A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 229 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
 
ХҮҮХДИЙН БОЛОН ТҮҮНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Хөтөлбөрийн үндэслэл
1.Монгол орны ирээдүй болох хүүхдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь чухал асуудал болоод байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах талаархи хууль тогтоомжийг биелүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих ажил суларснаас хүүхдийн эрх ашиг сүүлийн үед ноцтой зөрчигдөж, эцэг, эх, асран хамгаалагчдаас үр хүүхэддээ тавих анхаарал халамж дутсанаас хүүхэд сургууль завсардах, хараа хяналтгүй тэнэх, элдэв сөрөг нөлөөнд автах явдал өсч байна.
Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэрэг жил тутам нэмэгдэх зарим төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтын хэлбэртэй болж, онц хэрцгийгээр хүний амь нас хохироох, хулгай, дээрэм хийх, залилан мэхлэх, галдан шатаах зэрэг онц хүнд буюу хүнд гэмт хэргийг хүүхэд үйлдэх боллоо.
Хүүхэд ууж согтуурах, биеэ үнэлэх, хүүхдийг хүчирхийлэх явдал гарч байгаа нь сэтгэл түгшээж байна.Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүүхэд амь насаа алдах, бэртэж гэмтэн тахир дутуу болох нь олонтаа байна.
1994-1998 онд улсын хэмжээнд 6951 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нь өмнөх 5 жилийнхээс 24,9 хувиар өссөний дотор тэдний үйлдсэн хулгайн хэрэг 28,8 хувиар, хүний амь нас бусниулсан хэрэг 22,2 хувиар, бусдын эд зүйлийг булаасан хэрэг 9,3 хувиар нэмэгдсэн байна. Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо 14,8 хувиар, эрүүл мэнд хохирох явдал 37,4 хувиар өссөн байна. 1998/1999 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 10 мянга гаруй хүүхэд сургууль завсарджээ.
Дурдсан байдлуудаас үзэхэд хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хугацаа алдалгүй эрчимжүүлж хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагын тогтолцоо буй болгох талаар шийдвэрлэвэл зохих асуудал цөөнгүй байна.
 
Хоёр.Хөтөлбөрийн зорилго
2.Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих явцад гарч буй ажилгүйдэл, ядуурал, ёс суртахууны доройтол, гэмт хэргийн өсөлт, сургууль завсардалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бууруулах үндсэн дээр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, эцэг, эхчүүдийн гүйцэтгэх үүргийг өндөржүүлэх, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэгдэнэ.
 
Гурав.Хөтөлбөрийн зорилт
3.Хүүхдийн эрх ашгийг хохироож байгаа явдалд судалгаа дүгнэлт хийж, урьдчилан сэргийлэх ажлын чиглэлийг үндэсний хүрээнд болон орон нутаг, анхан шатны нэгжид ялгавартайгаар нарийвчлан тодорхойлох
4.Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан бусад эрх ашгийг хамгаалах ажилд төр, олон нийтийн зүгээс хяналтын тогтолцоо бий болгож бүх нийтийг татан оролцуулах, гэмт хэрэгт хүүхэд холбогдох явдлыг тодорхой хугацаанд үе шаттай бууруулах.
5.Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий болон тусгай, нэг бүрчилсэн арга хэмжээ зохион байгуулж хүүхдийн зонхилон үйлдэж буй хулгай, булаалт зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийн өсөлтийг багасгах, таслан зогсоох ажлыг бүх шатанд зохион байгуулах.
6.Хүүхдийг гэмт хэрэгт уруу татагчдыг цаг алдалгүй илрүүлэх, тэдэнтэй хийх тэмцлийг хүчтэй болгох асуудлыг боловсруулах.
7.Хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, ялангуяа гэр бүл, эцэг, эхийн хүч, анхаарлыг нэгтгэн зохион байгуулах.
 
Дөрөв.Хөтөлбөрийн зарчим
8.Энэхүү хөтөлбөр нь Үндсэн хууль бусад хууль, тогтоомжийн залтуудыг биелүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр жигд оролцох, энэ талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд төр, нийгмийн зүгээс хариуцлага хүлээлгэх зарчимд үндэслэгдэнэ.
9.Гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд гэм буруугийн хор нөлөө, нөхцөл шалтгааныг ойлгуулах, тэдэнд нийгмийн амьдралын танин мэдэхүйн төлөвшил олгох, дахин гэмт хэрэг үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг орчин үеийн шаардлагад тохирсон арга хэлбэрээр бодитой зохион байгуулна.
 
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
10.Хөтөлбөрийг 2000-2005 онд 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат: 2000-2001 онд төв, орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж, сургалт, судалгаа, сурталчилгаа, мэдээлэл, арга зүйн ажлыг бүх түвшинд жигдрүүлнэ. Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан тогтоох ажлыг төв, орон нутагт зохион байгуулна;
Хоёрдугаар үе шат: 2002-2003 онд хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргийн нөхцөл шалтгааныг судалсан дүн шинжилгээнд үндэслэн түүнийг арилгах, ялангуяа хүүхдийн зонхилон үйлдэж буй хулгай, танхайн гэмт хэргийг багасгах, таслан зогсооход чиглэсэн иж бүрэн арга хэмжээг улсын хэмжээнд авч хэрэгжүүлнэ;
Гуравдугаар үе шат: 2004-2005 онд хүүхдээс гэмт хэрэг үйлдэх явдлыг сааруулах, зарим төрлийн гэмт хэргийг таслан зогсоох зорилт тавьж ажиллана.
 
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
11.Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төр, засаг, хууль хяналт болон бусад байгууллага, олон нийт, ард иргэдийн анхаарлын төвд байлгаж, хүүхдийн эрүүл энх өсөн бойжих, сурч боловсрох, хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх.
12.Төр, захиргаа, хууль хяналт, хүүхдийн болон боловсрол, эрүүлийг хамгаалах, нийгмийн халамжийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, нэгдсэн бодлоготой ажиллуулах, хүүхдээс гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөлийг судалж түүнтэй тэмцэх аргачлал боловсруулан сурталчлах, гэмт хэргийн хор уршгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байх.
13.Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус бүх байгууллагаас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн эдийн засаг, ёс суртахуун, хүмүүжлийн чиглэлээр ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, давтан үйлдэхээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх.
14.Хүүхдийг хүнлэг болгон хүмүүжүүлэхэд чиглэсэн ажил, сургалтыг сургууль болон сургуулиас гадуур гэгээрэл, шинжлэх ухаан, соёлын байгууллагуудтай хамтран зохион байгуулах, шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлага, сурталчилгааны материал, кино, драм, зохиолыг нийтийн хүртээл болгох.
15.Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар уулзалт, өдөрлөг, онол арга зүйн бага хурал, ярилцлага зэргийг хэсэгчилсэн болон бүсчилсэн байдлаар зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг оролцуулах.
16.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн онцлог болон бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллагчдынхаа хүүхдийн асуудлыг эрхэлсэн орон тооны буюу орон тооны бус ажилтан, ажлын хэсэг, зөвлөл байгуулан ажиллах.
17.Хүүхэд гэмт хэрэг үйлдэхгүй байх орчныг бүрдүүлэх үндэс болсон гэр бүлийг бэхжүүлэх, иргэд, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,  ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, сургууль завсардах явдлыг багасгах талаар холбогдох арга хэмжээг авах.
18.Хүүхдийг гэмт хэрэг, ёс суртахууны доголдолд уруу татсан этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар арга хэмжээ авах.
19.Хүүхэд сургууль завсардан тэнүүчилж, хөгжил, боловсролоор доголдон хүмүүжлийн сөрөг нөлөөнд автаж байгаа байдлыг төрийн болон төрийн бус байгууллагын хүчийг нэгтгэн судалсны үндсэн дээр түүнээс гарах арга замыг тодорхойлж ажиллах.
20.Хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүх нийтийн ажил өрнүүлэх, хуримталсан туршлагыг дэмжин дэлгэрүүлэх, хөрөнгийн нэгдсэн эх үүсвэртэй болох, тэргүүний байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийг урамшуулах.
 
Долоо.Удирдлага, зохион байгуулалт
21.Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын орон тооны бус зөвлөл удирдана /цаашид "Зөвлөл" гэх/.Зөвлөлийн ажиллах журмыг Хууль зүйн сайд батална.
22.Зөвлөл нь "Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг 2000-2005 онд хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл"-ийн хүрээнд жил бүрийн ажлын төлөвлөгөө гарган ажиллана.
23.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд тэдгээрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан 9-15 хүний бүрэлдэхүүнтэй Насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх салбар зөвлөл ажиллана.Салбар зөвлөлийн ажиллах журмыг Зөвлөл батална.
24.Салбар зөвлөл нь ажлаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд тогтмол танилцуулан, уялдуулж ажиллана.
25.Салбар зөвлөл нь Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр боловсруулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулж ажиллана. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүрийн 1 дүгээр сард багтаан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулна.
26.Бүх шатны зөвлөл нь төрөөс хүүхдийн талаар хрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлж яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хамтран ажиллана.
27.Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага дараахь чиглэлээр ажиллана:
1.Хууль зүйн яам
-Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох, энэ чиглэлийн хуулийг сурталчлах;
-Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж яам, агентлаг, төв болон орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг энэ ажилд жигд татан оролцуулах;
-Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн төрөл, шалтгаан, нөхцөл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиох ажлын талаар гарын авлага боловсруулж төв, орон нутагт ажиллаж байгаа зөвлөлүүдийг хангах;
-Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд харшаар нөлөөлөх садар самуун, хүчирхийлэл аллага бүхий кино, дүрс бичлэг, ном зохиол, зураг, сонин хэвлэлийг хязгаарлан, хаах хүртэл арга хэмжээг авч хуульд заасан хариуцлага хүлээлгэх.
2.Гэгээрлийн яам
-Сургалт хүмүүжлийн ажлын нэгдлийг хангахад чиглэсэн иж бүрэн бодлого боловсруулж энэ талаар эрх зүйн орчин бүрдүүлж биелэлтийг зохион байгуулах;
-Хүүхдийн сэтгэл зүй, насны онцлогийг харгалзан сургууль, цэцэрлэгийн хичээл, хүмүүжлийн ажлын хүрээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах судалгаа хийж, дүгнэлт гаргах, гэмт хэрэггүй сургууль, хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэх, энэ талаархи туршлагыг нь сурталчлан урамшуулах;
-Сургууль завсардах явдлыг гаргахгүй байх арга хэмжээг зохион байгуулах;
-Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусгай сургалт, дадлагын ажил, сурагчдын  чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах, сургууль-багш-эцэг, эх-хүүхдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
-Гэмт хэрэгт холбогдсон болон хохирсон хүүхдийг хүмүүжүүлэх буюу тэдэнд тусалж дэмжих талаар "Хүүхэд хүүхдийнхээ төлөө" ажил өрнүүлэх.
3.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
-Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенци, Хүүхдийн эсэн мэнд амьдрах нөхцөлийг хангах, хамгаалах, хөгжүүлэх тухай дэлхийн дээд хэмжээний уулзалтын Тунхаглалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарч, хөдөлмөр эрхлүүлэх, халамжлах асуудлаархи бодлогыг нэгтгэн бусад яам, агентлаг, хууль хяналт, нутгийн захиргааны байгууллагуудтай хамтарч ажиллах;
-Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг татан оролцуулах, хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд Хүүхдийн төлөө үндэсний төв, түүний харьяа болон орон нутаг дахь байгууллагуудын хүчийг чиглүүлж ажиллах;
-Хүүхэд бие бялдар эрүүл мэндийн хувьд хохирох, архи тамхи болон мансууруулах бодис хэрэглэх зэрэг элдэв гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хүртээмжтэй арга хэлбэрээр зохиож үр дүнг тооцох;
-Хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг нийгмийн хамгаалалд бүрэн хамруулах, сургуулийн хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад материалыг туслалцаа үзүүлж байх.
4.Бусад яам, агентлаг, төрийн байгууллага
-Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар өөрийн төв аппарат, харьяа болон бодлогын хүрээний нийт байгууллага, аж ахуйн нэгжийн хэмжээнд хүүхдийн хүмүүжил, ёс суртахууны төлөвшлийг сайжруулах талаар жил бүр төлөвлөгөө гарган, сургалт сурталчилгаа явуулах, энэ ажлыг хариуцсан зөвлөл байгуулж ажиллуулах;
-Хүүхдийн эрх ашгийг хамгаалах ажлын төрөл, арга хэлбэрийг сайжруулж, албан тушаалтны хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож байгууллагынхаа дотоод журамд тусгах, үр хүүхдээ үлгэр жишээч хүмүүжүүлсэн ажилтан, албан хаагчдыг урамшуулах.
5.Хэвлэл мэдээллийн байгууллага
-Хүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд гэмт хэргийн хор уршиг болон түүнээс учирч болох сөрөг үр дагаврыг ойлгуулж, итгэл үнэмшил төрүүлэх, ирээдүйн хүсэл мөрөөдлийг бий болгоход нийтлэл нэвтрүүлгийн бодлогыг чиглүүлэх, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн ажлын явц, цаашид хийх ажлын талаар нийтэд сурталчилж, мэдээлэх;
-Хүүхдээ гэмт хэрэгт өртүүлэхгүй байх талаар эцэг, эхчүүдэд зориулан цуврал сурталчилгааг тогтмол хийж байх.
6.Иргэн, гэр бүл, төрийн бус байгууллагын оролцоо
-Эцэг, эх, ах, эгч нь хүүхдийг ёс суртахуун, үзэл бодлын зөв төлөвшилтэй, энэрэнгүй сэтгэлтэй, харьцааны соёлтой болгон хүмүүжүүлэх;
-Хүүхдэд гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоо гаргахгүй байх зорилгоор гэр бүл, иргэд идэвхтэй оролцон үр хүүхдээ байнгын хараа хяналттай байлгаж, үнэнч шударга иргэн болгож  хүмүүжүүлэх;
-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төрийн бус байгууллагын зүгээс жил бүр тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлэх;
-Хүүхдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар байнга санал солилцож хамтран ажиллах, хурал, зөвлөлгөөн, уулзалт, семинар зохион байгуулж, сайн ажилласан байгууллага, хүмүүсийг шалгаруулж, дүгнэх, шаардлагатай бол хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байх.                      
7.Цагдаагийн байгууллага
-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий болон тусгай, нэг бүрчилсэн ажиллагааг зохион байгуулах, эдгээр ажлын аргачлалыг боловсруулж нэвтрүүлэх, аймаг, нийслэл, дүүрэг, томоохон сумдад сургалт арга зүйн кабинет байгуулж сурталчлах;
-Хүүхдийн үйлдэж буй тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлан, дүн шинжилгээ хийж мэдээлэх, эцэг, эх, хуульч, улс төр судлаач, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтдийг оролцуулан эрдэм шинжилгээний бага хурал, ярилцлага зохион байгуулж, тухайн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар онол практикийн бага хурал зохион байгуулж санал дүгнэлт гаргах, үйл ажиллагааны аргачлал боловсруулж мөрдөх;
-Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл цуглуулан шалтгаан нөхцөлийг судалсны үндсэн дээр түүнтэй тэмцэх арга замыг тодорхойлох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгож, хүүхдийн дотор гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх;
-Хүүхдийн эрх ашгийг хохироосон үйл ажиллагааг хориглох, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн  заалтыг зөрчсөн этгээдэд заавал хариуцлага хүлээлгэх;
-Хараа хяналтгүй, гэр орноосоо дайжсан тэнэмэл хүүхдийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа явуулж хүүхдийн хаяг тогтоох, шалган хуваарилах ажлын үр нөлөөг дээшлүүлэх;
-Хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн судалгаанд үндэслэн хулгай, танхай зэрэг хүүхдийн зонхилон үйлддэг тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахад чиглэсэн ажил зохион байгуулах;
-Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн үүсгэл санаачилгыг дэмжиж, ялангуяа өсвөрийн цагдаагийн бүлэг, эцэг, эхийн зөвлөл, хороог байгуулж ажиллуулах.
8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын Тамгын газар
-Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалж тэдгээрийг арилгах иж бүрэн арга хэмжээ төлөвлөн зохион байгуулж, өрх гэр, эцэг, эх, иргэдийн оролцоо туслалцааг сайжруулах, харьяа нутаг дэвсгэртээ байгаа аж ахуйн нэгж, байгууллагад /өмчийн хэлбэр харгалзахгүй/ энэ чиглэлээр үзлэг шалгалт явуулан дүгнэж байх;
-Албан байгууллага, аж ахуйн нэгж, сум, хороо, баг, байр, гудамж, талбайд хүүхдийн төлөө сайн дурын нөхөрлөл, эргүүл, харуул байгуулан ажиллуулах, хүүхдээс гэмт хэрэг үйлдэх боломж нөхцөлгүй эрүүл орчин буй болгоход чиглэсэн ажил зохион байгуулан, түүнд иргэд, аж ахуйн нэгж, төрийн ба төрийн бус байгууллагыг татан оролцуулж байх.
 
Найм. Хөтөлбөрийн санхүүжилт
28.Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хөрөнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр санхүүжүүлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид жил бүр энэ асуудлыг тухайн орон нутгийн төлөвлөгөө, төсөвт тусган шийдвэрлэж байна.
29.Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажилд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тухайн жилийн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн яам, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцна.
30.Иргэд, аж ахуйн нэгж, олон улсын болон гадаад, дотоодын байгууллагын хандив, тусламж, бусад нөөц бололцоог ашиглан Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Зөвлөлүүдийн дэргэд сан байгуулж үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд зарцуулна.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулсан уг сангийн хөрөнгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу зарцуулах бөгөөд өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
Төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийн зарцуулалтын тайланг Зөвлөлийн дарга тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд жилд 2-оос доошгүй удаа танилцуулж байна.
 
Ес.Хөтөлбөрийн үр дүнгийн талаар
31.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын үр дүнг тооцох аргачлал болон тайлангийн үзүүлэлтийг Зөвлөл боловсруулж гаргана.Дүгнэхдээ дараахь үзүүлэлтийг голлон үзнэ:
а/хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэрэг буурсан байдал, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар зохиосон ажил;
б/төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, гэр бүл, иргэдийн оролцоотой хэрэгжүүлсэн ерөнхий болон тусгай, нэг бүрчилсэн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлсэн байдал, гэр бүлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэсэн зохион байгуулалтын ажил, түүний үр дүн;
в/хараа хяналтгүй хүүхдийн нийгмийн хамгааллын талаар зохиосон ажлын явц, үр дүн;
г/сургууль завсардалтыг багасгахад чиглэсэн ажлын үр дүн;
д/хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон ажлын байр бий болгосон байдал.
 
------------оОо-----------