- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - УЛСЫН БАЙНГЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1997 оны 166 дугаар тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2004 оны 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/Засгийн газрын 2004 оны 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
УЛСЫН БАЙНГЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДҮРЭМ
1.Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг /газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, ой, хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг/ тохиолдсон, үйлдвэрлэлийн томоохон осол болсон, цацраг идэвхт буюу хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдсан, эсвэл тэдгээрээс хүн ам, мал, байгаль орчинд аюултай байдал, бохиртол үүссэн /цаашид "гамшиг, осол" гэнэ/-ий улмаас учруулсан хор уршгийг арилгах, аврах, хамгаалах, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох, бусад хойшлуулшгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бүс нутгийн хүч хүрэлцэхгүй болж тусламж, дэмжлэг үзүүлэх талаар тэдгээрийн удирдлагаас албан ёсны хүсэлт тавьсан үед Улсын байнгын онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл, материаллаг нөөцийг зохих хууль тогтоомжийн дагуу дайчлан гаргах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг удирдан зохион байгуулахад энэ дүрмийг дагаж мөрдөнө.
2.Улсын байнгын онцгой комисс /цаашид "комисс" гэнэ/-ын бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.Комиссыг Засгийн газрын гишүүн, сайд тэргүүлнэ.
3.Комисс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хамгаалалтын тухай хууль, бусад холбогдох хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн зохих эрхийн актыг мөрдлөг болгоно.
4.Комиссын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх алба нь Улсын иргэний хамгаалалтын газар байна.
5.Комисс нь зохих хууль тогтоомж, энэ дүрмээр олгогдсон үүрэг, зорилтоо хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хурлаараа хэлэлцэж эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол, протокол, албан даалгавар гаргана. Комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хөрөнгө захиран зарцуулах эрх зүйн акт нь комиссын дарга /орлогч/-ын тушаал байна.
6.Комиссоос эрх хэмжээнийхээ дагуу гаргасан шийдвэрийг төв, орон нутгийн төрийн захиргааны бүх шатны холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд дагаж мөрдөх үүрэгтэй.
7.Комисс нь тогтоосон журмын дагуу хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Комиссын үүрэг, эрх
8.Комисс дараахь үүрэг гүйцэтгэнэ:
а/гамшиг, ослоос сэргийлэх, тэдгээртэй тэмцэх бэлтгэлийг хангуулах ажлыг төрийн захиргааны төв, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх;
б/гамшиг, ослын цагийн байдал, нөхцөлд мэргэжлийн холбогдох байгууллага, албадтай хамтран үнэлэлт, дүгнэлт өгч тухайн засаг захиргаа, бүс нутгийн хүч хэрэгслээр уг гамшиг, ослыг арилгах боломжгүй болох нь нотлогдсон үед хүн хүч, техник хэрэгслийг хугацаа алдалгүй дайчлан гаргаж учруулсан хор уршгийг арилгах, аврах, хамгаалах арга хэмжээ авах, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх ажлыг шуурхай зохицуулан зохион байгуулах замаар тус улсын хүн ам, нийгэм, эдийн засгийг хохирол, сүйрлээс хамгаалах;
в/гамшиг, ослын үед дайчлан гаргах хүн хүч, техник хэрэгслийн байршил, бүрэлдэхүүн, хангалт, тэдгээрийн бэлэн байдлыг байнгын хяналтдаа байлгах, Улсын иргэний хамгаалалтын газар, төрийн захиргааны төв, орон нутгийн холбогдох байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргаар шаардлагатай арга хэмжээг авахуулж байх;
г/гамшиг, ослын голомтод ажиллагсдын ажиллах журмыг тухайн нөхцөл, байдалтай уялдуулан тогтоон өгч хэрэгжилтийн явцад хяналт тавих;
д/гамшиг, ослын үед учруулсан хор уршгийг арилгах, аврах, хамгаалах, нэрвэгдэгсдэд шуурхай тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх ажилд шаардагдах хүн хүч, тээврийн болон холбооны хэрэгсэл, материаллаг нөөцийг зохих хууль тогтоомжийн дагуу дайчлан гаргах асуудлыг төв, орон нутгийн засаг захиргааны холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран шийдвэрлэж зохицуулах, шаардлагатай нэмэгдэл хүн хүч, техник хэрэгсэл дайчлан гаргах санал боловсруулж шийдвэрлүүлэх;
е/гамшиг, осол бүхий нутаг дэвсгэр, бүс нутаг, аж ахуйн нэгж, байгууллагад хорио цээр, дэглэм тогтоох талаар санал боловсруулж зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
ж/гамшиг, осолтой тэмцэх асуудлаар эрх хэмжээнийхээ хүрээнд зохих хууль тогтоомжийн дагуу гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдний арга туршлагыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
з/комиссын орон тооны ажилтны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал гаргах.
9.Комисс дараахь эрхтэй байна:
а/гамшиг, ослоос сэргийлэх, тэдгээртэй тэмцэх бэлтгэлийг хангах, учруулсан хор уршгийг арилгахтай холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгч биелэлтийг нь хангуулах, хяналт тавих;
б/гамшиг, осол бүхий нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээр, дэглэмийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг батлан гаргаж, биелэлтийг хангуулах;
в/гамшиг, ослоос сэргийлэх, тэдгээртэй тэмцэх бэлтгэлийг хангах, учруулсан хор уршгийг арилгах, хөрөнгө захиран зарцуулах зэрэг асуудлыг холбогдох төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжид шалгаж шаардлагатай арга хэмжээг авахуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт, чиглэл өгөх, эрх баригчдынх нь мэдээлэл, илтгэлийг хэлэлцэж шийдвэр гарган биелүүлэхийг шаардах;
г/гамшиг, осолд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, аврах, хамгаалах, учруулсан хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эм тариа, хүнсний болон бусад бараа материал, хөрөнгө зэргийг улсын нөөцөөс гаргуулах тухай асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
д/гамшиг, ослын хор уршгийг арилгах, шалтгааныг тогтоох ажилд мэргэжлийн холбогдох байгууллага, албан тушаалтан, хүмүүсийг татан оролцуулах, тэднээр шаардагдах судалгаа, дүгнэлт, материалыг гаргуулан авах;
е/гамшиг, ослын тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохих хууль тогтоомж, эрх хэмжээнийхээ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгох, боловсронгуй болгох, бусад асуудлыг шийдвэрлэх;
ж/шаардлагатай гэж үзвэл гамшиг, ослын бүс нутаг, байгууламжийг харьяалдаг аймаг, нийслэлийн Засаг даргыг Улсын байнгын онцгой комиссын бүрэлдэхүүнд оруулан ажиллуулах шийдвэр гаргах
Гурав.Орон нутгийн байнгын онцгой комисс
10.Аймаг, нийслэл, сум, дүүргийн байнгын онцгой комиссын бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга, дүрмийг аймаг, нийслэлийн Засаг дарга батлах бөгөөд комиссын өдөр тутмын үйл ажиллагааг цэрэг, иргэний хамгаалалтын штаб, ажилтан эрхэлнэ.Тухайн шатны байнгын онцгой комиссын дарга нь Засаг дарга байна.
11.Аймаг, нийслэлийн комисс нь нутаг дэвсгэртээ гамшиг, ослоос сэргийлэх, тэдгээртэй тэмцэх бэлтгэлийг хангах, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, аврах, хамгаалах, учруулсан хор уршгийг арилгах арга хэмжээг хариуцан зохион байгуулах, энэ талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, дээд шатны комиссоос өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг зохион байгуулах үүрэгтэй ажиллана.
12.Аймаг, нийслэлийн комисс нь энэ дүрмийн 8, 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргийн өөрийн эрх хэмжээнд хамаарах хэсгийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлнэ.
13.Аймаг, нийслэл, сум, дүүргийн комисс нь нутаг дэвсгэртээ гамшиг, ослоос сэргийлэх, тэдгээртэй тэмцэх бэлтгэлийг хангах, учруулсан хор уршгийг арилгахтай холбогдсон хөрөнгө, зардлыг жилийн төсөвтөө тусган зохих журмын дагуу, зориулалтаар нь захиран зарцуулна.
14.Аймаг, нийслэлийн комисс нь гамшиг, ослоос сэргийлэх, тэдгээртэй тэмцэх бэлтгэлийг хангах, учруулсан хор уршгийг арилгах талаар зохиосон ажил, үр дүнг Улсын байнгын онцгой комисст тогтоосон журмын дагуу тайлагнана.
Дөрөв. Комиссын хөрөнгө, түүнийг захиран зарцуулах
15.Комисс нь өөрийн мэдлийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй байна.
16.Комиссын хөрөнгө, санхүү нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
а/төв, орон нутгийн төсвөөс эрх бүхий байгууллагын шийдвэрээр комиссын мэдэлд шилжүүлсэн мөнгө, хөрөнгө;
б/гадаад орон, олон улсын байгууллага, иргэд, түүнчлэн дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламжийн мөнгө, хөрөнгө.
17.Төв, орон нутгийн байнгын комиссын мэдэлд мөнгө, хөрөнгө шилжүүлэн өгөх тухай шийдвэрийг холбогдох шатны комиссоос оруулсан саналыг үндэслэн Засгийн газар /тухайн Засаг дарга/ гаргана.
18.Комисс нь энэ дүрмийн 16 дугаар зүйлд заасан хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр байгуулсан сантай байж болно. Сангийн валют, төгрөгийг тус бүр нэг дансанд төвлөрүүлнэ.
19.Комисс нь өөрийн мэдлийн хөрөнгө, санг тодорхой зориулалтаар болон үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээр захиран зарцуулах эрхтэй.
20.Комиссын мэдлийн хөрөнгийг олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу комиссын дарга, орлогч нар захиран зарцуулах эрх эдэлнэ. "Улсын байнгын онцгой комиссын мэдлийн хөрөнгийг захиран зарцуулах журам"-ыг комиссын хурлаар батлан мөрдүүлнэ.
21.Комиссын мэдлийн хөрөнгө, сангийн ашиглалт, зарцуулалтын байдлыг зохих журмын дагуу нягтлан бодох бүртгэлд тусган хагас, бүтэн жилээр баланс гаргана.
Тав.Бусад зүйл
22.Комисс нь үйл ажиллагааныхаа тайлан, хөрөнгө санхүүгийн балансаа хурлаараа хэлэлцэн дүгнэж байх бөгөөд, ажлынхаа тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан Засгийн газарт оруулна.
23.Комисс нь өгсөн үүрэг,даалгаврыг биелүүлээгүй болон хөрөнгө, санг захиран зарцуулах журмыг зөрчсөн албан тушаалтанд захиргааны шийтгэл ногдуулах тухай саналаа холбогдох эрх бүхий албан тушаалтан, байцаагчид тавина.
---оОо---
Текст томруулах
A
A
A