A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 146 дугаар тогтоолын хавсралт

/Засгийн газрын 2002 оны 83 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ХЭРГИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЛБАНЫ ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах алба /цаашид "нислэг-техникийн алба" гэх/-ны үйл ажиллагаа нь нислэг-техникийн хэрэг болон нислэг-техникийн хэргийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх, тэдгээрийн үүссэн шалтгааныг гарсан хохирлын хэмжээг харгалзахгүйгээр үнэн зөвөөр тогтоон Чикагогийн конвенцийн 13 дугаар хавсралтын дагуу гүйцэтгэж, хэрэг зөрчил цаашид давтагдахгүй байх, таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээг тодорхойлоход оршино.
2.Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах үйл ажиллагааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Дэд бүтцийн улсын хяналтын албаны бүтцэд байгаа  Нислэг-техникийн алба хийж гүйцэтгэнэ.
3.Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах улсын ерөнхий байцаагчийг Засгийн газрын тохируулагч агентлагийн даргын санал болгосноор иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газраас олгоно.
4.Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
 5.Иргэний нисэхийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах үйл ажиллагааг улсын ерөнхий байцаагч, улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
6.Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах үйл ажиллагаатай нь холбогдуулан улсын ахлах байцаагч, улсын байцаагчдын үйл ажиллагаанд зөвхөн улсын ерөнхий байцаагч хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгнө.Энэ асуудлаар улсын ерөнхий байцаагчтай улсын байцаагчид гэрээтэй ажиллана.
7.Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид энэ дүрэмд "байцаагч" гэх/ нь үйл ажиллагаандаа Иргэний нисэхийн тухай хууль, олон улсын иргэний нисэхийн байгууллагын Чикагогийн конвенцийн 13 дугаар хавсралтад заасан нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах стандарт, журам, заавар, зөвлөмж, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
8.Байцаагч нь үндсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, уг мэргэжлээрээ тэргүүлэх хэмжээнд мэргэшсэн байхын дээр нислэг-техникийн хэргийг тухайн чиглэлээр шинжлэн шалгах тусгай сургалтад заавал хамрагдсан байна.
9.Байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, шийтгэвэр, торгууль, дүгнэлт, албан шаардлагын хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
10.Байцаагч хариуцсан чиглэлээрээ нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Иргэний нисэхийн тухай хуулийн 8.3-т заасан албан тушаалтны адил тусгай дүрэмт хувцас хэрэглэх бөгөөд нислэгийн осол, сүйрэл гарсан газарт олон улсын стандартын шаардлагыг хангасан, элдэв хорт нөлөөллөөс найдвартай хамгаалж чадах ажлын тусгай хувцас, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хэрэглэнэ. Эдгээр тусгай хувцас, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглах, эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулах дүрэм, журмыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд нь улсын ерөнхий байцаагч хяналт тавина.
11.Нислэг-техникийн хэрэг зөрчлийг арилгах талаар  байцаагчаас тодорхойлсон арга хэмжээний заалтыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр иргэний нисэхийн холбогдох бүх байгууллага болон иргэн өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.
12.Нислэг-техникийн албаны үйл ажиллагааны зардлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын жил бүрийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулж батлуулна.
 
Хоёр.Нислэг-техникийн хэргийн шинжлэн шалгалт хийх
13.Олон улс болон орон нутагт нислэг үйлдэж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт нислэгийн ноцтой хэрэг /осол, сүйрэл/ гарсан тохиолдолд түүнийг шинжлэн шалгах үйл ажиллагааг байцаагч гүйцэтгэн акт тогтооно.
14.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлөгт нислэгийн ноцтой хэрэг /осол, сүйрэл/ гарсан тохиолдолд олон улсын гэрээ, журам, стандартад заасны дагуу байцаагчид оролцох буюу эзэмшигчийн хүсэлтээр шинжлэн шалгах үйл ажиллагааг явуулна.
15.Нислэгийн осол сүйрлийг шинжлэн шалгах комиссыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.Комиссын бүрэлдэхүүнд нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор   мэргэжлийн чиглэлийг харгалзан цаг уурын болон бусад шаардлагатай мэргэжлийн хүмүүс, байцаагчийг оруулна. Комиссын бүрэлдэхүүнд осол сүйрэлд орсон агаарын хөлгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч оролцохгүй бөгөөд улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрсөн тохиолдолд зөвхөн ажиглагчаар байлцана.
16.Нислэг-техникийн хэрэг гарах урьдчилсан нөхцөл бүрдсэн, эвдрэл гэмтэл, нислэгийн зөрчил гарсан тохиолдолд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эдгээр хэргийг шинжлэн шалгах эрх олгон томилсон комиссын актыг улсын ерөнхий байцаагч хянаж, батална.
17.Шаардлагатай гэж үзвэл нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах үйл ажиллагаанд улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр гадаадын болон Монгол Улсын мэргэжлийн байгууллага, шинжээчдийг оролцуулж болно. Үүнтэй холбогдон гарах зардлыг Иргэний нисэхийн тухай хуулийн 29.4-т заасны дагуу тухайн агаарын хөлгийг эзэмшигчид хариуцна.
18.Гарч болзошгүй нислэг-техникийн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын ерөнхий байцаагч дараахь чиглэлээр хяналт, шалгалтыг зохион байгуулж болно:
 
а/Иргэний нисэхийн тухай хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг  аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хэрэгжүүлж байгаа байдалд;
б/иргэний нисэхийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд тусгай зөвшөөрөл /лицензи/, гэрчилгээ авсан байдалд;
в/олон улсын болон орон нутгийн агаарын зайн нислэг хөдөлгөөний аюулгүй байдалд;
г/нисэх бүрэлдэхүүн, нислэгийн удирдагч, инженер техникийн бүрэлдэхүүний мэргэжлийн түвшин, чадвар, сургалтын байдалд;
д/Монгол Улсын агаарын зайд хууль бусаар нэвтэрсэн агаарын хөлөгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд холбогдох бусад байгууллагатай хамтран шалгах үйл ажиллагаанд.
 
                                Гурав.Нислэг-техникийн  хэргийг  шинжлэн шалгах улсын байцаагчийн үүрэг,эрх
19.Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах улсын ерөнхий байцаагч, улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан захиргааны хяналтын улсын байцаагчийн нийтлэг үүрэг эрхээс гадна Иргэний нисэхийн тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
20.Байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/энэ дүрмийн 13-18 дугаар зүйлд заасан чиглэлээр шинжлэн шалгах ажлыг хэрэгжүүлнэ;
б/гарч болзошгүй нислэг-техникийн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Иргэний нисэхийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмыг мөрдөж буй байдал болон акт, албан шаардлагын биелэлтэд хяналт тавина.
 
-----оОо-----