- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2002 оны 92 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
1. Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
2001 оны байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн ам 1402.8 мянга байгаагаас эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудад 832.3 мянган хүн ажиллаж байна. 2001 оны байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо 40.3 мянга, ажилгүйдлийн түвшин 4.6 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин 62.2 хувь байна. Нийт ажилгүйчүүдийн 54.0 хувийг эмэгтэйчүүд, 63.3 хувийг 16-35 хүртэлх насны залуучууд, 53.2 хувийг мэргэжлийн боловсролгүй хүмүүс эзэлж байгаа юм. Ажилгүйчүүдийн дунд мэргэжилгүй залуучуудаас гадна мэргэжлийн боловсролгүй, удаан хугацаагаар ажилгүй байгаа 35 болон түүнээс дээш насны хүмүүсийн тоо өндөр байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар анги төгсөөд ажил, сургуульгүй үлдсэн 10.0 орчим мянган охид, хөвгүүд хөдөлмөрийн зах зээлд жил бүр шилжин ирж байна.
1980-аад онд хүн амын төрөлт өндөр байсантай холбоотойгоор хөдөлмөрийн насны хүн амын жилийн дундаж өсөлт хүн амын өсөлтөөс 1.8 дахин өндөр байна. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн тооцоогоор энэхүү өсөлтийн хурдац 2006 он хүртэл хадгалагдах төлөвтэй байна.
Хөдөлмөрийн зах зээлийн байдал ерөнхийдөө ажиллах хүчний урсгал хөдөлгөөн ихтэй, бүтээмж багатай, зах зээлд ажиллах хүчний өрсөлдөх чадвар муу, мэргэжилгүй ажилгүйчүүдийн эзлэх хувь өндөр, ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа урт гэсэн гол шинж чанараар тодорхойлогдож байна.
2. Хөтөлбөр боловсруулах шаардлага
Манай улсын хүн амын тоо 2002 онд 2479.9 мянга, 2003 онд 2515.2 мянга, 2004 онд 2549.3 мянга, 2005 онд 2585.0 мянгад хүрэхээр байна. Хүн амын цэвэр өсөлт 2000-2005 онд мянган хүн амд 14.6-13.8 нэгж болох төлөвтэй байна. Энэ тооцооноос үзэхэд хүн амын жилийн дундаж өсөлт тогтворжих хандлагатай байна. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн тооцоогоор хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай хүн ам 2005 он гэхэд 2000 оныхоос 16.0 хувиар буюу жилд дунджаар 3.2 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ хугацаанд албан ёсны хөдөлмөр эрхэлдэг ажиллагчдын тоо 13.6 хувь буюу жилд дунджаар 2.7 хувиар өсөх тооцоо гарч байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2003-2005 онуудад жилд дунджаар 5-аас доошгүй хувиар өсөх бөгөөд энэхүү өсөлт уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээ болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлтөөр хангагдах төлөвтэй байна.
Иймд хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх, инфляцийн түвшинг бууруулах, банк, санхүүгийн үйлчилгээг сайжруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээг боловсронгуй болгох, дэд бүтэц, байгаль орчны зэрэг өргөн хүрээний бодлоготой нягт уялдуулан Монгол Улсад зээл, тусламж үзүүлдэг гадаадын хандивлагч орон, байгууллагатай тохиролцсон бодлогын баримт бичиг, тухайлбал "Ядуурлыг бууруулах өсөлтийг хангах" бодлогын болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын "Боломжит хөдөлмөр"-ийн үзэл баримтлалтай нийцүүлж "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр" /цаашид "хөтөлбөр" гэх/-ийг боловсруулав.
3. Зорилго
Монгол Улсын иргэдийг өөрийн мэргэжил, ур чадварын дагуу хүссэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдан дэмжлэг авах, өөрсдийн боломж, чадавхийг хөгжүүлэх замаар амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийн бодлого болон бүс нутгийн хөгжлийн онцлогтой уялдуулан хэрэгжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
4. Хөтөлбөрийг дор дурдсан үндсэн зарчим дээр тулгуурлан хэрэгжүүлнэ:
а/хөдөлмөрийг дээдлэх зарчим: Хүүхэд, залуучуудад хөдөлмөрийг үнэлэх, хүндэтгэх, амьжиргааны үндсээ гэж дээдлэх үзлийг төлөвшүүлж, ажлын дадлага, мэргэжил, мэргэшлийн ур чадвар эзэмших нь хүн бүрийн хөдөлмөр эрхлэх үндсэн нөхцөл болохыг ойлгуулах, мэргэжлийн сургалтын бүх хэлбэрийг дэмжин хөгжүүлэх замаар иргэдийн мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх;
б/бодлогын уялдааны зарчим: Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бүс нутаг, орон нутгийн хөгжлийн онцлогтой уялдуулах;
в/нийгмийн зөвшил, оролцооны зарчим: Хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлж, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах, нийгмийн зөвшлийг хөгжүүлэх;
г/дэмжлэгийн зарчим: Иргэдийн боломжит хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах, хөдөлмөр эрхлэх идэвх, санаачилгад бодит дэмжлэг үзүүлэх;
д/мэдээллийн хүртээмжийн зарчим: Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байх.
А. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээ
5. Зорилт. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг макро түвшинд эдийн засгийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулж өсөлтийг хангах бодлоготой уялдуулах зорилтыг үйл ажиллагааны үндсэн 5 чиглэлээр хэрэгжүүлнэ.
5.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүү, зээлийн бодлогыг боловсронгуй болгох чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/дотоодын үйлдвэрлэгчдэд түүхий эд худалдан авч бэлтгэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох механизм бүрдүүлэх;
б/хоршооны гишүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдад гэнэтийн тохиолдлоос учирсан хохирлыг нөхөх даатгалын систем нэвтрүүлэх;
в/ажлын байр шинээр бий болгох зориулалтаар хөрөнгө оруулалт хийхдээ бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн онцлог, нөөц боломж, тухайн бүс нутгийн давуу тал зэргийг харгалзан үзэх;
г/хүн амын хэрэгцээг орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээгээр хангаж иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг багасгасан аймаг, орон нутагт хөрөнгө оруулалтыг түлхүү хийх бодлого баримтлах;
д/ банк бус санхүүгийн байгууллагыг дэмжих замаар жижиг зээл олгох ажиллагааг өргөжүүлэх.
5.2. Жижиг, дунд, бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин хөгжүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/иргэдийг ажлын байраар хангах зорилгоор орон нутгийн байгалийн баялаг, түүхий эдийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл явуулах санаачилгыг дэмжих;
б/зах зээлд өрсөлдөх экспортын бүтээгдэхүүн, түүхий эдийг хүлээн авч борлуулах бөөний худалдааны сүлжээг сум, суурин газар байгуулах үйл ажиллагааг дэмжиж урамшуулах;
в/сум, багийн төвд халуун ус, үсчин, оёдол, гутал засварын чиглэлээр ахуйн үйлчилгээний цэг, салбар нээн ажиллуулах, явуулын үйлчилгээ бий болгох асуудлыг шийдвэрлэхэд туслах.
5.3. Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хоршоо, нөхөрлөл, өрхийн болон фермерийн аж ахуй хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх замаар хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/байгалийн гаралтай бордоо үйлдвэрлэх, газар тариалангийн чиглэлээр нөхөрлөл, хоршооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд туслах;
б/сайн үүлдрийн болон нутгийн шилмэл омгийн мал үржүүлэх фермерийн аж ахуйн үйл ажиллагааг дэмжиж цаашид эрдэм шинжилгээ, судалгааны түшиц газар болгох асуудлыг судлах;
в/ажилгүй хүмүүсийг олон малтай иргэдтэй гэрээ байгуулан ажиллуулах, багш шавийн барилдлагаа бий болгох хэлбэрийг хөгжүүлэх;
г/мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх цэгүүдийг байгуулах замаар иргэдийг түр болон байнгын ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх;
д/гахай, шувууны махны үйлдвэрлэл, загас агнуурын аж ахуй, давс олборлох чиглэлийн аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөлийг дэмжин бүс нутгийн хэрэгцээг хангах бодлого баримтлах.
5.4. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлоготой уялдуулах чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/ойн нөөц, усны эх булаг, ховордсон ан, амьтдыг хамгаалах, ой цэвэрлэх, булаг шандыг тохижуулах, ойг нөхөн сэргээхэд орон нутгийн иргэдийг өргөнөөр хамруулж түр болон байнгын ажлын байраар хангах;
б/байгалийн баялгийг ашиглан байнгын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж бий болгоход дэмжлэг үзүүлэх;
в/усны эх үүсвэрийг хамгаалах, усан сан байгуулах замаар усалгаатай тариалангийн жижиг аж ахуй бий болгоход нөхөрлөл, хоршооны хэлбэрийг өргөн ашиглах;
г/говь, хээр нутгийг цөлжилтөөс сэргийлэх, ойн зурвас байгуулах замаар газрын хөрс, бэлчээрийг хамгаалах ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг татан оролцуулах;
д/агаар мандлыг хамгаалах зорилгоор утаагүй зуух, утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжих.
5.5. Аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулах чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалах, аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх замаар орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх;
б/хот суурин газрыг тохижуулах, цэцэрлэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд ажилгүй иргэдийг зохион байгуулалттайгаар оролцуулах;
в/аялал жуулчлалын салбарын жижиг үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх;
г/нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж зэргийг ажилгүй хүмүүст гэрээгээр эзэмшүүлэх, энэ чиглэлээр аж ахуйн нэгж байгуулахыг дэмжих;
д/дэд бүтэц, байгаль хамгааллын чиглэлээр нийтийг хамарсан ажил зохион байгуулж, ажилгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хамруулан түр ажлын байраар хангах;
е/улс орны баруун, зүүн цэгийг хэвтээ, босоо тэнхлэгээр холбох Мянганы замын төслийн хүрээнд түр болон байнгын ажлын байр бий болгох;
ж/орон нутгийн чанартай зам, өвөл, хаврын улиралд цасанд боогддог бартаа ихтэй даваа, гүвээг засч арчлах зам засварын хэсгүүдийг байгуулж ажлын байр бий болгохыг дэмжих.
Б.Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогын хүрээ
6. Зорилт: Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах, хүн амын хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг үйл ажиллагааны 5 чиглэлээр хэрэгжүүлнэ.
6.1. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан ажилгүй иргэн, ажил хайгчдыг сул чөлөөтэй ажлын байранд зуучлах үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийн албадаар дамжуулан зохион байгуулах;
б/ажилгүй иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөлгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн талаархи мэдээллээр хангах үйлчилгээний чанарыг сайжруулах;
в/ажлын байр шинээр бий болгосон, ажилгүй иргэдэд шинэ мэргэжил олгох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулсан ажил олгогчдод дэмжлэг үзүүлэх;
г/иргэдийг ажлын бүтэн бус долоо хоног, богиносгосон цагаар болон гэрээр ажиллуулах хэлбэрийг нэвтрүүлэх, зуучлах үүрэгтэй хөдөлмөр зуучлалын хувийн хэвшлийн байгууллага /түр ажлын бирж/ байгуулах үүсгэл санаачилгыг дэмжих;
д/бичил аж ахуйн нэгжийг албан ёсоор бүртгүүлж, үйл ажиллагаа явуулахад нь туслалцаа үзүүлэх бизнес инкубаторын төвийг аймгийн төв болон хотын дүүрэг бүрт байгуулах;
е/Монгол Улсын иргэд гадаадад хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн дадлага хийх таатай нөхцөл бүрдүүлэх талаар гадаад орнуудтай хоёр талын гэрээ хийх, түүнчлэн байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах;
ж/гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог дотоодын хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан тогтоож мөрдөх.
6.2. Залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого явуулах чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/ажилгүй залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэх чадвар олгох хөдөлмөр зуучлал болон тэдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд түлхүү анхаарах;
б/оюутны хөдөлмөр зуучлалын алба байгуулахад мэргэжлийн болон материаллаг дэмжлэг үзүүлэх, оюутнууд хичээлийн бус цагаар хагас өдөр, цагаар ажиллах боломж бүрдүүлэх;
в/тахир дутуу, одой иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг судлан тэдэнд зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах, мэргэжлийн сургалтад хамруулах;
г/хүүхдийн хөдөлмөрийг хориглох болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллага, хандивлагч бусад орны туслалцаатайгаар хамтарсан төсөл хэрэгжүүлэх.
6.3. Зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн болон ур чадварын сургалтыг дэмжих чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/ажилгүйдлийн даатгалд хамрагдаагүй, удаан хугацаагаар ажилгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэд, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн болон ажилгүй иргэд, тухайн онд ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар анги төгссөн, хугацаат цэргийн албанаас халагдсан ажил, сургуульгүй иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжил олгох болон давтан сургалтад хамруулах;
б/хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдэд бизнес эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалт явуулах, гарын авлага бэлтгэх;
в/иргэдийг боломжит хөдөлмөр эрхлэхэд нь туслах, зуучлах, тэдэнд зөвлөлгөө өгөх, амьдрах арга ухаан, хөдөлмөр эрхлэх арга барил, дадалд сургах;
г/ажилтны мэдлэг, боловсролын түвшин, мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд байнга анхаарч, давтан сургах, мэргэшүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх.
6.4. Боломжит хөдөлмөр эрхлэх арга хэмжээг дэмжихэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан ажлын байрны нөхцөлийг бүрдүүлэх;
б/хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн оролцоог өргөжүүлж гурван талт зөвшилцлийн үйл ажиллагааг чиглүүлэх;
в/ажиллах хүчний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх хэлбэрийг ашиглан Засгийн газар, төрийн бус байгууллагуудын түншлэлийг өргөжүүлэх.
6.5. Хөдөлмөрийн зах зээлийн талаархи мэдээлэл, сурталчилгааны ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/хөдөлмөр эрхлээгүй иргэд болон албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээнд хамруулах арга хэмжээ авч хөдөлмөрийн статистикийн тогтолцоог бүрдүүлэх;
б/хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанарыг сайжруулах, тоон үзүүлэлтийн хүрээг өртгөтгөх замаар ажиллах хүчний болон ажлын байрны судалгааг боловсронгуй болгох;
в/хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжийн талаархи сурталчилгааг тогтмолжуулах;
г/боломжит хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар ажил олгогчдын үүрэг, хариуцлагыг нийгмийн зөвшил, түншлэлийн хүрээнд төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг өргөнөөр зохион байгуулах.
7.Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 2002-2010 онд 2 үе шаттайгаар 9 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Эхний үе нь 2002-2005 он байх бөгөөд дунд хугацааны үнэлгээгээр хөтөлбөрт тодотгол хийж болно. Хоёрдахь үе нь 2006-2010 оныг хамарна.
8. Удирдлага, зохион байгуулалт
8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эдийн засаг, нийгмийн бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих үүргийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох яамдын оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
8.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний жил бүрийн төлөвлөгөөг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гарган ажиллана.
8.3. Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг дараахь байдлаар гүйцэтгэнэ:
а/орон нутгийнхаа түвшинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр боловсруулж мөрдүүлэх;
б/хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавин тайлан гаргах;
в/орон нутагт хуваарилсан хөрөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавих;
г/хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийн байдалтай холбоотой мэдээ, мэдээллийг бэлтгэж холбогдох байгууллагад хүргүүлэх.
8.4. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага нь дараахь үүрэг гүйцэтгэнэ:
а/хөтөлбөрийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлж, түүнийг хэрэгжүүлэхэд зориулан олгож байгаа хөрөнгийг үр ашигтай зарцуулах;
б/орон нутгийн түвшинд хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
в/хөтөлбөрийн үр дүнг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор тайлагнаж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа тавьж байх;
г/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллага, ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллагын оролцоог өргөжүүлэх.
9. Санхүүжилт
Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
а/төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
б/хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
в/хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
г/аж ахуйн нэгж, иргэд, төрийн бус байгууллагын санаачилгаар бүрдүүлсэн тусламж, хандивын хөрөнгө;
д/банкны зээл, хувийн хөрөнгө оруулалт;
е/аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө;
ж/орон нутагт бий болсон зээлийн сангууд.
10. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
а/хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үр дүнд үнэлгээ хийх үүргийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж хүлээнэ;
б/хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээнд төрийн бус байгууллага, иргэдийг өргөнөөр оролцуулна.
11. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үндсэн болон туслах шалгуур, үзүүлэлтээр дүгнэнэ.
11.1. Үндсэн шалгуур, үзүүлэлт:
а/шинээр бий болгосон ажлын байрны тоо;
б/ажилгүйдлийн түвшний бууралт;
в/бодит ажилгүйдлийн бууралт;
г/ажилд зуучлагдсан хүний тоо;
д/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг авсан ажил олгогчдын тоо;
е/хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийн хэмжээ;
ж/нийтийг хамарсан ажилд хамрагдсан хүний тоо;
з/мэргэжлийн болон давтан сургалтаар мэргэжил эзэмшүүлсэн хүний тоо;
и/ жижиг зээлийн төсөлд хамрагдсан хүний тоо.
11.2. Туслах шалгуур, үзүүлэлт:
а/ажиллах хүчний оролцооны түвшин;
б/ажил эрхлэлтийн түвшин;
в/мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэдийн ажилд зуучлагдсан түвшин;
г/ажлын байрны захиалгын ашиглалтын түвшин.
12. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дор дурдсан үр дүнд хүрсэн байна:
¹
|
Үзүүлэлт
|
Хэмжих нэгж
|
I үе шатанд
|
П үе шатанд
|
Дүн
|
1
|
Шинээр бий болох ажлын байрны тоо
|
Мян
|
155,7
|
240,1
|
395,8
|
2
|
Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгосон, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангасан хүний тоо
|
Мян.хүн
|
142,7
|
186,9
|
329,6
|
3
|
Ажилд зуучилсан хүний тоо
|
Мян.хүн
|
115,0
|
156,1
|
271,1
|
4
|
Мэргэжлийн болон давтан сургалтад хамруулсан хүний тоо
|
Мян.хүн
|
37,3
|
53,3
|
90,6
|
5
|
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл авсан хүний тоо
|
Мян.хүн
|
17,4
|
24,9
|
42,4
|
6
|
Ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд хамрагдсан хүний тоо
|
Мян.хүн
|
18,0
|
37,6
|
55,6
|
7
|
Нийтийг хамарсан ажилд оролцуулж түр ажлын байраар хангасан хүний тоо
|
Мян.хүн
|
41,7
|
55,2
|
96,9
|
8
|
Ажилгүйдлийн түвшин
|
Хувиар
|
4,7
|
4,5
|
-
|
9
|
Бодит ажилгүйдлийн түвшин
|
Хувиар
|
7,8
|
7,0
|
-
|
----оОо----
Текст томруулах
A
A
A