A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 105 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ЦАГААН  ХУВЬСГАЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Сүү, цагаан идээний үйлдвэрлэл,  хангамжийн өнөөгийн түвшин
Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо өсч байгаагийн хэрээр сүү, цагаан идээ бэлтгэх боломж нөөц нэмэгдэж байна. Мал хувийн өмчид шилжиж эдийн засгийн чөлөөт зах зээлийн орчин бий болсноор малчид, мал бүхий иргэд малынхаа саалийг ашиглаж сүү, цагаан идээгээ борлуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдэж эхэллээ.
Үндэсний уламжлалт технологиор бэлтгэсэн цагаан идээний зах зээл бий болон өргөжиж байгаа боловч орон нутагт саавал зохих малыг саалинд бүрэн хамруулж чадахгүй байгаагаас сүүний их нөөц алдаж байна. Сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах,  борлуулах ажил урсгал байдалтай байна.
Саалийн механикжсан фермүүд задарч сүүг жилийн турш бэлтгэн нийлүүлэх технологи алдагдаж, сүүний үүлдрийн үхрийн тоо, ашиг шим буурснаас аймаг, нийслэл, төв суурин газрын хүн амын сүүний хангамжид бэрхшээл учирч байна.
Байгаа нөөцийг зохистой ашиглан сүү, цагаан  идээгээр хүн амыг хангах талаар төр, засгийн чиглэсэн зорилготой бодлого, зохицуулалт шаардагдаж   байна.
2.Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага
Хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хангамж нэмэгдэж, мал сүргийн өсөлт тогтворжиж байгаад тулгуурлан малын сүүний ашиглалтыг сайжруулан, боловсруулалтын түвшинг дээшлүүлж сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлээр төр, засгаас явуулах бодлогыг тодорхойлох;
Хүнсний тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн хүн амыг хүнсний аюулгүй бүтээгдэхүүнээр хангах, хоол, хүнсний бүтцэд сүү, цагаан идээний эзлэх хувийн жинг нэмэгдүүлж, улмаар физиологийн хэрэгцээг амин дэм, бичил мах бодиор баялаг хоол хүнсээр хангах зорилтыг хэрэгжүүлэхэд оршино.
 
Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.Хөтөлбөрийн зорилго
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дотоод нөөц бололцоог дайчлан ашиглаж, сүү, цагаан идээний үйлдвэрлэл эрхэлж ирсэн уламжлалыг сэргээх, боловсруулах жижиг үйлдвэрийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тогтолцоо бүрдүүлэх замаар хүн амын сүү, цагаан идээний хангамжийг сайжруулах, малчид, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэн орон нутагт ажлын байр шинээр буй болгоход хөтөлбөрийн зорилго оршино.
4.Хөтөлбөрийн зорилт
Нэгдүгээр зорилт-бэлчээрийн мал аж ахуй дахь сүүний нөөцөд тулгуурлан уламжлалт цагаан идээ, хатаасан болон өтгөрүүлсэн сүү, зарим төрлийн хатуу бяслаг, уургийн бэлдмэл зэрэг удаан хадгалагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цөцгийн тос үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрийг орон нутагт хөгжүүлж, төвлөрсөн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх орчинг бүрдүүлэх;
Хоёрдугаар зорилт-нийслэл, аймгийн төв, бусад суурин газрын ойролцоо сүү үйлдвэрлэлийн эрчимжсэн аж ахуйг сэргээх, шинээр байгуулан хөгжүүлэх, сүү, цагаан идээ үйлдвэрлэлийн чиглэлээр дагнасан хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллуулж хүн амын сүү, цагаан идээний хангамжийг дээшлүүлэх;
Гуравдугаар зорилт-сүү, цагаан идээ үйлдвэрлэх чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийг нийслэл, бусад суурин газарт байгуулан хөгжүүлэх, сүүний нэмэгдэл уураг, казейн, казейнатууд, гүүний хатаасан сүү, уургийн бэлдмэл зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийг бүрдүүлэх.
 
Гурав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, шийдвэрлэх асуудал
5.Нэгдүгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
а/аймгийн төв, сум болон бусад суурин газрын ажил эрхлээгүй, эсхүл цөөн малтай иргэдээр ажиллах хүч дутагдалтай айл өрхийн малыг саалгах ажлыг нутгийн захиргааны байгууллагын зүгээс зохион байгуулж саалинд хамрагдах малын тоог нэмэгдүүлэх;
б/сүү, цагаан идээг зах зээлд тогтвортой нийлүүлж байгаа иргэдийг урамшуулж, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих;
в/мал бүхий иргэд, аж ахуйн нэгж хоршиж сүү, цагаан идээ үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах ажлыг хамтран гүйцэтгэхийг бүх шатны нутгийн захиргааны байгуулага дэмжиж ажиллах;
г/аж ахуйн нэгж, хувь хүн цөцгийн тосны үйлдвэрлэл эрхлэж байсан үйлдвэрлэлийн барилга, тоног төхөөрөмжийг сэргээн засварлаж ашиглах, зарим тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих;
д/сүү, цагаан идээ боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн ажилчин, мэргэжилтэн бэлтгэн ажиллуулах замаар цөцгийн тос, цагаан идээний үйлдвэрлэлийг сэргээх, шинээр бий болгох;
е/өрх айл, фермерийн аж ахуйд цөцгийн тос, цагаан идээний үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах сав суулга, баглаа боодол, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх болон импортоор олж нийлүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулж дэмжих;
ж/сумдад нүүдлийн, бага оврын төхөөрөмж ашиглан өтгөрүүлсэн болон хуурай сүү үйлдвэрлэх ажлыг зохион байгуулах;
з/гүү, ингэний болон сарлаг, бог малын сүү боловсруулах төрөлжсөн үйлдвэр, сувиллын газар байгуулж ажиллуулах бизнес төсөл шалгаруулж хэрэгжүүлэх;
и/сүү, цагаан идээ судлалын чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг оновчтой хорших, тэдгээрийн судалгаа, туршилтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
к/алслагдсан нутагт бэлтгэсэн цагаан идээг зах зээлд нийлүүлэх уян хатан тогтолцоог иргэд, өрх, хот айл-сум, аймгийн худалдааны аж ахуй-төв, суурин газрын зах, дэлгүүр-хэрэглэгч гэсэн хэлбэрээр шатлан зохион байгуулж хэрэгжүүлэх;
л/бүтээгдэхүүний чанарыг хамгаалах зориулалт бүхий мөсөн болон зохиомол хөргөлттэй зоориор хангах үйл ажиллагааг дэмжих.
6.Хоёрдугаар зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
а/аймаг, нийслэл, томоохон төв суурингийн ойролцоо нутагт сүүний эрчимжсэн аж ахуй эрхлэх зориулалттай бүс нутгийн хил заагийг тогтоож, саалийн чиглэлийн фермерийн аж ахуй, фермер дундын хоршоонд хадлан, бэлчээр, тариалангийн эдэлбэр газрыг эзэмшүүлэх;
б/үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа өрхийн аж ахуйд тэргүүн ээлжинд аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх дэмжлэг үзүүлэх;
в/гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг ашиглах замаар аймаг, нийслэл, томоохон төв суурингийн ойролцоо сүүний чиглэлийн үүлдрийн 25-50 үнээтэй саалийн фермерийн аж ахуйг  шинээр байгуулах чиглэл баримтлан төсөл шалгаруулан  хэрэгжүүлэх;
г/саалийн фермерийн аж ахуйд хар тарлан, алатау, шар тарлан зэрэг сүүний үүлдрийн үхэр үржүүлж нэг үнээнээс жилд 2500-гаас доошгүй литр сүү ашиглах  сонирхлыг татварын бодлогоор дэмжих асуудлыг боловсруулж Улсын Их Хуралд оруулах;
д/шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж сүүний үйлдвэрлэлийг жилийн турш жигд явуулах нөхцөлийг бий болгох;
е/сум, аймгийн төвийн айл өрх сүүний үүлдрийн ямаа үржүүлэхийг дэмжих;
ж/хот орчмын фермерийн аж ахуй дундын хөргөлтийн цэгүүдийг сэргээн ажиллуулах, шинээр байгуулах;
з/аймаг, нийслэл, томоохон төв сууринд сүү, цагаан идээ худалдаалах төрөлжсөн зах, дэлгүүр, үйлчилгээний цэг, цагаан хоолны гуанз ажиллуулах;
и/сүүний үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулахын зэрэгцээ жижиг, дунд оврын үйлдвэр, цехүүд байгуулахыг дэмжих;
к/фермерийн аж ахуйд сүүг ариутгах, хатаах, анхан шатны боловсруулалт хийх, бяслаг, цөцгий үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх замаар олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих.
7.Гуравдугаар зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
а/аймаг, нийслэл, томоохон төв суурин газруудад ажиллаж байгаад ашиглалтгүй болсон сүү боловсруулах үйлдвэр, цехийг сэргээх, тэдгээрт шинэ технологи нэвтрүүлэхэд туслах;
б/аймаг, нийслэл, томоохон төв суурин газруудад одоо ажиллаж байгаа сүү боловсруулах жижиг үйлдвэрийн үйл ажиллагааг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжиж, сургалт-үйлдвэрлэлийн загвар үйлдвэр болгон ажиллуулах, цаашид жижиг үйлдвэр байгуулах чиглэл баримтлах;
в/өтгөрүүлсэн болон хатаасан сүү, нэгдсэн уураг, төрөл бүрийн казейнат үйлдвэрлэн экспортод гаргах боломжийг бүрдүүлэх;
г/хүүхдийн сүүн тэжээл, сувиллын бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
д/томоохон төв суурин газрын хүнсний үйлдвэрлэлийн баазад тулгуурлан зарим төрлийн зөөлөн бяслаг, бага тослогтой цөцгийн тос, ариутгасан сүү, удаан хадгалагдах тараг, аарц, зөөхий үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх;
е/үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар орон нутагт сүү боловсруулах шинэ технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
ж/сүүний үйлдвэрлэлийн томоохон аж ахуйд сүүг ариутгах, хэсэглэн савлах технологи нэвтрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
з/импортын болон дотоодын зах зээлд борлуулж байгаа сүү, цөцгийн тос, цагаан идээ, тэдгээрийг орлох бүтээгдэхүүнд тавих чанар, эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг хүчтэй болгох.
 
Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг
8.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам гүйцэтгэнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны гүйцэтгэх үүрэг нь:
а/энэ хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлыг Засгийн газрын бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан зохицуулж, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах;
б/сүүний эрчимжсэн аж ахуй эрхэлдэг фермерүүдэд төлбөр, албан татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх;
в/сүү, цөцгийн тос, цагаан идээ бэлтгэх зорилгоор фермерийн аж ахуй эрхлэх, жижиг, дунд үйлдвэрийг сэргээж шинэчлэх, шинээр байгуулахад чиглэсэн бизнес төслүүдийг шалгаруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх;
г/аймаг, нийслэл, томоохон төв, суурин газарт сүү, цагаан идээ, цөцгийн тосны загвар үйлдвэрүүд бий болгож сургалт, сурталчилгааны түшиц болгон ажиллуулахад зээл, хөрөнгө оруулалт, мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
д/хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдох зарим арга хэмжээг олон улсын төсөл, зээл, тусламжид хамруулах ажлыг зохион байгуулах.
9.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөө аж ахуйн хэрэгжүүлэгч агентлагийн гүйцэтгэх үүрэг:
а/хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны төсөл боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран хөрөнгийн эх үүсвэр олж хэрэгжүүлэх;
б/сүү, цагаан идээ үйлдвэрлэгчдийг мэдээллийн сүлжээнд хамруулах, сүү, цагаан идээ үйлдвэрлэлийн мэдээг орон нутгаас авч нэгтгэн дүгнэх, холбогдох байгууллага, хэрэглэгчдэд мэдээлэх;
в/үржлийн сайн чанарын хээлтэгч, хээлтүүлэгч малтай болох, гүн хөлдөөсөн үр, хөврөл үр ашиглах зэрэг биотехнологийн арга нэвтрүүлэхэд фермерүүдэд удирдлага, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх;
г/сүүний эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн мал сүргийг бруцеллёз, лейкоз, сүрьеэ зэрэг зооантропонози өвчнөөс эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.
10.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын гүйцэтгэх үүрэг:
а/²Цагаан хувьсгал² дэд хөтөлбөрийг орон нутгийнхаа онцлогтой уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
б/аймаг, нийслэл, томоохон төв суурин газрын хүн амын сүү, цагаан идээний хангамжийг сайжруулахад саалийн эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх зориулалт бүхий бүс нутгийн хил заагийг тогтоох;
в/²Цагаан хувьсгал² хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдох зардлыг төлөвлөж санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
г/малыг саалинд хамруулах ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлж, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулахтай уялдуулан зохион байгуулж хэрэгжүүлэх;
д/сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулахад иргэдийг сургах, энэ ажилд гарч байгаа арга барил, ололтыг дэмжин сурталчилах чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;
е/сүү, цагаан идээний өдөрлөг, үзэсгэлэн худалдаа, цагаан хоолны өдөрлөг зэргийг зохион байгуулж, олон нийтийг өргөн хамруулж байх.
11.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн гүйцэтгэх үүрэг:
а/сүүний чиглэлийн фермерийн аж ахуй хөгжүүлэх, нутгийн шилмэл малыг саалийн чиглэлээр шилж сонгон үржүүлэх;
б/сүүний чиглэлийн фермерийн аж ахуй, сүү, цагаан идээний үйлдвэрлэл, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх;
в/сүү, цагаан идээний чиглэлээр жижиг, дунд үйлдвэр байгуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хөргөлтийн аж ахуй байгуулах замаар сүүн бүтээгдэхүүний хэмжээг тогтвортой нэмэгдүүлэх;
г/сүү, цагаан идээ борлуулах зах, дэлгүүр, цагаан хоолны төрөлжсөн үйлчилгээний цэг, гуанз байгуулах, сүү, цагаан идээний ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх.
12.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн бус байгууллагын гүйцэтгэх үүрэг:
а/сүү, цагаан идээ үйлдвэрлэгчдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгааллыг сайжруулах, ажил, үйлчилгээний норм, норматив тогтооход Засгийн газрын байгууллагуудтай хамтран ажиллах;
б/зах зээлийн шаардлага, эрэлт хэрэгцээг үндэслэн шинэ техник, дэвшилт технологи нэвтрүүлэхэд гадаад, дотоодын сонирхогч этгээдийг холбож, зуучлан туслах;
в/бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанарыг урамшуулах, ажил, мэргэжлийн уралдаан өрнүүлэх, зар сурталчилгаа хийх, үзэсгэлэн, яармаг худалдаа, сургалт, семинар зохион байгуулах ажлыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран хийх;
г/сүү, сүүн бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах асуудлыг холбогдох байгууллагад мэдээлэх.
 
Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
13.Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл ажиллана.
14.Үндэсний зөвлөл нь өөрийн дүрэмтэй байна. Дүрмийг Үндэсний зөвлөлийн хурлаар баталж мөрдөнө.
15.Үндэсний зөвлөл нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/хөтөлбөрийн биелэлтийг хангах жил жилийн нэгдсэн төлөвлөгөө гарган удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих, үр дүнг тооцох;
б/аймаг, нийслэлийн Засаг дарга нарын байгуулсан салбар зөвлөлүүдийг чиглэл, удирдамжаар хангах.
16.Хөтөлбөрийн хэрэгжилтийг Орон нутгийн зөвлөл нь жил бүрийн 1 дүгээр сард Үндэсний зөвлөлд, Үндэсний зөвлөл нь жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт тус тус тайлагнаж байна.
 
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
17.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн дийлэнх нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллага, иргэдийн хувийн хөрөнгө байна
18.Туршилтын болон загвар фермерийн аж ахуй, боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулах, сэргээх, дэвшилттэй шинэ технологи нэвтрүүлэх зэрэг зарим арга хэмжээнд санхүүгийн дараахь эх үүсвэрийг ашиглана:
а/иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;
б/ хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
в/ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
г/ ядуурлыг бууруулах сан;
д/ "Улаанбаатар" сан;
е/ ажлын байр нэмэгдүүлэх төсөл;
ж/ төрийн бус байгууллагын хандив, тусламж.
 
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат, шалгуур
19.Энэхүү  хөтөлбөрийг  1999-2004  оныг   дуустал 6 жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжүүлнэ. Үе шат бүрт хийх ажил, хүрэх түвшинг дор дурдсан шалгуураар дүгнэнэ:
Нэгдүгээр үе шат:  1999-2000 оныг хамарна. Энэ үе шатанд:
а/орон нутагт малын сүүний нөөцийг бүрэн ашиглах хөдөлгөөн өрнүүлж, уламжлалт цагаан идээний үйлдвэрлэл эрчимтэй сэргэн хөгжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, үйл ажиллагааг эхлүүлнэ;
б/нийслэл, томоохон хотуудын ойролцоо сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй хөгжих үндэс болсон бүс нутгийн хил заагийг тогтоох эхлэл тавигдана;
в/сүүний эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд бэлчээр, хадлангийн газрыг эзэмшүүлэх ажлыг эхэлнэ. Одоо хэлбэршиж байгаа фермерүүдийг дэмжих замаар зохистой хэмжээ, бүтэц бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэхийн хамт өрхийн аж ахуйнуудыг фермерийн хэмжээнд хүргэх бэлтгэлийг хангана;
г/төрөл бүрийн малын сүү боловсруулах, савлах загвар үйлдвэр, цехийг Улаанбаатар хот болон зарим аймаг, сумын төвд байгуулж эхэлнэ;
д/хөтөлбөрийн хүрээнд дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх төслийн баримт бичгүүдийг боловсруулж шийдвэрлүүлэхийн зэрэгцээ санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдсэн төслийг хэрэгжүүлж эхлэнэ;
е/хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шинжлэх ухаан, техникийн зарим төсөл захиалж судалгааны ажил эхэлнэ.
Хоёрдугаар үе шат:  2001-2004 оныг хамарна. Энэ үе шатанд:
а/бэлчээрийн мал аж ахуйгаас бэлтгэх уламжлалт цагаан идээний үйлдвэрлэл нэмэгдэж, экологийн цэвэр, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ;
б/сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ техник, технологийг нутагшуулах, цагаан идээ боловсруулах хялбар хийцийн тоног төхөөрөмж дотооддоо үйлдвэрлэх эхлэл тавигдана;
в/сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг татвар, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх баримт бичгийн төслүүд боловсрогдож батлагдсан байна;
г/саалийн эрчимжсэн фермерийн аж ахуйнууд төлөвшин хөгжихийн хамт механикжилт, цахилгаанжилтын түвшин дээшилж жилийн турш сүү бэлтгэх нөхцөл бүрдэнэ;
д/хадлан, тэжээл бэлтгэх, тариалан эрхлэх, сүү, цагаан идээ боловсруулах, худалдан борлуулах чиглэлээр фермер дундын хоршоог дэмжиж хөгжүүлнэ;
е/сүү боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулж хатаасан болон өтгөрүүлсэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ;
ж/сүү, цагаан идээний чанар, эрүүл ахуй, ариун цэвэрт хяналт тавих эрүүл ахуйн хяналтын нэгдсэн сүлжээ бий болно;
з/малыг бруцеллёз, лейкоз, сүрьеэ өвчнөөс эрүүлжүүлэх, урьчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжинэ;
и/хатаасан болон өтгөрүүлсэн сүүгээр дотоодын хэрэгцээг  бүрэн хангаж, казейнат, гүүний саам, үнээний тослоггүй хатаамал сүү зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж бүрдүүлнэ.
 
Найм.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
20.Ойрын жилүүдэд гарах шууд үр дүн:
а/малыг саалинд хамааруулах хүрээ өргөжиж, сүү бэлтгэлийн хэмжээ нэмэгдэнэ;
б/хот суурингийн ойролцоо бүсэд сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйн суурь тавигдаж цаашдын хөгжлийн гараа бий болно;
в/сүү, цагаан идээний боловсруулалт, борлуулалтын түвшин дээшилж, хүн амын хүнсний хангамжид ахиц гарна;
г/хот, хөдөөд сүү, цагаан идээ боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд буй болно;
д/хүн амыг хүнсний аюулгүй сүү, цагаан идээгээр хангах, эрүүл ахуй, ариун цэврийн хяналт сайжирна.
21.Шууд бус үр дүн:
а/төв, орон нутагт ажлын байр нэмэгдэж хүн амын ядуурлын түвшинг бууруулахад нөлөө үзүүлнэ;
б/хүн амын, ялангуяа малчдын мөнгөн орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц болно;
в/хоол хүнсний бүтцэд сүү, цагаан идээний эзлэх хувь нэмэгдсэнээр хүн амын эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлнэ.
-----оОо-----