A

A

A

Бүлэг: 1979
/ЗГ-ын 1999 оны 183-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
АВТО ТЭЭВРИЙН АШИГЛАЛТЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
 1. Авто тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тээврийн хэрэгслийг ашиглах, ачаа, зорчигчид тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
 2. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын болон гадаадын үйлдвэрийн газар, байгууллага, иргэдэд энэ журам нэгэн адил үйлчилнэ.
Хоёр. Авто тээврийн хэрэгслийн ашиглалт
3. Авто тээврийн хэрэгсэлд авто замын хөдөлгөөнд оролцдог бүх төрлийн ачааны болон суудлын автомашин, тусгай зориулалтын автомашин, чиргүүл, автобус, троллейбус, тээврийн дугуйт трактор, мотороллер багтана.
 4. Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ, засварыг тогтоосон горимын дагуу гүйцэтгэх, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийг зөвшөөрөгдөх норм хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, зорчигчид, ачаа, тээвэрлэлтийн шаардлага, техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөн, тээвэрлэлтэд оролцох үүрэгтэй.
  5. Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь гал түймэр, хөдөлгөөний осол зөрчил гаргахгүй, байгаль орчныг бохирдуулахгүй, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан зориулалтын гарааш зогсоол, талбайд тээврийн хэрэгслийг хадгална.
 6. Авто тээврийн хэрэгслийг жил бүрийн техникийн үзлэг, тооллогод бүрэн хамруулж, тогтоосон журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн шилжилт хөдөлгөөнийг тухай бүр хийлгэж байна.
 7. Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь тэдгээрийн техник ашиглалтын байдлыг тодорхойлох хувийн хэргийг хөтөлж, тээвэрлэлт гүйцэтгэхдээ замын хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх бөгөөд шалгах эрх бүхий хүмүүсийн шаардсанаар тэдгээрийг үзүүлж байна.
 8. Тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын хувийн хэргийг Дэд бүтцийн хөгжлийн яамны эрх олгосон аймаг, нийслэлийн тээврийн газрууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Замын цагдаагийн газар, замын хуудсыг авто тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага тус тус олгож байна.
 9. Аж ахуйн нэгж, байгууллага нь авто тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг хэрхэн хангасныг шалгах мэргэжлийн алба, хүмүүсийг зохион байгуулан ажиллуулж авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөн, тээвэрлэлтэд оролцохыг зөвшөөрч замын хуудас
 олгоно.
 10. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа авто тээврийн хэрэгсэлд техникийн тусламж үзүүлэх арга хэмжээг ачаа, зорчигчдыг тээвэрлэж байгаа болон түүнийг зуучлан зохицуулах тээврийн байгууллагууд хамтран зохион байгуулна.
 11. Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь авто зам, гүүр, түүний байгууламжийг техникийн нөхцөл, шаардлагын дагуу ариг гамтай ашиглах үүрэгтэй бөгөөд газрын хөрс, байгаль орчныг бохирдуулахыг хориглоно.
 12. Авто зам, гүүр, түүний байгууламжийг эзэмшигч нь түүгээр тээврийн хэрэгсэл осол, зөрчилгүй, саадгүй зорчиход бэлэн байлгах үүрэгтэй бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саатал учруулдаг замын хэсгийг шуурхай засварлаж байна.
Гурав. Зорчигч, ачаа тээвэрлэлт
13. Дэд бүтцийн хөгжлийн яам, нутгийн захиргааны байгууллага нь тээврийн талаархи төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах, гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий айгууллагуудыг зохион байгуулж ажиллуулна.
   14. Улсын хил нэвтрэн хийгдэх тээвэрлэлтийг улс хоорондын хот, аймгуудын нутаг дэвсгэрийг дамжин хийгдэх тээвэрлэлтийг хот, аймаг хоорондын, тухайн аймаг, орон нутгийн дэвсгэр нутагт хийгдэх тээвэрлэлтийг орон нутгийн, хот суурин газрын нутаг дэвсгэрт хийгдэх тээвэрлэлтийг хот доторхи тээвэрлэлт гэж тус тус ангилна.
  15. Дэд бүтцийн хөгжлийн яам, түүний эрх олгосон тээврийн байгууллагаас ачаа, зорчигчид тээвэрлэх ажлыг байнга буюу түр хугацаагаар гүйцэтгэх, тээврийн экспедицийн болон зуучлах үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд тэдгээрийн эрхлэх ажлын хүрээ, хязгаар, тээвэрлэлтийн болон техникийн шаардлагыг тогтоосон зөвшөөрөл /лиценз/-ийг олгоно.
16. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд энэхүү дүрмийн 15-д заасан тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /лиценз/ олгох журмыг Дэд бүтцийн хөгжлийн яам баталж мөрдүүлнэ.
  17. Улс хооронд автомашинаар зорчигч, ачаа тээвэрлэх замын чиглэлийг нээх, хаах шийдвэрийг хоёр талын болон олон улсын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн Дэд бүтцийн хөгжлийн яам гаргах бөгөөд тухайн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, тээвэрлэлтийг зохицуулах ажлыг тээвэр зохицуулах эрх бүхий тээврийн газрууд гүйцэтгэнэ.
 18. Зорчигч, ачаа тээвэрлэх ажлыг байнга болон түр гүйцэтгэх зөвшөөрөл /лиценз/ бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд тээврийн хэрэгслээ тээврийн шалган бүртгэх товчоодод заавал бүртгүүлж байна.
 19. Зорчигч, ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл замд эвдэрч саатвал тухайн зорчигч, ачаа тээвэрлэх ажил гүйцэтгэж байгаа буюу зуучлан үйлчилсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь ачаа, зорчигчдыг зохих газар нь хүргэх арга хэмжээг яаралтай авна.
 20. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь зорчигч, ачаа тээвэрлэлтийн хөлсний үнэ, тариф, үйлчилгээний хэмжээ, хөлс төлж дуусгах эцсийн хугацааг гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.
 21. Гэрээнд заасан ачааг дутуу тээсэн буюу хугацаа хожимдуулсан, тээвэрлэхээр хүлээн авсан ачаа, тээшийг алдсан, дутагдуулсан, гэмтээсэн, авто тээврийн хэрэгслийг саатуулсан, тээвэрлэлтийн хөлсийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлагыг тээвэрлэлтийн гэрээнд тусгана.
Дөрөв. Зорчигч тээвэрлэлт
     22. Нийтийн үйлчилгээний зорчигч тээвэрлэлтийг тодорхой чиглэлд гэрээ, байнгын үйлчилгээний цагийн хуваарийн дагуу автобус, троллейбус, суудлын болон зорчигч тээвэрлэхээр тоноглогдсон автомашинаар гүйцэтгэнэ.
     23. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний байнгын чиглэлийг нээх, өөрчлөх, хаах, тээврийн хэрэгслийн тоог тогтоох, хөдөлгөөний цагийн хуваарийг батлах шийдвэрийг дор дурдсан байгууллагууд гаргана:
     а/аймгийн төв, нийслэлийн доторхи болон хот орчмын хийгээд орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний талаархи шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар;
     б/хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний талаархи шийдвэрийг Дэд бүтцийн хөгжлийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр хот хоорондын зорчигч тээврийг зохицуулах хяналт тавих эрх бүхий тээврийн байгууллага;
     в/аймаг хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний талаархи шийдвэрийг холбогдох аймгуудын Засаг даргын Тамгын газар болон хот хоорондын зорчигч тээврийг зохицуулж хяналт тавих эрх бүхий тээврийн байгууллага тохиролцож;
     г/улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээтэй холбогдсон шийдвэрийг тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу Дэд бүтцийн хөгжлийн яамнаас олгосон зөвшөөрлийг үндэслэн эрх бүхий тээврийн газар;
  24. Зорчигч тээвэртэй холбоотой зорчих эрхийн тийз, бусад баримт бичгийн загвар, тэдгээрийг худалдах, ашиглах журмыг Дэд бүтцийн хөгжлийн яам гаргана.
   25. Зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
          а/гэрээ, хэлцэл, чиглэлийн дагуу зорчигчдод хөнгөн шуурхай үйлчилж аян замд нь амрааж, хооллох, шаардлагатай бол зочид буудалд оруулах зэрэг үйлчилгээгээр хангаж, хугацаанд хүргэх;
     б/тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн бэлэн байлгахын хамт өнгө үзэмж сайтай, сандал, бүрхүүл, халаалт, гэрэл, гишгүүр, шат зэрэг зориулалтын төхөөрөмжөөр бүрэн тоноглож, зорчигчдын тухтай зорчих нөхцөлийг хангасан байх;
      в/тээврийн хэрэгслийг холбогдох газар шалгуулж зорчигч тээвэрлэх зөвшөөрөл авсан байх;
     г/нийтийн тээврийн үйлчилгээний байнгын чиглэлд үйлчлэхдээ хөдөлгөөний нэгдсэн хуваарьт орж түүнийг мөрдөн ажиллах;
      д/нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа тээврийн хэрэгслийн дотор тээврийн хөлсний тарифын хэмжээг нийтэд хамрагдах газар байрлуулах ба зорчигчдод зөвхөн энэ дүрмийн 24-д заасан журмаар хэвлэсэн зорчих эрхийн тийз олгоно.
     е/нийтийн тээврийн хэрэгслээр улс, хот, аймаг хоорондын зорчигчдын овог, нэрийг бүртгэн авч, зорчих эрхийн тийзийн үйлчилгээний төрөл, тээврийн хэрэгслийн зориулалт, суудлын тоонд олгох;
      ж/улс, хот, аймаг хооронд зорчин явагчид замдаа өвчлөх зэрэг хүндэтгэх шалтгаанаар цааш явж чадахгүйд хүрвэл замын үлдсэн хэсэгт ногдох зардлыг буцааж өгөх буюу дараагийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зохих газарт нь хүргэх арга хэмжээ авах;
     з/зорчигч үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч, кондуктор нь зорчигчдод нийгмийн хэв журам сахих, тээврийн үйлчилгээний дүрэм, журмыг биелүүлэх талаар шаардлагатай холбогдох арга хэмжээ авах.
                  26. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид дор дурдсан үүрэг хүлээнэ:
      а/үйлчилж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэх, тэднээс үүргээ биелүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх, өндөр настан, хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, тахир дутуу хүмүүст туслах зэрэг соёлч боловсон байдлыг сахиж, буух, суухдаа дарааллын журмыг баримтлах;
     б/улс, хот, аймаг хооронд зорчин явах хугацаандаа паспорт, холбогдох бусад бичиг баримт, тийзийг биедээ авч явах ба жолооч, кондуктор болон шалгах эрх бүхий хүмүүсийн анхны шаардлагаар үзүүлэх;
     в/нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр гэрийн тэжээвэр  амьтан, зорчигчдын эрүүл мэндийг хордуулах, тэдний хувцас, тээврийн хэрэгслийн дотоод тавилга хэрэгслийг бохирдуулах буюу гэмтээж болзошгүй хурц үзүүр, иртэй зүйл, тэсэрч дэлбэрэх бодис, буу, зэвсгийг авч явахгүй байх;
     г/нийтийн үйлчилгээний авто тээврийн хэрэгсэл дотор тамхи татах, хог хаях, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, жолооч, кондукторын зөвшөөрөлгүй цонх, хаалга онгойлгох, хөдөлгөөний үеэр жолоочтой ярих болон хөдөлгөөний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийхгүй байх;
     д/зорчих замд түр бууж амрах, буудал товчоонд бүртгүүлэх, хоноглох үед байгаль орчныг бохирдуулах, ил задгай гал түлж түймэр тавих зэрэг зөрчил гаргахгүй байх.
     27. Зорчигчид нь тээврийн хэрэгслийн сандал, гэрэл, бүрхүүл болон бусад тоноглол, төхөөрөмжийг гэмтээвэл түүний үнийг төлж хохиролгүй болгоно.
     28. Улс, хот, аймаг хооронд зорчигч нь зорчих эрхийн тийз урьдчилан худалдаж аваад хугацаандаа явж чадаагүй бол 3 хоногийн дотор уг тийзийг буцаан өгч үйлчилгээ үзүүлсэн болон суудал хоосон явуулсны төлбөрийг суутгуулан үлдэх хэсгийг эргүүлэн авч болно.
 
 
Тав. Ачаа тээвэрлэлт
29. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь ачаа тээвэрлэлтийн ажлыг улсын болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн захиалгыг үндэслэн Монгол Улсын Иргэний хууль болон энэхүү дүрмийг баримтлан гэрээ, хэлцлийн дагуу гүйцэтгэнэ.
 30. Гэрээнд тээвэрлүүлэх ачааны нэр төрөл, тоо хэмжээ, тээвэрлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн хөлсний тооцоо хийх, ачааг ачиж буулгах ажлыг зохион байгуулах, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан байвал зохино.
 31. Тээвэрлэгч нь ачаа барааг бүрэн бүтэн хүргэхэд шаардагдах нөхцөлийг бүрдүүлж, шатахуун, тосолгооны материалаар бүрэн хангасан тээврийн хэрэгсэл ажиллуулж, тээвэрчдийг амраах, хооллох нөхцөлийг хангаж тээвэрлэлт эрхлэх зөвшөөрөл /лиценз/-ийн шаардлагыг биелүүлсэн байна.
 32. Улсын захиалгатай буюу улс орон, хүн амын нийтлэг хэрэгцээний ачааны тээвэрлэлтийг өөрийн нутаг дэвсгэртээ тухайн аймаг, хотын тээврийн газрууд нэгдсэн журмаар зохион байгуулж зохицуулна. Харин улс, хот, аймаг хооронд дамжин ачаа тээвэрлэгдэх бол аймаг, хотын тээврийн газар, улс, хот хоорондын ачаа тээвэрлэлтийг зохицуулах эрх бүхий байгууллагатай гэрээ, хэлцэл хийсний үндсэн дээр зохицуулна.
 33. Нэгдсэн зохицуулалт, зохион байгуулалттайгаар тээвэрлүүлэх ачааны захиалгыг хүлээн авч гэрээ хийсэн тээвэр зохицуулах эрх бүхий байгууллага нь шаардагдах тээврийн хэрэгслийн хэрэгцээг тодорхойлон, автомашин бүхий өмчийн олон хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад мэдээлэн тэдгээрийг уг тээвэрлэлтэд чөлөөтэй өрсөлдүүлж оролцуулна.
 34. Түргэн гэмтэх, хортой, тэсэрч дэлбэрэх аюултай, овор ихтэй, хэт хүнд ачааг тээвэрлэхэд шаардагдах нэмэгдэл төхөөрөмж бэхэлгээг тээвэрлүүлэгч байгуулагатай тохиролцон тээвэрлэгч байгууллага хариуцан хийж гарах зардлыг тээврийн хөлсний хамт авна.
 35. Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь ачаа тээвэр гүйцэтгэхэд дор дурдсан үүрэг хүлээнэ:
     а/захиалгат буюу гэрээт ачааг зориулалтын тээврийн хэрэгслээр тогтосон хугацаанд хүлээн авах газарт нь бүрэн бүтэн хүргэх;
     бачааны тээвэрлэлтийг байнга эрхлэх буюу түр хугацаагаар гүйцэтгэх зөвшөөрөл /лиценз/-ийг эрх бүхий байгууллагаас авсан байх;
     в/тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд өөрсдийн нэр хаяг, тээврийн хүч чадал, үнэ тариф зэрэг тээврийн үйлчилгээтэй холбогдсон үнэн зөв мэдээлэл өгөх;
     г/гэрээ буюу захиалгатай ачааг тээвэрлэгчийн буруугаар өөр газарт буулгасан бол уг ачааг өөрийн зардлаар зохих газарт нь хүргэж өгөх.
            36. Ачаа илгээгч, хүлээн авагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь ачаа тээвэрлүүлэхдээ дор дурдсан үүргийг хүлээнэ:
     а/ачааны баглаа, боодол, сав, бэхэлгээ битүүмжлэлт /лац, ломбо/, хаягийг улсын стандарт, техникийн нөхцөлийн дагуу хийсэн байх;
     б/ачааг нэр төрөл, илгээх чиглэлээр ялган ачихад бэлтгэсэн байх;
     в/ачааг ачиж буулгахад шаардагдах машин механизм бусад хэрэгсэл болон хүн хүчийг бэлтгэж, зам талбайг чөлөөтэй байлгах;
     г/ачааг ачсан, буулгасан тухай тэмдэглэлийг холбогдох баримт бичигт бүрэн хийж баталгаажуулан жолоочид олгох;
     д/ачааг ачиж буулгах ажлыг хариуцан гүйцэтгэх бөгөөд ачаа ачихдаа хөдөлгөөний аюулгүй болон ачааны бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүй, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулахгүй байх шаардлагыг хангасан байх.
37. Дээр дурдсан бэлтгэлийг хангаагүй тохиолдолд тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь уг ачааг тээвэрлэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд гэрээнд заасан хугацаанд уг ачааг тээвэрлээгүйгээс хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөнө.
                 38. Ачаа тээвэрлэгч байгууллага, иргэд, хүлээн авагч нь ачаа хүлээн авахдаа дор дурдсан журмыг баримтална:
     а/ачаа нь стандартын сав, баглаа, боодол, хайрцагтай багцлалтай байвал түүнд заасан /ярлык/ тоо ширхэг, хүндийн хэмжээ, чанар б айдлаар хүлээн авч, хүлээлгэж өгнө;
     б/стандартын баглаа, боодол, хайрцаг сав хэрэглэх боломжгүй задгай ачааг газар дээр нь хэмжиж тогтоосон хүндийн хэмжээгээр;
     в/газар дээр нь хэмжих, жигнэх бололцоогүй ачааг тээвэрлүүлэгчтэй тохиролцсон хэмжээгээр;
     г/бараа материал, түүхий эд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг ачаа тээвэрлэлтэд бэлтгэх, тээвэрлэлтийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, чанарыг нь алдагдуулахгүйн тулд стандартын бөаглаа боодол, хайрцаг сав, ярлык, хаяг зэргээр хангасан байх бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй нөхцөлд ачааг тээвэрлэлтэд хүлээн авахгүй.
 39. Ачаа хүлээн авагч байгууллага нь ачааг жолоочоос энэ дүрмийн 3, 8 дугаар зүйлийг баримтлан хүлээн авах бөгөөд хэрэв ачааны лац, ломбо, баглаа, боодол, хайрцаг, сав гэмтсэн буюу хаяг /ярлык/-т хүндийн хэмжээг заагаагүй бол тогтоосон журмаар хэмжиж нэг бүрчлэн шалгаж тоолж хүлээн авна. Тээврийн дагалдах баримтад заасан хэмжээнээс зөрчсөн буюу гэмтсэн байвал тусгай акт тогтоон хүлээж авна.
     40. Тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэж ирсэн ачааг ачаа хүлээн авагч нь саадгүй авна.
     41. Хүлээн авагчийн гэрээ, захиалгагүй ачааг тээвэрлүүлбэл түүнээс үүдэн гарах бүх зардал, хохирлыг ачаа илгээгч хариуцна.
     42. Хүлээн авагч байгууллага нь ачаа буулгаж авсны дараа автомашины тэвш, чингэлгийг цэвэрлэх, угаах, шаардлагатай бол ариутгал хийж байна.
     43. Тээвэрлэгч болон ачаа илгээгч, хүлээн авагч байгууллагууд хоорондоо материалын хариуцлага тооцохдоо гэрээ дүгнэсэн баримтыг үндэс болгоно.
     44. Ачаа тээвэрлэгч нь ачааг дутагдуулсан, чанарыг нь бууруулсны хариуцлагаас доорхи нөхцөлд чөлөөлөгдөнө:
     а/ачааны чингэлэг, сав баглаа, боодол, лац, ломбо бүрэн байсан;
     б/тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардах ачааг түүний илгээгч нь технологийн дагуу бэлтгэж ачуулаагүй;
     в/ачаа илгээгч, хүлээн авагч байгууллагын төлөөлөгчид ачааг хариуцан хамт явсан;
     г/ачааны чанарын ангилал, тоо ширхэг тохирсон боловч жингийн зөрүү гаргасан.
     45. Байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, гал түйсэр эсэргүүцэх зэрэг гэнэтийн аюул  тохиолдсон үед тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах, тээвэрлэлтийн маршрутыг өөрчлөх шийдвэрийг улс хоорондын болон хот хоорондын тээврийн чиглэлд Дэд бүтцийн хөгжлийн яам, орон нутгийн тээврийн чиглэлд тухайн аймаг, сумын Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж нийтэд мэдээлнэ.
     46. Байгалийн гэнэтийн аюул, хүн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, гал түймэр эсэргүүцэх, улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан зайлшгүй шаардлагатай нөхцөлд хуулиар тогтоосон хүрээнд эрх бүхий байгууллага тээврийн дайчилгааг хийж болно.
     47. Дайчилгааны тээврийн зардлыг нөхөх асуудлыг шийдвэрийг гаргасан эрх бүхий байгууллага хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
     48. Дайчилгаанд хамрагдсан тээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж байгууллага автомашиныг тогтоосон хугацаанд заавал гаргах үүрэгтэй.
     49. Тээврийн дайчилгаанд ажиллаж байгаа автомашиныг өөр тээвэрт ашиглахыг хориглоно.
     50. Тээвэрлэлтэд оролцох аж ахуйн нэгж, байгууллага, иргэд энэхүү дүрэм болон автотээврийн талаар гарсан хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад тавих хяналт шалгалтыг Дэд бүтцийн хөгжлийн яамны тээвэр зохицуулах эрх бүхий төв, орон нутгийн тээврийн байгууллага, авто тээврийн улсын хяналтын алба гүйцэтгэнэ.
-------------оОо------------