A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэгдсэн Үндэстний Байгууллага 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталж, 1990 онд анх удаа Дэлхийн дээд хэмжээний уулзалтаар хүүхдийн асуудлыг тусгайлан хэлэлцэн Хүүхдийн эсэн мэнд амьдрах нөхцөлийг хангах, хамгаалах, хөгжүүлэх тухай дэлхий дахины тунхаглал гаргасан. Одоогоор дэлхийн бараг бүх орон эдгээр баримт бичгийн үзэл санааг хүлээн зөвшөөрөн хэрэгжүүлж байна.
 
Энэхүү баримт бичигт нэгдэн орсон анхны орнуудын нэг нь Монгол Улс юм. Монгол Улсын Засгийн газар Хүүхдийг хөгжүүлэх талаар баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг батлан, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад хандивлагчдын дэмжлэгтэйгээр хүүхэд, багачуудынхаа өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө идэвх санаачилга гарган ажилласан юм. 
 
Өнгөрсөн 10 гаруй жилд Монгол Улсын Засгийн газар хүүхдийн төлөө авсан амлалт, тавьсан зорилтынхоо үр дүнг нэгтгэн дүгнэж, Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2002 оны Хүүхдийн асуудлаархи тусгай чуулганаас баталсан "Хүүхдийн амьдралд ээлтэй дэлхий ертөнц" тунхаглалын үзэл санааг  хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.
              
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол орны хөгжлийн өнөөгийн байдал
Монгол Улсын хүн ам 2000 оны тооллогоор 2373,5 мянгад хүрсэн байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 1,4 хувь болсон нь 1950-иад оноос хойш бүртгэгдсэн хамгийн бага өсөлтийн үзүүлэлт юм. Хүн амын 46,6 хувь нь 18 хүртэл насны хүүхэд, 12,1 хувь нь 19-24 насны залуучууд байна.
 
Сүүлийн жилүүдэд хотжих үйл явц нэмэгдэж, нийт хүн амын 58,6 хувь нь хот, суурин газар, үүнээс 32,5 хувь нь нийслэлд амьдарч байна. Ийнхүү хотын хүн ам огцом нэмэгдэж байгаа нь нийслэл, төв, суурин газар дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн бусад үйлчилгээний хүртээмж, чанарт сөргөөр нөлөөлж байна.
 
Түүнчлэн манай орны байгаль цаг уурын хүндрэл, бэрхшээлтэй байдал нь мал аж ахуй, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр,харилцаа холбоо зэрэг салбарын ажил, үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг төдийгүй хүн амын амьжиргааны өртгийг нэмэгдүүлэх үр дагаварт хүргэдэг.
 
2. Хүүхдийн сайн сайхны төлөө үзэл баримтлал
 
Монгол Улс хүүхдийн язгуур эрх ашгийг хангахтай холбоотой олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн тэдгээрийн үзэл санааг үндэсний хууль тогтоомжид тусгах чиглэлээр дэс дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Монгол Улс 1998 онд Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид нэгдэн орж, 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх асуудлыг тусгав.
 
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох болон нэн даруй устгах тухай 182 дугаар конвенцид 2000 онд нэгдэж, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хооронд Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн 2 дахь үе шатны ажлыг хэрэгжүүлэх Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан болно. 
 
Улсын Их Хурал 2002 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос сэргийлэх тухай, Хүүхдийг худалдах, биеэ үнэлэх, садар самуунд татагдахаас хамгаалах тухай нэмэлт Протоколууд болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ажилд авах насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцийг соёрхон батлаад байна. Түүнчлэн Засгийн газар Хүүхдийг садар самууны зорилгоор ашиглахын эсрэг Ёкохамагийн тунхаглалыг хүлээн зөвшөөрч баталгаажуулав.
 
Монгол Улсын Засгийн газар  ЮНЕСКО-гийн хооронд Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Бүх нийтийн боловсролын үйл ажиллагааны төлөвлөгөө, Дакарын үйл ажиллагааны хүрээний 2015 он хүртэлх зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
 
Манай улс Хүүхдийн эрхийн тухай конвенц болон "Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц" тунхаглал, Мянганы тунхаглалын үзэл санааг сайшаан дэмжихийн хамт Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн сайд нарын удаа дараагийн зөвлөлдөх уулзалтын нэгдсэн санал дүгнэлт, тохиролцоо, тунхаглалын үзэл санааг хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй өрнүүлж байна.
 
Эхчүүдийг хамгаалах тухай, Боловсролын талаар ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх тухай, Сайн дурын үндсэн дээр гэрлэх болон гэрлэх нас, гэрлэлтийг бүртгэх тухай зэрэг конвенциуд болон хүүхдийн эрхийг хангахтай холбоотой олон улсын бусад эрх зүйн баримт бичгүүдийн үзэл санааг амьдралд хэрэгжүүлэхэд анхаарч байна.
 
Насанд хүрээгүй хүмүүсийг байцаан шийтгэх үйл ажиллагаанд мөрдөх НҮБ-ын жишиг дүрэм, журмын зорилго, зарчим нь Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх  үйл ажиллагаатай нийцэж, хууль тогтоомжоор баталгаажсаар байна.
 
3. Хүүхэд, өсвөр үеийнхний талаар олсон амжилт
 
Хүүхдийн эрхийн хамгаалал. 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай бие даасан хуулийг баталж, одоогийн байдлаар салбарын 50 гаруй хуульд хүүхдийн эрхийн харилцааг зохицуулсан заалтууд орсон байна. Ийнхүү манай оронд хүүхдийн эрхийг хангах эрх зүйн орчин төлөвшиж байгаа боловч тэдгээрийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах тодорхой асуудлыг олон улсын холбогдох гэрээнд  нийцүүлэх зэрэг эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох  шаардлага байна.
 
Хүүхдийн эрүүл мэнд. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, хандивлагч болон гадаад орнуудын олон талын дэмжлэгээр хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах; тусламж эрж хайх талаархи эцэг, эхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх; хүүхдийг дархлаажуулах, хөхүүлэх, тэдгээрийн хоол хүнсний хангамжийг сайжруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг сайжруулахад томоохон хувь нэмэр боллоо.
     
Дархлаажуулалтын өргөжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд тарилгатай өвчний гаралт буурч, халдварт саа өвчнийг устгасан явдал баталгаажиж, нярайн татран өвчин гарахгүй боллоо. Гэхдээ өсвөр үеийнхний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болзошгүй бөгөөд тэргүүлэх ач холбогдол өгөх асуудлууд байсаар байна. 
 
Эрүүл мэндийн бүртгэл зүйн мэдээгээр 10000 хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48.5, 1-4 хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66,8 тохиолдож байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 1000 сурагч тутмаас 678,2 нь ямар нэг архаг өвчтэй байна гэсэн судалгааны дүн гарчээ. Өсвөр насны охидын 9 хувь нь жирэмсэлсэн мэдээ байгаа бөгөөд энэ нь орон нутагт нийслэлийнхээс 2 дахин өндөр байна. Вируст гепатитын өвчлөл өндөр хэвээр байгаа бөгөөд үүнээс 89.3 хувь нь А гепатит байна.
     
Хүүхдийн эндэгдэл буурч байгаа ч ураг нярайн эндэгдэл Баян-Өлгий, Завхан, Дархан-Уул аймагт ихсэх хандлагатай; нялхсын эндэгдэл Дорнод, Баян-Өлгий,  Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Ховд аймагт; тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Дорнод, Баянхонгор, Ховд аймагт улсын дунджаас дээгүүр байна. Амьдралын түвшин доогуур өрхийн хүүхэд 2.5 дахин илүү өвчилж, 3 дахин илүү эмнэлэгт хэвтэж, мөн төдий тоогоор эндэж байна. 
 
Хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын орчин нөхцөл, технологийг сайжруулахад хүрэлцэхүйц хэмжээтэй хөрөнгө оруулалтыг шаардаж байна. Хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлж байгаа эрүүл мэндийн анхан шатны тусламж шаардлагын түвшинд хүрч чадаагүй, хүүхдийн эмч бэлтгэх, мэргэшүүлэх бодлого алдагдсан байна. Сүүлийн арваад жилд хүүхдийн эмчийн тоо 3,5 дахин буурсан төдийгүй нийт аймгийн дөнгөж 25 хувь нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйч эмчтэй байна.
 
Хүүхдийн эсэн мэнд амьдрахын үндэс болсон хоол хүнсний чанар, хүрэлцээ, хангамж ДЭМБ-ын зөвлөмжийн нийтлэг жишиг хэмжээнд хүрэхгүйгээс тав хүртэлх насны хүүхдэд тураал 12.5 хувь, өсөлтийн хоцрогдол 24.6 хувь, Д аминдэм дутлын рахит 32.1 хувь, цус багадалт 40.2 хувь тохиолдож байна. Мөн таваас дээш насны хүүхэд, өсвөр үеийнхний 16 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 21.4 хувь нь иод дутлын эмгэгтэй байна.
 
Хүүхэд, өсвөр үеийнхэнд үйлчлэх байгууллагын орчин, тоног төхөөрөмж, ном, сурах бичиг, хичээлийн хэрэгсэл эрүүл ахуйн жишиг шаардлагад нийцэхгүй байгаагаас тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчин эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
 
Байгалийн гамшиг, хүрээлэн байгаа орчны бохирдол, хүний ухамсарт үйлдлээс үүдсэн эрсдэлт байдлаас хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, амь нас хохирох тохиолдол гарсаар байна. Өсвөр үеийнхний дунд тохиолдох осол гэмтэл, цочмог хордолт насанд хүрэгчдийнхээс 2 дахин илүү байна.
 
Хүүхдийн боловсрол. Өнгөрсөн 10 гаруй жилд боловсролын төрөлжсөн хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр хүүхдийн сурах эрхийг хангах, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй болгоход зохих үр нөлөөгөө өгч байна. Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрт заасан суурь боловсролын үндсэн зорилтууд хэрэгжиж, албан бус боловсролын тогтолцоо үндсэндээ бүрдлээ. Боловсролын салбарт хувийн хэвшил шинээр үүсч, 2001 оны байдлаар төрийн өмчийн бус 38 цэцэрлэг, 85 ерөнхий боловсролын сургууль (цаашид ЕБС гэх) ажиллаж байна.
     
Монгол Улсын нийт хүн амын 17 хувийг сургуулийн өмнөх насны хүүхэд эзэлж байгаа боловч тухайн насны хүүхдийн 62,3 хувь, ялангуяа амьжиргааны түвшин доогуур гэр бүл болон малчдын 3-7 настай хүүхдийн гуравны хоёр нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Хүүхдийн цэцэрлэгийн барилга, халаалтын байгууламжийн     74 хувьд засвар, үйлчилгээ хийгдээгүй, хуучирч муудсан,   77 хувьд нь туслах аж  ахуй, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн дутагдалтай байгаагаас гадна сургуулийн өмнөх боловсрол олгох ажилд эцэг, эх, олон нийт  бэлтгэгдээгүй байна.
 
Нийт хүн амын 21 хувийг ЕБС-ийн насны хүүхэд эзэлж байгаагаас ЕБС-ийн 78 хувь, нийт сурагчдын 67 хувь хөдөөд амьдарч байна. Суурь боловсрол эзэмших насны хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдах хувь хот, хөдөөд жигд бус байна. Тухайлбал: тухайн насны хамран сургалтын хувиас харахад суурь боловсрол олгох насны (8-15) хүүхдийн      13,5 хувь нь (68155) сургуульд суралцаж чадахгүй байна. Орон нутагт, ялангуяа сумдад хүүхдийн боловсрол эзэмших боломж, нөхцөл тааруу байна. Нийт 200 гаруй суманд сургуулийн насны хүүхдийн 20 хувь ЕБС-д хамрагдаж чадахгүй байна. 2001 оны байдлаар ЕБС-ийн 14 орчим мянган сурагч сургууль завсардсаны 79 хувь нь хөдөөд ногдож байна.
 
Сүүлийн үед хөрөнгө санхүүгийн хомсдолоос шалтгаалан малчдын хүүхдийг дотуур байраар хангахад багагүй хүндрэл бэрхшээл учирч 2001/2002 оны хичээлийн жилд 28 орчим мянган хүүхэд дотуур байранд амьдарч байгаа бөгөөд дотуур байрны 80 хувь нь өвлийн улиралд хэвийн ажиллах нөхцөлөөр хангагдаагүй байна. 2001/2002 оны хичээлийн жилийн байдлаар ЕБС-иудад 600 гаруй багш дутагдалтай байна. 
 
ЕБС-ийн сургалт дунджаар 2,7 ээлжтэй байгаагаас хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх хичээлээс гадуурхи соёл хүмүүжлийн ажил явуулах боломж хязгаарлагдмал байна. Өсвөр үеийнхний хэрэгцээг судалсан судалгаанаас үзвэл орон нутгийн ЕБС-ийн хүүхдүүд эдийн засгийн хязгаарлагдмал байдлаас хамаарч төвлөрсөн арга хэмжээнд оролцож  чадахгүй байгаа нь тэдний авьяас чадварын хөгжилд муугаар нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн зориулалтаар баригдсан барилга, байгууламжийг хувьчилж авсан нэрээр зориулалтыг өөрчилж, дэлгүүр, баар, зоогийн газар, банк болгох, хүүхдийн тоглоомын талбайд машины гарааш барих явдал олширсон төдийгүй шинээр хүүхдийн ордон, зуслан, номын сан, хичээлийн туршлагын талбай, театр зэрэг хүүхдийг хөгжүүлэх нийтийн барилга, байгууламж барих ажил удааширснаас чөлөөт цагийн үйлчилгээний материаллаг баазын хүрэлцээ муудсан байна.
 
Хүүхдийн нийгмийн хамгаалал. Монгол Улсын Их Хурлаас 1996 онд баталсан Хүүхдийн эрхийг хамгаалах хуульд хүнд нөхцөлд байгаа хүүхдэд боловсрол, мэргэжил эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх; эрүүл мэндийг нь нөхөн сэргээх, сувилах, тахир дутуу хүүхдэд хиймэл эрхтэн болон бусад хэрэгслийг үнэ төлбөргүй олгох; хүнд нөхцөлд байгаа хүүхдийг үрчилсэн гэр бүлд төрөөс тэтгэмж олгох зэрэг халамж, хөнгөлөлт, тусламж үзүүлэхээр тусгажээ.
 
Хүнд нөхцөлд амьдарч байгаа болон нийгмийн эмзэг бүлгийн хүүхдийг  нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тэтгэмж болон халамж, даатгалын үйлчилгээнд хамруулахаас гадна дотоод, гадаадын санхүүжилттэй  хөтөлбөр, төслийн хүрээнд тэдний  эрх ашгийг хангахтай холбоотой олон арга хэмжээг хэрэгжүүлж байна.
 
Хүүхдийг эхийн хэвлийд байх үеэс нь эхлэн эсэн мэнд өсч бойжих эрхийг нь баталгаажуулах явдал эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогод голлох байр суурийг эзэлж байна.  Нийгмийн халамжийн талаархи хууль тогтоомжоор нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон халамж, асрамжийн үйлчилгээний дийлэнх хувь нь бага насны хүүхдийн асаргаа, хамгаалалтад зориулагдаж байна.
 
Эхчүүдэд жирэмсний, амаржсаны болон хүүхэд асарсны, олон хүүхэдтэйн, ихэр хүүхдийн, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмжид зориулан зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ байнга өссөөр байна. Нийгмийн халамжийн тухай хуулиар эх хүүхдээ төрүүлэхийн өмнө болон амаржсаны дараа нийт 101 хоног тэтгэмж авах эрхтэй байсныг 120 хоног болгож, олон хүүхэдтэйн тэтгэмжийн мөнгийг 5 дахин өсгөж, ихэр хүүхдийн тэтгэмж 5000 төгрөг байсныг 20000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
     
Хүүхдийн нийгмийн хамгааллын салбарт олон улсын болон гадаадын хандив, тусламжаар төрийн бус байгууллагууд тодорхой хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлж байгаа нь хүүхдийг шилжилтийн үеийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад дэмжлэг болж байна. 2000 оны хүн амын тооллогын дүнгээр 18 хүртэлх насны хүүхдийн 22 орчим хувь нь амьдралын хэвийн нөхцөл нь ямар нэг хэмжээгээр алдагдсан орчинд амьдарч байна.
     
Гэр оронгүй, хаяг харьяалалгүй, эцэг, эхийн хараа хяналтаас гарсан хүүхдүүдийн тоо буурахгүй байна. Хөдөөгөөс хот руу нүүдэллэх иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэн явдал шилжин суурьшигчдын хүүхдүүд сургуульд сурах, эрүүл мэндийн болон нийгмийн бусад үйлчилгээнд хамрагдах боломжийг улам хүндрүүлэх боллоо. 
 
Сүүлийн жилүүдэд монгол орны зарим бүс нутгийг хамарсан ган, зуд, ойн ба тал хээрийн түймэр ойр ойрхон олон удаа гарч тэдгээрээс шалтгаалан хүүхэд өлсөх, даарах, гэмтэх, өвчлөх, сургуульдаа явж чадахгүйд хүрэх, амь нас нь хохирох тохиолдол гарч байна.   
 
Хүүхдийн хөдөлмөр. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн талаар үндэсний хэмжээний бүрэн судалгаа хийгдээгүй, эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдийн тухай дэлгэрэнгүй тоо баримт байхгүй байна. Сургуулиас гадуур байгаа хүүхэд хөдөлмөр эрхэлж, ялангуяа ядуу өрхийн хүүхдүүд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэх эрсдэл илүүтэй байна. Үндэсний статистикийн газраас 2000 онд явуулсан "Хүүхэд хөгжил" судалгаанаас үзэхэд 5-14 насны хүүхдүүдийн 1.4 хувь нь хөлсний  хөдөлмөр эрхэлдэг байна.
 
Хүүхдүүд мал аж ахуй, газар тариалан, хот суурин газарт бол төвлөрсөн захууд, гудамж, хогийн цэг дээр төдийгүй нүүрс, алтны уурхайд  албан бус хөдөлмөр эрхэлж байна. Хүүхдийн хөдөлмөрийг зохион байгуулалттайгаар ашиглан мөлжих үзэгдэл Монгол Улсад бараг байхгүй мэт харагдах боловч насанд хүрээгүй охидыг биеэ үнэлэх ажилд зуучлах, биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулах явдал түгээмэл болох төлөвтэй байна.
 
Хүүхдийн хөдөлмөр нь эдийн засгийн ухагдахуун гэхээсээ илүү нийгмийн зан үйлийн уламжлал, олон нийтийн хэвшмэл ойлголт, үзэл бодолтой холбоотой асуудал болоод байна. Ядуу тул хүнд, хортой ч хамаагүй хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн,   хүүхдийн хөдөлмөрийг үл ойшоох хандлага  амь бөхтэй оршсоор байна. Хүүхэд хөдөлмөр эрхэлж байх үедээ гэмтэх, улмаар тахир дутуу болох, амь насаа алдах явдал гарч байна.
 
Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг хамгаалах, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс нь хөндийрүүлэх, хүнд хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах,  албадаж хөдөлмөр эрхлүүлэх явдлаас хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгарч байна.
     
Хүүхдийн оролцоо. Монголын скаутын холбоо, Монголын идэрчүүдийн холбоо, "Нэг ертөнц-өсвөр үе", Залуучуудын улаан загалмай зэрэг хүүхдийн үндэсний томоохон байгууллагуудаас гадна орон нутагт хүүхдийн сайн дурын олон байгууллага ажиллаж байна. Гэхдээ хүүхдийн нийгмийн амьдралд оролцох, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдралд биеэ бэлтгэх үйл ажиллагаа өнөөгийн шаардлагаас хоцорч байна. Өсвөр үеийнхний хэрэгцээг судалсан судалгаанаас үзэхэд сургуулийн насны хүүхдийн 91.1 хувь нь хүүхдийн олон нийтийн байгууллага, хөдөлгөөнд хамрагдаагүй, 26.7 хувь нь урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээнд оролцдоггүй байна. Хүүхдийн мэдээлэл хайх, сонгох, ашиглах, боловсруулах, түгээх мэдлэг, чадвар, дадал хангалтгүй байна.
 
Хүүхдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд олон улсын болон гадаадын байгууллагуудын дэмжлэгт тулгуурлан  хүүхдийн эрх ашгийг хамгаалахад идэвхтэй  ажиллаж байна.
 
Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлснээр олсон амжилт, туршлага дээр тулгуурлан дараагийн шатны зорилтыг дэвшүүлж, Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний  хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан болно. 
 
Хоёр. Хөтөлбөрийн эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл, зарчим
 
4. Энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго нь Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, ажиллаж амьдрахад шаардлагатай боловсрол, мэргэжил эзэмших орчин, нөхцөлийг бүрдүүлж, тэдний аж байдлыг улам сайжруулахад оршино.
 
5. Хүүхэд эсэн мэнд аж төрж, нэр төртэй, үв тэгш хөгжих эрхийг хангахад дараахь тэргүүлэх чиглэлийг үндэсний хэмжээнд баримтална:
 
5.1. Хүүхдийг эн тэргүүнд тавина. Аливаа үйл ажиллагаанд хүүхдийн эрх ашгийг  эн тэргүүнд анхаарна.
 
      5.2. Үгээгүй ядуу байдлаас сэргийлж хүүхдийн төлөө хөрөнгө оруулна. Хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулах нь ядуурлыг бууруулах  үр нөлөөтэй арга замын нэг мөн.
 
      5.3. Хүүхдийг үл ялгаварлана. Хүүхэд бүхэн тэгш эрхтэй бөгөөд хүүхдийг аливаа хэлбэрээр ялгаварлах явдлыг эцэс болгоно.
 
      5.4. Хүүхэд бүрийн төлөө халамж анхаарал тавина. Хүүхэд бүрт амьдралын  хэвийн нөхцөл бүрдүүлнэ. Халдварт өвчинтэй тэмцэх, хүүхдийн хоол хүнсээр дутагдах гол шалтгааныг арилгах, улмаар хүүхдийг эрүүл чийрэг, оюун ухааны хөгжил сайтай байх орчин нөхцөлд өсгөж хүмүүжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана.
 
      Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгахад чиглэсэн арга хэмжээг  яаралтай авна.
 
5.5. Хүүхэд бүрт боловсрол олгоно. Хүүхэд бүрт  чанартай анхан шатны болон  суурь боловсролыг үнэ төлбөргүй олгож, улмаар бүрэн дунд боловсрол эзэмших бололцоог бүрдүүлнэ.
 
5.6. Хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаална. Хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөгийн аливаа үйлдэл, гэмт халдлагад өртөхөөс сэргийлнэ.
 
5.7. Хүүхдийг болзошгүй аюулаас хамгаална. Хүүхдийг байгалийн гамшиг, ган, зуд, үер ус, гал түймрийн аюулаас сэргийлж, хор уршгийг нь багасгахад тал бүрээр тусална.
 
5.8. ХДХВ/ДОХ-той тэмцэнэ. Хүүхэд, гэр бүлийг хүний дархлал хомсдлын вирус/дархлалын олдмол хомсдлын (ХДХВ/ДОХ) хор хөнөөлт уршгаас  урьдчилан сэргийлж хамгаална.
 
5.9. Хүүхдийн санал бодлыг сонсож, тэдний оролцоог хангана. Хүүхэд, өсвөр үеийнхэн санал бодлоо хэлэх, өөрсдөдөө хамаатай аливаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрхийг хүндэтгэн үзнэ.
 
5.10. Эх дэлхийг хүүхдэд зориулан хайрлаж хамгаална. Байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглан, нөхөн сэргээж, унаган төрхөөр нь одоо, ирээдүй үеийнхэнд зориулан хайрлан хамгаална.
 
6. Хөтөлбөрийн үйл ажиллагааг дор дурдсан  үндсэн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ:
 
6.1. Хүүхдийг дээдлэх зарчим. Хүүхэд, өсвөр үеийнхний санал, хүсэлтийг сонсож, хөгжлийн аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа тэдний эрх ашгийг тэргүүн ээлжинд харгалзан үзнэ.
 
6.2. Хүүхдийн талаархи бодлогыг уялдуулах зарчим. Хүүхдийн төлөө үйл ажиллагааг улс орны эдийн засаг, нийгмийн  хөгжлийн чиг хандлага, бүс нутгийн болон орон нутгийн хөгжлийн онцлогтой уялдуулна.
 
6.3. Хүүхдийн асуудлаархи нийгмийн зөвшил, оролцооны зарчим. Хүүхдийн сайн сайхны төлөө иргэний нийгмийн оролцоог идэвхжүүлж, нийгмийн зөвшлийг хангана.
 
6.4. Хүүхдэд зориулсан мэдээлэл хүртээмжтэй байх зарчим. Үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүүхдэд зориулсан мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй байлгана.
 
6.5. Хүүхдэд дэмжлэг үзүүлэх зарчим.  Хүүхдэд зориулж бүх нийтийн хөрөнгө оруулалт, үндэсний нөөцийг оновчтой, үр ашигтай хуваарилна.
 
6.6. Гэр бүлд түшиглэсэн зарчим. Гэр бүл, олон нийтэд түшиглэсэн нийгмийн суурь үйлчилгээг хүүхдэд цогцоор хүртээмжтэй хүргэнэ.
 
Гурав. Хөтөлбөрийн хамрах хүрээ, зорилт, хүрэх  үр дүн, үйл ажиллагааны үндсэн чиглэл
 
I.ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ
 
7. Зорилт 1. Хүүхдийг дээдлэх зарчимд нийцүүлэн хүүхдийн эрхийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулна.
7.1. Хүрэх үр дүн
7.1.1.Хүүхдийн эрхийн үндэсний хууль тогтоомж олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах гэрээний агуулгад бүрэн нийцсэн байна;
7.1.2.Хүүхдийн эрх, эрх  ашгийг  хангах эрх зүйн үндэс сайжирсан   байна.
7.2.  7.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
7.2.1.Хүүхдийн эрхийн олон улсын гэрээ, конвенциудтай үндэсний хууль тогтоомж хэрхэн нийцэж байгаад судалгаа хийж, хүүхдийн эрхийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх;
7.2.2.Хүүхдийн эрхийн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаанд  иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх. 
7.3.  7.1.2-т чиглэсэн үйл ажиллагаа
7.3.1.Xүүхдийн эрхийн хууль тогтоомжид хүүхдийн хөгжил, хамгааллын эдийн засгийн баталгааг хангах  талаар зарим нэмэлт, өөрчлөлт оруулах;             
7.3.2.Хүүхдийн төлөө сангийн дүрэм, журмыг боловсруулах.
8. Зорилт 2. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянана.
8.1 Хүрэх үр дүн
8.1.1.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах сүлжээ бүрдсэн байна;
8.1.2.Хүүхдийн эрхийн сургалт, сурталчилгаа тогтмолжсон байна.
8.2. 8.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
8.2.1.Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд хүүхдийн эрхийн салбар зөвлөл ажиллуулах  асуудлыг судлах;
8.2.2.Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих  омбудсмен ажиллуулах асуудлыг судлах;
8.2.3.Хүүхдийн эрхийн зөрчлийн талаархи мэдээллийн сан  байгуулах;
8.2.4.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн байдалд хяналт тавихад олон нийтийг татан оролцуулах;
8.2.5.Хүүхдийн аж байдлын төрөлжсөн судалгааг тогтмол гаргах;
8.2.6.Насанд хүрээгүйчүүдийн цагдан хорих, баривчлах байр, хорих ангийн  нөхцөл байдлыг  сайжруулах.
8.3. 8.1.2-т чиглэсэн үйл ажиллагаа
8.3.1.Хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн багш бэлтгэж, нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;
8.3.2.Иргэд, олон нийтэд хүүхдийн эрхийн талаархи мэдлэг олгох ажлыг өргөжүүлэх;
8.3.3.Хүүхдэд зориулсан хүүхдийн эрхийн талаархи хялбаршуулсан ном, зурагт хуудас, баримтат болон хүүхэлдэйн кино бүтээх ажлыг зохион байгуулах;
8.3.4.Хүүхдийн эрхийн зөрчилгүй гэр бүл, сургууль, орон сууц, хамт олон, байгууллага, баг, хороо шалгаруулан сурталчлах ажлыг хэвшүүлэх.
     
П.ХҮҮХДИЙН АМЬДРАЛЫН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН
 
9. Зорилт 3. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зохистой бүтэц, тогтолцоо бүрдүүлнэ.  
9.1.Хүрэх үр дүн
9.1.1.Хүүхдийн анагаахын салбар бэхжиж, эмч, мэргэжилтнийг тасралтгүй сургах зохистой орчин бүрдсэн байна;           
9.1.2.Хүүхдийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй, үр ашигтай бүтэц, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний  технологи, мэдээллийн сүлжээ сайжирсан байна.
9.2. 9.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
9.2.1.Анагаах ухааны их сургуулийн хүүхдийн анагаахын салбарыг өргөжүүлэн бэхжүүлэх;
9.2.2.Хүүхэд, өсвөр үеийнхэнд тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах ажлыг тасралтгүй зохион байгуулах;
9.2.3.Хүүхдийн эрүүл мэнд, анагаахын чиглэлээр судалгаа явуулж, мэргэшсэн эмч, мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ авах.
9.3. 9.1.2-т чиглэсэн үйл ажиллагаа
9.3.1.Хүүхдийн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, технологийг сайжруулах арга хэмжээ авах;
9.3.2.Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээ, мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох;
9.3.3.Хүүхэд, өсвөр үеийнхний эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нийгмийн баталгааг хангах, ахуй нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авах.
10.Зорилт 4. Хүүхэд, өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
 
10.1.Хүрэх үр дүн
10.1.1.Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, өвчлөл, эндэгдэл буурсан байна.
10.2. 10.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
10.2.1."Ураг нярайн тусламж үйлчилгээ"-ний бодлогын чиглэл боловсруулан хэрэгжүүлэх;
10.2.2."Хүүхдийн өвчний цогц менежмент"(ХӨЦМ) хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх;
10.2.3."Аюулгүй тарилга" зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
10.2.4.Нотолгоонд тулгуурласан  эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн ээлтэй тусламж, үйлчилгээний стандартыг боловсруулах;
10.2.5.Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, сэтгэц-бие бялдрын өсөлт, хөгжилт, өвчлөлтийн байдлыг тандан  судлах;
10.2.6.Тахир дутуу (эрэмдэг) хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг  гэр бүл, хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх эмчилгээний арга барилд  сургах;
10.2.7.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгаа хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах болон тэднийг дархлаажуулалтад хамруулах тусгайлсан арга хэмжээ авах;
10.2.8.Урьдчилан сэргийлэх тарилгатай халдварт өвчнийг эрс бууруулах;
10.2.9.Шаардагдах материал, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр сум, багийг бүрэн хангаж, дархлаажуулалтын хамралтыг баг, сумын түвшинд 95 хувьд хүргэх.
11.Зорилт 5. Хүүхэд, өсвөр үеийнхний зохистой хооллолтыг дэмжиж, аюулгүй хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ.
11.1.Хүрэх үр дүн
11.1.1.Хүүхэд, өсвөр үеийнхний зохистой хооллолт, хоол хүнсний чанар, хангамж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн нийтлэг жишигт хүрсэн байна.
11.2. 11.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
11.2.1.Хүүхэд, өсвөр үеийнхний хооллолтын байдалд судалгаа хийж, хоолны чанар, хүртээмжийг  сайжруулах арга хэмжээ авах;
11.2.2.Хүүхэд, өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд нийцсэн шимт чанар сайтай, аюулгүй хоол хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн  дагнасан сүлжээ байгуулах;
11.2.3.Ядуу амьдралтай болон байгалийн гамшигт нэрвэгдсэн жирэмсэн болон хөхүүл эх, бага насны хүүхдийн  нэмэлт хоол хүнсний хангалтын байдлын үр нөлөөг тандан судлах;
11.2.4.Өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг сайжруулах арга хэмжээ авах.
12.Зорилт 6.Хүүхэд, өсвөр үеийнхэн эсэн мэнд амьдрах, хөгжих  орчин, нөхцөл бүрдүүлнэ.
12.1.Хүрэх үр дүн
12.1.1.Хүүхэд, өсвөр үеийнхэн эсэн мэнд амьдрах, хөгжих таатай орчин, нөхцөл хангагдсан байна.
12.2. 12.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
12.2.1.Хүүхэд, өсвөр үеийнхэнд үйлчилдэг  байгууллагыг эрүүл ахуйн стандарт, шаардлагад  нийцүүлэх арга хэмжээ авах;
12.2.2."Эрүүл хот", "Эрүүл мэндийг дэмжих байгууллага, хамт олон" хөдөлгөөнийг өрнүүлэх;
12.2.3.Хүүхдийн байгууллагыг ундны чанартай усаар хангах, халуун ус, бие засах газар, гар угаагуур зэргийн тоо хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авах;
12.2.4.Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тохирсон хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, төрөлжсөн нийлүүлэлтэд тавих хяналтыг сайжруулах;
12.2.5.Хүрээлэн байгаа орчны бохирдол, хүний ухамсарт үйл ажиллагаанаас үүдсэн аюул осолд хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд буруутай этгээдэд нөхөн төлбөр ногдуулах, төлбөрийн тодорхой хэсгийг "хүүхдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөл" бүрдүүлэх арга хэмжээнд зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
12.2.6.Хүүхдэд байгаль орчноо хайрлан хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг таниулах, экологийн боловсрол, хүмүүжил олгох арга хэмжээг өргөжүүлэх.
13.Зорилт 7. Хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл аж төрөх  зан үйлийг  төлөвшүүлнэ.
13.1.Хүрэх үр дүн
13.1.1.Хүүхэд, өсвөр үеийнхний өөрийнхөө болон гэр бүл, хамт олны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах мэдлэг, чадвар дээшилсэн байна.
13.2. 13.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
13.2.1.Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт нийцүүлэн багш бэлтгэдэг сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн сургалтын агуулга, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах;
13.2.2.Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын эрүүл хэв маягт сургах, бухимдал тайлахад чиглэсэн зөвлөлгөө өгөх зорилго  бүхий Вэб хуудас, "Итгэлтэй утас" ажиллуулж, тэдгээрийн хүртээмж, чанарыг олон улсын жишигт ойртуулах;
13.2.3.Өсвөр үеийнхний ХДХВ, ДОХ, БЗХӨ-өөс сэргийлэх болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, чадварыг сайжруулах;
13.2.4.Хүүхэд, өсвөр үеийнхнийг чийрэгжүүлэх, бие бялдраа хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын ажлыг  өргөжүүлэх;
13.2.5.Биеийн тамир, спортыг хүүхдийн эрүүл аж төрөх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, авьяас чадвараа  хөгжүүлэх арга хэрэгсэл болгон  хамрах хүрээг нь өргөтгөх;
13.2.6.Хүүхдэд багаас нь гар угаах, амны хөндийг цэвэрлэх дадлыг хэвшүүлж, фтор дутлын эмгэгээс сэргийлэх арга хэмжээ авах.
 
Ш. ХҮҮХДИЙН ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ, ТӨЛӨВШИЛ
 
14.Зорилт 8.Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлж, сургалтын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгоно.
14.1.Хүрэх үр дүн
14.1.1.Бага сургуульд элсэгчдийн дотор сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо нэмэгдсэн байна.
14.2. 14.1.1-д чиглэсэн  үйл ажиллагаа
14.2.1.Хүнд нөхцөлд байгаа болон малчдын хүүхдийг цэцэрлэгт хамрах хүрээг өргөжүүлэх арга хэмжээ авах;
14.2.2.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгыг шинээр барих, засварлах ажлыг өргөжүүлэх;
14.2.3.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийн хүрэлцээг нэмэгдүүлж, ур чадварыг дээшлүүлэх;
14.2.4.Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг сургуульд бэлтгэх гэр бүлд түшиглэсэн зайны сургалтын хөтөлбөр, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх;
14.2.5.Малчдын хүүхдийг сургуульд  бэлтгэх түр сургалтыг өргөжүүлэх;
14.2.6.Хөдөөгийн болон хотын захын хорооллын цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах төсөл хэрэгжүүлэх;
14.2.7.Хүүхдийн цэцэрлэгийн олон төрлийг хөгжүүлэх ажлыг  дэмжих.
15.Зорилт 9.Суурь боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн, хүүхдийг сурч боловсрох тэгш боломжоор хангах, тэдэнд амьдрах арга ухаан, мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг өргөжүүлнэ.
15.1.Хүрэх үр дүн
15.1.1.Бага, суурь боловсролын сургалтын орчин сайжирсан  байна.
15.1.2.Бага, суурь боловсролын хамран сургалтын хувь нэмэгдсэн байна.
15.2. 15.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
15.2.1.Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн барилгыг өргөтгөх, шинээр барих болон сурагчдын дотуур байрны ахуй хангамжийг сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулах;
15.2.2.Хүнд нөхцөлд байгаа болон ерөнхий боловсролын сургуульд олон хүүхэд нь  сурч байгаа өрхийн хүүхдэд үзүүлэх хувцас,  хичээлийн хэрэглэл, хоол хүнсний   дэмжлэгийг өргөжүүлэх;
15.2.3.Хөдөөгийн цэцэрлэг, сургуулийн туслах аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
15.2.4.Төрийн өмчийн бус цэцэрлэг, сургууль байгуулан  ажиллуулах, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, наадгай үйлдвэрлэх санаачилгыг  дэмжих;
15.2.5.Хөдөө орон нутагт чанартай боловсрол хүртээх таатай орчин бүрдүүлж, сурагч төвтэй сургалтыг хөгжүүлж, багш нарын чадавхийг дээшлүүлэх.
15.3. 15.1. 2-т чиглэсэн үйл ажиллагаа
15.3.1.Сурагчдыг амьдрах ухаанд сургах, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх  чиглэлээр ЕБС-ийн сургалтын агуулга, стандартыг шинэчлэх;
15.3.2.Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн сурах боломжийг нэмэгдүүлэх;
15.3.3.Сургууль завсардах, анги улирах явдлыг багасгах арга хэмжээ авах;
15.3.4.Хот, хөдөөгийн сурагчдын сурлагын чанарын ялгааг багасгах ажлыг эрчимтэй зохион байгуулах;
15.3.5.Хүүхдэд ээлтэй сургууль шалгаруулах журмыг боловсруулан хэрэгжүүлэх; 
15.3.6.Сургууль завсардсан хүүхдэд боловсрол нөхөн олгох, мэргэжил эзэмшүүлэх бүх хэлбэрийг дэмжих;
15.3.7.Үндэсний радио, телевизэд боловсролын зайны сургалт явуулах, бие даасан суваг ажиллуулах асуудлыг судлан хэрэгжүүлэх;
15.3.8.Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын хүйсийн байдалд дүн шинжилгээ хийх, ахлах ангид суралцагсдын дунд хөвгүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх.
16. Зорилт 10. Сургууль, хичээлээс гадуурхи сургалт, чөлөөт цагийн нөхцөлийг сайжруулж, хүүхдийн авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх таатай орчин бүрдүүлнэ.
16.1. Хүрэх үр дүн
16.1.1.Сургууль, хичээлээс гадуурхи сургалтад хамрагдсан хүүхдийн тоо нэмэгдсэн байна.
16.1.2.Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх орчин  сайжирсан байна.
16.2.  16.1.1-д чиглэсэн  үйл ажиллагаа
16.2.1.Сурагчдын дунд сургууль, хичээлээс гадуур зохиох сургалтын ажлын үндсэн чиглэлийг боловсруулж хэрэгжүүлэх;
16.2.2.Улсын хүүхэлдэйн театрын үйл ажиллагааг өргөжүүлж, зориулалтын байртай  болгох талаар холбогдох арга хэмжээ авах;
16.2.3.Сургуулийн биеийн тамирын болон тоглоомын талбай байгуулах, өргөтгөх, тохижуулахад  дэмжлэг үзүүлэх;
16.2.4.Сургууль, цэцэрлэгийг түшиглэн хүүхдийн зуны сургалт зохион байгуулах;
16.2.5.Сургууль, хичээлээс гадуурхи сургалтын ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэх;
16.2.6.Хүүхдэд зориулсан уран бүтээл, ном хэвлэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулах;
16.2.7.Хүүхдийн хөгжлийн төв, хөдөлмөр амралтын болон спорт аяллын зуслан байгуулж ажиллуулах санаачилгыг   дэмжих.
16.3. 16.1.2-т чиглэсэн үйл ажиллагаа
16.3.1.Соёл, урлагаар дамжуулан хүүхдэд гоозүй, ёс суртахууны хүмүүжил олгох ажлыг эрчимжүүлэх;
16.3.2.Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх наадам, уралдаан, тэмцээн, олимпиад зохион байгуулах ажлыг өргөжүүлэх;
16.3.3.Хүүхдийн авьяасыг дэмжин хөгжүүлэх  төсөл хэрэгжүүлэх;
16.3.4.Бага, дунд сургуулийн биеийн тамирын хичээл болон хичээлээс гадуурхи дугуйлангийн материаллаг баазыг өргөжүүлэх;
16.3.5.Дуу хөгжим, дүрслэх урлаг, хөдөлмөрийн хичээлийн багш нарын ажил мэргэжлийн улсын уралдаан, чуулга уулзалтыг зохион байгуулах;
16.3.6.Хүүхдийг амьдрах арга ухаанд сургах чиглэлээр  төсөл хэрэгжүүлэх;   
 
16.3.7.ЕБС-ийн номын санг мэдээллийн төв болгон өргөтгөж, номын сан хөмрөгийг  баяжуулах, интернэт ашиглах техникийн боломжийг нэмэгдүүлэх.
 
IҮ.ГЭР БҮЛД ТҮШИГЛЭСЭН ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
 
17. Зорилт 11. Гэр бүлийн таатай орчин бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх замаар хүнд нөхцөлд байгаа хүүхдийн аж байдлыг сайжруулна.
17.1.Хүрэх үр дүн
17.1.1.Нийгмийн цогц суурь үйлчилгээг гэр бүлд төвлөрүүлэхэд хамт олны оролцоо нэмэгдсэн байна;
17.1.2.Нийгмийн асрамж, халамжид байгаа хүүхдэд  үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсэн байна.
17.2. 17.1.1- д чиглэсэн үйл ажиллагаа
17.2.1.Зарим аймаг, сум, дүүрэг, баг, хороонд нийгмийн цогц суурь үйлчилгээний хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх;
17.2.2.Гэр бүлд чиглэсэн нийгмийн ажлын онол, арга зүйг төлөвшүүлж хөгжүүлэх;
17.2.3.Хүүхэд-гэр бүлийн нийгмийн ажилтныг мэргэшүүлэх арга хэмжээ авах;
17.2.4.Хүнд нөхцөлд байгаа хүүхдийг нийгэмшүүлэх, тэднийг гэр бүлийн  амьдралд дасан зохицох боломжийг бүрдүүлэхэд  чиглэсэн  төсөл хэрэгжүүлэх;
17.2.5.Хүүхдээ иргэний бүртгэлд хамруулах талаар эцэг, эхийн хүлээх хариуцлага, төрийн захиргааны анхан шатны байгууллагын тавих хяналтыг сайжруулах арга хэмжээ авах;
17.2.6.Гэр бүлд хандсан нийгмийн халамж, ажил, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах арга хэмжээ авах;
17.2.7.Эцэг, эх нь өсгөж бойжуулах боломжгүй болсон хүүхдийг нийгмийн асрамж, халамжид авах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;
17.2.8.Хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх талаархи эцэг, эхийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх сургалтад залуу эцэг, эхчүүдийг  өргөн хамруулах ажлыг зохиох.
17.3.  17.1. 2-т чиглэсэн  үйл ажиллагаа
17.3.1.Хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх халамж, асрамжийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг тогтоох;
17.3.2.Хүнд нөхцөл дэх хүүхдийг асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх санаачилга гаргасан гэр бүл, хувь хүмүүсийг урамшуулан дэмжих;
17.3.3.Бүтэн өнчин, хараа хяналтгүй, тахир дутуу, эмгэг согогтой, хөдөлмөр эрхэлж байгаа, ял эдэлж байгаа хүүхдэд ерөнхий болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх боломжийг өргөжүүлэх, насанд хүрсний дараа тэдний амьдралын баталгааг хангах асуудлыг судалж шийдвэрлэх.
18. Зорилт 12. Хүүхдийг аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн болон түүнд холбогдсон насанд хүрээгүй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ.
18.1.Хүрэх үр дүн
18.1.1.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоог бууруулсан, тэдэнд үзүүлэх сэтгэл санааны болон эрүүл мэндийн нөхөн сэргээх ажил, үйлчилгээ хэвшсэн байна.
18.1.2.Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил сайжирсан, гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн золиос болсон хүүхдийн тоо буурсан байна.
18.2.  18.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
18.2.1.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн төлөв байдлын судалгаа хийж, энэ талаархи мэдээллийн сүлжээг сайжруулах арга хэмжээ авах;
18.2.2.Хүүхдийг гэр орон, сургууль, нийгмийн бусад орчинд аливаа хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,  хамгаалах  нөхцөл бүрдүүлэх;
18.2.3.Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хязгаарлах сургалт, сурталчилгааг өргөжүүлж, энэ талаархи иргэдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;
18.2.4.Хүүхдийг садар, самууны зорилгоор ашиглах, дамжуулан худалдаалахаас сэргийлэх чиглэлээр улс хооронд болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах;
18.2.5.Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл санааны болон эрүүл мэндийн нөхөн сэргээх ажил, үйлчилгээг хийж эхлэх.
18.3. 18.1.2-т чиглэсэн үйл ажиллагаа
18.3.1.Хүүхэд үйлдсэн болон холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, хүүхдийн гэмт хэргийг бууруулах асуудлыг бодлогын хүрээнд хэрэгжүүлэх;
18.3.2.Насанд хүрээгүй хүмүүстэй холбоотой байцаан шийтгэх үйл ажиллагаа эрхэлдэг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, түүнчлэн нийгмийн ажилтныг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;
18.3.3.Хүүхдийг дамжуулан худалдах, барьцаалах, хүүхдийн бие эрхтэнг худалдах, хүчээр хөдөлмөрлүүлэх, бэлгийн харьцаанд ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулах.
19. Зорилт 13. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгахад чиглэсэн ажлыг эрчимтэй зохион байгуулна.
19.1.Хүрэх үр дүн
19.1.1.Хөдөлмөрийн зах зээлд хүүхэд хууль бусаар ажиллах явдал багассан, хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо буурсан байна.
19.1.2.Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд устах нөхцөл  бүрдсэн байна.
19.2.   19.1.1-д чиглэсэн  үйл  ажиллагаа
19.2.1.Хүүхдийн хөдөлмөрийн тухай ойлголт, олон улсын конвенцийн үзэл санааг олон нийтэд таниулах сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;
19.2.2.Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар үндэсний хэмжээний судалгаа явуулах; 
19.2.3.Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоог хязгаарлах чиглэлээр өрхийн амьжиргааг дэмжих үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх.
 
19.3.  19.1.2-т чиглэсэн үйл ажиллагаа
19.3.1.Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах бодлогыг тууштай хэрэгжүүлэх;
19.3.2.Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг илрүүлэх, мэдээлэх, хяналт тавих үйл ажиллагаанд олон нийт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгахад чиглэсэн төрийн хяналтыг сайжруулах;
19.3.3.Алт, өнгөт төмөрлөг, нүүрс, жоншны зэрэг уурхай дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг нэн даруй таслан зогсоох  арга хэмжээ авах.
20. Зорилт 14.  Хүүхдийг байгалийн гамшиг, ган, зуд, үер ус, гал түймэр, халдварт өвчний тархалтаас хамгаалах үндэсний  чадавхийг бэхжүүлнэ.
20.1.Хүрэх үр дүн
20.1.1.Байгалийн гамшиг болон нийтийг хамарсан осол, халдварт өвчний тархалтын үед хүүхдийг нэн тэргүүнд авран хамгаалах шуурхай байдлыг хангах чадавхтай болно.  
20.2.  20.1.1-д чиглэсэн үйл  ажиллагаа
20.2.1.Байгалийн гамшиг, нийтийг хамарсан осол, халдварт өвчнөөс хүүхдийг авран хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангах арга хэмжээ авах;
20.2.2.Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн нөөцийг бүрдүүлэх;
20.2.3.Байгалийн гамшиг, нийтийг хамарсан осол, халдварт өвчний аюулаас сэргийлэх, өөрийгөө хамгаалах сургалт, сурталчилгааны ажлыг хүүхэд, өсвөр үеийнхний дунд зохион байгуулах;
20.2.4.Шуурхай мэдээллийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүс нутгийг, эхний ээлжинд эрсдэлтэй болон алслагдсан орон нутгийг хангах арга хэмжээ авах;
20.2.5.Байгалийн гамшиг, нийтийг хамарсан осол, халдварт өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилго бүхий сайн дурын албадын үйл ажиллагааг дэмжсэн төсөл хэрэгжүүлэх.
 
Ү. ХҮҮХЭД ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ОРОЛЦОО, МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖ
21.Зорилт 15. Хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон нийтийн хамтын үйл ажиллагааг хөгжүүлнэ.
21.1.Хүрэх үр дүн 
21.1.1.Өсвөр үеийнхний нийгмийн амьдралд оролцох боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг туслалцаа өргөжсөн байна.
21.2. 21.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
21.2.1.Хүүхдийн санаа бодлыг тандан судлах, хүүхдийн эрхийн хэрэгжилтэд үнэлгээ өгөхөд өсвөр үеийнхний байгууллагыг оролцуулах  төсөл хэрэгжүүлэх; 
21.2.2.Хүүхэд хүүхдэдээ туслах хөдөлгөөнийг өрнүүлэн, хүнд нөхцөлд байгаа хүүхдэд хүүхдийн байгууллага, хамт олны туслах үйл ажиллагааг өргөжүүлэх;
21.2.3.Сургууль, багш, эцэг, эхчүүд хүүхдийн талаархи тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ тэдний байгууллага, хамт олон хамтран ажиллах;
21.2.4.Хүүхдийн төрийн бус байгууллага, сайн дурын хамт олныг ивээн тэтгэгч, дэмжигч байгууллага, иргэдийг урамшуулах арга хэмжээ авах;
21.2.5.Хүүхдийн байгууллагын ажилтан, сайн дурын идэвхтний боловсролыг дээшлүүлэн мэргэшсэн сургагч, арга зүйч, шинжээчдийг бэлтгэх;
21.2.6.Өсвөр үеийнхний асуудлаар гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх.
22. Зорилт 16. Хүүхэд, өсвөр үеийнхний эрхээ эдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ.
22.1.Хүрэх үр дүн
22.1.1.Хүүхэд, өсвөр үеийнхэн санаа бодол, дуу хоолойгоо бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгчдэд хүргэх, эрх ашгаа хамгаалахад  оролцох боломж бүрдсэн байна.
22.2.   22.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
22.2.1.Хүүхдэд нийгмийн сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах үзэл санаа төлөвшүүлэх,  үндэсний өв уламжлалаас суралцах  үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
22.2.2.Хүүхэд, өсвөр үеийнхний асуудлаар шийдвэр гаргахад тэдний санаа бодлыг харгалздаг нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх;
22.2.3.Хүүхэд, өсвөр үеийнхнийг өөртөө зориулсан ажил, үйлчилгээнд үнэлгээ дүгнэлт өгдөг чадвар, дадал эзэмшүүлэх;
22.2.4.Хүүхдийн санаа бодлыг судлах (сэтгэл зүй, социологи судалгааны алба, "хүүхдийн утас", захидал) үйл ажиллагааны хэлбэрийг нутаг орны онцлогт тохируулан өргөжүүлэх.
23. Зорилт 17. Хүүхэд, өсвөр үеийнхэн мэдээллийг эрж хайх, сонгох, боловсруулах, ашиглах, түгээх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төр, олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлнэ.
23.1.Хүрэх үр дүн
23.1.1.Төрөл бүрийн мэдээллийг хүүхдийн оролцоо, хөгжлийн шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэгдсэн бодлоготой явуулдаг болсон байна.
23.2. 23.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
23.2.1.Хүүхдэд зориулсан радио, телевизийн нэвтрүүлэг, сонин хэвлэлийн  хүмүүжүүлэх үр нөлөөг дээшлүүлэх, хэвлэл мэдээллээр хүчирхийлэл сурталчлахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
23.2.2.Үндэсний радио, телевизэд хүүхдийн мэдээллийн суваг нээх асуудлыг судлах;
23.2.3.Хүүхдийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан бэлтгэх, сургах арга хэмжээ авах;
23.2.4.Сургууль, хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн шинэ техник, технологийг нэвтрүүлэх.
 
ҮI. ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГЫН ҮНДЭСНИЙ ЧАДАВХ БҮРДҮҮЛЭЛТ
24. Зорилт 18. Хүүхдийн төлөө байгууллагын үндэсний чадавхийг шинэ зууны шаардлагад нийцүүлэн сайжруулна.
24.1.Хүрэх үр дүн
24.1.1.Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүрэгтэй байгууллагын  ажлын чадвар  сайжирсан байна;
24.1.2.Олон нийтийн хүчинд түшиглэсэн хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үндэсний чадавх бэхэжсэн байна.
24.2.  24.1.1-д чиглэсэн үйл ажиллагаа
24.2.1.Хүүхдийн талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллагын орон нутгийн бүтцийг боловсронгуй болгох;  
24.2.2.Хүүхдийн төлөө үндэсний газар, аймгуудын Хүүхдийн төлөө төвийн чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх;
24.2.3.Хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагааг үялдуулан зохицуулах хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн   чадварыг сайжруулах.
24.1. 2-т чиглэсэн үйл ажиллагаа
24.3.1.Хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг насанд хүрэгчдээс дэмжих эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын орчин бүрдүүлэх арга хэмжээ авах;
24.3.2.Хүүхдийн асуудлаархи төрийн бус байгууллагаар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх;
24.3.3.Хүүхдийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагуудын эвсэл, сүлжээний зохицуулагч байгууллагатай харилцах, хамтран ажиллах зохистой хэлбэрийг бий болгох.
Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа, удирдлага, зохион байгуулалт
25.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа
25.1.Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг 2002-2010 онд 3 үе шаттайгаар 9 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
25.2.Эхний үе шат нь 2002-2004 оныг хамаарна. Энэ үеийн үнэлгээгээр хөтөлбөрт зарим тодотгол хийж, нэмэлт оруулж болно.
25.3.Хоёр дахь үе шат нь 2005-2007 онд хэрэгжинэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн завсрын үнэлгээг хийж, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан хөтөлбөрт зарим нэмэлт, өөрчлөлт оруулж  болно.
25.4.Гурав дахь үе шат нь 2008-2010 онд үргэлжлэн хэрэгжиж, хөтөлбөрийн эцсийн үр дүнг тооцно. Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг үндэсний  болон орон нутгийн хэмжээнд нэгтгэн гаргаж, олсон амжилт, туршлагад үнэлгээ өгнө.
26.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
26.1.Хөтөлбөрийн удирдах дээд байгууллага нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэх)  байна. Үндэсний зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийг улс орны нийгэм, эдийн засгийн бодлого, хүний хөгжлийн асуудлаархи бусад хөтөлбөртэй уялдуулан зохицуулах үйл ажиллагаа явуулна.
26.2.Орон нутгийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг Засаг даргын удирдсан орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөл хариуцна.
26.3.Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүргийг Хүүхдийн төлөө үндэсний газар, аймаг, нийслэл, дүүрэгт Хүүхдийн төлөө төв, сумдад Засаг даргын Тамгын газрын хүүхэд, гэр бүл, хүн ам зүйн  асуудал эрхэлсэн ажилтан хариуцна.
 27.  Иргэний нийгмийн байгууллын оролцоо
А. Хөтөлбөрийн зорилтыг хангахад дор дурдсан байгууллага дараахь чиглэлээр оролцоно:
27.1.Гадаад хэргийн яам. Хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын болон гадаадын байгууллага, хувь хүмүүсийн идэвхтэй үйл ажиллагаа; хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын болон хоёр талт хамтын ажиллагаа, гадаад сурталчилгаа, мэдээлэл; гадаадад байгаа монгол хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, боловсрол, эрхийн хамгааллын асуудлыг эрхлэн зохицуулна.
27.2.Санхүү, эдийн засгийн яам. Хөтөлбөрийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр, хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулсан дотоодын хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжийн тодорхой хэсгийн хуваарилалт,  хүүхдийн төлөө үйл ажиллагааны төвлөрсөн арга хэмжээний зардал зэрэг асуудлыг эрхлэн зохицуулна.
27.3.Хууль зүй, дотоод хэргийн яам. Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн шинэчлэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах; насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа; насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг шийдвэрлэлт, эрхийн хамгаалал; төрсөн ба үрчлэгдсэн хүүхдийн бүртгэл, иргэний харьяаллын асуудлыг эрхлэн зохицуулна.
27.4.Байгаль орчны яам. Хүүхдийн амьдралын таатай экологийн орчин бүрдүүлэх, экологийн боловсрол олгох; ундны ус, хөрс, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрхлэн зохицуулна.
27.5.Батлан хамгаалах яам. Хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх сургалт, сурталчилгаа явуулах; гэнэтийн осол, гал түймэр, усны үер, цасан шуурга зэрэг байгалийн гамшгаас хүүхдийг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх иргэний хамгаалалтын тусгай сургалт, дадлагын ажлыг эрхлэн зохицуулна.
27.6.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам. Бага насны хүүхдийн нийгмийн болон танин мэдэхүйн хөгжил; бүх хүүхдэд чанартай боловсрол эзэмших тэгш боломж; өсвөр үеийнхний амьдрах арга ухаан, иргэний боловсрол, нийгмийн оролцоо; хүүхдийн чөлөөт цаг, авъяас чадвар, соёл, урлагийн үйлчилгээ, ном сурах бичиг, тоглоом наадгай, хүүхдийн сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх асуудлыг эрхлэн зохицуулна.
27.7.Дэд бүтцийн яам. Сургууль, эмнэлэг, хүүхдийн байгууллагыг тухайн орон нутгийн онцлогт тохирсон найдвартай цахилгаан, дулаан зэрэг дэд бүтцээр хангах; хүүхдэд зориулсан ажил, үйлчилгээ явуулдаг байгууллагыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулах асуудлыг эрхлэн зохицуулна.
27.8.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам. Хүнд нөхцөлд байгаа хүүхдийн нийгмийн хамгаалал, халамжийг сайжруулах, өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх замаар хүүхдийн эрх ашгийг хамгаалах; хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг нэн даруй устгах; хүчирхийлэл, нийгмийн сөрөг нөлөөллөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлыг эрхлэн зохицуулна.
27.9.Үйлдвэр, худалдааны яам. Хүүхдийн хоол хүнс, гутал хувцас, хичээлийн хэрэгсэл, ном хэвлэл, тоглоом наадгай зэрэг хэрэгцээт зүйлийн үйлдвэрлэл; хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний импортын асуудлыг эрхлэн  зохицуулна.
27.10.Хүнс, хөдөө аж ахуйн яам. Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хүнсний баяжуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар, хангамжийг нэмэгдүүлэх  асуудлыг эрхлэн зохицуулна.
 
27.11.Эрүүл мэндийн яам. Бага насны хүүхдийн асаргаа, сувилгаа; эх, хүүхдийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, дархлаажуулалт; хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдрын өсөлт, хөгжилт; амьдралын эрүүл ахуйн аюулгүй цэвэр орчин; эрүүл аж төрөх арга ухаан, эрүүл мэндийн боловсрол, биеийн тамир, спортын асуудлыг эрхлэн зохицуулна.
27.12.Радио, телевизийн хэрэг эрхлэх газар. Хүүхдэд зориулсан сургалт, танин мэдэхүйн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нийт иргэдэд зориулсан хүүхдийг өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх, хамгаалах сурталчилгааны нэвтрүүлэг; аж ахуйн нэгж, байгууллагаас хүүхдэд зориулан явуулах нийтлэл, нэвтрүүлэгт үзүүлэх мэргэжлийн арга зүйн туслалцааг эрхлэн зохион байгуулна.
27.13.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, түүний ажлын алба. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах удирдлага, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зохицуулалт, нэгдсэн тайлан, мэдээ, мэдээлэл; хөтөлбөрийн үйл ажиллагааны уялдаа холбоо, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоо; орон нутгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, түүний мэргэжлийн удирдлага, хяналт, үнэлгээ, нэгдсэн сургалт, судалгааг эрхлэн зохион байгуулна.
Б.Хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлэхэд Засгийн газрын бус байгууллагуудтай дараахь чиглэлээр хамтран ажиллана:
27.14.Төрийн бус байгууллага
1)Нийгмийн эмзэг бүлгийн өрхөд хүүхдээ тэжээж тэтгэх чадвартай болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, амьдрах арга ухаан, хөдөлмөр эрхлэх, хүүхдээ асрах арга барилд сургахад туслах;
2)Хүүхдийн нийгмийн тусгамдсан асуудлаар гэр бүл, эцэг, эхэд шаардлагатай ажил, үйлчилгээ үзүүлэх;
3)Олон нийт, хүүхэд, өсвөр үеийнхний санаа бодлыг судлах, эрэлт хэрэгцээг тодорхойлох чиглэлээр судалгаа явуулахад оролцох;
4)Гэр бүлд чиглэсэн хүүхэд хамгааллыг дэмжих  төсөл боловсруулан хэрэгжүүлэx;
5)Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх.
27.15.Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагa
1)Ажиллагчдынхаа хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр жил бүр хамтын гэрээнд тодорхой хөрөнгийг тусган хэрэгжүүлэx;
2)Xүүхдийн хөгжил, хамгааллын алба, хүүхдийн цэцэрлэг, ясли, зуслан, сувилал ажиллуулах, туслах аж ахуй хөгжүүлэх, орон сууц барих зэрэг арга хэмжээнд зохих хөрөнгө зарцуулах санаачилга гаргаx;
3)Олон хүүхэдтэй, амьдрал нэн хүнд өрхийн хүүхдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд дэмжлэг үзүүлэx;
4)Хүүхдийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаx.
В. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гэр бүл, эцэг, эх, иргэд дараахь чиглэлээр ажиллана:
28.1.Иргэд, олон нийтийн оролцоо
1)Хүүхэд бүрийн хэвийн өсөн хөгжих нөхцөлийг хангах, хүүхдийн эрхийг сахин хамгаалах ажилд иргэд, хамт олны дотоод нөөц бололцоог өргөн  ашиглаx;
 2)Иргэд, хамт олны үүсгэл санаачилга, идэвхтэй үйл ажиллагааг дэмжин урамшуулаx;
28.2.Гэр бүл, эцэг, эхийн оролцоо
1)Хүүхдийн эрхийг хамгаалах, авьяас чадварыг хөгжүүлэх, тэднийг өсгөн хүмүүжүүлэхэд эцэг, эх, гэр бүлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах;
2)Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны анхан шатны байгууллагын хяналтыг чангатгах, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллана. 
29.Хөтөлбөрийн олон улсын хамтын ажиллагаа, түншлэл
29.1.НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай хөтөлбөрийн үйл ажиллагааг  хэрэгжүүлэх  чиглэлээр нягт хамтран ажиллаж, хүүхдийн эрх ашгийн төлөө хөгжил, дэвшлийг хурдасгах үйл хэрэгт голлох дэмжлэгийг авна.
29.2.Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон хандивлагч орнуудын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулсан хөрөнгө оруулалтын дэмжлэг авах чиглэлээр  хамтран ажиллана.
29.3.Английн Хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн, Японы Энхтайвны салхи, АДРА, Монголын нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын сан), Норвегийн Хүүхдийг ивээх сан (Редд Варна), Норвегийн тусламжийн байгууллага (НЛМ) зэрэг Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон сайн санааны байгууллагатай  хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
29.4.Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний болон орон нутгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад сонирхогч, түншлэгч олон улсын болон гадаадын байгууллага, иргэдтэй харилцан ойлголцож, хамтран ажиллах бүх боломжийг эрж хайх болно.
29.5.Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн  хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох ба нэн даруй устгах тухай 182 дугаар конвенц болон Монгол Улсын бусад олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар үндэсний тайлан илтгэлийг бэлтгэн тухай бүр холбогдох байгууллагад хүргүүлж, санал зөвлөмжийг хангах чиглэлээр хамтран ажиллана.
29.6.Хүүхдийн төлөө хандивлагч байгууллагуудын удирдлагын зөвлөл ажиллуулж, бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах боломжийг бүрдүүлнэ.
30.Хөтөлбөрийн уялдаа холбоо
Энэхүү хөтөлбөрийг Хүн амын талаар төрөөс баримтлах бодлогын бүрэлдэхүүн хэсэг болгон улс орны нийгэм, эдийн засгийн нөөц боломж, хамтын ажиллагааны хүрээнд үе шаттайгаар зохион байгуулна.
30.1.Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах дэд хөтөлбөрийг аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр боловсруулан баталгаажуулж, тухайн Засаг даргын удирдлага дор хэрэгжүүлнэ.
30.2.Хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол, хөгжил, нийгмийн халамж, хамгаалал, өсвөр үеийн оролцооны бусад хөтөлбөр, төслийг энэхүү хөтөлбөртэй уялдуулан салбарын бодлого, зохицуулалтаар хангана.
30.3.Үндэсний болон орон нутгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлого, орон нутгийн өөрийн удирдлага, төвлөрлийг сааруулах үзэл баримтлалд тохирсон арга хэрэгсэлтэй уялдуулан хүүхдэд нийгмийн цогц суурь үйлчилгээ хүргэх, орон нутаг, байгууллага, гэр бүлийн хөгжлийг дэмжих, тэдгээрийн чадавхийг дээшлүүлэхэд улсын болон орон нутгийн төсвийн тодорхой хувийг зориулж байна.
30.4.Хөтөлбөрийг нийгмийн салбарт мөрдөж байгаа үндэсний бусад хөтөлбөр, төслүүдтэй уялдуулан төв, орон нутаг болон салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах, үр дүнг үнэлж дүгнэхэд анхаарлаа чиглүүлнэ.
30.5.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын болон гадаадын байгууллага, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэн, олон нийтийн оролцоонд түшиглэж ажиллана. Хүүхдийг хөгжүүлж, хамгаалахад амжилт гаргасан болон идэвх зүтгэлтэй ажилласан байгууллага, хүмүүсийг урамшуулж байна.
30.6.Хүүхдийн эрхийн тухай конвенц болон бусад хууль тогтоомж, монголын хүүхдийн аж байдлын талаархи олон нийтэд зориулсан ном, товхимол бэлтгэх, сургалт, сурталчилгааны материал, аргачлал боловсруулах ажлыг жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
30.7.Хүүхдийн төлөө найдвартай түншлэлийн бодлого баримтлан олон улсын болон гадаадын байгууллага, сонирхогч тал, хувь хүмүүст хөтөлбөрийн үзэл санаа, хэрэгжилтийн талаар байнга мэдээлж, олон улсын болон хоёр талын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт хүүхдийн талаархи тулгамдсан асуудлыг тусгаж байна.
Тав. Хөтөлбөрийн мэдээлэл, сурталчилгаа, сургалт судалгаа
31.Хөтөлбөрийн мэдээлэл, сурталчилгааны зорилт нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхэд оршино. Монгол орны нийгэм, эдийн засгийн  хөгжлийн түвшинтэй холбоотойгоор түгээмэл байгаа ядуурлын улмаас эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах, гэр бүлд чиглэсэн нийгмийн ажил, үйлчилгээг сурталчлах замаар хөтөлбөрийн зорилгыг дэмжин ажиллана. Мэдээлэл, сурталчилгаа нь түншлэлийг бэхжүүлэх, хөтөлбөрийн тухай мэдээллийг түгээх, олон нийтийг дайчлах зэрэг асуудалд дэмжлэг үзүүлнэ. 
Хүүхдийн эрхийг  хамгаалан дэмжих олон нийтийн үүсгэл санаачилгыг зөв өрнүүлэхэд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглана. Мөн хүүхдэд хэрэгтэй мэдээллийг тогтмол түгээх, хүүхдийн асуудалд нөхөрсгөөр хандахад хэвлэл, мэдээллийн хэрэгслийн оролцоог нэмэгдүүлнэ.
Үндэсний болон орон нутгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээллийн зохистой  сүлжээ бүрдүүлж, хамтран ажиллагч олон улсын болон гадаад, дотоодын байгууллага, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангана. Хүүхдийг дэмжигч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдийн үйл ажиллагааг сурталчлахад бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэтийн сүлжээг өргөн  ашиглана. 
32.Судалгааны ажил нь хүүхэд, өсвөр үеийнхний байдал, тэдний эдэлбэл зохих эрхийн үүднээс үнэлгээ хийх, салбар болон салбар дундын шинэчлэлд шаардагдах төлөвлөлтийг боловсруулах, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн хөтөлбөр, төслийн үр дүн, хүнд нөхцөлд байгаа хүүхдийн хамгааллын асуудлыг судлахад голлон анхаарна. 
Олон нийтийн оролцоонд тулгуурласан мэдээлэл, сурталчилгааны арга зүйг хэрэгжүүлэхэд тусална. Хөтөлбөрийн  зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн судалгаа хийж, нийгмийн салбарын хөгжлийн мэдээлэлтэй харьцуулан судалж хамтран ажиллана.
Хүнд нөхцөл дэх хүүхдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, ажлын үр дүнг олон нийтэд жил бүр тайлагнадаг журам тогтоох талаар арга хэмжээ авна.
33.Ардчилсан, иргэний нийгэмд хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагуудыг хүүхдийн төлөө бодлого, үйл ажиллагаанд татан оролцуулахад нийгмийн анхаарлыг хандуулахыг зорино.
Хөтөлбөрийн хэрэгжилт болон хүүхдийн эрхийн хамгааллын талаар гарын авлага, сурталчилгааны материал бэлтгэн олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулна. Орон нутгийн эрэлт хэрэгцээг тодорхойлж, төвлөрсөн бус аргаар нийгмийн бүлгийн сургалт явуулдаг ажлыг хэвшүүлнэ. Хүүхэдтэй ажилладаг сайн дурынхны хүрээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулна.
34.Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийн төслүүдэд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана.Үүнд:
1)Хүүхдэд ээлтэй эрх зүйн шинэчлэл;
2)Гэр бүлд чиглэсэн хүүхдийн эрхийн хамгаалал;
3)Хүүхдийн эрхийн мэргэшсэн ажилтан;
4)Нийгмийн цогц суурь үйлчилгээ;
5)Хүүхэд, өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн  тусламж, үйлчилгээ;
6)Хүүхдийн өвчний цогц удирдлага;
7)Ядуу болон гамшигт нэрвэгдсэн айл  өрхийн хүнсний  аюулгүй хэрэглээ;
8)Малчны хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол;
9)Хүүхдэд ээлтэй сургууль;
10)Хүүхдийн ном хэвлэл;
11)Хүүхдийн  чөлөөт цагийн удирдлага;
12)Хүүхэд хүүхдэдээ туслахуй;
13)Өсвөр үеийнхний эрхийн хамгаалал болон оролцоо;
14)Мэдээлэл, сурталчилгаа болон олон нийтийн мэдлэг;
15)Хүүхдийн сайн сайхны төлөө түншлэл;
16)Үндэсний цөөнхийн хүүхдийн хөгжил, хамгаалал;
17)Хүүхдэд зориулсан уран бүтээл;
18)Хууль зөрчсөн хүүхдийн эрхийн хамгаалал;
19)Хүнд нөхцөл дэх хүүхдийн хөгжил;
20)Тахир дутуу хүүхдийг нөхөн сэргээх үйлчилгээ;
21)Хараа хяналтгүй хүүхдийн төлөвшил;
22)Хүчирхийлэлд өртсөн  хүүхдийн хамгаалал;
23)Хорт зуршил болон хүүхэд зэрэг болно.
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт, арга хэрэгсэл, тайлан мэдээлэл, хяналт шалгалт
35.Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
35.1.Улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
35.2.Хандивлагч орон болон олон улсын байгууллагын  тусламж, хандив;
35.3.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө;
35.4.Хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
35.5.Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө;
35.6.Бусад эх үүсвэр.
36.Хөтөлбөрийн санхүүжилтийн арга хэрэгсэл
36.1.Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаанд зориулсан төвлөрсөн арга хэмжээний санхүүжилтийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ;
36.2.Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд явуулах зарим үйл ажиллагааг Хүүхдийн төлөө сангаар дамжуулан санхүүжүүлнэ.
37.Хөтөлбөрийн санхүүжилтийн тайлан мэдээлэл, хяналт шалгалт:
37.1.Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр, түүний хуваарилалт, зарцуулалт болон ашиглалт, түүнд тавих хяналтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ;
37.2.Хөтөлбөрийн санхүүжилтийн мэдээ тайланг бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод мэдээлж, гол хандивлагч, ивээн тэтгэгчдийн итгэл найдварыг хүлээх үндсийг бүрдүүлнэ;
37.3.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын шугамаар олгосон хандив, тусламж, түүнчлэн гэр бүл, иргэдийн үүсгэл санаачилга, идэвх оролцоогоор хуримтлагдсан хөрөнгөтэй холбоотой хөтөлбөрийн санхүүжилтийн тайланг сум, дүүрэг, аймаг, нийслэл болон үндэсний хүрээнд мэдээлж, жил тутам ивээн тэтгэгч, хандивлагч, гүйцэтгэгчийн үйл ажиллагааг шударгаар үнэлэн урамшуулах ажлыг зохион байгуулна.
Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлт
38.Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зохион байгуулалт
Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, арга туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг  санхүүжүүлэгчдэд тайлагнах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээг төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгжүүлнэ.
39.Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэлбэр
Ажлын тайлан. Зорилт хэрхэн биелэгдсэн, олсон амжилт, гарсан алдаа, түүний шалтгаан, байдал хэрхэн өөрчлөгдсөнийг тусгасан жилийн болон тухайн хугацааны тайланд дүн шинжилгээ хийнэ.
Тусгай судалгаа, шинжилгээний ажил. Бодит баримт, тэдгээрийн шалтгааныг хамтад нь тусгасан дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, дүгнэлтийг хөтөлбөрийн үр дүнтэй шууд холбон үзнэ.
Нөхцөл байдлын шинжилгээ. Нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан хөтөлбөрийн амжилттай хэрэгжиж байгаа эсэхийг хяналт-шинжилгээгээр тодруулахыг хичээнэ.
Хөтөлбөрийн бодлого, түүний хэрэгжилтийг хэлэлцэх уулзалт. Уулзалтууд нь гүйцэтгэлийн үр дүн, үзүүлэлтүүдэд тулгуурлан хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэнэ.
Хөтөлбөрийн зөвлөмж. Холбогдох санхүүгийн мэдээллийг агуулсан 3-5 жилийн зорилтын хэрэгжилтэд хураангуй хяналт-шинжилгээ хийж, хандивлагчдад тараана.
Хяналт шалгалт. Хөтөлбөрийн зорилтыг биелүүлэх үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг хяналт шалгалтын үйл ажиллагаагаар тогтооно.
40. Хяналтын ажлын хуваарь
Хөтөлбөрийн нэгдсэн тайланг жил бүрийн 12 дугаар сард, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтийг жил бүрийн  1-2 дугаар сард, тоо баримт цуглуулах ажлыг жил бүрийн     3-4 дүгээр сард, цуглуулсан мэдээллийн боловсруулалтыг жил бүрийн 4-5 дугаар сард, хөтөлбөрийн явц байдлын мэдээллийг жил бүрийн 6 дугаар сард, хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийн үзлэгийг жил бүрийн 7-8 дугаар сард, хөтөлбөрт шаардлагатай нэмэлт ба шуурхай арга хэмжээ авах ажлыг жил бүрийн        7-10 дугаар сард, хөтөлбөрийн асуудлаар зөвлөмж  гаргах, сургалт явуулах ажлыг жил бүрийн 9-11 дүгээр сард тус тус зохион байгуулна.
41.Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зарим шалгуур үзүүлэлтүүд:
 
 
Шалгуур үзүүлэлт
Суурь үзүүлэлт (2001)
Завсрын үзүүлэлт
(2005)
Эцсийн үзүүлэлт
(2010)
          I. Хүүхдэд ээлтэй эрх зүйн шинэтгэл
1.Олон улсын хүүхдийн эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн үнэлгээ хийгдсэн Монгол Улсын  хуулийн тоо
 
50
 
100
 
150
         П. Хүүхдийн амьдралын эрүүл, аюулгүй орчин
2.Хүүхдийн эмч/өсвөр үеийнхний эмчийн тоо (10000 хүүхдэд ногдох)
3.1
3.5
5.0
3.Нялхсын эндэгдэл (1000 амьд төрөлтөд)
30.2
28.0
25.0
4.Тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлтөд)
40.8
38.5
35.0
5.Хүүхдийн 6 сар хүртэл хугацаанд зөвхөн эхийн хөхөөр хооллодог хувь
-
60
90
6.Тав хүртэлх насны хүүхдийн тураал/өсөлтийн хоцрогдлын  хувь
12.5/24.6
8/18
5/10
7.Эрүүл хот/Эрүүл мэндийг дэмжих байгууллагын  тоо
0/25
1/100
3/200
8.Хүүхдэд ээлтэй эмнэлэг/Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн тоо
144/26
165/50
200/100
          Ш.Хүүхдийн чанартай боловсрол, төлөвшил
9.Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын  хувь
34.0
62.0
72.0
10.Бага боловсролын хамран сургалтын хувь
95.3
97.0
99.0
11.Суурь боловсролын хамран сургалтын хувь (бохир жингээр)
 
89.7
 
92.0
 
95.0
12.Суурь болон бүрэн дунд боловсролын хүйсийн харьцааны хувь
 
52.8/58.7
 
52.0/56.0
 
51.0/54.0
13.ЕБС-ийн ээлжийн итгэлцүүр
2.7
2.2
1.8
14.Интернэтэд холбогдсон сургуулийн хувь
55
75
95
15.ЕБС-ийн сурагчдын хичээлээс гадуурхи сургалтад хамрагдалтын хувь
 
20
 
40
 
60
16.Чөлөөт цагийн танхимтай сургуулийн хувь
10
30
50
17.ЕБС-ийн сурагчдын соёл урлагийн үйлчилгээнд хамрагдалтын хувь
 
 
 
30
 
50
 
65
          IҮ.Гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгаалал
18.Хүүхдийн төрсний гэрчилгээ олголтын хувь
96
98
100
19.Хүнд нөхцөл дэх хүүхдийн тооны бууралтын хувь
-
20
30
20.Нийгмийн цогц суурь үйлчилгээний хөтөлбөрт хамрагдсан аймаг,   дүүрэг/сумын тоо
 
7/10
 
10/20
 
30/50
21.Хүнд буюу тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо буурсан хувь
 
-
 
50
 
95
22.Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүмүүсийн тоо буурсан хувь  (10000 хүүхдэд ногдох)
 
-
 
5
 
10
23.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тооны буурсан хувь (10000 хүүхдэд ногдох)
 
-
 
20
 
30
         Ү.Хүүхэд, өсвөр үеийнхний оролцоо, мэдээллийн хүртээмж
24.Хүүхэд, өсвөр үеийнхэн  өөрийн удирдлагын байгууллага, хамт олны хөдөлгөөнд хамрагдсан хувь
 
 
   10
 
 
20
 
 
35
25.Хүүхдэд зориулсан радио, телевизийн нэвтрүүлгийн 7 хоногийн цагийн хэмжээ
 
3-4
 
4-6
 
6-8
26.Хүүхдийн сонин, сэтгүүлийн гаралтын тоо (100 хүүхдэд ногдох)
    14
20
25
 
 
 
 
        ҮI.Хүүхдийн төлөө байгууллагын үндэсний чадавх бүрдүүлэлт
27.Интернетийн сүлжээнд холбогдсон хүүхдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагын тоо 
10
20
30
28.Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус хүүхдийн байгууллагын тоо
-
3
5
 
Энэхүү шалгуур үзүүлэлтүүдийн зэрэгцээ хөтөлбөрийн гуравдугаар бүлэгт заасан бүрэлдэхүүн хэсгүүдийн зорилт бүрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийг мөн харгалзан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна.
42.Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний алба, Хүүхдийн төлөө үндэсний газар эрхлэн гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд хүүхдийн төрийн бус байгууллага, иргэдийг өргөнөөр оролцуулж байна.
 
 
 
 
-----оОо------