A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 9 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ  ДУНД ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Засгийн газрын худалдан авах ажиллагааны системийн өнөөгийн байдал
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр улсын секторын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохицуулах зах зээлийн эдийн засагт нийцсэн систем хөгжүүлэх шаардлага хурцаар тавигдаж 1999 оноос АХБ-ны техник туслалцааны хүрээнд олон улсын стандартад нийцсэн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг 2000 оны 4 дүгээр сард УИХ-аас батлан мөрдөж байна. Хуулийг хэрэгжүүлэх "Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журам", "Зөвлөхийг сонгоход баримтлах тусгай журам", "Худалдан авах ажиллагаанд оролцогч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ" зэрэг үндсэн журмууд Засгийн газрын 2000 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан. Эдгээр хууль, тусгай журмуудыг амьдралд хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай   тендерийн жишиг бичиг баримт, гэрээний жишиг загвар, бусад заавар, журмуудыг ойрын хугацаанд  боловсруулж мөрдүүлнэ.
Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр Санхүү, эдийн засгийн яаманд худалдан авах ажиллагаатай холбогдсон хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих, арга зүйн удирдлагаар хангах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон жишиг бичиг баримт, бусад зааврыг боловсруулж мөрдүүлэх, хэвлүүлэх, сурталчлах, төрийн албан хаагчдын дунд өргөн хүрээтэй сургалт явуулах, зөвлөгөө өгөх үүрэг бүхий алба байгуулагдан ажиллаж байна.
1999 оны 11 дүгээр сараас 2000 оны 10 дугаар сарын хооронд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн онцлог, зарчим, үндсэн журмуудыг УИХ, Засгийн газар, яам, агентлагууд болон аймаг, нийслэлийн 360 гаруй удирдах болон гүйцэтгэх ажилтнуудад танилцуулж, тэдгээрийг семинар ярилцлагад хамруулсан. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн бүх байгууллагуудыг[1] хамарсан улсын хэмжээнд нэвтрүүлж буй шинэ системийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд бэлтгэгдсэн байх боловсон хүчний дөнгөж   2,0 орчим хувь болж байна.
Түүнчлэн худалдан авах ажиллагааны хууль болон журамд "self-policing" буюу "хуулийн өөрөө хэрэгжих зарчим" гэж нэрлэгддэг үндсэн онцлог байдаг. Засгийн газрын худалдан авах ажиллагааны харилцаанд оролцогч хувийн хэвшлийнхэн хуулийг зөв, шударгаар хэрэгжүүлэх хамгийн их сонирхолтой байдаг бөгөөд төрийн албан хаагчдын зүгээс зөрчил гаргасан эсэхэд хатуу хяналт тавьж байдаг нь хуулийн хэрэгжилтийг баталгаажуулах нэг механизм болдог. Иймд хувийн хэвшил, олон нийтийн байгууллагад зориулсан сургалтын тусгай хөтөлбөр гаргаж тэдгээрийн хүсэлтээр сургалт, семинар, зөвлөгөө өгөх нь шинээр бий болж буй худалдан авах ажиллагааны системийг бүрэн утгаар нь үр ашигтай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.
Хэдийгээр төсвийн буюу төр, орон нутгийн байгууллагын хөрөнгийг зарцуулж буй ажилтнуудыг аль болох богино хугацаанд сургах шаардлага тулгараад байгаа ч байгууллагуудын үйл ажиллагааны онцлогийг тусгасан сургалтын тусгай хөтөлбөрийн дагуу хөрөнгө, цаг хугацааны боломжтой уялдуулан тодорхой үе шаттайгаар явуулах сургалтын стратегийг боловсруулж хэрэгжүүлэхээс өөр аргагүй юм.            
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл, нийгэм эдийн засгийн шаардлага
Татвар төлөгчдийн буюу нийтийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй, ил тод, шударгаар зарцуулах, зарцуулалтыг харилцан тайлагнах, хариуцлагын зарчмыг сайжруулах асуудал нийгмийн амьдралын бүх хүрээг хамарч олон нийтийн зүй ёсны хүсэлт, шаардлагатай тулгараад байгаа юм.
Улсын секторын худалдан авах ажиллагааг энэхүү шаардлагын хэмжээнд зохицуулах эрх зүйн орчин үндсэндээ бүрдэж байгаа боловч хуучин социалист системээс шилжиж буй бусад орны нэгэн адил худалдан авах ажиллагааны хууль, түүнийг хэрэгжүүлэх журам, зааврыг хэрэгжүүлэх уламжлалт арга барил, туршлага, бэлтгэгдсэн үндэсний боловсон хүчний чадавхи байхгүй байна. Үүний улмаас заавар, журмыг буруу ойлгож хэрэгжүүлэх буюу огт хэрэгжүүлэхгүй байх, ашиглаж чадахгүй зэрэг байдал гарч гүйцэтгэгчийг буруу сонгох, зардлыг нэмэгдүүлэх, Засгийн газрын аливаа төслийн хэрэгжилт төлөвлөсөн хугацаанаасаа хэтрэх, олон нийтийн дунд засгийн газрын байгууллагын нэр хүнд унах, санаатай буюу мэдлэг чадвар дутсанаас хууль тогтоомжийг зөрчихөд хүрч байгаа юм.
Түүнчлэн төсвийн зарцуулалт хариуцсан ажилтнуудыг олон нийт, хувийн хэвшлийн зүгээс буруутгах, үүний улмаас мэдэхгүй, ойлгохгүйгээс төрийн албан хаагчдын дунд хуулийн зарчим, журмын талаар эсрэг санал, дүгнэлтэд хүрч, ач холбогдлыг үгүйсгэх явдал гарч болзошгүй байна.  
 Иймд улсын секторын худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнууд /ихэвчлэн төсвийн зарцуулалт хариуцсан ажилтнууд/, холбогдох удирдах албан тушаалтнуудыг богино хугацаагаар худалдан авах ажиллагаатай холбогдсон хууль, жишиг бичиг баримтыг амьдралд хэрэгжүүлж, ашиглах чадварыг эзэмшүүлж үе шаттай сургалтад яаралтай хамруулах асуудал хурцаар тавигдаж байгаа юм.    
Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагаас гадна төр, орон нутгийн өмчит болон төр, орон нутгийн өмч давамгайлсан үйлдвэрийн газруудын удирдлага, холбогдох ажилтнуудыг сургах шаардлагатай.
Хөрөнгийн зарцуулалт хариуцсан төрийн албан хаагчдыг нэгэнт сургасан тохиолдолд тэдний зүгээс худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг чанд биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж, хариуцлага тооцдог механизм бүрэн үйлчилж байх ёстой. Иймээс засгийн газрын болон төрийн хяналтын байгууллагын ажилтнууд, шүүгч, прокуроруудад худалдан авах ажиллагааны зарчим, онцлог, хууль журмын талаар тусгайлсан сургалт явуулах зайлшгүй шаардлагатай болно.
Судалгаанаас харахад хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын ажилтныг оруулахгүйгээр 4700 гаруй төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын ядаж 1-3 гол мэргэжилтнийг /удирдах ажилтныг оруулаад/ сургахын тулд   3 жилийн хугацаанд 7132 хүнийг сургалтад хамруулан 349 удаагийн семинараар /гадаад сургалтыг оруулахгүйгээр/ давхардсан тоогоор 10315 хүнийг шаталсан сургалтад хамруулах тооцоо гарч байна /Сургалтын хөтөлбөрийн нэгдүгээр хавсралт/.
 
Эхний жил анхан шатны сургалтад 5992 хүн, 2 дахь шатны сургалтад 196 хүн сургахын тулд жилийн турш долоо хоногт нэг семинар хийх замаар нийт 195 семинар зохион байгуулна. Хоёр дахь жилд нийт 2895 хүнд 96 семинар, 3 дахь жилд 1232 хүнд 58 семинар зохион байгуулж 2 болон 3 дахь шатны сургалтад хамруулна гэж тооцоход Засгийн газрын зүгээс нэлээд хүн хүч, хөрөнгө, цаг хугацаа, нарийн зохион байгуулалт шаардагдах болно.
Иймд Засгийн газрын зүгээс энэ ажилд өндөр ач холбогдол, тэргүүлэх чиглэл өгч хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө, хүн хүчний дэмжлэг авах зорилгоор олон улсын байгууллага, донор орнуудад хандаж тэдгээрийн туслалцааг энэхүү хөтөлбөрийн зорилтуудыг хангахад чиглүүлэх нь чухал юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Санхүү, эдийн засгийн яамны худалдан авах ажиллагааны хэсгийг мэргэжлийн бие даасан алба болгон бэхжүүлж, Засгийн газрын ажилтнуудыг тогтмол сургах, давтан сургах чадвартай болгох, үндэсний мэргэжилтэн,  багш нар бэлтгэх, их сургуулийн сургалтын программд худалдан авах ажиллагааны хичээлийг оруулах зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт, үе шат, хамрах хүрээ
1. Хөтөлбөрийн зорилго:
Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, яам, агентлаг, бүх шатны Засаг даргын Тамгын газрууд, төвлөрсөн болон орон нутгийн төсөвтэй харьцдаг байгууллагууд, төр, орон нутгийн өмчийн болон төр, орон нутгийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүдэд энэ хууль, түүнийг дагалдаж гарсан журам, заавруудыг хэрэгжүүлэх чадавхийг бүрдүүлэхэд оршино.
2.Хөтөлбөрийн үе шат
Хөтөлбөрийг 2001-2003 оны хооронд бүрэн хэрэгжүүлж дуусах бөгөөд сургалтыг анхан шатны, 2 дахь шатны, 3 дахь шатны болон гадаад сургалт гэж ангилан хамрагдах байгууллага, ажилтны үйл ажиллагааны ач холбогдол, сургалтын стратеги, тэргүүлэх чиглэлийг харгалзан зохих хуваарийн дагуу явуулна.
3.Хөтөлбөрийн хамрах хүрээ:
Энэхүү сургалтын хөтөлбөрийн хүрээнд  худалдан авах ажиллагааны үндсэн ойлголт, зарчим, үндсэн журмууд, хууль тогтоомж, бусад заавар, жишиг бичиг баримт, тэдгээрийг хэрэглэх асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,    11 яам, Засгийн газрын 17 тохируулагч болон              30 хэрэгжүүлэгч агентлаг[2],  аймаг, нийслэл, сум дүүргийн 363 Засаг даргын Тамгын газар болон төвлөрсөн төсөвтэй харьцдаг 200 төсөвт байгууллага, аймаг, хотын төсөвтэй шууд харьцдаг 661 байгууллага, сум, дүүргийн төсөвтэй харьцдаг 2715 төсөвт байгууллага[3], 109 төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрууд, 468 орон нутгийн өмчийн үйлдвэрийн газрууд[4] зэрэг нийтдээ 4703 байгууллага, аж ахуйн нэгжийн 7132 ажилтныг анхан шатны сургалтад бүрэн хамруулах бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны онцлог, тэргүүлэх чиглэлээс хамааран 2 болон  3 дахь шатны сургалт, гадаад сургалтад хамруулна. /Сургалтын хөтөлбөрийн нэг, хоёрдугаар хавсралт/.
Гурав. Санхүүгийн төлөвлөгөө ба зардлын тооцоо
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 1,0 тэрбум төгрөг буюу 0,9 сая ам доллар[5] шаардлагатай юм. Төсөвт өртгийн 17,0 хувь буюу 174,2 сая төгрөгийг дотоод эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Хөтөлбөрийн анхан шатны сургалтад 194,5 сая төгрөг, 2 дахь шатны сургалтад 54,4 сая төгрөг, 3 дахь шатны сургалтад 22,0 сая төгрөг, гадаад сургалтад 650,5 мянган ам.доллар буюу 728,6 сая төгрөг зарцуулна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлын тооцоо
              
/сая төгрөгөөр/
 

 
2001 он
2002 он
2003 он
Нийт дүн
Үүнээс:
Дотоод эх үүсвэр
Гадаад эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Гадаад эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Гадаад эх үүсвэр
Дотоод эх үүсвэр
Гадаад эх үүсвэр
Дотоод сургалт
54.8
116.7
60.7
 
38.6
 
270.9
154.2
116.7
Гадаад сургалт
 
243.0
 
243.0
 
242.6
728.6
 
728.6
Бусад арга хэмжээ
 
 
10.0
 
10.0
 
20.0
20.0
 
Бүгд
54.8
359.7
70.7
243.0
48.6
242.6
1019.5
174.2
845.3

 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
Санхүү, эдийн засгийн яамны санхүүгийн төвлөрсөн арга хэмжээний жил бүрийн төсөвт тодорхой хөрөнгө батлуулах[6]
Олон улсын банк, санхүүгийн байгууллага, донор орнууд, гадаадын бусад байгууллагуудаас техникийн туслалцаа авах
Байгууллагын хөрөнгөөр /төсөвт байгууллага, үйлдвэрийн газар, байгууллагын захиалга, хүсэлтээр/
Олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилга, дэмжлэг /сургалт, семинар, зөвлөгөө авах захиалга/.
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хөтөлбөрийн Үндэсний зөвлөл хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах үүргийг Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлогын газар /Худалдан авах ажиллагааны хэсэг/ хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа нь улсын хэмжээнд  мөрдөж байгаа хууль, түүнийг хэрэгжүүлэх журам, жишиг бичиг баримтыг төрийн албан хаагчдад танилцуулж, тэдний өдөр тутмын ажилд хэвшүүлэхэд чиглэгдэх тул Санхүү, эдийн засгийн яамны худалдан авах ажиллагааны хэсэг энэхүү хөтөлбөрт заасан бодлого, стратегийн дагуу мэргэжил, арга зүйн зохих түвшинд уг хөтөлбөрийг зохион байгуулж явуулна.
Тус хэсэг гадаад туслалцааг хөтөлбөрийн тохирох хэсэгт чиглүүлэх ажлыг зохион байгуулж, тухайн хэсгийн сургалтыг гадаадын мэргэжилтэн, техник, санхүүгийн туслалцаатайгаар хэрэгжүүлнэ.
Худалдан авах ажиллагааны хэсэг хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд болон хэрэгжилтийн явцыг сар, улирал бүр яамны удирдлагад гаргаж өгнө.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, хөтөлбөрт оруулах шаардлагатай өөрчлөлтийн саналыг Санхүү, эдийн засгийн яам хагас жилд нэг удаа хөтөлбөрийн Үндэсний зөвлөлд танилцуулна.
Хөтөлбөрийн Үндэсний зөвлөл тухайн жилийн хэрэгжилтийн явц, үр дүн болон хөтөлбөрт оруулах  өөрчлөлтийг жил бүрийн 12 дугаар сард Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлнэ.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Дотоодын сургалтыг Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд заасны дагуу хамрагдах байгууллага, албан тушаалтны тэргүүлэх дараалал, тэдгээрийн хэрэгжүүлж буй худалдан авах ажиллагааны онцлог, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан явуулна.
Гадаад сургалтыг Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд заасны дагуу олон улсын байгууллага, донор орнуудын тусламж орж ирсэн тухай бүр боловсон хүчний шаардлага, энэхүү хөтөлбөрийн бодлоготой нийцүүлэн явуулна.
Сургалтын тэргүүлэх чиглэл
Цаг хугацаа, хөрөнгө, боловсон хүчний хязгаарлагдмал байдлыг харгалзан хөтөлбөрт сургалтын стратеги, тэргүүлэх чиглэлийг дараахь байдлаар тусгасан:
Анхан шатны сургалтыг аль болох богино хугацаанд хэрэгжуүлж холбогдох бүх хүнийг хамруулах /2001 онд  84 хувь, 2002 онд 13,6 хувь, 2003 онд 2,4 хувь/
Байгууллага харгалзахгүйгээр бүх гүйцэтгэх ажилтныг   2 дахь шатны сургалтад хамруулах
Төвлөрсөн төсвийн томоохон хөрөнгө оруулалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг яам, агентлагийн  ажилтнуудын  2 дахь шатны сургалтыг 2001 онд багтаан дуусгах
Сум, дүүргийн төсөвтэй харьцдаг төсөвт байгууллага болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжээс бусад бүх байгууллагын ажилтнуудын 2 дахь шатны сургалтыг 2002 онд багтаан дуусгах
Зөвхөн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, томоохон төсөвт байгууллагын гүйцэтгэх ажилтнуудыг 3 дахь шатны сургалтад хамруулах
Төвлөрсөн төсвийн томоохон хөрөнгө оруулалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг яам, агентлагийн ажилтнуудын   3 дахь шатны сургалтыг 2002 онд багтаан дуусгах
2003 онд бүх шатны сургалтыг багтаан дуусгах 
4.Гадаад сургалтын нарийвчилсан хуваарь, хөтөлбөр болон оролцогчдын тоо нь олон улсын байгууллагын    дэмжлэг туслалцаанаас шалтгаалах бөгөөд зөвхөн анхан болон    2 дахь шатны сургалтад хамрагдсан ажилтнуудыг холбогдох чиглэлээр хөтөлбөрийн стратегид нийцүүлэн хамруулах
дунд, урт хугацааны сургалтад салбарын яамдын цөөн тооны голлох мэргэжилтэнг сургаж мэргэшүүлэх
богино хугацааны сургалтад яам, тохируулагч агентлаг бүрээс 1-2 хүнийг сургаж тэдний мэргэжлийг дээшлүүлэх
туршлага судлах, танилцах аялалд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны үндсэн байгууллагууд, томоохон төсөвт байгууллага болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг боломжийн хэрээр хамруулах.
Зургаа. Гарах үр дүн
Худалдан авах ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагчдыг дунд хугацааны сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулалттайгаар тусгай хөтөлбөрийн дагуу үе шаттай сургаснаар Монгол улсад олон улсын стандарт, зах зээлийн эдийн засагт нийцсэн худалдан авах ажиллагааны эрх зүйн шинэчлэлтийг амьдралд бүрэн хэрэгжүүлэх гол нөхцөл болох боловсон хүчний чадавхийг бүрдүүлэх юм.
Худалдан авах ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, журам, заавруудыг зөв ойлгож, улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлснээр гарах нийгэм, эдийн засгийн үр ашиг асар их юм. Үүнд:
Монгол улс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн худалдан авах ажиллагааны системийг амьдралд бүрэн нэвтрүүлэх
Татвар төлөгчдийн мөнгийг хамгийн зүй зохистой хэлбэрээр зарцуулж байна гэдэг итгэлийг ард түмэнд болон Засгийн газарт өөрт нь бий болгох
Бүх шатны төсвийн зарцуулалтыг хэмнэлттэй, үр ашигтай болгох
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагааг нийтэд ил тод болгох
Авилгал, хээл хахууль гарах бодит орчин нөхцөлийг бууруулах
Чөлөөт өрсөлдөөнийг баталгаажуулж хувийн хэвшил хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх
Дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчдийг дэмжих
Худалдан авах ажиллагааны үндэсний мэргэжилтэн бэлтгэх, энэ чиглэлийн боловсон хүчний хангамжийг сайжруулах
Худалдан авах ажиллагааны системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, түүнийг улам боловсронгуй болгон хөгжүүлэх. 
 
 
 
 
 
___оОо___
 
 
 
 

[1] Судалгаагаар 4703 байгууллагыг хөтөлбөрт хамруулсан.
[2] УИХ-ын 2000 оны 32 дугаар тогтоол, ЗГ-ын 2000 оны 131 дүгээр тогтоол
[3] Дэлхийн банкны төслийн судалгаагаар /аймаг, хот, сум, дүүргийн байгууллагууд(багууд ороогүй болно)/
[4] УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол
[5] 1 ам.долларыг 1120 төгрөг буюу 2001 оны жилийн дундаж тооцооны ханшаар авав.
[6] Засгийн газрын хуралдааны 2000 оны 6 дугаар  сарын 14-ний өдрийн 30 дугаар тэмдэглэл