A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 169 дүгээр тогтоолын хавсралт

ӨРХИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ "НОГООН ХУВЬСГАЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (II үе шат 2005-2012 он) 
                             
 
1. "Ногоон хувьсгал" үндэсний хөтөлбөрийн 1998-2004 оны үр дүн, өнөөгийн байдал
1.1. 1997 онд батлагдсан "Ногоон хувьсгал" үндэсний хөтөлбөр (I үе шат) амжилттай хэрэгжин дуусч байна. Хөтөлбөрийн хүрээнд 1998-2004 онд улсын төсөв, гадаад орнуудын буцалтгүй тусламжийн хөрөнгөөс нийт 1.77 тэрбум төгрөг зарцуулан бага оврын 225 трактор иж бүрдлийн хамт, 210 га талбай услах бороожуулагч төхөөрөмж, 1.3 га талбай бүхий 255 хүлэмж, 17600 м2 нийлэг хальсан бүрхүүл, 660 га талбайг хамгаалах торон хашаа, хүнсний ногоо тарих, арчлах иж бүрдэл 300 гаруй багаж зэрэг техник, тоног хэрэгслийг 2000 гаруй өрх, агропаркад хөрөнгө оруулалтаар болон хөнгөлөлттэй үнээр хуваарилан олгож үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Мөн жимсний 15000 суулгац, 500 тн төмсний үр, байцаа, манжин, лууван, сонгино, хүрэн манжин, өргөст хэмх, улаан лооль зэрэг 8 тонн үрийг үнэгүй буюу гэрээгээр олгож, тусламжаар ирсэн 20 гаруй тонн 100 гаруй төрлийн цэцгийн болон хүнсний ногооны үрийг үнэгүй олгосноор таримлын нэр төрөл нэмэгдэж, тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ жил бүр өсч байна. 2003 онд улсын хэмжээгээр 14.3 мянган га талбайгаас 138.2 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авсан нь хөтөлбөр анх батлагдсан 1997 оноос 50.1 мянган тонноор буюу 56.6 хувиар нэмэгдэж, ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа өрхийн тоо 1997 оноос 2.5 дахин өссөн байна.
1.2. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2003 оны байдлаар 154 агропарк орон нутагт байгуулагдан ажиллаж 2700 удаагийн сургалт явуулж, гарын авлага, зөвлөмж 24086 ширхгийг иргэдэд түгээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа тогтмол явуулж хэвшлээ.
1.3. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүд "Ногоон хувьсгал" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх нь өргөжиж байна.
 
2. "Ногоон хувьсгал" Үндэсний хөтөлбөрийн II үе шатыг хэрэгжүүлэх үндэслэл
2.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Тариалангийн тухай хууль, Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг батлан гаргаснаар иргэд газар өмчлөх, эзэмших, тариалан эрхлэх эрх зүйн шинэ орчин буй болсон нь хөдөөд ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх хамгийн тааламжтай нөхцөлийг бүрдүүлсэн юм.
2.2. Сүүлийн жилүүдэд төмс, хүнсний ногоо тариалах, "Ногоон хувьсгал" хөтөлбөрт хамрагдах сонирхолтой айл өрхийн тоо улам бүр нэмэгдэж, хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх талаар орон нутгийн удирдлага хүсэлт гаргаж байна.
2.3. "Ногоон хувьсгал" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг орнуудын туршлагаас үзвэл дотоодын хэрэгцээт хүнсийг нэмэгдүүлж, тариаланчид, хөдөөгийн хүмүүсийн амьжиргааны түвшинг зохих хэмжээнд хүртэл хэдэн арван жилээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн, одоо ч хэрэгжүүлж байна.
2.4. "Ногоон хувьсгал" хөтөлбөр хэрэгжүүлсэн эхний үеийн ололт амжилт, туршлагаа бататгах, өрхийн усалгаатай тариаланг хөгжүүлэх, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс, ногооны үрийн аж ахуйг бэхжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих үндсэн зорилгоор Өрхийн орлогыг нэмэгдүүлэх "Ногоон хувьсгал" хөтөлбөр /II үе шат/-ийг боловсруулав.
 
3. Хөтөлбөрийн зорилго
3.1. "Ногоон хувьсгал" хөтөлбөр /II үе шат/-ийн зорилго нь хөтөлбөрийн эхний үе шатанд олсон ололтоо бататгах, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн усалгаатай тариаланг хөгжүүлж, өрх, фермерийн аж ахуй болон жижиг хоршоод хамгаалагдсан хөрсний аж ахуйг эрхлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах явдал мөн.
3.2. Үүний тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
3.2.1. Төв, суурингийн айл өрх усалгаатай, хучлагатай талбай, хүлэмж, бүхээг /туннель/-эн байгууламж бий болгож төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалж эхний ээлжинд өөрийн хэрэгцээг хангах, цаашид зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэх;
3.2.2. Хүнсний ногоог хамгаалагдсан хөрсөнд тариалах замаар хүнсэнд шинэ ногоо хэрэглэх хугацааг уртасгах, таримлын нэр төрлийг олшруулж ургацыг нэмэгдүүлэх;
3.2.3. Эрт ургацын шинэ ногоог зах зээлд хүрэлцэх хэмжээгээр тасралтгүй нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
3.2.4. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг өрх бүр боломжтой бүх нөхцөлийг ашиглан худаг, цас, борооны усыг хэмнэлттэй зарцуулах арга технологийг эзэмшин хэрэглэж занших;
3.2.5. Өөрийн орны нөхцөлд тохирсон загвар, хийцийн хүлэмж, бүхээг, тэдгээрийг хийх зориулалтын материал, цагаан болон хар өнгийн нийлэг хальс зэргийг гадаадаас оруулах, дотооддоо үйлдвэрлэх зэргээр түүний олдоц, хангамжийг хот, хөдөөд нэмэгдүүлэх.
 
4. Хөтөлбөрийн II үе шатны үйл ажиллагааны үндсэн чиглэл:
4.1. Энэхүү хөтөлбөрт зөвхөн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн таримлыг хамруулан хэрэгжүүлнэ.
 
4.2. Хөтөлбөрийн хүрээнд иргэн, 3 хүртэл га талбайд тариалан эрхэлдэг фермерийн аж ахуй болон хоршоог хамруулан дэмжлэг үзүүлнэ.
4.3. Хөтөлбөрт хамгаалагдсан хөрсний усалгаатай тариалан эрхэлж байгаа гэр бүл, хоршоо, фермерийг эхний ээлжинд хамруулан дэмжлэг үзүүлнэ.
4.4. Өмнө нь хөтөлбөрт хамрагдаж байгаагүй, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ шинээр тариалж буй гэр бүл, иргэн, фермерийг эхний ээлжинд анхаарна.
     
5. Хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг доорхи үйл ажиллагаанд ашиглана:
5.1. Жижиг услалтын системийг сэргээн засварлах, байгуулахад дэмжлэг үзүүлэх.
5.2. Нийлэг хальсан бүрхүүл, хучлагын материалыг импортлох, дотооддоо үйлдвэрлэх.
5.3. Төрөл бүрийн хийц, хэмжээ бүхий нийлэг хальсан хучлагатай хүлэмж, бүхээг /туннель/-ийг импортлох, дотооддоо үйлдвэрлэх.
5.4. Бага хүчин чадалтай бороожуулагч төхөөрөмжийг импортлох.
5.5. Бага хүчин чадалтай трактор, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машиныг импортлох, дотооддоо үйлдвэрлэх, угсрах.
5.6. Ургамлын өвчин, хортонтой тэмцэх, таримлын өсөлт, хөгжилтийг түргэтгэх, макро, микроэлементээр бордох зориулалтын бодисыг импортлох, дотооддоо үйлдвэрлэх, савлахад дэмжлэг үзүүлэх.
5.7. Жимс, жимсгэнийн суулгац, тарьц үржүүлэх, эх цэцэрлэг, цуглуулгын талбай байгуулах.
5.8. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг гэрийн болон жижиг цехийн аргаар боловсруулах, хадгалах арга технологийг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх.
5.9. Иргэдийг төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, ургацаа хамгаалах, хадгалах, боловсруулах, хэрэглэхэд сургах.
 
6. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн арга зам:
6.1. Өрхийн тариалан хөгжүүлэх гол нөхцөлийн нэг болох усан хангамжийг дараахь арга замаар нэмэгдүүлнэ:
6.1.1. Төмс, ногоо, жимс тариалдаг өрх, фермер, жижиг аж ахуйн нэгж гүний болон бетон хашлагатай, энгийн худаг, усан сан, услалтын системийн аль боломжтойг нь ашигладаг болгох;
6.1.2. Жимс, ногооны талбайд ойролцоо байршилтай цас их унадаг уулын ам, ус урсдаг жалга, гуу зэргийг боож цемент бетон болон нийлэг хальсан доторлогоотой усан сан, хөв байгуулах;
6.1.3. Төв суурин газрын гэр хороололд цэвэр усны шугам тавих, усан сан байгуулах;
6.1.4. Бололцоотой газарт гар болон гүний худаг гаргах, айл өрхүүд хөрөнгөө хамтарч хашаандаа усны хоолой оруулах, сүлжээ байгуулж ашиглах;
6.1.5. Жимс, ногооны талбай, ялангуяа хамгаалагдсан хөрсний тариаланд дуслын усалгаа, нэвчих усалгаа, мананжуулах болон бороожуулах усалгаа зэрэг ус хэмнэх сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх;
6.1.6. Усалгаатай тариалан эрхэлдэг өрх бүр услалтын суваг шуудуугаа доторлох, талбайд нийлэг хальсан болон сүрлэн хучлага хэрэглэх, гадаргын усалгааны уян хоолой /хиймэл суваг/-г ашиглах, чийгийн хэмжээг хянаж зохицуулах зэргээр усны алдагдлыг багасгаж усыг хэмнэлттэй зарцуулж сургах;
6.1.7. Бага хүчин чадалтай бороожуулагч, мананжуулагч төхөөрөмжийн импорт, дотоодын үйлдвэрлэлийг урамшуулах;
6.1.8. Усалгаанд ашиглаж байгаа ус болон хөрсөнд химийн шинжилгээ хийлгэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг ашиглах;
6.1.9. Гол, горхи, булгийн ойролцоо тариалангийн талбайд тошин халиаж хаврын цэнэг усалгаа хийдэг уламжлалт аргыг сэргээн хэрэглэх;
6.1.10. Өвөл, хаврын улиралд жимс, ногооны талбайд хунгар цас тогтоох аргыг өргөн ашиглах;
6.1.11. Байшин барилгын дээврийн усыг хуримтлуулж усалгаанд ашиглах.
 
6.2. Хамгаалагдсан хөрсөнд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалалтыг доорхи замаар нэмэгдүүлнэ:
6.2.1. Төмс, хүнсний ногооны талбайг хар өнгөтэй нийлэг хальсаар бүтээх замаар чийгийн ууршилтыг бууруулах, хог ургамлын ургалтыг хязгаарлах, дулааны хуримтлалыг нэмэгдүүлж хүйтнээс хамгаалах, ургац нэмэгдүүлэх арга технологийг эзэмших, дэлгэрүүлэх;
6.2.2. Төрөл бүрийн хийц, хэмжээ бүхий хүлэмж, бүхээг /пластмасс болон металл хийцийн/-ийг дотооддоо үйлдвэрлэх, импортлох замаар олдцыг сайжруулах;
6.2.3. Дулааны эх үүсвэртэй газруудад жилийн 4 улирлын ажиллагаатай хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
6.2.4. Амтат жүрж, том жимст гүзээлзгэнэ, алим, чавгыг хүлэмжид ургуулдаг арга туршлагыг дэлгэрүүлэх, үүсгэл санаачилгыг дэмжих;
6.2.5. Дотроо утсан бэхэлгээтэй, салхи, хүйтэнд тэсвэртэй, 5-10 жилийн эдэлгээтэй, бөх бат нийлэг хальсыг импортлох, дотооддоо үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, түүний олдцыг нэмэгдүүлж элбэгшүүлэх.
 
6.3. Техник хангамжийг сайжруулна:
6.3.1. Өрхийн болон жижиг аж ахуйн хэрэгцээнд тохирсон бага хүчин чадлын трактор, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин, бороожуулагчийг импортлох, дотооддоо үйлдвэрлэх;
6.3.2. Өрхийн болон фермерийн тариаланд ашиглах жимс, ногооны гар багажийг импортлох, дотооддоо үйлдвэрлэх, засварлах үүсгэл санаачилгыг дэмжих.
6.4. Ургац болон ургамал хамгааллын арга хэмжээг сайжруулна:
6.4.1. Өрхийн болон фермерийн аж ахуй, жижиг хоршооны жимс, ногооны талбайг мал, гаднын халдлагаас хамгаалах зорилгоор төрөл бүрийн хийц загварын удаан эдэлгээтэй хямд төсөр хашааны зураг, загварын төсөл шалгаруулан нийтээр үйлдвэрлэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх;
6.4.2. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалангийн хөнөөлт шавьж, өвчин, хог ургамалтай тэмцэх зориулалттай, сонгомол үйлчилгээтэй, хүн, амьтан, байгаль орчинд хор хөнөөлгүй, хөрс, ургамалд үлдэцгүй өндөр технологиор үйлдвэрлэсэн бодисыг импортлох, дотооддоо үйлдвэрлэх, савлахад дэмжлэг үзүүлэх;
6.4.3. Лооль, чинжүү, тамхины болон бусад ургамлын навч, иш зэргийг хандалж уусмал бэлтгэн хөнөөлт шавьж, ургамлын өвчинтэй тэмцэх экологид хор хөнөөлгүй арга ажиллагаанд хүмүүсийг сургах, хэрэглэх чадвартай болгох;
6.4.4. Хүнсний ногооны талбайн хог ургамалтай тэмцэхэд сонгомол үйлчилгээтэй, хөрс, ургамалд үлдэц багатай, хямд, бага хэмжээгээр савласан гербицидийг импортлох, худалдах;
6.4.5. Бууц, аргал, хомоол, үртэс, сангас зэрэг органик бодисыг бордоо болгон ашиглах арга ажиллагаанд ногоочдыг сургах, дадлагажуулах;
6.4.6. Дотоодод үйлдвэрлэн ашиглаж байгаа төрөл бүрийн биобордоо, багсармал болон гумин, циолитийн бордооны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх.
6.5. Үр, суулгацын хангамжийг сайжруулна:
6.5.1. Иргэд, өрхийн тариалан эрхлэгчдийг хэрэгцээт төмс, ногооны үр, жимсний суулгац, тарьцыг өөрөө үйлдвэрлэж сургахад хөтөлбөрийн үйл ажиллагааг чиглүүлэх;
6.5.2. Гэрийн нөхцөлд үйлдвэрлэхэд түвэгтэй эрүүл төмсний үр, зарим хүнсний ногоо болон чавга, алимын суулгацыг эрдэм шинжилгээний болон их, дээд сургууль, мэргэшсэн иргэд, аж ахуйн нэгжид захиалгаар үйлдвэрлүүлэн нийтэд борлуулах арга хэмжээг зохион байгуулах;
6.5.3. Ядуу, эмзэг бүлгийн өрхийн тариаланг дэмжих зорилгоор төмс, хүнсний ногооны үр, үрслэг, жимсний суулгац, тарьцыг хөнгөлөлттэй үнэ болон зээлээр нийлүүлэх замаар иргэдийг амьдралаа тэтгэх анхны гараанд нь дэмжлэг үзүүлэх;
6.5.4. Хүлэмжийн зориулалттай одой хэлбэрийн алим, лийр, чавга зэрэг таримлын суулгацыг импортоор оруулах, төв, орон нутаг дахь зарим агропаркад жимсний эх цэцэрлэг байгуулах, суулгац, тарьц үржүүлэх;
6.5.5. Бутлаг хэлбэрийн алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэний суулгацыг сонгон үржүүлэх, суулгац үйлдвэрлэх санаачилгыг дэмжин туслах, ялангуяа гүзээлзгэний том жимстэй сортын суулгацыг импортлоход дэмжлэг үзүүлэх.
 
6.6. Сургалт, сурталчилгаа:
 
6.6.1. Нийслэл, томоохон хот, аймаг, сумын төвд байгуулагдсан сургалтын төв-агропаркуудын материаллаг баазыг бэхжүүлж, тэдгээрийг төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ ургуулах, бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, төрөл бүрийн өргөн хэрэглээний бус ногоог хүнсэнд хэрэглэж сурах үзүүлэх сургуулийн талбар болгон ашиглах;
6.6.2. Төмс, хүнсний ногоо, жимсгэнэ тариалах, арчлах, ургацыг хадгалах, боловсруулах арга ажиллагааг телевиз, радиогоор цуврал хичээлийн хэлбэрээр тогтмол нэвтрүүлж, уг сургалтын сэдвийг сонирхогчдын захиалгаар сонгон явуулж байх;
6.6.3. Төв, орон нутгийн тогтмол хэвлэлд тусгай булан нээх, зориулалтын дугаар бэлтгэн нийтлэх;
6.6.4. Хамгаалагдсан хөрсний жимс, ногооны аж ахуйн асуудлаар сонирхогч иргэдийн дунд сургалт зохион байгуулах;
6.6.5. Хамгаалагдсан хөрсний аж ахуй болон өрх айл, иргэдийг харилцан туршлага судлуулах, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцах зорилгоор аймаг, орон нутагт үзүүлэх сургууль зохион байгуулах;
6.6.6. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих, сурталчлах зорилгоор "Алтан намар" үзэсгэлэн- худалдааг сум, аймгийн төв, нийслэл, дүүрэг бүрт зохион байгуулах;
6.6.7. Хамгаалагдсан хөрсний аж ахуйг хамгийн сайн хөгжүүлж буй өрхийн арга туршлагыг сурталчлах;
6.6.8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд өрхийн жимс, ногооны аж ахуй, ялангуяа хамгаалагдсан хөрсний аж ахуйг үлгэр жишээ болохуйц хөгжүүлсэн өрх, иргэдийн арга ажиллагаа, туршлагыг нэгтгэж эмхтгэл болгон гаргаж нийтийн хүртээл болгох.
 
 
7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, төв, орон нутгийн захиргааны байгууллагын оролцоо:
 7.1. Засгийн газар
7.1.1. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжилтэд нь хяналт тавьж байх;
7.1.2. "Ногоон хувьсгал" хөтөлбөрийг дэмжих асуудлыг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа гадаадын төсөл, хөтөлбөр, зээл, тусламжид тусган хэрэгжүүлж байх үүргийг холбогдох яам, газар, агентлагийн гадаад хамтын ажиллагааны нэг чиглэл болгон хэрэгжүүлэх;
7.1.3. Дотооддоо үйлдвэрлэдэггүй бага хүчин чадалтай /20 хүртэл морины хүчин чадалтай/ трактор, түүнд тохирох чиргүүл, дүүжин машин, усалгааны төхөөрөмж, нийлэг хальсан бүрхүүл, ургамал хамгааллын бодисыг импортын гаалийн татвараас хөнгөлөх, чөлөөлөх, тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэгчдийг эхний 3 жилд орлогын албан татвараас хөнгөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
7.1.4. Дотооддоо үйлдвэрлэж байгаа төмс, хүнсний ногооны импортын гаалийн татварыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн уян хатан зохицуулж дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих;
7.1.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн одоогийн бүтцийг хэвээр үлдээн үйл ажиллагаанд нь хяналт тавьж байх.
7.2. Хүнс, хөдөө аж ахуйн яам
7.2.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг Үндэсний зөвлөлд тайлагнах;
7.2.2. Хөтөлбөрийг дэмжих зорилгоор улсын төсөв, бусад эх үүсвэр (Хавсралт)-ээс хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж дүнг Засгийн газар, холбогдох яам, газруудад тайлагнах;
7.2.3. Төв болон орон нутаг дахь агропаркийн  үйл ажиллагаанд хяналт тавьж уялдуулах, тэдгээрийн материаллаг баазыг бэхжүүлж, сургалт, үйлчилгээг эрхлэн явуулахад мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангах;
7.2.4. Агропаркийн үйл ажиллагааг аймаг орон нутаг дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвүүдийн үйл ажиллагаатай уялдуулан үр ашигтай зохион байгуулах;
7.2.5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын зээл, тусламж, төслийг үр ашигтай ашиглах ажлыг зохион байгуулах;
7.2.6. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч түүний мөрөөр ажил зохион байгуулах, шаардлагатай асуудлыг Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байх.
7.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар
7.3.1. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн иргэнд гэр бүлийн хэрэгцээнд нь газар өмчлүүлэх, жижиг аж ахуйн нэгж, фермерүүдэд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах;
7.3.2. Орон нутгийнхаа онцлогт нийцсэн аймаг, сумын хэмжээний дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
7.3.3. "Ногоон хувьсгал" хөтөлбөрийн орон нутгийн салбар зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг зохицуулах;
7.3.4. Орон нутаг дахь агропаркуудын үйл ажиллагаа болон эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих;
7.3.5. Хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг орон нутгийн хэмжээгээр хагас, бүтэн жилээр гарган Үндэсний зөвлөлд ирүүлж байх;
7.3.6. Агропаркуудыг аж ахуйн дотоод тооцоон дээр ажиллуулах зарчим баримтлан дэмжлэг үзүүлэх;
7.3.7. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгаж хэрэгжүүлж, зарцуулалтад нь хяналт тавих;
7.3.8. Нутаг дэвсгэрийнхээ эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, бизнесийн болон төрийн бус байгууллагуудыг "Ногоон хувьсгал" хөдөлгөөнд хамруулах;
7.3.9. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон дараа жилд хэрэгжүүлэх ажлын талаар саналаа боловсруулан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор ирүүлж байх.
 
8. Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь
8.1. "Ногоон хувьсгал" хөтөлбөрийн үндэсний зөвлөл:
8.1.1. "Ногоон хувьсгал" хөтөлбөрийн аймаг, нийслэлийн салбар зөвлөлийг удирдлагаар хангаж, хөтөлбөрийн биелэлтийг хянах;
8.1.2. Яамд болон дотоод, гадаадын холбогдох байгууллагатай хамтран орон нутагт олгох төсвийн болон бусад хөрөнгийн эх үүсвэрийг хуваарилах;
8.1.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр Засгийн газарт тайлагнаж байх.
8.2. Аймаг, нийслэлийн салбар зөвлөл:
8.2.1. Өрхийн аж ахуй эрхлэх боломж, чиглэл, жижиг зээл олгох нөхцөл байдлыг тодруулах судалгаа явуулах;
8.2.2. Орон нутгийн онцлог бүхий "Ногоон хувьсгал"  II шатны дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
 
8.2.3. Иргэд, хоршоо, фермер, жижиг аж ахуйн нэгжүүдийг "Ногоон хувьсгал" хөдөлгөөнд идэвхтэй оролцуулах;
8.2.4. Айл өрх, иргэдэд бичил зээл олгох, авсан зээлийг зориулалтын дагуу ашиглахад хяналт тавих, зээлийг хугацаанд нь эргүүлж төлөх, зээл төлөлтийн оновчтой механизмыг бүрдүүлэх;
8.2.5. Агропаркийн эрхлэгч, ногоочдын чуулга уулзалт, үзүүлэх сургууль, ургацын баяр зохион байгуулах.
8.3. Орон нутгийн агропарк:
8.3.1. Монгол орны нөхцөлд ургац өгч чадах хүнсний ургамлыг тариалж сурталчлах;
8.3.2. Өрхийн аж ахуйд шаардагдах багаж хэрэгсэл, эд материалыг нэгдсэн захиалгаар нийлүүлэх;
8.3.3. Хоршоо, фермер, жижиг аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн зөвлөлгөө өгөх, сургалт явуулах;
8.3.4. Газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг төлбөртэйгээр ашиглуулах, лизингийн гэрээ, зээлээр борлуулах  үйлчилгээг зохион байгуулж, түүнд дэмжлэг үзүүлэх.
8.3.5. Агропарк нь дараахь чиглэлээр өрхийн аж ахуйд дэмжлэг үзүүлнэ:
8.3.5.1. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарьж ургуулах, арчлах, хураах;
8.3.5.2. Ногоог даршлах, хадгалах сургалт явуулах;
8.3.5.3. Орон нутгийн материалаар хүлэмж барих;
8.3.5.4. Гэрийн нөхцөлд зоорь барих;
8.3.5.5. Цас, борооны ус хуримтлуулах сан байгуулах.
 
9. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлт
 
Үе шат
Хугацаа
Хүлээгдэж буй зорилтын шалгуур үзүүлэлт
I
2005-2008
Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг  өрх, иргэдийн тоо одоогийнхоос 30-аас доошгүй хувиар, хураан авсан ургац 25-аас доошгүй хувиар нэмэгдсэн байна.
Өрхийн тариалангийн 70-аас доошгүй хувийг  усалгаатай болгоно.
Хүнсний ногооны ургацын 15 хувийг хамгаалагдсан хөрснөөс авдаг болж, төмс, хүнсний ногооны нэг га-гийн ургацыг 25 хувиар нэмэгдүүлнэ.
25-30 мянган ажлын шинэ байр бий болж  хөтөлбөрт хамрагдсан өрхийн орлого 25-30 хувиар нэмэгдэнэ.
II
2008-2012
Өрх, жижиг аж ахуйн нэгж, фермерийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбай усалгаатай болж, хураан авсан хүнсний ногооны ургацын 30 хувийг хамгаалагдсан хөрснөөс авна.
Нэгж талбайгаас хураан авах хүнсний ногооны ургацыг 2004 оныхоос 40 хувиар нэмэгдүүлж, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээг 70 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангана.
Хот суурин газрын тариалангийн талбайн хэмжээ 2004 оныхоос 30 хувь, хураан авч буй ургац 50 хувь нэмэгдэж ажлын байрны тоо 2006 оныхоос 15 хувь, өрхийн орлого 40 хувиар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
Хамгаалагдсан хөрсний ногооны аж ахуй нийт үйлдвэрлэлийн талбайн 60 хувьд хүрч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж экспортлож эхэлнэ.
2004 оныхоос төмс, хүнсний ногоо тариалдаг өрхийн орлого 50 хувь, ажлын байр 50-60 мянгаар нэмэгдэнэ.
 
  
"Ногоон хувьсгал" үндэсний хөтөлбөр
                     /II үе шат 2005-2012 он/-ийн хавсралт
 
"НОГООН ХУВЬСГАЛ" ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИХ САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР
 
 
 
Зардлын  ялгаа
2005-2008 он
2009-2012 он
Жил бүр  авах тоо хэмжээ
Жил  бүрийн санхүүжилт, сая төг
Жил бүр авах тоо хэмжээ
Жил бүрийн  санхүүжилт, сая төг.
Улсын төсөв
Орон нутгийн төсөв
Гадаадын төсөл, хөтөлбөр
Тариаланг дэмжих сан
Улсын төсөв
Орон нутгийн төсөв
Гадаадын төсөл хөтөлбөр
Тариаланг дэмжих сан
Бага хүчин чадлын трактор
40
96
-
-
-
60
120
-
5
14
5 хүртэл га-гийн хүчин чадалтай энгийн усалгааны систем барих, засах
-
50
-
20
50
-
80
-
20
50
Хүлэмжийн металл хийц импортлох, дотооддоо захиалж хийлгэх
50
40
 
20
20
70
40
-
20
52
Бага хүчин чадлын бороожуулагч
40
34
-
-
-
70
29
-
10
20
Нийлэг хальс ,тонн
20
20
-
-
-
40
10
-
20
10
Ургамал хамгааллын бодис
10
30
-
-
-
20
30
-
15
15
Сургалт, сурталчилгаа
-
10,0
1,0
5,0
-
-
5
4
10
15
Үр, суулгац
-
15
2,0
2,5
3,0
-
5
5
5
10
Төмс, ногоо, жимсийг гэрийн болон жижиг цехийн нөхцөлд боловсруулах тоног төхөөрөмж авах
-
60
-
10
30
-
40
-
10
40
 Жил тутам гарах зардал
-
355
3,0
57,5
103,0
-
359
9
115
226
4 жилийн нийт зардал / х4/
-
1420
12
230
412
-
1436
36
460
904
 
                                                ХӨТӨЛБӨРИЙН II  ШАТНЫ НИЙТ ЗАРДАЛ: 4910 САЯ ТӨГРӨГ БОЛНО
                        Үүнээс   : улсын төсвөөс   2856 сая
                                          орон нутгийн төсвөөс  48 сая
                                          гадаадын зээл, тусламж, төсөл  690 сая
                                          Газар тариаланг дэмжих   сангаас  1316 сая төгрөг болно.