- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БООМТУУДЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 102
Улаанбаатар хот
БООМТУУДЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Xот байгуулалтын тухай хуулийн 6.1.6, Концессын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Азийн хөгжлийн банкнаас боловсруулсан "Хилийн боомтуудын төлөвлөлтийн загвар"-ыг үндэслэн хийсэн "Хилийн боомтын үлгэрчилсэн ерөнхий төлөвлөгөө"-г 1 дүгээр хавсралтад заасан бүрэлдэхүүнтэйгээр баталсугай.
2. "Хилийн боомтын үлгэрчилсэн ерөнхий төлөвлөгөөний"-ний дагуу "Гашуунсухайт", "Шивээхүрэн", "Бургастай", "Булган" боомтуудад хийж гүйцэтгэх ажлын концессын зүйлийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2010 оны 198-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан концессын зүйлийн жагсаалтад заасан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх талаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулан ажиллахыг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд зөвшөөрсүгэй. (Энэ заалтыг ЗГ-ын 2010 оны 198-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
4. "Гашуунсухайт", "Шивээхүрэн" боомтуудыг 24 цагийн ажиллагаатай, хилийн олон улсын боомт болгох, "Бургастай", "Булган" боомтуудыг хуваарийн бус үеэр байнгын ажиллагаанд шилжүүлэхтэй холбогдуулан гааль, хил хамгаалах байгууллага, хилийн мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан байгууллагын орон тооны дээд хязгаарыг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.
5. "Булган" боомтыг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн байнгын ажиллагаатай болгож, "Бургастай" боомтыг 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хуваарийн бус үеэр нээн ажиллуулан, 2011 оноос байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх талаар БНХАУ-тай хэлэлцээ хийхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.
6. Экспортод гаргаж байгаа нүүрсийг чанараар нь ангилан ялгах, тээвэрлэх үйл ажиллагаанд орчин үеийн технологи нэвтрүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй зохион байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Батбаатар нарт үүрэг болгосугай.
7. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
