- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН, БУСАД ЦЭРГИЙН ХЭРЭГЦЭЭНД БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ДҮРЭМ
Засгийн газрын 1994 оны 91 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН, БУСАД ЦЭРГИЙН ХЭРЭГЦЭЭНД БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Зэвсэгт хүчин, бусад цэргийн бүх төрлийн хангалтыг төрөөс баталгаажуулах зарчмыг иш үндэс болгож, цэргийг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнээр хангах журам тогтоох, цэргийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.
2. Энэхүү дүрмийг зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "бэлтгэн нийлүүлэгч" гэнэ/, түүнчлэн бүтээгдэхүүний хэрэгцээг төлөвлөх, захиалга боловсруулах, хангалтыг зохион байгуулах үүрэгтэй Батлан хамгаалах яам, Хилийн цэргийг удирдах газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын төв газар, Хорих байгууллагуудыг удирдах газар, цэргийн анги, байгууллага /цаашид "захиалагч" гэнэ/ дагаж мөрдөнө.
3. Зэвсэгт хүчин, бусад цэргийн анги, байгууллагын бэлэн байдал, байлдааны бэлтгэл сургууль, байлдааны жижүүрлэлт, буудлага, нислэг, полигоны гаралт, дадлага, хээрийн болон команд штабын сургууль, түүнчлэн цэргийн анги, байгууллагын өдөр тумын үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардагдах хүнсний бүтээгдэхүүн, дүрэмт хувцас хэрэглэл, тэдгээрийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд, эм, эмнэлгийн бараа, төрөл бүрийн шатахуун тосолгооны материал, тусгай шингэн, түлээ, нүүрс зэргийг цэргийн зориулалттай зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнд тооцно.
4. Цэргийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлэх улсын захиалга-даалгавар гаргах, түүнийг биелүүлэхэд энэхүү дүрмийг удирдлага болгоно.
Улсын захиалга-даалгавар гэж цэргийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлэх талаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид ноогдуулан өгч буй Засгийн газрын захиалгыг хэлнэ.
5. Цэргийн хэрэгцээт бүтээгдэхүүн нийлүүлэх Улсын захиалга-даалгаврын биелэлтэд хяналт тавих үүргийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны холбогдох байгууллагын эрх баригч нар биечлэн хариуцна.
Хоёр. Цэргийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг захиалах, нийлүүлэх журам
6. Захиалагч нь жилийн хэрэгцээгээ үндэслэн цэргийн анги, байгууллагад бүтээгдэхүүн нийлүүлэх улсын захиалга-даалгаврын төсөл боловсруулж тухайн жилийн өмнөх оны 3 дугаар улиралд Батлан хамгаалах яаманд ирүүлнэ.
7. Зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд зориулан орон нутгаас нийлүүлэх бараа, материал, бусад бүтээгдэхүүний улсын захиалга-даалгаврыг Батлан хамгаалах яам салбарынхаа тухайн жилийн батлагдсан урсгал төсөв, аймаг, нийслэлийн эдийн засгийн боломж, саналтай уялдуулан нэр төрөл, тоо хэмжээгээр боловсруулж Засгийн газрын нэрийн өмнөөс холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тухайн жилийн өмнөх оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан хүргүүлнэ. /ЗГ-ын 2000 оны 75 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон./. .
8. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох журмын тухай хууль"-ийн дагуу хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын дунд тендер зарлах журмаар орон нутгаас зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд бараа, материал, бусад бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг зохион байгуулан Батлан хамгаалах яамнаас хүргүүлсэн захиалга-даалгаврыг биелүүлэх үүрэг хүлээнэ. /ЗГ-ын 2000 оны 75 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон./.
9. Бэлтгэн нийлүүлэгч байгууллагын эрх баригч цэргийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг захиалга-даалгаварт заасан нөхцөл, шаардлагын дагуу хугацаанд нь бүрэн нийлүүлэх ажлыг биечлэн хариуцна.
10. Зэвсэгт хүчин, бусад цэргийн анги, байгууллага цэргийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлэх улсын захиалга-даалгаврыг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, ардын аж ахуйтантай аж ахуйн гэрээ байгуулна.
Аж ахуйн гэрээнд хэрэгцээт бүтээгдэхүүний нэр төрөл, загвар, маяг, тоо хэмжээ, зэрэг дугаар, иж бүрдэл, үнэ, чанарын жишиг, техникийн нөхцөл, сав, баглаа боодол, нийлүүлэх хугацаа, журам, тээвэрлэлтийн нөхцөл, хүлээх хариуцлага зэргийг харилцагч талууд нэг бүрчлэн тохиролцож тусгасан байна.
11. Гэрээг харилцагч талуудын дээд шатны байгууллага батална.
12. Гэрээг өөрчлөх, цуцлах санал хүлээн авсан тал 20 хоногийн дотор харилцагчид хариу мэдэгдэх бөгөөд энэ хугацаанд багтааж хариу өгөөгүй бол саналыг зөвшөөрсөнд тооцно. Гэрээг цуцалсан тохиолдолд маргаантай асуудлыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.
13. Зэвсэгт хүчин, бусад цэргийн байгууллага нь цэргийн хангалтыг сайжруулахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулна:
а/санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтарч нэг хүн, нэгж техникт зарцуулах бүтээгдэхүүний норм, ногдох зардлыг хянаж боловсронгуй болгох, захиалга-даалгаврын үндэслэлийг нарийвчлан тогтоож байх;
б/хуваарилагдсан төсөв, хөрөнгийг үр ашигтай, арвилан хэмнэлттэй зарцуулах;
в/цэргийн албан хаагчдын хангалт үйлчилгээг сайжруулах, ахуйн түвшинг дээшлүүлэх, цэргийн албыг нэр төртэй хаах бүх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гадаад, дотоодын зах зээлийг оновчтой судалж, нэгдсэн бодлого явуулах, цэргийн анги, байгууллага, аж ахуйн нэгжийн бие даасан байдлыг хангах.
Гурав. Цэргийн хэрэгцээнд нийлүүлэх бүтээгдэхүүний чанар, иж бүрдэл
14. Бэлтгэн нийлүүлэгч нь улсын захиалга-даалгавар, аж ахуйн гэрээнд заагдсаны дагуу цэргийн хэрэгцээнд бүрэн тэнцэх чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй.
15. Захиалагч нь улсын стандарт, чанарын жишиг, техникийн нөхцөл, шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн хүлээн авах, бэлтгэн нийлүүлэгчийн буруугаас өөрт учирсан хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх эрхтэй.
16. Согог гэмтэлтэй, иж бүрдэлгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн авснаас захиалагчид учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу бэлтгэн нийлүүлэгч нөхөн төлөх, эсвэл тухайн бүтээгдэхүүнийг эхний ээлжинд сольж буюу иж бүрдүүлж өгнө.
Хэрэв ийм боломжгүй бол гэрээг цуцлан бүтээгдэхүүний үнэ, хөлсийг бүрнээр буюу үнэ, хөлсний зөрүүг буцааж өгнө.
17. Бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь чанарын улсын жишиг, техникийн нөхцөлд нийцсэн, уг бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах явцад тоо хэмжээ, чанар, бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
Дөрөв. Үнэ, тооцооны журам
18. Цэргийн хэрэгцээнд нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг харилцагч талууд тохиролцон аж ахуйн гэрээнд тусгана.
Төлбөр тооцоог Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.
19. Бэлтгэн нийлүүлэгч бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн буюу хүлээн авагч үнийг хэт бууруулсан тохиолдолд захиалагч, бэлтгэн нийлүүлэгч тухайн бүтээгдэхүүний үнийн бүрдэлтийн талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах эрхтэй.
20. Зэвсэгт хүчин, бусад цэргийг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнээр хангахад шаардагдах төсвийн санхүүжилтийн асуудлыг Сангийн яам хариуцна.
21. Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр захиалагч цэргийн зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүнийг гадаад зах зээлээс бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж болно. Энэ тохиолдолд захиалагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Худалдаа, үйлдвэрийн яам, Сангийн яам хариуцан тухай бүрт нь шийдвэрлэж байна.
Тав. Хариуцлага
22. Захиалагч улсын захиалга-даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт улирал бүрийн эцэст мэдээлж байна.
23.Зэвсэт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд нийлүүлэх улсын захиалга-даалгаврыг тасалдуулсан, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн, гэрээ байгуулахаас үндэслэлгүй татгалзсан байгууллага, аж ахуйн нэгж, холбогдох албан тушаалтанд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
24. Бүтээгдэхүүнийг гэрээнд заасан хугацаанд аваагүй бол бэлтгэн нийлүүлэгч түүнийг захиалагчийн зардлаар хадгаламжид авна. Энэ тохиолдолд захиалагч нь гэрээний үүрэг зөрчсөн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
25. Бэлтгэн нийлүүлэгч улсын захиалга-даалгавар, аж ахуйн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс торгууль, шийтгэл хүлээсэн, түүнчлэн учруулсан хохирлыг төлснөөр цэргийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй.
-------оОо------
/ЗГ-ын 2000 оны 75 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав./
Текст томруулах
A
A
A