- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 211 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
/Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
/Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ДҮРЭМ
1. Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх хороо (цаашид "Зөвлөлдөх хороо" гэх) нь хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхний зүгээс гаргасан санал, санаачилгыг тусгах, хувийн хэвшил хөгжих эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх талаархи үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, санал солилцох, мэдээллээр хангах, санал, дүгнэлт болон зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
2. Зөвлөлдөх хороо нь улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс харилцан санал солилцох, зөвшилцөх, хамтран ажиллах хэлбэрээр энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
3. Зөвлөлдөх хороо нь Засгийн газар, хувийн хэвшлээс тус тус 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнийг хувийн хэвшлийг төлөөлөх төрийн бус байгууллагуудтай зөвшилцөн Засгийн газар батална.
4. Зөвлөлдөх хорооны даргаар Засгийн газрыг төлөөлж Санхүү, эдийн засгийн сайд, хувийн хэвшлийг төлөөлж Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга байна. Зөвлөлдөх хорооны нарийн бичгийн дарга нь Санхүү, эдийн засгийн яамны Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газрын мэргэжилтэн байна.
5. Зөвлөлдөх хороо сард нэг удаа хуралдана. Хуралдааныг Зөвлөлдөх хорооны дарга нар ээлжлэн зарлаж, хуралдааныг удирдана. Зөвлөлдөх хорооны нийт гишүүдийн болон тал тус бүрийг төлөөлөх гишүүдийн олонхи ирсэн тохиолдолд хуралдааныг хуралдуулна.
6. Зөвлөлдөх хорооны хуралдаанаас санал, дүгнэлт, зөвлөмж гаргах ба хуралдаанд оролцогчид шийдвэрийг санал нэгтэй батална. Хэрэв хуралдааны шийдвэрээс өөр санал гарах буюу талууд зөвшилцөлд хүрээгүй бол энэ тухай хуралдааны тэмдэглэлд тодорхой бичнэ.
7. Зөвлөлдөх хорооны дарга нар харилцан тохиролцож хуралдаанд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална. Уг жагсаалтыг Зөвлөлдөх хорооны нарийн бичгийн дарга ээлжит хуралдаанаас 7 хоногийн өмнө гишүүдэд тараана.
Судалгаа, тооцоо шаардсан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
8. Зөвлөлдөх хорооны ажлын алба нь Санхүү, эдийн засгийн яаманд байна.
9. Зөвлөлдөх хороо нь дараахь эрхтэй байна:
а/хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд эзлэж байгаа байр суурийн өнөөгийн байдлын талаар талууд харилцан санал, мэдээлэл солилцож шаардлагатай бол цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах;
б/улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар боловсруулж байгаа төрийн бодлого, үндсэн чиглэл, хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, хувийн хэвшлийн саналыг түлхүү тусгах талаар зөвлөмж гаргах;
в/хууль тогтоомж, хөтөлбөрийн төсөлтэй танилцаж тэдгээрийн хувийн хэвшлийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тооцож санал, дүгнэлт гаргах.
10. Зөвлөлдөх хороо нь дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
а/хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулахад төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх;
б/хувийн хэвшлийг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар үндэсний зөвлөлгөөн, чуулга уулзалт, семинар, үзэсгэлэн зохион байгуулах санаачилга гаргах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
в/хувьчлалын дараахь шатанд үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэх, хөтлөн явуулах удирдлагын чадавхийг дээшлүүлэх, мөн нийт хувийн хэвшлийн удирдах ажилтны хууль, эрх зүйн болон эдийн засгийн мэдлэгийг системтэй дээшлүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
г/гадаад улс орны Засгийн газраас хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх талаар явуулж байгаа туршлагыг судлан танилцах, сурталчлах, тэргүүн туршлагыг өөрийн оронд нэвтрүүлэх талаар санал боловсруулах.
----оОо---
Текст томруулах
A
A
A