A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 43 дугаар тогтоолын хавсралт

/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ДААТГАЛЫН ХЯНАЛТЫН АЛБАНЫ ДҮРЭМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Энэхүү дүрмийн зорилго нь Даатгалын хяналтын албаны эрх, үүрэг, үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчмуудыг тогтоож, даатгалын тухай Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.Даатгалын хяналтын алба нь /цаашид "хяналтын алба" гэнэ/ даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтийг даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжид шалгаж зааварчлах, хяналт тавих, даатгалын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар бодлого боловсруулж шийдвэрлүүлэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
3.Хяналтын албаны үйл ажиллагаатай холбогдож гарах зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.
4.Хяналтын алба нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
Хоёр.Даатгалын хяналтын албаны бүтэц, зохион байгуулалт
5.Хяналтын алба нь Сангийн сайдын дэргэд ажиллана.
6.Хяналтын албаны даргыг Сангийн сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлөх бөгөөд дарга нь улсын ерөнхий байцаагч байна.
7.Хяналтын алба нь Бодлого зохицуулалт, лицензийн хэлтэс,Нягтлан бодох бүртгэл, тайлангийн хэлтэс, Тамгын хэлтэстэй, Улаанбаатараас бусад аймаг, хотод даатгалын улсын байцаагчтай байна.
8.Хяналтын албаны орлогч дарга, Бодлого зохицуулалт, лицензийн хэлтсийн дарга болон Нягтлан бодох бүртгэл, тайлангийн хэлтсийн дарга нар нь даатгалын улсын ахлах байцаагч байна.
9.Хяналтын албанд ажиллах улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг албаны даргын санал болгосноор Сангийн сайд томилж, чөлөөлнө.
10.Орон нутагт ажиллах улсын байцаагчийг албаны даргын санал болгосноор тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө.
11.Хяналтын алба нь үйл ажиллагааныхаа чиг үүрэгтэй холбогдуулан орон тооны бус зөвлөл байгуулж ажиллаж болно.
12.Хяналтын албаны дарга ажлаа Сангийн сайдын өмнө хариуцна.
 
 Гурав.Хяналтын албаны эрх, үүрэг
13.Хяналтын алба нь энэхүү дүрмийн "Нэг"-ийн 1.2-т заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараахь үүрэг хүлээж, эрх эдэлнэ:
а/хяналтын алба нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тухай бүрдэл болсон хүсэлтийг хүлээж авснаас хойш ажлын 21 хоногт багтаан хянаж, зөвшөөрөл /лиценз/ олгох дүгнэлтээ Сангийн сайдад тавина. Зөвшөөрөлд эрхлэх даатгалын төрөл, түүний хэлбэр, давхар даатгал эрхлэх эсэх талаар тодорхой заана;
б/даатгалын гэрээний үлгэрчилсэн загварыг батлах, хуулиар тогтоогоогүй заавал даатгалын хураамжийн хэмжээ, сайн дурын даатгалын хураамжийн дээд, доод хязгаарыг тогтоож өгөх, түүний мөрдөлтөд хяналт тавих;
в/даатгалын компани, даатгалын зуучлагч, төлөөлөгчийн талаар улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, даатгалын компанийн санхүү, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг тогтоох;
г/сайн дурын даатгалын төрөл, хэлбэрийг тогтоосон жагсаалт гаргах, эд хөрөнгийн зарим эвдрэл гэмтлийн хохирлын норматив тогтоох;
д/даатгалын статистик судалгаа хийх, мэдээллээр хангах, гадаад, дотоод зах зээлийг судлах, даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, түүнийг цаашид боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах;
е/даатгалын компаниудаас санхүүгийн улирал, жилийн тайлан тэнцэл болон санхүү, төлбөрийн чадвартай холбогдсон мэдээ, мэдээлэл, баримт материалыг холбогдох хуулийн этгээд, иргэдээс шаардаж, үнэ төлбөргүй гаргуулан авах;
ж/даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуульд заасан үндэслэл, зохих журмын дагуу хариуцлага хүлээлгэх;
з/даатгагч, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, тэдний санал, хүсэлт, гомдлыг шалгаж барагдуулах;
и/хяналтын алба нь гадаад орны даатгалын байгууллагатай хамтран ажиллах, гэрээ, хэлцэл байгуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах;
к/хөндлөнгийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтад татан оролцуулах, дүгнэлт гаргуулах.
14.Хяналт шалгалтын дүнг үндэслэн улсын байцаагчаас тавьсан актад улсын байцаагч болон тухайн даатгалын компанийн санхүүгийн баримтад нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг албан тушаалтнууд, зөрчилд холбогдох бусад этгээд гарын үсэг зурна:
а/хэрэв хариуцагч нь актыг зөвшөөрөхгүй бол тэр тухайгаа тайлбар бичиж  актад хавсаргана;
б/шаардлагатай гэж үзвэл илэрсэн зөрчил дутагдлын дүн, шалтгаан, нөхцөлийг харгалзан хяналт шалгалтын дүнг:
-Сангийн сайдын зөвлөлд;
-Даатгалын хяналтын албаны зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулж, зохих шийдвэр гаргуулна.
в/шалгалтын дүнг тухайн даатгалын компанийн удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна;
г/даатгалын улсын байцаагч нь шалгалтын дүн, түүнтэй холбогдож гарах дүгнэлт, тавьсан актыг тухайн даатгалын компанид албан ёсоор хүргүүлнэ;
д/хяналт шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил, авах арга хэмжээ,актаар тавьсан төлбөрийг тухайн даатгалын компани тогтоосон хугацаанд нь биелүүлж, хариу мэдэгдэх үүрэгтэй.
15.Хяналтын албаны дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах бөгөөд улсын ерөнхий байцаагчийн хувьд даатгалын улсын ахлах болон даатгалын улсын байцаагчийн тавьсан актыг хянан үзэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох, дүгнэлтийг өөрчлөх эрхтэй.
 
Дөрөв.Даатгалын улсын байцаагчийн эрх, үүрэг                       
16."Төрийн  хяналт  шалгалтын  тухай"  хуулийн 21 дүгээр зүйлд заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
а/даатгалын үйл ажиллагаатай холбогдсон өргөдөл, гомдлыг барагдуулах;
б/даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн аж ахуйн нэгжийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;
в/даатгалын компанийн нягтлан бодох бүртгэлийн улирал, жилийн тайлан тэнцэл болон санхүү, төлбөрийн чадвартай холбогдсон мэдээ, мэдээлэл, баримт материалыг холбогдох байгууллагаас шаардаж үнэ төлбөргүй гаргуулан авах;
      г/баримтын шалгалт хийх.
17.Даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол даатгалын улсын байцаагч дараахь хариуцлага ногдуулна:
а/зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, 200000-250000 төгрөгөөр торгох;
б/даатгалын тухай хууль тогтоомж, хяналтын албанаас гаргасан шийдвэрийг зөрчсөн албан тушаалтныг 10000-50000 хүртэл, компанийг 50000-200000 төгрөгөөр торгох, эсхүл үйл ажиллагааг нь түр зогсоох;
в/даатгуулагчийг хууран мэхэлж, тэдний эрх ашгийг хохироосон даатгалын компанийн зөвшөөрлийг нь хураах.
 
 Тав. Бусад зүйл
18.Улсын байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
19.Даатгалын компани, тэдгээрийн удирдлага улсын байцаагчийн тавьсан актыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзвэл Хяналтын албаны даргад, Хяналтын албаны даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол гомдлоо шүүхэд гаргана.
---оОо---