A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 220 дугаар тогтоолын хавсралт

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ НИЙГМИЙН ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
 
 
Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл
1. Хоршоог хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн шаардлага
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүрэг, байр суурийн талаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 49 дүгээр хурал дээр /1994/ тодорхойлсон. 2001 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей хоршооны бодлого, хууль эрх зүйг үр дүнтэй болгох талаар баримтлах чиглэл боловсруулан гаргасан. Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2002 онд хоршоог дэмжих 193 дугаар тогтоол гаргасан. 2015 он гэхэд дэлхий дахинаа ядуурлыг 50 хувь бууруулах мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хоршоод ихээхэн үүрэгтэй гэдгийг НҮБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо цохон тэмдэглэсэн байна.
Орон нутаг, бүс нутаг болон улсын хэмжээнд хоршооны үзүүлж байгаа хөгжлийн эерэг нөлөө нь ядуурал, ажилгүйдэл, хүнс тэжээлийн дутагдлыг даван туулах болон хүйсийн тэгш байдлыг хангахад ихээхэн үүрэгтэй. Улс орны хөгжилд хоршооллын хөдөлгөөн, түүний өргөн олныг хамарсан үйл ажиллагаа нь аль ч улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хоршоонд тохирсон нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, хоршоог дэмжих, түүний чадавхийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна.
2. Хоршооллын хөдөлгөөний өнөөгийн байдал
Монгол оронд хоршооллын хөдөлгөөн 20-иод оноос эхлэн өрнөсөн. Хоршооны хөгжилт нь олон жил хоршооны зарчмын дагуу явж чадаагүй бөгөөд үйл ажиллагаанд нь төрөөс их оролцож, гишүүд нь бага оролцдог байсан байна. 80-аад оны сүүлчээс өрнөсөн ардчилал, нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд хоршоод дахин сэргэж эхэлсэн юм. 1995 онд батлагдсан Хоршооны тухай хууль, 1998 онд Засгийн газраас баталсан "Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр" зэрэг баримт бичиг нь хоршооны эрх зүйн таатай орчинг бий болгоход чухал алхам болсон. Үүний үр дүнд хот, хөдөөд шинээр олон хоршоод үүсэн бий болж гишүүддээ борлуулалт, хангамж, хадгаламж, зээл, худалдаа, үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн чиглэл зэрэг олон төрлийн үйлчилгээгээр дэмжлэг үзүүлж байна. Хэдийгээр хоршооны салбар түргэн өсөж байгаа боловч хоршоо бүр үйл ажиллагаандаа гишүүдээ идэвхитэй татан оролцуулах, зах зээлд амжилттай оролцох, хэрэгцээндээ тохирсон санхүүжилт олж авах, түүнчлэн тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлөхүйц хувь нэмэр оруулах хэмжээнд хүрч чадаагүй байна. Энэхүү шаардлагыг хангахын тулд 1998 оны хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчилж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлага гарч байна.
Хоёрдугаар бүлэг
Хоршоог хөгжүүлэх хөтөлбөрийн зорилго, зорилт
3. Хөтөлбөрийн зорилго
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хоршооны эрх зүй, эдийн засгийн орчныг сайжруулж, Засгийн газар болон хоршоог дэмжигч төрийн болон төрийн бус байгууллагууд түншлэлийн үндсэн дээр хамтран ажиллаж хоршооны гишүүдийн аж амьдралыг сайжруулах, гишүүддээ үйлчлэх нөхцөл байдлыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахад оршино.
4. Хөтөлбөрийн зорилго
Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
а/ хоршоо болон хоршоог дэмжигч салбарын онцлогийг тусгасан эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
б/ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн байгууллагуудын үүрэг, оролцоог дээшлүүлэх;
в/ хоршоод өөртөө чухал хэрэгцээтэй байгаа үйлчилгээ /ялангуяа хөрөнгө оруулалт, зээл, даатгал, лизингийн үйлчилгээ, аудит, технолги/-г нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
г/ бүсийн болон үндэсний хэмжээний зөвлөлгөө өгөх, мэдээлэл солилцох тогтолцоог хөгжүүлэх;
5. Хоршооны хөгжлийг дэмжих зарчим
Хоршооллын олон улсын хүлээн зөвшөөрсөн дараахь зарчмуудыг хангасан хоршоог дэмжинэ:
а/ сайн дурын болон нээлттэй гишүүнчлэл бүхийХХо;
б/ гишүүдийн ардчилсан хяналт, удирдлагатай;
в/ гишүүдийн эдийн засгийн оролцоог хангасан;
г/ бүрэн эрхт бие даасан байдалтай;
д/ боловсрол, сургалт, мэдээлэл бүхий;
е/ хоршоо хоорондын хамтын ажиллагааг хангасан;
ж/ нийгмийн хөгжлийн төлөө
 
Гуравдугаар бүлэг
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6. Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээ:
6.1. Төрийн захиргааны төв байгууллагуудын авах арга хэмжээ:
 а/ улс орны хөгжлийн стратегийн шинж чанар бүхий хөтөлбөр, төсөл боловсруулахдаа хоршооны хөгжлийн асуудлыг тусгаж байх;
б/ хоршооны хөгжлийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;
в/ нийгэм, эдийн засгийн бүх салбарт ажиллагсад, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хоршоонд хамрагдаж өөрсдийн амьдралын түвшнээ дээшлүүлэх боломж олгох, тэдний санаачилгыг бүх түвшинд дэмжих;
г/ гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдийг хоршооны хөгжилд чиглүүлэх, хоршоог дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах.
6.1.1. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
а/ хоршооны хөгжлийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн дэмжих бодлого, салбар хоорондын зохицуулалт, уялдаа холбоогоор хангах;
б/ хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодод шинэ техник, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
в/ салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, сангуудын үйл ажиллагааг анхан шатны болон дундын хоршоодын нөөц, чадавхийг дээшлүүлэхэд чиглүүлэх;
г/ хамгийн үр дүнтэй бөгөөд хоршооны зарчмаар ажилласан хоршоог шалгаруулах болзол гарган жил бүр дүгнэж, урамшуулах;
д/ үйл ажиллагаа явуулж байгаа хоршооны хөгжлийн төслүүдийг амжилттай дуусгаж, шинэ төсөл боловсруулах;
е/ улсын төсвөөр хэрэгжүүлэх хөдөө аж ахуйн зарим ажил /үржлийн мал бойжуулж худалдах, хадлан, тэжээл бэлтгэх, усалгаатай нөхцөлд тариалан эрхлэх/-ыг гүйцэтгэхэд хоршоодыг гэрээгээр ажиллуулах.
6.1.2. Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
а/ хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоодын эрх ашгийг хамгаалахад нийцсэн банк, даатгалын тогтолцоог бий болгох асуудлыг судлах;
б/ хоршоодын холбоод болон хоршоог дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллаж, хоршооны санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны бүртгэл тооцооны системийг боловсронгуй болгох.
6.1.3. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
а/ өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдэд хоршоог оролцуулах;
б/ нийгмийн эмзэг хэсэгт хамаарах хүмүүсийн дунд хоршооны тухай ойлголтыг мэдээлэх ажлыг өргөжүүлэх;
в/ хөдөлмөр эрхлэлтийн сангийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан хэрэгжүүлэх.
6.1.4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
а/ хоршооны талаархи мэдлэгийг коллеж, их, дээд сургууль, төр захиргааны удирдах ажилтны сургалтын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх;
б/ хоршоодын удирдлага, гишүүд, ажиллагсдын сургалт, давтан сургалтын бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
в/ зарим их, дээд сургууль, коллежид хоршооны анги нээж төрөлжсөн мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээ авах;
г/ хоршооны хөгжлийн судалгааны чиглэлээр шинжлэх ухаан, технолгийн төсөл хэрэгжүүлэх;
д/ албан бус болон зайны сургалтын хэлбэрээр иргэдэд хоршооны мэдлэг олгох ажлыг зохион байгуулах.
6.1.5.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
а/ олон улсын байгууллагуудаас хоршооны хөдөлгөөний талаар гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийн талаархи мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж сурталчлах;
б/ үндэсний хоршоодын байгууллагуудыг олон улсын болон бүс нутгийн хоршоодын байгууллагатай холбож, гишүүнээр элсэж, хамтран ажиллахад болон тэдгээрийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
в/ хоршооны чиглэлийн олон улсын сургалт, семинар, зөвлөлгөөнийг хоршоодын байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
г/ хилийн чанад дахь дипломат төлөөлөгчдийн газруудаас явуулах үйл ажиллагаанд хоршооны асуудлыг тусгах.
6.1.6. Дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
а/ дэд бүтцийг хөгжүүлэх улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажилд хоршооны оролцоог дэмжих.
6.1.7. Үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
а/ бүс нутгийн бөөний худалдааны сүлжээнд хоршоо, дундын хоршоог өргөнөөр оролцуулах;
б/ жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хүрээнд хоршооны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
в/ жижиг үйлдвэр, гар урлалын салбарын үйлдвэрлэл, үйлчилгээнд шинж техник, технологи нэвтрүүлэхэд туслах.
6.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/ аймаг, нийслэлд хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр, сум, дүүрэгт төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
б/ хоршооны байгууллагатай үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр шаардлагатай бол гэрээ байгуулан хамтран ажиллах;
в/ үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэх хоршоонд зохих хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлж үйл ажиллагааг нь бүх талаар дэмжих;
г/ хамгийн үр дүнтэй бөгөөд хоршооны зарчмаар ажилладаг хоршоог шалгаруулах болзол гарган жил бүр дүгнэж, урамшуулах;
д/ шинэ туршлага, арга хэрэгслийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
е/ орон нутагт хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдэд хоршоодыг оролцуулах, жижиг, дунд үйлдвэрийг хоршооны хэлбэрээр эрхлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;
ж/ хоршоог дэмжих байгууллагыг аймаг, бүс, үндэсний хэмжээнд байгуулахад хоршоодын холбоод дэмжлэг үзүүлэх;
з/ сум, дүүргийн ажлыг дүгнэхдээ хоршоог хэрхэн дэмжин хөгжүүлж байгааг харгалзан үзэх.
7. Бүсийн болон Үндэсний хоршоодын холбоо, хоршоог дэмжигч байгууллагуудын оролцоо:
а/ шинээр хоршоо үүсгэн байгуулахад нь туслах, сургалт явуулах, зөвлөлгөө өгөх замаар тэдгээрийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих;
б/ хоршооны нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх;
в/ хоршоодын дотоод хяналтыг сайжруулах;
г/ гишүүн хоршоодын тайлан, мэдээллийг хүлээн авч, судалгаа хийж, мэдээллийн сан байгуулах;
д/ үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн тусламжтайгаар үндэсний болон бүсийн хэмжээнд сургалт, зөвлөлгөө өгөх мэдээллийн төвүүдийг байгуулж ажиллуулах;
е/ хоршооны талаархи сэдвээр сургалт, мэдээллийн материал гаргаж, шаардлагатай үлгэрчилсэн дүрэм, нягтлан бодох бүртгэлийн маягт боловсруулах;
ж/ хоршоо, хоршоодын холбоод, хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг үндэсний болон бүсийн хэмжээнд боловсронгуй болгох;
з/ төрийн албан хаагчдад зориулан хоршооны талаархи сургалт, мэдээллийн арга хэмжээг дэмжих;
и/ дундын хоршоо байгуулах замаар гишүүдээ дэмжих үйл ажиллагааг идэвхижүүлэх;
к/ хоршооны зарчмын дагуу ажиллаж байгаа шилдэг хоршоог шалгаруулах болзлыг боловсруулж, жил бүр дүгнэж байх;
л/ хоршооллын олон улсын болон бүсийн байгууллагуудад Монголын хоршооллын эрх ашгийг төлөөлөх;
м/ удирдлага, гишүүдэд зөвлөлгөө өгөх замаар хоршооны эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх.
8. Хоршоодын гүйцэтгэх үйл ажиллагаа:
а/ олон улсын хоршооллын тогтсон зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх;
б/ эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээгээ оновчтой тогтоож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эдийн засгийн чадавхийг дээшлүүлж гишүүдийн орлогыг нэмэгдүүлэх;
в/ хоршооны бие даасан байдлыг хангаж, дотоодын хяналтыг сайжруулж гишүүдийнхээ оролцоог дээшлүүлэх;
г/ бүртгэл, тайлан, мэдээллийг тогтсон стандарт, заавар, журмын дагуу үнэн зөв гаргах;
д/ нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагатай түншлэл тогтоож, сум, дүүргийн хөгжилд идэвхтэй нөлөөлөх;
е/ гишүүдийнхээ мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, ажлын арга туршлагыг сайжруулах чиглэлээр хоршооны сургалт мэдээллийн төвтэй хамтран ажиллах, хүний нөөцийг нэмэгдүүлэх;
ж/ хоршоог гишүүд өөрсдөө удирдах, хөгжүүлэх сэтгэлгээг төлөвшүүлж, хоршооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах;
з/ орон нутагт хэрэгжүүлэх гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, тендерт идэвхтэй оролцоход үйл ажиллагаагаа чиглүүлэх;
и/ хоршоо хоорондын болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах замаар дундын хоршоог байгуулж ажиллахыг дэмжих.
9. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд:
а/ хоршооны тухай хууль тогтоомж болон хоршоог дэмжих талаар төр, засгаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хоршооны мөн чанар, хоршооны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх ач холбогдол, үүргийг сурталчилж байх;
б/ хоршооны зарчмын дагуу ажилладаг тэргүүний хоршооны арга туршлагыг олон нийтэд сурталчлах;
в/ төрийн болон төрийн бус байгууллагуудаас хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх.
Дөрөвдүгээр бүлэг
Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хугацаа
10.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
1/ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Үндэсний зөвлөл гүйцэтгэнэ. Үндэсний Зөвлөлийн дарга нь Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх бөгөөд Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батална.
2/ Үндэсний зөвлөл нь нийслэл болон аймаг бүрт орон нутгийн салбар зөвлөлтэй байна. Орон нутгийн салбар зөвлөлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга тэргүүлэх бөгөөд уг зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргаа, орон нутгийн хоршоодын холбоо болон хоршооллын хөдөлгөөнийг дэмжигч байгууллагын төлөөлөгчдийг оролцуулна.
11. Үндэсний зөвлөлийн бүрэн эрх:
а/ хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
б/ хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
в/ орон нутгийн салбар зөвлөлүүдийг арга зүйн удирдлагаар хангах, чиглэл өгөх;
г/ салбар зөвлөл, хоршоодын холбоодоос мэдээлэл, тайлан авч, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийх, эрчимжүүлэх;
д/ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улсын төсөв болон гадаадын хандивлагчдаас олгосон хөрөнгө, зээл, тусламжийг орон нутагт хуваарилах, хөрөнгө нөөцийг үр ашигтай зарцуулахад дэмжлэг үзүүлэх;
е/ хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж Засгийн газарт тайлагнаж байх;
ж/ хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн байгууллага, иргэдийг урамшуулах;
з/ хоршооны хөгжлийн асуудлаар гадаад харилцааг өргөжүүлж, хоршооны удирдах боловсон хүчин, мэргэжилтнийг олон улсын түвшинд мэргэшүүлэх, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;
и/ хөтөлбөрийн зорилго, хүлээж байгаа үр дүн, ач холбогдлын талаар олон улсын байгууллагууд болон хоршоодын холбоодод сурталчилж, тэдний дэмжлэгийг авах.
12. Орон нутгийн салбар зөвлөлийн бүрэн эрх:
а/ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр хэлэлцэж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
б/ улсын төсөв болон орон нутгаас хоршооны хөгжлийг дэмжих чиглэлээр хуваарилсан хөрөнгийг захиран зарцуулах;
в/ орон нутагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан гэрээ байгуулан хамтран ажиллах;
г/ хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, сум, дүүргээс тайланг авч үр дүнг Үндэсний зөвлөлд тайлагнах.
13. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээг дараахь эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
а/ улсын болон олон улсын нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
б/ хөтөлбөрийг дэмжиж олон улсын байгууллага, гадаад орон, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өгч байгаа зээл, тусламж, хандивын хөрөнгө;
в/ бусад.
14. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
а/ хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг 2004-2008 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлнэ;
 б/ хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар жилд нэг удаа, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хагас жил тутам дүгнэж байна.
 
Тавдугаар бүлэг
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
а/ ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж ажилгүйдэл, ядуурал буурч хоршооны гишүүдийн аж амьдрал дээшилнэ;
б/ хоршоо хөгжих эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчин бий болно;
в/ хоршоог дэмжигч байгууллага, механизм бүрдэж, хоршооны үүрэг, ач холбогдлын талаархи ойлголт нийгэмд бий болно;
г/ хоршоо хоорондын ялангуяа дундын хоршооны хамтын ажиллагаа өргөжнө;
д/ үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг жижиг, дунд аж ахуйнуудын тоо өснө;
е/ нийгэм, эдийн засаг дахь хоршооны үүрэг өснө.
15. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт:
 а/ хоршооны болон гишүүдийн тооны өсөлт /төрөл, аймаг, нутаг дэвсгэрээр/;
б/ хоршоонд ажиллагсдын тооны өсөлт;
в/ хоршооны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж байгаа хувь нэмэр /нийт үйлдвэрлэлд эзлэх хувь, нийт үйлчилгээнд эзлэх хувь/;
г/ хоршооны сургалтын тоо, хамрагсад, өсөлт, түүний дотор хоршооны удирдлагын хамралтын хувь;
д/ хоршоодын холбооны түншлэлийн байдал;
е/ хоршоо хоорондын болон дэмжигч байгууллагын түншлэлийн байдал;
ж/ хоршоонд зориулсан хөрөнгө оруулалт, зээлийн өсөлт;
з/ даатгал, лизингийн үйлчилгээнд хамрагдсан хоршооны хувь, өсөлт;
и/ хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн биелэлт /заалтаар/
 
"Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний
                                                                                хөтөлбөр"-ийн хавсралт
 
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ
 
¹
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Зардал /сая, төг/
Дүн
2004 онд
2005 онд
2006 онд
2007 онд
2008 онд
1
Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд
30,0
30,0
30,0
30,0
30,0
150,0
2
Сургалт сурталчилгаанд
20,0
20,0
20,0
20,0
20,0
100,0
3
Холбогдох хуулийн төсөл бэлтгэх, хэвлүүлэх, сурталчлах
10,0
10,0
10,0
10,0
10,0
50,0
4
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан анхан шатны хоршоодоос ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулж дэмжлэг үзүүлэх
235,0
250,0
260,0
255,0
260,0
1260,0
5
Сургалт,  мэдээллийн төвүүдийг дэмжих
20,0
20,0
20,0
20,0
20,0
100,0
6
Хоршооны мэдээллийн сан байгуулах
10,0
10,0
10,0
10,0
10,0
50,0
7
Хоршооны удирдах ажилтан, мэргэжилтнийг давтан сургах
12,4
12,4
12,4
12,4
12,4
62,0
8
Тэргүүний хоршоодын туршлага судлах үзүүлэх сургуулийг бүсчилэн зохион байгуулах
5,0
5,0
5,0
5,0
5,0
25,0
9
Хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах
-
10,0
-
10,0
-
20,0
 
Дүн
342,4
367,4
367,4
372,4
367,4
1817,0
 
 
 
 
 
 
------оОо-------