- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 80 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
1. Хорт хавдрын өвчлөл, нас баралтын байдал.
Сүүлийн жилүүдийн судалгаагаар манай улсад 100000 хүн тутмаас дунджаар 166,7 хүн хорт хавдраар өвчилж байгаагийн дотор эрэгтэйчүүдийн өвчлөл илүү байна. Хүн амын нас баралтын шалтгаанд хорт хавдар хоёрдугаарт орох болж, нас барж байгаа 6 хүн тутмын нэг нь энэ өвчний улмаас эндэх боллоо. Хорт хавдрын өвчлөлийн бүрэлдэхүүнд элэг, ходоод, уушиг, улаан хоолой, умайн хүзүүний хавдар зонхилж, эдгээр нь нийт өвчлөлийн 85,7 хувийг эзэлж байна.
Жил бүр хавдраар шинээр өвчилж байгаа өвчтөний 64,3 хувь нь онош хожимдсоноос тухайн жилдээ нас барж, хавдар судлалын төвд эмчлүүлэгсдийн 65-70 хувийг өвчнийхээ Ш,IV үед орсон хүмүүс эзэлж байгаа нь манай улсад хавдартай тэмцэх тулгамдсан асуудлын нэг болсныг харуулж байна.
2. Хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах шаардлага
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын тооцоолсноор хорт хавдартай тэмцэх талаар нэгэнт бий болсон мэдлэг, арга зүйг практикт нэвтрүүлж чадвал шинээр гарах өвчлөлийн 1/3-ийг урьдчилан сэргийлж болохоос гадна эрт оношилж эмчилгээг хугацаанд нь хийвэл нийт хорт хавдрын тохиолдлын 1/3-ийг төгс эмчлэх боломжтой байдаг нь тогтоогджээ.
Манай улсад хорт хавдраар өвчилж нас барах явдал хүн амын дунд жил бүр өсөж байгаа төдийгүй тэр нь ажил амьдралын туршлага сууж ид хөдөлмөрлөх 40-55 насны хүмүүсийг зонхилон хамарч буй нь төр, засгийн анхаарлыг татах нийгмийн тулгамдсан асуудал болж байна. Иймд дэлхийн хавдар судлалын шинжлэх ухааны ололт, амжилтыг амьдрал практикт хэрэгжүүүлж, хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, уг өвчнийг эрт илрүүлэн оношлох, төгс эмчлэх талаар үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлага нэгэнт бий болжээ.
3. Хорт хавдартай тэмцэхэд тохиолдож байгаа бэрхшээл
Манай оронд хорт хавдрын өвчлөл, нас баралтад элэгний халдварт үрэвсэл, архи, тамхи хэрэглэх зэрэг уламжлагдсан зарим зохисгүй дадал зуршил, хүнсний зүйлийн буруу хадгалалт ихээхэн нөлөөлж байгаа бөгөөд хүн амыг хавдраас сэргийлэх мэдээллийн хомсдол хийгээд хавдартай тэмцэх ажилд төр, засаг, олон нийтийн байгууллагын оролцоо хангалтгүй, хавдрыг эрт оншлох орчин үеийн техник хэрэгсэл, эм, урвалж бодис дутагдаж байгаа зэрэг нь гол бэрхшээл болж байна.
4. Хорт хавдартай тэмцэх талаар явуулах төрийн бодлого, зорилго, хэрэгжүүлэх арга зам
1/Хорт хавдартай тэмцэх төрийн бодлого
Хорт хавдартай тэмцэх төрийн бодлого нь хавдар өвчнөөс хүн амыг сэргийлж, өвчилсөн тохиолдолд цаг хожсон, нийтэд хүртээмжтэй тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
2/Үндэсний хөтөлбөрийн зорилго ба зорилт:
Үндэсни хөтөлбөрийн зорилго нь хүн амын дунд хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулахад оршино. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
а/хорт хавдрын тархалтын орон нутгийн онцлогийг харгалзан анхдагч ба хоёрдогч сэргийлэлтийн аргыг боловсруулан хэрэгжүүлэх;
б/хорт хавдрыг эрт илэрүүлэх, оношлох талаар өөрийн орны эмнэлгийн тусламжийн шатлалд тохирсон энгийн /асуумжийн арга г.м./ нийтэд хүртээмжтэй аргыг хэрэглэх;
в/хорт хавдрын эмчилгээний /мэс засал, химийн г.м./ үр дүнтэй аргыг хот, хөдөөгийн эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
г/хавдартай өвчтнийг эмнэлгийн тусламжийн нэг шатлалаас нөгөөд шилжүүлэх зохистой хэлбэрийг нэвтрүүлэх;
д/хавдар судлалын төвд хорт хавдрыг молекулын биологийн түвшинд судлах, өвчнийг эрт, бүрэн магадлалтай оношлох, төгс эмчлэх нөхцөлийг бүрдүүлэх.
3/Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам:
а/төрийн болон олон нийтийн төв, орон нутгийн байгууллага, хэвлэл мэдээлэл, холбогдох мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах;
б/хувь хүн, хамт олныг хавдар үүсгэгч хүчин зүйлээс сэргийлэх мэдлэгтэй болгох;
в/анхдагч сэргийлэлтийн аргаар, ялангуяа архи, тамхинаас болон тодорхой халдварт /В гепатит г.м./ өвчинтэй холбоотой үүсдэг хавдруудаас сэргийлэх ажлыг зохион байгуулах;
г/умайн хүзүү, хөх, арьс, амны хөндийн өмөн зэрэг эрт илрүүлэх боломжтой хавдруудаас сэргийлэх хоёрдогч сэргийлэлтийн аргыг хэрэглэх;
д/халдвар судлалын мэргэжлийн бус эмч нарт хавдрын урьдал ба суурь өвчнийг эрт оношлох, эмчлэх аргыг эзэмшүүлэх;
е/хавдар судлалын мэргэжлийн эмч нарт хорт хавдрыг эрт оношлох, төгс эмчлэх талаар дэлхий дахинд гарч буй орчин үеийн шинэ, дэвшилт арга, технологийг эзэмшүүлэх.
5. Хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн зарчим, шалгуур үзүүлэлтүүд:
1/Хөтөлбөрийн хэрэгжилтийн үндсэн зарчим нь хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчлөгсдийг эрт илрүүлж, эмчлэх ажлыг хүн ам, төр, олон нийтийн блон эмнэлгийн бүх шатны байгууллагын нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан явуулахад оршино.
2/Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын шалгуур үзүүлэлтүүдэд ДЭМБ-аас санал болгож байгаа /хорт хавдраас сэргийлэх талаархи хүн амын мэдлэгийн түвшин, бүх шатны эмнэлгийн эмч нарын хавдрын урьдал ба суурь өвчнийг оношлох, эмчлэх аргыг эзэмшсэн байдал, хавдартай тэмцэх ажлын зохион байгуулалт г.м./ ерөнхий зөвлөмжийг удирдлага болгоно.
ХОЁР. ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, САНХҮҮЖИЛТ, ХЯНАЛТ, ХУГАЦАА
Үндэсний хөтөлбөрийн удирдлага
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргийг Засгийн газрын шийдвэрээр байгуулагдах Үндэсний зөвлөл хариуцах ба тус үндэсний зөвлөлөөс тодорхой эрх, үүрэг бүхий хөтөлбөрийн үндэсний зохицуулагчийг томилж, аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж салбар зөвлөлүүдийг байгуулж ажиллуулна.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт, хяналт
Хорт хавдартай тэмцэх ажил нь улс, аймаг /нийслэл/, сум, /дүүрэг/-ын гэсэн гурван түвшинд зохион байгуулагдана. Зохион байгуулалтын энэ хэлбэр нь хорт хавдартай тэмцэхэд эмнэлгийн тусламжийн шатлал бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж, энэ үйл ажиллагаанд төр, олон нийт, аж ахуй нэгж, байгууллагууд, нийт хүн амыг татан оролцуулах боломжийг хангахад чиглэнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдсон үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг улсын болон орон нутгийн хэмжээнд үндэсний салбар зөвлөлүүд хариуцаж холбогдох байгууллагуудын дэмжлэг, туслалцааг авч ажиллана. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар жил бүрийн 1 дүгээр улиралд салбар зөвлөл бүр Үндэсний зөвлөлд, Үндэсний зөвлөл Засгийн газарт мэдээлж байна.
3.Боловсон хүчний сургалт, мэргэжлийн бэлтгэл
1/Мэргэжлийн хүрээнд
Эмнэлгийн дунд мэргэжилтэн /бага эмч, сувилагч, лаборант г.м/, их эмч /сумын ба өрхийн/, мэргэжлийн эмч /хавдар судлал, мэс засал, эмэгтэйчүүд,, дотрын г.м/ гэсэн ангиллаар тэднийг хавдар судлалын талаар ялгавартай хөтөлбөрөөр сургаж бэлтгэхээс гадна дипломын өмнөх сургалтын үед хорт хавдартай тэмцэх мэдлэг олгох асуудлыг өргөжүүлнэ.
2/Мэргэжлийн бус хүрээнд
Мэргэжлийн бус хүмүүсийг хавдартай өвчтөнийг асрах, сувилах арга зүйд сургах замаар эрүүл мэндийн сайн дурын туслагчдыг бэлтгэх ажлыг зохион байгуулна.
4. Хөтөлбөрийн хэрэгжилтэд төрийн бус байгууллагууд, олон түмний оролцоо, хамтын ажиллагаа
Хөтөлбөрийн хэрэгжилтэд төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллага, шашны байгууллага, иргэдийн оролцоо, хувь нэмэр чухал үүрэгтэй байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ДЭМБ, Олон улсын цөмийн энергийн агентлаг, Хавдрын эсрэг олон улсын холбоо болон бусад олон улсын байгууллага, гадаад орнуудын тал бүрийн дэмжлэг туслалцааг авч ажиллахыг зорино.
5. Хөтөлбөрийн санхүүжилт:
а/үндэсний хөтөлбөрийн арга хэмжээг жил бүрийн төвлөрсөн ба орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ;
б/олон улсын байгууллагуудын дэмжлэг, туслалцааг авна;
в/үндэсний хөтөлбөрийн дэмжих талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив оруулах хөдөлгөөн өрнүүлнэ.
/Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог 1 дүгээр хавсралтаар харуулав/
6. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 1997-2005 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
а/хорт хавдар үүсгэх бодисоор гадаад орчныг бохирдуулахаас сэргийлж, хүний эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд ажиллаж амьдрахтай холбогдсон болон архи, тамхины хэрэглээний талаар гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ;
б/хүн амын хүнсний чанар, хангамж, хүртээмжийг үндэсний түвшинд сайжруулна;
в/хорт хавдар өвчний талаархи зохих мэдээллээр хүн амыг хангахад төр, засгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөн оролцуулна.
Төрийн захиргааны төв байгууллагуудаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
1/Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын яам:
а/хорт хавдартай тэмцэх чиглэлээр ДЭМБ, Хавдартай тэмцэх олон улсын холбоо болон олон улсын бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ;
б/хавдрыг эрт илрүүлж оношлох, эмчлэх талаар өөрийн орны нөхцөлд тохирсон аргачлалаар эмнэлгийн байгууллагуудыг хангана;
в/хавдар судлалын суурь судалгааны чиглэлийг өргөжүүлэхийн хамт аймаг, дүүргийн эмнэлгийн ажиллагаанд эд, эс, иммунологийн шинжилгээний зарим аргыг шинээр нэвтрүүлнэ;
г/тус орны янз бүрийн бүс нутагт хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ
д/ДЭМБ-аас хавдрын эсрэг хэрэглэхэд илүү үр дүнтэй гэж гишүүн орнуудад зөвлөмж болгож байгаа хавдрын химийн эм хангамж, хүртээмжийг сайжруулна;
е/хорт хавдартай тэмцэх талаархи хууль тогтоомжийн биелэлтэд Засгийн газрын холбогдох агентлаг хяналт тавина.
2/Гэгээрлийн яам:
а/хүүхдийн нас, биений онцлогт тохирсон эрүүл мэндийн боловсрол олгох талаар "Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ асуудлыг цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна;
б/хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх талаар өөрийн орны нөхцөлд тохирсон үр ашигтай аргыг судлан боловсруулах чиглэлээр эрдэм шинжилгээний төслүүдийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх арга хэмжээ авна;
в/Анагаах ухааны их сургууль, коллежийн дипломын өмнөх ба дараахь сургалтад тусгагдсан хавдар судлалын хөтөлбөрийг шинэчлэн орчин үеийн түвшинд хүргэж, сургалтын чанарыг сайжруулна.
3/Сангийн яам:
а/хавдар судлалын олон улсын байгууллагын гишүүний татвар болон хавдартай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил тутам улсын төсвөөс санхүүжүүлж байна;
б/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах эм, урвалж, багаж, тоног төхөөрөмжийг Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын яамны захиалга, тооцоог үндэслэн улсын хөрөнгө оруулалтаар хангах бодлого баримталж ажиллана.
4/Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам:
Үр тариа, төмс, хүнсний ногоо болон хүнсний бусад бүтээгдэхүүнийг хадгалах технологийн горимыг чанд сахиулах, хорт хавдар үүсгэгч хор /афлатоксин/ ялгаруулдаг мөөгөнцрөөр хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос хамгаалах, хүн амыг чанар сайтай хүнсний зүйлээр хангах бодлого явуулна.
5/Радио, телевизийн хэрэг эрхлэх газар:
Хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний эрт илрэх шинж тэмдгүүдийг таньж мэдэх, эрт илрүүлбэл халдвар эдгэрэх өвчин болох талаар хүн амын дунд мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмолжуулна.
3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
а/хорт хавдартай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийг орон нутагт байгуулж ажиллуулна;
б/хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэхэд шаардлагатай зардал, оношлуур, эм болон төгс эмчилгээ авах боломжгүй үедээ /Ш,IV/ байгаа хавдартай өвчнүүдэд үнэ төлбөргүй олгох эмийн зардлын тооцоог нутаг дэвсгэрийн эмнэлгийн байгууллагаар гаргуулж, орон нутгийн жил бүрийн эрүүл мэндийн арга хэмжээний төсөвт тусган санхүүжүүлж, зарцуулалтад нь хяналт тавьж ажиллана;
в/хорт хавдартай өвтөнд эд материалын тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд орон нутгийн батлагдсан төсвийн дүнд багтаан туслах арга хэмжээ авна.
4.Үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
а/улсын үйлдвэрийн газар, хувийн болон хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж, албан байгууллагууд архи, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар холбогдох хуулийг хэрэгжүүлж, архи хэрэглэдэггүй, тамхи татдаггүй хамт олон болохын төлөө хөдөлгөөнийг өрнүүлэх;
б/хорт хавдар өвчний талаар ажиллагсдынхаа мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил тутамд 1-2 удаа зохион байгуулалттайгаар оруулах, түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээ авч хэвших;
в/хорт хавдраас сэргийлэх талаархи хууль тогтоомжийг байгууллагын хэмжээнд мөрдөж ажиллах;
г/хүний биед хортой, хорт хавдар үүсгэгч /канцергоген/ бодис ялгаруулдаг үйл ажиллагааны онцлогтой ажил, үйлдвэрлэлийн орчинд тавигдах эрүүл ахуйн шаардлагыг чанд баримтлах, мэргэжлийн байнгын хяналт тавиж ажиллах;
д/цацраг идэвхт бодистой ажилладаг байгууллагууд орчны бохирдолтын түвшинг байнга хэмжиж, ажиллагсдаар хувийн болон хамт олны хамгаалалтын хэрэгслүүдийг хэрэглэж хэвшүүлэх ба хөдөлмөр хамгаалалын бусад арга хэмжээнүүдийг авч байх.
5.Хөтөлбөр хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын оролцоо
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар хүн амын дунд зохиож байгаа мэдээлэл, сурталчилгааны ажилд оролцох, төгс эмчилгээ авах боломжгүй болсон хавдартай өвчтөнүүдэд асрамж, халамж үзүүлэх, энэрэл буяны ажил зохион байгуулах.
6. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн амын оролцоо:
а/хорт хавдраас сэргийлэх эмнэлгийн үзлэг шинжилгээ, бусад арга хэмжээнд идэвхтэй оролцох;
б/хорт хавдрын эхний дохио, шинж тэмдгүүдийг таньж мэдэх, хүнсний зүйлийг зөв хадгалах, зөв хооллох мэдлэгтэй болох;
в/хорт хавдар үүсгэхэд архи, тамхины хор холбогдлыг ойлгож, хорт зуршлаас ангижрах;
г/биенийхээ ил хэсгийг өөрөө хянан үзэж, хавдрын сэжиг илрүүлэх аргыг эзэмших;
д/хавдрын сэжиг төрсөн үед эмчид үзүүлж, оношоо магадлуулах, эрт оношлогдсон тохиолдолд хавдар бүрэн эдгэрдэг өвчин болохыг ойлгож ухамсарлах.
7. Эрүүл мэндийн байгууллагуудаас хавдартай тэмцэх ажлын үндсэн чиглэл
1/Анхдагч урьдчилан сэргийлэлтийн талаар
-Бүх шатны эмнэлгүүд хавдрын анхдагч сэргийлэлтийн талаар дараахь ажлыг зохион байгуулна:
а/хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхдагч сэргийлэлтийн аргыг хүн амд ойлгуулах, эзэмшүүлэх ажлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогчдын хүчээр зохион байгуулах ажлыг уялдуулан зохицуулах;
б/хорт хавдар байж болох /ялангуяа элэг, ходоод, уушиг, улаан хоолой, умайн хүзүүний/ анхны дохио, шинж тэмдгүүдийн талаар хүн амыг мэдлэгтэй болгох, нэгэнт өвчилсөн тохиолдолд хавдар нь эрт илрүүлбэл төгс эдгэх өвчин болохыг тэдэнд ойлгуулах;
в/архи, тамхины хор холбогдлыг ерөнхий боловсролын сургуулиудын 4-өөс дээш ангийн сурагчид болон оюутан, залуучуудад ойлгуулах талаар өргөн хүрээтэй ажил зохиох;
г/архи, тамхи нь хавдар үүсгэгч хүчин зүйл болох талаар нийт хүн амд ухуулан сурталчилах ажлыг байнга зохион байгуулах;
д/хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалах, хэрэглэх, зөв хооллох нь элэг, ходоод, улаан хоолойн өмөнгөөс хамгаалах чухал арга болохыг хүн амд ойлгуулах;
е/эцэг, эхчүүдэд вакцины ач холбогдлыг сурталчилан ойлгуулах, шинээр төрсөн хүүхэд бүрийг "В" гепатитын эсрэг вакцинжуулалтад хамруулах;
ж/хүнс, хэрэглээний ус, үйлчилгээний ариун цэврийн шаардлагад байнгын хяналт тогтоох.
-Улсын хавдар судлалын төвөөс гүйцэтгэх ажлууд:
а/анхдагч урьдчилан сэргийлэлтийн ажилд шаардлагатай, монгол орны өвөрмөц байдалд тохирсон арга зүй, сурталчилгааны материалыг бэлтгэж аймаг, нийслэл, сум, дүүргийн эмч нарт хүргүүлэх, энэ ажлыг нийслэл, сум, дүүргийн эмч нарт хүргүүлэх, энэ ажлыг зохион байгуулах аргад эмч нарыг сургах;
б/хүрээлэн байгаа орчин, хүнсний зүйлд хорт хавдар үүсгэгч бодисын хэмжээ, тархалтыг шинжлэх ухааны бусад байгууллагуудтай хамтран судалж, авах арга хэмжээг боловсруулан холбогдох байгууллагуудад санал оруулах
в/хавдар сэдээгч болон түүнийг саатуулагч удамшлын механизмыг судлах;
г/хавдрын эд эс, өсгөвөрлөж өөрийн болон гадаад орны хавдрын эсрэг үйлчлэлтэй эмүүдийн монгол хүний биед үзүүлэх нөлөөллийг судлах;
д/хавдар үүсэх механизмыг эс, молекулын түвшинд судлах;
е/хүн амын джнд архи, тамхи хэрэглэлтийн түвшинг тодорхойлох судалгааг холбогдох байгууллагуудтай хамтран хийж, үр дүнг анхдагч урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаатай холбон авч үзэх;
ж/хавдар үүсгэгч химийн /канцероген/ бодист хамгаалалтгүйгээр өртөж байгаа ажиллагсдын судалгааг гаргаж авах арга хэмжээний талаар холбогдох байгууллагууд санал, шаардлага тавих;
з/хорт хавдраас сэргийлэх талаар гаргасан хууль тогтоомжийн талаар байгууллага, аж ахуйн нэгжид зөвлөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
и/хавдартай өвчтөнд эмнэлгийн анхын тусламж үзүүлэх хүмүүсийг сургаж, бэлтгэх.
2/Хоёрдогч урьдчилан сэргийлэлт
Хоёрдогч сэргийлэлтийг хавдрын урьдал ба суурь өвчнийг эмчлэн эрүүлжүүлэх, хорт хавдрыг эрт илрүүлэн оношилж, төгс эмчлэх чиглэлээр зохион байгуулна.
-Сум, өрхийн эмчийн түвшинд зохиох ажил:
а/үйллчлэх хүрээний нийт хүн амыг хамарсан урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж, архаг өвчтэй, хавдрын сэжигтэй хүмүүсийг аймаг, дүүргийн эмнэлгүүдэд явуулж, онош, эмчилгээний асуудлыг шийдүүлэх;
б/хавдар ба түүний урьдал өвчнийг эрт илрүүлэх үзлэг хийх аргыг сумын, өрхийн эмч нар эзэмшсэн байхын хамт бага эмч, эх баригч, сувилагч нарт зааж сургах.
-Аймаг, дүүргийн эмнэлгүүдийн түвшинд зохиох ажлууд:
а/хавдарт өртөмтгий бүлгийн болон удамшилтай хүмүүсийн дунд хоёроос доошгүй удаа хавдрыг эрт илрүүлэх зориудын үзлэг зохион байгуулах;
б/аймаг, дүүргийн нарийн мэргэжлийн эмч нар хавдрын суурь ба урьдал өвчнийг эрт оношилж, эмчлэн эрүүлжүүлэх аргыг эзэмшсэн байх;
в/донорууд, элэгний архаг үрэвсэлтэй хүмүүст НВsад тодорхойлох ажлыг зохион байгуулж, эерэг гарсан тохиолдлуудыг бүртгэн авч, хагас жил тутам давтан үзлэг хийж, эхосонографийн болон альфафетопротейн илрүүлэх шинжилгээнд оруулах;
г/ходоод гэдэсний архаг үрэвсэл, шархлаа өвчнөөр өвдөж байсан болон хавдрын удамшилтай зэрэг эрсдэл өндөртэй хүмүүсийг жилд 2 удаа рентген ба дурангийн шинжилгээнд хамруулах;
д/эмнэлгийн дунд мэргэжлийн хүмүүсийг /багийн бага эмч, сувилагч, эх баригч г.м/ амны хөндий, умайн хүзүүний эмгэг, өөрчлөлтийг толь тавих аргын тусламжтайгаар илрүүлэх энгийн аргад сургах;
е/хавдрын бус өвнөөр эмнэлэгт эмчлэгдэж байгаа 40-өөс дээш насны өвчтөнүүдэд хорт хавдрыг илрүүлэх үзлэг, шинжилгээг заавал хийж байх;
ж/хэвтэж эмчлүүлсэн 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн оношийг үл харгалзан эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөлгөө авсны дараа эмнэлгээс гаргаж байх;
з/эмнэлэгт хэвтээд 14 хоногийн хугацаанд онош нь тодроогүй, эсхүл тодорхой шалтгаангүй, удаан хугацаагаар халуурч байгаа өвчтөн бүрт хавдар үгүйсгэх шинжилгээг хийж байх.
-Хавдар судлалын төвөөс гүйцэтгэх ажлууд:
а/хавдар үүсгэж болзошгүй нөхцөлтэй үйлдвэр, үйлчилгээний газруудыг хяналтад авч жилд 2-оос доошгүй удаа ажилагсдад нь хавдар илрүүлэх үзлэгийг зохион байгуулж байх;
б/хавдар илрүүлэх /скрининг/ аргуудыг элэг, ходоод, уушиг, улаан хоолой, умайн хүзүүний хавдрын өвчлөл өндөртэй бүс нутгуудаас эхлэн үе шаттай зохион байгуулах;
в/эмнэлгийн тусламжийн шатлал бүрт хавдартай өвчтөнийг шилжүүлэх зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эмчилгээний үр дүн, өвчний явцаас хамааруулан өвчтөнийг эмчилгээнд сонгон явуулах тухай аргачлалаар эмнэлгийн байгууллагуудыг хангах;
г/элэгний халдварт үрэвслээр өвчилсөн болон элэгний архаг өвчтэй хүмүүст гепатитын "С" ба "В" вирусыг тодорхойлох судалгаа явуулж, үр донг тооцох;
д/хавдрын бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох;
е/зонхилон тохиолдож байгаа элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний өмөнгийн анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн асуудлаар судалгаа явуулж, дүнг үйл ажиллагаандаа тусгах.
3/Хорт хавдрын эмчилгээ
Хорт хавдартай өвчтөний өвчний үе шатаас хамаарч төгс эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ хийх үндсэн зарчмыг тодорхойлж баримтлан ажиллана.
-Сум, өрхийн эмчийн түвшинд гүйцэтгэх ажлууд:
а/хавдар ужгирсан өвчтөнд наркотик ба наркотик бус өвчин намдаагч эмүүдийг зөв хэрэглэх аргыг эзэмшсэн байх;
б/хорт хавдартай өвчтөнийг сувилах, асрах аргыг эзэмшиж, ар гэрийнхэнд нь зөвлөлгөө өгч байх.
-Аймаг, дүүргийн эмнэлгийн түвшинд гүйцэтгэх ажлууд:
а/улаан хоолойгоос бусад байрлалын хавдрын үед хими засал ба мэс засал эмчилгээ хийх аргыг эзэмших;
б/элгэнд байрласан хавдрын хэмжээ 3 см-ээс том биш үед этанол эмчилгээ хийх аргыг эзэмшисэн байх;
в/хөнгөвчлөх мэс заслын хагалгаа /давуулан залгах, өтгөнийг гадагшлуулах цорго, хооллох гуурс тавих г.м/, өвчин намдаах хориг хийх аргуудыг эзэмшсэн байх;
г/зүү тавьж хавдрын өвдөлтийг намдаах аргыг эзэмших.
-Хавдар судлалын төвөөс гүйцэтгэх ажлууд:
а/хорт хавдрын үеийн хавсарсан, хосолсон, иж бүрдмэл, төгс эмчилгээг орчин үеийн түвшинд хийх;
б/ДЭМБ-аас хавдартай өвчтөнд хэрэглэхээр зөвлөмж болгосон зайлшгүй шаардлагатай эмүүдийг өөрийн орны онцлогт тохируулан хэрэглэх талаар аргачлал боловсруулж, эмнэлгийн байгууллагуудыг хангаж байх;
в/тодорхой байрлалын /элэг, ходоод, уушиг, улаан хоолой, умайн хүзүү г.м/ хавдруудын эмчилгээний аргыг боловсронгуй болгох, эмнэлгүүдийн хамтын ажиллагааг сайжруулах;
г/хорт хавдрын эмчилгээний нэгдсэн журам, стандартыг боловсруулан батлуулж, нийт эмнэлгүүдэд хүргэх.
Дээр дурдсан арга хэмжээнүүдийг бүрэн, чанартай хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрэх боломжтой гэж тооцож байна.
Үүнд:
100000 хүн амд ногдох хорт хавдрын өвчлөлийг 150, нас баралтыг 100-гаас доошгүй тохиолдлоор бууруулна.
Анх оношлогдсон хорт хавдартай хүмүүсийн дотор тусгай эмчилгээ хийлгэх боломжтой өвчтөнийг 60-аас дээш хувьд хүргэнэ.
Хэвтэн эмчлүүлэгчдийн дотор I, II үеийн хорт хавдартай өвчтөний эзлэх хувийг 70-д хүргэнэ.
Төгс эмчилгээ хийсний дараа 5 ба түүнээс дээш жил амьдрах боломжтой хүмүүсийг 65 хувьд хүргэнэ.
/Хөтөлбөр хөрөгжүүлснээр гарах үр дүн, түүний хяналтын үзүүлэлтүүдийг 2,3 дугаар хавсралтаар үзүүлэв/
------оОо-----
Хорт хавдартай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн 1 дүгээр хавсралт
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ ХӨРӨНГИЙН ТООЦОО
¹
|
Зардлууд
|
Он
|
Шаардагдах хөрөнгө /сая. төг/
|
Шаардагдах хөрөнгийн эх үүсвэр
|
||
Улс орон нутгийн төсвөөс /сая. төг/
|
Хөрөнгө оруулалтаар /сая.төг/
|
Олон улсын байгууллага, гадаад орны тусламжаар /сая. төг/
|
||||
1
|
Эд, эсийн онош зүйн ларборатори байгуулах
|
1998-2005
|
38,0
|
|
38,0
|
|
2
|
Молекул биологийн лаборатори байгуулах
|
1998-2000
|
324,8
|
|
224,8
|
100,0
|
3
|
Эмч, мэргэжилтний сургалт, мэргэжил дээшлүүлэх
|
1998-2005
|
25,2
|
|
|
25,2
|
4
|
Аппарат тоног төхөөрөмж
|
1998-2005
|
203,2
|
100,0
|
103,2
|
|
|
БҮГД
|
|
591,2
|
100,0
|
366,0
|
125,2
|
----------оОо-----------
Хорт хавдартай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн 2 дугаар хавсралт
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ГАРАХ ҮР ДҮН
¹
|
|
1996
|
2000
|
2005
|
1
|
100000 мянган хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл
|
166,7
|
160,0
|
150,0
|
2
|
100000 мянган хүн амд ногдох хорт хавдартай өвчтөний нас баралт
|
130,0
|
120,0
|
90,0
|
3
|
Анх ошнлогдсон хорт хавдартай өвтөнөөс тусгай эмчилгээ хийлгэх боломжтой өвчтөний эзлэх хувь
|
35,0
|
47,0
|
60,0
|
4
|
Хэвтэн эмчлүүлэгчдийн дотор I, II үеийн хорт хавдартай өвчтөний эзлэх хувь
|
17,3
|
40,0
|
70,0
|
5
|
Төгс эмчилгээ хийгдэж 5 ба түүнээс дээш жил амьдрах боломжтой хүмүүсийн эзлэх хувь
|
45,9
|
55,0
|
65,0
|
6
|
Анх оншлогдсон жилдээ нас барж болзошгүй хүмүүсийн эзлэх хувь
|
64,3
|
57,0
|
50,0
|
7
|
Хагалгааны дараахь нас баралтын хувь
|
2,0
|
1,5
|
0,5
|
------------оОо----------
Текст томруулах
A
A
A