөөрөмж хуучирч муудсан нь цэвэр усны үргүй зардлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа учраас ус хэрэглээг тоолууржуулах, усыг хэмнэлттэй ашиглах эдийн засгийн хөшүүрэг, механизмыг бий болгон хэрэгжүүлэх шаардлага  тулгамдсан асуудлын нэг болж байна.
Монгол Улсад нэг хүнд ногдох ус хэрэглээний хэмжээ дэлхийн дунджаас 3-4 дахин бага байна. Судалгаанаас үзэхэд төв, суурин газруудын болон томоохон хот, аймгийн төвүүдийн гэрийн хороололд амьдарч байгаа нэг хүнд хоногт дунджаар 8-10 литр ус ногдож байгаа нь эрүүл ахуйн нормоос 4-5 дахин бага байна. Харин ус хэрэглээний хэмжээ Улаанбаатар хотод хөгжилтэй орнуудын ус хэрэглээнээс  давж байгаа нь усыг маш үрэлгэн ашиглаж, ус түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ тогтмол бус байгаатай холбоотой юм. Ийм байдлаар ундны усны зориулалттай цэвэр усыг  үргүй зарцуулбал 2010 онд нийслэл хотыг цэвэр усаар хангах асуудал ихээхэн бэрхшээлтэй болох төлөвтэй байна.
Унд, ахуйн хэрэглээний усны чанарт үйлдвэрлэлийн шинжилгээ хийж, чанарын шаардлага хангасан усыг хүн амд түгээх шаардлагатай боловч одоогийн байдлаар Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийнн ус ашиглалтын байгууллагаас бусад нь усны лабораторигүйгээс хүн амын 50 орчим хувь нь чанарын хяналтгүй ундны усаар хангагдаж, цаашид шийдвэрлэвэл зохих  асуудлын нэг болоод байна.
Улсын хэмжээнд 120 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж ашиглагдаж байгаа боловч ихэнхийнх нь тоног төхөөрөмж хуучирсан, засвар үйлчилгээ, шинэчлэлийн өртөг зардал өндөр зэрэг хүндрэлээс шалтгаалан бохир усыг зөвхөн дамжуулан өнгөрүүлэх байдлаар ажиллаж, цэвэршүүлэлтийн түвшин шаардлагын  хэмжээнд хүрэхгүй байна. Түүнчлэн 1995 оны байдлаар ахуйн болон үйлдвэрийн нийт хаягдал усны 35 шахам хувийг цэвэршүүлэлгүйгээр байгальд хаяж байв.
Хэдийгээр усны салбарт улсын төсвөөс жилд дунджаар 250 гаруй сая төгрөгийг зарцуулж байгаа боловч усны бохирдлын хэмжээ төдийлэн буурахгүй байгаагийн зэрэгцээгээр цэвэрлэх байгууламжийг барих, өргөтгөх, засварлах ажлын гүйцэтгэлд тавих хяналт сулаас тэдгээрийг ашиглалтад өгөх хугацаа тодорхойгүй шалтгаанаар байнга хойшлогдон сөрөг үр дагавар үргэлжилсээр байна. Аймаг, хотуудын ус сувгийн барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хөрөнгийн эх үүсвэр, мэргэжлийн удирдлага дутагдсанаас удаашрах, төлөвлөгөөт хугацааг баримтлахгүй ажил урсгалаар явах, бэлтгэгдсэн материал, тоног төхөөрөмж, хөрөнгийн эх үүсвэрийг зориулалт бусаар ашиглах зэрэг дутагдал, зөрчил арилахгүй байна.
Бэлчээрийг усжуулах, усалгаатай газар тариалан эрхлэх зорилгоор инженерийн хийцтэй 29 мянга гаруй худаг, уст цэг, 17 гаруй мянган уурхайн худаг гарган нийт бэлчээрийн 64.5 хувийг усжуулж, 50 шахам мянган га талбайг услах нийлбэр хүч чадалтай энгийн болон инженерийн хийцтэй 150 гаруй услалтын систем барьж байгуулжээ. Гэвч сүүлийн 10 орчим жилд нийт худгийн 25 хувь нь устаж, 18 хувь нь ашиглах боломжгүй орхигдсоны дээр жилд шинээр гаргах худгийн тоо бараг 10 дахин багасч, бэлчээрийн худгуудын барилга байгууламж, тоног төхөөрөмж тоногдон зөвхөн цооног үлдсэний зэрэгцээ 4000 га талбай бүхий 26 услалтын  систем огт ашиглагдахгүй байна.
1990 оноос хойш услалтын системийг шинээр байгуулах, засварлах болон техник, технологийн шинэчлэлийн ажил хийгээгүй, нөгөөтэйгүүр газар өмчлөл, эзэмшлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэхгүй байгаагаас шалтгаалж услалтын системийн ашиглалтын зохистой бүтэц бүрэлдээгүй байна. Бэлчээр дэх уст цэгийн тоо жилээс жилд буурч байгаагаас малчдын бэлчээр сэлгэн ашиглах уламжлал хумигдаж ойролцоох уст цэг, булаг шандыг бараадан нутаглах болсноос нийт бэлчээрийн 3.5 сая га газар хүчтэй, 5 сая га газар дундаас дээш хэмжээгээр талхлагдаж цөлжих хандлага эрчимжиж байна. Ингэж бэлчээрийг сэлгээгүйгээр ашиглаж байгаагаас хөрсний бүтэц эвдрэх, ус чийгийн хэмжээ багасах зэргээр байгалийн аясаар ургамалжин нөхөн сэргэгдэх нөхцөл алдагдаж байна.
Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах  бодлогын хүрээнд Усны тухай болон Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль,  20 гаруй эрх зүйн бусад акт батлагдан гарсан боловч тэдгээрийн нэлээд нь бүрэн мөрдөгдөхгүй,  цаашид боловсронгуй болгох шаардлагатай байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1.Хөтөлбөрийн зорилго нь хэрэглэгчдийг чанартай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, усны нөөцийг  нөхөн сэргээх, хомсдох, бохирдохоос хамгаалах замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2.Хөтөлбөрийн зорилтод дараахь асуудал хамаарна:
1/ усны нөөцийн хэмжээ, чанарыг тогтоох эрэл хайгуул, судалгаа, шинжилгээний ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах, ус хэрэглээний өсөн нэмэгдэх хэрэгцээг тасралтгүй бүрэн хангах;
2/ ус ашиглалтын уламжлалт арга, дэвшилтэт технологи, шинэлэг санаачилгыг нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагатай холбон судалж туршин нэвтрүүлэх;
3/ ус ашиглалтын болон байгалийн бусад сөрөг нөлөөллөөс усны нөөц хомсдож, бохирдохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, байгалийн аясаар нөхөн сэргэгдэх чадавхийг дэмжих үйл ажиллагааг усны нөөц, чанарын мэдээллийг үндэслэн хэрэгжүүлэх замаар байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах;
4/ үерийн аюул, гамшиг болон гол мөрөн, булаг шандны ус татарч, улмаар хатаж ширгэх, усны эх үүсвэр  бохирдох зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, учирсан хөнөөлийг арилгах замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;
5/ усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагааг оновчтой, тасралтгүй, үр ашигтай зохион байгуулах эдийн засаг, эрх зүйн тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх.
2.3 Усны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл  ажиллагааны тэргүүлэх чиглэлд дараахь асуудал хамаарна:
1/ хүн амын ус хангамжийн хүрэлцээ, чанарыг сайжруулах, ялангуяа говь, хээрийн бүс нутагт усны эх үүсвэрийг тогтоох, усны барилга байгууламжийг барих, шинэчлэх замаар хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараалалтайгаар авч хэрэгжүүлэх;
2/ усыг зохистой ашиглах, бохир ус цэвэрлэгээний түвшинг сайжруулахад чиглэсэн эдийн засаг, эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
3/ уст цэг, усны барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор тэдгээрийн эзэмшлийн асуудлыг  шийдвэрлэж ашиглалтыг сайжруулах.
 
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
3.1 Хөтөлбөрийг  дараахь хугацаанд  хэрэгжүүлнэ:
-Эхний үе шатыг 2000 он хүртэл;
-Хоёр дахь үе шатыг 2001-2005 онд;
-Гурав дахь үе шатыг 2006-2010 онд.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
4.1 Усны нөөц, чанарын үнэлгээ, мэдээллийн талаар:
1/ усны нөөцийг ашиглах, хамгаалах төлөвлөгөөг боловсруулан, гидрогеологи, геоэкологийн зураглалыг эдийн засгийн бүсүүдээр гаргаж, нутаг дэвсгэрийн  бүсчилсэн судалгааны ажлын түвшинг дээшлүүлнэ;
2/ усны найдвартай эх үүсвэрээр хангагдаагүй төв, суурин газарт усны нөөцийн хайгуул, судалгаа хийж, усны чанарыг сайжруулна;
3/ усны нөөц, чанарын өөрчлөлтөд байнгын хяналт судалгаа явуулж, усны хэмжилт хяналтын сүлжээг өргөтгөх арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ;
4/ усны нөөц, чанар, ус ашиглалтын тоо бүртгэлийг зохих журмын дагуу мэдээллийн төв, дэд сангуудад нэгтгэн хөтөлнө;
5/ усны нөөц, чанарын экологи-эдийн засгийн үнэлгээг боловсронгуй болгоно.
4.2 Усыг зохистой ашиглах талаар:
1/ усны нөөц чанар, нөхөн сэргэгдэх чадвар зэргийг харгалзан усны нөөцөд ангилал тогтоосны үндсэн дээр хот, суурин газрын хөгжлийн хэтийн төлөвийг  тодорхойлж хэрэгжүүлнэ;
2/ ундны усны нөөц хүрэлцээгүй төв, суурин газруудад ашиглахад хялбар, өртөг хямдтай барилга байгууламж барих, чанар найрлагаараа стандартын шаардлага хангадаггүй эх үүсвэрт усны чанарыг сайжруулах төхөөрөмж суурилуулах, малчдыг зөөврийн төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулах замаар хүн амын унд, ахуйн хэрэглээний ус хангамжийн өнөөгийн түвшинг сайжруулна;
3/ ус сувгийн барилга байгууламжийг барьж дуусгах, өргөтгөх, шинэчлэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ;
4/ орчин үеийн, ашиглалтын зардал хямд, автоматжилт, механикжилт, найдваржилтын түвшин өндөр, эрчим хүч, шатах тослох материал бага зарцуулдаг, эдэлгээний хугацаа урттай техник, тоног төхөөрөмжөөр тоноглох замаар ус сувгийн үйлдвэрлэл, үйлчилгээний технологийг шинэчлэх ажлыг дэс дараатай хэрэгжүүлнэ;
5/ ус хэрэглэгчдийг тоолууржуулах замаар усны алдагдал, үргүй зардлыг багасгах үндсэн дээр ус сувгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүч чадлыг бүрэн ашиглана;
6/ усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор усны  менежментийн бүтцийг бий болгож хэрэгжүүлнэ;
7/ ус ашиглалт, хуваарилалтыг зохицуулах зорилгоор ус ашиглалтын зөвшөөрлийн системийг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна;
8/ технологийн хэрэгцээндээ ундны ус хэрэглэх шаардлагагүй үйлдвэрийн ус хэрэглээг ундны ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээнээс тусгаарлах арга хэмжээг ээлж дараатайгаар хэрэгжүүлнэ;
9/ хүн амын унд, ахуйн усны чанар бохирдолын байдалд тавих хяналтын лабораторийн материаллаг баазыг үе  шаттайгаар бэхжүүлнэ;
10/ орон нутгийн төв, суурин газар, малчдын ундны усны эх үүсвэрт чанарын шинжилгээ хийх зориулалттай зөөврийн лабораториор үе шаттай хангах арга хэмжээ авна;
11/ бэлчээр усжуулалтын зориулалттай төрөл бүрийн хийцийн худаг, уст цэг, услалтын системийн барилга байгууламжийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулан техник, технологийн шинэчлэл хийх, эзэмшүүлэх болон хувьчлах замаар тэдгээрийн ашиглалтын түвшинг сайжруулна;
12/ говийн бүсийн аймгуудын ус хангамжийн голлох эх үүсвэр болж байгаа энгийн уурхайн худгийн цэг заах ажлыг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хямд төсөр аргаар  зохион байгуулж малчдын ус хангамжийн асуудлыг зохистой шийдвэрлэнэ;
13/ рашаан ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, термаль ус ашиглах боломжийг судлан илрүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулна;
14/ усны эрчим хүчний нөөцийг тогтоож, усан цахилгаан станц барьж ашиглах замаар эрчим хүчний хэрэгцээг хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.3 Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх талаар:
1/  хүн амын ундны ус хангамжийн усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтоож паспортжуулах, төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт аюулгүй, найдвартай арга ажиллагааг ханган ажиллах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;
2/ гадаргын болон газрын доорхи ус ашиглалтын урт хугацааны нөлөөллийг тооцож хамгаалалтад авах арга хэмжээг зохион байгуулна;
3/ усны нөөцийг хомсдолоос хамгаалж, ус хураах талбайн ой, ургамлын нөмрөгийг хамгаалах, гол горхи, булаг шандын эхийг тохижуулах, мод, бут сөөг тарих, ургамалжуулах замаар байгалийн усны нөхөн сэргэх чадавхийг сайжруулна;
4/ ус ашигласны болон хаягдал усны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, хомсдох, бохирдохоос урьдчилан сэргийлэх, ус сувгийн барилга байгууламжийг сэргээн засварлах арга хэмжээнд зарцуулах механизмыг бүрдүүлнэ;
5/ ахуйн хэрэглээний болон үйлдвэрлэлийн хаягдал бохир усыг цэвэршүүлэх барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эзэмшлийн асуудлыг тодорхойлох замаар тэдгээрийн ашиглалтыг сайжруулж, бохир ус цэвэршүүлэлтийн түвшинг нэмэгдүүлнэ;
6/ төв, суурин газар, жижиг хэрэглэгчдээс гарах хаягдал бохир усыг цэвэршүүлэх орон нутгийн нөхцөлд тохирсон, цэвэрлэгээний үр дүн өндөр, хямд төсөр технологи нэвтрүүлнэ;
7/ үйлдвэрийн бохир усны болон цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний үр дүнд хяналт тавих технологийн буюу үйлдвэрлэлийн хяналтын лабораторийн системийн өнөөгийн түвшинг боловсронгуй болгож шинжилгээний түвшинг дээшлүүлнэ;
8/ бороо, цас, үерийн ус зэрэг түр урсацыг хуримтлуулж тогтоох замаар байгалийн усны нөхөн сэргэх чадавхийг нэмэгдүүлж орчны бичил уур амьсгалийг сэргээх, томоохон гол, мөрөнд урсацын тохируулга хийх, усны нөөцийн зарим хэсгийг ус хомсдолтой газар нутагт шилжүүлэн урсгах,  говь, хээрийн бүс нутгийн зарим үйлдвэрлэлийн районыг усаар хангах асуудлыг судалж, авах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
4.4 Усны хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар:
1/ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулна.
2/ үерийн усны гэнэтийн аюул, гамшигт өртөж болзошгүй газар нутгийн зураглал, схемийг боловсруулах, гамшгийг урьдчилан судалж, байнгын хяналтад авах, хамгаалалтын барилга байгууламжийг засварлан сэргээх, шинээр барих арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ;
3/ ус ашиглалтын явцад далан нурах, сэтрэх, усны нөөц химийн хортой бодисоор бохирдох зэрэг болзошгүй, гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
 4.5 Эдийн засаг, эрх зүйн талаар:
1/ салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ус ашиглалтын болон хаягдал усны төлбөрийн орлогод тулгуурлан бүрдүүлэх бүтэц зохион байгуулалт, эрх зүйн нөхцөлийг шат дараалалтайгаар авч хэрэгжүүлнэ;
2/ усны өөрийн өртгийг багасгах, нэгж усны үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэргээр ус ашиглалтын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ;
3/ ус ашиглалтын барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, ус ашиглалтад өөрийн өртгөө нөхөх, зохих хуримтлалыг бий болгохуйц эдийн засаг, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлнэ;
4/ хаягдал бохир ус цэвэршүүлэлтийн түвшинг дээшлүүлэх, усны барилга байгууламжийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангах, ус, хөрс хаягдал усаар бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хаягдал усны төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулан батлуулж хэрэгжилтийг хангана;
5/ хаягдал ус цэвэршүүлэлтийн барилга байгууламж, техник8 технологийн шийдлийг боловсронгуй болгох, хаягдал усыг бүрэн цэвэршүүлэх, бохир усаар ус, хөрс, орчин бохирдохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх эдийн засаг, эрх зүйн хөшүүрэг механизмыг боловсронгуй болгоно;
6/ экологийн цэвэр үйлдвэрлэл эрхлэх, усыг давтан ашиглах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжин урамшуулах эдийн засгийн хөшүүрэг, механизмыг боловсронгуй болгох арга хэмжээг зохион байгуулна;
7/ хуулийг хэрэгжүүлэх хяналт, зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ;
8/ усны чанар, хүн амын ундны усны эх үүсвэр, ус ашиглалт, үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэлтийн норм, стандартуудыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, хяналтыг тогтмолжуулах ажлыг зохион байгуулна;
9/усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийн оролцоог сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна.
4.6 Шинжлэх ухаан, техник технологийг боловсронгуй   болгох талаар:
1/ байгалийн усны нөөц, чанар, тэдгээрийн өөрчлөлт, экологийн зүй тогтол, онцлог, байгалийн аясаар нөхөн сэргэгдэх нөхцөл зэргийг цаг уур, газар нутгийн тогтолцоотой холбон судлах судалгааны ажлыг боловсронгуй болгоно;
2/ усны эх үүсвэрийн нөөц, чанарт байгалийн болон хүний үйл ажиллагааны аливаа нөлөөллөөс үүсэх өөрчлөлтийг судлах, тэдгээрийг урьдчилан тогтоохтой холбогдсон судалгааны ажлын чанарыг сайжруулна;
3/ усыг ариг гамтай, хэмнэлттэй зарцуулах, усыг давтан ашиглах техник, технологийг туршин нэвтрүүлэх, үргүй зардлыг багасгах, ус ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон шинжлэх ухааны үндэслэл, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нэмэгдүүлнэ;
4/ усны чанарын өөрчлөлтийг газар нутгийн байршлаар тогтоож тэдгээрийг ундны усны чанарын стандартын шаардлагад нийцүүлэн цэвэршүүлэх техник, технологийг судлах судалгааны ажлыг боловсронгуй болгож хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна;
5/ усны чанарын түвшинг хүн амын эрүүл мэндийн байдалтай уялдуулан судлах судалгаа, шинжилгээ, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоно;
6/ хаягдал ус цэвэршүүлэх явцад гарах лагийг боловсруулах процесст шинжлэх ухаан, техникийн дэвшил нэвтрүүлэх ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулна;
7/ ус сувгийн барилга байгууламжийн төлөвлөлтийн үндэсний норм, дүрмийг боловсронгуй болгоно;
8/ амралт, аялал жуулчлал, хүүхдийн зуслангийн барилга байгууламжаас гарах бохир усыг орон нутгийн нөхцөлд тохирсон, цэвэрлэгээний үр дүн өндөр, хямд төсөр технологи нэвтрүүлэх судалгаа, зураг төслийн ажлын түвшинг дээшлүүлнэ;
9/ газрын хөрс намагжих, давсжих, газрын доорхи усны түвшин дээшлэх, халиа тошин үүсэх зэрэг сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаархи судалгааны ажлыг боловсронгуй болгоно.
10/ усны биологийн судалгааны ажлын өнөөгийн түвшинг өргөжүүлж, усны бичил амьтан, ургамлын судалгааг усны чанарын өөрчлөлттэй уялдуулан судлах ажлыг эрчимжүүлнэ. 
4.7 Мэргэжлийн боловсон хүчнийг  бэлтгэх талаар:
1/ усны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг үндэсний их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудын сургалтын агуулгад  усны салбарын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардагдаж буй эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлын чиг хандлагын асуудлыг тусгах ажлыг зохион байгуулна;
2/ усны салбарт  ажиллаж байгаа болон бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнийг усны аж ахуйн олон талт үйл ажиллагаа, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах менежментийн болон бусад  урт, богино хугацааны дотоод, гадаадын сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна;
3/ үндэсний их дээд сургууль, сургалтын төвийн сургалтын хөтөлбөр, бүтцийг боловсронгуй болгох, материаллаг баазыг нь бэхжүүлэх, тэдгээрийг түшиглүүлэн ус ашиглалтын болон хяналтын шинжилгээний лабораторийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах  арга хэмжээг ээлж дараатайгаар зохион байгуулна.  
4.8 Улс хоорондын хамтын ажиллагааны талаар:
1/ хил орчмын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах асуудлаар хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээг хэрэгжүүлэх, хил дамжин орших гол горхи, нуурын усны нөөцийн болон чанарын мэдээлэл солилцох зэрэг хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг идэвхжүүлнэ;
2/ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, дэмжигч орнуудтай идэвхтэй хамтран ажиллана;
3/ усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад зориулагдсан гадаад орны зээл, тусламж, хандивын хөрөнгийг зохистой хуваарилж, зарцуулалтын үр өгөөжийг дээшлүүлнэ;
4/ дэлхийн болон бүс нутаг, хөгжилтэй орнуудад усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах талаар баримталж байгаа бодлого, чиглэл, хэрэгжүүлж буй тэргүүн туршлага, дэвшилтэт технологитой танилцах, энэ асуудлаар зохиогдох олон улсын хурал, зөвлөлгөөн, уулзалт, үзэсгэлэнд идэвхтэй оролцоно.
 
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
 5.1 Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт
1/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Засгийн газраас байгуулсан Үндэсний Хороо гүйцэтгэнэ. Үндэсний Хороог  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга тэргүүлнэ. Үндэсний хороонд байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нар орно. Үндэсний хороо нь  нарийн бичгийн даргатай байна.
2/ Үндэсний хороо нь орон нутагт салбартай байна.
3/ Үндэсний хороо дараахь үйл ажиллагааг эрхэлнэ:
-хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
- хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж үнэлгээ өгөх, хөтөлбөрт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
- хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд  оролцогч төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог зохицуулах, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
- орон нутгийн салбарыг арга зүй, удирдамжаар хангах;
- хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг Засгийн газарт жил бүр тайлагнах.
4/Орон нутгийн салбарыг аймаг, нийслэлийн Засаг дарга тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнээ томилж, Үндэсний хороонд танилцуулна. Орон нутгийн салбар нь хөтөлбөрт тусгагдсан бодлого, арга хэмжээг  нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг Үндэсний хороонд тайлагнах үүрэг хүлээнэ.
5.2 Хөтөлбөрийн санхүүжилт
1/ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
2/ усны секторын үйл ажиллагааг сайжруулах, дэмжих, шаардлагатай техник хэрэгслээр хангахад олон улсын байгууллага, гадаад орны зээл, тусламжийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах асуудлыг Үндэсний хороо хариуцна.
3/ усны нөөц ашигласны болон хаягдал усны төлбөр, хураамжийн орлогын тодорхой хэсгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн арга хэмжээнүүдэд зарцуулна.
4/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж болон бусад хөрөнгийн эх үүсвэр, нөөц бололцоог  хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглана.
5/ нутаг дэвсгэрийн гидрогеологийн бүсчилсэн судалгаа хийх, гадаргын болон газар доорхи усны мониторингийн сүлжээ байгуулах, төв, суурингийн усны нөөцийг эрж хайх, бүс нутаг, аж ахуйн зориулалтаар гадаргын усны урсацыг зохицуулах, хуримтлуулах, томоохон хотуудын төвлөрсөн ус хангамжийн зориулалт бүхий барилга байгууламжийг барих арга хэмжээг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлнэ.
 
Зургаа. Хөтөлбөрийн үр дүн
 6.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
1/ Хүн амын унд, ахуйн усны  хэрэгцээ хангагдаж, ялангуяа малчид, говь, хээрийн бүс нутгийн хүн амын амьдрах нөхцөл, соёлын түвшин дээшилнэ.
2/ Бэлчээр усжуулалтын  үр дүнд мал аж ахуйн болон усалгаатай газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж, хүн амын хүнсний хангамж сайжирна.
3/ Байгалийн усны нөөцийг зохистой ашиглах, чанарыг хамгаалах удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаа сайжирна.
4/ Усны нөөц байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцөлийг дэмжих, хомсдох, бохирдохоос хамгаалах арга ажиллагаа сайжирч, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын өнөөгийн түвшин дээшилнэ. 
5/Ус сувгийн зориулалттай барилга байгууламжид шинэ техник, технологи нэвтэрч тэдгээрийн ашиглалтын түвшин нэмэгдэнэ.
6/Усны салбарын байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, үйл ажиллагааны зохицуулалт сайжрах, усыг зохистой ашиглах, хамгаалах  нэгдсэн бодлого  хэрэгжих, түүнд  зарцуулах хөрөнгийг зохистой хуваарилах, ашиглах нөхцөл бүрдэнэ.
---оОо----