- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ 2015 ОН ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2002 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ 2015 ОН ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ 2015 ОН ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Оршил
Монгол орны уур амьсгал, усны нөөц, байгаль-цаг уурын тааламжтай нөхцөл, боломжийг аж ахуйг эрхлэн хөтлөхөд бүрэн дүүрэн ашиглах, байгаль-цаг уурын болзошгүй аюул гамшгаас хүний амь нас, эд хөрөнгийг сэрэмжлүүлэн хамгаалах, улмаар ХХI зууны улс орны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх явдал энэхүү хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн эрхэм зорилго мөн.
Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбар (цаашид "салбар" гэх)-ыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжих хугацааны стратегийн зорилго нь монгол орны уур амьсгал, усны нөөц, түүний хувьсан өөрчлөгдөх зүй тогтол, орчны бохирдолд байнгын хяналт-шинжилгээ хийх, цаг агаарын төлөв байдлыг урьдчилан тодорхойлох (прогнозлох), шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилд тулгуурлан агаар мандлын үзэгдэл явцад зориуд нөлөөлөх арга технологи нэвтрүүлэх ажлын үндэс суурийг бэхжүүлэх замаар үндэсний ус, цаг уурын албаны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд оршино.
Монгол орны эдийн засаг, нийгмийг ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний мэдээллээр ханган улс орны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, байгаль-цаг агаарын аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийн чанарыг дээшлүүлэх, салбарын хэмжээнд шинжлэх ухаан-технологийн дэвшлийг нэвтрүүлж, олон улсын хамтын нийгэмлэгээс тавьж байгаа шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх талаар төрөөс баримтлах урт, дунд хугацааны бодлого, чиглэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох нь энэ хөтөлбөрийн гол зорилт болж байна.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улам бүр хувиран өөрчлөгдөж байгаа байгаль орчин, уур амьсгал, усны нөөцийг нийгмийн хэрэгцээнд зүй зохистой ашиглах, хүний үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүний дотор орчны бохирдлыг бууруулах шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэх боломж бүрдэж, байгаль-цаг агаарын аюул, гамшгаас сэргийлэх мэдээллийн чанар эрс дээшлэн салбарын шинжлэх ухаан-технологийн хөгжил Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын гишүүн орнуудын дундаж түвшинд хүрэх болно.
Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл нь дараахь нөхцөл, байдлаас урган гарч байна:
1.1. Бэлчээрийн мал аж ахуй, усалгаагүй газар тариалан, уул уурхайн олборлох, боловсруулах, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрлэл зонхилсон Монгол Улсын эдийн засгийн хөгжил байгаль-цаг агаарын эрхшээлд оршсоор байна.
1.2. Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр дэлхийн уур амьсгал дулаарч байгаа өнөөгийн хандлага ХХI зуунд улам эрчимжиж, шинэ зууны дунд үе гэхэд монгол орны жилийн дундаж агаарын температур одоогийнхоос 1.8-2.8 хэмээр, үүнээс өвлийн саруудад 1.4-3.6 хэмээр дулаарах төлөвтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад ландшафт, хөрс, ургамлын бүтцэд өөрчлөлт гарч говь, хээрийн бүс хойд зүг рүү түрэх магадлал ихэсч байна.
1.3. Агаар мандлын үзэгдэл, явцтай холбоотой байгалийн гамшгийн улмаас улс оронд учирдаг хохирлын хэмжээ зарим жил дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувьд хүрдгийн дотор ган, зуд, байгалийн бусад аюулын улмаас хүний амь осолдох, олон сая толгой мал хорогдох явдал жил бүр нэмэгдэж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөн дор агаар мандлын гаралтай байгалийн аюул, гамшгийн давтагдал нэмэгдэх хандлагатай байгаагийн дээр өвөл бороо, зун цас орох, хэт халуун цаг агаар удаан хугацаагаар хадгалагдах гэх мэт урьд өмнө нь тэр бүр ажиглагддаггүй байсан үзэгдэл цөөнгүй тохиолдох боллоо. Уур амьсгалын өөрчлөлттэй уялдан ой, хээрийн түймэр гарах нөхцөл нэмэгдэж байна.
1.4. Ойн нөөцийн хомсдол, хөрс ургамлын бүрхэвчийн доройтолтой холбогдон усны үерийн үргэлжлэх хугацаа богиносч, эрч хүч нь нэмэгдэн, ул хөрсний усны тэжээл багасч байна.
1.5. Монгол Улсын ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээний багаж хэрэгсэл, шинжилгээний арга зүй, технологи дэлхий дахины хөгжлийн өнөөгийн түвшнээс хоцорч хэмжлийн нарийвчлал, чанар, хамрах хүрээгээрээ ДЦУБ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс тавьж байгаа жишиг шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байгаа бөгөөд газрын гадарга орчмын ажиглалтын цэгийн нягтшил нь дэлхийн стандартаас 3 хувь, аэрологийн хэмжлийн цэгийн нягтшил нь 10 хувиар сийрэг, газрын доорхи усны сүлжээ огт байхгүй байна.
1.6. Монгол орны уур амьсгал, гадаргын усны нөөцийг зах зээлийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагын хэмжээнд хүртэл судлан тогтоож чадаагүй, орчны бохирдол, төлөв байдлын өөрчлөлтийн судалгаа дөнгөж эхэлж байна.
1.7. Монгол орны байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл, хүн амын суурьшил, нийгэм эдийн засгийн хөгжлийн онцлогоос шалтгаалан Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн том хотуудаас ч давж, хүмүүсийн амьдрах орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.
1.8. Ус, цаг уурын байгууллагаас нийтийн хэрэгцээнд гаргаж байгаа цаг агаар, усны богино хугацаа (12-24 цаг)-ны урьдчилсан мэдээний чанар нэлээд өндөр үзүүлэлттэй байгаа боловч аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээний чанар 67-70 хувь, зуны хур тундасны урьдчилсан мэдээний чанар 75 хувь орчим байгаа нь улс, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрэлт хэрэгцээг төдийлэн хангаж чадахгүй байна.
Хоёр. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл
2.1. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний талаар төрөөс дараахь бодлого, чиглэлийг баримтална:
2.1.1. ус, цаг уур, орчны төлөв байдлын өөрчлөлтийн урьдчилсан болон горимын мэдээ, мэдээллээр улс орны нийгмийн хэрэгцээг хангаж, байгаль-цаг агаарын болзошгүй аюул гамшгаас сэргийлэх, учирч болох хохирлыг багасгах;
2.1.2. байгаль орчны хяналт-шинжилгээг улс орны эрх ашиг, эдийн засгийн үр өгөөжийг нь харгалзан улсын бүх нутаг дэвсгэрийг хамарсан нэгдсэн сүлжээтэй, мэдээлэл дамжуулах, боловсруулах орчин үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан үндэсний ус, цаг уур, орчны хяналт, мэдээллийн улсын сүлжээн дээр төвлөрүүлэн хийх;
2.1.3. агаар мандалд явагдах физик үзэгдэл, явц нь улс орны хил хязгаараас үл хамаарах шинж чанартай тул үндэсний ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний ажлыг ДЦУБ-аас тавьж байгаа шаардлагад нийцүүлэн шинжлэх ухаан-технологийн тэргүүний ололтод суурилан хөгжүүлэх.
2.2. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална:
2.2.1. ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээний тогтолцоог боловсронгуй болгох;
2.2.2. ус, цаг уур, орчны мэдээллийг гадаад, дотоодоос хүлээн авах, дамжуулах үйл ажиллагааг орчин үеийн техник, технологийн түвшинд хүргэх;
2.2.3. ус, цаг уур, орчны мэдээлэл боловсруулах технологийг бүрэн автоматжуулах;
2.2.4. төр засаг, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг ус, цаг уур, орчны үнэн зөв мэдээллээр хангах тогтолцоог бэхжүүлэх, түүний дотор байгаль-цаг агаарын болзошгүй аюул, гамшиг, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлэх;
2.2.5. ус, цаг уурын шинжлэх ухааныг хөгжүүлж шинэ, дэвшилтэт арга, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөгжүүлэх;
2.2.6. салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, төв, орон нутгийн байгууллагууд, сүлжээний нэгжүүдийг боловсон хүчнээр хангах асуудлыг шат дараатай шийдвэрлэх.
2.3. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээний тогтолцоог боловсронгуй болгох бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална:
2.3.1. ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээг ажиллуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
2.3.2. агаар, гадаргын болон газрын гүний ус, хөрс, ургамал, цэвдэгт, шим мандал гэх мэт уур амьсгалын системийн бүрдэл хэсгүүдийн хувьсал, өөрчлөлтөд хийх хяналт-шинжилгээг ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээн дээр төвлөрүүлэн хийх;
2.3.3.хяналт-шинжилгээний улсын сүлжээг автоматжуулах, зайнаас тандан судлах, газар-агаар-сансрын гурван түвшний судалгаа хийх чиглэлээр аль болох бага зардлаар бодит, найдвартай үнэн зөв, өндөр нарийвчлалтай мэдээллийг шуурхай хэрэглэх зорилтыг хэрэгжүүлэх;
2.3.4. хяналт-шинжилгээний улсын сүлжээний нэгжийн ажлыг суурин ба хайгуул, туршилт судалгааны аргаар орчны төлөв байдал, өөрчлөлтийг үнэлэх чадвартай байхаар зохион байгуулах;
2.3.5. шинэ, дэвшилтэт арга технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
2.4 Мэдээлэл дамжуулах, хүлээн авах тогтолцоог боловсронгуй болгох бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална:
2.4.1. ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний шуурхай мэдээллийг өртөө, харуулаас мэдээлэл боловсруулах үндэсний төв болон аймгийн төвд шууд хүлээн авч шуурхай боловсруулан гадаад, дотоодын солилцоонд оруулах;
2.4.2. Монгол Улс өөртөө хэрэгцээтэй ус, цаг уур, орчны болон цөмийн осол, сүйрэл, газар хөдлөлийн тухай зэрэг мэдээллийг ДЦУБ-ын харилцаа холбооны сүлжээний төрөлжсөн болон харьяалах бүсийн төвүүдээс шуурхай хүлээн авах, өөрийн орны мэдээллийг тэдгээр төвүүдэд тухай бүр нь гаргах холбоо, мэдээллийн сүлжээний технологийг боловсронгуй болгох.
2.5. Мэдээлэл боловсруулах тогтолцоог боловсронгуй болгох бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална:
2.5.1. ус, цаг уур, орчны мэдээлэл боловсруулалтад өндөр хүчин чадалтай орчин үеийн тооцоолох техник ашиглах, мэдээллийг сүлжээгээр дамжуулах, ус, цаг уур, орчны бүх мэдээллийн санг цахим хадгалуурт шилжүүлэх;
2.5.2. төр засаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний мэдээллийн төв сан (банк)-гаас шаардлагатай мэдээллээ шуурхай авах боломжийг бүрдүүлэх.
2.6. Ус, цаг уур, орчны мэдээлэл хангалтын тогтолцоог боловсронгуй болгох бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална:
2.6.1. уур амьсгал, цаг агаар, усны нөөц, горимын өөрчлөлт, орчны бохирдлын дүн шинжилгээ, урьдчилсан мэдээний чанарын түвшинг дэлхий дахины жишигт хүргэх;
2.6.2. төр засгийн удирдах дээд байгууллагын шийдвэр гаргахад зориулсан мэдээлэл болон нийтийг хамарсан байгаль-цаг агаарын аюул, гамшиг, иргэдийн нийтийн хэрэгцээнд зориулсан мэдээллээс бусад төрлийн ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тусгай хэрэгцээний мэдээллээр аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээг хангах ажлыг зах зээлийн харилцаанд нийцүүлэн төлбөртэй үйлчилгээ хийх зарчимд аажмаар шилжих;
2.6.3. ус, цаг уур, орчны төлөв байдлын мэдээллээр хэрэглэгчдийг хангах ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
2.6.4. радио, телевиз, сонин сэтгүүл, нийтийн мэдээллийн хэрэгслээр ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний мэдээллийг иргэдэд хүргэхэд тасралтгүй ажиллагаатай холбооны хэрэгсэл ашиглах, байгалийн аюул, гамшгийн мэдээллийг улсын иргэний хамгаалалтын шугамаар дамжуулах тогтолцоог боловсронгуй болгох.
2.7. Салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, төв, орон нутгийн байгууллагууд, сүлжээний нэгжүүдийг боловсон хүчнээр хангах бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална:
2.7.1. салбарын мэргэжлийн боловсон хүчний чадавхи, мэргэжлийн түвшинг Дэлхийн цаг уурын байгууллагын ангилал, стандартад хүргэх;
2.7.2. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургууль, коллежүүдийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгож, олон улсын шаардлагад нийцүүлэх;
2.7.3. мэргэжлийн болон удирдах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах зохистой системийг боловсруулж мөрдөн ажиллах;
2.7.4. боловсон хүчний тогтвор суурьшил, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, ижил төстэй бусад салбарын түвшингээс бууруулахгүй байх зарчим баримтлах.
Гурав. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
3.1. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний сүлжээний байршил, нягтшлыг үндэсний хөгжлийн үзэл баримтлал, ДЦУБ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тавьж буй стандарт шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хэмжлийн нэгдмэл байдал, нарийвчлалыг хангах, үйл ажиллагааг нь автоматжуулах чиглэлээр дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.1.1. цаг уурын харуулын тоог цаашид олшруулахгүйгээр хөтөлбөрийг өргөтгөж цаг уурын өртөө болгон зохион байгуулах замаар нэг өртөөнд хамрагдах газар нутгийн хэмжээг багасгаж уулархаг нутагт 100-150 ам.дөрвөлжин км, тал хээрийн говийн бүсэд 200-250 ам.дөрвөлжин км болгоно;
3.1.2. агаарын дээд давхаргыг радио зондын аргаар судлах аэрологийн ажиглалтын тогтолцоог бэхжүүлж, өртөөнүүдийн тоног төхөөрөмжийг 2004 онд багтаан бүрэн шинэчилж, цаашид нэг аэрологийн өртөөнд хамрагдах газар нутгийн хэмжээг багасгах зорилт тавин ажиллана;
3.1.3. нам өндрийн салхины орон, хур тунадасны тархалтыг тодорхойлох боломжтой цаг уурын радарын ажиглалтын сүлжээ байгуулах ажлын суурийг тавина;
3.1.4. хот суурин газрыг үерээс хамгаалах зорилгоор Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс, Сэлэнгэ мөрөн, Орхон, Туул, Хэрлэн голын савд тунадас хэмжигч автомат багаж төхөөрөмж байрлуулж ажиллуулах ажлыг 2003 оноос хэрэгжүүлж эхэлнэ;
3.1.5. гол мөрөн, нуурын усны ажиглалтын харуулын тоог 2004 онд 150, 2010 онд 200 болгон өргөтгөж, газрын доорхи усны судалгааг 2010 он хүртэлх хугацаанд 60 газарт 200 хүртэл цооногт хийдэг болгож өргөжүүлнэ;
3.1.6. цаг уур, ус судлалын өртөө, харуулуудын хяналт-шинжилгээний хөтөлбөрийг гүнзгийрүүлэн байгаль орчинд гарч байгаа хувирал өөрчлөлтийг судлан тогтооход чиглэсэн ажлыг өргөтгөнө. Мөн газрын гүний ус, мөнх цэвдэг, мөнх цас, мөс болон таримал ба бэлчээрийн ургамал, ойн өвчин, хортон, хөрсний элэгдэл эвдрэл, цөлжилт, хөрсний шим бодисын өөрчлөлт гэх мэт амьд байгальд гарч буй хувьсал өөрчлөлтийн хяналт-шинжилгээг хийнэ. 2004 он, 2005-2010 он, 2010-2015 онд тус бүр нэг мөстөл судлалын өртөө шинээр байгуулна;
3.1.7. ус судлалын хяналт-шинжилгээг усны биологи, усны химийн судалгаатай хослуулан өргөжүүлнэ;
3.1.8. дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар, байгалийн нөөц газар нутагт биогеоценозийн өртөөг 2004 оноос эхлэн байгуулж, 2010 онд 10-аас доошгүй судалгааны цэг буй болгох ба хүнс тэжээл, мал, амьтан, ургамалд хүнд металл, цацраг идэвхт изотоп, ДДТ болон бусад хорт бодисын судалгааг хийж эхэлнэ;
3.1.9. иргэний агаарын тээврийн болон цэргийн зориулалттай нисэх онгоц, нисдэг тэргэнд цаг уурын ажиглалтын автомат төхөөрөмж суурилуулан хэмжилтийн үр дүнг хиймэл дагуулаар дамжуулан цаг уурын үндэсний холбооны төвд хүлээн авах, нислэгийн аюулгүй байдлыг хангахад ашиглах, өндөр уулын ян сарьдаг, мөстөл, мөсөн голд цаг уурын автомат өртөө байгуулах замаар ус, цаг уурын элементийн тухай эх мэдээллийн хэмжээг нэмэгдүүлнэ;
3.1.10. салхи, температурын өндрөөс өөрчлөгдөх байдлыг тодорхойлох тоног төхөөрөмж суурилуулан нислэгийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж эхэлнэ;
3.1.11. ургамал, газар зүйн бүс бүслүүрээр хөрсний чийгшил тодорхойлох шинэ аргыг газар тариалангийн бүс нутгаас эхлэн нэвтрүүлнэ;
3.1.12. нарны хэт ягаан туяа, газар орчмын болон давхраат мандлын озон, агаар мандлын цахилгаан орон, агаарын булингаршил, хүлэмжийн хийн судалгааны цэгийг байгуулж дэлхий дахины сүлжээнд оруулна;
3.1.13. Хур тунадас, үер, цаг агаарын онцгой сонин болон аюултай, гамшигт үзэгдлийн ажиглалт хийдэг сайн дурын ажиглагчтай харуулыг 2004 оноос эхлэн байгуулж эхэлнэ.
3.2. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, сэлбэг материал, багаж төхөөрөмжөөр хангах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.2.1. агаарын температур, салхи, чийгшил, цасны зузаан, нягт, хур тунадас, голын усны температур, урсгалын хурд, түвшин хэмжих автомат багажийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг 2004 оноос эхлэн зохион байгуулж агаарын чийгшил, агаар, ус, хөрсний температур, салхины зүг, хурдны хэмжилтийг автоматжуулна. Ус, цаг уурын бүх өртөөг 2015 онд багтаан автомат цаг уурын багажаар хангана;
3.2.2. гадаадаас өндөр үнээр авдаг радиозондын шаардлагатай эд ангийг худалдан авч дотооддоо радиозонд угсрах туршилтын ажлыг 2004 оноос эхлэн хийнэ;
3.2.3. ус, цаг уур, орчны шинжилгээнд ашигладаг зарим тоног төхөөрөмжийг дотооддоо бөөнөөр үйлдвэрлэх ажлыг 2003 оноос зохион байгуулж, Цаг уурын багаж үйлдвэрлэл-зохион бүтээх товчоог төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлбэрээр, Хэмжлийн нэгдмэл байдалд хяналт тавих лабораторийг газрын бүтцэд ажиллахаар зохион байгуулна.
3.3. Мэдээлэл хүлээн авах, дамжуулах тогтолцоог боловсронгуй болгох талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.3.1. ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний мэдээллийг ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний сүлжээний нэгжүүдээс үндэсний төвд хүлээн авах хугацааг богиносгох арга хэмжээг тухайн нэгжийн ажиглалтын хөтөлбөр, зэрэглэл, мөн Монгол Улсын харилцаа холбооны салбарын технологийн шинэчлэлттэй нягт уялдуулан хийж ажиглалт, хэмжилт хийснээс хойш 5-15 (Н+5-15) минутын дотор төвд хүлээн авч 20 (Н+20) минутын дотор ДЦУБ-ын бүсийн төвүүдэд гаргах техник зохион байгуулалтын арга хэмжээ авна;
3.3.2. цаг агаарын аюултай үзэгдэл, үер, орчны бохирдол, цацраг идэвхжил, газар хөдлөл, ой, хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчлөл гарсан, ургамлын өвчин, хортон тархсан, химийн хорт бодис алдагдсан тухай мэдээ ("Аюул")-г ус, цаг уурын харилцаа холбооны сүлжээгээр дамжуулах ажлыг шуурхай зохион байгуулна;
3.3.3. ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний өртөө, харуулд хийсэн хэмжилтийн үр дүнг компьютерээс холбооны сувгаар дамжуулан үндэсний төвд хүлээн авах технологийг 2008-2010 оноос ашиглаж эхэлнэ;
3.3.4. ус, цаг уурын холбооны үндэсний төв, аймгийн төвүүдийн хооронд өндөр хурдаар мэдээлэл солилилцох технологи (VSAT систем, ТСР/IP протокол)-д шилжих ажлыг 2003-2005 оноос хэрэгжүүлснээр дэлхийн хиймэл дагуулын болон цаг уурын радарын тоон мэдээлэл, цаг агаарын зураг, гадаад, дотоодын мэдээлэл боловсруулах төвүүдэд хийсэн тоон анализ, прогнозын үр дүнг орон нутагт ашиглах боломжийг дээшлүүлнэ;
3.3.5. цаг уурын холбооны үндэсний төв, ДЦУБ-ын харилцаа холбооны бүсийн төв, мэдээлэл боловсруулах газар зүйн болон төрөлжсөн мэдээллийн төвүүдийн хооронд ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний мэдээлэл, түүний дотор цөмийн осол сүйрэл, экологийн аюул, газар хөдлөлийн мэдээг 32-64 мянган бит/с хурдтай ТСP/IP протоколоор солилцох боломжийг 2005-2010 оны хооронд бүрдүүлнэ.
3.4. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний мэдээлэл боловсруулах тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.4.1. Шуурхай мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг боловсронгуй болгох талаар:
3.4.1.1. ус, цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, орчны бохирдлын анхдагч мэдээллийг таних, шалгах, хуваарилах, боловсруулсан мэдээллийг хадгалах шуурхай мэдээллийн сан (банк), уг сантай харьцан ажиллах хөдөө аж ахуйн цаг уур, орчны бохирдол, цаг агаарын мэдээлэл-прогноз, усны мэдээлэл прогнозын дэд сангуудыг өндөр хүчин чадалтай төв машин, түүнтэй хослон ажиллах компьютер, тусгай зориулалтын өндөр хүчин чадалтай компьютерийн сүлжээн дээр байгуулна. Үүний үр дүнд шуурхай мэдээллийн төв сангаас аймгийн төв, орон нутгийн ус, цаг уурын байгууллага, төр, засгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хэрэгцээт мэдээллээ шууд авах боломжийг хангана;
3.4.1.2. дэлхийн хиймэл дагуул, цаг уурын радар, нисэх онгоцноос хийсэн цаг уурын хэмжилтийн мэдээ, ДЦУБ-ын мэдээллийн төвүүдээс авсан цаг агаарын бодит ба ирээдүйн төлөв байдлын мэдээлэл болон экологийн аюул, цацрагийн осол сүйрэл, газар хөдлөлийн тухай мэдээллийг шуурхай мэдээллийн санд нэг сар хадгалагдахаар зохион байгуулна;
3.4.1.3. монгол орны болон бүс нутгийн тухайн улирлын доторхи уур амьсгал, гадаргын ус, орчны бохирдлын хяналт-шинжилгээ хийх, горимын мэдээллийн сан шуурхай мэдээллийн сангаас үүсгэж ашиглана.
3.4.2. Төв Азийн бүс, монгол орны нутаг дэвсгэр дээрх усны үер, цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээний чанарыг дээшлүүлэх талаар:
3.4.2.1. Төв Азийн бүс нутгийн хэмжээний нутаг дэвсгэр дээр газрын гадаргаас 16 км өндөр хүртэлх үе давхрагын цаг уурын элементийг бодит хугацаанд тодорхойлох тоон анализийн загвар боловсруулна;
3.4.2.2. цаг уурын үндсэн элемент (даралт, геопотенциал өндөр, температур, салхи, чийгшил)-ийг 6, 12, 18, 24, 30, 36, 42, 48, 54, 60 цагийн урьдчилалтай прогнозлох гидродинамик тоон загварыг 2004-2006 онд боловсруулж, цаашид торлосон алхмаас бага хэмжээст процесс, цацрагийн шилжилт тооцох хилийн үе давхрагын тоон загварт шилжих, торлосон алхмын хэмжээг 40-10 км хүртэл багасгах замаар түүний хэмжилтийн чанарыг сайжруулна;
3.4.2.3. цаг агаарын аюултай үзэгдэл: их бороо, цас, хүчтэй салхи, үер зэргийг 120-240 цаг (5-10 хоног) хүртэл хугацааны өмнөөс урьдчилан мэдээлэх гидродинамик-статистик арга боловсруулан нэвтрүүлж, дээрх үзэгдлийг урьдчилан мэдээлэх нутаг дэвсгэрийн нарийвчлалыг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүргэж, цаг хугацааны алдааг ± 1-3 цагаас бага болгоно;
3.4.2.4. тусгай зориулалт (төмөр зам, өндөр хүчдэлийн шугамын дагуу)-ын цаг агаарын урьдчилсан мэдээг богино хугацаанд өндөр нарийвчлалтай гаргадаг болно;
3.4.2.5. агаарын температур, хур тунадас, усны урсацыг улирлын дотор 10 хоногийн нарийвчлалтай, жилийн дотор сарын нарийвчлалтай урьдчилан мэдээлэх арга боловсруулах, мөн уур амьсгалын өөрчлөлтийн хандлагыг 3-10 жилийн нарийвчлалтай урьдчилан мэдээлнэ.
3.4.3 Хөдөө аж ахуйн цаг уурын мэдээлэл-прогнозын имитаци систем байгуулах талаар:
3.4.3.1. монгол орны таримал болон бэлчээрийн зонхилох ургамлын өсөлт, хөгжлийн үе шат, ургац, өндөр, нам, өтгөн, сийрэг, өвчин, хортонд нэрвэгдсэн байдал, хөрсний 1м хүртэлх гүний чийгшил, малын 10 хоног тутмын амьдын жин, хөрсний агрофизик, агро-химийн үзүүлэлтийн мэдээллийн төрөлжсөн сан байгуулан шуурхай мэдээллийн төв сан (банк)-тай холбоно;
3.4.3.2. бэлчээрийн болон үр тариа, төмс, хүнсний ногооны ургалтын үе шат, ургац, хөрсний чийгшил, малын амьдын жин, ашиг шим (сүү, ноосны гарц, төллөх малын жилбэ)-ийн динамик, ургамлын өвчин, хортны гэнэтийн тархалтыг 7 хоногоос эхлэн улирлын урьдчилалтай мэдээлэх тоон загварыг боловсронгуй болгох, шинээр боловсруулан мэдээллийн сангаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэнэ;
3.4.3.3. ой, хээрийн түймэр гарах цаг уурын нөхцөлийг тодорхойлж 10 хоног хүртэл хугацааны урьдчилалтай сумын нутгийн хэмжээний нарийвчлалтай мэдээлнэ;
3.4.3.4. тариа тарих, хураах, мал төллүүлэх, нийлүүлэгт оруулах, хадлан бэлтгэх, пестицид, гербицид хэрэглэх гэх мэт агротехникийн арга хэмжээ зэрэг хөдөө аж ахуйн цаг үеийн үйлдвэрлэл явуулах цаг хугацаа, арга технологи боловсруулахад шаардагдах урьдчилсан мэдээ, мэдээлэл, зөвлөмж боловсруулна.
3.4.4. Монгол орны гадаргын усны урьдчилсан мэдээ, мэдээллийн имитаци систем байгуулах талаар:
3.4.4.1. монгол орны гол, мөрөн, нуур, мөстөл, булаг, газрын доорхи усны мэдээгээр усны физик, хими, биологийн мэдээллийн сан байгуулан шуурхай мэдээллийн төв сан (банк)-тай холбоно;
3.4.4.2. томоохон голын хур борооны болон шар усны үерийн богино, дунд, урт хугацааны урьдчилсан мэдээний технологи боловсруулан шуурхай мэдээллийн сантай холбоно;
3.4.4.3. усны чанарын урьдчилсан мэдээ гаргаж эхэлнэ;
3.4.4.4. уруйн үерийн урьдчилсан мэдээний загвар боловсруулан нэвтрүүлнэ;
3.4.4.5. томоохон хотууд, эрдэс баялгийн орд бүхий газрын усны хангамжийг шийдвэрлэхэд тунадас, урсац-гүний усны холбоог ашиглан ашиглалтын зохистой горим тогтооно;
3.4.4.6. усны чанар, горимын судалгаанд гидробиологи, гидрохимийн судалгааг хослуулна;
3.4.4.7. усны мэдээлэл боловсруулах, хэрэглэгчдэд үйлчлэх ажилд ДЦУБ-аас гишүүн орнуудад санал болгож байгаа мэдээлэл боловсруулах ИНФОГИДРОГОМС систем ашиглана.
3.4.5 Орчны бохирдлын урьдчилсан мэдээ-мэдээллийн тогтолцоог бий болгох талаар:
3.4.5.1. агаар, хөрс, усны бохирдлын мэдээллийн санг байгуулан шуурхай мэдээллийн төв сан (банк)-тай холбоно;
3.4.5.2. агаар, ус, хөрсний бохирдлын эх үүсвэрийн улсын тооллогыг 3-5 жил тутамд явуулан дээрх санд оруулна;
3.4.5.3.хөрс, уур амьсгал, усны тэнцлийн элементүүдтэй бохирдлын түвшинг холбон судална;
3.4.5.4. бохирдлын үнэлгээ, урьдчилсан мэдээний загвар боловсруулах, агаарын бохирдлыг хэмжих загварыг хилийн үе давхрагын загвартай холбон, орчны бохирдлын түвшний урьдчилсан мэдээг 7 хоног хүртэл хугацаагаар өгөх ажлыг 2005 оноос эхэлнэ;
3.4.5.5. хил дамжсан агаарын бохирдол, агаар, ус, хөрсний бохирдлын экосистем, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, хүчиллэг тунадас, агаарын булингаршлын мэдээллийн сантай болно;
3.4.5.6. цөмийн осол, сүйрэл, химийн хорт бодисын тархалтын прогнозын загвар боловсруулах, Бээжин, Токио, Обнинск, Тулузээс цөмийн осол сүйрлийн үеийн радионуклеидийн тархалтын прогноз, өөрийн загвараар нарийвчилсан мэдээллээр төр, засгийн байгууллагад үйлчилнэ;
3.4.5.7. гүний усны бохирдлын үнэлгээ хийнэ.
3.4.6. Уур амьсгалын хяналт-шинжилгээний мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох талаар:
3.4.6.1. цаг уур, уур амьсгал, хөдөө аж ахуйн цаг уур, ус, орчны төлөв байдал, бохирдлын мэдээллийг автоматжуулсан аргаар боловсруулж, Ус, цаг уур, орчны мэдээллийн сангуудад электрон шуудангаар татан авч шалган архивлах, шинэ технологид шилжсэнээр цаасан мэдээлэл дээр хийх гар дамжсан шалгалтыг зогсоож, мэдээллийг бодит хугацаанд боловсруулах, хэрэглэгчдийг шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлнэ;
3.4.6.2. ус, цаг уур, орчны мэдээллийн чанарыг шалгах, хэрэглэгчдийг үйлчлэхэд газар зүйн мэдээллийн систем ашиглах ажлыг 2004 оноос эхэлнэ;
3.4.6.3. уур амьсгалын мэдээллээр хэрэглэгчдийг үйлчлэхэд ДЦУБ-ын гишүүн орнуудын хэрэглэж буй ИНФОКЛИМ, КЛИКОМ системийн шинэ хувилбарыг авч ашиглана;
3.4.6.4. Төв Азийн уур амьсгал, монгол орны ган, зуд, цөлжилт, ой, хээрийн түймэр, орчны бохирдлын сар, улирал, жилийн тойм бэлтгэж эхэлнэ.
3.5. Ус, цаг уур, орчны мэдээлэл хангалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр дараахь арга хэмжээ авна:
3.5.1. Ус, цаг уур, орчны мэдээлэл, түүний дотор байгаль-цаг уурын аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийн хангалтын талаар:
3.5.1.1. цаг агаарын урьдчилсан мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай мэдээллийг сум, хот, суурин бүрээр өндөр нарийвчлалтай гарган радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор мэдээллийн сүлжээгээр хэрэглэгчдэд түгээж, радиогийн нэг долгион, телевизийн тусгай сувгаар цаг агаарын болон орчны төлөв байдал, байгалийн гамшгийн мэдээлэл тасралтгүй дамжуулах ажлыг 2006-2008 оноос хэрэгжүүлнэ;
3.5.1.2. байгаль-цаг уурын гамшгийн мэдээллээр хангах ажлыг хот, суурин газарт дохиоллын системийг ашиглан зохион байгуулна;
3.5.1.3. ус, цаг уур, орчны шуурхай мэдээллийн төв сан (банк)-д тухайн хэрэглэгч хандан өөртөө хэрэгтэй цаг агаарын мэдээллийг авах, аж ахуйн нэгж, байгууллага, малчдыг тухайн орон нутгийн 1-10 хоногийн мэдээллээр хангах боломж олгоно.
3.5.2. Ус, цаг уур, орчны горимын мэдээллийн хангалтын талаар:
3.5.2.1. дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн төлөв дээр тулгуурлан ХХI зуны эхэн, дунд, сүүлч үеэр монгол орны уур амьсгал хэрхэн өөрчлөгдөх байдлыг үнэлж, цаашид байнга нарийвчилж байна;
3.5.2.2. уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дор байгаль, газар зүйн бүс бүслүүр, ургамлын нөмрөг, усны нөөц, мөнх цэвдэг зэрэг байгалийн нөөц хэрхэн өөрчлөгдөх, улмаар улс орны нийгэм-эдийн засагт хэрхэн нөлөөлөх байдлын урьдчилсан үнэлгээ хийж, 5 жил тутамд нарийвчилж байна;
3.5.2.3. байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэнд болон байгалийн нөөц, эрчим хүч, хөдөө аж ахуй, ойн ашиглалт, барилга, зам, тээвэр гэх мэт улс орны эдийн засгийн салбаруудад хэрхэн нөлөө үзүүлэх байдлыг үнэлж, үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулах, шингээгчийн хэмжээг нэмэгдүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох эдийн засаг, экологийн хамгийн зохистой хувилбарыг тухайн салбарын төрийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авна;
3.5.2.4. хүлэмжийн хийн үндэсний кадастр, озоныг задалдаг бодисын улсын тооллого явуулна;
3.5.2.5. олон улсын гэрээ, хэлэлцээр (Озоны үе давхрагыг хамгаалах тухай Венийн конвенц, Озоныг задалдаг бодисын тухай Монреалийн протокол, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Киотогийн протокол г.м)-ээр Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэх ажлын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах, озоныг задалдаг бодисын хэрэглээг багасгах бодлого боловсруулна;
3.5.2.6. монгол орны уур амьсгалын хувиран өөрчлөгдөж байгаа хүчин зүйлийг төлөвлөлт, аж ахуйн удирдлагын үйл ажиллагаанд тооцох, зохистой ашиглуулах зорилгоор барилгын норм ба дүрэм (гидрологийн тооцооны стандарт, уур амьсгалын геофизикийн стандарт, норм), монгол орны уур амьсгалын стандарт, галлагааны хугацааны норматив, хөдөө аж ахуйн цаг уурын лавлах, хөрсний чийгийн лавлах, агаар, усны чанарын лавлах гэх мэт техникийн баримт бичгийг 5-10 жил тутамд шинэчилнэ;
3.5.2.7. агаар мандлын үзэгдэл, явцад зориуд нөлөөлөх замаар таримал болон бэлчээрийн ургамлын ургац нэмэгдүүлэх, ган, цөлжилтийн нөлөөг бууруулах, хүн хүрэх боломжгүй алслагдсан газар гарсан ой, хээрийн түймрийг унтраах зорилгоор хур тунадас нэмэгдүүлэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах арга хэмжээ авна.
3.6. Салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, төв орон нутгийн байгууллагууд, сүлжээний нэгжүүдийг боловсон хүчнээр хангах асуудлыг шат дараатай шийдвэрлэх талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.6.1. салбарын боловсон хүчний одоогийн хангалт, цаашдын хэрэгцээний судалгаа гаргаж, боловсон хүчин бэлтгэх, давтан сургах чиглэл боловсруулж ажиллана;
3.6.2. салбарын мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ, шаардлагын захиалгыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гарган өгч боловсон хүчнээр тасралтгүй хангах арга хэмжээ авна;
3.6.3. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургууль, коллежтэй хамтран сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж мөрдөн ажиллана;
3.6.4. ус, цаг уурын харуулын ажиглагчийг коллеж төгссөн тусгай дунд мэргэжлийн боловсон хүчнээр, өртөөг бакалавраас доошгүй түвшний зэрэгтэй боловсон хүчнээр хангах зорилтыг 2015 онд багтаан шийдвэрлэнэ;
3.6.5. боловсон хүчний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, ахуй хангамж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт
Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарыг хөгжүүлэх үндсэн дээр монгол орны байгалийн сэргээгдэх нөөцийг үр дүнтэй ашиглах, байгаль-цаг агаарын аюул, гамшгаас сэргийлэх арга хэмжээг төр, засгийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
4.1. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага:
4.1.1. ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарын бодлого, чиглэлийг боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ус, цаг уур, орчны шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулна;
4.1.2. байгаль орчны төлөв байдалд хяналт-шинжилгээ хийх ажилд Шинжлэх ухааны академи, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд оролцоно;
4.1.3. байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийг ашиглан улс орны тогтвортой хөгжлийг хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэд бүтцийн, хүнс, хөдөө аж ахуйн, санхүү, эдийн засгийн, хууль зүйн, боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд оролцоно;
4.1.4. орон нутгийн төр, захиргааны байгууллагууд өөрийн нутаг дэвсгэр дээр байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийг үр ашигтай ашиглах, байгаль-цаг агаарын аюул гамшгаас сэргийлэх ажлыг зохион байгуулж, жилийн төсөвтөө ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээний ажиллагааны зардлыг тусгаж, тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
4.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний мэргэжлийн байгууллагууд:
4.2.1. ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээг мэргэжлийн удирдлагаар хангах, ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний мэдээллийг цуглуулах, боловсруулах, төр, засаг, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээнд зориулсан мэдээллээр үйлчлэх ажлыг ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн болон туршилт зохион бүтээх байгууллагууд эрхлэн гүйцэтгэнэ.
4.3 Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо:
4.3.1. байгаль–цаг агаарын аюул, гамшгаас сэргийлэн хамгаалах ажилд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нийт иргэд оролцоно;
4.3.2. ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний ажилд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллага Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу оролцоно. Байгаль, цаг агаарын аюулыг цаг тухайд нь илрүүлэх, орчны доройтол, орчны бохирдолд төрийн хяналт тавих ажилд дэмжлэг үзүүлнэ.
Тав. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
5.1. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүх талын таатай нөхцөлийг бүрдүүлж хөрөнгө оруулалтын баталгааг хангахын зэрэгцээ ДЦУБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон бусад олон улсын байгууллага, гадаад орнуудаас энэ салбарт төсөл хэрэгжүүлэх, хандив, тусламж үзүүлэх явдлыг бүх талаар дэмжинэ.
5.2. Иргэний агаарын тээврийн нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх хүрээнд гадаад, дотоодын иргэний агаарын тээврийн байгууллагаас нислэгийн цаг уурын хангалтыг сайжруулах, агаарын хөлгөөс цаг уурын хэмжилт хийх талаар төсөл хэрэгжүүлнэ.
5.3. Гадаад, дотоодын жуулчдын аюулгүй байдлыг хангах, цаг уурын хангалтыг өргөтгөх талаар хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
5.4. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд идэвхтэй оролцож монгол орны уур амьсгал, түүний өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, өндөр технологи дамжуулах, хуурай газар-агаар мандлын хоорондох энерги-массын солилцоо болон ерөнхий орчил урсгалын загварын оролтын мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтарсан судалгааг өргөжүүлнэ.
5.5. Инженер, техникийн ажилтнуудыг сургах, давтан сургах, мэргэшүүлэх, шинжлэх ухаан, технологийн шинэ мэдээлэл олж авах зорилгоор эрдэмтэд, мэргэжилтнүүдийг гадаадад томилон ажиллуулах, бага хурал, симпозиум, үзэсгэлэн зохион байгуулах, гадаадын техник, төхөөрөмжийг сонгох туршилт хийх зэргээр боловсон хүчний чадавхийг дээшлүүлнэ.
5.6. Хөдөө аж ахуйн цаг уур, уулархаг нутгийн цаг уур судлалаар ДЦУБ-ын сургалтын төвийг Монгол Улсад байгуулах асуудлыг дэмжиж, бүх талын туслалцаа үзүүлнэ.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүй, санхүүжилтийн бодлого
6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт:
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүгнэх ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ. Хөтөлбөрийг ус, цаг уур, орчны шинжилгээний төрийн захиргааны байгууллага, түүний харьяа мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийг төр, засгийн үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгах, хөтөлбөрт тусгагдсан тодорхой чиглэлээр тусгай хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, салбарын мастер төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, хоёр болон олон талын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт тусгах, гадаад, дотоодын сонирхогч байгууллагуудад мэдээлэх, тендер шалгаруулах зэрэг аргаар хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт жил бүрийн эцэст танилцуулж байна.
6.2. Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
6.3. Хөтөлбөрийн санхүүжилт:
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
6.3.1. улсын төвлөрсөн төсөв;
6.3.2. орон нутгийн төсөв;
6.3.3. ус, цаг уур, орчны тусгай хэрэгцээний төрөлжсөн мэдээлэл болон агаар мандлын явцад зориуд нөлөөлөх зэрэг захиалгат ажлаар аж ахуйн нэгж, байгууллагыг үйлчилсний төлбөрийн орлого;
6.3.4. олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт, иргэдээс өгч буй хандив, тусламж дэмжлэг, төслийн хөрөнгө;
6.3.5. улсын захиалгаар гүйцэтгэх ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний шинжлэх ухаан-технологийн төслүүдэд олгох хөрөнгө.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, гол үр дүн
7.1. Хөтөлбөрийг дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат (2005 он хүртэл)-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж бие даасан төсөл, хөтөлбөр боловсруулах зэрэг арга хэмжээнүүдийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Хоёрдугаар үе шат (2005-2010 он)–Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээ, мэдээлэл солилцоо, мэдээлэл боловсруулах ажилд технологийн шинэчлэл хийж, хүний үйл ажиллагаатай холбоотой гардаг сөрөг хүчин зүйлийн нөлөөг бууруулна.
Ус, цаг уур, орчны мэдээллээр хэрэглэгчдийг хангах ажил чанарын шинэ түвшинд гарч, тухайн хэрэглэгч хэрэгцээт мэдээллээ мэдээлэл үйлчилгээний сүлжээгээр дамжуулан шуурхай мэдээллийн төв сан (банк)-гаас шууд авч ашиглах боломжтой болно.
Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс уламжлан экосистемд гарах өөрчлөлтийг нарийвчлан тогтоосноор улс орны эдийн засгийн салбарыг өөрчлөн зохицуулах хувилбаруудыг боловсруулах, арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ.
Гуравдугаар үе шат (2010-2015 он)-Энэ үе шатанд үндэсний ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарын үйл ажиллагаа дэлхийн түвшинд хүрч, байгалийн сэргээгдэх нөөцийг зохистой ашиглах, байгаль-цаг агаарын болзошгүй аюул, гамшгаас улс оронд учруулж болох хохирлын хэмжээг мэдэгдэхүйц хэмжээнд хүртэл бууруулах болно.
Агаар мандлын үзэгдэл, явцад зориуд нөлөөлөх ажлыг төрийн бодлого, санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлнэ.
-----oOo----
Текст томруулах
A
A
A