A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 215 дугаар тогтоолын хавсралт

Засгийн газрын 2001 оны 265 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
 

ЦАЦРАГИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ

НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Цацрагийн улсын хяналтын зорилт нь цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүр (цаашид "цацрагийн үүсгүүр" гэнэ)-ийн үйлчлэлээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын шалтгааныг тогтооход чиглэсэн  төрийн захиргааны мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх замаар цацрагийн аюулгүй байдлыг хангахад оршино.
2.Цацрагийн улсын хяналтыг Цөмийн энергийн комиссын  Цацрагийн хяналтын алба болон цацрагийн хяналтын улсын байцаагч нар хэрэгжүүлнэ. Шаардлагатай бол зарим  яам, тусгай газар, орон нутаг, байгууллага, аж ахуйн нэгжид цацрагийн хяналтын байцаагчийг ажиллуулж болно.
3.Цацрагийн хяналтын албаны дарга нь цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна.
4.Цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг  улсын ерөнхий  байцаагчийн санал болгосноор Гэгээрлийн сайд бөгөөд Цөмийн энергийн комиссын  дарга томилж, чөлөөлнө.
5.Цацрагийн хяналтын улсын байцаагч нар  (цаашид байцаагч гэх) нь цацрагийн хяналтын чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлээр зохих түвшний шалгалт өгч тэнцсэн хүмүүс байна.
6.Цацрагийн хяналтын алба, байцаагч нь үйл ажиллагаандаа Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
7.Цацрагийн хяналтын алба, байцаагчид нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг, албан шаардлага, акт, зөрчлийн тухай протокол, дүгнэлт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
ХОЁР.Цацрагийн улсын хяналтын үндсэн чиглэл
8.Цацрагийн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, заавар, цацрагийн аюулгүйн норм, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;
б/цацрагийн аюулгүй байдалтай холбогдсон олон улсын конвенц, гэрээ, эрх зүйн бусад актуудын биелэлтийг хянах;
в/цацрагийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн баримт бичиг, цацрагийн аюулгүйн норм болон  цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, хадгалах, хамгаалах, булшлах, тээвэрлэх,  мэдээлэх, бүртгэх, хянахтай холбогдсон асуудлыг зохицуулах дүрмийг боловсруулж гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;
г/цацрагийн үүсгүүрийг олборлох, боловсруулах, дахин боловсруулах, төсөл зохиох, үйлдвэрлэх, угсрах, цуглуулах, олж авах, импортлох, экспортлох, хуваарилах, худалдах, зээлдэх, түрээслэх, хүлээн авах, захиалах, байрлуулах, ашиглалтад оруулах, эзэмшилдээ байлгах, хэрэглэх, ашиглалтад байлгах, засвар үйлчилгээний болон шилжүүлэх шатанд байлгах, ашиглалтаас гаргах, задлах, тээвэрлэх, хадгалах, хоргүйжүүлэх, булшлах зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох  хууль, дүрэмд заасны дагуу олгох;
д/цацрагийн үүсгүүртэй ажиллах болон түүнийг байрлуулах байгууллага, аж ахуйн нэгжийг барьж байгуулах ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн болон технологийн зураг төслийг зохиох, газар сонгох, тэдгээрийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад мөрдөх цацрагийн аюулгүйн норм, дүрмийн биелэлтэд хяналт тавих;
е/цацрагийн үүсгүүр ашигладаг байгууллага, аж ахуйн нэгжийн технологийн ажиллагаа болон түүхий эд, бүтээгдэхүүн, орчны дээж, ундны болон ахуйн хэрэглээний ус, хүнсний зүйл зэргийн цацрагийн бохирдлыг байнга хянаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа эсэхийг хянах, тэдгээрийн аюулгүй байдлын баталгаажилтыг хангах,  төрийн захиргааны холбогдох бусад  мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтарч зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
ж/цөмийн болон цацрагийн осол, байгаль орчны цацрагийн бохирдолт, нөлөөллөөс хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөг илрүүлэх, арилгах арга хэмжээг авах;
з/цацрагийн ослын үүссэн нөхцөл, шалтгааныг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах дүрэм, журам, улсын хэмжээнд авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг хянах;
и/улсын хилээр нэвтрүүлэх цацрагийн үүсгүүр бүхий бараа материал, тээврийн хэрэгслийн цацрагийн аюулгүй байдлыг хангах, зөвшөөрөл олгох;
к/цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж байгаа цацрагийн хяналтын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх;
л/цацрагийн үүсгүүрийн улсын бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
м/байгаль орчны хяналт-шинжилгээний сүлжээний орчны цацрагийн хяналтын цэг, сүлжээг арга зүйн удирдлагаар хангах, багаж төхөөрөмжийг шинэчлэх, засвар үйлчилгээ хийх;
н/цацрагийн үүсгүүртэй ажиллагсдын авч байгаа шарлагын тунд хяналт тавьж, нэгдсэн бүртгэл хөтлөх;
o/цацрагийн үүсгүүртэй ажиллагсдын мэдлэг, дадлагыг дээшлүүлэх сургалт, семинар зохион явуулах.
 
ГУРАВ.Цацрагийн хяналтын улсын  байцаагчийн үүрэг, эрх
9.Байцаагч нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбогдон гарсан тогтоол, шийдвэр, цацрагийн аюулгүйн норм, дүрэм, заавар, журмын биелэлтэд хяналт тавих, түүнийг цаашид боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, олон нийтэд сурталчлах;
б/цацрагийн үүсгүүрийг улсын бүртгэлд бүртгэх, мэдээллийн сан  бүрдүүлэх, бүртгэлийн үнэн зөв байдалд хяналт тавьж, байнга шинэчлэх;
в/цацрагтай холбогдсон практик үйл ажиллагаа явуулах хүсэлтийн тухай өргөдлийг хянаж, зөвшөөрөл олгох;
г/цацрагтай холбогдсон үйл ажиллагаанд цацрагийн аюулгүй ажиллагаа-дозиметрийн хяналт хийж, дүгнэлт гаргах, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах арга хэмжээ авах, хяналтын үр дүнг мэдээлэх, сурталчлах;
д/цацрагтай холбогдсон үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд шууд буюу шууд бус замаар үүсэж болох сөрөг нөлөөллийг илрүүлж, шалтгааныг тогтоож, энэ асуудлыг эрхэлсэн бусад мэргэжлийн хяналтын  байгууллагад мэдээлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
е/гадаад орчин, хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа цацрагаар бохирдсон тохиолдолд хүний эрүүл мэндэд учруулах хор холбогдлын хэмжээг тогтоох, тархалтын шалтгааныг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг бусад мэргэжлийн  хяналтын албадтай хамтран зохион байгуулах, хяналт тавих;
ж/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд акт, албан шаардлага бичиж хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хангуулах.
10. Байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/цацрагийн хяналтын асуудлаар байгууллага, аж ахуйн нэгжид саадгүй нэвтэрч, хяналт шалгалт хийх;
б/цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын үндсэн шаардлагуудыг хангаагүй болон зөрчил дутагдал гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн цацрагтай холбогдсон үйл ажиллагааг түр буюу бүрэн зогсоох;
в/тогтоогдсон норм хэмжээнээс их цацрагийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааг импортлох, экспортлох, худалдаалж хэрэглэхийг хориглох, устгах, хууль бусаар олсон ашгийг улсын орлогод оруулах, нөхөн төлбөр гаргуулах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
г/Монгол улсын нутаг дэвсгэрт цацрагийн бохирдол бий болсон үед шаардлагатай бол хилийн боомт, аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулах болон бусад арга хэмжээг авах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
д/маргаантай буюу шаардлагатай асуудлаар холбогдох байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр шинжээчийн хэсэг томилох, холбогдох лабораториудаар хяналт, шинжилгээ хийлгэх, магадалгаа, дүгнэлт гаргуулах;
е/цацрагийн хяналт шалгалттай холбогдсон мэдээ судалгаа, тайлбар, тодорхойлолт, баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулж авах;
ж/энэ дүрэмд заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар орон нутгийн болон төрийн захиргааны төв байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх.
11.Байцаагч нь гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.
 
ДӨРӨВ.Бусад зүйл
12.Байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан цацрагийн хяналтын алба, байцаагчийн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
13.Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан, иргэн нь байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо Хяналтын албаны даргад тавьж шийдвэрлүүлнэ. Албан тушаалтан гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
14.Байцаагч нь үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй болон хууль тогтоомж зөрчвөл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
 
-----оОо-----