- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЖУРАМ
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЖУРАМ
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Монгол Улсын "Иргэний хууль", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", Монгол Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001 онд хувьчлах хөтөлбөр"-ийн дагуу "Худалдаа хөгжлийн банк" ХХК /цаашид "ХХБ" эсвэл "банк" гэх/-ийн нийт хувьцааны 76 хувьд ногдох төрийн эзэмшлийн 1 520 000 ширхэг энгийн хувьцаа /цаашид "хувьцаа" гэх/-г нэг багц болгон уралдаант шалгаруулалт /тендер/-ын аргаар арилжааны банкны салбарын стратегийн хөрөнгө оруулагчид худалдахад энэхүү журам /цаашид "журам" гэх/-ыг мөрдөнө.
Монгол Улсын Төрийн өмчийн хороо нь зөвлөхүүдийн туслалцаатайгаар тендерийг зохион байгуулж явуулна.
Хоёр. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсанаар тодорхойлно:
"Банк" гэж "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийг хэлнэ.
"Арилжааны банкны салбарын стратегийн хөрөнгө оруулагч" гэж арилжааны банкны чиглэлээр баялаг туршлага хуримтлуулж, өөрийн орноос бусад оронд олон улсын банкны үйл ажиллагааг тодорхой хугацаанд эрхэлсэн хөрөнгө оруулагч буюу арилжааны банкны салбарын стратегийн хөрөнгө оруулагчаар толгойлуулсан консорциумыг хэлнэ.
"Ерөнхий мэдээлэл" гэж тендерт оролцогч тус бүрт хүргэх ХХБ болон Монгол Улс, түүний бизнесийн орчны талаархи мэдээллийн баримт бичгийг хэлнэ.
"Дэнчин" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулах чадвар, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болгон тендерт оролцогчоос төлөх 100 000 /нэг зуун мянган/ ам. доллартай тэнцэх хүүгүй мөнгөн хадгаламж, эсвэл Төрийн өмчийн хорооны нэр дээр гаргасан буцалтгүй аккредитивийг хэлнэ. Дэнчинг Монголбанк дахь Төрийн өмчийн хорооны дансанд байршуулна.
"Зар мэдээ" гэж Төрийн өмчийн хорооноос тендер явуулах тухай нийтэд сонордуулсан албан ёсны зар мэдээллийг хэлнэ.
"Зөвлөх" гэж Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Төрийн өмчийн хороонд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй "КПМЖ Консалтинг" компанийн "Баренц бүлэг"-ийн зөвлөх /зөвлөхүүд/-ийг хэлнэ.
"Нууцыг хадгалах тухай гэрээ" гэж Төрийн өмчийн хороо, Монгол Улсын Засгийн газар болон зөвлөхүүдээс өгөх банктай холбоотой аливаа мэдээллийг ямар нэгэн хэлбэрээр тараах болон мэдээлэхийг хориглосон гэрээг хэлнэ.
"Нэн даруй хийх хөрөнгө оруулалтын хэмжээ" гэж тендерт оролцогчдоос хувьцаа эзэмших эрх шилжсэний дараахь хоёр жилийн дотор компанид оруулахаар амласан бэлэн мөнгө болон зах зээлийн үнээр үнэлэгдэх бусад хэлбэрийн хөрөнгө оруулалтын мөнгөн дүнг хэлнэ.
"Өргөдөл" гэдэгт тендерт оролцогчоос ирүүлэх бүрэн бөглөсөн өргөдлийн маягт, зохих ёсоор үйлдэгдэж, өргөдөл гаргагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ болон тендерийн хураамж төлснийг нотлох баримтын иж бүрдлийг ойлгоно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдэж өргөдөлд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна. Өргөдөл гаргагч тендерийн оролцогч болохын тулд урьдчилан шалгаруулалтад шаардагдах өөрийн компанийн болон консорциумын талаархи мэдээллийг өргөдөлд хавсаргасан байна.
"Тендерийн баримт бичгүүд" гэдэгт:
Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам,
Ерөнхий мэдээлэл,
Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн иж бүрдлийг ойлгоно.
"Тендерт оролцогч" гэж тендерт оролцох өргөдөл гаргаж, урьдчилан шалгаруулалтын шаардлагыг ханган, Төрийн өмчийн хороо өргөдлийг нь хүлээн авсан хуулийн этгээд буюу тэдгээрийн хамтарсан консорциумыг хэлнэ.
"Тендерийн санал" гэж тендерт оролцогчоос тендерт оролцохоор ирүүлсэн саналыг хэлнэ. Тендерийн санал нь техникийн санал ба санхүүгийн саналаас бүрдэнэ.
"Тендерийн хураамж" гэж тендерийн баримт бичгүүдээр хангах үйлчилгээний хураамж болгон Төрийн өмчийн хороонд тендерт оролцогчоос төлөх 1 000 /нэг мянган/ ам. долларын төлбөрийг хэлнэ. Тендерийн хураамжийг буцаан олгохгүй.
"Уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/" гэж тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн саналуудыг хянан үзэж, ялагчийг тодруулан, түүнтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах үйл ажиллагааг хэлнэ.
"Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төсөл" гэж тендерт оролцогчдод танилцуулан тэдний саналыг авахаар Төрийн өмчийн хорооноос хүргүүлэх хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төслийн эхний хувилбарыг хэлнэ.
"Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөл" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн эхний хувилбарт тендерт оролцогчдоос өгсөн саналыг тусгасан шинэчилсэн хувилбарыг хэлнэ.
"Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төсөл" гэж хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд тендерт оролцогчдоос санал болгосон нэмэлт, өөрчлөлтөөс хүлээн авч болохуйц саналуудыг тусган Төрийн өмчийн хорооноос эцэслэн бэлтгэж гаргах төслийг хэлнэ.
"Худалдан авах үнэ" гэж банкны хувьцааг худалдан авахаар тендерт оролцогчоос санал болгож буй үнийн дүнг хэлнэ.
ГУРАВ. ТЕНДЕРИЙН ХУВААРЬ
Тендерийг энэхүү журамд хавсаргасан хуваарийн дагуу зохион байгуулж явуулна.
ДӨРӨВ. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ
Тендерт оролцогч, түүний эрх зүйн байдал
Монгол Улсын болон гадаадын улсын дор дурдсанаас бусад хуулийн этгээд тендерт оролцож болно:
төрийн байгууллага,
төрийн өмчит үйлдвэрийн газар,
улсын төсөвт албан газар,
10 хувиас илүү төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, /Засгийн газрын 2001 оны 281 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан./
улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн бус байгууллага.
Хуулийн этгээд дангаараа эсвэл хамтарч консорциумын хэлбэрээр тендерт оролцож болно. Консорциумыг арилжааны банкны салбарын стратегийн хөрөнгө оруулагч толгойлсон байна.
Тендерт оролцогч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилвол түүний төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр баталгаажуулна.
Тендерт хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр оролцож байгаа бол тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
Тендерт оролцогчийн эрх
Оролцогч нь тендерт оролцох өргөдлөө ирүүлж, урьдчилан шалгаруулалтын шалгууруудыг хангаснаар Төрийн өмчийн хорооноос баталж, тэмдэг дарсан тендерийн баримт бичгүүдийн иж бүрдэл нэг хувийг авах эрхээр хангагдана.
Тендерт оролцогчид дараахь эрх эдэлнэ:
Мэдээллийн танхимд тавигдсан мэдээллийг ашиглах,
Төрийн өмчийн хорооноос баталсан хуваарийн дагуу банктай танилцах, дүн шинжилгээ хийх, банкны удирдлага болон холбогдох хүмүүстэй уулзах, барилга байгууламжийг үзэх,
Төрийн өмчийн хорооноос бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын ажилтнуудтай уулзах,
Энэхүү журам болон тендерийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн талаар тайлбар авах хүсэлт тавих зорилгоор Төрийн өмчийн хорооны банк хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзах.
Тайлбар авах хүсэлтийг англи буюу монгол хэл дээр үйлдэж, Төрийн өмчийн хороонд дараахь хаягаар бичгээр ирүүлнэ:
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын IY байр, 408-р өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
Төрийн өмчийн хороо ирсэн бүх хүсэлтэд бичгээр хариулт өгөх бөгөөд асуулт, хариултын хувийг тендерт оролцогч бүрт тэдний өргөдөл дээр заасан хаягаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлэхдээ буухиа шуудан, баталгаат захиа, факс, эсвэл электрон шууданг ашиглаж болно.
Тендерийн санал авах хугацаа дуусахаас ажлын таваас доош өдөрт ирүүлсэн тайлбар авах хүсэлтийг Төрийн өмчийн хороо хүлээж авахгүй байж болно.
Монгол Улсын "Иргэний хууль", "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-д заасан бусад эрх эдлэх.
Тендерт оролцогчийн үүрэг
Тендерт оролцогч нь дараахь үүрэгтэй:
Өөрийн бизнес, эрх зүй, санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх,
Тендерт оролцох явцад өөрийн бизнес, эрх зүй, санхүүгийн байдалд гарсан, тендерт оролцоход нь нөлөөлж болзошгүй аливаа материаллаг өөрчлөлтийн талаар Төрийн өмчийн хороонд нэн даруй мэдээлэх,
Банкны хувьцааг худалдан авах талаар тендерийн бусад оролцогчидтой ямар нэгэн харилцаа холбоо болон хэлэлцээрийн аливаа хэлбэрт орохгүй байх,
Банктай байгуулсан буюу байгуулахаар төлөвлөж байгаа бизнесийн аливаа гэрээ, хэлэлцээрийн талаар Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэх,
Тендерт оролцох буюу оролцохтой холбогдон гарах бүх зардлыг өөрөө хариуцах,
Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг сахин биелүүлэх.
ТАВ. ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧГҮҮД
Тендерт оролцогч тус бүрт уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам, банкны талаархи ерөнхий мэдээлэл болон хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслөөс бүрдсэн тендерийн баримт бичгүүдийн нэг иж бүрэн багцыг олгоно.
Төрийн өмчийн хорооноос өгөх тендерийн баримт бичгүүдэд Төрийн өмчийн хорооны тэмдэг дарсан байна.
Төрийн өмчийн хороо болон зөвлөхүүд тендертэй холбоотой аливаа мэдээллийг аль болох бүрэн хэмжээгээр тендерийн баримт бичгүүдэд оруулна. Эдгээр мэдээллийг ашиглахтай холбоотойгоор үүсч болох аливаа үүрэг, хариуцлагыг Төрийн өмчийн хороо болон зөвлөхүүдийн аль аль нь хүлээхгүй.
ЗУРГАА. БАНК ДЭЭР ОЧИЖ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
Тендерт оролцогчдыг тэдгээрийн хүсэлтийн дагуу Засгийн газрын холбогдох албан тушаалтан болон компанийн удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана.
Тендерт оролцогчдыг техникийн саналаа бэлтгэх зорилгоор банк дээр очиж банкны хөрөнгө, өр төлбөрийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийх, ХХБ-ны хувьчлалын дараахь үйл ажиллагаанд Засгийн газраас тавих нөхцөлүүдийг Засгийн газрын ажилтан болон зөвлөхүүдтэй хэлэлцэх бололцоогоор хангана. Төрийн өмчийн хороо тендерт оролцогч тус бүрт банк дээр очиж банкны үйл ажиллагаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд зориулж ойролцоогоор хоёр долоо хоногийн хугацаа олгоно. Дүн шинжилгээний хугацаанд тендерт оролцогчид банкны удирдлага, ажилтнуудтай уулзах өргөн боломжоор хангагдах бөгөөд санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, түүнчлэн компьютерийн систем, салбар, тоoцооны төв, бусад нэгжүүдийн барилга байгууламжийн байдал, өөрсдийн сонирхсон хүрээнд аливаа бусад асуудлыг судлах эрхээр хангагдана.
Төрийн өмчийн хороо нь банк дээр очиж дүн шинжилгээ хийх хуваарийг хүсэлт хүлээж авсан дарааллаар гаргаж, тендерт оролцогчдод энэ тухай факс буюу электрон шуудангаар мэдэгдэнэ.
Тендерт оролцогч нь тендерийн саналаа ирүүлснээр банкны байдал, үйл ажиллагааг судлан зөвшөөрч, Төрийн өмчийн хорооноос буюу түүний өмнөөс банкны талаар гарган өгсөн бүх мэдээллийн үнэн зөв болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Байгаа мэдээлэл, бодит байдалтай танилцаж чадаагүй тендерт оролцогч нь тендерийн санал, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төслийг боловсруулах үүргээс чөлөөлөгдөхгүй. Төрийн өмчийн хороо, түүний зөвлөх, ХХБ, тэдгээрийн төлөөлөгчдөөс гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэн тендерт оролцогчийн гаргасан дүгнэлт, тайлбарын талаар Төрийн өмчийн хороо, түүний зөвлөх, тендерийн комисс, ХХБ, тэдгээрийн төлөөлөгчдийн аль аль нь хариуцлага хүлээхгүй.
Тендерт оролцогч дүн шинжилгээ хийхгүй байхаар шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн санал өгөх эрхтэй хэвээр үлдэнэ.
ДОЛОО. ХУВЬЦАА ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БОЛОВСРУУЛАХ
Тендерт оролцогчдоос 2001 оны 10 дугаар сарын 15-ны дотор Төрийн өмчийн хороонд ирүүлж санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзан Төрийн өмчийн хороо хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг гэрээний шинэчилсэн төслийг боловсруулж болно.
Төрийн өмчийн хороо хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төслийг боловсруулсан тохиолдолд энэ тухай тендерт оролцогч тус бүрт мэдэгдэж, шинэчилсэн төслийн хувийг 2001 оны 10 дугаар сарын 22-ны дотор тараана.
Тендерт оролцогчдод хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа 2001 оны 10 дугаар сарын 29-ний дотор ирүүлэхийг санал болгоно. Энэ өдрөөс хойш ирүүлсэн санал, тайлбарыг хүлээж авахгүй.
Тендерт оролцогчдоос хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзан Төрийн өмчийн хороо хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийг боловсруулж, тендерт оролцогч тус бүрт 2001 оны 11 дүгээр сарын 5-ны дотор тараана.
НАЙМ. ТЕНДЕРИЙН САНАЛ БЭЛТГЭХ, САНАЛ ИРҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
Бүх мөнгөн дүнг Америкийн Нэгдсэн Улсын доллараар илэрхийлнэ.
Тендерт оролцогчид тендерийн саналыг англи, монгол хэл дээр бэлтгэж, тус бүр нэг эх хувь болон таван хуулбарыг ирүүлнэ.
Саналын эх хувь болон хуулбаруудын хооронд аливаа зөрүү гарах тохиолдолд эх хувийг баримтална.
Тендерийн саналыг бэлтгэсэн хэл дээрх эх хувь болон орчуулгын хооронд зөрүү гарах тохиолдолд эх хувийг баримтална. Тендерийн саналд аль хэлийг "эх хувийг бэлтгэсэн хэл" болохыг заавал заана.
Тендерт оролцогч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерийн саналын хуудас бүрт хар буюу хөх өнгийн бэхээр гарын үсэг зурна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эрхийг зохих журмын дагуу бичгээр гаргаж, тендерийн саналд хавсаргасан итгэмжлэлээр баталгаажуулна.
Тендерийн саналд оруулсан бүх засварт тендерт оролцогч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ зурах буюу эсвэл нэрийнхээ эхний үсгийг тавьж баталгаажуулна.
Тендерийн саналыг шуудангаар ирүүлсэн тохиолдолд Төрийн өмчийн хороон дээр хүлээн авсан өдрийг тендерийн санал ирүүлсэн өдөр гэж тооцно.
Төрийн өмчийн хороо тендерийн саналыг хүлээж авсан огноо, цагийг тэмдэглэсэн баримтыг оролцогч тус бүрт илгээж хүлээн авснаа батална. Шуудангаар ирүүлсэн тендерийн саналд хариу илгээх факсын дугаарыг заагаагүй тохиолдолд хүлээн авсан тухай баримтыг ирүүлсэн саналын дугтуйн дээрх хаягаар юмуу тендерт оролцогчийн Төрийн өмчийн хорооны бүртгэлд тусгагдсан хаягаар илгээнэ.
Тендерт оролцогч нь тендерийн санал хүлээн авах хугацаа дуусахаас өмнө Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэж, тендерийн саналаа өөрчлөх, эсвэл татан авах эрхтэй.
ЕС. ДЭНЧИН
Тендерийн саналаа ирүүлэх хүсэлтэй тендерт оролцогчид хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулах чадвар, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болон тендерт оролцох хүсэлтээ баталж Төрийн өмчийн хорооны валютын харилцах дансанд 100000 /нэг зуун мянган/ америк долларын дэнчин төлнө. Тендерийн дэнчинг дор дурдсан дансанд төлнө. Үүнд:
Банкны нэр: Монгол Улсын "Монголбанк"
SWIFT код: BOMUMNUB
Дансны нэр: Төрийн өмчийн хороо
Дансны дугаар: 3332404
Монголбанкны
харилцагч банк: Federal Reserve Bank of New York, NY, USA
SWIFT код: FRNYUS33
Дансны дугаар: 021088506
Дансны нэр: Монголбанк
Тендерийн дэнчин төлснийг нотолсон банкны баримтын хуулбарыг техникийн саналд хавсаргана.
Тендерт оролцогч нь дэнчин тавиагүй тохиолдолд тендерт оролцох эрхгүй.
Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг хувьцааг худалдаж авах үнэд оруулан тооцно.
Тендерийн саналыг үнэлсний дараа, тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын долоон өдөрт багтаан бүрэн буцаан олгох бөгөөд хүсэлтэд дэнчинг шилжүүлэх банкны дансны дугаарыг тодорхой заана.
Тендерийн дэнчинг дараахь тохиолдолд буцааж олгохгүй:
Ялагч нь санхүүгийн саналтайгаа хамт англи, монгол хэл дээр тус бүр хоёр хувь үйлдэж, хувь тус бүр дээр гарын үсэг зурсан хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн хувилбарыг ирүүлээгүй буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерийн үр дүнгийн тухай мэдэгдэл /тэмдэглэл/-д гарын үсэг зурахаас татгалзсан.
Ялагч нь хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нөхцөл, болзлын дагуу худалдан авах үнийн төлбөрийг хийгээгүй.
Дэнчинд хүү төлөхгүй.
Дэнчин төлөхтэй холбогдсон банкны бүх зардлыг тендерт оролцогч хариуцна.
АРАВ. ТЕНДЕРИЙН САНАЛЫГ БЭЛТГЭН ИРҮҮЛЭХ
ХХБ-ны хувьцааны 76 хувийг худалдахад Засгийн газраас дараахь нөхцөл тавина. Үүнд:
ХХБ-ны үйл ажиллагааг сайжруулах, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай банк болгох;
Олон улсын өргөн хүрээтэй туршлага, стандартад нийцэхүйц банкны хамгийн орчин үеийн мэргэжил мэдлэг, техник технологи, удирдлагын арга барилыг нэвтрүүлэх;
Банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлснээр санхүүгийн зуучлалын хүрээг өргөтгөж, гадаадын болон дотоодын томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын зээл ба зээлийн баталгааны эрэлт хэрэгцээг хангаж чаддаг болгох, эрсдэлийг багасгах шинэ арга барилыг нэвтрүүлэх, аж ахуйн нэгж, иргэдэд илүү өргөн хүрээтэй иж бүрэн багц үйлчилгээг санал болгох, үйлчилгээний чанарыг сайжруулан үнэ өртгийг бууруулах. Хувьцаа эзэмших эрх шилжсэний дараахь хоёр жилийн хугацаанд Засгийн газраас тавих нөхцөлүүдийг хангахад чиглэгдсэн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг нэн даруй хийх тухай баталгаа гаргах;
Орчин үеийн банкны мэргэжил, мэдлэг, шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх замаар "мэргэжлийн хөрөнгө" оруулах.
Тендерийн санал дараахь хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Техникийн санал /бизнесийн төлөвлөгөөний хамт/ Санхүүгийн санал
Техникийн болон санхүүгийн саналын англи, монгол хэл дээрх эх хувь болон хуулбаруудыг "ЭХ ХУВЬ", "ХУУЛБАР", "ТЕХНИКИЙН САНАЛ", "САНХҮҮГИЙН САНАЛ" гэж хаяглан тус тусад нь битүүмжлэн дугтуйлна. Эдгээр дугтуйг өөр дугтуйд давхар хийж битүүмжилнэ. Гаднахь дугтуй дээр Төрийн өмчийн хорооны хаяг, тендерт оролцогчийн албан ёсны нэр, хаягийг бичиж:
"ХХБ ХХК-ийн хувьцааг худалдан авах нууц санал - Тендерийн Санал.
ТЕНДЕРИЙН КОМИССЫГ БАЙЛЦУУЛАХГҮЙГЭЭР НЭЭХИЙГ ХОРИГЛОНО" гэсэн тэмдэглэл хийнэ.
Тендерийн саналыг Төрийн өмчийн хорооны дараахь хаягаар 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18.00 цагаас өмнө ирүүлнэ.
Л. Пүрэвдорж
Төрийн өмчийн хороо дарга
Засгийн газрын IY байр, 408-р өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460
Факс: 976-11-312798
10.4 Техникийн санал
Техникийн санал нь дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
А. Тендерт оролцогчийн талаархи мэдээлэл. Үүнд:
Тендерт оролцогчийн бизнесийн үйл ажиллагааны чиглэл, компанийн бүтэц, арилжааны банк болон олон улсын банкны үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга /консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй компаниудын үйл ажиллагаа/,
Сүүлчийн гурван жилийн эцсийн байдлаар гаргаж аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл /нээлттэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан/. Сүүлчийн жилийн санхүүгийн тайланг англи, монгол хэл дээр ирүүлэх бөгөөд түүнээс өмнөх хоёр жилийн санхүүгийн тайланг англи хэл дээр ирүүлж болно,
Тендерт оролцогч компанийн нийт гаргасан хувьцааны таваас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт,
Тендерт оролцогчоос санал болгож буй тендерт хамаатай байж болох бусад мэдээлэл.
Банкны үйл ажиллагааны төлөвлөгөө. ХХБ-г цаашид хөгжүүлэх хоёроос доошгүй жилийн төлөвлөгөөнд дор дурдсан зорилт, арга хэмжээг тусгасан байвал зохино:
Стратегийн зорилт, түүнд ирээдүйд банкны үндсэн үйл ажиллагаанд хийх хөрөнгө оруулалтыг тусган оруулах,
Санал болгож, сонгож буй зах зээлийн хүрээ,
Үйлчилгээний хөгжил , нэр төрөл, арга хэмжээ,
Төлөвлөж буй санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд /активын өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөж, өөрийн хөрөнгийн хүрэлцээ г.м./, хоёр жилийн санхүүгийн прогноз /Орлого, үр дүнгийн тайлан, Тайлан тэнцэл, Мөнгөн урсгалын тайлан/,
Банкны мэдээллийн технологи ба дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, өртөг зардлын бүтэц,
Дундаж цалингийн доод хэмжээ, үндсэн ажиллагсдын тоо зэргийг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө /хөдөлмөр эрхлэлтийн түвшин, цалин урамшуулал, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр г.м./, гадаадын удирдлагын бүрэлдэхүүн, тоо, албан тушаал,
Байгаль орчны бохирдлыг арилгах, байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагаа, түүнийг санхүүжүүлэхэд олгох зээлийн шалгуурыг мөрдөх зарчим.
Тендерийн дэнчин төлснийг нотлох баримт
Тендерийн энэхүү журмын сүүлчийн хуудсанд гарын үсэг зурсан хуулбар. Тендерт оролцогч нь Тендерийн журамд гарын үсэг зурснаар энэхүү журмын заалтыг сахин мөрдөхийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлнэ.
Тендерт оролцохыг зөвшөөрч хуулийн этгээдийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэр.
Санхүүгийн санал
Санхүүгийн санал нь дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
А. ХХБ ХХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 76 хувьд ногдох 1 520 000 ширхэг хувьцааг худалдан авах үнэ.
Б. Хувьцаа шилжүүлсний дараахь хоёр жилийн дотор банкинд нэн даруй хийх хөрөнгө оруулалтын хэмжээ. Эдгээр хөрөнгө оруулалт нь банкийг хөгжүүлэх, үйл ажиллагааг сайжруулахад шууд чиглэгдсэн байх шаардлагатай.
В. Тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг зурсан Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийн англи болон монгол хэл дээрх тус бүр хоёр ижил эх хувь.
Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийн гарын үсэг зурсан бүх эх хувийг санхүүгийн саналын эх хувьд хавсаргана. Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийн гарын үсэг зурсан англи болон монгол хэл дээрх эх хувийн хуулбаруудыг санхүүгийн саналын бүх хуулбарт хавсаргана.
Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төсөлд дараахь зүйлийг хавсаргана:
Гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн хуулийн этгээдийн удирдах байгууллагын шийдвэр,
Итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараахь эрх олгосныг нотлох итгэмжлэл:
Гэрээнд гарын үсэг зурах,
Санхүүгийн саналыг нээх ажиллагаанд Тендерт оролцогчийг төлөөлөх.
Тендерт оролцогчийн өргөдөлд хавсаргасан итгэмжлэлд эдгээр эрхийг итгэмлэгдсэн төлөөлөгчид олгосон тохиолдолд итгэмжлэлийн хувийг хавсаргана.
АРВАН НЭГ. ТЕНДЕРИЙН САНАЛЫН ҮНЭЛГЭЭ
Төрийн өмчийн хороо тендерийн саналуудад үнэлгээ хийлгүүлэх зорилгоор тендерийн комиссыг томилно. Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагаа нь дараахь хоёр үе шаттай байна. Үүнд:
Техникийн саналын үнэлгээ,
Санхүүгийн саналын үнэлгээ.
Тендерийн комисс нь техникийн саналуудыг дор дурдсан шалгаруулах үзүүлэлтүүдийг үндэслэн онооны системээр үнэлнэ. Үүнд:
Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага, санхүүгийн чадавхи, үйл ажиллагааны зэрэглэл (0-40 оноо),
Санал болгож буй бизнесийн төлөвлөгөөний чанар, Засгийн газраас тавих нөхцөлүүдийг хүлээн авч тусгасан байдал (0-40 оноо),
Дэд үзүүлэлт:
Бизнесийн төлөвлөгөөний цар хүрээ, тодорхой байдал (0-10 оноо),
Засгийн газраас тавих нөхцөлүүдэд төлөвлөгөө, стратегийн нийцсэн байдал (0-30 оноо),
Байгаль орчны бохирдлыг арилгах, байгаль орчныг хамгаалах төсөл, үйл ажиллагааг зээлжүүлэх шалгуур (0-10 оноо),
Хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө (0-10 оноо).
Нийлбэр дүнгээр 70-аас доошгүй оноо авсан техникийн саналыг шалгаруулна.
Техникийн саналыг үнэлэх үйл ажиллагааг дуусгасны дараа тендерийн комисс нь техникийн саналын үнэлгээний тайлан гаргана.
Техникийн үнэлгээ дууссаны дараа Төрийн өмчийн хороо техникийн санал нь тэнцсэн оролцогчдод тендерт цаашид оролцохоор шалгарсан тухай болон санхүүгийн саналыг нээхээр товлосон газар, цагийг мэдэгдэнэ. Төрийн өмчийн хороо техникийн санал нь тэнцээгүй оролцогчдод энэ тухай болон дэнчинг буцаан олгох тухай мэдэгдэнэ. Мэдэгдлийг буухиа шуудан, факс буюу электрон шуудангаар явуулж болно.
Санхүүгийн саналуудыг тендерт оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан нийтийн өмнө тендерийн хуваарьт заасны дагуу 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр задална.
Техникийн саналын үнэлгээгээр 70-аас доошгүй оноо авсан тендерт оролцогчдын санхүүгийн саналыг нээж үнэлнэ.
Тендерт оролцогчийн нэр, санал болгож буй худалдан авах үнэ болон нэн даруй хийх хөрөнгө оруулалтын хэмжээг чангаар уншиж, бүртгэнэ. Тендерийн комисс Санхүүгийн санал болгонд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эцсийн төслийг хавсаргаж, зохих ёсоор гарын үсэг зурсан эсэхийг шалгах ба санхүүгийн саналуудыг нийтийн өмнө задлах ажиллагааны тэмдэглэл хөтөлнө.
Тендерийн комисс нь санхүүгийн саналуудыг дор дурдсан онооны системээр үнэлнэ. Үүнд:
Санал болгож буй худалдан авах үнийн дүнгийн ам. доллар бүрт нэг оноо,
Нэн даруй хийх хөрөнгө оруулалтын дүнгийн ам. доллар бүрт 0.75 оноог тус тус ногдуулна.
Эцсийн оноо нь худалдан авах үнэ болон нэн даруй оруулах хөрөнгө оруулалтын хэмжээнд тус тус ногдуулсан онооны нийлбэртэй тэнцэнэ.
Хоёр буюу түүнээс дээш тендерт оролцогчид ижил оноо авсан тохиолдолд тэдгээрийг техникийн саналын үнэлгээгээр авсан онооны дагуу эрэмбэлнэ. Хэрэв техникийн саналын үнэлгээгээр авсан оноо нь мөн тэнцсэн тохиолдолд худалдан авах үнийн шинэ саналыг нэг цагийн дотор бичгээр өгөх боломж олгоно. Хэрэв хоёр буюу түүнээс дээш тендерт оролцогчдын эцсийн оноо нь дахин тэнцвэл худалдан авах үнийнхээ саналыг нэг цагийн дотор дахин шинэчлэх боломж олгоно. Энэ ажиллагааг аль нэг тендерт оролцогч бусдаасаа хамгийн өндөр эцсийн оноотой болох хүртэл үргэлжлүүлэн явуулна.
Санхүүгийн саналыг албан ёсоор нээж үнэлсэн өдрөө тендерийн комисс нь тендерийн үр дүнгийн мэдэгдэл /протокол/-ийн төслийг бэлтгэж, Төрийн өмчийн хороогоор хянуулан батлуулах зорилгоор нээлттэй хуралдааны ажиллагааг түр завсарлана.
Тендерийн комисс, Төрийн өмчийн хорооны гишүүд мөн өдөр нээлттэй хамтарсан хуралдаан хийж, Төрийн өмчийн хорооны даргын гарын үсэг зурсан тендерийн нэгдсэн мэдэгдэл /протокол/-ийг уншиж тендерийн үр дүнг зарлана.
Ялагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тендерийн үр дүнгийн мэдэгдэл /протокол/-д гарын үсэг зурахыг урих бөгөөд түүнд уг мэдэгдлийн гарын үсэг зурсан хувийг Төрийн өмчийн хорооны даргын гарын үсэг бүхий Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эх хувьтай хамт олгоно.
АРВАН ХОЁР. ТЕНДЕРИЙГ ЯВАГДААГҮЙД БОЛОН ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ӨРГӨДӨЛ, САНАЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦААГ СУНГАХ
Төрийн өмчийн хороо өргөдөл, санал ирүүлэх хугацааг өөрийн санаачилгаар болон тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу сунгах буюу тендерийн хуваарийг хэдийд ч ямар ч байдлаар өөрчилж болно.
Монгол Улсын Засгийн газар нь аль ч үед урьдчилан мэдэгдэлгүйгээр уралдаант шалгаруулалт /тендер/-ын журмын аль ч заалтыг хасах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Тендерийн журамд оруулсан аливаа өөрчлөлтийн талаар Төрийн өмчийн хороо бүх тендерт оролцогчдод бичгээр мэдэгдэнэ.
Тендерт оролцогчийн гарын үсэг _____________________________________
Он, сар, өдөр ____________________
ХАВСРАЛТ 1
ТЕНДЕРИЙН ХУВААРЬ
Үйл ажиллагаа
|
Огноо/Эцсийн хугацаа
|
Тендерийн зар мэдээ
|
2001 оны 9 дүгээр сарын 3
|
Өргөдлөө ирүүлэх /Урьдчилан шалгаруулалт/
Тендерийн баримт бичгийг хүргүүлэх
|
2001 оны 9 дүгээр сарын 3-наас 10 дугаар сарын 5
|
Банк дээр дүн шинжилгээ хийх/санал, дүгнэлт гаргах хугацаа
|
2001 оны 9 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 9
|
Банктай танилцаж, уулзалт хийх хүсэлтээ ирүүлэх
|
2001 оны 10 дугаар сарын 5
|
ХХХАГ-ний төслийн талаар санал авах
|
2001 оны 10 дугаар сарын 15
|
ХХХАГ-ний шинэчилсэн төслийг боловсруулан гаргах
|
2001 оны 10 дугаар сарын 22
|
ХХХАГ-ний шинэчилсэн төслийн талаар санал авах
|
2001 оны 10 дугаар сарын 29
|
ХХХАГ-ний эцсийн төслийг бэлтгэн гаргах
|
2001 оны 11 дүгээр сарын 5
|
Тендерийн санал ирүүлэх
|
2001 оны 11 дүгээр сарын 12
|
Техникийн саналыг үнэлэх
|
2001 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 19
|
Техникийн саналын үнэлгээний дүнг мэдэгдэх
|
2001 оны 11 дүгээр сарын 19
|
Санхүүгийн саналыг нийтийн өмнө нээж үнэлэх/Тендерийн үр дүнг нийтэд мэдээлэх
|
2001 оны 11 дүгээр сарын 28
|
Гэрээнд гарын үсэг зурах
|
2001 оны 11 дүгээр сарын 28
|
/Засгийн газрын 2001 оны 251, 281 дүгээр тогтоолын өөрчлөлтийг тусгав./
_ оОо _
Текст томруулах
A
A
A