A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 239 дүгээр тогтоолын хавсралт
/Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
2.Тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилж тухайн ангилалд тохирсон жолоодох эрхийн үнэмлэх олгоно:
"А" ангилалд бүх төрлийн мотоцикль, тахир дутуу хүнд зориулсан автомашин;
"В" ангилалд суудлын автомашин, бүх жин нь 3500 кг /7700 фунт/-аас бага ачааны буюу жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай автомашин, 750 кг-аас ихгүй жинтэй чиргүүлтэй;
"С" ангилалд бүх жин нь 3500кг /7700 фунт/-аас их ачааны автомашин, 5000 кг хүртэл даацтай чиргүүлтэй;
"Д" ангилалд өөрөөсөө гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгсэл;
"Е" ангилалд "зөвшөөрөгдсөн" "В", "Д" ангиллын автомашиныг 750 кг-аас их жинтэй, "С" ангиллын автомашиныг 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй;
Трактор, өөрөө явдаг машин механизм түүнд тохирох чиргүүлтэй.
3."Д" ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс дээш, бусад ангиллын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно.
Тайлбар:Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон, овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэдэг автомашиныг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл дээр 3-аас дээш жил тасралтгүй ажилласан жолоочоор жолоодуулна.
4.Энэ дүрэмд байгаа зарим нэр томъёог дараахь утгаар ойлгоно:
"Бодит жин" -тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно;
"Бүх жин" -тээврийн хэрэгслийн сантехникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, зорчигчийн нийт жин;
"Гарц" - ойролцоох талбай, орон сууцны хороолол, зогсоол, шатахуун түгээгүүр, албан байгууллага, "...үйлдвэр зэрэг рүү орох, тэдгээрээс гарч буй зорчих хэсгүүд замтай огтолцсон бэлчир" гэж;
"Гол зам" хучилттай болон шороон замын хучилттай нь буюу уулзварын өмнө энэ дүрмийн хавсралтын /цаашид зөвхөн тэмдэг, тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ/ 3.1, 3.3а, б,в тэмдэг тавьсан зам. Хучилттай замтай, шороон зам хучилтаар нийлсэн бол адил замын уулзварт тооцохгүй.
"Гүйцэж түрүүлэх" явж байсан эгнээнээсээ гарч урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл";
"Давуу эрх"-бусад оролцогчдоос урьтан хөдөлгөөнд эхлэн орох үйлдэл;
"Ердийн хөсөг" - уналга, ачилгад ашиглаж байгаа мал, амьтан буюу түүнд хөллөсөн хэрэгсэл /хөсөг/;
"Зайлшгүй зогсолт" -жолооч, зорчигчийн биеийн байдал, техникийн эвдрэл, ачиж яваа ачаа, байгалийн үзэгдэл зэргээс болж хөдөлгөөнд саад, аюул учирч болзошгүй үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл;
"Зам тавьж өгөх"-замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хурд болон чигийг өөрчлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл" гэж;
"Зорчих хэсэг" -тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар хязгаарлагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;
"Мопед"-50 см куб хүртэл ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий 2 буюу 3 дугуйтай, 50 км/цагаас ихгүй техникийн хурдтай хэрэгсэл;
"Механикжсан тээврийн хэрэгсэл" -хөдөлгүүрээр тоноглогдсон мопедоос бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл ;
"Мотоцикль"-хөдөлгүүр бүхий /шаахайтай буюу шаахайгүй/ хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд бүх жин нь 400 кг-аас хэтрэхгүй 3 буюу 4-н дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна;
"Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл" -тогтоосон чиглэлээр явдаг автобус, троллейбус, чиглэлийн такси, хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашин;
"Төмөр замын гарам" -төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын хэсэг; "Суурин газар" 5.3-5.6 тэмдгээр тэмдэглэсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр;
"Тусгаарлах зурвас" -зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй, хөдөлгөөний зэргэлдээ чигүүдийг тусгаарласан замын хэсэг.
"Түр зогсолт" -тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минут хүртэл хугацаагаар зогсоох үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих болон буулгахад түүнээс илүү хугацаагаар зогсоож болно.
"Удаан зогсолт" -зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих болон буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийг зогсоох үйлдэл;
"Унадаг дугуй" - унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг /тахир дутуу хүний тэрэгнээс бусад/ тээврийн хэрэгсэл;
"Уулзвар" - замуудын нэг түвшинд огтлолцсон бэлчир /зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлтэй шулуун холбож хязгаарлагдсан талбай;
"Үзэгдэх орчин хязгаарлагдах"- байгалийн үзэгдэл /манан, шуурга гэх мэт/ болон шороон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон нөхцөл;
"Харанхуй үе"-үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацаа;
"Хөдөлгөөний эгнээ" -автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуухь зурвас. Зорчих хэсэг хэд хэдэн эгнээтэй байж болно;
"Чиргүүл"-механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл;
"Явган хүний гарц" -явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан 5.15 тэмдэг буюу 7.11. а,б тэмдэглэлтэй зорчих хэсэг;
"Явган хүний гарам" -замын зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцоогүй 5.16 тэмдэг тавигдсан явган хүнд зориулсан гарц;
"Явган хүний зам" - зорчих хэсэгтээ хиллэсэн буюу түүнээс тусгаарлах зурвасаар заагласан явган зорчигч явахад зориулсан замын хэсэг.
5.Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, байрлалыг дур мэдэн өөрчлөх, авч хаях, хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавих, орхих, замын хучилтыг эвдэхийг хориглоно.
6.Засгийн газрын 1998 оны 219-р тогтоолоор хүчингүй.
7.Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
Хоёр.Хөдөлгөөнд оролцогчдын үүрэг 1.Жолоочийн үүрэг
8.Жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
9.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараахь бичиг баримтыг биедээ заавал авч явна:
а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх;
б/тээврийн хэрэгслийн гэрчилгээ, амины автомашины ашиглалтын дэвтэр;
в/бусдын амины тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох бол итгэмжлэл;
г/шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг.
10.Монгол Улсад ирсэн гадаадын харъяат жолооч дор дурдсан үүрэгтэй:
а/Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба /цаашид "Замын цагдаагийн алба" гэх/-наас зөвшөөрсөн жолоодох эрхтэй байх;
б/тээврийн хэрэгслээ замын цагдаагийн албанд бүртгүүлж улсын дугаар буюу түр зөвшөөрөл авч Монгол Улсаас гарахдаа бүртгэлээс хасуулж, хэрэв улсын дугаар авсан бол түүнийгээ буцааж өгнө.
11.Жолооч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
б/явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх" гэж;
в/явган зорчигчийг зам хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас байхгүй бол зорчигчийг замын нөгөө талд гарсны дараа хөдөлгөөнийг үргэлжлүүлэх;
г/ажилд гарахын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, ялангуяа тоормос, жолооны механизм, дугуй, чирэх хэрэгсэл, гэрэлтүүлэх хэрэгсэл, шил арчуурын ажиллагаа, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, улсын дугаар тод эсэх, ар талыг харах толь зөв тавигдсан эсэхийг шалгаж илэрсэн гэмтлийг нэн даруй засах;
д/эзэмшиж буй тээврийн хэрэгслийн марк, зориулалт, өнгө, хөдөлгүүр болон арлын дугаар өөрчлөгдөх бүрт Замын цагдаагийн албанд дахин бүртгүүлж байх;
е/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
ж/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;
з/зам тээврийн осол болон техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх;
и/замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, хэрэв бололцоогүй буюу зам тээврийн осол гарсан бол энэ тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулж аль ойр байгаа цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
к/гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт этгээдийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд тээврийн хэрэгслээрээ үйлчлэх.
Тайлбар:Дээр дурдсан ажилд тээврийн хэрэгсэл хэрэглэсэн албан тушаалтан явсан зай, хугацаа, өөрийн овог нэр, албан тушаал, үнэмлэхний дугаараа тэмдэглэж албан ёсны баримт бичиж өгнө. Үүнийг үндэслэн гарсан шууд зардлыг цагдаагийн байгууллага төлнө.
Харин дипломат төлөөлөгчдийн болон албан тушаалын, түүнчлэн үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламжийн, гал унтраах албаны, техникийн ослын дуудлагын автомашиныг дайчилж болохгүй;
л/цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн болон байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээж яваа ачааны баримт бичгээ шалгуулах;
м/хамгаалалт бүхий автомашины цуваа, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин, мотоциклийн дохиогоор зогсож зам /зорчих хэсгийг/ чөлөөлөн өнгөрүүлэх.
12.Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон автомашин, мотоциклийн жолооч хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа үед тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан бол хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн замын хөдөлгөөн зохицуулах дохио /зохицуулагчийн дохионоос бусад/, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам болон хавсралтын заалтыг мөрдөхгүй.
13.Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно:
а/согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
б/тээврийн хэрэгслээ, гарааш хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундааны зүйл хэрэглэх;
в/тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхтэй боловч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулах;
г/тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах,
байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг болон хиймэл усан байгууламжийг бохирдуулах;
д/тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио дур мэдэн тавих;
е/зам хөндлөн болон гүүрээр тууварлан гаргаж байгаа мал, ердийн хөсгийг үргээх.
14.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, осолд холбогдол бүхий эд юмыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн газарт аль тааралдсан тээврийн хэрэгслээр буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж, тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүйгээр цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;
Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнийг бүрэн хаасан болон осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа зорчих хэсгийг чөлөөлж болно.
2.Явган зорчигчийн үүрэг
15.Явган зорчигч явган хүний замаар /зориулсан зам байхгүй бол замын хажуугийн шороон хэсгээр/ явна. Ийм зам байхгүй буюу явах боломжгүй тохиолдолд тэрэг түрсэн, чарга чирсэн эсвэл овор ихтэй ачаа барьж яваа хүмүүс хөдөлгөөний чигийн эсрэг зорчих хэсгийн зүүн гар талын захаар нэг эгнээгээр цувж явна. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдээ хөтөлж  явна.
16.Гудамж замд жагсаалаар яваа хүмүүс нэг эгнээнд 4-өөс илүүгүйгээр хөдөлгөөний чигийн дагуу зорчих хэсгийн баруун гар талаар явна. Жагсаалыг урд болон ар талд өдрийн цагт улаан дарцаг, харанхуй буюу орчин муу үзэгдэх үед урд нь цагаан, ард нь улаан гэрэл дохио буюу гэрэл ойлгуур барьсан хүн хамгаалж явна.
17.Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол замын зүүн гар талын шороон хэсгээр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж  явуулах бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзаж  явна.
18.Явган зорчигч нь гарцын шугам буюу 5.15, 5.16 тэмдэгтэй газраар зам хөндлөн гарна. Хэрэв тэмдэг, тэмдэглэл байхгүй бол замын дагуу хоёр талдаа сайн харагдах хэсгээр эгц хөндлөн гарна.
19.Зогсож байгаа тээврийн хэрэгслийн зөвхөн ар талаар тойрч, анхааралтай гарвал зохино.
20.Хөдөлгөөнийг нь зохицуулдаг замыг явган зорчигч хөндлөн гарахдаа зөвхөн ногоон гэрэл дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Зам хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв аюулгүйн зурвас байхгүй бол шууд нэвтрэн гарна.
21.Явган зорчигч нь явган хүний гарцтай ба гарамтай замын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ замын зорчих хэсгээр явах, мөн түүнчлэн зам дээр тоглохыг хориглоно.
3.Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг
22.Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулсан талбай дээр, ийм талбайгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд хүлээнэ.
23.Тээврийн хэрэгслийн бүхээгийн гишгүүр болон хүн суухад зориулаагүй хэсэг, мөн ачааны автомашины тэвшнээс дээш гарсан ачаан дээр суух, ачааны автомашины тэвшин дээр зогсох, цонхоор биеэ болон бусад зүйл гаргах, тээврийн хэрэгслээс зүүгдэх, хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулахыг хориглоно.
24.Тээврийн хэрэгслийн хаалгыг хаахад саад хийх буюу дур мэдэн нээх мөн явдал дунд хаалгаа нээхийг жолоочоос шаардахыг хориглоно. Зорчигч, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа явган хүний зам тал руу эсвэл ар тал руу бууж тэр талаас сууна.
 
ГУРАВ.Замын хөдөлгөөн зохицуулах дохио 1.Гэрлэн дохио
25.Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн босоо буюу хэвтээ байрлалтай гэрлэн дохио хэрэглэнэ. Босоо байрлалтай гэрлэн дохио нь улаан, шар, ногоон өнгийн дарааллаар дээрээс доош /хэвтээ байрлалтай гэрлэн дохио дээрх дарааллаар зүүн гар талаас баруун гар тийш/ байрлана.
26.Босоо байрлалтай гэрлэн дохио нь ногоон сум бүхий нэг буюу хоёр нэмэгдэл дохиотой, мөн ногоон гэрэл нь чиг заасан сумтай байж болно. Нэмэгдэл дохио нь ногоон гэрлийн төвшинд байрлана.
27.Гэрлэн дохио нь дор дурдсан утгатай байна:
а/ногоон гэрэл дохио нь тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөнийг бүх чигт зөвшөөрнө. Ногоон гэрэл анивчих нь шар гэрэл асах гэж  байгааг анхааруулна;
б/шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж  буйг анхааруулж тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Ногоон гэрлээр явган хүний гарц буюу уулзварт орсон жолооч шар гэрэл ассан тохиолдолд аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг зөвшөөрнө. Мөн тохиолдолд зорчих хэсэг дээр явж байгаа явган зорчигч нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэх буюу аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээнэ;
в/анивчсан шар гэрэл дохио нь тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд болгоомжтой явахыг анхааруулна;
г/улаан гэрэл дохио нь тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл  дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь түүний хориглох утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.
28.Нэмэгдэл гэрэл дохио нь ногоон гэрэлтэй хамт асч байвал тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүх чигт, улаан гэрэлтэй хамт асч байвал зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрөх бөгөөд нэмэгдэл гэрэл дохио нь асаагүй бол сум заасан чигт явахыг хориглоно. Зүүн гар тийш эргэх чигт заасан сум нь буцаж эргэхийг зөвшөөрнө. Улаан гэрэлтэй хамт асч байгаа нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чигээс ногоон гэрлээр яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
29.Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад дээд талдаа улаан, доод талдаа ногоон гэрэлтэй дохио хэрэглэнэ. Энэ гэрэл дохио явган хүний дүрстэй буюу "Зогс", "Яв" гэсэн бичигтэй байж болно.
30.Гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзварын өмнө түрүүлж нэвтрэх, эрх, олгосон тэмдэг тавьсан байсан ч жолооч гэрлэн дохиог удирдлага болгоно.
2.Зохицуулагчийн дохио
31.Зохицуулагч биеийн байрлал, дохиурын заалтаар дохио өгнө.
32.Зохицуулагч нь жолооч, явган зорчигч руу хажуугаараа хандан дохиурыг цээжиндээ авсан буюу доош буулгасан байвал:
а/тээврийн хэрэгсэл чигээрээ юмуу баруун гар тийш явж болно.
б/явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.
33.зохицуулагч дохиурыг урагш заасан байвал:
а/түүний ар тал буюу баруун гар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарч болно;
б/зохицуулагчийн өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэнэ;
      в/зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт явж болно.
34.Зохицуулагч дохиурыг цээжиндээ авсан буюу доош буулгасан байвал түүний ар, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно.
35.Зохицуулагч дохиурыг өргөсөн байвал тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Дохио өөрчлөгдөх үед уулзварт орсон жолооч аюулгүй байдлыг хангасны үндсэндээр зам хөндлөн гарч яваа явган зорчигчийг зам чөлөөлсний дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох бөгөөд замын голд дөхөж яваа явган зорчигч аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээнэ.
36.Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохиж шүгэлдсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч зогсох үүрэгтэй. Зохицуулагчийн бүсний анивчсан шар гэрэл, дохиур буюу шүглийн дохио нь хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилготой.
37.Зохицуулагч нь жолооч, явган зорчигчдод хөдөлгөөний чигийг өөрчлөх, байр эзлэх, хөдөлгөөний хурдаа хасах буюу нэмэх, зогсохыг анхааруулсан ойлгогдохуйц дохио өгч болно.
38.Зохицуулагчийн дохио нь гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлээс эсрэг утгатай байвал жолооч, явган зорчигчид зохицуулагчийн ойлгогдохуйц дохиог баримтална.
 
ДӨРӨВ.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам 1.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх
39.Жолооч хашаа болон бусад газраас гарч замд нийлэх, мөн замаас гарахдаа тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.
40.Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана.
41.Жолооч байраа эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ.
42.Жолооч хөдөлгөөний чигээ өөрчлөхийн өмнө анхааруулах дохио өгч бусад тээврийн хэрэгсэлд саад хийхгүйгээр зохих байраа эзэлнэ. Баруун гар тийшээ эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийшээ буюу буцаж эргэхийн өмнө хамгийн зүүн гар талын эгнээг тус тус эзэлсэн байвал зохино. Хэрэв зорчих хэсэгт хөдөлгөөний чигийг заасан тэмдэг, тэмдэглэл байвал тухайн эгнээнээс сум заасан чигт явна. Байр эзлэх үйлдлийг уулзвар, гарцаас 100-200 метрийн зайд гүйцэтгэсэн байвал зохино.
43.Зүүн гар тийшээ юмуу буцаж эргэхдээ өөдөөс шулуун яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Хэрэв зорчих хэсгийн өргөн зүүн гар талын эгнээнээс буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээнээс эргэхийг зөвшөөрнө. Гэхдээ араасаа болон өөдөөс яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлбэл зохино.
44.Буцаж эргэхийг хориглох тохиолдол:
а/явган хүний гарц дээр;
б/уулзвар, гарцад 20 метрээс ойр зайд;
в/төмөр замын гарам дээр;
г/гүүрэн дээр болон доор;
д/зорчих хэсгийн тэнхлэгийн үргэлжилсэн шугамыг давж;
е/зам 100 метрийн дотор муу үзэгдэх газар;
ж/зохицуулдаггүй уулзвар дээр хөндлөн зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй үед хөдөлгөөний урсгалыг сөрөхөөр бол.
45.Ухрах хөдөлгөөнийг хориглох тохиолдол:
а/уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд;
б/явган хүний гарц дээр;
в/автобус, тролейбусны буудалд 20 метрээс ойр зайд;
г/гүүрэн дээр болон доор;
д/ар тал нь жолоочид харагдах боломжгүй үед.
2.Тээврийн хэрэгсэл байрлан явах
46.Зорчих хэсгийн эгнээний тоог замын тэмдэглэл буюу 5.10, 5.12, 5.13 тэмдгээр тодорхойлно. Тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч зорчих хэсгийн өргөн, тээврийн хэрэгслийн өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан байрлалаа сонгож явна.
47.Тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болохоор ойр явна. Баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.
48.Нэг чигт гурав буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд зөвхөн зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд ачааны автомашин, автобус, троллейбус,трактор, өөрөө явдаг машин механизм хамгийн зүүн гар талын эгнээгээр явахыг хориглоно.
49.Дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчих замд эсрэг урсгалд орох, сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийшээ буюу буцаж эргэхээс бусад тохиолдолд дунд эгнээнд орохыг тус тус хориглоно.
50.Саадыг тойрон гарахад өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах бол түүнийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.
51.Троллейбусны жолооч өмнөх троллейбус шугамнаас салаагүй байгаа тохиолдолд зэрэгцээ эгнээнд орохыг хориглоно.
3.Тээврийн хэрэгслийн хурд
52.Жолооч замын өргөний хэмжээ, замын дагуу үзэгдэх орчин, байгаль, цаг агаарын нөхцөл, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, үйлчилгээний ажлын онцлог, тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөний нягтралыг харгалзан хөдөлгөөний хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
53.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарч болзошгүй газарт хөдөлгөөний хурдыг хасаж, зайлшгүй шаардлага гарвал тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.
54.Суудлын болон ачааны автомашин, автобус, мотоцикль болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг суурин газарт 60 км, улсын чанартай буюу орон нутгийн замд цагт 80 км, хүн тээсэн автобус, троллейбус, ачааны автомашины хурдыг улсын чанартай, хатуу хучилттай замд цагт 70 км, бусад бүх төрлийн замд цагт 50 км, трактор, өөрөө явдаг машин механизмын болон механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үеийн хурдыг цагт 40 км, тууш замд суудлын болон бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашины хурдыг цагт 100 км.ээс хэтрүүлэхгүй явбал зохино. /Засгийн газрын 2003 оны 99 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./
55.Жолооч уулзварт ойртох үедээ хөдөлгөөнийг хориглох дохио өгмөгц тээврийн хэрэгслээ зогсоох юм уу давуу эрх бүхий тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх бололцоо бүхий хурдтай явбал зохино.
56.Жолооч хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх, шалтгаангүйгээр хэт удаан явах болон огцом тоормослох зогсоох зэргээр хөдөлгөөн саатуулахыг хориглоно.
57.Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.
4.Анхааруулах дохио
58.Анхааруулах дохионд эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгсөн дохио, дуут дохио, гэрэл шилжүүлэх, өдрийн цагт асаасан ойрын гэрэл, тоормосны болон ухрах арааны гэрэл, мөн ослын дохио буюу зогсолтын тэмдэг хамаарна. Жолооч хөдөлгөөний чигээ өөрчлөхийн тулд тэр чигт явахаа анхааруулсан дохио /анхааруулах дохио байхгүй буюу ажиллахгүй үед гараар/ өгнө.
Эргэх чиг заадаг гэрлээр анхааруулах дохио өгөх тохиолдол:
а/хөдөлгөөн эхлэх буюу зогсохын өмнө;
б/байр эзлэх, эргэх үйлдэл хийхийн өмнө.
59.Хэрэв жолооч анхааруулах дохиог гараар өгөх бол:
а/зүүн гар тийш болон буцаж эргэх, байр эзлэх, хөдөлгөөн эхлэхийн өмнө автомашины жолооч зүүн гараа гадагш чигээр нь сунгах бөгөөд мотоциклийн жолооч баруун гараа тохойгоор нь нугалж дээш өргөнө;
б/баруун гар тийш эргэх, байр эзлэх болон зогсохын өмнө автомашины жолооч зүүн гараа тохойгоор нь нугалж дээш өргөх бөгөөд мотоциклийн жолооч баруун гараа хажуу тийш нь чигээр нь сунгана;
в/тоормослохын өмнө гараа сунган дээш доош нь хөдөлгөнө.
Баруун гар талдаа жолооны хүрд бүхий тээврийн хэрэгслийн жолооч, мопед болон унадаг дугуйгаар зорчигч нь мотоциклийн жолооч адил, тракторын жолооч, ердийн хөсөг хөтлөгч нь автомашины жолоочийн адил гараар дохио өгнө.
60.Эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгана. Анхааруулах дохио нь жолоочид түрүүлж нэвтрэх эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас түүнийг чөлөөлөхгүй. Холын гэрлээр анхааруулах дохио өгөхөд тэр нь урд болон өөдөөс яваа жолоочийг гялбуулахаар бол хэрэглэхийг хориглоно.
Өдрийн цагт цуваагаар явах, хүнд буюу овор ихтэй ачаа тээвэрлэх, механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед ойрын гэрлийг асаана. Хориглосон газарт зайлшгүй шалтгаанаар буюу зам тээврийн ослоос болж зогсох, жижиг гэрэл гэмтэлтэй, мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан замд тээврийн хэрэгслийг зогсооход ослын дохионы гэрлийг асаана.
61.Суурин газарт дуут дохио өгөхийг хориглоно. Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зайлшгүй тохиолдолд дуут дохио өгч болно. Дуут дохио нь жолоочид түрүүлж нэвтрэх эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас түүнийг чөлөөлөхгүй.
5.Уулзвар нэвтрэх
62.Жолооч зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд уулзварт ороод өөдөөс шулуун яваа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ.
63.Жолооч уулзвар дээр баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, дугуйн замаар яваа унадаг дугуйгаар зорчигчийг өнгөрүүлнэ.
64.Жолооч тээврийн хэрэгслээ уулзвар дээр зогсоож болзошгүй саад тохиолдсон үед уулзвар руу орохыг хориглоно.
6.Зохицуулдаг уулзвар нэвтрэх
65.Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоодог уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ. Анивчсан шар гэрэлтэй буюу гэрэл дохио нь ажиллаагүй уулзварыг зохицуулдаг уулзварт тооцохгүй.
66.Зөвшөөрсөн дохиогоор уулзварт орсон жолооч уулзвараас гарах үедээ гэрэл болон зохицуулагчийн дохио ямар байгааг үл харгалзан явж байгаа чигтээ хөдөлгөнөө үргэжлүүлнэ. Зөвшөөрсөн гэрэл дохио асахад жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зам хөндлөн гарч яваа зорчигчид зам тавьж  өгнө.
Уулзварт жолоочийн явах чигийн өмнө "Зогс" тэмдэглэл байвал уулзварт тавигдсан гэрэл дохио бүрийг удирдлага болгоно.
67.Уулзвар дээр буцаж эргэх үйлдэл хийгээд дуусч байгаа тээврийн хэрэгсэлд хөндлөн замаар яваа жолооч гэрэл дохионы заалтыг үл харгалзан зам тавьж өгнө.
Зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талаас баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ.
68.Жолооч хориглосон гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор "Зогс" тэмдэглэлийн /хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзварын/ өмнө зогсоно.
7.Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
69.Гол, туслах замын уулзварыг гол замаар яваа тээврийн хэрэгсэл түрүүлж нэвтрэх бөгөөд туслах замаар яваа жолооч түүнд зам тавьж өгнө. Хэрэв замын чанарыг ялгасан тэмдэггүй уулзварт ойртон ирсэн жолооч аль нь гол зам болохыг тодорхойлж /харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс болж тэмдэг, хучлага харагдахгүйгээс/ чадахгүй бол өөрийгөө туслах замаар яваад тооцно.
70.Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
71.Хэрэв уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх дүрэм баримтална.
Туслах замаар яваа жолооч нар гол замын тээврийн хэрэгслүүд нэвтэрсний дараа мөн энэ зүйлд заасныг баримтална.
8.Явган хүний гарц нэвтрэх
72.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирсэн жолооч хөдөлгөөний хурдыг хасч, хэрэв явган зорчигчид уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. Жолооч зөвшөөрөгдсөн дохиогоор зам хөндлөн гарч амжаагүй буюу аюулгүйн зурваст хүрээгүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.
73.Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон байвал араас нь ирсэн бусад жолооч түүний урдуур явган зорчигч явж зам хөндлөн гарсан эсэхийг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Замын аль ч хэсэгт хараагүй хүмүүс явж байвал зам тавьж өгнө.
74."Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал мөн түүнчлэн түүнд хүүхэд сууж байгаа нөхцөлд дэргэдүүр нь өнгөрөх жолооч хөдөлгөөний хурдаа хасаж анхаарал болгоомжтой явбал зохино.
Тухайн тээврийн хэрэгслээс бууж байгаа хүүхдийг зам хөндлөн гартал бусад тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.
75.Тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй тохиолдолд жолооч явган хүний гарц руу орохыг хориглоно.
9.Төмөр замын гарам нэвтрэх
76.Жолооч төмөр замын гарам нэвтрэхдээ ойртон ирсэн галт тэрэг /зүтгүүрт/ зам тавьж өгнө. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан дуут буюу гэрэл дохио, тэмдгийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.
77.Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байхад, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байвал түүгээр нэвтрэн гарахыг хориглоно.
78.Төмөр замын гарам хаалттай буюу гэрэл дохио асаж байвал түүнээс 5 метрээс доошгүй зайд, хаалт гэрэл дохио байхгүй үед төмөр замаас 10 метрээс доошгүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.
79.Төмөр замын гармаар гарах эгнээний тоог замын тэмдэг, тэмдэглэлээр заагаагүй байвал зөвхөн нэг эгнээгээр нэвтэрнэ.
80.Ердийн хөсгийг төмөр замын гармаар гурваас илүүгүйгээр цувуулж гаргана. Төмөр замын гармаар мал тууж гарахдаа аюулгүй байдлыг хангаж, богино хугацаанд амжиж гарахуйц тоогоор хэсэг хэсгээр цувуулж гаргана.
81.Төмөр замын гарам нэвтрэх үед жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/төмөр замын гарам дээр араа солих буюу авцуулах холбоог салгах;
б/гармын хаалтыг дур мэдэн онгойлгох;
в/гинжит машин, механизмыг гинжит дугуйн ажлын хэсгээр төмөр зам, гармыг гэмтээх;
г/төмөр замын гарамгүй газраар нэвтрэн гарах;
д/төмөр замын гармын хаалт хаагдсан байвал түүнийг тойрч сүлжих, хаалтын өмнө зогсож байгаа тээврийн хэрэгслийг тойрч гарах.
82.Төмөр замын гарам дээр тээврийн хэрэгсэл зайлшгүй шалтгаанаар зогсвол жолооч хүмүүсийг нэн даруй буулгаж, гармыг чөлөөлөх талаар өөрөөсөө шалтгаалах бүх арга хэмжээ авбал зохино.
Хэрэв гармыг чөлөөлөх боломжгүй бол:
а/боломжтой байвал хоёр хүнийг төмөр замын дагуу гармаас хоёр тийш 1000 метрийн зайд, ганц хүнтэй байвал замын байдал муу үзэгдэх зүг рүү түүнийг явуулж, өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, орчин муу үзэгдэж байгаа нөхцөлд дэнлүү буюу галаар даллаж ойртон ирж  яваа галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ;
б/жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж ослын дохионы гэрлээ асааж, дуут дохио өгнө;
в/жолооч ганцаараа явж байсан бол галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв галт тэрэг ирж явбал өөрөө угтан гүйж зогсох дохио өгнө.
83.Дор дурдсан тээврийн хэрэгсэл зөвхөн төмөр замын ангийн даргын зөвшөөрөлтэйгээр гармаар нэвтэрч болно:
а/ачаатай болон ачаагүй бүх өргөн нь 5 метрээс, өндөр нь 4,5 метрээс илүү тээврийн хэрэгсэл;
б/нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн нийт урт нь 20 метрээс, хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол 24 метрээс илүү;
в/онцгой хүнд /өндөр хүчдэлийн шон, гүүрийн татанги гэх мэт/ ачаа ачсан тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;
г/цагт 5 км-ээс бага хурдтай өөрөө явдаг машин, механизм.
10.Гүйцэж түрүүлэх
84.Жолооч гүйцэж түрүүлэхийнхээ өмнө хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, бусад тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх боломжийг анхаарч мэдсэн байвал зохино.
85.Урдаа яваа тээврийн хэрэгслийн зөвхөн зүүн гараар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Урд яваа тээврийн хэрэгсэл зүүнгар тийшээ эргэх дохио өгөөд зохих байраа эзэлсэн байвал  түүнийг баруун гар талаар нь тойрч гарч болно.
86.Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө, гүйцэж түрүүлсний дараа заавал анхааруулах дохио өгнө. Гүйцэж түрүүлэхдээ харанхуй үед өөдөөс ойртон ирсэн тээврийн хэрэгсэлгүй байвал гэрлээ үе үе шилжүүлж,хориглоогүй газарт дуут дохио өгч болно.
87.Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж  түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно.
Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэж байгаа жолооч зүүн гар тийшээ эргэх дохио өгч анхааруулна.
88.Нарийн замд өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа буюу гүйцэж түрүүлэх боломжгүй нөхцөлд урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг оролдох, бусдын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.
89.Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:
а/уулзвар, гарц дээр;
б/төмөр замын гарам дээр буюу гарам хүртэл 100 метрээс ойр зайд;
в/хүн тээвэрлэсэн автобус, троллейбус, ачааны автомашинаар суурин газарт цагт 40 км-ээс илүү хурдтай яваа тээврийн хэрэгслийг;
г/эсрэг урсгалд орохоор бол замын өгсүүр хэсгийн төгсгөл болон огцом эргэлт, мөн үзэгдэлт хязгаарлагдмал замын хэсэгт;
д/замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу огцом эргэлт дээр, мөн үзэгдэх орчин хязгаалагдсан буюу замын цаад хэсэг нь харагдахгүй бусад газарт.
11.Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх
90.Харанхуй болж эхлэх, мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг асааж явна.
91.Гэрэлтүүлэгтэй замаар явахдаа гэрэлтүүлгийн байдлыг харгалзан ойрын буюу жижиг гэрлийг асаана. Чиргүүл чирч яваа үед чиргүүлийн гэрлийг асааж явна.
92.Замын гэрэлгүй хэсэгт тээврийн хэрэгслийн холын гэрлийг асааж явна. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд, мөн жолоочийг гялбуулж болох бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хөдөлгөөний хурдаа хасах буюу зогсооно.
93.Харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрэлтүүлэггүй замд тээврийн хэрэгслийг зогсоохдоо жижиг гэрлийг асаана.эрэв тэр нь        эрэХХХХРРрбхырырырбрбрррр  Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед ослын дохионы гэрлийг асаана. Ослын дохионы гэрэл байхгүй буюу гэмтэлтэй бол тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд ослын зогсолтын тэмдэг эсвэл улаан гэрэл асааж тавина. Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн бүхээг дээрх таних гэрлийг харанхуй үед хөдөлгөөнд оролцоход, харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зогсоход асаана.
94.Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднахь замд хэрэглэж болох бөгөөд өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирсэн үед унтрааж байвал зохино. Үүнийг суурин газарт тусгай зориулалтын /түймэр унтраах алба, эмнэлгийн түргэн тусламж, цагдаагийн байгууллагын зэрэг/ автомашин албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болно.
95.Манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл ойрын болон холын гэрлийн хамт асааж болно.
Тайлбар: Автомашинд хоёр, мотоцикльд нэг манангийн гэрэл тавина. Манангийн гэрлийг автомашины урд талд, хоёр хажуугаас нь 400 мм-ээс дотогш, том гэрлээс өндөргүй зайд тэгш хэмтэй байрлуулна.
12.Түр буюу удаан зогсох
96.Жолооч тээврийн хэрэгслийг баруун гэр талын эгнээнд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Шороон замд бол замын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зогсвол зохино. Нэг чигийн хөдөлгөөнтэй замд зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахын тулд явган хүний зам тал руу буюу ар тал руугаа буулгах, тэр талаас суулгах /ачих/ бололцоотой тээврийн хэрэгслийг зүүн гар талын захын эгнээнд орж түр зогсохыг зөвшөөрнө.
97.Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох бүхий л арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.
Бусдын хөдөлгөөнд саад болохоор бол зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгохыг хориглоно.
98.Тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгийн баруун гар талын захыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Зогсоолын талбай буюу бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийхгүй газарт ташуу байрлалаар зогсоож болно.
Суурин газрын гаднахь замд амрах, хонох зэргээр удаан зогсоход тээврийн хэрэгслийг замаас зайдуу эсвэл тусгай зориулсан талбайд, хот айлын дэргэд бол хотолсон мал үргэхээргүй газарт зогсооно.
99.Түр буюу удаан зогсохыг хориглох  тохиолдол:
а/уулзвар, гарц дээр, тэдгээрт 20 метрээс ойр зайд;
б/явган хүний гарц дээр, түүнд 5 метрээс ойр зайд;
в/автобус, троллейбус, таксийн зогсоол дээр буюу, тэдгээрт 20 метрээс ойр зайд;
г/төмөр замын гарам дээр;
д/гүүрийн дээр болон доор;
е/гэрлэн дохио, замын тэмдэг халхлах газарт;
ж/тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс тэнхлэгийн үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт;
з/хот айлын орчимд тусгайлан татсан гортиг буюу хатгасан дарцгаас дотогш талбайд.
100.Удаан зогсохыг хориглох тохиолдол:
а/бусдын хөдөлгөөнд саад болох бүх газарт;
б/төмөр замын гарам дээр буюу түүнд 100 метрээс ойр зайд;
в/хашааны хаалга буюу түүнд 5 метрээс ойр зайд;
г/орчин аль нэгэн чигт 100 метрт харагдахгүй, замын дагуу хотгор, гүдгэр, огцом эргэлт, тойрууд.
13.Хорооллын доторхи хөдөлгөөн
101.Орон сууц болон гэр хорооллын дундах замаар явган зорчигч давуу эрхтэй зорчино. Харин явган зорчигч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно.
102.Хорооллын доторхи замын тэмдэг, тэмдэглэлээр тусгайлан зааснаас бусад зам, талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явах, жолоодлогын дадлага явуулах, тээврийн хэрэгслийг асаалттай болон орон сууцны хороололд 3,5 тн-оос их бүх жинтэй тээврийн хэрэгслийг удаанаар зогсоохыг хориглоно.
103.Орон сууцны болон гэр хорооллын доторхи замаас гарч замд орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.
14.Тууш замын хөдөлгөөн
104.Тууш замд хориглох зүйл:
а/явган хүн, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизм мөн түүнчлэн техникийн дээд хурд нь 40 км/-цагаас хэтрэхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн,
б/бүх жин нь 3.5 тн-оос их ачааны автомашин гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын нэг дэх эгнээнээс бусад аль ч эгнээгээр явахорооллыХоХорхххххххххх;
в/буцаж эргэх болон ухрах хөдөлгөөн хийх;
г/жолоодлогын дадлага явуулах.
105.Тууш замын хөдөлгөөнд жолооч зайлшгүй зогсолт хийх үед энэ дүрмийн анхааруулах дохио өгөх журмыг баримтлан зорчих хэсгийг чөлөөлж зогсох арга хэмжээг авна.
  ТАВ.Хөдөлгөөний онцлог нөхцөл 1.Уулын замаар явах
106.Уулын, бэрхшээлтэй замд тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөхдөө аль ганга жалгатай талд яваа тээврийн хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
107.Уулын замд хориглох зүйл:
а/эгц уруу замд араа буюу авцуулах холбоог салгаж явах;
б/зөөлөн холбоо хэрэглэх буюу хатуу холбоогоор нэгээс илүү механикжсан тээврийн хэрэгсэл чирэх;
в/зорчих хэсэг нь мөстсөн замаар механикжсан тээврийн хэрэгсэл чирэх;
г/замын дагуу 100 метрээс ойр зайд орчин муу үзэгдэж байгаа газар зогсох.
2.Цуваагаар явах
108.Тээврийн хэрэгслийн цувааг томилогдсон ахлагч зохион байгуулан удирдаж явах бөгөөд хамгийн түрүүчийн болон сүүлийн тээврийн хэрэгсэл "цуваа" гэсэн тод бичлэгтэй байна. Цуваанд эзлэх дугаарыг тээврийн хэрэгсэл бүр урд болон ар талд нь харагдахуйцаар жигдрүүлж тавина.Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл ойрын гэрлээ асааж явна.
109.Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь энэ дүрэмд заасан хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.
110.Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захаар нэг эгнээгээр явна. Ахлагчийн зөвшөөрөлгүйгээр цуваанаас гарах, гүйцэж түрүүлэхийг хориглоно. Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар суурин газарт болон хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цуваагаар яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.
111.Тэмдгээр дараалал тогтоогоогүй, бэрхшээлтэй нарийн замд цуваагаар яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөх жолооч зам тавьж өгнө.
3.Жолоодлогын дадлага хийх
112.Жолоодлогын дадлагыг багшийн шууд удирдлагын дор, эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу хийж болно.
113.Жолоодлогын дадлага хийлгэх багш Замын цагдаагийн албанаас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй байна.
114.Жолоодлогын дадлага хийх тээврийн хэрэгсэл нь урд болон хойдталдаа цагаан дэвсгэр дээр цэнхэр өнгөөр "Сургалтын" гэж бичсэн таних тэмдэгтэй байна. Үсгийн өндөр нь 80 мм-ээс багагүй байвал зохино.
Жолоодлогын дадлагын автомашин, механизм нь тоормос, авцуулах холбооны нэмэлт дөрөө, багшид зориулсан ар талыг харах нэмэгдэл тольтой байхаас гадна дадлага хийх үед тэвшний зүүн урд болон баруун хойт өнцөгт 250 х 250 мм хэмжээтэй улаан дарцагтай байна.
115.Жолоодлогын дадлага хийх үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна.
4.Тээврийн хэрэгслийг чирэх
116.Тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор найдвартай холбож чирэхээс гадна цоройлгон ачих байдлаар чирч болно. Хэрэв чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл, чирч яваа тээврийн хэрэгслийн дугуй мөр дагахаар холбогдоогүй бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно.
117.Хатуу холбооны урт нь 4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм, ар талын гэрлүүд бүрэн ажиллагаатай байвал зохино.
118.Зөөлөн холбооны урт нь 4-өөс 6 метр байх бөгөөд нэг метр дутамд улаан дарцагтай байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.
119.Харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хатуу холбоогоор чирсэн бол чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл арын гэрлээ, зөөлөн холбоогоор чирсэн бол урд болон арын гэрлээ асааж явна.
Замын цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгээр хоёр механикжсан тээврийн хэрэгслийг хатуу холбоогоор буюу цоройлгон ачих байдлаар чирч болно.
120.Тээврийн хэрэгслийг чирэх үед чирэгдэж яваа буюу чирч яваа автобус, троллейбус, ачааны автомашины тэвшин дээр, чирэгдэж яваа автомашины бүхээгт хүн тээвэрлэхийг хориглоно.
121.Тээврийн хэрэгслийг чирэхийг хориглох тохиолдол:
а/чиргүүлтэй тээврийн хэрэгслээр;
б/нийт урт нь 24 метрээс илүү бол;
в/хоёр буюу түүнээс дээш механикжсан тээврийн хэрэгслийг нэгэн зэрэг;
г/хоёр дугуйтай мотоцикль, мопед, унадаг дугуйгаар;
д/хоёр дугуйтай мотоцикль, мопед унадаг дугуйг;
е/тоормосны механизм нь гэмтэлтэй тээврийн хэрэгслээр;
ж/хальтиргаатай замд зөөлөн холбоогоор;
з/чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийн бодит жингээс илүү бол.
5.Унадаг дугуйгаар зорчих
122.Унадаг дугуйн хонх нь ажиллагаатай, тоормос нь бүрэн, ар тал, хоёр хажуу талдаа улаан буюу шар өнгийн гэрэл ойлгогчтой байхын дээр харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо урд болон арын гэрлээ асааж явна.
123.Унадаг дугуйг 14, хөдөлгүүртэй дугуйг 16 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.
124.Унадаг дугуйгаар замын зорчих хэсгийн баруун гар талын захыг шахаж хоёроос илүүгүй эгнээгээр явж болно.
125.Унадаг дугуйн гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах буюу унадаг дугуй дээр зогсож явах,тээврийн хэрэгсэлд чирэгдэхийг хориглоно.
126.Дугуйгаар тээвэрлэхийг хориглох зүйл:
а/ачаатай өндөр нь /газраас/ 1,5 метрээс илүү байх;
б/ачааны урт нь унадаг дугуйн уртаас 0,5 метрээс илүү байх;
в/ачааны өргөн нь дугуйн гарнаас 0,5 метрээс илүү байх;
г/хүн сундалж явах.
127.Унадаг дугуйндаа тусгай гишгүүр, суудал бэхэлгээ хийж хүн тээвэрлэхийг зөвшөөрнө.
128.Унадаг дугуйгаар зорчигчдод тавих шаардлага хөдөлгүүртэй дугуйгаар зорчигчдод нэгэн адил хамаарна.
6.Ердийн хөсгөөр зорчигч, мал туугчдад тавих нэмэгдэл шаардлага
129.Замын хөдөлгөөний дүрмийн зохих мэдлэгтэй 14-өөс дээш насны хараа, сонсгол сайтай  хүн ердийн хөсгөөр замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.
Ердийн хөсөг нь цэвэр үзэмжтэй, тоног татлага нь бат бөх байхаас гадна харанхуй үед суурин газарт урд болон ард нь гэрэл ойлгууртай байвал зохино.
130.Ердийн хөсөг нь зорчих хэсгийн баруун гар талын захад нэг эгнээгээр явна.
131.Суурин газар болон тэдгээрийн ойролцоо байгаа засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг засмал зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргана. Ийнхүү мал гаргахад ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.
132.Ердийн хөсгөөр зорчигч, мал туугчдад согтуу байх, зам дээр ердийн хөсөг буюу малаа эзэнгүй орхихыг хориглоно.
 
ЗУРГАА.Хүн ба ачаа тээвэрлэх
Нэг. Хүн тээвэрлэх:
133.Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.
134.Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолоочийн үүрэг:
а/тогтоосон буудалд зорчих хэсгийн баруун гар талын хашлага буюу захад шахаж зогсох;
б/гүйцэд зогссоны дараа хаалгаа нээх;
в/зорчигчдыг бууж, суусны дараа хаалгаа хааж хөдөлгөөн эхлэх;
г/зориулалтын бус газарт хүн буулгаж, суулгахгүй байх.
135.Хүн тээвэрлэх ачааны автомашиныг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл дээр жолоочийн ажлыг 3-аас дээш жил тасралтгүй хийсэн жолоочоор жолоодуулах бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглоно:
а/тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь тэвшний дээд ирмэгээс 150 мм-ээс намхан байх;
б/тээвэрлэх зорчигчдын тоо нь дор дурдсанаас илүүгүй байх;
Ачааны машины даац, тонноор
Хүний тоо
1,5 хүртэл
9
1,6-гаас 2,0 хүртэл
16
2,1-ээс 3,0 хүртэл
20
3,1-ээс 5,0 хүртэл
24
5,1-ээс 7,0 хүртэл
30
7,1-ээс дээш
36
 
в/хүн тээвэрлэхэд зориулсан ачааны автомашин бүрхүүлтэй, бүрхүүл дотроо гэрэлтэй, зорчигчдыг буулгах, суулгах шаттай, жолоочид өгөх дохиотой байх;
г/хоёр литрээс багагүй багтаамжтай гал унтраагуурыг тэвшний хашлаганы гадна талд хялбар авч болохоор бэхлэх.
136.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух, суух, зорчих журмын тухай зааварчилж, хөдөлгөөний үед тэвшин дээр зогсож явахыг хориглох тухай заавал анхааруулна.
137.Ачааны автомашинаар хүүхэд тээвэрлэх тохиолдолд насанд хүрсэн хоёроос доошгүй хүнийг тэвшний урд болон арын хэсэгт суулгаж харгалзуулан явбал зохино.
138.Хүн тээвэрлэхэд зориулаагүй ачааны автомашин дээр зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө.
139.Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:
а/ачааны мотоциклоор;
б/тээврийн хэрэгслийн тэвшинд энэ дүрмийн 135 дугаар зүйлийн "б" заалт болон бүхээгт үйлдвэрээс тогтоосон тооноос олон хүн;
в/12 нас хүрээгүй хүүхдийг мотоцикль, мопедийн арын суудалд тусгай бэхэлгээ хийлгүйгээр;
г/суудлын автомашины арын суудал болон ачааны автомашины бүхээгний суудалд зориулалтын нэмэгдэл суудал хийлгүйгээр 3 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь суулгаж явах;
д/согтуу хүнийг мотоцикль, мопедоор болон тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр;
е/өөрөө буулгадаг юмуу, торхтой автомашин зэрэг тусгай зориулалтын автомашин, трактор, өөрөө явдаг машин механизмын бүхээгнээс бусад газарт, чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшнүүдээр;
ж/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч болон урд суудалд суж яваа зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй байх.
Тайлбар:Энэ заалт нь жолоодлогын дадлага хийх үед дадлагын багш, шуурхай албаны автомашины жолооч, зорчигчид хамаарахгүй.
2.Ачаа тээвэрлэх
140.Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж, бэхэлсэн байна:
а/ачаа нь унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй байх;
б/жолоочийн харах орчныг хязгаарлахгүй байх;
в/тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх;
г/зогсох буюу эргэх дохионы гэрэл, улсын дугаар, таних тэмдэг, гараар өгөх дохио зэргийг халхлахгүй байх.
Суурин газарт шөнийн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно.
141.Тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй өндөр нь 4 м, өргөн нь 2,5 м ачаа нь тээврийн хэрэгслийн арын хашлагаас 2 м, нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн нийт урт нь 20 м, хоёр буюу түүнээс дээш чиргүүлтэй мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед ерөнхий урт нь 24 м-ээс илүү бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна.
142.Тээврийн хэрэгслийн тэвшнээс уртаараа 1м, өргөнөөрөө 0,4м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ энэ дүрмийн 154 дүгээр зүйлийг баримтална.
 143.Тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, амархан шатах болон бусад аюултай ачаа болон тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодлыг тусгай зааврын дагуу тээвэрлэнэ.
Тайлбар:Аюултай ачааг тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авна.
144.Суудлын автомашин, мотоцикль, мопедоор эдгээр тээврийн хэрэгслээс урт, өргөнөөрөө хааш хаашаа 0,5 м-ээс илүү хэмжээтэй ачаа тээвэрлэхийг хориглоно.
 
ДОЛОО.Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
145.Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй, мөн дор дурдсан техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно.
1.Тоормосны систем:
а/тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн;
б/тоормосны гишгүүр /дөрөө/ дээр нэг удаа гишгэхэд бүх дугуйнууд жигд удаашран зогсохгүй байгаа;
в/шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан;
г/хийн дамжуулгатай тоормосны битүүмж алдагдсанаас тоормосыг ажиллуулаагүй үед 30 минутын хугацаанд, ажиллуулсан үед 15 минутын хугацаанд хийн даралтын хэмжээ 0,5 кг/см2-аар буурсан;
д/хийн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон;
е/чиргүүлийн тоормосны систем байхгүй буюу гэмтсэн;
ж/гар тоормос дор дурьдсан өгсүүр буюу уруу газарт, тээврийн хэрэгслүүдийг тогтоон барьж чадахгүй болсон;
-16%-д бүрэн ачаатай тээврийн хэрэгслийг;
-23%-д ачаагүй суудлын автомашин болон түүний ачаа тээвэрлэхэд зориулсан төрлүүд, автобус, троллейбусыг;
-31%-д ачаагүй ачааны машиныг;
Тайлбар: Гар тоормосны идэвхжлийг шалгах үедээ хөдөлгүүрийн эргэлтийг хүч дамжуулах ангиас салгасан байвал зохино.
З/тэгш, хуурай хатуу хучилттай зам дээр тээврийн хэрэгслийг 40км/цаг, мотоцикль, мопедийг 30 км/цагийн хурдтай явж байхад зогсооход тоормосны замын урт нь дор дурдсанаас илүү байх;
Тээврийн хэрэгслийн төрөл
Тоормосны зам, м-ээр
Суудлын автомашин
14,5
5,0 тонн хүртэлх автобус
18,7
Бүх жин нь 5,1 тонноос дээш автобус
19,9
Бүх жин нь 3,5 тонн хүртэлх ачааны автомашин
19,0
Бүх жин нь 3,6-12,0 тонн хүртэлх ачааны автомашин
18,4
12,1 тонноос дээш ачааны автомашин
17,7
Бүх жин нь 3,5 тонн хүртэлх авто чирэгч
22,7
Бүх жин нь 3,6-12,0 тонн хүртэлх авто чирэгч
22,1
Бүх жин нь 12,1 тонноос дээш авто чирэгч
21,9
Хоёр дугуйтай мотоцикль, мопед
7,5
Хажуудаа нэмэгдэл суудалтай мотоцикль
8,2
Тайлбар: Энд заасан тоормосны замын урт нь ачаагүй тээврийн хэрэгсэлд хамаарна.
Жолооны хүрдийг автомашины шулуун явах байрлалд барьж жолооч тоормослож зогсооход шулуун чиглэлээр хадгалж чадахгүй бол тоормос бүрэн ажиллагаатй байна гэж тооцохгүй.
II.Жолооны механизм:
а/жолооны механизмын хөндлөн, дагуу татуургын бэхэлгээ эвдэрсэн, тэдгээрийн нугасан холбооны сул хөдөлгөөн ихэссэн;
б/шингэнт хүчлүүрийн битүүмж алдагдсан;
в/жолооны механизмын эд ангиуд эвдэрч ан цав, бусад гэмтэл гарсан;
г/жолооны механизмын эд ангийн хийц, шингэний найрлага нь тухайн тээврийн хэрэгслийн төрөл, үйлдвэрийн зааварт тохирохгүй болсон;
д/жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ дор дурдсанаас илүү болсон.
 
Тээврийн хэрэгслийн төрөл
Жолооны хүрдний сул эргэлт /град/
Суудлын автомашин, түүний явах ангид суурилуулсан хүн буюу ачаа тээвэрлэхэд зориулсан төрлүүд
10
Автобус, троллейбус
20
Ачааны автомашин
25
III. Дугуй:
а/дугуйны хээний гүн нь газарт тулах, хэсгээрээ суудлын автомашинд 1,6 мм, ачааны автомашин, чиргүүлд 1,0 мм, автобус, троллейбусанд 2,0 мм, мотоцикль, мопедонд 0,8 мм-ээс бага болсон;
б/дугуй нэвт цоорсон,утаснууд нь тасарсан;
в/дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;
г/дугуйн булны бэхэлгээ сул, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавигдсан;
д/тээврийн хэрэгслийн нэг тэнхлэгт өөр марк болон хээтэй дугуй тавьсан;
е/давхар дугуйнуудын хооронд ямар нэгэн зүйл хавчуулагдсан;
ж/хүн тээврийн үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгслийн урд тэнхлэгт нэгдүгээр бүлгийн засварын, хойд тэнхлэгт хоёрдугаар бүлгийн засварын дугуй тавьсан;
з/суудлын автомашины урд тэнхлэгт хоёрдугаар бүлгийн засварын дугуй тавьсан.
IV.Хөдөлгүүр, хүч дамжуулах анги:
а/хөдөлгүүрийн утааны найрлага дахь хорт хийн хэмжээ улсын стандартад заасан хязгаараас хэтэрсэн;
б/тэжээлийн болон тосолгооны системээс шатах тослох материал гоожсон;
в/сорох яндан, дуу намжаагуур ажиллахгүй буюу байхгүй болсон;
г/хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг болсон;
д/кардан гол цавтай,савалгаатай болсон;
е/авцуулах холбоо залгагдахгүй, салахгүй болсон;
ж/хөдөлгүүр, хүч дамжуулах ангиас тос гоожсон.
V.Гэрэлтүүлэх хэрэгсэл:
а/гэрлийн тоо,хэлбэр, байрлал нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэнд тохироогүй;
б/хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;
в/хол, ойрын буюу жижиг гэрлүүд,тоормос,эргэх дохионы болон чиргүүлтэй автомашины таних гэрлүүд бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;
г/үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;
д/дугаарын гэрэл нь дутуу гэрэлтүүлснээс цэлмэг үед 20 метрийн дотор улсын дугаарын үсэг, тоо харагдахгүй байх;
е/гэрэл дохионы системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн.
Тайлбар:Үйлдвэрээс тавиагүй гэрэлтүүлүүр, элдэв нэмэлт гэрэл хэрэглэх, урд талд улаан ар талд  цагаан гэрэл тавихыг хориглоно:
VI. Бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмж:
а/шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон;
б/ар талаа харах толь, бүхээгний шил, дуут дохио, нарны хаалтгүй болсон;
в/хурд хэмжүүр ажиллахгүй болсон;
г/бүхээг, тэвшний цоож түгжээ эвдэрсэн;
д/дуут дохио ажиллахгүй болсон;
е/чирэх үед тээврийн хэрэгслийн чиргүүл чирэх холбоосны хэрэгсэл гэмтсэн буюу байхгүй бол;
ж/автобус, троллейбусны хаалга онгойлгох, хаах хэрэгсэл ажиллахгүй болсон;
з/тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан;
и/шаврын хаалтгүй, мөн нумын үндсэн хуудас буюу төв боолт нь эвдэрсэн;
к/автобус, троллейбус, суудлын болон ачааны автомашинд эмийн сан, гал унтраагуур,ослын зогсолтын тэмдэг байхгүй болсон;
л/мотоцикль, мопедонд зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон;
м/тээврийн хэрэгслийн бүхээгний шилэн дээр юм бичих, зураг наах, хөшиг татах, цацаг зэргийг унжуулах, салхины шил нь их хэмжээгээр цуурч жолоочийн харах боломжийг хязгаарласан;
н/үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс байхгүй буюу ажиллахгүй болсон;
о/хаалга гүйцэд хаагдаж, нээгдэхгүй, орох, гарах хаалгаа харах тольгүй буюу толио буруу тавьсан, бүхээг болон хаалганы гэрэл асахгүй болсон.
146.Замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм ажиллахгүй болсон,чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зөв талын том, жижиг гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно.
Тайлбар:Тээврийн хэрэгслээр хурд багатай яваа үед түүнийг зогсоож чадахгүй буюу эргэх, тойрох хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй бол тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй байна гэж үзнэ.
147.Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож явахад энэ дүрмийн 146 дугаар зүйлд зааснаас бусад гэмтэл тохиолдвол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу гараашдаа очно.
 
                                НАЙМ.Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
148.Механикжсан тээврийн хэрэгслээр байнгын байрлалаасаа өөр аймаг буюу дүүрэгт очиж 3 сараас илүү хугацаагаар ажиллах бол очсон аймаг, дүүргийн Замын цагдаагийн албанд бүртгүүлнэ.
149.Улсын дугаарын тоо, үсгийг ачааны автомашин, чиргүүлийн хоёр хажуу болон ар талд, автобусны ар талд үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна.
Үсгийн өндөр нь 200 мм, өргөн нь 120 мм, зураасны өргөн нь 30 мм, тооны өндөр нь 300 м, өргөн нь 130 мм, зураасны өргөн нь 30 мм  байна.
150.Автомашиныг чиргүүлтэй жолоодоход тэвшний урд талд юмуу бүхээг дээр шар өнгийн тэнцүү талт гурвалжин эсвэл хоорондоо 150-300 мм-ийн зайтай анхааруулах гурван шар гэрэл тавина. Гурвалжны нэг талын урт нь 250 мм байна.
Ачаатай буюу ачаагүй тээврийн хэрэгслийн урт нь 24 метрээс илүү байвал илүү гарсан хэсгийн арталд шар дэвсгэртэй, улаан хүрээтэй /өргөн нь 40 мм/ 120 х 300 мм хэмжээтэй тэгш өнцөгт дотор чиргүүлтэй автомашины дүрс зурж нийт уртыг заасан таних тэмдэг тавина.
151.Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн урд болон ар талд нь "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл"гэсэн таних тэмдэг тавина. Уг тэмдэг улаан хүрээтэй, дөрвөлжин хэлбэртэй, нэг талын урт нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран 250-300 мм, хүрээний өргөн нь нэг талын хэмжээний 1/10-тай тэнцүү байна. Тахир дутуу хүн жолоодож яваа автомашины арын шилэнд шар дэвсгэртэй нэг тал нь 150 мм дөрвөлжин хэлбэртэй "Тахир дутуу хүн" гэсэн таних тэмдэг тавина.
152.Жолоодлогын сургалтад зориулсан тээврийн хэрэгслийн урд болон ар талд нь улаан хүрээтэй, цагаан өнгөтэй тэнцүү талт гурвалжин дотор "С" үсгийг хараар бичсэн тэмдэг тавина. Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран гурвалжны нэг тал нь 200-300 мм, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү байна.
153.Тээврийн хэрэгсэлд зөвшөөрөгдсөн хамгийн их хурдны хэмжээг тэвшний ар талын зүүн дээд буланд 2.22 тэмдгийн хэлбэрээр бичиж  анхааруулж болно. Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран тэмдгийн голч нь 160-250 мм байх бөгөөд хурдны хэмжээг цагаан дэвсгэр дээр хараар бичнэ. Хүрээний өргөн нь голчийн 1/10-тай тэнцүү байна.
154.Аюултай ачаа ачсан тээврийн хэрэгслийн урд болон ар талд 700 х 300 мм хэмжээтэй, баруун талын 400 мм өргөнтэй хэсгийг улбар шараар, үлдсэн зүүн талын хэсгийг /15 мм өргөнтэй хар хүрээтэй/ цагаанаар будаж, дотор талд нь тээвэрлэж яваа ачааны онцлогийг тодорхойлсон тэмдэглэл хийнэ. Тээврийн хэрэгсэлд, дүрэмд заасан хэмжээнээс илүү гарсан ачаа тээвэрлэхэд ачааны дөрвөн өнцөгт өдрийн цагт улаан, цагаан ташуу зураас хосолсон /нэг зураасны өргөн 50 мм/ тэмдэглэл бүхий ялгах тэмдэг буюу 400 х 400 мм хэмжээтэй дарцаг хийж тавина. Харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрэл ойлгодог хэрэгсэл буюу гэрлээр тэмдэглэх бөгөөд урд талын гэрэл нь цагаан, ар талын гэрэл нь улаан байна.
155.Зам тээврийн ослоос буюу техникийн гэмтлээс шалтгаалан зогссон тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс зайлуулах боломжгүй бол уг тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд улаан хүрээтэй /өргөн нь 50 мм/ цагаан дэвсгэртэй тэнцүү талт /талын урт нь 400 мм/ гурвалжин тэмдэг тавьж бусад жолооч нарт анхааруулна.
 
ЕС.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, замын цагдаагийн ажилтны үүрэг
156.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж  ахуйн нэгж, байгууллага дараахь үүргийг хүлээнэ:
а/жолоочид тээврийн хэрэгслийг хариуцуулан өгөхдөө уг тээврийн хэрэгслийн зохион байгуулалтын онцлог, жолоодох арга барилтай танилцуулах;
б/хүн тээвэрлэх автобус, автомашины техникийн байдлыг байгууллагын техникийн комиссоор шалгуулж энэ дүрмийн шаардлагыг хангуулж, уг комиссын шийдвэр гаргуулсан байх;
в/жолооч нарыг жил бүр эмнэлгийн үзлэгт оруулж байх;
г/жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадлагыг үе үе шалгаж, тэдний мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээ авч байх;
д/зам тээврийн осол гарсан тухай, мөн бааз, гараашдаа гадна талын эвдрэлтэй буцаж ирсэн тээврийн хэрэгслийн талаар замын цагдаагийн албанд буюу ойр байгаа цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж байх;
е/улирал, цаг агаарын нөхцөлийг харгалзан хөдөлгөөний журам, чиглэлийн онцлогийн талаар жолооч нарт заавар зөвлөлгөө өгөх;
ж/аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн нутаг дэвсгэрт Замын цагдаагийн алба, албан тушаалтны шаардлагаар зохих тэмдэг, тэмдэглэл тавих.
157.Зам ашиглалт, хот тохижилтын асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ:
а/замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, замын гадаргууг бүрэн бүтэн байлгаж, зам эвдэрсэн, мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй тохиолдолд нэн даруй засаж цэвэрлэх;
б/засвар үйлчилгээ хийж байгаа замын хэсгийг /зам гаргах, цахилгаан дулааны хоолой тавих, явган хүний зам тавих гэх мэт/ хашиж тусгаарлах, түүнийг тойрч гаргах чигийг заасан тэмдэг тавих;
в/ажиллаагүй машин, механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тод харагдахуйц тэмдгээр анхааруулах, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед нэмэгдэл улаан гэрэл тавих;
г/гинж, ажлынхаа хэрэгслээр замын зорчих хэсэг бусад элементийг эвдэж болзошгүй машин механизмыг цардмал замаар явуулахгүй байх.
158.Барилга, газар шорооны ажил эрхэлж буй байгууллагын албан тушаалтан хатуу хучилттай авто зам, төмөр замын гармаар зорчих үед тээврийн хэрэгслийнхээ дугуйны шавар шавхайг цэвэрлүүлэх болон замын гадаргууг бохирдуулахгүй байх арга хэмжээ авна.
159.Иргэн, аж ахуйн нэгж,  байгууллага нь мал, тэжээвэр амьтан, шувуугаа замын зорчих хэсэгт оруулахгүй байх арга хэмжээ авна.
160.Дор дурдсан асуудлыг Замын цагдаагийн албатай тохиролцож  зөвшөөрөл авна:
а/зам гүүр, талбай, барилга байгууламж барих, өргөтгөх, засварлахад замын хөдөлгөөнд саад учруулах бол;
б/хөдөлгөөнд саад болох ажил хийх, гэрэл тавих, мод тарих, зүлэгжүүлэх, зурагт самбар, үзүүлэн чимэглэлийн зүйл байрлуулах ;
в/замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах, тээврийн хэрэгсэл байрлуулах, техник хэрэгсэл тоног төхөөрөмж, тэмдэг, тэмдэглэл шинээр тавих, хурааж авах,  өөрчлөх, хөдөлгөөний чиг урсгалыг өөрчлөх;
г/төмөр замын гарам байгуулах болон хөдөлгөөн зогсоож түүнийг засварлах өөрчлөх;
д/нийтийн болон тусгай үйлчилгээний тээврийн хэрэгслийн чиглэл, зогсох буудлыг шинээр байгуулах буюу өөрчлөх;
е/замын зорчих хэсэг, явган хүний зам дээр үйлдвэрлэл, үйлчилгээ  явуулах, үзвэр үзэсгэлэнгийн зүйл байрлуулах;
ж/тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавих;
з/замын хөдөлгөөнд саад болох биеийн тамирын бэлтгэл, уралдаан, тэмцээн, жагсаал, урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулах.
161.Замын цагдаагийн албаны байцаагч, зохицуулагч нь дор дурдсан үүрэгтэй байна:
а/замын хөдөлгөөн зохицуулах дохиог ойлгогдохуйц тодорхой өгч, шуурхай зохицуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
б/хөдөлгөөнд оролцогчдоос замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон журам, стандартыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг хуульд заасны дагуу шуурхай шийдвэрлэх;
в/замын байгууламж, зорчих хэсгийн гадаргуу, замын гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, тэдгээрийг холбогдох байгууллага, албан тушаалтнаар хэвийн байдалд нь нэн даруй оруулах арга хэмжээ авах;
г/хөдөлгөөнд оролцогчидтой зөв боловсон харилцаж, тэднийг үндэслэлгүй саатуулахгүй байх;
д/онцгой байдал, нэгдсэн шалгалт, шуурхай зохицуулалтын ажлаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох бол очиж шалгаж байх ба зохицуулагч зогсох дохио өгсөн үед жолооч зам чөлөөлөн нэн даруй зогсоно;
е/хөдөлгөөнд оролцогчдод хууль бус шаардлага тавих, хувийн ажилд ашиглах, элдэв болзол тавихыг хориглох.
 
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт
 
ЗАМЫН ТЭМДЭГ,ТЭМДЭГЛЭЛ Нэг.Анхааруулахтэмдэг
1.Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна:
1.1."төмөр замын хаалтгүй гарам";
1.2."төмөр замын хаалттай гарам";
1.3.а,б "төмөр замын гарам";
1.3.а нэг төмөр замтай, 1.3.б хоёр буюу түүнээс олон төмөр замтай хаалтгүй гарамд ойртож байгааг;
1.4.а, б, в, г, д, е "Төмөр замын гарамд ойртоно" төмөр замын гарамд ойртож байгааг;
1.5."Адил замын уулзвар";
1.6."Тойрох хөдөлгөөнтэй замд нийлнэ";
1.7."Гэрэл дохионы зохицуулга";
1.8.а,б"Огцом эргэлт" -эргэх радиус багатай буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан замын тахир хэсэгт эргэх чиг ойртож байгааг;
1.9.а,б "Тахир зам" -огцом тахирласан замын хэсгүүд байгааг;
1.10 "Эгц уруу";
1.11."Огцом өгсүүр";
1.12."Тэгш биш зам";
1.13"Хальтиргаатай зам";
1.14"Хайрга үсэрнэ"-тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу үсэрч болзошгүй замын хэсэг байгааг;
1.15.а, б, в "Зам нарийсна";
1.15.а"Зам хоёр талаасаа нарийсна";
1.15.б "Зам баруун гар талаасаа нарийсна";
1.15.в "Зам зүүн гар талаасаа нарийсна;
1.16 "Сөрөг хөдөлгөөн"-сөрөг хөдөлгөөнтэй зам /зорчих хэсэг/-д шилжихийг;
1.17 "Явган хүний гарц";
1.18 "Хүүхэд"-зорчих хэсэг дээр хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй хэсэг /сургууль, цэцэрлэгийн орчим гэх мэт/ ойртож байгааг;
1.19. "Унадаг дугуйн зам нийлнэ";
1.20 "Засварын ажил"-хүмүүс зорчих хэсэг дээр ажил хийж байгааг;
1.21 "Мал тууж гарах газар;
1.22 "Ан амьтан"-мал, ан амьтан гарч ирж болзошгүй замын хэсэг байгааг;
1.23 "Чулууны нурангитай"-шороо,чулуу нурж болзошгүй газар;
1.24 "Онгоц доогуур ниснэ";
1.25 "Бусад аюултай газар"-энэ дүрэмд заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий замын хэсэг байгааг;
1.26. а, б, в "Эргэх чиг" -үзэгдэх орчин хязгаарлагдсан чиглэл болон замын огцом эргэх хэсгийг,
2.1.26. а, б, в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна. Бусад анхааруулах тэмдгийг хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторхи замд 50-100 метр, суурин газрын гаднахь замд 150-300 метрийн зайд байрлуулна.
3.1.3. а, б  тэмдгийг төмөр замаас 20 метрийн зайд буюу гарамын дэргэд гэрэл дохио байвал түүнтэй хамт байрлуулна.
4.Төмөр замаас хамгийн их алслагдсан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр байрласан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4в, 1.4.е  тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д тэмдгийг тус тус байрлуулна.
5.1.10, 1.11 тэмдгийг аюул бүхий хэсгийн шууд өмнө байрлуулж болно.
Хоёр.Хориглох тэмдэг
6.Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна хязгаарлалтыг өөрчилнө:
2.1 "Орох хоройтой"- тээврийн хэрэгслүүд энэхүү тэмдгээс цааш явахыг хориглоно.
2.2 "Явах хориотой" -тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
2.3 "Механикжсан тээврийн хэрэгсэл явах хориотой".
2.4 "Ачааны автомашин явах хориотой" -бүх жин нь 3,5 тонноос /3,5 тн орно/ илүү ачааны автомашин, трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно. Тэмдэгт зөвшөөрөх бүх жинг зааж болно.
2.5. "Мотоцикль явах хориотой".
2.6 "Ердийн хөсөгявах хориотой" -ердийн хөсгөөр явах, мал туух буюу хөтөлж явахыг хориглоно.
2.7 "Трактор явах хориотой" - бүх  төрлийн трактор, өөрөө явдаг бусад машин механизм явахыг хориглоно.
2.8 "Чиргүүлтэй явах хориотой" -трактороор буюу бүх жин нь 3,5 /3,5тн орно/ тонноос илүү ачааны автомашинаар чиргүүл, ямар нэгэн механикжсан тээврийн хэрэгсэл чирч явахыг хориглоно.
2.9.Унадаг дугуйгаар явах хориотой" - бүх төрлийн унадаг дугуй, хөдөлгүүртэй дугуйгаар явахыг хориглоно.
2.10 "Явган явах хориотой" - зам дээр ажил хийж  байгаа хүмүүсээс  бусад хүн тухайн замаар явган явахыг хориглоно.
2.11 "Жингийн хязгаарлал" -тээврийн хэрэгслийн бодит жин нь тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.12 "Тэнхлэгийн ачааллын хязгаарлал" -тээврийн хэрэгслийн аль нэг тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.13 "Өндрийн хязгаарлал" -тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ тэмдэгт  заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.14 "Өргөний хязгаарлал" -тээврийн хэрэгслийн ачаатай буюу  ачаагүй өргөний хэмжээ тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.15 "Гааль" -гаалийн хяналтын бүсээр хяналт шалгалтад орохгүйгээр явахыг хориглоно.
2.16.а "Зүүн гар тийш эргэх хориотой" -тээврийн хэрэгсэл зүүн гар тийш болон буцаж эргэхийг хориглоно.
2.16.б "Баруун гар тийш эргэх хориотой".
2.17."Буцаж эргэх хориотой" -тээврийн хэрэгсэл буцаж эргэхийг хориглох бөгөөд харин зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө.
2.18."Гүйцэж түрүүлэх хориотой" -цагт 40 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.
2.19."Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл" -2.18 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
2.20."Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой" -бүх жин нь 3,5 тонноос дээш ачааны автомашинаар цагт 40 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.
2.21."Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл" -2.20 тэмдгийг хүчинтэй байх хүрээ дууссаныг заана.
2.22."Хурдны дээд хязгаарлал" -хөдөлгөөний хурдыг тэмдэгт заасан болон түүнээс хэтрүүлэхийг хориглоно.
2.23"Хурдны дээд хязгаарлалын төгсгөл" -2.22 тэмдгийн хүчинтэй байх хүрээ дууссаныг заана.
2.24."Дуут дохио хориотой" -зөвхөн зам тээврийн осол гарч болзошгүй үед дуут дохио хэрэглэж болно.
2.25"Түр зогсох хориотой" -тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно.
2.26."Удаан зогсох хориотой" -тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглоно.
2.2.7"Бүх хорионы төгсгөл" -2.18, 2.20, 2.22, 2.23-2.26 тэмдгүүдийн хориглох хүрээ дууссаныг заана.
7.2.2, 2.3, 2.16.а,б, 2.17, 2.25 тэмдгүүд нь нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд үл хамаарна.
8.2.18-2.26 тэмдгүүдийг хориглолт тогтоож байгаа болон дуусаж байгаа хэсгийн өмнө байрлуулна.
9.2.2-2.8 тэмдгийг уулзвар, гарцын өмнө байрлуулсан байвал хөндлөн замаар явахыг хориглож, чигээрээ буюу буцаж явахыг зөвшөөрнө. Харин тэмдгийг уулзвар гарцын цаана байрлуулсан байвал тухайн зам, гарц руу орж үл болно. 2.16а,б, 2.17 тэмдгийг уулзварын өмнө байрлуулсан байвал хөндлөн огтолсон замын зөвхөн эхний зорчих хэсэгт хамаарна.
10.2.18, 2.20, 2.22, 2.23-2.26 тэмдэг нь суурин газрын дотор байрлуулсан газраасаа дараагийн уулзвар хүртэл, уулзваргүй замд бол суурин газраас гүйцэд гартал хүчинтэй байна.
6.2.а тэмдгийг хамт хэрэглэснээр энэ зүйлд заасан тэмдгийн үйлчлэх хүрээг багасгаж болно.
11.2.25, 2.26 тэмдэг замын байрласан тэр алдаа хүчинтэй.
Гурав.Дарааллын тэмдэг
12.Дарааллын тэмдэг нь уулзвар болон замын нарийссан хэсэгт нэвтрэх дарааллыг тогтооно:
3.1 "Гол зам" - зохицуулдаггүй уулзварт энэ тэмдэг байрласан замаар яваа тээврийн хэрэгсэл уулзварыг түрүүлж нэвтрэх эрхтэй. 3.1 тэмдэг байрласан замд түүний хүчинтэй хүрээнд байгаа туслах чанарын бүх замд 3.4 буюу 3.5 тэмдгийг байрлуулна.
3.2"Гол замын төгсгөл" -3.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;
3.3.а,б,в "Туслах зам нийлнэ;
3.3.б"Туслах зам баруун гар талаас нийлнэ;
3.3.в "Туслах зам зүүн гар талаас нийлнэ";
3.4"Зам тавьж өгнө";
3.5 "Зогсохгүй явах хориотой" -тэмдэг байрлуулсан газарт жолооч түр зогсохгүй явахыг хориглоно;
3.6"Сөрөг хөдөлгөөн хориотой" -өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно;
3.7"Сөрөг хөдөлгөөнд илүү эрхтэй" -замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрхтэй байна. Энэ тэмдгийг байрлуулсан байвал эсрэг талд нарийссан хэсгийн өмнө 3.6 тэмдгийг байрлуулна.
Дөрөв.Заах  тэмдэг
13.Заах тэмдэг нь хөдөлгөөнд оролцогчид болон тээврийн хэрэгслийн төрөл, тэдгээрийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн чигийг заана:
4.1.а,б,в,г,д,е "Хөдөлгөөний зөвшөөрсөн чиг" -зөвхөн тэмдэгт заасан чигт явна;
4.1.в,д,е тэмдэг буцаж эргэхийг зөвшөөрнө;
4.2.а,б,в "Саадыг тойрч гарах чиг" -сум заасан чигээр саадыг тойрч гарна.
4.3. "Тойрох хөдөлгөөн" - зөвхөн тэмдэгт заасан чигээр тойрч гарна;
4.4"Суудлын автомашин явна" -суудлын автомашин, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, мотоцикль, мопед болон бүх жин нь 3,5 тонноос бага ачааны автомашин явахыг зөвшөөрнө;
4.5"Унадаг дугуй явна" - зөвхөн унадаг дугуйгаар явна. Явган хүний зам байхгүй бол явган зорчигч явахыг зөвшөөрнө;
4.6 "Явган хүний зам" -зөвхөн явган хүн явахыг зөвшөөрнө;
4.7 "Хурдны доод хязгаарлал" - зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс дээш хурдтай явахыг зөвшөөрнө;
4.8 "Хурдны доод хязгаарлалын төгсгөл" -4,7 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;
14.Заах тэмдгийг зохих хягаарлалт тогтоох уулзвар, замын хэсгийн шууд өмнө байрлуулна.
15.4.1а,б,в,г,д,е тэмдгийг уулзварын өмнө байрлуулсан байвал зөвхөн тэр уулзвартаа хамаарна.
4.1.а тэмдгийг уулзварын цаана байрлуулсан байвал дараагийн уулзвар хүртэл хүчинтэй байна. Харин гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө;
16.4.2а,б,в тэмдгийг саадын өмнө байрлуулсан байвал зөвхөн тэр орчиндоо хамаарна.
17.4.4 тэмдгийг уулзварын өмнө байрлуулсан байвал хөндлөн замдаа хүчинтэй, уулзварын цаана байрлуулсан бол тэр замдаа хүчинтэй.
Тав.Мэдээлэх тэмдэг
18.Мэдээлэх тэмдэг нь замын нөхцөл байдлыг онцлог, замд тохиолдох объектын байрлалыг харуулна:
5.1"Тууш зам" -тууш замын хөдөлгөөний журмыг баримтлан явах зам;
5.2 "Тууш замын төгсгөл"-5.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг мэдээлнэ;
5.3"Суурин газрын эхлэл" -замын хөдөлгөөний дүрмийн суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах суурин газрын эхлэлийг мэдээлнэ;
5.4 "Суурин газрын төгсгөл" - 5.3 тэмдгээр тэмдэглэсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ;
5.5 "Суурин газрын эхлэл" -замын хөдөлгөөний дүрмийн суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэлийг мэдээлнэ;
5.6 "Суурин газрын эхлэл" - 5.5 тэмдгээр тэмдэглэсэн суурин газрын дэвсгэр нутгаас гарч байгааг мэдээлнэ;
5.7 "Нэг чигийн хөдөлгөөн";
5.8 "Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл";
5.9.а"Баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" -уулзварт нийлсэн зам баруун гар тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй зам;
5.9. б "Зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" -уулзварт нийлсэн зам зүүн гар тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй зам;
5.10.а,б, в, г "Эгнээгээр явах хөдөлгөөний чиг" -тухайн эгнээгээр явах хөдөлгөөний чигийг мэдээлнэ. Эгнээгээр явах хөдөлгөөний чигийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно;
5.11 "Буцаж эргэх газар";
5.12. а, б, в "Эгнээний эхлэл" -нэг чигт яваа эгнээний тоо нэмэгдэж байгааг мэдээлнэ;
5.13. а, б "Эгнээний төгсгөл" -нэг чигт яваа эгнээний тоо хасагдаж буй мэдээлнэ;
5.14 "Зогсох байр";
5.15 "Явган хүний гарц" -зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарахыг зөвшөөрсөн газрыг мэдээлнэ. Явган хүний гарцын хэлбэрийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно;
5.16 "Явган хүний гарам" -явган зорчигч замын дээгүүр ба доогуур зам хөндлөн гарах газрыг тэмдэглэнэ. Явган хүний гармын хэлбэрийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно;
5.17."Тохиромжтой хурд" -замын тухайн хэсэгт явах хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг заах бөгөөд үйлчлэх хүрээ нь дараагийн уулзвар хүртэл байна;
5.18. а, б, в "Ачааны автомашины хөдөлгөөний чиг" -уулзварт ачааны автомашин, трактор, өөрөө явдаг машин, механизм хөдөлгөөнөө үргэжлүүлэхэд тохиромжтой чигийг мэдээлнэ;
5.19 "Зайн заалт" -тухайн объект хүртэлх зайг километрээр заах бөгөөд хамгийн алслагдсан объектын нэрийг дээд талд нь бичнэ;
5.20 "Объектын нэр" -гол мөрөн, нуур, түүхийн дурсгалт газар зэрэг /суурин газраас бусад/ объектын нэр;
5.21 "Километрийн заалт" тухайн замын эхнээс тэмдэг хүртэлх зайг километрээр заана. Уг тэмдгийг километр бүрийн төгсгөлд тавина;
5.22. "Чиглэлийн дугаар";
5.23. "Хоолны газар" -нийтийн үйлчилгээний хоолны газрын байршлыг мэдээлнэ;
5.24. "Зочид буудал";
5.25 .Жуулчны байр";
5.26."Хот айл";
5.27 "Худаг ус";
5.28 "Автобус, троллейбусны зогсоол" - нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн буудал;
5.29 "Таксийн зогсоол" - суудлын болон ахуй үйлчилгээний таксийн зогсоолын байршлыг мэдээлнэ
5.30 "Замын цагдаагийн харуул" - замын цагдаагийн албаны харуул;
5.31 "Шатахуун түгээгүүр";
5.32 "Техникийн үйлчилгээниий газар;
5.33 "Хүн эмнэлэг"үн эмнэлэг";
5.34 "Телефон" -нийтийн үйлчилгээний телефон утасны байршлыг мэдээлнэ;
5.35 "Автомашины угаалга";
5.36 "Хороолол" - хорооллын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр;
5.37 "Хорооллын төгсгөл" -5.36 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг мэдээлнэ;
5.38.а,б "Чигийн заалт" - объект хүрэх чиг болон зайг километрээр заана;
5.39.а, б "Чигийн урьдчилан заалт" - тэмдэгт заасан суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан мэдээлнэ. Уул тэмдэг дээр чиглэлийн дугаар, хөдөлгөөний онцлогийг харуулсан тэмдэглэл хийхийн дээр суурин газар болон объект хүртлэх зайг километрээр зааж болно. Тэмдэгт заасан объект суурин газрын дотор байвал 5.39.б тэмдэг цагаан дэвсгэртэй, гадна байвал цэнхэр, харин 5.39.а тэмдэг ногоон дэвсгэртэй байна;
5.40.а,б,в "Тойрч гарах бүдүүвч" -хөдөлгөөнд түр хорриглолт тогтоосон замын хэсэг, түүнийг тойрч гарах чиглэлийг мэдээлнэ;
5.41.а,б,в "Тойрох чиг"- хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсэг, түүнийг тойрч гарах чигийг мэдээлнэ;
5.42 "Зогс шугам"
19.5.1 буюу 5.3, 5.5 тэмдгийг тууш зам буюу суурин газрын эхлэл, 5.2 буюу 5.4, 5.6 тэмдгийг тэдгээрийн төгсгөлд байрлуулна.
20.5.10.а, 5.18.а,б,в тэмдгийг уулзвар, гарцын өмнө байр эзлэх боломж бүхий газарт 5.10.б,в,г тэмдгийг уулзварын цаана байрлуулна.
21.4.11 тэмдгийг суурин газрын гаднах замд уулзвараас 300 метр, суурин газрын доторхи замд уулзвараас 50 метрийн зайд байрлуулна.
Зургаа.Нэмэлт тэмдэг
22.Нэмэлт тэмдгийг бусад тэмдэгтэй хамт тавьж тэдгээрийн утгыг тодруулна:
6.1.а,б,в,г "Объект хүртэлх зай";
6.1.а тэмдгээс аюул бүхий хэсэг, эсвэл хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэсэг юм уу тэмдэгт заасан объект хүртэлх зайг заана. Объект замын дагуу байх тохиолдолд энэ тэмдгийг байрлуулна;
6.1.б тэмдэг нь суурин газрын гаднахь замд 3.5 тэмдгийг уулзварын шууд өмнө байрлуулсан үед 3.4 тэмдгээс уулзвар хүртэлх зайг заана;
6.1.в,г тэмдгийг объект замаас зайдуу байх тохиолдолд байрлуулна;
6.2.а,б,в,г,д,е "Үйлчлэх хүрээ";
6.2.а тэмдэг 2.18, 2.20, 2.22, 2.24 - 2.26 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 1.8.а,б,1.12-1.14, 1.18, 1.20-1.23, 1.25 тэмдгүүдээр анхааруулсан бол тэмдгээс цааш аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг заана;
6.2.б,в,г,д,е тэмдэг нь 2.25, 2.26 тэмдгийн үйлчлэх хүрээг заана;
6.3.а,б,в "Үйлчлэх чиг" - хориглох буюу заах тэмдгийн хүчинтэй байх чигийг заана;
6.3.а баруун гар тийш, 6.3.б зүүн гар тийш, 6.3.в баруун, зүүн гар тийш хүчинтэй чигийг заана;
6.4.а,б,в,г,д,е,ж "Тээврийн хэрэгслийн төрөл" -тухайн тэмдэг ямар төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана. 6.4.а тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос илүү ачааны автомашин /3,5 тн орно/, 6.4.в тэмдэг нь бүх жин нь 3,5 тонноос бага ачааны автомашин, жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай автомашин, 6.4.г жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай автомашин /автобус/-д хамаарна;
6.5"үйлчлэх хугацаа" -тэмдгийн хүчинтэй байх хугацааг гаригаар буюу цагаар заана;
6.6.а,б"Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр" -суудлын автомашин, мотоциклийг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний замын хашлагыг унуулж зогсоох газар. Суудлын автомашин, мотоцикль зогсох хэлбэрийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно;
6.7 "Хөдөлгүүрийг унтрааж зогсоох" -5.14 тэмдэгтэй хамт байрлуулах бөгөөд зогсоолд хөдөлгүүрийг унтрааж зогсооно;
6.8 "Гол замын чиг" - уулзвар дээр гол замын чигийг заана. 3.1, 3.4, 3.5 тэмдэгтэй хамт байрлуулна;
6.9 "Төлбөртэй зогсоол";
6.10 "Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа" - 5.14 тэмдэг тавьсан зогсоолд удаан зогсохыг зөвшөөрөх хугацааны дээд хэмжээг заана;
6.11 "Бүх жингийн хязгаарлал" -бүх жин нь тэмдэгт заасан хэмжээнээс илүү тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд 2.3, 2.4, 2.7, 2.8 тэмдэгтэй хамт байрлуулна;
6.12 "Хараагүй хүмүүс" - хараагүй хүмүүс зам хөндлөн гарах гарц, газрыг анхааруулах бөгөөд 1.17, 5.15 тэмдэгтэй хамт байрлуулна;
6.13 "Хөдөлгөөний эгнээ" -гэрлэн дохио, тэмдгийн үйлчлэх эгнээг заана;
6.14."Тахир дутуу хүн"- 5.14 тэмдэгтэй хамт байрлуулах бөгөөд уг зогсоолд зөвхөн тахир дутуу хүнд зориулсан тээврийн хэрэгслэл зогсоно.
23.6.6.а,б тэмдгийг дангаар нь байрлуулж болно.
24.Ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, замын нөхцөл байдлыг илүү мэдэхэд нь жолоочидтуслах зорилгоор бусад мэдээлэх болон нэмэлт тэмдэг хэрэглэж болно. Иймд тэмдгийг цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр хийнэ.
25.Байнгын тэмдгээс өөр утга бүхий түр тэмдэг байрлуулсан байвал түр тэмдгийг баримтална. Түр тэмдэг нь суурьтай /зөөврийн/ байна.
Долоо. Замын тэмдэглэл
26.Замын хөдөлгөөний журам, чиглэлийг тогтоох, байгууламжийн хэмжээг тодотгох зорилгоор зорчих хэсэг,түүний хашлага болон замын бусад байгууламж дээр хийсэн шугам, бичлэг зэрэг нь замын тэмдэглэлд хамаарна. Замын тэмдэглэлийг дангаар нь буюу замын тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ.
7.1.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, зорчих хэсгийн орохыг хориглосон газрыг хязгаарлах, тээврийн хэрэгслийн зогсоол болон зорчих хэсгийн хилийг тэмдэглэнэ;
7.2. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн зогсоолыг тэмдэглэнэ;
7.3. Зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.25 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр хийнэ. Хамтруулан хэрэглэсэн үед 2.25 тэмдгийн үйлчлэх хүрээ нь энэ тэмдэглэлээр хязгаарлах бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарна;
7.4. Зорчих хэсэг дээр эсрэг буюу нэг чигийн хөдөлгөөний урсгалыг тусгаарлаж, эгнээний хилийг заана;
7.5.Хөдөлгөөний урсгалыг дагуу буюу эсрэг чиглэлд тусгаарлахын хамт 7.1 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Тасархай шугамын нэг зурвасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин их байна.
7.6 Уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ. Тасархай шугамын нэг зураасны урт нь тэдгээрийн хоорондын зайтай тэнцүү байна;
7.7 Дөрөв буюу түүнээс дээш эгнээтэй замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;
7.8 Хөдөлгөөний урсгалыг дагуу болон эсрэг чиглэлд тусгаарлана;
7.9 "Зогс" шугам, 3.5 тэмдэг, гэрэл буюу зохицуулагчийн дохио хөдөлгөөнийг хориглосон үед тээврийн хэрэгсэл зогсох газрыг тэмдэглэнэ;
7.10 Хөндлөн замаар ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхийг тулд зогсох газрыг заана;
7.11.а,б "Гарцын шугам" -явган зорчигч замын зорчих хэсгийг хөндлөн гарах газрыг тэмдэглэнэ. Явган хүний хөдөлгөөний чигийг сумаар зааж тэмдэглэж болно. 7.11.а, тэмдэглэлээр зохицуулагддаггүй явган хүний гарцыг, 7.11.б тэмдэглэлээр зохицуулдаг явган хүний гарцыг тэмдэглэнэ;
7.12 Уулзварт тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг заана. Дангаар нь буюу 5.10 тэмдэгтэй хамт хэрэглэж болно. Зүүн гар тийшээ эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг зөвшөөрнө;
7.13 Энэ тэмдэглэл нь 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Гурвалжны орой нь хөдөлгөөний урсгалын эсрэг чиглэсэн байна;
7.14 "Зогс" бичлэг 3.5 тэмдэг байрлуулсан уулзварын өмнө 7.9 тэмдэглэлтэй хамт хэрэглэнэ;
7.15 Хөдөлгөөний урсгал нийлэх буюу салах газарт үлдэх зай, чигийг тэмдэглэнэ;
7.16 "Аюулгүйн зурвас" -зам хөндлөн гарч амжаагүй явган зоригчийн хүлээх газрыг тэмдэглэнэ;
7.17 Зорчих хэсгийн нарийсаж байгаа /тухайн чигт хөдөлгөөний эгнээ цөөрч/ буюу тээврийн хэрэгслийн сөрөг хөдөлгөөнийг тусгаарлах 7.1, 7.8 тэмдэглэл ойртож байгааг анхааруулна. 7.17 тэмдэглэл нь 1.15.а, б, в тэмдгүүдийн хамт хэрэглэгдэж болно;
7.18 Унадаг дугуйн зам зорчих хэсэгт огтлолцож байгаа хэсгийг тэмдэглэнэ;
7.19 Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болох замын байгууламжийн босоо хэсэг /гүүрийн тулгуур, усны хоолойн шугам гэх мэт/-ийг тэмдэглэнэ;
7.20 Гүүр, хонгил мөн замын байгууламжийн доогуур гарах үед уг байгууламжинд шүргэж болзошгүй хэсгийг тэмдэглэнэ;
7.21 Зорчих хэсгийн тусгаарлах зурвас болон бусад хэсэгт тэмдэг байрлуулах үед түүний суурийг тэмдэглэнэ;
7.22 Замын дагуу байрлуулсан шонг будаж тэмдэглэнэ;
7.23 Эргэх радиус багатай, мөн нурж болзошгүй зэрэг аюул бүхий замын хажуу гадаргууг тусгаарласан хаалтад зурж тэмдэглэнэ;
7.24 Тусгаарлах зурвас, замын саад болон аюул бүхий хэсгийн зах, хашлагыг тэмдэглэнэ.
27.Зорчих хэсэгт хөдөлгөөний нөхцөл,байдлыг баримжаалахад нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тэмдэглэл хийж болно.
28. 7.1 тэмдэглэлээр зорчих хэсгийн зах болон зогсоолын хилийг тэмдэглэснээс бусад тохиолдолд түүнийг давж гарахыг хориглоно. Энэ тэмдэглэлээр хязгаарласан зогсоолын зайнд орж   зогсоно.
7.4, 7.5 тэмдэглэлийг аль ч талаас нь давж болно. Харин дээрх тэмдэглэлүүдийн дээгүүр нь явахыг хориглоно.
29.7.8 тэмдэглэл байвал тасархай шугамтай талаас давж болно.
30.7.16 тэмдэглэлийг давах, дээгүүр нь явахыг хориглоно.
31.7.2, 7.3 тэмдэглэл шар өнгөтэй байна.
32.Замын тухайн хэсэгт байрлуулсан тэмдэг буюу тэмдэглэл өөр утгатай байвал тэмдгийн заалтыг баримтална..
 
/Засгийн газрын 2003 оны 99 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./
 
--------------oOo--------------