- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - "НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1997 оны 126 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
/ Засгийн газрын 2001 оны 288 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон /
/ Засгийн газрын 2001 оны 288 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон /
"НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг.Хөтөлбөрийн үндэслэл, хамрах хүрээ
1.Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаархи төрийн бодлого
"Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлого"-д төрөлтийг эх, хүүхдийн эрүүл мэндэд тохиромжтойгоор зохицуулах таатай нөхцөл бүрдүүлэх, эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах замаар хүн амын жилийн дундаж өсөлтийг бууруулахгүй тогтвортой хадгалах, хувь хүн болон гэр бүлийн хосуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгох, эмэгтэйчүүд нас бие гүйцээгүй байхдаа буюу хэт ойрхон, хэт орой төрөхөөс сэргийлэхэд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг өөрийн орны онцлогт тохируулан явуулахыг заасан юм.
Хүн амын бодлогын дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд цогц байдлаар хандаж, эрүүл мэндийн болон бусад салбарын хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоонд тулгуурлан, хөрөнгө нөөцийг үр ашигтай, зохицуулалттай зарцуулах нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
2.Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндсэн асуудлууд, өнөөгийн байдал
А.Эхийн болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж
1996 оны байдлаар манай улсын 1000 хүн амд ногдох төрөлт 22,05, эхийн эндэгдэл 1,75 байна. Сүүлийн жилүүдэд эхийн эндэгдэл буурах хандлагатай байгаа боловч харьцангуй өндөр түвшинд хэвээр байна. Нийт эмэгтэйчүүдийн зонхилох хэсэг нь архаг өвчтэй, 40 хувь нь цус багадалттай, төрөх насны эмэгтэйчүүдийн 5,7 хувь нь үргүйдэлттэй байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 36,9 хувь нь жирэмсний явц болон төрөлт нь хүндэрч болох ямар нэг эмгэгтэй байгаа бөгөөд тэдгээрийн 44,4 хувь нь нийслэл, аймгийн төвд эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн хяналтад, 55,0 хувь нь сумын эмч, эх баригч бага эмчийн хяналтад төрж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 0,6 хувь нь гэртээ амаржиж байгаагаас тэдгээрийн эндэгдэл эмнэлэгт амаржсан эхчүүдийнхээс 20 дахин илүү байна.
Үр хөндөлтийн түвшин өндөр байгаа нь манай орны хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн хурц асуудлын нэг боллоо. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амь нас, амьдралын аргагүй байдлыг харгалзан тодорхой заалтаар үр хөндөж байсан 1989 оноос өмнө 1000 амьд төрөлтөд эмнэлгийн үр хөндөлт 86,0, үр аяндаа зулбалт 171,7 ногдож байсан бол үр хөндөлтийг хуулиар чөлөөтэй болгосон 1989 оноос хойшхи хугацаанд 1000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлт 440,0 болж өссөний зэрэгцээ үр аяндаа зулбалт нь 68,1 болж 3 дахин буурчээ.
Жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлгийн хяналтад хугацаанд нь хамруулж чаддаггүй, мэргэжлийн тусламж оношилгоо, эмчилгээний чанар хангалтгүй, жирэмслэлт, төрөлт, төрсний дараахь болон үр хөндөлтийн дараахь хүндрэлийн талаархи хүн амын мэдлэг дутмаг, энэ талын сурталчилгаа хомс, иргэдээс өөрсдийн эрүүл мэндийн төлөө тавих анхаарал сул, хөдөө орон нутагт эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг цагт нь үзүүлэх боломж хязгаарлагдмал, эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан, аюул эрсдэлгүй нөхцөлд үр хөндөлт хийх тухай журам, заавар зөрчигдөж байгаа зэрэг нь эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулахад шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд болж байна.
Б.Бэлгийн замын халдварт болон бэлгийн замын үрэвсэлт өвчний байдал
1990-ээд оноос хойшхи хугацаанд бэлгийн замын халдварт болон бэлгийн замын үрэвсэлт өвчнөөр өвчлөгсөд нэмэгдэж байна.1996 оны байдлаар 10000 хүнд тэмбүү 3,4, заг хүйтэн 13,9, трихомониаз 11,5 ногдож байгаа ба өвчлөгсдийн 50,4 хувийг ажилгүйчүүд, 49-58 хувийг 15-25 насны залуучууд эзэлж байна. Эмэгтэйчүүдийн 68,4 хувь нь бэлгийн замын ямар нэг үрэвсэлт өвчинтэй байна.1990 оноос өмнө хүн амын 49-52 хувь буюу өвчлөмтгий насны хүмүүсийн 80 хувийг урьдчилан сэргийлэх идэвхтэй үзлэгт хамруулж байсан бол сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт 18-27 хувь болж буурав. Бэлгийн замын халдварт өвчний дөнгөж 40 орчим хувь нь ил хурц хэлбэртээ оношлогдож байгаа нь илрүүлэлт хангалтгүй байгааг харуулж байна.
Бэлгийн замын халдварт болон бэлгийн замын үрэвсэлт өвчний эрт илрүүлэлт, лабораторийн оношилгоо, эмчилгээний чанар хангалтгүй, бэлгийн аюулгүй харьцааны талаархи хүмүүсийн мэдлэг, дадал хэвшил дутмаг, биеэ үнэлэгчид, ажилгүй залуучууд, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүд зэрэг эрсдэл бүхий бүлгүүдэд хүрч үйлчилж чадахгүй байгаа нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд гол бэрхшээл учруулж байна.
В.Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд
Судалгаанаас үзэхэд 13-20 хүртэлх насны охидын 6,3 хувь нь жирэмсэлж байгаагийн 43,3 хувь нь хүсээгүй үедээ жирэмсэлж, тэдний 18,0 хувь нь үр хөндүүлжээ. Өсвөр насныхны 25,0 хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар наад захын мэдлэггүй байна.
Өсвөр үеийнхэнд зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийн хүртээмж, чанар хангалтгүй, энэ талын мэргэжлийн хүмүүс хүрэлцээтэй бэлтгэгдээгүй, тэдэнд эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажил эхлэлийн төдий байгаа нь өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болж байна.
Г.Гэр бүл төлөвлөлт
Төрөлт хоорондын зай ойрхон байхын хэрээр эх, нялхсын эндэгдэл ихэсдэг зүй тогтолтой байдаг. 1996 оны байдлаар төрөх насны эхчүүдийн 40 орчим хувь нь түрүүчийн төрөлтөөс хойш 2 жилийн дотор төрж байна. 10000 амьд төрөлтөд 35-аас дээш насны бүлгийн эхийн эндэгдэл 130,0 , 19-өөс доош насанд 28,0 байхад 20-35 насанд 11,2 тохиолдол байгаа юм. Судалгаанаас үзэхэд манай эмэгтэйчүүдийн 74,5 хувь, эрэгтэйчүүдийн 75,2 хувь нь 2-3 жилийн зайтай хүүхэд төрүүлж өсгөх эрмэлзэлтэй байна. Иймд манай улс гэр бүл төлөвлөлтийг төрөлтийн хоорондох зайг зохистой зохицуулахад чиглүүлэх шаардлагатай байгаа юм.
Жирэмслэхээс хамгаалах орчин үеийн аюулгүй аргуудыг хэрэглэх талаар хүн амын мэдлэг, хэвшил дутмаг, гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ хөдөө орон нутагт тэр бүр хүрээгүй, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгслийн хангамж, түгээлт, зохистой хэрэглээ хангалтгүй байгаа нь анхаарвал зохих асуудлууд гэж үзэж байна.
Монгол Улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдлыг сайжруулахад энэхүү хөтөлбөрийн хэтийн зорилго оршино.
2.Хөтөлбөрийн зорилтууд:
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
а/жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үед эхэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулан эх, ураг, нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх;
б/орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагын чадавхи, бололцоог дайчлан дэмжих замаар хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэн шаардлагатай хэрэгцээг хангахад чиглэсэн нөхөн үржихүйн багц тусламжийг сум, баг, дүүргийн түвшинд бий болгох;
в/жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн үр дүнтэй аргын хэрэглээг нэмэгдүүлэн хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлтийг бууруулах;
г/бэлгийн замын халдварт болон бэлгийн замын үрэвсэлт өвчний урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулснаар өвчлөл, түүнээс шалтгаалсан үргүйдлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
д/нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт, мэдээллийн хүртээмжийг сайжруулах үндсэн дээр нийт хүн ам, ялангуяа өсвөр үеийнхэн, залуучуудыг нөхөн үржихүйн үндсэн мэдлэгтэй болгох.
3.Хэрэгжүүлэх арга зам:
а/орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийн чанарыг дээшлүүлэх замаар төвлөрлийг сааруулах бодлоготой хөтөлбөрийн үйл ажиллагааг уялдуулна.
Дүүрэг, сум, багийн түвшинд нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэн шаардлагатай багц тусламжийг хүртээмжтэй, тогтвортой үзүүлэх чадавхийг дээшлүүлэхэд хөтөлбөрийн үйл ажиллагааг голлон чиглүүлнэ. Багц тусламж нь хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурласан, ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн хувьд онцлон анхаарах хүн амын тодорхой хэсэгт илүү чиглэсэн, стандартад нийцсэн, хямд зардалтай, өвчин эмгэгээс сэргийлэх зорилгод нийцсэн байхыг чухалчилна. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийн чанарыг хянах, үнэлэх үйл ажиллагааг орон нутгийн түвшинд хийж хэвшинэ;
б/хүн хүчний нөөцийг хөгжүүлэх нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг гол арга зам болно.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн багц тусламжийг хүн амд үзүүлэх ажлыг гардан гүйцэтгэдэг өрх, сумын эмч, эх баригчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд онцлон анхаарна. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудыг эмнэлгийн дээд, дунд мэргэжилтэн бэлтгэх сургалтын стандарт, хөтөлбөрт тусгаж, ерөнхий мэргэжлийн эмчийн мэдлэг, ур чадварын гол шалгуур байх нөхцөлийг бүрдүүлнэ. Сургалтын дараахь үйл ажиллагааг хянах, үнэлэх ажлыг чанаржуулна. Эрүүл мэндийн сайн дурын туслагч нарыг бэлтгэн тэдэнд тулгуурлан үйл ажиллагаагаа олон нийтэд хүртээмжтэй хүргэх аргыг дэмжинэ;
в/мэдээлэл, сургалт, сурталчилгаа нь хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, дадал хэвшил эзэмшүүлэх гол арга зам болно.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаархи мэдээлэл боловсруулах, олон нийтэд хүргэх аргыг боловсронгуй болгоно. Мэдээллийг хөдөөгийн хүн ам, эрэгтэйчүүд, өсвөр насныхан, залуучууд, өрх толгойлсон гэрийн ажилтай эмэгтэйчүүдэд хүргэхэд онцлон анхаарна. Энэ зорилгоор эрүүл мэнд, боловсрол, хэвлэл, мэдээллийн болон эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, шашны зэрэг төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ;
г/удирдлага, төлөвлөлт, хангамжийн тогтолцоог боловсронгуй болгоно.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжид шаардагдах эм, хэрэгслийг орон нутгийн анхан шатны нэгжийн түвшинд, хэрэглэгчдийн хэрэгцээнд үндэслэн захиалж хангах зарчмыг баримтална.Эм, хэрэгслийн захиалга, хангалт, түгээлт, зарцуулалтыг мэдээлэх, хянах төв, орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгоно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын оролцоо, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулна;
д/хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хянах, үнэлэх үйл явцад судалгааг гол арга болгон ашиглана.
Хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг орон нутгийн онцлогийг харгалзан тодорхойлох, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээг илрүүлэх, хэрэгжилтийн явцад учирч болох бэрхшээлийг тодруулан, арилгах арга замыг тодорхойлохдоо судалгаанд тулгуурлах ба түүнийг хөтөлбөрийн удирдлага, тусламжийн чанарыг сайжруулах гол арга болгоно. Нөхөн үржихүйн судалгааны арга зүй, судлаачдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлнэ.
4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 1997-2001 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
Гурав.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хамтын ажиллагаа
1.Удирдлага, зохион байгуулалт
Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Үндэсний зөвлөл ажиллана.Уг зөвлөлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдана.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн бусад байгууллагуудын оролцоотойгоор гүйцэтгэнэ.
Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэгтэй аймаг, дүүргийн зөвлөл Эрүүл мэндийн нэгдэл болон Нийгмийн эрүүл мэндийн төвийн дэргэд ажиллана. Орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийг Засаг дарга батална.Нийгмийн эрүүл мэндийн төвийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан эмч нь аймаг, дүүргийн хөтөлбөрийн зохицуулагчийн үүргийг гүйцэтгэнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар жил бүрийн 1 дүгээр улиралд орон нутгийн зөвлөл бүр Үндэсний зөвлөлд, Үндэсний зөвлөл Засгийн газарт мэдээлж байна.
2.Санхүүжилт
Хөтөлбөрийн үйл ажиллагаанд шаардагдах дотоодын хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр төлөвлөн, төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг сайжруулах зориулалтаар олгож байгаа төслийн хөрөнгийг нэмэлт эх үүсвэр болгон ашиглана. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2481,0 сая төгрөг, үүний дотор төсвөөс 130,0 сая төгрөг, гадаадын тусламжаар 2351,0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байна /Хөрөнгийн тооцоог хавсаргав/.
3.Олон улсын хамтын ажиллагаа
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХБНГУ-ын Хамтын ажиллагааны байгууллага, бусад сонирхогч талуудтай хамтран ажиллаж, олон улсын хэмжээнд мөрдөж буй эмчилгээ, үйлчилгээний дэвшилтэт аргаас өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, гадаад орнуудаас үзүүлэх техникийн болон санхүүгийн дэмжлэг туслалцааг өргөжүүлэхийг зорино.
Дөрөв. Хөтөлбөрийн үйл ажиллагаа
1.Монгол Улсын Засгийн газар:
а/хөтөлбөрийн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагааг эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгах, бодлогын асуудлаар шийдвэр гаргах;
б/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дотоодын санхүүгийн нөөцийг дайчлахын зэрэгцээ олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудтай нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
в/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нутгийн захиргаа, бусад байгууллагын оролцоог дэмжих.
2.Төрийн захиргааны төв байгууллагууд:
1.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам:
а/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын болон орон нутгийн үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн удирдлага, хяналтаар хангах;
б/хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар олон улсын байгууллагууд, хандивлагч орнууд, олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
в/дүүрэг, сумын эрүүл мэндийн төв, баг, өрхийн эмчийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн багц тусламжийн үйлчилгээнд сургах, нэн шаардлагатай эм, багаж хэрэгсэл, сургалтын материал, гарын авлагаар хангах;
г/нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааг холбогдох байгууллагуудтай хамтран үндэсний хэмжээнд явуулах.
2.Гэгээрлийн яам:
а/оюутан, сурагч, өсвөр үеийнхний эзэмшвэл зохих боловсролын стандарт, хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндсэн ойлголтыг тусгаж хэрэгжүүлэх;
б/эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч эрүүл мэндийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг заах багш, эмч нарыг оновчтой арга хэлбэрээр сургах, гарын авлага, материалаар хангах;
в/өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаархи судалгааны ажлыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохих байгууллагуудаар гүйцэтгүүлэх.
3.Сангийн яам:
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх.
4.Гадаад харилцааны яам:
а/нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах талаар холбогдох байгууллагатай хамтарч ажиллах;
б/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хилийн цэргийг удирдах газартай хамтран ДОХ, бэлгийн замын халдварт өвчний үзлэг, шинжилгээнд хамрагдсан зорчигчийг улсын хилээр шалган нэвтрүүлдэг журам гаргаж мөрдүүлэх.
3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар:
а/хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
б/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд, ялангуяа орон нутгийн хэвлэл, мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах;
в/дэвсгэр нутгийн хүн амын дунд угийн бичиг хөтлүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;
г/сум бүрт эхчүүдийн амрах байрыг тохижуулан, тогтмол ажиллуулах арга хэмжээ авах.
4.Төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд:
а/хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, биелэлтийг жил бүр дүгнэж ажиллах;
б/Нийгмийн эрүүл мэндийн төвийн гэр бүл төлөвлөлтийн кабинетийг зохих эм хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөлгөө өгөх газар болгон өргөжүүлж, хөтөлбөрийн үйл ажиллагааг сурталчлах, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг арга зүйн удирдлагаар хангах, сургалт мэдээлэл явуулах гол түшиц газар болгон ажиллуулах;
в/сум, баг, өрхийн эмч, бага эмч, эх баригч нарыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сургаж, нэн шаардлагатай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
г/үйлчлэх хүрээнийхээ хүн амын дотор жилд нэгээс хоёр удаа бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх, урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэг хийж, өвчтөнүүдийг эмчлэн эдгэрүүлэх ажил зохиох;
д/нөхөн үржихүйн эрүүл мэндийн багц тусламжид шаардагдах эм, багаж, тоног төхөөрөмж, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хэрэгцээг оновчтой тодорхойлон, төслийн хүрээнд олгож байгаа багаж, хэрэгслийг үр ашигтай зарцуулж байх;
е/жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үед эх, нярайд үзүүлэх тусламжийн чанарыг сайжруулах арга хэмжээ авах, энэ талаар өрхийн болон багийн эмч нарын хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх;
ж/Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаанд бичил мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэх, үргүйдлийн шалтгааныг оношлох орчин үеийн шинжилгээний лаборатори байгуулах арга хэмжээ авах;
з/эрүүл мэндийн сайн дурын туслагч нарыг тусгай хөтөлбөрөөр сургаж бэлтгэх, сургалтын дараахь ажлын үр дүнг үнэлдэг болох;
и/цус ойртолт болон оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөхөөс сэргийлэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол явуулах.
5.Хэвлэл, мэдээллийн байгууллага:
Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааг төлөвлөгөөний дагуу тодорхой давтамжтайгаар явуулах.
6.Аж ахуйн нэгж, байгууллагууд:
а/жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөрийн нөхцөлийн талаархи хууль тогтоомжийн заалтуудыг хэрэгжүүлэх, тэдэнд эмчийн хяналтад байх, үзлэг шинжилгээ хийлгэх боломж бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;
б/байгууллагынхаа ажиллагсдыг бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, өвчтэй илрэгсдийг эмчилж эрүүлжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагад тусалж, хамтран ажиллах;
в/байгууллага дээрээ эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулахыг дэмжих.
7.Нөхөн үржихүйн чиглэлээр ажиллах боломж бүхий төрийн бус байгууллагууд:
а/нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, сайн дурын идэвхтэн бэлтгэх, судалгаа хийх чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;
б/үнэ төлбөргүй олгож байгаа жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн зарцуулалтад олон нийтийн хяналт тавих;
в/эсэн мэнд амаржих нөхцөлийг бүрдүүлэхэд гэр бүл, хамт олны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, бэлгийн замын халдварт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах, хорт зуршлаас зайлсхийх зэргээр эрүүл мэндээ хамгаалах үйл ажиллагааг өдөр тутмын амьдрал ахуйдаа хэвшүүлэхэд нь гэр бүлийн хос, хувь хүмүүс, гишүүд, дэмжигчиддээ дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байх.
Тав. Хөтөлбөрийн хяналт, үнэлгээ
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, үнэлж дүгнэх үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн зөвлөл гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг жилд 2-оос доошгүй удаа үндэсний болон орон нутгийн зөвлөлөөр хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгч, тохиолдож байгаа бэрхшээл, сөрөг үр дагаврыг илрүүлэн, засч залруулах арга хэмжээ авч ажиллана. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдлын түвшин тогтоох судалгааг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхэнд болон төгсгөлд дараахь шалгуур үзүүлэлтүүдээр хийж зохих үнэлгээ өгнө:
"НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
¹
|
Үзүүлэлтүүд
|
1996 оны
|
2001 онд хүрэх
|
|
|
түвшин
|
түвшин
|
1
|
100.000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл /тохиолдол/
|
175
|
105
|
2
|
1000 амьд төрөлтөд ногдох
перинаталь /ураг,нярайн/ эндэгдэл /тохиолдол/
|
22,06
|
20,0
|
3
|
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэн шаардлагатай багц туслам-
Жийн хүртээмж /хувь/
|
-
|
Сумдын 80,0
Багийн 50,0
|
4
|
Жирэмсэн,төрөлт, төрсний дараахь үеийн хүндрэл /хувь/
|
33,0
|
23,0
|
5
|
Эхчүүдийг жирэмсний эхний 3 сарын дотор эмнэлгийн хянал-
Тад хамруулсан байдал /хувь/
|
64,0
|
70,0
|
6
|
Цус багадалттай жирэмсэн эхчүүдийг төмөр фолийн хүч-
Лээр эмчилсэн байдал /хувь/
|
51,4
|
90,0
|
7
|
Гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн үр дүнтэй аргын хэрэг-
Лээ /хувь/
|
38,0
|
50,0
|
8
|
1000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлт /тохиолдол/
|
309 /хувийн эмнэлгийнх ороогүй/
|
250-иас доош
|
9
|
Төрөх насны эмэгтэйчүүдийн бэлгийн замын үрэвсэлт өвчний тархалт /хувь/
|
68,4
|
40,0
|
10
|
Бэлгийн замын халдварт өвчний эрт илрүүлэлт /хувь/
|
40,0
|
80,0
|
11
|
Бэлгийн замын халдварт өвчний халдвар халдаагчийн тогтоолт
/хувь/
|
20,0
|
65,0
|
· Нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэн шаардлагатай багц тусламжийн хүртээмжийг 1997 оноос эхлэн тооцох юм.
"Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийн хавсралт
"НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ ХӨРӨНГИЙН ТООЦОО /1997-2001/
¹
|
Ямар арга хэмжээнд
зориулах
|
Шаардагдах хөрөнгө
/сая.төг/
|
Шаардагдах хөрөнгийн эх
үүсвэр
|
|
|
|
|
улсын болон
орон нутгийн
төсөв
/сая. төг/
|
олон улсын
байгууллага,
гадаад орны
тусламж
/сая. төг/
|
1
|
Нөхөн үржихүйн багц
үйлчилгээний иж бүрд-
лийн аппарат,тоног
төхөөрөмж авах
|
810,0
|
10,0
|
800,0
|
2
|
Үргүйдлийг оношлох,
эмчлэх иж бүрдэл авах
|
60,0
|
40,0
|
20,0
|
3
|
Эмч,мэргэжилтний
Давтан сургалт зо-
Хион байгуулах
|
210,0
|
-
|
210,0
|
4
|
Судалгааны ажил хийх
|
21,0
|
-
|
21,0
|
5
|
Жирэмслэлт,бэлгийн
Замын халдварт өвч-
нөөс сэргийлэх нэн
шаардлагатай эм,
хэрэгсэл авах
|
1300,0
|
-
|
1300,0
|
6
|
Эхчүүдийн амрах байр
Байгуулах, үйл ажил-
Лагааг нь тогтмол-
Жуулах
|
80,0
|
80,0
|
-
|
|
БҮГД
|
2481,0
|
130,0
|
2351,0
|
---оОо---
Текст томруулах
A
A
A