A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 206 дугаар тогтоолын 1-р хавсралт


Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЦЭРЭГ-ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ШТАБЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Аймаг, нийслэл, дүүргийн  цэрэг-иргэний хамгаалалтын штаб /цаашид "штаб" гэнэ/ нь   батлан  хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллага мөн.
2.Штабын үйл ажиллагаа нь дараахь үндсэн  зорилтыг хэрэгжүүлэхэд оршино:
а/батлан хамгаалах талаархи бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
б/хуульд заагдсан үдирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
в/цэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх;
г/цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах;
д/цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн  бэлтгэлийг хангах;
е/нутаг дэвсгэртээ байрлаж байгаа зэвсэгт хүчин,  бусад цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллах;
ж/хөнөөх хэрэгсэл, байгалийн болон бусад гамшиг, ослоос сэргийлэх, хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх, энэ арга ажиллагааг удирдан зохион байгуулах.
3.Штаб нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хууль тогтоомж, Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон ажиллана.
4.Штабт орон нутаг дахь батлан хамгаалах салбарын харьяалалтай  байгууллагууд /цэргийн ангиас бусад/,  цэргийн албан хаагчид цэргийн албаны хувьд захирагдана.
5.Штаб нь зохих журмын дагуу хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
Хоёр.Штабын удирдлага, зохион байгуулалт
6.Штаб нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.
7.Штаб нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргаас захиргааны удирдлагаар, цэргийн удирдлагын байгууллагуудаас мэргэжлийн удирдлагаар хангагдана.
8.Штабын дарга, бусад ажилтнуудыг дор дурдсанаар томилж, чөлөөлнө:
а/даргыг Батлан хамгаалах яамны тухайн асуудлыг хариуцсан газрын даргын аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөн   саналыг үндэслэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар;
б/бусад ажилтнуудыг тухайн цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагын саналыг үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар.
9.Штабын дарга нь дотоод ажлын төлөвлөлт, зохион байгуулалттай холбогдсон  асуудлаар шийдвэр гаргаж, штабын ажилтнуудыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангана.
 
Гурав.Штабын эрх, үүрэг
10.Штаб дор дурдсан эрхтэй байна:
а/хуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийн дагуу хүн, техникийг сум, дүүргээр хуваарилан оногдуулан данслах, тухайн сум, дүүргийн Засаг даргаар биелэлтийг гаргуулан авах;
б/сум, дүүргийн дайчилгааны болон иргэний хамгаалалтын удирдлага,  төлөвлөлтийн баримт бичгийг хянаж, дүгнэлт гаргаж, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;
в/шаардлагатай тайлан мэдээг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах;
г/тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад харьяалал харгалзахгүйгээр батлан хамгаалах асуудалтай холбогдсон хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах;
д/хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд цэргийн жинхэнэ алба хаагчийн чөлөө, томилолтын хугацааг 7 хүртэл хоногоор сунгах;
е/цэрэг-иргэний хамгаалалтын үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, цэргийн үүрэгтэн, иргэдийг шагнаж урамшуулахаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад тодорхойлох;
ж/хууль тогтоомжид заасан бусад эрх.
11.Штаб нь дор дурдсан үүрэгтэй байна:
а/салбарын талаархи бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг бүх нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах;
б/хууль тогтоомжид заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан Засаг даргатайгаа зөвшилцсөний үндсэн дээр эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг  зохион байгуулж, хяналт тавих;
в/эрх бүхий байгууллагын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, халах, цэрэг-техникийн шинэчилсэн бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах,  дайчилгааны даалгаврыг хангах бүх талын арга хэмжээ авах;
г/иргэний хамгаалалтын арга хэмжээг орон нутагт төлөвлөн зохион байгуулж, хяналт тавих, оперативын бэлтгэлийн явц, төлөвлөлт, биелэлтэд дүгнэлт хийж боловсронгуй болгох, байгалийн болон бусад гамшиг ослоос сэргийлэх, тэмцэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг удирдах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
д/сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагаас цэргийн болон иргэний хамгаалалтын сургалт, дадлагад оролцох хүн, техникийг тодорхойлох, үүнтэй холбогдсон төлөвлөгөө хийхэд туслах, зарлан мэдээллийг хүргэх;
е/аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг  улсын хил хамгаалалтад татан оролцуулах, хил хамгаалахад туслах хүчний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
ж/цэргийн сургуульд суралцах, анги, салбарт гэрээгээр алба хаах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг судлах, үзлэг, шалгаруулалтад оруулах;
з/эрхэлсэн ажлын чиглэлээр Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн удирдлагын байгууллага, Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, Засаг даргад мэргэжлийн зөвлөлгөө өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;
и/Батлан хамгаалахын сайдын тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
к/цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, алба хаалгах, тэдэнтэй холбогдсон асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
л/цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаагчдын бүртгэлийг хөтлөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах;
м/цэргийн бэлтгэл үүрэгтэнг давтан сургах, цэргийн дүйцүүлэх алба, иргэний хамгаалалтын үйл ажиллагааг явуулахтай холбогдсон зардлын нэгдсэн тооцоог гаргаж, орон нутгийн төсөвт тусгуулахаар аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргад уламжлах;
н/амралт, чөлөөгөөр болон томилолтоор орон нутагт яваа цэргийн жинхэнэ албан хаагчийг бүртгэн, чөлөөний хуудас, томилолтод тэмдэглэл хийх;
о/тухайн аймаг болон нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих,иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг барагдуулах;
п/орон нутгийн байнгын онцгой комиссын ажлыг зохион байгуулахад Засаг даргад дэмжлэг үзүүлэх;
р/цэрэг-иргэний хамгаалалтын ажлын мэдээ, тайланг тогтоосон журмаар гарган батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын холбогдох төв байгууллагад явуулах, илтгэх.
----оОо-----