A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 27 дугаар тогтоолын хавсралт

/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДҮРЭМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар нь /цаашид "Газар" гэнэ/ Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч,Засгийн газар, яам, агентлаг /цаашид "Төр, засгийн удирдах төв байгууллагууд" гэнэ/-ын үйлчилгээ, аж ахуйн ажлыг нийтлэг үйлчилгээний талаар тогтоосон нэгдсэн бодлогын хүрээнд эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
2.Газар нь төр, засгийн удирдах төв байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөл бололцоог хангах талаар Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай харилцаж, үйл ажиллагаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай зөвшилцөж  явуулна.
3.Монгол Улсын Засгийн газар тус газрын дүрэм, орон тоо, цалингийн санг баталж, дарга, дэд даргыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын саналыг үндэслэн томилж, чөлөөлнө.
4.Газрын дарга нь тус газрын үйл ажиллагааг удирдан,үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын өмнө биечлэн хариуцна.
5.Газрын дарга нь эрх хэмжээнийхээ асуудлаар холбогдох хууль тогтоомж болон энэ дүрэмд нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг нь хангуулна.
Газрын даргынт ушаал, хууль ёсны бусад шийдвэрийг холбогдох албан тушаалтан, тус газрын харьяа аж  ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.
6.Газрын дарга нь газрын доторхи нэгж, хэсгийн дарга нар, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтан, харьяа аж ахуйн нэгж, байгууллагын даргыг Засгийн газрын хэрэг эрхлэх газартай урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр, газрын бусад ажилтан, харьяа аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий мэргэжилтэн нарыг томилж, чөлөөлнө.
7.Газар нь тогтоосон журмын дагуу хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
8.Төр, засгийн удирдах төв байгууллагуудад үйлчлэх ажлын уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэх зорилгоор газрын зөвлөл ажиллана.
Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг газрын дарга батална.
9.Улсын төсвийн хөрөнгө, эргэж төлөгдөх нөхцөлөөр авсан зээл, аж ахуйн үйл ажиллагааны явцад бий болсон эд хөрөнгө, санхүүгийн нөөц нь газрын аж ахуйн үйл ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэр болно.
10.Газар нь зохих хууль тогтоомжийн хүрээнд гадаад худалдааны үйл ажиллагаа явуулж болно.
11.Газар нь төр, засгийн удирдах төв байгууллагууд, тэдгээрийн ажилтнуудад үйлчлэх болон хөрөнгө оруулалт хийх, валют зарцуулах зэрэг аж ахуйн үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомж, шийдвэр, захиалгын дагуу батлагдсан төсвийн хүрээнд явуулна. Ингэхдээ асуудлын хамрах хүрээ, шаардагдах хөрөнгө, хэрэгжүүлэх цаг хугацааг харгалзан үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах зорилгоор сонгон шалгаруулалт /тендер/-ын хэлбэрийг өргөн ашиглана.
 
Хоёр.Газрын үүрэг, эрх
12.Газар нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/төр, засгийн удирдах төв байгууллагууд, тэдгээрийн ажлын албанаас үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах үйлчилгээ, аж ахуйн ажлыг эрхлэн гүйцэтгэх;
б/ төрийн ордон, Засгийн газрын байрууд болон Улсын дээд шүүхийн байр, төр, засгийн тэргүүн нарын өргөө, байрны дотоод болон гаднахь орчны цэвэрлэгээ, ариун цэвэр,тохижилт, засвар, үйлчилгээг зохих түвшинд байлгах ажлыг хариуцан гүйцэтгэх;
в/ газрын харьяа аж  ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, материал хангамж, дотоод,гадаад хамтын ажиллагааг уялдуулан нэгдсэн удирдлагаар хангаж  ажиллах;
г/ төр, засгийн урилгаар ирсэн зочин, төлөөлөгчдийн үйлчилгээг хариуцан зохион байгуулах;
д/ Монгол Улсын Ерөнхийлөгч,Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн, Монгол Улсын  Засгийн газрын гишүүн зэрэг төр, засгийн удирдах дээд албаны  хүмүүст үйлчлэх ажлыг зохих хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд гүйцэтгэх;
е/ харьяа аж  ахуйн нэгж  байгууллагын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, валютын гүйлгээг зохицуулан аж  ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж, шалгах;
ж/ харьяа аж ахуйн нэгж, байгууллагынхаа өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл тооцооны ажилд хяналт тавьж, тайлан тэнцлийг гаргуулан дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
з/ бэлэг, дурсгалын зүйлийн фондын санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж байх;
и/ төр, засгийн удирдах төв байгууллага болон тэдгээрийн үйлчилгээний байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ажлын шаардлагад тохирох загвар хийцийн автомашин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа материалаар тасралтгүй шуурхай хангаж, засвар үйлчилгээ хийх, шинэчлэн солих ажлыг эрхлэн гүйцэтгэх;
к/газрын болон харьяа  аж ахуйн нэгж, байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, шилж  сонгох, давтан сургах, дахин мэргэшүүлэх, мэргэшлийг нь дээшлүүлэх, хуваарилах ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх бодлоготой уялдуулан явуулах;
л/ төр, засгийн удирдах төв байгууллагын болон үйлчилгээний байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
м/ харьяа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын ажлын хариуцлага, сахилга, дэг журам, үйлчилгээний соёл, шуурхай байдлыг хангуулах.
13.Газар нь батлагдсан төсөв, хөрөнгийн зарцуулалтын гүйцэтгэлийг улирал тутам, үйл ажиллагааныхаа тайланг жилийн эцэст тус тус гаргаж Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдээлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тайлагнаж байна.
14.Газар дор дурдсан эрх эдэлнэ:
а/ төр, засгийн үйлчилгээний ажлыг зохих ёсоор явуулахтай холбогдсон асуудлаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж  холбогдох байгууллагатай зөвшөөрөлцөн Улсын Их Хурал, Засгийн газрын хуралдаанд оруулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт өргөн мэдүүлэх;
б/ ёслол, хүндэтгэлийн чанартай үйл ажиллагаа, үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон асуудлаар төрийн ёслолын албатай хамтран төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж  өгөх;
в/ газрын харьяа аж ахуй нэгж, байгууллагын удирдлагын бүтэц, орон тоо, тогтвортой мөрдөх сарын цалингийн сан, дүрмийг батлах;
г/ газрын харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудын  үйл ажиллагааны талаар тэдгээрийн удирдах албан тушаалтнуудын сонсгол, тайланг газрын зөвлөлөөр хэлэлцэх, шаардлагатай мэдээ, судалгааны материал гаргуулж авах;
д/ эрхэлсэн ажлын чиглэлээр өөрийн орны болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллагатай харилцаа холбоо тогтоож  хамтран  ажиллах;
е/ Засгийн газраас олгосон бусад эрхийг эдлэх.
 
-------оОо--------