- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ,ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ, ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ
Засгийн газрын 2000 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
/Энэ тогтоолыг 2002 оны 149 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/
/Энэ тогтоолыг 2002 оны 149 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/
ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ,ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ, ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо /цаашид Үндэсний хороо гэнэ/ нь дархлалын олдмол хомсдол өвчин /ДОХӨ/ болон бэлгийн замын халдварт өвчин /БЗХӨ/-өөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ ажилд яамд, холбогдох бусад байгууллагуудын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг чиглүүлнэ.
2. Үндэсний хорооны ажлын албаны үүргийг Эрүүл мэндийн яам гүйцэтгэнэ.
3. Дархлалын олдмол хомсдол өвчин болон бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх ажлыг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга батална. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлийг Үндэсний хороо батална.
4. Үндэсний хорооны хуралдааныг улирал тутам зохион байгуулна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Үндэсний хорооны гишүүдийн саналыг үндэслэн ажлын алба төлөвлөнө. Шаардлагатай үед ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.
5. Үндэсний хорооны хуралдаанаас дүгнэлт, зөвлөмж гаргах бөгөөд шаардлагатай асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж болно.
Хоёр. Үндэсний хорооны эрх, үүрэг
1.Үндэсний хороо нь дараахь үүргийг гүйцэтгэнэ:
а/ дархлалын олдмол хомсдол өвчин болон бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх үндэсний бодлого, стратегийг тодорхойлох, түүний хэрэгжилтэд салбар хоорондын болон салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэх;
б/ дархлалын олдмол хомсдол өвчин болон бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх үндэсний бодлого, стратегийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх;
в/ дархлалын олдмол хомсдол өвчин болон бэлгийн замын халдварт өвчний байдлын талаар Засгийн газар, Монгол Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж холбогдох шийдвэр гаргуулах;
г/ дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэрэгцээг тодорхойлох, үүнд улсын төсвийн санхүүжилт, гадаад, дотоодын хандивлагчдын тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх;
д/ дархлалын олдмол хомсдол өвчин болон бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх үндэсний чадавхийг сайжруулах арга хэмжээ авах.
2.Үндэсний хороо нь дараахь эрхийг эдэлнэ:
а/ дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай Монгол Улсын хууль, дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх талаархи хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд холбогдох байгууллагуудыг хүлээсэн чиг үүргийн дагуу татан оролцуулах;
б/ шаардлагатай мэдээллүүдийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;
в/ дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа байгууллага, хувь хүмүүст хариуцлага хүлээлгэх талаар хууль хяналтын байгууллагад санал гаргах.
Гурав. Үндэсний хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь
3.Үндэсний хорооны дарга, орлогч дарга нар дараахь үүрэг хүлээнэ:
а/ Үндэсний хорооны хуралдааны бэлтгэлийг хангуулж зарлан хуралдуулах, хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх талаар удирдамж, чиглэл, мэдээлэл өгөх;
б/ Үндэсний хорооны гишүүд болон аймаг, нийслэлийн салбар хороодын дарга нарт Үндэсний хорооны шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар үүрэг даалгавар өгч түүний биелэлтэд хяналт тавих;
в/ Үндэсний хорооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
г/ Үндэсний хорооны даргын эзгүйд орлогч дарга Үндэсний хорооны даргын үүргийг гүйцэтгэх.
4.Үндэсний хорооны нарийн бичгийн дарга дараахь үүрэг хүлээнэ:
а/ Үндэсний хорооны ажлын төлөвлөгөөг гишүүдийн саналыг үндэслэн боловсруулж Үндэсний хорооны хуралдаанаар батлуулах, түүний хэрэгжилтийг гаргаж, Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх;
б/ Үндэсний хорооны хуралдааны зарыг хорооны гишүүдэд мэдэгдэж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төслийг хуралдаан эхлэхээс ажлын 3 өдрийн өмнө тэдэнд хүргүүлэх;
в/ хуралдааны тэмдэглэл хөтөлж, гарсан шийдвэрийг Хорооны гишүүд, салбар зөвлөлүүдэд хүргэх;
г/ Үндэсний хорооны өдөр тутмын бичиг хэргийн ажлыг эрхлэн гүйцэтгэх.
5.Эрүүл мэндийн дэд сайд:
а/ дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх үндэсний бодлого, хөтөлбөрийг бусад холбогдох салбарын оролцоотойгоор боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах;
б/ дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
в/ дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх мэргэжлийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангах, энэ чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх;
г/ гадаад орон, олон улсын байгууллагатай дээрх чиглэлээр идэвхитэй хамтын ажиллагаа өрнүүлэх;
д/ дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчний асуудал эрхэлсэн мэргэжлийн зөвлөлийг удирдах;
е/ дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчний байдлын талаархи мэдээллээр Үндэсний хорооны гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагыг хангах.
6. Батлан хамгаалахын дэд сайд:
а/ дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх мэдлэг, дадлага олгох сургалтыг зохион байгуулах асуудлыг нэгтгэл, ангиудын цэргийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт тусгах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох;
б/ хугацаат цэргийн албан хаагч, нийт бие бүрэлдэхүүнийг дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх;
в/ нэгтгэл, ангиудын эмч нарыг энэ чиглэлийн сургалтад хамруулах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.
7. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд:
а/ дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх түүнтэй тэмцэх асуудлаар хийгдэх судалгаа, шинжилгээний ажлын хүрээг өргөжүүлэх;
б/ бүх шатны сургуулийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийн дагуу дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр заагдаж байгаа хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих;
в/ сургууль завсардсан хүүхдүүдийг эрүүл мэндийн сургалт, сурталчилгаанд хамруулах арга хэмжээ авах;
г/ гадаадад суралцдаг оюутан сурагчдад дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замаар халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохиох, мэдээлэл өгөх ажлыг жил бүр зохион байгуулах.
8. Гадаад хэргийн дэд сайд:
а/ хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн халдвар илрүүлэх шинжилгээгээр сэжигтэй буюу халдвар авсан нь нотлогдсон, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн гадаадад түр болон удаан хугацаагаар амьдарч байгаа Монголын иргэд, манай оронд амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар харилцан мэдээлэх асуудлыг гадаад улсуудтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгаж, мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
б/ хүний дархлал хомсдолын вирусийн халдвар авсан болон дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гадаадад амьдарч байгаа Монголын иргэдийн талаархи мэдээллийг мэргэжлийн байгууллагад хүргүүлэх.
9. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд:
а/ хүний дархлал хомсдолын вирусийн халдвар авсан болон дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авах;
б/ хүний дархлал хомсдолын вирусийн халдвар тээгч, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчлөгсөдтэй хамт ажиллаж байгаа болон тэдгээрт нийгмийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, нийгмийн хамгааллын баталгааг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх арга хэмжээг холбогдох байгуулагуудтай хамтран авах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
в/ гадаадад ажиллах хүч гаргах, гаднаас ажиллах хүч авах асуудлыг зохицуулахдаа хүний дархлал хомсдолын вирусийн болон бэлгийн замын өвчний халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан хүмүүст үйлчилгээ үзүүлэх асуудлыг холбогдох журам, зааварт тусган хэрэгжүүлэх.
10. Санхүү, эдийн засгийн дэд сайд:
а/ дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль, холбогдох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд болон хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, бэлгийн замын халдварт өвчнийг оношлох, эмчлэх, судлах зориулалтын оношлуур, эм, багаж хэрэгсэл авахад шаардагдах хөрөнгийг улс орныг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөө, төсөвт тусган шийдвэрлэж байх;
б/ гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөс дээрх арга хэмжээнд олгох боломжийг нэмэгдүүлэх талаар анхаарал тавих.
11. Худалдаа, үйлдвэрийн дэд сайд:
Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах багаж, тоног төхөөрөмж, сорьцын эталоныг импортоор оруулах болон худалдан авахад дэмжлэг үзүүлэх.
12. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд:
а/ Садар самуун явдалтай тэмцэх, дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтийг хянах үйл ажиллагааг сайжруулах;
б/ хүний дархлал хомсдолын вирусийн халдвар тээгч, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн иргэний болон түүнтэй хамт ажиллагсад, түүнд үйлчилгээ үзүүлэгсдийн эрх үүрэг, нийгмийн хамгааллын арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах;
в/ манай оронд амьдарч байгаа гадаадын иргэдийг шаардлагатай үзлэг, шинжилгээнд хамруулах ажилд дэмжлэг үзүүлэх;
г/ хорооны гишүүдийг энэ талаархи мэдээллээр хангах.
13. Гаалийн ерөнхий газрын дарга:
а/ хил, гаалиар хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай цус, цусан бүтээгдэхүүн болон мансууруулах бодис нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
б/ мансууруулах бодистой холбоотой мэдээллээр хорооны гишүүдийг хангах.
14. Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга:
Дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, эдгээрээс учирч болох аюулаас өөрийгөө хамгаалах талаар олон нийтэд системтэй мэдлэг олгоход чиглэсэн сургалт, сурталчилгаа, мэдээллийн цагийг радио, телевизийн хөтөлбөрт нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
15. Цагдаагийн ерөнхий газрын дарга:
а/ дархлалын олдмол хомсдолын халдвар тараасан буюу халдвар авсан байж болох сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж илрүүлэх;
б/ хүний дархлал хомсдолын вирусийн халдвар илрүүлэх тандалт, үзлэг шинжилгээнд дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замаар халдварлах өвчинд өртөх, тэдгээрийг тарааж болзошгүй эгзэгтэй бүлгийн хүмүүсийг оруулах, шаардлагатай бол албадан шинжлэхэд эрүүл мэндийн байгууллагад туслалцаа дэмжлэг үзүүлэх.
16. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч:
а/ дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх талаархи хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;
б/ хүний дархлал хомсдолын вирусийн халдвар авах, өндөр эрсдэл бүхий бүлгийн хүмүүсийн дунд зохиох урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, тэднийг үзлэг, шинжилгээнд өргөнөөр хамруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах.
17.Монголын Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал:
а/ дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд төрийн бус байгууллага, олон нийтийн идэвхтэй оролцоог дэмжих, туслах;
б/ дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаархи мэдээлэл, сурталчилгааг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах.
---оОо---
Текст томруулах
A
A
A