- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫГИШҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ
Засгийн газрын 1997 оны 217 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
/Засгийн газрын 2000 оны 187 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫГИШҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ
Нэг. Ерөнхий зүйл
ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫГИШҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ
1. Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороо /цаашид Үндэсний хороо гэнэ/-ны гишүүд нь Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай Монгол Улсын хууль /цаашид Монгол улсын хууль гэнэ/, Дархлалын олдмол хомсдол өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр болон НҮБ-аас Монгол Улсын Засгийн газартай хамтран 1997-2001 онд хэрэгжүүлж буй Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, Дархлалын олдмол хомсдол өвчин, Бэлгийн замаар халдварлах өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, уг ажлыг өөрсдийн хариуцсан салбар, мэргэжлийн чиглэлээр болон хамтран зохион байгуулна.
Хоёр.Үндэсний хорооны дарга, гишүүдийн эрх үүрэг:
1. Нийтлэг эрх үүрэг:
а/Монгол Улсын хууль, Үндэсний болон НҮБ-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
б/Монгол Улсын хууль, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд холбогдох байгууллагуудыг татан оролцуулах;
в/Монгол Улсын хууль, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллүүдийг холбогдох байгууллагуудаас шаардаж авах.
2. Үндэсний хорооны дарга:
а/Үндэсний хорооны гишүүдэд тодорхой ажил үүрэг хариуцуулж, биелэлтэд нь хяналт тавих;
б/НҮБ-аас хэрэгжүүлж буй төслийн Нарийн бичгийн дарга нарын газрыг удирдах;
в/Дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замаар халдварлах өвчний байдлын талаар Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэр гаргуулах;
г/Дархлалын олдмол хомсдолын үндэсний сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих.
3.Үндэсний хорооны орлогч дарга:
а/дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулан тэдгээрээр дамжуулан эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудад Дархлалын олдмол хомсдол өвчний халдвараас сэргийлэх, Хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай хийгээд Дархлалын олдмол хомсдол өвчтэй хүмүүсийг асарч сувилах, тэднийг сурч хөдөлмөрлөх, нийгэм, хамт олны дунд амьдрахад нь тусламж дэмжлэг үзүүлэх талаар зохих мэдлэг, хүмүүжил олгох ажлыг зохион байгуулах;
б/хүний дархлал хомсдолын вирусээр халдварлагдсан болон Дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүний хөдөлмөр зохицуулалт, тэдэнд олгох тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж байх;
в/хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай нөхцөлд ажилладаг эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгаатай холбогдсон асуудлыг шийдвэрлэх;
г/гадаад орнуудтай ажиллах хүчин, оюутан харилцан солилцох тухай гэрээ, хэлэлцээрт хүний дархлал хомсдолын вирусийн халдварын аюулгүй байдлын талаар шаардлагатай асуудлыг тусгаж хэрэгжүүлэх;
д/дархлалын олдмол хомсдолтой болон хүний дархлал хомсдолын вирусийн халдвар авсан хүмүүсийг оношлох, эмчлэх, эм, урвалж захиалж, хангах ажлыг зохион байгуулах.
4. Үндэсний хорооны нарийн бичгийн дарга:
Үндэсний хорооны дарга, орлогч дарга нарын удирдлагын дор Үндэсний хорооны өдөр тутмын бичиг хэргийн ажлыг эрхлэн гүйцэтгэх ба Үндэсний хорооны хурлын бэлтгэлийг хангах.
5. Сангийн сайд:
Монгол Улсын хууль, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс орныг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөө, төсөвт хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, бэлгийн замаар халдварлах өвчнийг оношлох, сэргийлэх, эмчлэх, судлах зориулалтын оношлуур, эм, багаж хэрэгслийг авахад зайлшгүй шаардагдах хөрөнгийн асуудлыг тусган шийдвэрлүүлж байх.
6. Гэгээрлийн сайд:
а/ерөнхий болон мэргэжлийн боловсролын бүх шатны сургуулийн ерөнхий эрдмийн болон сонгон суралцах хичээлийн хөтөлбөрт дархлалын олдмол хомсдол, бэлгийн замаар халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгаж, хүүхэд залуучуудад энэ талаар зохих мэдлэг олгох ажлыг системтэйгээр зохион байгуулах;
б/дархлалын олдмол хомсдол, бэлгийн замаар халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар гадаадад суралцдаг оюутан сурагчдад жил бүр семинар, зөвлөлгөө өгөх ажлыг зохион байгуулах;
в/дархлалын олдмол хомсдол өвчний талаар хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээг өргөтгөн түүнд шаардагдах зардалтай холбогдсон асуудлыг шийдвэрлүүлж байх;
г/сургуулиас завсардсан хүүхдүүдийг эрүүл мэндийн сургалт сурталчилгаанд хамруулах арга хэмжээг зохион байгуулах.
7. Гадаад харилцааны сайд:
а/Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, олон улсын болон гадаадын байгууллагын суурин төлөөлөгчийн газар хийгээд консул, гадаад оронд суугаа тус улсын Элчин сайдын яам, консул, төлөөлөгчийн газраар Монгол Улсын хууль, хөтөлбөрийн зохих заалтыг мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
б/хүний дархлал хомсдолын вирусийн халдвар илрүүлэх шинжилгээгээр сэжигтэй буюу халдвар авсан болох нь нотлогдсон, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн гадаад оронд түр болон удаан хугацаагаар амьдарч байгаа Монголын иргэд болон тус улсад байгаа гадаадын иргэдийн талаар харилцан мэдээлэх асуудлыг гадаад улсуудтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгаж, мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулах.
8. Хууль зүйн сайд:
а/манай оронд түр буюу удаан хугацаагаар амьдрах гадаадын иргэдийн дархлалын олдмол хомсдол, бэлгийн замаар халдварлах өвчинтэй холбогдол бүхий мэдээллийг эрүүл мэндийн байгууллагад өгөх;
б/шаардлагатай үед дархлалын олдмол хомсдол, бэлгийн замаар халдварлах өвчний сэжигтэй буюу халдвар тээгч, тараагч болон хүний дархлал хомсдолын вирусийн халдвар илрүүлэх тандалт үзлэг шинжилгээнд оруулах хүмүүсийг олох, шаардлагатай үед албадан шинжлэхэд эрүүл мэндийн байгууллагад туслах ажлыг зохион байгуулах.
9. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч:
а/дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, хяналт тавих;
б/дархлалын олдмол хомсдол өвчний халдварт өртөмтгий болон халдвар тараах боломж бүхий бүлгийн хүмүүсийг эмнэлгийн үзлэг шинжилгээнд оруулах ажлыг хууль зүйн хүрээнд зохион байгуулах.
10.Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга:
а/дархлалын олдмол хомсдол, бэлгийн замаар халдварлах өвчний нийгэм, биологийн хор уршиг, түүнээс сэргийлэх талаар нийтэд зориулсан мэдээлэл сурталчилгааг тогтмолжуулах;
б/радио, телевизээр долоо хоногт 2-оос доошгүй удаа дархлалын олдмол хомсдол, бэлгийн замаар халдварлах өвчнөөс сэргийлэх тухай нэвтрүүлэг /5 минут хүртэлх/, сэрэмжлүүлэг, реклам, сурталчилгаа явуулах ажлыг зохион байгуулах.
---оОо---
Текст томруулах
A
A
A