A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 141 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

/Засгийн газрын 1998 оны 220 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРТ ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Онцгой дэглэмийг Засгийн газраас томилсон комисс хэрэгжүүлнэ...
2.Комисс холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан өөрийн хэсэгтэй байх бөгөөд шаардлагатай газарт төлөөлөгч томилж ажиллуулна..
  3.Тус үйлдвэрийн зүгээс Хэлэлцээрээр хоёр талын Оролцогчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, үйлдвэртэй холбогдон үүссэн өр авлагын сүлжээг барагдуулах, улсын төсвийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх  талаар шаардлагатай арга  хэмжээ авах, үйлдвэрийн хуучин удирдлагын үйл ажиллагаанд оршиж байсан ноцтой дутагдал, зөрчлийг арилгах, үйлдвэрлэлийн хүрээнд гарч буй их хэмжээний үргүй зардал, алдагдлыг таслан зогсоох, улмаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, үйлдвэр дээр бий болсон зарим тулгамдсан нийгмийн асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх,бүх шатанд хариуцлага сахилгыг бэхжүүлэхэд тус комиссын гол зорилт оршино.
4.Комисс нь үйл ажиллагаандаа "Эрдэнэт" уулын баяжуулах хамтарсан  үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын 1991 оны Хэлэлцээр, Хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн дүрэм, Засгийн газарт эрх олгох тухай хууль болон энэхүү журмыг удирдлага болгоно.
5. Комисс эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр /тогтоол, тэмдэглэл/ гаргах бөгөөд уг шийдвэрийг холбогдох  байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.
6. Комисс өөрийн үйл ажиллагаагаа Засгийн газарт тогтмол илтгэж, олон нийтэд байнга мэдээлж байна.
 
Хоёр.Комиссын бүрэн эрх
7.Комисс нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/тус үйлдвэрийн зүгээс бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээнүүдийг биелүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авах;
б/шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
в/үйлдвэрийн зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгон өөрчлөх, нэгжүүдийн удирдах ажилтныг өөрчлөн томилох, чөлөөлөх;
г/тус үйлдвэр дээр хөдөлмөрийн сахилга болон дотоод журмыг мөрдүүлэх талаар зохих арга хэмжээ авах;
д/үйлдвэрийн удирдлагыг  3 сарын цалинтай тэнцэх хүртэл хэмжээгээр торгох, ажилтанд ажлаас халах хүртэл захиргааны арга хэмжээ авах, шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;
е/үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах талаар ажил зохион байгуулж цаашид зайлшгүй авах арга хэмжээг боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
ж/хөдөлмөр, ахуйн нөхцөлийг сайжруулах ажил зохион байгуулж  шаардлагатай арга хэмжээг авахуулах..
 Гурав.Онцгой дэглэм хэрэгжүүлэх талаар комиссоос явуулах үйл ажиллагаа   
 8.Онцгой дэглэмийг хэрэгжүүлэх талаар комисс нь дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
а/нийгмийн ашиг сонирхол, улс орны эдийн засгийн эрх ашгийн үүднээс зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хамтарсан үйлдвэрийн Зөвлөлөөс тодорхойлсон чиглэлийн хүрээнд үйлдвэрийн төлөвлөгөө, даалгаврын үзүүлэлт, тоо хэмжээг өөрчлөх;
б/үйлдвэрлэлийн материал, түүхий эд, тоног төхөөрөмж,  сэлбэг хэрэгслийн хангамжийг хэвийн байлгах талаар  арга хэмжээ авах;
в/үйлдвэрийг цахилгаан, дулаан, уур усаар найдвартай хангах арга хэмжээ авах;
г/үйлдвэрийн технологийн горим, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, ажил, үйлчилгээ, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын явцад хяналт тогтоох;
д/үйлдвэрийн гадаад худалдааны гэрээ болон гадаадаас авсан зээл, зээлийн баталгаа, түүний баримтуудад шалгалт хийх;
е/"Эрдэнэт концерн"-той холбогдсон өр зээлийг яаралтай нэхэмжлэн авах;
ж/үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй салбар, нэгжүүдийг дуудлагын худалдаагаар борлуулан  үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөд шилжүүлэх;
з/бүтээгдэхүүний өөрийн өртгийн бүтцийг нарийвчлан тогтоох;
и/үйлдвэрийг шинэ нөхцөл байдалд тохирсон бүтэцтэй болгох санал боловсруулж Зөвлөлийн хуралдаанд оруулах..
------оОо-----