A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 243 дугаар тогтоолын хавсралт

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН  ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
1. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/-т Засгийн газрын Танхим, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаас хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудлаар шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын бүтцийн тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн "Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт шинэчлэл" бүрэлдэхүүн хэсгийн  МОН/94/102 төслийн хүрээнд боловсруулсан "Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар" төслийн тайлан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Эрх зүйн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
Монгол Улсын Үндсэн хууль;
Засгийн газрын тухай хууль;
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
Төрийн албаны тухай хууль;
Хөдөлмөрийн тухай хууль;
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль;
Газрын тухай хууль;
Газрын төлбөрийн тухай хууль;
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль;
Хүнсний тухай хууль;
Тариалангийн тухай хууль;
Таримал ургамлын үр, сортын тухай хууль;
Үрийн тариалангийн даатгалын тухай хууль;
Эмийн тухай хууль;
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль;
Усны тухай хууль;
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль;
Хоршооны тухай хууль;
Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсын туршлага,  өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа /бизнес/-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн онол зэрэг арга зүйг хэрэглэв.
1.5. Чиглэлийн яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хүнс, хөдөө аж ахуйн салбарын зорилтыг  хэрэгжүүлэх чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын Танхимд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлж, Засгийн газрын хүнс, хөдөө аж ахуйн зөвлөхийн үүрэг хариуцлагыг хүлээнэ.
Хүнс, хөдөө аж ахуйн яам нь салбарын бодлогын төлөвлөлт, төсвийн зарцуулалт, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана.
Яам нь  хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэтийн  болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг боловсруулах, төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлсон үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана.
 
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Хүнс, хөдөө аж ахуйн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр болон үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
 
     Хүнс, хөдөө аж ахуйн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр


Хүнс, хөдөө аж ахуйн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын Танхим байна.
 Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг үндсэн үйлчлүүлэгч буюу  хэрэглэгч, хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
 
2. Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги
2.1.  Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх  асуудлын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын  үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
 Хүнс, хөдөө аж ахуйн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:                            
2.2.1. Удирдлагын  орчин  үеийн дэвшилтэт арга барил, туршлагыг нэвтрүүлэх, үндэсний технологийг  хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт,  шинэ  бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
2.2.2. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдийг дэмжиж, аж ахуйн нэгжийн менежментийг  сайжруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
2.2.3. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах,  нөхөн сэргээх болон бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх,  усжуулах арга хэмжээг өргөжүүлэн, уст цэгийн ашиглалт, эзэмшилтийг сайжруулах;
2.2.4. Малын тоог өсгөн, сүргийн чанарыг сайжруулж, удмын санг хамгаалахын зэрэгцээ мал сүргийг байгалийн гамшгаас сэргийлэх, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх;
2.2.5. Мал, амьтны халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээний үр дүнг дээшлүүлж, өвчний тархалт гаралтыг тогтвортой бууруулах;
2.2.6. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэн, эрчимжилт нэвтрүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлж хэрэглээний аюулгүй байдлыг хангах;
2.2.7. Хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх санаачилга хөдөлгөөнийг өрнүүлж ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр хоршоо байгуулахад тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
2.2.8. Орон нутгийн зээлийн чадавхийг нэмэгдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хүнс, хөдөө аж ахуйн менежментийг сайжруулан хүний нөөцийн манлайллыг хангах.
2.3. Байгууллагын алсын хараа
Дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, байгалийн болон эдийн засгийн эрсдэл даах эрчимжсэн хүнс, хөдөө аж ахуйн салбарыг төлөвшүүлэх.
2.4. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлтийг хангахуйц бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжиж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн таатай орчин бүрдүүлэх явдал мөн.
2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Хүнс, хөдөө аж ахуйн яам нь үйл ажиллагааныхаа эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлтийн удирдамжаар хангахад цаг үеэ олсон зөвлөлгөө, бүх талын  дэмжлэг үзүүлэх;
2.5.2. Төрийн  захиргааны удирдлага,  зохицуулалтын үйлчилгээ үзүүлэх;
2.5.3. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилтийг  зохицуулах;
2.5.4. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх;
2.5.5. Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулж мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулах;
2.5.6. Салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх.
2.6. Үйл ажиллагааны гол зорилт
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлж ажиллана:
2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.1.1. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар  хангахад мэргэшлийн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомж, хөтөлбөр,  төсөл боловсруулах;
2.6.1.2. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын сангийн үйл ажиллагааг зохицуулах;
2.6.1.3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах бүтээгдэхүүнтэй холбогдох бодлого, төлөвлөлт, төсвийн төсөл боловсруулах. 
2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.6.2.1. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.6.2.2. Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;               
2.6.2.3. Яамны хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн дотоод үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх.
2.6.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.6.3.1. Мал  аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, үржлийн ажлын талаар төрөөс баримтлах бодлого болон малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогыг зохицуулах;
2.6.3.2. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, техник, технологи, үрийн талаар явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
2.6.3.3. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалт, усан хангамжийн бодлогыг зохицуулах;
2.6.3.4. Хүн амын хүнсний хангамжийн бодлого, хүнсний хэрэглээний аюулгүй байдлыг хангах асуудлыг зохицуулах;
2.6.3.5. Мал,  амьтан, ургамлын хорио цээр, хөнөөлт мэрэгч, хортонтой тэмцэх болон түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжих, зохицуулах;
2.6.3.6. Салбарын мэргэжилтнүүдийг мэдээлэл, арга зүйн удирдлагаар хангах.
2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.4.1. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
2.6.4.2. Салбарын мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
2.6.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.6.5.1. Мал, амьтны халдварт өвчний голомтыг устгах, урьдчилан  сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
 
2.6.5.2. Мал эмнэлгийн мэдээ, судалгаа гаргах, бусад орон, олон улсын холбогдох байгууллагатай мэдээлэл солилцох, малын гоц халдварт өвчнөөр тайван орны жагсаалтад Монгол Улсыг бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
2.6.5.3. Малын өвчний оношилгооны чадавхийг сайжруулж бэхжүүлэх;
2.6.5.4. Мал эмнэлгийн үйлчилгээний хүрээг өргөжүүлж, чанарыг сайжруулах, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
2.6.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.6.6.1. Гадаад орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх;
2.6.6.2. Салбарт хэрэгжүүлж буй гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, үр нөлөөг дээшлүүлэх;
2.6.6.3. Сайдын гадаад айлчлалд үйлчилгээ үзүүлэх, гадаадын зочид төлөөлөгчидтэй хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр хийхэд бүх талын дэмжлэг үйлчилгээ үзүүлэх, протоколын арга хэмжээг зохион байгуулах.
2.7. Үйл ажиллагааны зорилт
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.8. Үйл ажиллагааны стратегийн загвар
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
 
3. Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим:
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
3.1.1. Засгийн газрын үйл ажиллагааны стратегитэй яамны үйл ажиллагааны стратегийг уялдуулсан байх зарчим;
3.1.2. Эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим;
3.1.3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим;
3.1.4. Бүтцийн  хувьд энгийн байх зарчим; 
3.1.5. Тэнцвэрийг  хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим;
 
3.1.6. Улс төрийн хувьд хараат бус байх зарчим;
3.1.7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим.
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараахь байдлаар тогтоов:

3.3. Зохион байгуулалтын бүтэц
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн  нэгж гарч байна:
 3.3.1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах үндсэн үүргийг хүлээж хүнс, хөдөө аж ахуйн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр, төсөл, яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулах, хүнс, хөдөө аж ахуйн тусгай зориулалтын сангуудын үйл ажиллагааг эрхлэх, төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэх бүтээгдэхүүний төлөвлөгөө, төсөв боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр  ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, төсөв, сангийн үйл ажиллагаатай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, өндөр  мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл, мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын  бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэх үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг арга барил, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, байгууллагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үр дүнгийн гэрээ, мэргэшлийн түвшинг нь үнэлж  дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ. Үйлчилгээний ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх үндсэн дээр яамны аппаратыг байр, холбоо, техник хэрэгсэл, шаардлагатай зүйлээр хангаж, ажиллах орчныг бүрдүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь салбарын байгууллага, аж  ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам,  Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллагууд байна.
3.3.3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж, энэ салбарт үйлчилж байгаа хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл,  арга хэмжээний хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах,  бодлого, төсвийн  зохицуулалтын  байдал, харилцан уялдаа холбоог хангахад чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого,  төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч  нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол  түнш нь Сангийн яам, Байгаль орчны яам болон бусад чиглэлийн яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.
3.3.4. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийн үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх үндсэн үүргийг хүлээж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явц байдалд  хяналт-шинжилгээ  хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх,  үйл ажиллагааны үр дүн, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах тогтолцоог бүрдүүлэх, үр ашиг өгөөжийг дээшлүүлэх, нөөц  илрүүлэх, ашиглахад чиглэгдсэн  зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, орчин үеийн шинэ  дэвшилтэт техник технологид тулгуурласан  мэдээллийн найдвартай сүлжээ байгуулах, түүний хэвийн  үйл ажиллагааг нь хангах, сүлжээний болон ажлын программ хангамжийн асуудлыг шийдвэрлэх, салбарын мэдээ,    мэдээллийн  төрөлжсөн сан байгуулах, мэдээ, мэдээллийн нээлттэй  үйлчилгээг төлөвшүүлэх замаар яамны бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, ил тод байдлыг хэвшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны  удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, удирдан зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг захиалсан мэдээ, мэдээллээр хангах, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг үндэслэн гаргасан бодлого, зорилтын эцсийн үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн зөвлөлгөө, дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны эцсийн үр дүнгийн талаар өөрийн үйл ажиллагаанд  хийх бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх ба ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн ахиц дэвшил, үр өгөөжийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь  Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
3.3.5. Мал эмнэлгийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд мал, амьтны гоц халдварт өвчний голомтыг устгах, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн үүргийг хүлээж, малын өвчний оношилгооны чадавхийг сайжруулж бэхжүүлэх, малын өвчний талаархи мэдээ, судалгааг нэгтгэн гаргах, бусад орон, олон улсын холбогдох байгууллагатай мэдээлэл солилцох, малын гоц халдварт өвчнөөр тайван статустай орон болох зорилтыг хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллага, мал эмнэлгийн  үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мал эмнэлэг, ариун цэврийн арга хэмжээ, малын эм бэлдмэлийн чанарыг сайжруулах, малын эмч, мэргэжилтний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт, импортын аюулгүй орчин бүрдүүлэхэд мал эмнэлгийн мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь  Хүнс, хөдөө аж ахуйн сайд,  дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, бусад хэрэглэгчид байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох  гол түнш нь Сангийн яам, гамшгаас хамгаалах болон мэргэжлийн хяналтын төв байгууллага, мал эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллага байна.
3.3.6. Салбарын гадаад хамтын ажиллагааны асуудал  эрхэлсэн зохион  байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын гадаад хамтын  ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, гадаад орон, олон улсын байгууллагаас энэ салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэг, гадаадын төсөл, хөтөлбөрийн үр дүнг дээшлүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог зохицуулах үйл ажиллагаа эрхлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь олон  улсын гэрээ, хэлцлийн баримт бичиг боловсруулах, Засгийн газар хоорондын болон  олон талын хэлэлцээрт оролцох асуудлыг зохицуулах, гадаад орон, олон улсын байгууллагад салбарын чиглэлээр санал тавьж, мэдээлэл өгөх зэрэг хэлбэрээр хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад хэрэглэгчид байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад хэргийн яам, Сангийн яам, гадаадын хөтөлбөр, төслийн газар,  олон улсын холбогдох байгууллага, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд байна.
 
 
 
 
---оОо---