A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 75 дугаар тогтоолын хавсралт

/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АЖИЛЛАГЧДЫН САХИЛГЫН ДҮРЭМ
     Нэг. Нийтлэг үндэслэл
     1.1. Түлш, эрчим хүчний үйлдвэрлэл нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гол нөхцөлийг бүрдүүлдэг учир тэдгээрт ажиллагчид нь сахилгын тусгай дүрэм /цаашид "сахилгын дүрэм" гэх/-ийг мөрдөж ажиллана.
     1.2. Дүрмийн зорилго нь түлш, эрчим хүчний салбарын үйлдвэрүүдэд Монгол Улсын хууль тогтоомж, үйлдвэрийн хөдөлмөрийн дотоод журам, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг ханган, тэдгээрийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, түлш, эрчим хүчний хангамжийг хэвийн, найдвартай байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
     1.3. Сахилгын энэхүү дүрмийг түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад /цаашид "байгууллага" гэх/ дагаж мөрдөнө.
     Түлш, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн бусад хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү дүрмийг мөрдөж болно.
     Хоёр. Захиргааны үүрэг, эрх
     2.1. Ажилтанд анх ажилд ороход нь тухайн албан тушаалын заавар, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, сахилгын дүрэм, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, холбогдох бусад хууль тогтоомжуудыг нэг бүрчлэн танилцуулсан байх;
     2.2. Ажиллагчдаас техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам заавруудын дагуу шалгалт авч эрхийн үнэмлэх олгосон байх бөгөөд аюулгүй ажиллагааны талаар зааварчилга тогтмол өгч байх;
     2.3. Ажил, албан тушаал гүйцэтгэхтэй нь холбогдсон хууль, дүрэм, заавар, журмаар хангаж, ажлын байранд тавьсан байна.
     Ажлын байр, тоног төхөөрөмж, машин механизмын онцлог болон цаг үеийн шаардлагын дагуу ашиглалт, засварын ажлын үед мөрдөх дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн боловсруулж мөрдүүлэхээс гадна ээлж хүлээлцэх, ээлжийн хугацаанд ажлын байранд ажиллах дэг, хяналт, шалгалт, үзлэг үйлчилгээний маршрут, график, түүнчлэн үүрэг даалгавар өгөх, түүнийг биелүүлэх, эргэж мэдээлэх, мөн мэдээ мэдээлэл хийх, түүнийг хүлээн авах, эргэж мэдээлэх журам, аваари, осолгүй ажиллагааны шагнал олгох нөхцөл, журам зэргийг заавал баталж мөрдүүлнэ.
     2.4. Ашиглалтын үед мөрдөх ажиллагааны горимын техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг техник, тоног төхөөрөмж, машин механизм бүрийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
     2.5. Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцөлийг ханган ажиллагчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулах журам тогтоож, онцгой объектод ажиллагчдын эрүүл мэндийн дэвтэр олгоно.
     2.6. Технологийн тасралтгүй ажиллагаатай дамжлагын ажиллагчдын ээлж солилцоход дараахь нөхцөлийг хангуулан энэ талаар рапорт, мэдээлэл авсны үндсэн дээр шийдвэр өгнө. Үүнд:
     -дараагийн ээлжинд хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бэлтгэлийг бүрэн хангуулсан байх;
     -ажлын цаг дуусахаас өмнө тухайн өдөрт гүйцэтгэсэн ажлыг нарийвчлан шалгасан байх;
     -хэрэв ажилтан ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон буюу гарсан аваарь, зөрчлийг арилгаж чадахгүй тохиолдолд түүнийг ажлаас түр чөлөөлж, өөр хүнийг томилох буюу анхан шатны удирдагчаар уг ажил үүргийг гүйцэтгүүлнэ;
     -аваарь, зөрчил гарсан буюу гарч болзошгүй нөхцөлд ээлж солилцуулахыг хориглох бөгөөд дараахь ээлжийн ажилтныг оролцуулан ажиллуулж аваарь саатлыг устгасны дараа ээлж солилцуулна.
     2.7. Ажлын байранд хийх үзлэг шалгалтыг удирдлагын шат тутмаас дараахь хугацаанд хийж гүйцэтгэнэ.Үүнд:
     -ээлжийн ахлагч, бригадын дарга нар ажил эхлэх, дуусах үе, ажлын үргэлжлэх хугацааны дотор 2 цаг тутамд;
     -тасаг, цехийн удирдлага ажил эхлэх, дуусах үед, түүнчлэн ажлын өдрийн үргэлжлэх хугацаанд 2-оос доошгүй удаа;
     -үйлдвэрийн удирдлага, инженер, техникчид 7 хоног тутамд ажлын гол гол байруудаар, 14 хоног тутамд ажлын бүх байрааар 1 удаа тус тус үзлэг хийж хяналт шалгалт явуулна.
     Үзлэг, шалгалтын дүнг 7, 14 хоног тутамд нэгтгэж гарган дүгнэж байна.
     Үйлдвэрийн дотоод хяналт, шалгалтыг тогтмол явуулна.
     2.8. Үйлдвэрийн ажиллагааны явц, гарсан өөрчлөлт, аваарь, осол гарсан шалтгаан, түүнийг арилгасан тухай, үүрэг даалгаврын биелэлт, сахилгын зөрчил хүлээлгэсэн болон шагнал урамшил үзүүлсэн талаар дотоодын мэдээллийн бүх төрлийн хэрэгсэл /ханын сонин, радио узель зэрэг/-ээр хамт олонд тухай бүр мэдээлж байна.
     2.9. Ажлын байранд гүйцэтгэсэн шуурхай ажиллагааны дэвтэрт тухайн ажлын байранд ажиллагчид өгөгдсөн үүрэг, шийдвэрийн талаар тэмдэглэж байхын хамт тоног төхөөрөмжид гарсан гэмтлийн талаар тусгай дэвтэр бичиж, дэвтрүүдийг бүрэн бүтэн байлгаж хадгалуулах бөгөөд дэвтрийн хуудсыг дугаарласан байна.
     2.10. Үзлэг, шалгалт хийсэн, үүрэг, даалгавар, шийдвэр хүлээн авч биелүүлсэн, ажил гүйцэтгэсэн тухайгаа тусгай дэвтэрт тэмдэглэх бөгөөд энэ нь ажлыг хугацаанд нь чанартай зөв гүйцэтгэсэн эсэхийг тодорхойлох баримт болно.
     Гурав. Ажилтны үүрэг, эрх
      3.1. Гүйцэтгэх ажил, албан тушаалд тохирсон мэргэжил эзэмшиж, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны арга барилд суралцан шалгалт өгч, мэргэжлийн ба аюулгүй ажиллагааны зохих зэрэглэлийн эрхийн үнэмлэх авсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм, заавруудыг судалж мэдсэн байна.
     3.2. Ажилтан өөрийн мэдлэг чадвар хүрэхгүй ажлыг дур мэдэн гүйцэтгэж болохгүй бөгөөд энэ дүрмийн 3.1-д заасан шаардлагыг зөрчиж ажил, үйлдэл гүйцэтгэх даалгавар авч болохгүй.
     3.3. Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг биелүүлж тогтоосон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт орсон байна.
     3.4. Ажилд орох бүртээ аюулгүй ажиллагааны зэрэглэлийн үнэмлэх /шаардлагатай бол эрүүл мэндийн дэвтэр/-ээ шалгуулна.
     3.5. Ажлын байранд шуурхай ажиллагааны дэвтэр, үүрэг, шийдвэрийн дэвтэр, техник, тоног төхөөрөмжид гэмтэл гарсныг тэмдэглэх дэвтэр болон бусад бичиг баримтыг тогтоосон журмын дагуу хөтөлж, тэдгээрийг байнга бэлэн, бүрэн бүтэн байлган, үйлдвэр, цех, тасгийн удирдлагад тухай бүр танилцуулж, энэ тухай гарын үсэг зуруулан авч байна.
     Удирдлагаас амаар болон бичгээр өгсөн үүрэг, шийдвэр бүрийг үүрэг, шийдвэрийн дэвтэрт тэмдэглэнэ.
     3.6. Ажилтан ажлын ээлж эхлэхээс 20-иос доошгүй минутын өмнө ажлаа хүлээж авах бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилд ирж чадахгүй тохиолдолд 4-өөс доошгүй цагийн өмнө шууд удирдах ажилтандаа мэдэгдэж зөвшөөрөл авна.
     3.7. Тоног төхөөрөмж,  машин механизм бүрт тогтоосон горимд заасан техник-эдийн засгийн горимын тогтоосон үзүүлэлтийг мөрдөж ажиллуулна.
     3.8. Ажлын байр, машин механизм, тоног төхөөрөмжид байнга үзлэг үйлчилгээ хийж, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зохих нөхцөлийг бүрдүүлж ажиллана. Үзлэг, үйлчилгээ хийсэн тухай тусгай дэвтэрт тэмдэглэн, удирдлагадаа танилцуулж мэдээлнэ.
     3.9. Хариуцсан ажилтай нь холбогдуулан бүх шатны удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэж мэдээлж байна.
     3.10. Ажиллагааны явцад тоног төхөөрөмж, машин механизмд гарсан эвдрэл, гэмтлийн талаар болон түүнд хүргэж болзошгүй нөхцөл байдлын талаар түүнчлэн хэвийн бус бусад ажиллагааны талаар цаг тухайд нь дээд шатны удирдах албан тушаалтанд мэдэгдэж байхын дээр өөрийн хариуцаагүй ажлын байр, машин тоноглолын гэмтэл, согогийн талаар мэдсэн бол тэр даруй удирдах албан тушаалтанд мэдээлнэ.
     3.11. Үйлдвэрлэлийн аваарь, саатлыг арилгах ажилд оролцуулахаар дуудсан тохиолдолд анхны дуудлагаар ажлын байранд хүрэлцэн ирнэ.
     3.12. Хариуцсан ажилтай нь холбогдуулан олгосон ажлын  хувцас, хамгаалах багаж хэрэгсэл, бусад зүйлийг зориулалтын дагуу гамтай хэрэглэнэ.
     3.13. Мэдээ, мэдээлэл өгөх, хэрэглэгчдийн эрэлт, хүсэлт хүлээж авах, хариу өгөхдөө аль болох бага хугацаанд товч тодорхой ярьж харилцана.
     3.14. Ээлж солилцох, ажил хүлээлцэх бүрт ээлж солилцогчид ажлын байр нэг бүрээр заавал хамтдаа явж, тоног төхөөрөмж бүрийг хүлээлцэх бөгөөд ажлын байр эзэнгүй орхих, ажлын байранд унтах, тоглох, бусадтай ярьж хуучлах, дуу чимээ гаргах, хөгжим сонсох, телевиз үзэх, ном, сонин унших, гаргасан буюу илэрсэн зөрчил дутагдлыг нуун дарагдуулах, эвлэрэн хаацайлах зэргийг хатуу хориглоно.
     Ээлж хүлээж авах хэвийн нөхцөл бүрдээгүй гэж үзвэл ээлж хүлээж авахаас татгалзах бөгөөд хэрвээ хүлээж авсан бол түүнээс үүдэх хариуцлагыг ээлж хүлээн авагч хариуцна.
     3.16. Ээлжийг дуусгалгүй хүлээлцэх, ажлын байрнаас түр хугацаагаар холдох зайлшгүй шаардлага гарвал энэ тухайгаа удирдлагадаа мэдээлж, түүнээс зөвшөөрөл авна.
     Дөрөв. Сахилгын зөрчил, хүлээлгэх хариуцлага
     4.1. Монгол Улсын Хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилтны албан тушаалын зааварт заасан ажил, шаардлагууд болон техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, заавруудыг зөрчсөн үйлдлийг сахилгын зөрчил гэж үзнэ.
     4.2. Зөрчил гаргасан ажилтанд байгууллагын даргын тушаалаар дор дурдсан сахилгын шийтгэлийг ногдуулна.
     асануулах;
     б/сарын цалинг 3 хүртэл сарын хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
     в/ ажлаас халах.
     4.3. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад дараахь чиглэлийг баримтална. Үүнд:
     а/анх удаа сахилгын зөрчил гаргасан буюу зөрчлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан ажилтныг сануулах буюу цалинг нь бууруулах;
     б/хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг тоносон, эд ангийг хулгайлсан, эд хөрөнгө завшсан, өөрийн буруугаар нэг төрлийн аваарь давтан гаргасан, хүндэтгэх шалтгаангүйгээр дараалсан 3 өдөр буюу сарын дотор нийлбэр дүнгээрээ 6 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол ажлаас халах;
     в/нэг зөрчилд сахилгын шийтгэл давхардуулан ногдуулж болохгүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаанд дахин сахилгын зөрчил гаргаагүй бол уг ажилтныг сахилгын шийтгэлгүйд тооцоно.
     4.4. Мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны зэргийн шалгалт өгөх хугацаа хэтрүүлсэн, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой, эсвэл удаа дараа зөрчсөн бол тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн мэргэжлийн зэргийг нь тохирох зэрэгт хүртэл бууруулж буюу бага цалинтай ажилд шилжүүлж, албан тушаалыг нь бууруулж болно.
     4.5. Захиргаа нь хөдөлмөр, технологийн сахилга зөрчсөний улмаас техник, тоног төхөөрөмж, машин механизмыг эвдэж хохирол учруулсан ажилтнаар уг хохирлыг төлүүлэх тухай асуудлыг Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн дагуу холбогдох шатны шүүхийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
     4.6. Захиргаа ба ажилтан нь Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг харилцагч нөгөө талын болон хуулийн байгууллагын өмнө шууд хариуцна. Тухайн зөрчил гаргасан ажилтан болон түүнд шууд буюу гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллах ажилтан хохирлыг гэм буруугийнхаа хэмжээгээр хариуцна.
     4.7. Дагалдан ажиллагч нь энэхүү дүрмийн шаардлагыг биелүүлж ажиллах боловч энэхүү дүрмийн дагуу хариуцлага хүлээхгүй.
     Тав. Бусад зүйл
     5.1. Сахилгын шийтгэлийн талаархи гомдлоо ажилтан шүүхэд гаргаж болно.
     5.2. Сахилгын шийтгэлийн талаар гомдол гаргасан нь түүнийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.
 
------оОо----