A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 30 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

/Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолоор хүчингүй тооцсон/

"СУРАГЧ, ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
 
Нэг.Хөтөлбөрийн үндэслэл
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлсэн "2000 оныг бүх нийтээр эрүүл угтах" зорилтыг хэрэгжүүлэх талаар олон улсын хэмжээнд баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь зөвхөн хүнийг өвчилсөн үед нь эмчлэхэд бус, харин эрүүл мэндэд сөрөг нөлөөлж буй хүчин зүйлийг багасгах, амьдралын чанар, орчинг сайжруулах, зөв дадал хэвшилтэй болгох замаар нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.
Нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд шилжиж, эрүүл мэндийн өртөг нэмэгдэж буй энэ үед хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх зан үйл эзэмшүүлэх, тэдний бие бялдрын хөгжлийг сайжруулах шаардлага улам бүр өсч байна.
Манай орон хөгжлийнхээ явцад хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах талаар багагүй амжилт олж, нэлээд ажил хийгдэж байгаа боловч өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудалд эцэг эх, олон нийтийн анхаарлыг хандуулж чадаагүй, эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажлын уялдаа хангалтгүй, сурагч өсвөр үеийнхний эрүүл мэндэд таатай нөлөөлөх орчин бүрдээгүйгээс тэдний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшин доогуур байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвөөс "Хүүхдийн эмгэг" төслийн хүрээнд 1992-1995 онд зарим аймаг, нийслэлд бага ангийн 3180, дунд ангийн 2700 сурагчдыг хамруулан хийсэн судалгаагаар өсвөр насны 1000 хүүхдэд ногдох өвчлөл 743 байгаа бөгөөд бие бялдрын хөгжлийн хувьд 60-70 хувь нь тухайн насныхаа хөгжилтийн түвшинд хүрээгүй, 74,6 хувь нь  биеийн галбир, тулгуур эрхтний өөрчлөлттэй байна. Сүүлийн жилүүдэд цэрэг татлагын эмч нарын үзлэгт орсон залуучуудын 42,3 хувь нь өвчний учир цэргээс чөлөөлөгдсөн ба 18,6 хувь нь бие бялдрын дутуу хөгжилтэй байна.Түүнчлэн өсвөр үеийнхний дунд хорт зуршилд автагдах, бэлгийн замын өвчнөөр өвчлөх явдал нэмэгдэх хандлагатай байна.
Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндэд хяналт тавих, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөлгөө өгөх, чийрэгжүүлэх, өвчин эмгэгийг анагааж эдгээх, тохирсон хоол, хүнсээр үйлчлэх тогтсон системтэй үйл ажиллагаа дутагдалтай байна.
Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэх, энэ талаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
 
Хоёр.Хөтөлбөрийн зорилго
Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалж  бэхжүүлэх тогтолцоог боловсронгуй болгоход төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, эцэг  эх, гэр бүлийн анхаарлыг чиглүүлж, эрүүл мэндийн зохих боловсролтой, бие бялдрын зөв хөгжилтэй иргэд болон төлөвших таатай орчныг бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрт дараахь дэд зорилтуудыг шийдвэрлэхээр дэвшүүлж  байна:
1.Сурагч, өсвөр үеийнхэн эрүүл аж төрөх дадал хэвшил эзэмших, эрүүл мэндийн боловсролтой болох, бие бялдраа чийрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх сургалтын тогтолцоо, агуулга, арга зүйг боловсронгуй болгох;
2.Сурагч, өсвөр үеийнхний дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг бууруулах, тэднийг тахир дутуу болохоос сэргийлэх, эрүүл мэндийн байдалд хяналт тавих ажлыг сайжруулах;
3.Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлэх орчин бүрдүүлэхэд олон нийт, аж ахуйн нэгж, байгуллага, гэр бүлийн үүрэг оролцоог дээшлүүлж, эрүүл мэндийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжин хөгжүүлэх;
4.Эрүүл мэндийг дэмжигч сургуулиудыг нэмэгдүүлэх;
5.Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, энэ талаархи багш, сурган хүмүүжүүлэгчдийн болон олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх,
 
ГУРАВ.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 1997-2005 оны хугацаанд хэрэгжүүлнэ .
     
 
ДӨРӨВ.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
 
1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд удирдан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хөтөлбөрийн үндэсний зөвлөл эрхэлнэ.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
2.Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдсон үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг Эрүүл мэнд, нийгмийн  хамгааллын яам Гэгээрлийн яам,  бусад холбогдох байгууллагын оролцоотойгоор гүйцэтгэнэ.
3.Орон нутгийн түвшинд Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дэд хөтөлбөр боловсруулан, салбар зөвлөл байгуулж ажиллана. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажлын чигүүргийг Засаг дарга батална. Орон нутгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэлийн эрүүл мэнд, боловсролын байгууллагууд бусад холбогдох байгууллагын оролцоотой, дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
 
 
ТАВ.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам
 А.Төрийн захиргааны төв байгууллагуудын гүйцэтгэх үүрэг
1.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам:
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн мэдлэг, дадал хэвшил, чийрэгжилтийн байдалд судалгаа хийж, үнэлгээ өгөх, хэрэгцээ шаардлага, хэтийн төлөвийг тодорхойлох;
-Сурагч өсвөр үеийнхэн эрүүл аж төрөх зан үйл эзэмших, бие бялдраа чийрэгжүүлэх, эрүүл мэндийн суурь боловсрол эзэмшихэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийн үнэлгээний стандарчилсан аргуудыг боловсруулж  мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
-Сурагч, өсвөр үеийнхний дотор зонхилон тохиолдож байгаа өвчнийг эрт илрүүлэх, анагааж эдгээх, нөхөн сэргээх тусламжийн хүрээмж, чанарыг сайжруулах бодлого, чиглэлийг боловсруулан, олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцааг авч хамтран ажиллах;
-Сурагч , өсвөр үеийнхний эрүүл мэндийг сайжруулахад төр, олон нийтийн байгууллага, хамт олны үйл ажиллагааг дэмжин, мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтран ажиллах, тэдгээрийг мэдээллээр хангах;
-Сурагч, өсвөр үеийнхний сурч, ажиллаж буй орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар  хамгааллын байдалд дүгнэлт өгч, түүнд тавих хяналтын чанарыг сайжруулах;
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийн байдалд тандалт хийх, үнэлгээ өгөх мэдээлэл, арга зүйг боловсронгуй болгох;
-Сурагч, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, анагаах ухааны мэргэжлийн сургалтын хөтөлбөрт өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах талаар нэмэлт, өөрчлөлт оруулах, сургуулийн эмч нарыг мэргэжлийн сургалтад хамруулах арга хэмжээ авах;
-Орон нутгаас цэрэгт татагдсан залуучуудын эрүүл мэнд, бие бялдрын байдалд үнэлэлт өгч,түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээ авахуулах талаар орон нутагт чиглэл өгөх, биелэлтэд хяналт тавих,
2.Гэгээрлийн яам:
-Сурагч, өсвөр үеийнхний эзэмшвэл зохих эрүүл мэнндийн боловсролын агуулга, арга зүй болон үнэлгээний стандартыг баталгаажуулж, түүнийг албан сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
- Сурагч, өсвөр үеийнхэн  эрүүл аж төрөх зан үйлийг эзэмшиж амьралдаа хэвшил болгох, эрүүл мэндийн боловсролтой болох, бие бялдараа чийрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэх сургалтын агуулга, арга зүйн шаардлагыг хангасан сурах бичиг, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгслээр хангах ажлыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулах;
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийн байдалд их эмчийн байнгын хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, сургуулийн эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, багш, сурган хүмүүжүүлэгчдэд сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийн талаар суурь мэдлэг олгох;
-Ерөнхий боловсролын сургуулиудыг өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн зохих боловсрол эзэмшүүлж, тэдний сурч, хүмүүжих эрүүл ахуйн тохиромжтой орчныг бүрдүүлсэн "Эрүүл мэндийг дэмжигч сургууль" болгон хөгжүүлэх, энэ тухай болзол, журмыг Эрүүл мэнд, нийгмийн хамгаллын яам, холбогдох газруудтай хамтран гаргаж мөрдүүлэх;
-Ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүний ажиллах журмыг шинэчлэн баталж мөрдүүлэх;
-Сурагч, өсвөр үеийнхний бие бялдрын хөгжлийг зохих түвшинд нь хүргэх зорилгоор биеийн тамир-эрүүл мэндийн хичээлийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх, биеийн тамирын зориулалттай танхим, талбайн тохижилт, ашиглалтыг  сайжруулах.
3.Батлан хамгаалах яам:
-Цэргийн алба хааж байгаа залуучууд эрүүл мэндийн байдал, бие бялдрын хөгжилтөө сайжруулах, хоол, хүнсний зохистой хэрэглээнд суралцах, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх аятай нөхцөл  бүрдүүлэх, энэ ажлыг цэргийн сургалт, мэдээллийн ажлын нэг хэсэг болгох зохион байгуулах, сургагч нарын мэдлэгийг дээшлүүлэх, шаардлагатай техник хэрэгслээр хангах арга хэмжээ авах;
-Цэргийн алба хааж буй залуучуудын эрүүл мэндийг бэхжүүлэх, бие бялдрыг хөгжүүлэхэд шаардлагатай байр, талбай, тоног төхөөрөмж, боловсон хүчний байдалд судалгаа, дүгнэлт хийж, тэдгээрийг бий болгох, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах;
-Залуучууд цэргийн албанд тэнцэх болон алба хаах хугацаанд нь тэдэнд олгосон байвал зохих эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн шалгуур үзүүлэлтийг шинэчлэн баталж  мөрдүүлэх.
4.Сангийн яам:
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт хуваарилан тусгаж, шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх.
5.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам:
-Сурагч, өсвөр үеийнхний биологийн хэрэгцээг хангахуйц амин дэм, уураг, бичил элементээр баялаг хоол, хүнсний аюулгүй бүтээгдэхүүнээр хангах бодлого чиглэлийг тодорхойлж, биелэлтэд хяналт тавих;
-Сургуулийн сурагчдыг халуун хоолоор үйлчлэх жижиг үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Б.Засаг даргын Тамгын газрын гүйцэтгэх үүрэг
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах шаардлага, хэрэгцээнд нийцүүлэн мэргэжилтэн бэлтгэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, мэргэшил, ур чадварыг нь дээшлүүлэх арга хэмжээ авах;
-Нийгмийн эрүүл мэндийн төвүүдэд сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийн танхим, сургуулиудад эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны танхим ажиллуулах,тэдгээрийг шаардагдах техник хэрэгслээр хангах арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь гэр бүл, олон нийт өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглүүлэх;
-Ерөнхий боловсролын сургуулиудыг "Эрүүл мэндийг дэмжигч сургууль" болгон хөгжүүлэх хөдөлгөөн өрнүүлж, үр дүнг тооцох;
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалахад гэр бүл, олон нийт, сайн дурынхан, сурагч идэвхтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжин урамшуулах ажлыг оновчтой арга хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах;
-Сурагч өсвөр үеийнхний дунд зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулах, өвчлөгсдийг анагааж эдгэрүүлэх ажлыг зохион байгуулах;
-Сурагч, өсвөр үеийнхэн эрүүл аж төрөх арга ухаан, эрүүл мэндийг боловсрол эзэмших, бие бялдраа чийрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх ажлыг системтэй зохион байгуулах, мэдээлэл, сургалт сурталчилгааны хүртээмж, чанарыг сайжруулах;
-Нутаг дэвсгэрийнхээ эрхэлсэн ажил, сургуульгүй, ядуу амьдралтай, тэнэмэл,биеэ үнэлдэг, эмгэг согогтой сурагч, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын идэвхтэй байр суурь олоход нь туслах, тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах;
-Сурагч, өсвөр үеийнхний бие бялдрыг чийрэгжүүлэхэд байгалийн хүчин зүйлийг өргөнөөр ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах;
-Залуучуудыг эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн талаар цэргийн албанд тэнцүүлэхэд бэлтгэх ажлыг тогтмолжуулж, үр дүнг тооцож байх.
В.Бусад байгууллага, аж ахуйн нэгжийн гүйцэтгэх үүрэг
1.Аж ахуйн нэгж, байгууллага:
-Аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон нь сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх талаар холбогдох байгууллагуудаас зохиож  байгаа ажилд идэвх санаачилгатай оролцох;
-Сурагч, өсвөр үеийнхнийг тохирсон хоол, хүнсээр хангах, бие бялдраа хөгжүүлж чийрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол эзэмшихэд нь шаардагдах хүнсний бүзтээгдэхүүн, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалга авч нийлүүлэх, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх;
-Байгууллага дээрээ эрүүл мэнд-чийрэгжүүлэлтийн танхим байгуулан, ажиллагчид, тэдний гэр бүлийнхэн чөлөөт цагаараа эрүүл мэндээ бэхжүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-"Эрүүл өрх", "Эрүүл чийрэг хамт олон", "Цас, мөсний баяр" зэрэг өдөрлөг, уулзалт, тэмцээнийг уламжлал болгон зохиож, эрүүл аж төрөх дадал заншил эзэмшүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран явуулж  байх;
-Сурагч, өсвөр үеийнхний сурч, хүмүүжих эрүүл, таатай орчин бүрдүүлэх талаар эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
2.Эрүүл мэндийн байгууллага:
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж, "Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд" зөвлөлгөөнийг сургууль, аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, ажлын явц, үр дүнг жил бүр дүгнэж  байх;
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хянах, боловсролын болон бусад байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх үүрэг бүхий өсвөр үеийн эмч, хүүхдийн сэтгэл зүйчийг нийгмийн эрүүл мэндийн төвүүдэд  ажиллуулах;
-Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны танхимаар дамжуулан сурагч, өсвөр үеийнхэн, гэр бүл, олон нийт,түүний дотор сургууль завсардсан, тахир дутуу, эмгэг согогтой, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд эрүүл  мэндийн боловсрол эзэмших сургалтуудыг тогтмол зохион байгуулах;
-Сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдэд эрүүл мэндийн суурь боловсрол олгох, сайн дурынхан, сурагчдыг бэлтгэх сургалтыг тодорхой төлөвлөгөөтэйгээр зохион явуулах, шаардлагатай гарын авлага, сургалтын хэрэгсэл, мэдээллээр хангах;
-"Эрүүл өрх", "Эрүүл мэндийг дэмжигч сургууль", "Эрүүл чийрэг хамт олон" хөдөлгөөнийг өрнүүлэн мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллах;
-Сурагч, өсвөр үеийнхнийг эрүүл мэндийн үзлэгт жилд нэгээс доошгүй удаа хамруулж, өвчлөгсдийг эмчилж эдгэрүүлэх, тэдний эрүүл мэнд, нас биеийн онцлогт тохирсон хоолны болон биеийн тамирын дасгал, хөдөлгөөнөөр эмчилж, чийрэгжүүлэх жор хэрэглэж сургах ажлыг боловсролын байгууллагатай хамтран зохион байгуулах, үр дүнг тооцох;
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд, бие бялдрын хөгжилт, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн байдалд түвшин тогтоох үзлэг, судалгаа явуулж, дүгнэлт гаргах, эрүүл, таатай орчин бүрдүүлэхэд тавих мэргэжлийн хяналтыг сайжруулах.
3.Боловсролын байгууллага:
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган биелэлтийг жил бүр дүгнэж  ажиллах;
-Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны танхимын үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлэх /ийм танхим байхгүй бол бий болгох/, сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийн байдалд их эмчийн байнгын хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх;
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхэд олон нийтийн оролцоог дээшлүүлэх, энэ талаар эрүүл мэндийн болон улаан загалмай, хүүхэд, эмэгтэйүүд, залуучуудын байгууллагуудтай байнга хамтран ажиллах;
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалахад багш, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, сайн дурынхан, сургагчдыг бэлтгэх ажлыг эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулах;
-Эрүүл мэндийн боловсрол олж авах, эрүүл аж төрөх зан үйл эзэмшихэд дэмжлэг үзүүлэх сургалт болон биеийн тамир-эрүүл мэндийн хичээлийг шинэчилсэн хөтөлбөрийн дагуу заах,тэдгээрийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулах;
-сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндэд тохирсон хоол, хүнсээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх;
Эрүүл мэндийг дэмжигч сургууль болохыг төлөө ажиллах.
4.Олон нийтийн байгууллага:
-Сурагч, өсвөр үеийнхэн эрүүл аж төрөх зан үйлийг амьдралын хэвшил болгох, эрүүл мэндээ сайжруулах таатай орчиныг бүрдүүлэхтэй холбогдсон асуудлаар төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтарсан болон бие даасан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийг зохион байгуулж оролцуулах, энэ талаар олон нийттэй ажиллах сайн дурынхныг бэлтгэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
-Албан боловсрол эзэмших боломжгүй нөхцөлд амьдардаг өсвөр үеийнхэн, ялангуяа тахир дутуу, эмгэг согогтой, хоригдож байгаа болон тэнэмэл хүүхэдтэй ажиллахад түлхүү анхаарч, мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтран тэдний эрүүл  мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, чийрэгжүүлэх үйлчилгээг олон нийтийн хүчинд тулгуурлан зохион байгуулах;
-Хөтөлбөрийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих.
5.хэвлэл, мэдээллийн байгууллага:
-сурагч, өсвөр үеийнхэн эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа чийрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол эзэмших, эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэвшүүлэхтэй холбогдсон мэдээллийн хөтөлбөрийн цагийг нэмэгдүүлж, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, энэ чиглэлээр төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй нэвтрүүлэх мэдээлэл, сурталчилгааны талаар холбогдох байгууллагатай гэрээ байгуулж ажиллах;
-сурагч, өсвөр үеийнхэнд зориулсан эрүүл мэндийн тогтмол нэвтрүүлгийг радио, телевизээр тодорхой хугацаанд явуулж байх;
-Сонин, хэвлэлүүдэд дээрх чиглэлээр мэдээллийн тусгай булан нээж   ажиллуулах
Г.Гэр бүл, иргэд, сурагч, өсвөр үеийнхний гүйцэтгэх үүрэг
-Хүүхэд, өсвөр үеийнхний зөв төлөвшилтөд зайлшгүй шаардлагатай гэр бүлийн таатай орчинг бүрдүүлэх, энэ талаар эрүүл мэнд, боловсрол, бусад байгууллагаас зохиогдож байгаа ажилд оролцох;
-Үр хүүхдээ эрүүл чийрэг иргэн болгон өсгөж төлөвшүүлэхийн тулд өрхийн эмч, багш, сэтгэл судлаач нараас зөвлөлгөө авах, мэргэжлийн байгууллагаас гаргасан аргачлал, зөвлөмж мэдээллийг амьдрал  ахуйдаа өргөн хэрэглэх;
-гэр бүлээрээ чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийж хэвших, уралдаан, тэмцээн, аялал зугаалгад оролцох;
-Хүүхдээ жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмч нараас өгсөн зөвлөлгөөний дагуу холбогдох арга хэмжээ авч байх;
-"Эрүүл өрх" болохын төлөө ажиллах;
-Эрүүл мэндийн боловсрол, эрүүл аж төрөх дадал хэвшил эзэмших, бие бялдраахөгжүүлэх талаар хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх бүх талын үйл ажиллагаанд сурагч, өсвөр үеийнхэн идэвх санаачилгатай оролцох.
 
ЗУРГАА.Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийгхэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
-Эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах үйл ажиллагаанд зориулсан төв, орон нутгийн төсөв;
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах тодорхой чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд зориулан гаргах хөрөнгө;
-Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг сайжруулах зориулалтаар олгосон олон улс, гадаад орнуудын болон төрийн бус байгууллагын тусламж, хандивын хөрөнгө;
-Өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийгдэх судалгаа, шинжилгээний ажлыг сонгон шалгаруулж, төслөөр санхүүжүүлэх хөрөнгө;
-Өсвөр үеийн эрүүл мэндийг сайжруулахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үзүүлэх дэмжлэг, туслалцаа, хандивын хөрөнгө.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тооцож, холбогдох салбарын болон орон нутгийн жил бүрийн төсөвт тусгаж  батлуулна.
 
ДОЛОО.Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үндэсний болон салбар зөвлөлөөс хяналт тавина. хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан 2000 болон 2005 онд 1995 оны байдалтай харьцуулан дүгнэнэ.
 
Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд
¹
Үзүүлэлтүүд
    1995 он
      2005 он
1
Насандаа тохирсон өндөр,
жинтэй сурагчдын эзлэх хувь
Эр-91,4
Эм-87,9
/1992-1993/
5 хувиар нэмэгдүүлнэ,
2
Бие бялдрын чийрэгжилтийн сорил судалгаанд хамрагдагсдын дотор онц сайн үзүүлэлтийн эзлэх хувь
   30,0-35,0
 
 
60,0-65,0
3
Эрүүл мэндийн боловсрол олгох албан ба албан бус сургалтад өсвөр үеийнхний хамрагдалтын хувь
 
 
90,0-95,0
4
Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн болзол хангасан сургуулийн хувь
 
 
50,0
5
Сурагч, өсвөр  үеийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх мэргэжлийн алба, эмч, мэргэжилтний хангалтын хувь
 
 
80,0
6
Өсвөр насны хүүхдийн өвчлөлийн бууралт /1000-д тохиолдлоор/
743
595
7
12 настай нэг хүүхдэд ногдох өвчтэй шүдний үзүүлэлт /цоорсон, авахуулсан, ломбодсон/
   3,2
3,0
 
8
Нийт төрөлтөд 20 хүртэлх насны охидын эзлэх хувь
9,0
3,0
9
Бэлгийн замаар халдварлах өвчнөөр өвчлөгсдийн дотор өсвөр насныхны /0-20 нас/ эзлэх хувь
16,0
10,0
10
Цэргийн албанд тэнцсэн залуучуудын эзлэх хувь
68,2
80,0
 
 
                Тайлбар: -Энэ үзүүлэлтүүдийг уг хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхэлсэн үеэс дүгнэнэ.
 
--------oOo----------