A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 176 дугаар тогтоолын хавсралт

/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ УЛСЫН ХЯНАЛТЫН АЛБАНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын албаны зорилт нь боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомжийн хэрэгжилт, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандарт, түвшин, түүнтэй холбогдсон норматив, дүрэм, журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавьж биелэлтийг хангуулахад оршино.
2. Хяналтын албаны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд баталгаажуулна.
3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтыг улсын хэмжээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын алба /цаашид "хяналтын алба" гэнэ/, орон нутагт бүх шатны Засаг дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
4. Хяналтын албаны дарга нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын улсын ерөнхий байцаагч байна.
5. Хяналтын албанд ажиллах улсын байцаагч, улсын ахлах байцаагч /цаашид "байцаагч" гэнэ/-ыг улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, орон нутаг дахь хяналтын улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагчтай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.
6. Байцаагч нь сургалт, эрдэм шинжилгээ, соёл, урлагийн талаар өндөр мэдлэгтэй, төрийн албанд зохих түвшинд бэлтгэгдсэн, хяналт шалгалтын ажлын дадлага, туршлагатай байвал зохино.
7. Хяналтын алба нь эрхэлсэн ажлын чиглэлээр улсын байцаагчдыг багийн зохион байгуулалтаар ажиллуулж болно.
8. Хяналтын алба нь зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Хяналтын албаны эрх, үүрэг
1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын алба нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/холбогдох байгууллагын удирдлагатай тохиролцож мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, тест зохиох, мэргэжлийн дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээч  гэрээгээр ажиллуулах;
б/шалгалтаар илэрсэн зөрчлийг хэрхэн барагдуулсан болон зохиосон ажлын талаар мэдээлэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хариу авах;
в/хууль тогтоомж зөрчин сургалтын байгууллага байгуулсан болон сургалт явуулсан бол үйл ажиллагааг нь түр буюу бүрмөсөн зогсоох асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх, шаардлагатай бол түр зогсоох шийдвэр гаргах;
г/хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал нь гэмт хэргийн шинжтэй бол холбогдох материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;
д/улсын байцаагчийн тавьсан актыг батлах;
е/боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн талаархи хууль тогтоомжийг салбарын удирдах ажилтан, мэргэжилтэн, суралцагч болон бусад үйлчлүүлэгчид сурталчлах, дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх;
ё/шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар санал боловсруулж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах.
 2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын алба нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
б/сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын стандартын биелэлтийг шалгаж, үнэлгээ өгөх;
в/сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын агуулгын стандартын хэрэгжилтийг үнэлэх, тестүүд боловсруулан тэдгээрийн санг бүрдүүлж, үйлчилгээ үзүүлэх;
г/боловсрол, соёл, шинжлэх ухааны төсөвт байгууллагын төсөв, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж зөрчлийг арилгуулах;
д/боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар нутгийн захиргааны байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаад хяналт шалгалт хийж, үнэлгээ өгөх;
з/байцаагчдыг бэлтгэх, мэргэшүүлэх, улсын байцаагчдыг арга зүйн удирдлагаар хангах.
Гурав. Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын албаны улсын байцаагчийн эрх, үүрэг
1. Улсын байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/хяналт шалгалт хийх явцад шаардлагатай тайлан, мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолтыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулж авах;
б/холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах;
в/бүх шатны сургууль, цэцэрлэг, байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс хууль тогтоомж зөрчин сургалт явуулсан тохиолдолд сургалтыг зогсоох асуудлыг уг байгууллага буюу улсын ерөнхий байцаагчид тавьж шийдвэрлүүлэх;
г/хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд хугацаатай албан шаардлага өгч, биелэлтийн талаар хариу авах;
д/хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн сургууль, цэцэрлэг байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох асуудлыг ерөнхий байцаагчид тавьж шийдвэрлүүлэх.
 2. Байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/байцаагч нь үйл ажиллагаандаа боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар болон энэхүү дүрмийг удирдлага болгох;
б/байцаагч нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн талаархи хууль тогтоомж, боловсролын стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
в/түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтад хяналт тавьж илэрсэн дутагдлыг арилгуулах;
д/хийсэн шалгалтын дүнг үндэслэн мэргэжлийн дүгнэлт гаргах.
Дөрөв. Бусад зүйл
1. Хяналтын албаны улсын байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдээлж байх үүрэгтэй.
2. Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан нь улсын байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлоо  Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын ерөнхий байцаагчид гаргана.
3. Улсын ерөнхий байцаагч нь гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргана.
4. Байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
--оОо---