A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 56 дугаар тогтоолын хавсралт

/Засгийн газрын 2001 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид "Ерөнхий газар" гэх) нь иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаархи Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд бүтцийн салбарын бодлого, Иргэний нисэхийн тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын агентлаг мөн.
2.Ерөнхий газрын үндсэн зорилго нь Монгол Улсад иргэний нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг хангуулахад оршино.
3.Үндсэн  зорилгоо хэрэгжүүлэхийн тулд иргэний нисэхийн эрх зүйн орчинг бүрдүүлж, Монгол Улсын агаарын зайд хамгийн аюулгүй, үр дүнтэй  зохицуулалтыг хийх, хяналт тавих замаар Ерөнхий газраас үзүүлж буй үйлчилгээг дэлхий нийтийн жишигт хүргэх, улмаар үндэсний эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх явдлыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгоно.
4.Ерөнхий газар нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Иргэний нисэхийн тухай хууль, бусад хууль тогтоомж, Чикагогийн конвенци болон  иргэний нисэхийн холбогдолтой Монгол Улсын олон улсын гэрээ, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
5.Ерөнхий газар нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын өмнө өөрийн ажлыг хариуцаж, тайлагнана.
6.Ерөнхий газар нь зохих журмын дагуу үйлдсэн тамга,тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Ерөнхий газрын нислэгийн аюулгүй байдлыг хариуцсан алба нь иргэний нисэхийн бичиг баримтыг баталгаажуулах зорилгоор тусгай тэмдэг хэрэглэж болно.
7.Ерөнхий газрын билэгдлийн загвар болон хэрэглэх журмыг Дэд бүтцийн хөгжлийн сайд батална.
 
Хоёр.Ерөнхий газрын үндсэн үүрэг, эрх
8.Ерөнхий газар нь Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заагдсан бүрэн эрхээс гадна дор дурдсан үндсэн  үүргийг хэрэгжүүлнэ:
а/Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөгт тус улсын нутаг дэвсгэрт болон хилийн гадна нислэг-техникийн хэрэг тохиолдсон нөхцөлд түүнийг шинжлэн шалгахад оролцох;
б/агаарын тээврийн компаниудаас авах нисэх буудлын болон навигацийн үйлчилгээний хураамжийн хэмжээг олон улсад дагаж мөрдөж байгаа тарифт нийцүүлэн тогтоох;
в/агаарын харилцааны болон иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах олон улсын гэрээний төслийг Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагуу боловсруулах;
г/Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын агаарын хөлөгт нислэгийн аюулгүй байдлын шалгалт хийх;
д/иргэний нисэхийн асуудлаар  Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ болон гадаад улсын иргэний нисэхийн асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран ажиллах;
е/батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг гүйцэтгэж, уг үйлчилгээг боловсронгуй болгох арга механизмыг боловсруулах;
ж/Иргэний нисэхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албыг Ерөнхий газрын харьяанд байгуулж ажиллуулах;
з/аюулгүй байдлыг хангах болон мэргэжлийн хяналтын шаардлагыг үндэслэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр агаарын тээврийн компаниудын бүтцэд зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай гэж үзвэл тодорхой мэргэжлийн удирдах албан тушаалтанг ажилд тэнцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж, энэ талаар компанийн удирдлагад мэдэгдэл өгөх, шаардлага тавих;
и/Иргэний нисэхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан холбоо, навигацийн хангалтыг нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд хийж гүйцэтгэх.
 
Гурав. Ерөнхий газрын үйл ажиллагааны зохион байгуулалт
9.Ерөнхий газар  нь дараахь үндсэн ажил, үйлчилгээг эрхлэн явуулна:
а/иргэний нисэхэд дагаж мөрдөх стандарт боловсруулж мөрдүүлэх;
б/нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг хянах, зохицуулах;
в/нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх;
г/аэродром, нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх.
10.Ерөнхий газар нь үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын шаардлагад нийцсэн,нислэгийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн тогтолцоо бүхий бүтэцтэй байна.
11.Ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг Дэд бүтцийн хөгжлийн сайд батална.
12.Ерөнхий газрын албад, харьяа байгууллагын бүтэц зохион байгуулалт, орон тоо, цалингийн санг холбогдох байгууллагуудтай зөвшилцөж захирал батална.
13.Ерөнхий газрын захирлыг Дэд бүтцийн хөгжлийн сайдын санал болгосноор Засгийн газар, дэд захирлыг захирлын санал болгосноор Дэд бүтцийн хөгжлийн сайд томилж, чөлөөлнө.
14.Алба, харьяа байгууллагын дарга нь тухайн салбарын үндсэн үйл ажиллагааны чиглэлийн мэргэжилтэй байх бөгөөд түүнийг захирал томилж, чөлөөлнө.
15.Ерөнхий газрын захирал нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/Ерөнхий газрын нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах;
б/Ерөнхий газрыг гадаад, дотоодод  төлөөлөх;
в/олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргах, Ерөнхий газрын дотоод журмыг баталж мөрдүүлэх;
г/батлагдсан төсвийг захиран зарцуулах;
д/дүгнэлт гаргах, магадлан шинжилгээ хийлгэх зэрэг тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор шаардлагатай бол гадаад, дотоодын  шинжлэх ухааны байгууллага, эрдэм шинжилгээний ажилтан болон бусад мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах, тэдгээрт цалин, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;
е/Иргэний нисэхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан нислэгийн аюулгүй байдлын хяналт хариуцсан байцаагчийн бүрэн эрх;
ж/захиралд хууль тогтоомжоор олгогдсон бусад бүрэн эрх.
16.Захирал нь Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нислэгийн аюулгүй байдалд хамаарах бүрэн эрхээ Ерөнхий газрын дэд захирал, ажилтнуудад албан ёсоор гэрээ байгуулан шилжүүлэн гүйцэтгүүлж болно.
17.Ерөнхий газрын нислэгийн аюулгүй байдал хариуцсан бүтцийн нэгж нь дараахь асуудлыг хариуцан хэрэгжүүлнэ:
а/иргэний агаарын хөлгийг бүртгэх, гэрчилгээ олгох;
б/нисэхийн мэргэжлийн ажилтнуудаас шалгалт авах, үнэмлэх олгох;
в/агаарын тээврийн байгууллагуудад гэрчилгээ олгож тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих;
г/агаарын навигацийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
д/аэродром, нисэх буудалд гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
е/нисэхийн аюулгүй байдлыг хангах байгууллагуудад  гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
ж/сургалт,засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлт эрхлэх байгууллагуудад гэрчилгээ олгож, тэдгээрийн үйл ажиллагаанд нь хяналт тавих;
з/иргэний нисэхэд дагаж мөрдөх стандарт, заавар, зөвлөмж боловсруулах;
и/нислэгийн аюулгүй байдлын холбогдолтой эрх зүйн актуудыг сурталчлах, сургалт явуулах.
18.Ерөнхий газрын нисэхийн үйлчилгээ хариуцсан бүтцийн нэгж нь  дараахь асуудлыг хариуцан хэрэгжүүлнэ:
а/нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ;
б/эрэн хайх, авран туслах үйлчилгээ;
в/холбоо, навигацийн үйлчилгээ;
г/агаарын навигацийн мэдээллийн үйлчилгээ;
д/цаг уурын мэдээгээр хангах үйлчилгээ;
е/аэродром байгуулах, засварлах болон иргэний нисэхтэй холбоотой бусад байгууламж барих, ашиглах;
ж/олон улсын нисэх буудлын үйлчилгээ;
з/орон нутгийн нисэх буудлын үйлчилгээ;
и/агаарын хөлгийн газрын тоног төхөөрөмжийн үйлчилгээ;
к/шатах тослох материалаар хангах үйлчилгээ;
л/нисэхийн мэргэжлийн сургалт;
м/иргэний нисэхийн үйлчилгээний хөгжлийн стратеги төлөвлөлтийг боловсруулах;
н/захиргаа, хүний нөөцийн болон ажиллагсдын нийгмийн асуудал.
19.Ерөнхий захирлын дэргэд түүнд зөвлөх үүрэг бүхий Захирлын зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн болон түүний ажиллах журмыг захирлын тушаалаар батална.
20.Зөвлөл нь Ерөнхий газрын бүтцийн нэгжүүдийн ажлын уялдаа холбоог шуурхай ханган зохицуулах, байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
21.Зөвлөл нь захиралд дараахь асуудлаар шийдвэр гаргахад нь зөвлөх үүрэгтэй:
а/агаарын тээвэрлэгчийн эрх олгох, эрхийг хасах;
б/агаарын шинэ хаалга, маршрутыг нээх, хаахтай холбогдох асуудал;
в/тогтмол үйл ажиллагаатай аэродром, нисэх буудал байгуулах, татан буулгах;
г/гадаадын агаарын тээвэрлэгчдэд Монгол Улсад тогтмол нислэг үйлдэх зөвшөөрөл олгох;
д/иргэний нисэхийн хууль, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Дэд бүтцийн хөгжлийн яаманд санал оруулах;
е/нислэгийн аюулгүй байдлын байцаагч томилох, түүнд эрх шилжүүлэх асуудал;
ж/агаарын навигацид холбогдолтой үйлчилгээ;
з/байгууллагын нэгдсэн төлөвлөгөө, тайлан;
и/гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө;
к/захирлын шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.
22.Ерөнхий газар нь салбарын хөгжлийн урт, дунд хугацааны болон жилийн төлөвлөгөөн дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулах бөгөөд үйл ажиллагааныхаа орлогоор зарлагаа нөхөх зарчмаар  ажиллана.Дээрх төлөвлөгөөнүүд дараахь хугацааг хамарна:
а/урт хугацааны стратеги төлөвлөгөө  (10-15 жил);
б/дунд хугацааны төлөвлөгөө (3-5 жил);
в/жилийн төлөвлөгөө (1 жил) гаргаж мөрдөнө.
23.Урт ба дунд хугацааны төлөвлөгөөг Ерөнхий газрын хэмжээнд, жилийн төлөвлөгөөг алба, харьяа байгууллагын хэмжээнд боловсруулна.
24.Ерөнхий газрын жил бүрийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Дэд бүтцийн хөгжлийн сайдаар батлуулна.
 
---оОо---