- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ САХИЛГЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1993 оны 143 дугаар тогтоолын 1-р хавсралт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ САХИЛГЫН ДҮРЭМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Иргэний агаарын тээврийн байгууллагын ажилтны сахилгын дүрэм /цаашид "сахилгын дүрэм" гэнэ/ нь нислэг хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, дэг журмыг хангах зорилгод нийцүүлэн иргэний агаарын тээврийн салбарт ажиллагчдад тавигдах нийтлэг шаардлага, хүлээх үүрэг, түүнийг зөрчигчдөд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлон зохицуулна.
2.Сахилгын дүрмийг Иргэний агаарын тээврийг удирдах төв болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн харьяа салбар нэгжид ажиллагчид дагаж мөрдөнө.
Зорчигчдын үйлчилгээ, нислэг хөдөлгөөний аюулгүй байдалд холбогдолгүй нэгж, салбарын ажиллагчдад энэ дүрэм хамаарагдахгүй бөгөөд тэдгээр албан тушаалын жагсаалтыг Иргэний агаарын тээврийг удирдах төв байгууллага тогтооно.
ХОЁР.Ажилтны үүрэг
3.Иргэний агаарын тээврийн байгууллагын ажилтан нь Хөдөлмөрийн хууль, Агаарын зайд нислэг үйлдэх тухай Монгол улсын хуулийн нийтлэг шаардлага, хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааварт заасан болон дор дурдсан үүргийг хүлээнэ. Үүнд:
а/иргэний агаарын тээврийн байгууллагад тогтоосон дүрэм, журам, технологийн зааврыг үйл ажиллагаандаа хэлбэрэлтгүй дагаж мөрдөх;
б/байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргээ чанд биелүүлж байх;
в/удирдлагаас өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлж, тухай бүр эргэж илтгэж байх;
г/нислэгийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрийн хүлээсэн үүргийн дагуу авч байх;
д/ажил, үйлчилгээний болон нислэгийн цагийн хуваарийг баримтлах;
е/үйлчлүүлэгч байгууллага, иргэдийг нислэг, тээвэрлэлт, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээллээр хангаж, хөнгөн шуурхай, соёлч боловсон үйлчлэх;
ж/хээл хахууль авах, танил харах, шан харамж шаардах зэргээр иргэний агаарын тээврийн ажилтны нэр хүндэд харшлах үйлдэл гаргахгүй байх;
з/хууль тогтоомж, ажил, үйлчилгээний технологийг зөрчиж нислэгийн аюулгүй байдалд харшилсан хууль бус үйлдэл /эс үйлдэл/-ийг хэн үйлдсэнийг эс харгалзан түүнтэй үл эвлэрэн зохих байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдээлж байх;
и/ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ дүрэмт болон ажлын хувцсыг зохих журмын дагуу хэрэглэх.
4.Иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг үндэслэн иргэний агаарын тээврийн байгууллагын ажиллагчдын өөр хоорондын харилцааны онцлог журмыг нислэгийн технологийн журам, зааварт тодорхойлон тогтоож болно.
ГУРАВ.Сахилгын шийтгэл ногдуулах
5.Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийн хуваарь, ажил, үйлчилгээний дүрэм, журмын шаардлага болон энэ дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд дор дурдсан сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд:
а/сануулах;
б/хөдөлмөрийн хөлсийг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах;
в/нислэг, нислэгийн хөдөлгөөний удирдах болон нислэгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажлаас 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар чөлөөлж өөр ажилд шилжүүлэх.
Энд дурдсан сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулахгүй.
6.Энэ дүрмийн 3 дугаар зүйлд заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, албан үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн зэргээр нислэг хөдөлгөөний болон техник ашиглалтын дүрэм, журмыг ноцтой зөрчсөн ажилтанд ажлаас халах хүртэл шийтгэл ногдуулж болно.
7.Ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 58 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг баримтална.
8.Энэ дүрмийн 5 дугаар зүйлийн "в"-д заасан шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол ажилтныг өмнөх ажил, албан тушаалд нь томилон ажиллуулж болно.
9.Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.
10.Энэ дүрэмд заасан сахилгын шийтгэлийг Иргэний агаарын тээврийг удирдах төв болон орон нутгийн байгууллагын эрх баригч албан тушаалтан ногдуулж, энэ тухай тушаалыг уг ажилтанд танилцуулж гарын үсэг зуруулан хувийн хэрэгт нь хавсаргана.
11.Сахилгын шийтгэл авагдсан ажилтан нь албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлэн засарч хүмүүжсэнээ харуулбал нэг жилийн хугацаа дуусахаас өмнө уг шийтгэлийг арилгаж сахилгын шийтгэлгүйд тооцож болно.
12.Ажилтан өөрт нь ногдуулсан сахилгын шийтгэлийн талаархи гомдлоо тушаалтай танилцсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний агаарын тээврийг удирдах төв байгууллагын даргад гаргаж болно.
Дарга уг гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор, хэрэв нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол нэг сарын хугацаанд шийдвэрлэж гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.
Гомдол гаргах нь сахилгын шийтгэлийг биелүүлэхэд саад болохгүй.
---oOo---
Текст томруулах
A
A
A