- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ
Засгийн газрын 1996 оны 147 дугаар тoгтooлын 2 дугаар xaвcpaлт
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ
1.1.Эрчим хүчний тухай хуулийн дагуу дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, хангагч, хэрэглэгчийн хоорондын харилцаа, төлбөр тооцоо болон тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход энэхүү дүрмийн зорилт оршино.
1.2.Энэхүү дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрлэгч, хангагч, хэрэглэгчид мөрдөнө.
Тайлбар: а/"хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ:
-хангагчийн дулааны төв шугамаас дулаан шууд авсан хэрэглэгчийг үндсэн хэрэглэгч гэнэ; -үндсэн хэрэглэгчийн шугамаас дулаан авч буй хэрэглэгчийг салбар хэрэглэгч гэнэ.
б/"хангагч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд дулааны эрчим хүчээр хангах үүрэгтэйгээр оролцож байгаа хуулийн этгээдийг хэлнэ;
в/"дулааны шугам сүлжээ" гэж эрчим хүчийг дамжуулах, хуваарилах зориулалт бүхий байгууламжийг хэлнэ.
1.З.Хангагч, хэрэглэгч нь хууль тогтоомжид нийцүүлэн дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулна.
1.4.Дулааны шугамын эзэмшлийн заагийг уг шугам хэний хөрөнгөөр баригдсан болохыг үндэслэн өмчийн харьяаллаар тогтооно.
1.5.Хангагч, хэрэглэгч нь өөрсдийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг үйлчилгээ, засвар, шинэчлэлтийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, хүнээр хийлгэнэ.
1.6.Дулааны шугам, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, дулааны эрчим хүчний борлуулалтад тавих хяналтыг эрчим хүчний хяналтын байгууллага, түүнээс эрх олгосон хангагч, хэрэглэгчийн холбогдох ажилтан гүйцэтгэнэ.
Хоёр.Хэрэглэгчдэд техникийн нөхцөл олгох
2.1.Шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг дулааны шугам сүлжээнд холбох, дулааны эрчим хүчний гэрээнд заасан хүчин чадал, дулаан зөөгчийн хэмжигдэхүүнээ өөрчлөх шаардлага гарах бүрт хэрэглэгч хангагчаас техникийн нөхцөл авна.
2.2.Хангагч нь хэрэглэгчид техникийн нөхцөл олгохдоо эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална.
2.3.Хангагч шинээр барих барилга байгууламжийн байршил, талбай, эзэлхүүн, дулаан зөөгчийн төрөл, хэрэглээний зориулалт, хэмжээ, дулаан авч эхлэх хугацаа зэргийг тусгасан хүсэлтийг хэрэглэгчээс хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор техникийн нөхцөл олгох эсэхийг шийдвэрлэж хариу өгнө.
2.4.Хангагчаас олгосон техникийн нөхцөлийг хэрэглэгч, зураг төслийн байгууллагууд зураг төсөл зохиохдоо мөрдлөг болгож дулаан хангамжийн зургийг хангагчаар хянуулан зөвшөөрөлцөж, нэг хувь зургийг хангагч байгууллагад өгнө. Хангагчаар хянуулаагүй зураг төслөөр барилга байгууламжийн дулааны шугам, тоног төхөөрөмжийг барьж эхлэхийг хориглоно.
2.5.Шинээр барих байгууламжийн барилга угсралтын ажлын хэмжээнээс хамааруулан техникийн нөхцөлийг 2 жил хүртэл хугацаагаар олгох бөгөөд техникийн нөхцөлийн хугацааг дуусахаас З сарын өмнө хангагчид асуудал тавьж хугацааг сунгуулж болно. Хугацаа нь сунгагдаагүй техникийн нөхцөлийг хүчингүйд тооцно.
2.6.Хэрэглэгч нь дулааны холболтын техникийн нөхцөл олгохоор шугам сүлжээний хайгуул, хэмжилт хийх, тооцоо судалгаа гаргахад хангагчаас гарсан зардлыг төлнө. Техникийн нөхцөл олгох тооцоо судалгаагаар тухайн хэрэглэгчийг дулааны сүлжээнд залгах холболт хийх дулааны шугам, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх шаардлага гарвал түүнд шаардагдах хөрөнгийг хэрэглэгч хариуцна.
2.7.Техникийн нөхцөлийг үндэслэл муутай буруу ташаа өгснөөс барилга байгууламжийн дулаан хангамжид хүндрэл учирвал түүнийг хэвийн болгоход шаардагдах зардлыг техникийн нөхцөл олгосон хангагч хариуцна.
Гурав.Дулааны эрчим хүчээр хангах гэрээ
З.1.Хэрэглэгч нь бэлтгэлээ шалгуулж дулааны эрчим хүч хэрэглэх тухай хангагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр дулааны эрчим хүч хэрэглэх эрхээр хангагдана.
З.2.Иргэнтэй байгуулах гэрээнд эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага, торгууль, алдангийн хэмжээ, хохирлыг тооцох журам, шаардлагатай бусад асуудлыг тусгана.
З.З.Аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээнд дээр зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа, шаардлагатай бусад асуудлыг тусгана.
З.4.Хангагч нь хэрэглэгчийн төлбөрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгааг үндэслэн дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулж болно.
З.5.Хангагч нь хэрэглэгчид уур, усаар нийлүүлэх дулааны дээд хэмжээг тогтоож гэрээнд тодорхой заана.
З.6.Хангагч нь гэрээлсэн эрчим хүчний үнэ, тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
З.7.Хэрэглэгч энэ дүрмийн З.6-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацаанд багтаан хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
З.8.Хангагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулахаас болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй.
З.9.Үндсэн хэрэглэгч нь хангагчаас техникийн нөхцөл авсан салбар хэрэглэгчийг өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид холбуулна.
З.10.Хангагч, хэрэглэгч нь гэрээний биелэлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд дүгнэж, дулааны эрчим хүчний тасалдал, түүний шалтгааныг тухай бүрт хамтран тогтооно.
З.11.Хангагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ нийлүүлсэн эрчим хүчний тоо, хэмжээ, чанарыг гэрээлсэн тоо, хэмжээ, чанарын үзүүлэлттэй харьцуулна. Дулаан зөөгч (уур, ус)-ийн хэмжигдэхүүний хэлбэлзлийн зөвшөөрөгдөх хэмжээг техник ашиглалтын дүрэмд зааснаар гэрээнд тусгана.
Дөрөв.Хэрэглэгчийг дулааны шугам сүлжээнд холбох
4.1.Шинээр баригдсан буюу өргөтгөл, шинэтгэл хийгдсэн барилга байгууламж нь дулааны шугам, тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд дулааны шугам сүлжээнд холбогдоно.
4.2.Хэрэглэгч нь барилга байгууламжийг дулааны шугам сүлжээнд холбоход доорхи шаардлагыг хангасан байна:
а/хангагчийн заасан хугацаанд багтаан тухайн шугамд холбогдох салаа шугамын холболт (огтолгоо)-ыг хийсэн байх;
б/дулааны шугам, тоног төхөөрөмжид угаалт, даралтын туршилт хийхдээ хангагчийн төлөөлөгчийг байлцуулах;
в/угаалт, даралтын туршилт хийх үед гэмтэл илэрвэл богино хугацаанд засварлахыг гүйцэтгэгч, захиалагч, ашиглагч хариуцан хэвийн болгож акт үйлдэх;
г/шалгагдаж баталгаажсан хянах, хэмжих хэрэгсэл, автомат тохируулагчийг зураг төсөлд заасан цэгт тавих;
д/дулааны шугам, тоног төхөөрөмжийг хэсэгчлэн хүлээлцсэн акт, гагнуурын болон далд ажлын актууд, техникийн бусад баримт бичгийг бүрдүүлсэн байх;
е/дулааны шугам, тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийн зургийг гаргаж, шугамын өндөржилтийг тэмдэглэн хангагчид болон өөртөө зориулан 2 хувь бэлдсэн байх.
4.З.Хангагч нь энэ дүрмийн 4.1, 4.2-т заасан шаардлагыг хангасан хэрэглэгчтэй гэрээ байгуулж дулааны эрчим хүчээр хангана. Техникийн нөхцөл, хянагдсан зураг төсөлтэй тохирохгүй баригдсан барилга байгууламжийг дулааны шугамд холбохгүй.
4.4.Хангагч нь үндсэн хэрэглэгчийн шугам сүлжээнд шинээр салбар хэрэглэгч холбох техникийн нөхцөл олгохдоо үндсэн хэрэглэгчийн саналыг авна.
4.5.Хангагч нь хэрэглэгчийн ашиглалтад оруулж байгаа дулааны байгууламжид дулаан өгч эхэлснээс хойш 1 сарын хугацаанд техникийн хяналт тавина. Байгууламжийн баталгаат хугацаанд илэрсэн гэмтлийг засуулах ажлыг хэрэглэгч хариуцна.
4.6.Жил бүрийн 1 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1 хүртэл шинэ хэрэглэгчийг дулааны шугам сүлжээнд холбохыг хориглоно.
Тав.Хэрэглэгчийн эрх, үүрэг
5.1.Хэрэглэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрхийг эдэлнэ:
а/хэрэглэгч нь хангагчаас дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд дутуу нийлүүлсэн, гэрээлсэн тоо, хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий дулааны эрчим хүчээр хангаагүй эрчим хүчний үнийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
б/Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ дүрмийн 9 дэх зүйлд зааснаас бусад үндэслэлээр дулааны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо төлүүлэх.
5.2.Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахтай холбогдсон дараахь үүрэг хүлээнэ:
а/дулааны шугам, тоног төхөөрөмжийн ашиглалт, засварыг хариуцах мэргэжлийн хүмүүс ажиллуулж, тэдгээрийн мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлж байх. Дулааны тоног төхөөрөмжийн ашиглалт, засварыг мэргэжлийн бус хүнд хариуцуулахыг хориглоно;
б/дулааны шугам, тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдөж, дулааны шугам, тоног төхөөрөмжийн ажлын зураг төсөл, гүйцэтгэлийн зураг, ашиглалтын паспорт зэргийг бүрдүүлэн жил бүр баяжилт хийж байх;
в/дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ээлжит их болон урсгал засварыг хангагчийн төв шугамын засвартай уялдуулан хугацаанд нь чанартай хийх;
г/засварын дараа хангагчийн төлөөлөгчийг байлцуулан дулааны шугам,тоног төхөөрөмждөө химийн болон механик угаалт цэвэрлэгээ, даралтын туршилт хийж, илэрсэн гэмтлийг засварласны дараа хамтарсан акт үйлдэж байх;
д/дулааны тоног төхөөрөмжид тохируулга хийж, байр байшин, өрөө тасалгааг жигд халаах нөхцөлийг хангах;
е/барилга байгууламжийг халааж байгаа сүлжээний усыг бүрэн хэмжээгээр буулгах (юүлэх) бол хангагчаас албан ёсны зөвшөөрөл авах. Сүлжээний усыг асгах, бусад зориулалтаар ашиглахыг хориглоно;
ж/өөрийн эзэмшлийн дулааны шугам, тоног төхөөрөмжид гэмтэл гарсан тохиолдолд хангагчид мэдэгдэж, яаралтай засварлах арга хэмжээ авах;
з/дулаан дамжуулах төв ба зангилгааг эмх цэгцтэй, цэвэр, байнгын гэрэлтүүлэгтэй байлгаж агуулах, орон байрны зориулалтаар ашиглахгүй байх;
и/дулааны эрчим хүчийг хэмнэх, алдагдлыг хэвийн хэмжээнд байлгах, хувирсан усны буцаалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, сүлжээний буцах усны халууныг бууруулах (эх үүсвэр нь дулаан цахилгааны төв байгаа тохиолдолд)-д чиглэгдсэн техник-зохион байгуулалтын арга хэмжээг жил бүр төлөвлөн хэрэгжүүлэх;
к/хангагчтай дулааны эрчим хүч хэрэглэсний тооцоог тогтоосон хугацаанд хийж байх;
л/хяналтын болон хангагч байгууллагын шалгалтаар илэрсэн техник ашиглалт, аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчлийг арилгах шаардлагыг тогтоосон хугацаанд нь биелүүлэх.
5.З.Хэрэглэгч нь эрчим хүчний улсын байцаагч болон хангагчийн төлөөлөгчийг ажил үүргээ гүйцэтгэж яваа үед өөрийн эзэмшлийн газарт саадгүй нэвтрүүлж дулааны шугам, тоног төхөөрөмжөө бүрэн үзүүлэх үүрэгтэй.
5.4.Хэрэглэгч нь эзэмшлийн газартаа байрласан хангагчийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авахын хамт хангагчид засвар үйлчилгээ хийх бололцоо олгож зам талбайг чөлөөлж өгч байна.
5.5.Хэрэглэгч нь хангагчтай тооцоо хийдэг хэмжүүрт эвдрэл гэмтэл гарсан буюу гарах нөхцөл бүрдсэн тохиолдолд хангагчид яаралтай мэдэгдэнэ.
5.6.Гэрээнд заасан дулааны эрчим хүчийг заасан хугацаандаа авахгүй болсон тухайгаа хангагчид З-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.
5.7.Хэрэглэгч нь Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг мөрдөж ажиллана.
5.8.Эрчим хүчний улсын байцаагчийн хийсэн битүүмжлэлийн хаалт, тоног төхөөрөмжийн битүүмжлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
Зургаа.Хангагчийн эрх, үүрэг
6.1.Хангагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүрэг хүлээнэ:
а/Эрчим хүчний тухай хууль, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн заалтыг хэрэгжүүлж, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах гэрээнд заасан дулааны эрчим хүчээр хангах;
б/дулааны шугам, тоног төхөөрөмжийн ээлжит их болон урсгал засвар, туршилт тохируулгыг хугацаанд нь чанартай хийж халаалтын бэлтгэлийг хангах. Шугам, тоног төхөөрөмжийг засварт оруулахтай холбогдон дулаан түр тасалдахаар бол хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж ажлаа зохицуулах боломж олгох;
в/дулаан хангамжийн системийн (эх үүсвэр, шугам сүлжээ, хэрэглэгчийн хэрэглээг оруулан) өвөл, зуны ажиллагааны горим, тооцоог хийж батлуулан, түүнийг хэрэгжүүлэх;
г/хэрэглэгчийн дулааны төв ба зангилаанд тавих зарцуулалтыг тохируулах хэрэгсэл (сопло, шайба)-ийг тооцож бэлтгэн тавьж битүүмжлэх;
д/хэрэглэгчийн дулааны шугам, тоног төхөөрөмжийн ашиглалт, засварын байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын биелэлт, халаалт, халуун ус хангамжийн чанар, уур ус, хувирсан усны алдагдал зэрэгт хангагч өөрийн төлөөлөгчөөр хяналт тавиулж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар шаардлага, зөвлөмж өгүүлэх;
е/сүлжээний буцах усны халууныг тогтвортой бууруулж хувирсан ус буцаалтыг нэмэгдүүлэн эх үүсвэрийн ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх;
ж/шинэ хэрэглэгчийн дулааны шугам, тоног төхөөрөмжийн угсралтад хяналт тавьж, техникийн нөхцөл, зураг төслийн дагуу хийлгэх, ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд төлөөлөгчөө оролцуулах.
6.2.Хэрэглэгчийг дулааны шугам, тоног төхөөрөмждөө засвар үйлчилгээ хийх үед түүний захиалгаар дулааныг тасалж өгч байна.
6.3.Хангагч нь дулааны шугам, тоног төхөөрөмжид ээлжит бус засвар хийх, шинэ хэрэглэгч холбоход дулааныг түр таслахаар бол энэ тухайгаа хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж хугацааг тохирно.
6.4.Дулааны эх үүсвэр болон дулааны шугам, тоног төхөөрөмжид гарсан ноцтой гэмтэл саатлыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авах шаардлагатай нөхцөлд хангагч нь дулаан хангамжийг урьдчилан хугацаа тогтоолгүйгээр шууд зогсоох эрхтэй бөгөөд зогсоосон шалтгаанаа хэрэглэгчид тэр даруй нь мэдэгдэнэ.
Долоо.Төлбөр тооцооны хэмжих хэрэгслийн ашиглалт
7.1.Хангагч ба хэрэглэгчийн дулааны тоноглол нь Эрчим хүчний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан төлбөр тооцооны болон хянах, хэмжих хэрэгсэл, тохируулах автоматаар тоноглогдсон байна.
7.2.Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмжид дулааны тоолуур, хянах хэрэгсэл, тохируулах автомат тавих, тэдгээрийг ашиглах, засварлах, баталгаажуулах, бүрэн бүтэн байлгахыг хариуцна.
7.З.Хэрэглэгчийн шугам, тоног төхөөрөмжид тавигдсан хянах, хэмжих хэрэгсэл, автомат тохируулагч болон төлбөр тооцооны хэмжүүрийн хэвийн ажиллагаатай байгаа эсэхэд хангагч хяналт тавина.
7.4.Уур усаар түгээсэн дулааны төлбөр тооцоог хангагч ба хэрэглэгчийн шугамын зааг дээрээс эхлэн тооцно. Төлбөр тооцооны хэмжүүрийг шугамын заагаас зайтай байрлуулсан бол хэрэглэгчийн дулааны эрчим хүчний тооцоонд шугамын заагаас хэмжүүр хүртэлх шугамын алдагдлыг оруулж бодно.
7.5.Төлбөр тооцооны хэмжүүрийг зөөж байрлуулах шаардлага гарвал хэрэглэгч нь хангагчийн төлөөлөгчийг байлцуулж гүйцэтгэнэ.
7.6.Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байр, орон сууцны халаалт, хэрэгцээний халуун ус болон өрөө тасалгааны дулаан солилцуулгын төхөөрөмж дээр Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан төлбөр тооцооны болон хянах, хэмжих хэрэгсэл ашиглахад нь хангагчийн зүгээс дэмжлэг үзүүлэн эдгээр хэмжүүрээр төлбөр тооцоо хийх тухай гэрээнд өөрчлөлт оруулж байна.
Найм.Төлбөр тооцоо
8.1.Хангагч, хэрэглэгчийн хооронд хийгдэх тооцоог хэмжих хэрэгслийн заалт (бусад тохиолдолд гэрээ)-ыг үндэслэн мөрдөгдөж байгаа үнийн дагуу бодож тооцно.
8.2.Хэрэв талууд эрчим хүчний төлбөрийн талаар харилцан тохиролцож гэрээнд заасан бол банкны байгууллага хугацаандаа төлөөгүй эрчим хүчний төлбөрийг хангагчийн нэхэмжлэлийн дагуу хэрэглэгчийн харилцах данснаас шууд хийнэ.
8.З.Дулааны эрчим хүч хэрэглэгчийн тооцооны хэмжүүр гэмтэлтэй тохиолдолд төслийн хүчин чадлыг үндэслэн тооцоо хийнэ.
8.4.Хэрэглэгч нь хувирсан усыг гэрээнд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр буцаавал шагнал авах ба дутуу буцаасан тохиолдолд хангагчид торгууль төлнө.Шагнал болон торгуулийн хэмжээг гэрээнд тусгана.
8.5.Хэрэглэгчээс буцаасан хувирсан усны чанар нь гэрээнд заасан чанарын үзүүлэлтийг хангаагүй бол буцаагаагүйд тооцно. Үүнтэй холбогдон гарах төлбөрийн хэмжээг гэрээгээр зохицуулна.
8.6.Хэрэглэгч нь эрчим хүчээр хангах гэрээнд өөрөөр заагаагүй бол сард хэрэглэх дулааны эрчим хүчний үнийн З0 хувьтай тэнцэх төлбөрийг тухайн сарын 10-ны дотор урьдчилан төлнө.
8.7.Хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.
8.8.Дулаан, цахилгааны төвөөс дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа хэрэглэгч нь сүлжээний буцах усны халууныг батлагдсан графикаас 4 хэмээс дээш хэмжээгээр өндөржүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн хэм (хоногийн дундаж) тутамд хоногт 2000 төгрөгийн торгууль төлнө.
8.9.Дулааны эрчим хүчний тооцоог хэрэглэгч буруу гэж үзвэл энэ тухай хангагчид албан ёсоор мэдэгдэнэ. Хангагч энэ тухай асуудлыг мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хэрэв хангагчийн шийдвэрийг хэрэглэгч зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.Тооцооны хэмжих хэрэгсэл ба тооцоо үйлдэгч хүмүүсийн буруугаар болон дээрх маргааны эцсийн шийдвэрээр гарсан тооцооны үнийн зөрүүг дараа сарын тооцоонд хоёр тал хамтран үйлдсэн актын үндсэн дээр тусгаж тооцоолно.
8.10.Хэрэглэгчийг дулаанаар хязгаарласан буюу тасалсан эрчим хүчний хэмжээг хэрэглэгч болон дулаан үйлдвэрлэгчийн тооцооны хэмжүүрийн заалт, ээлжийн диспетчерүүдийн албан ёсны тэмдэглэлийг үндэслэн тодорхойлно.
8.11.Хэрэглэгч хуучин байрнаасаа түр буюу бүрмөсөн шилжин суурьших бол энэ тухай хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэж, хэрэглэсэн дулааны эрчим хүчний тооцоог хийж, өр авлагыг барагдуулна.
Ес.Дулааны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх
9.1.Эрчим хүчний улсын байцаагч Эрчим хүчний тухай хуульд заасан болон дараахь тохиолдолд эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ:
а/шугам сүлжээ, байгууламжийн техникийн байдал нь дүрэм зөрчсөн, осол аюул гарч болзошгүй буюу тэнд ажиллагч хүмүүсийн амь насанд хохирол учруулахаар байвал;
б/дулааны эрчим хүчийг гэрээнд заагаагүй зориулалтаар ашигласан, ус, дулааны алдагдлыг нормт хэмжээнээс хэтрүүлсэн;
в/эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөл бүрдүүлээгүй буюу техникийн нөхцөлийн шаардлагыг зөрчсөн, зөвшөөрөлгүйгээр шинэ барилга байгууламж холбож дулаан авсан;
г/хангагчаас тооцоолж битүүмжлэн тавьсан тохируулах хэрэгсэл (сопло, шайба)-ийг дур мэдэн өөрчилсөн буюу авч бусдын дулаан хангамжийг доголдуулсан;
д/тооцооны хэмжүүрт оруулалгүйгээр зүй бусаар холболт хийж дулаан (уур, ус) авч ашигласан;
е/хэрэглэсэн дулааны болон буцаагаагүй хувирсан усны үнийг дараа сарын 10-ны дотор төлөөгүй;
ж/эрчим хүчний улсын байцаагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
9.2.Хэрэглэгчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх эрх бүхий ажилтан нь шийдвэртээ түдгэлзүүлэх болсон шалтгааныг тодорхой зааж, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, хэмжүүр, тоолуур болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ.
9.З.Эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлүүлсэн хэрэглэгч нь түдгэлзүүлсэн шалтгааныг арилгасан тухайгаа тухайн ажилтанд мэдэгдэж шалгуулахаас өмнө тоног төхөөрөмж, шугам сүлжээг ашиглахыг хориглоно.
Арав.Хохирлыг тооцох, нөхөн төлөх
10.1.Хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эрчим хүчийг тасалдуулсан тохиолдолд хэрэглэгч нь энэ талаар хангагчид цаг тухайд нь шуурхай мэдэгдэнэ.
10.2.Дулааны эрчим хүчний тасалдсан, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүссэн хохирлыг тогтоохдоо хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно. Актад дулааны эрчим хүчний тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, цаг, хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл, үйлчилгээнд учруулсан шууд ба шууд бус хохирлын хэмжээг тогтоосон хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой бичиж гарын үсэг зурж, хангагч, хэрэглэгчийн удирдлага баталгаажуулсан байна. Актыг хоёр тал хамтран 5 хоногийн дотор тогтоож, төлбөрийг 2 сарын дотор буруутай тал хариуцаж төлнө.Аль нэг талын акт нь хохирлыг нөхөн төлөх үндэслэл болохгүй.
10.З.Чанарыг бууруулан түгээсэн дулааны эрчим хүчний хэмжээг тухайн хэрэглэгчийн хэмжүүрийн заалтаар тогтооно.
10.4.Дулааны эрчим хүчний тасалдлаас учирсан шууд ба шууд бус хохирлын төлбөрийн талаар хангагч, хэрэглэгч хоёр дулааны эрчим хүчээр хангах гэрээнд тодорхой тусгасан байна.
10.5.Хангагч, хэрэглэгч хоорондоо зөвшилцөн шийдвэрлэж чадаагүй маргаантай асуудлыг шүүхийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
10.6.Хэрэглэгч нь эрчим хүч ашиглах журам, горим, гэрээг зөрчиж хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнийг нөхөн төлж зохих хариуцлага хүлээнэ.
10.7.Дараахь тохиолдолд дулааны эрчим хүчний тасалдлаас хэрэглэгчид учирсан хохирлыг хангагч хариуцахгүй:
а/байгалийн гэнэтийн аюул (усны үер, гал түймэр, газар хөдлөлт гэх мэт) тохиолдсон;
б/хэрэглэгч ба бусад байгууллага, хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас үүссэн;
в/дулааны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс гарсан.
Арван нэг.Хяналт, хариуцлага
11.1.Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн биелэлтэд эрчим хүчний улсын хяналтын байгууллага, түүний байцаагч болон үйлдвэрлэгч, хангагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохих албан тушаалтан хяналт тавина.
11.2.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хүчний хангамж, мөрдөж буй үнэ тарифын үндэслэлд олон нийтийн хяналт тавина.
11.З.Эрчим хүчний төлбөр тооцоотой холбогдуулан эрх бүхий байгууллага, ажилтны гаргасан шийдвэрийг хэрэглэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд асуудлыг шүүх шийдвэрлэх хүртэл уг шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ.
11.4.Энэ дүрмийн 11.З-т зааснаас бусад тохиолдолд эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээтэй холбогдуулан эрх бүхий байгууллага, ажилтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан нь уг шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
11.5.Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийг зөрчсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.Гэм буруутай этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэсэн эсэхийг үл харгалзан учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
--------оОо---------
Текст томруулах
A
A
A