A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 47 дугаар тогтоолын хавсралт

Засгийн газрын 2003 оны 209 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсугай

УЛСЫН СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН АЛБАНЫ ДҮРЭМ
  НЭГ.Нийтлэг үндэслэл
 1.Улсын стандартчилал, хэмжил зүйн албаны үндсэн зорилт нь "Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх   арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1994 оны 94 дүгээр  тогтоолд   заасны дагуу стандартчилал, чанарын баталгаажуулалт,  хэмжил зүйн  үйл ажиллагааг төв болон орон нутагт нэг байгууллага  хэрэгжүүлэх  нөхцөлийг хангаж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ  (цаашид бүтээгдэхүүн  гэнэ)-ний чанар, өрсөлдөх чадварыг  дээшлүүлэх, эдийн засгийн  аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл  мэнд, байгаль орчин,  хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэмжлийн үнэн зөв, нэгдмэл  байдлыг хангахад тус дэмжлэг үзүүлэх  зорилгоор стандартчилал,  чанарын баталгаажуулалт, сорилт, хэмжил зүйг хөгжүүлэхэд оршино.
2.Улсын стандартчилал, хэмжил зүйн алба нь үйл ажиллагаандаа   Монгол Улсын "Үндсэн хууль", "Монгол Улсын хэмжлийн нэгдмэл   байдлыг хангах тухай хууль", "Монгол Улсын Стандартчилал, чанарын  баталгаажуулалтын  тухай хууль", "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах  тухай  хууль" болон холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн  газрын  тогтоол  шийдвэр,  Монгол  Улсын  олон улсын гэрээ, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
 ХОЁР.Улсын стандартчилал, хэмжил зүйн албаны зохион байгуулалт
 З.Улсын   стандартчилал,  хэмжил  зүйн  алба  нь  Үндэсний стандартчилал,  хэмжил  зүйн төв, түүнээс стандартчилал, чанарын баталгаажуулалт, сорилт, хэмжил зүйн ажил эрхлэх эрх авсан аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил зүйн төвөөс бүрдэнэ.
 4.Үндэсний  стандартчилал,  хэмжил зүйн төв нь стандартчилал,   хэмжил зүйн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдын, аймаг, нийслэлийн  төв  нь тэдгээрийн Засаг даргын удирдлагын дор үйл ажиллагаагаа бие даан хариуцан явуулна.
 5.Үндэсний  стандартчилал, хэмжил зүйн төв нь аймаг, нийслэлийн стандартчилал,  хэмжил  зүйн  төвүүдийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
 6.Үндэсний  стандартчилал,  хэмжил  зүйн  төв болон аймаг, нийслэлийн стандартчилал,  хэмжил зүйн төв нь төр, олон нийт, шинжлэх  ухааны холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн  төлөөлөгчдөөс бүрдсэн орон тооны бус Зөвлөлтэй байна.Үндэсний  стандартчилал,  хэмжил зүйн төвийн зөвлөлийн гишүүдийг Засгийн  газар,  аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил зүйн төвийн  зөвлөлийн  гишүүдийг  тухайн  Засаг  дарга  томилно. Зөвлөл нь  үйл ажиллагааныхаа дүрэм, хуралдааны дэгийг өөрөө батална.
 7.Үндэсний  стандартчилал,  хэмжил  зүйн  төвийн зөвлөлийг Үндэсний стандартчилал,  хэмжил  зүйн  төвийн ерөнхий захирал толгойлох  бөгөөд түүнийг  стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн  Монгол Улсын сайдын санал болгосноор Засгийн газраас томилно.
 8.Зөвлөл  нь  Монгол  Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрт нийцүүлэн шийдвэр гаргах бөгөөд түүнийг  холбогдох  аж  ахуйн нэгж,  байгууллага,  албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.
 9.Хариуцсан   сайд  Үндэсний  стандартчилал,  хэмжил  зүйн төвийн  дэд захирал, улсын ерөнхий байцаагч, улсын ахлах болон улсын байцаагч нарыг томилж, чөлөөлнө. 
Хэмжил  зүйн болон стандарт, чанарын төрийн хяналтын улсын байцаагч  нь Засгийн газраас загварыг нь баталсан албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 10.Аймаг,  нийслэлийн  стандартчилал,  хэмжил  зүйн төвийн захирал /улсын ахлах байцаагч/-ыг Үндэсний стандартчилал, хэмжил  зүйн төвийн удирдлагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
11.Үндэсний  стандартчилал,  хэмжил  зүйн  төвийн  ерөнхий захирал, аймаг,  нийслэлийн  төвийн  захирал  нь дотоод ажлын хүрээний асуудлаар тушаал гаргана.
12.Аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил зүйн төвийн улсын байцаагчийг  улсын  ерөнхий  байцаагчийн саналыг  үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
 13.Үндэсний  стандартчилал,  хэмжил  зүйн төв нь тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг; аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил  зүйн төв нь тэмдэг хэрэглэх бөгөөд зөвлөл болон төвүүд нь албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 ГУРАВ.Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төвийн үүрэг, эрх
 14.Үндэсний  стандартчилал,  хэмжил  зүйн  төв дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
 а)улсын  хэмжээнд  стандартчилал,  чанарын баталгаажуулалт,  сорилт, хэмжил зүйн болон хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн  бодлогыг хэрэгжүүлэх, түүнтэй холбогдох дүрэм, журам, заавар, стандартчилсан загвар, гарын авлага боловсруулах, батлах,  нийтийн хүртээл болгох;
 б)улсын  стандарт боловсруулах ажлыг эрхэлсэн стандартчиллын техникийн хороодыг  байгуулах,  тэдгээрийн дүрмийг баталж,  үйл ажиллагааг  нь зохицуулах, улсын стандартыг батлах,   улсын  бүртгэлд бүртгэх,  хэвлэн олшруулах, олон нийтэд зарлан мэдээлэх;
 в)стандартчилал,  чанарын  баталгаажуулалтын  тухай  болон  хэмжлийн  нэгдмэл  байдлыг хангах тухай хууль, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль, бусад хууль тогтоомжийн холбогдох   заалтын  биелэлт,  улсын стандартын мөрдөлт, экспорт, импортын  бүтээгдэхүүний  чанар, чанарын баталгаажуулалтын  журам,  хэмжил зүйн дүрэм, журмын мөрдөлтөд төрийн хяналт тавих;
г)бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтыг нэгдсэн арга зүй,  зохион  байгуулалтаар  хангаж  хэрэгжүүлэх, сорилт хийх;
д)хэмжлийн  нэгж,  нэгжийн эталоныг бий болгох асуудлыг боловсруулж холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хэмжлийн нэгжийн  эталоныг хадгалах, ашиглах, харьцуулан дүйлгэж баталгаажуулах;
е)төрийн хяналт  шалгалтад  заавал  хамрагдах  хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт, тохируулга хийх;
ж)аймаг,  нийслэлийн  стандартчилал,  хэмжил  зүйн төв, мэргэжлийн байгууллагуудын  сорилтын  болон  хэмжлийн  лабораторийг итгэмжлэх;
з)монголын  болон  олон  улс,  бүс  нутаг, гадаад улсын стандарт, норматив-техникийн  бусад  баримт  бичгээр төв санг бүрдүүлэн төрөлжсөн архивын хэлбэрээр ажиллуулах;
и)зохих  журмын  дагуу  төсөл боловсруулж эрдэм шинжилгээ, судалгаа, зохион бүтээлтийн ажил хийх;
к)эрхэлсэн  асуудлаараа  олон улсын байгууллагад гишүүнээр элсэх, олон улс, бүс нутаг, гадаад улсын холбогдох байгууллагатай  хамтын ажиллагааг хөгжүүлэх;
л)хэмжих  хэрэгсэлд  загварын туршилт хийж баталгаажуулах;
м)эрхэлсэн  асуудлаараа  мэдээлэл-арга  зүйн  туслалцаа үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах;
н)үйл  ажиллагааны  явц,  үр дүнг стандартчилал, хэмжил зүйн асуудал  эрхэлсэн  Монгол Улсын сайдад танилцуулж байхын зэрэгцээ олон нийтэд мэдээлж байх.
     15.Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв дор дурдсан эрх эдэлнэ:
 а)хууль  тогтоомжоор  хүлээсэн  эрх хэмжээний асуудлаар төрийн захиргааны  байгууллагын  үүргийг гүйцэтгэж холбогдох зардлаа Стандартчилал,  чанарын баталгаажуулалтын тухай болон Хэмжлийн  нэгдмэл байдлыг хангах тухай хуулиудад заасны дагуу улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх;
 б)эрхэлсэн  асуудлаараа  олон  улс,  бүс  нутгийн болон гадаад орнуудын мэргэжлийн байгууллагуудтай харилцаж, тогтсон журмын  дагуу гэрээ,  хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох;
 в)холбогдох байгууллагын сорилтын болон хэмжлийн зориулалт   бүхий тоног төхөөрөмж, материаллаг баазыг харилцан тохиролцсоны   үндсэн дээр ашиглах, мөн гадаад орны холбогдох лабораторид сорилт,  харьцуулалт, шалгалт хийлгэх;
 г)зохих  журмын дагуу өөрийн харьяанд аж ахуйн тооцооны үндсэн  дээр ажиллах  байгууллага  байгуулах,  дүрмийг баталж удирдлагыг томилох, өөрчлөн байгуулах, татан буулгах;
д)хэмжих  хэрэгсэлд засвар, тохируулга, баталгаажуулалт хийх зөвшөөрлийг  холбогдох  мэргэжлийн  байгууллагад  олгох;
е)аймаг,  нийслэлийн  стандартчилал,  хэмжил  зүйн  төв болон мэргэжлийн байгууллагад чанарын баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх эрх олгох;
ж)хэмжих  хэрэгсэл  үйлдвэрлэх,  засварлах, худалдаалах болон бусдад хэрэглүүлэх, стандартчилал, чанарын баталгаажуулалт,   сорилтын тодорхой ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох;
з)стандартчилал, чанарын баталгаажуулалт, сорилт,хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээний талаар санал бэлтгэж  хариуцсан сайдаар батлуулан мөрдүүлэх;
и)стандартчилал,   чанарын   баталгаажуулалтын тухай хуулийн дагуу хөгжлийн сан бий болгож зохих журмын дагуу  ажиллуулах;
к)иргэдийн  захиалга,  гэрээний дагуу эрхэлсэн асуудлын тодорхой чиглэлээр төлбөртэй ажил, үйлчилгээ, сургалтыг явуулах;
л)улсын  стандарт,  арга  зүйн материал болон олон улс, бүс  нутаг, гадаад орны шаардлагатай стандарт, баримт бичгийг борлуулах;
м)мэргэжлийн  хяналтын байгууллага, албадын үйл ажиллагааг стандарт, чанарын хяналтын төрийн хяналтын асуудлаар зохицуулах;
н)хууль тогтоомжоор олгосон бусад эрх.
 ДӨРӨВ.Аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил зүйн төвийн үүрэг, эрх
 16.Үндэсний  стандартчилал,  хэмжил  зүйн төвөөс эрх авсан аймаг, нийслэлийн  стандартчилал, хэмжил зүйн төв дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:
 а)нутаг дэвсгэртээ энэ дүрмийн 14 дүгээр зүйлийн "в, г, м"-д заасан үүргийг гүйцэтгэх;
 б)тухайн нутаг дэвсгэрт хэрэглэх улсын болон байгууллагын   стандарт  боловсруулах  ажлыг  удирдан  зохицуулж бүртгэл хөтлөх;
в)стандартын салбар сан ажиллуулах;
г)тухайн нутаг дэвсгэрт хэмжлийн нэгдмэл байдлыг хангаж,  хэмжих хэрэгсэлд засвар, тохируулга, баталгаажуулалт хийх;
д)нутаг  дэвсгэртээ бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлэх жагсаалтад орсон экспортын бараанд чанарын гэрчилгээ,  импортын болон бусад бараа, бүтээгдэхүүнийг дотоодын   зах  зээлд  худалдах, бөөнөөр үйлдвэрлэх зөвшөөрөл олгох;
е)анхдагч  болон ажлын эталоныг хадгалах, ашиглах,  тэдгээрийг улсын  эталонтой  харьцуулан  дүйлгэж баталгаажуулах;
ж)тухайн  нутаг  дэвсгэрийн  стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт,  сорилт, төрийн хяналтын ажлыг нэгтгэн   дүгнэж, дутагдал зөрчлийг арилгах, тайлан, мэдээг тогтоосон   журмын  дагуу  гаргаж Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төвд ирүүлэх;
з)зохих  стандартад  тохироогүй  чанар муутай буюу сайн чанарын бүтээгдэхүүн  үйлдвэрлэгч, борлуулагчийн талаар болон итгэмжлэгдсэн лаборатори,  чанарын  гэрчилгээ,  тохирлын тэмдэгтэй  бүтээгдэхүүний тухай олон нийтэд мэдээлэх.
     17.Аймаг,  нийслэлийн  стандартчилал,  хэмжил зүйн төв дор дурдсан эрх эдэлнэ:
      а)хууль  тогтоомжоор  хүлээсэн  төрийн  захиргааны  байгууллагын үүргийг  гүйцэтгэж холбогдох зардлаа Стандартчилал, чанарын баталгаажуулалтын  тухай болон хэмжлийн нэгдмэл байдлыг   хангах  тухай хуулиудад заасны дагуу орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх;
      б)холбогдох   байгууллагын   сорилтын  болон   хэмжлийн зориулалт бүхий  тоног төхөөрөмж, материаллаг баазыг харилцан тохиролцсоны  үндсэн дээр  ашиглах, мөн гадаад орны холбогдох лабораторид сорилт, харьцуулалт, шалгалт хийлгэх;
   в)иргэдийн  захиалга,  гэрээний дагуу эрхэлсэн асуудлын тодорхой чиглэлээр төлбөртэй ажил, үйлчилгээ, сургалт явуулах;
   г)олон  улс,  бүс нутаг, гадаад орны шаардлагатай стандарт,   баримт бичиг болон улсын стандарт, арга зүйн материалыг борлуулах;
д)мэргэжлийн  хяналтын байгууллага, албадын үйл ажиллагааг стандарт,  чанарын төрийн хяналтын асуудлаар улсын ерөнхий  байцаагчийн арга зүйн удирдлагын дор зохицуулах.
     18.Стандартчилал,  хэмжлийн нэгдмэл байдлын хангалт, чанарын баталгаажуулалт, сорилт, хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалалт,   хэмжил зүйн  болон  стандарт, чанарын төрийн хяналттай холбогдсон мэдээ, судалгаа бусад материалыг холбогдох байгууллага,   аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд нь Үндэсний стандартчилал,   хэмжил  зүйн төв болон аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил  зүйн төвд хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.
 ТАВ.Стандарт, чанарын болон хэмжил зүйн төрийн хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх, хариуцлага
     19.Стандарт,  чанарын  төрийн  хяналтын улсын байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
     а)заавал мөрдөх улсын стандарт, улсын стандартын заавал мөрдөх үзүүлэлт,   шаардлагын   мөрдөлтөд  хяналт     тавих;
     б)импорт, экспортын бүтээгдэхүүний чанарт хяналт тавих;
     в)бүтээгдэхүүний чанарын ангилал, зэрэглэл, сорилт, баталгаажуулалтын үнэн зөв байдлыг хянах;
     г)чанарын гэрчилгээтэй болон бөөнөөр үйлдвэрлэх зөвшөөрөлтэй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж холбогдох арга  хэмжээг цаг алдалгүй авахуулах;
    д)стандартчилал,  чанарын баталгаажуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах   талаархи  хууль  тогтоомжийн   биелэлтийг хангуулах;
     2О.Хэмжил  зүйн төрийн хяналтын улсын байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
    а)хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж, хэмжил  зүйн дүрэм, журам, хэмжил гүйцэтгэх аргачлалын мөрдөлтийг  шалгах;
    б)хэмжлийн   нэгж  нь  хэрэглэхийг  зөвшөөрсөн  нэгжтэй тохирч байгаа эсэхийг шалгах;
    в)хэмжих  хэрэгслийн  баталгаажуулалт,  техникийн бэлэн байдал болон  тухайн  хэмжих хэрэгслийн ашиглалтын нөхцөл,  баталсан  загварын шаардлагад  тохирч  байгаа  эсэхийг  шалгах;
    г)хэмжих  хэрэгслийг  баталгаажуулахад  ашиглаж  байгаа эталоны техникийн байдалд хяналт тавих;
   д)савласан бүтээгдэхүүнд тоон хэмжээний хяналт хийх.
     21.Стандарт,  чанарын  төрийн  хяналтын улсын байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
 а)хүний  эрүүл  мэнд, байгаль орчин, мал, амьтанд хохирол   учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах, импортоор  нийлүүлэх, улсын стандартад тохирохгүй хөдөлмөрийн нөхцөлд  үйлдвэрлэл,  үйлчилгээ явуулахыг зогсоох, уг  бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу устгуулах;
б)стандартгүй  бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах, эсвэл заавал мөрдөх  улсын  стандарт зөрчих буюу хүчин төгөлдөр бус стандарт  хэрэглэн бүтээгдэхүүн  үйлдвэрлэх, борлуулах, улсын хилээр нэвтрүүлэхийг тус тус хориглох;
в)стандарт,  чанарын  төрийн хяналтыг хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, мэдээ баримт авч танилцах,  шаардлагатай багаж төхөөрөмж хэрэглэх;
г)илэрсэн зөрчлийг арилгуулах талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавих, хугацаатай үүрэг өгч,  гүйцэтгэлийн хариуг тогтоосон хугацаанд авах;
д)стандартчилал,  чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх.
     22.Хэмжил  зүйн  хяналтын  улсын  байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а)баталгаагүй  буюу  загвар  нь  батлагдаагүй, түүнчлэн батлагдсан загвартаа  тохирохгүй байгаа хэмжих хэрэгсэл ашиглах,  худалдах, бусдад хэрэглүүлэхийг хориглох;
б)баталгаажуулалтын хугацаа дууссан буюу буруу заалттай хэмжих хэрэгслийн  баталгаажуулалтын  лац,  тэмдгийг хүчингүй болгох, гэрчилгээг нь хураах;
в)иргэн,  аж  ахуйн нэгж, байгууллага хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, засварлах,  худалдах, бусдад хэрэглүүлэхдээ зохих журмыг зөрчсөн бол эдгээр ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл  олгосон  байгууллага,  албан  тушаалтанд уг зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаардах;
г)хэмжил  зүйн  төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхээр аж  ахуйн нэгж,  байгууллагад  нэвтрэн орох, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн зөрчлийг арилгах талаар заавал биелүүлэх хугацаатай үүрэг өгөх;
д)хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж, хэмжил  зүйн  дүрэм,  журмыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх.
     2З.Стандарт,чанарын  болон хэмжил зүйн төрийн хяналтын  улсын байцаагч албан тушаалаа урвуулан ашигласан,төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд  зориулан олгосон эд хөрөнгө, техник хэрэгслийг өөр  зориулалтаар  ашигласан бол түүнд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
     24.Стандартчилал,  чанарын  баталгаажуулалт болон хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, аж  ахуйн  нэгж, байгууллагад зохих хариуцлага хүлээлгэх тухай бүх  шатны  улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг  шүүх шийдвэрлэнэ.
 
-----oOo------