- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - МОНГОЛ УЛСЫН РАДИО ДОЛГИОН АШИГЛАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1994 оны 139 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН РАДИО ДОЛГИОН АШИГЛАЛТЫН ДҮРЭМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.Монгол Улсын радио долгион ашиглалтын дүрмийн зорилт нь радио долгионыг тэгш эрхтэй, үр ашигтай ашиглах, зохицуулахад оршино.
2.Энэхүү дүрэм нь олон улсын радио холбооны дүрмийн дагуу радио албадад хуваарилсан долгионы зурвасуудыг үр ашигтай хуваарилах, төлөвлөх, зохицуулах, долгион ашиглах этгээдэд эрх олгох, хураамжийн нэгдсэн бодлого явуулах болон радио долгион ашиглахтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журам зөрчих явдалтай тэмцэх, харилцааны радио станц, радио телефон, радио телевизийн нэвтрүүлэх болон хүлээн авах станц, сансрын холбооны станц, радио сонирхогчдын станцууд /цаашид радио төхөөрөмж гэнэ/-ыг байгуулах, ашиглахад долгион ашиглах эрхийн зөвшөөрөл олгох, хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
3."радио долгион" гэж 3000 ГГц хүртэлх үелзлийн цахилгаан соронзон долгионыг хэлнэ.
"радио телефон" гэж радио долгион ашиглан аливаа мэдээллийг хүлээн авах, дамжуулахад зориулагдсан холбооны тоног төхөөрөмжийг хэлнэ.
ХОЁР.ЭРХ ОЛГОХ
4.Радио төхөөрөмж ашиглах долгионы эрх авах хүсэлтэй дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дэд бүтцийн хөгжлийн яаманд энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу өргөдөл гаргана.
Энэ заалт нь зэвсэгт хүчин, бусад цэрэг болон аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах байгууллагуудад хамаарахгүй.
5.Дор дурдсан радио төхөөрөмжийг зөвшөөрөл авахгүйгээр ашиглаж болно.Үүнд:
а/ техникийн стандарт хангасан 26,9 МГц-ээс 27,2 МГц-ийн зурваст ажилладаг гаралтын чадал нь 0,5 ваттаас ихгүй иргэний зориулалттай радио станц;
б/ техникийн стандарт хангасан гаралтын чадал нь 0,01 ваттаас ихгүй радио станц.
6.Радио төхөөрөмжийг гадаадаас авчрах, үйлдвэрлэх зэрэг ажиллагаа явуулахаас өмнө тухайн төхөөрөмжийн долгионыг урьдчилан тохирсон байна.
7.Дэд бүтцийн хөгжлийн яам нь хүлээж авсан өргөдлийг дор дурдсан шаардлагын дагуу 14 хоногийн дотор шалгана.Үүнд:
а/ радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал хийгдсэн эсэх;
б/ тодорхойлсон үелзлүүд нь ашиглах боломжтой эсэх;
в/төлөвлөгдсөн үйлчилгээг явуулах нөхцөл хангалттай эсэх;
г/ радио төхөөрөмж байгуулахад зайлшгүй шаардлагатай бусад нөхцөлүүд хангагдсан эсэх.
8.Өргөдлийг шалгаад энэ дүрмийн 7 дугаар зүйлд заасан шаардлагууд хангагдсан нөхцөлд өргөдөл гаргагчид урьдчилсан эрхийн зөвшөөрөл олгоно. Уг зөвшөөрөлд:
а/байгуулалтын ажил дуусах хугацаа;
б/цацралтын хэлбэр, үелзлийн хэмжээ;
в/дуудлагын нэр;
г/хүчин чадал;
д/ ажиллахыг зөвшөөрсөн цаг зэргийг тусгасан байна.
9.Урьдчилсан эрхийн зөвшөөрөл авсан этгээдийн хүсэлтээр радио станц байгуулж дуусах хугацааг сунгаж болно.
10.Урьдчилсан эрхийн зөвшөөрөл авсан этгээд радио төхөөрөмж байгуулах зураг болон бусад зүйлд өөрчлөлт хийх бүртээ зөвшөөрөв авч байна.
11.Энэ дүрмийн 8 дугаар зүйлийн дагуу урьдчилсан эрхийн зөвшөөрөл авсан этгээд радио станц байгуулах ажлаа дууссаны дараа энэ тухайгаа Дэд бүтцийн хөгжлийн яаманд бичгээр мэдэгдэж шалгуулна.
12.Радио төхөөрөмж нь шаардлагатай нөхцөлүүдийг хангасан байвал радио долгион ашиглах эрхийн зөвшөөрлийг 2 жилээс илүүгүй хугацаагаар энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу үйлдэж олгоно.Зөвшөөрлийг жил жилээр сунгах бөгөөд радио төхөөрөмжийг нэвтрүүлэг хийх зориулалтаар ашиглах нөхцөлд үйлчилгээ явуулах газруудыг уг зөвшөөрөлд нэмж тусгана.
Радио долгион ашиглах эрхээ хасуулсан бол түүнээс хойш 1 жилийн дотор дахин долгион ашиглах эрхийн зөвшөөрөл олгохгүй.
13.Радио станц байгуулах хугацаа дууссанаас хойш энэ тухайгаа 14 хоногийн дотор мэдэгдээгүй бол өргөдөл гаргагчид долгион ашиглах эрхийн зөвшөөрөл олгохгүй байж болно.
14.Эрхийн зөвшөөрөл авсан этгээд радио төхөөрөмж ажиллаж эхэлсэн хугацааг 7 хоногийн дотор Дэд бүтцийн хөгжлийн яаманд бичгээр мэдэгдэнэ.
15.Эрхийн зөвшөөрөл авсан этгээд радио төхөөрөмжийнхөө ажиллагааг 1 сараас илүү хугацаагаар зогсоох бол энэ тухайгаа дэд бүтцийн хөгжлийн яаманд бичгээр мэдэгдэнэ.
16.Эрхийн зөвшөөрөл авсан этгээд радио холбооны зориулалт, газар зүйн байршил болон радио төхөөрөмжид өөрчлөлт хийх шаардлага гарвал дахин зөвшөөрөл авна.
17.Радио төхөөрөмжийг цаашид ашиглахгүй болсон тухайгаа бичгээр мэдэгдэж нэг сарын дотор зөвшөөрлөө буцааж өгнө.
ГУРАВ.РАДИО ТӨХӨӨРӨМЖ
18.Дамжуулах төхөөрөмжийн цацаргаж байгаа долгионы зөвшөөрөгдсөн зурвас, тогтворжилт зэрэг нь радио төхөөрөмжийн техникийн шаардлагыг хангасан байвал зохино.
19.Радио төхөөрөмжийн ажиллагаа нь хүний бие болон хүрээлэн байгаа орчинд ямар нэгэн хор хохирол учруулахгүй байх талаар урьдчилан холбогдох арга хэмжээг авсан байна.
20.Аливаа дамжуулах радио төхөөрөмж нь үелзэл, түүний тогтворжилт зэргийг хэмжих багажтай байна.
21.Сансрын хиймэл дагуулын радио төхөөрөмж нь алсын удирдлагаар чадлаа хязгаарлах болон цацалтаа зогсоох боломжоор хангагдсан байна.
ДӨРӨВ. РАДИО ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГАА
22.Радио төхөөрөмжийг эрхийн зөвшөөрөлд заасан зориулалтаар ажиллуулах, байгалийн гамшиг, осолтой холбогдсон мэдээлэл дамжуулахаас бусадтохиолдолд ашиглахыг хориглоно.
23.Хуулинд өөрөөр заагаагүй бол аливаа этгээд бусдын ашиглаж байгаа радио холбоогоор дамжиж байгаа мэдээллийн нууцыг задалд түүнд садаа учруулж болохгүй.
24.Аливаа радио төхөөрөмж эзэмшигч нь радио долгион ашиглах эрхийн зөвшөөрөл, цагийн хуваарь, төхөөрөмжийн заавар, ажил, үйлчилгээний дэвтэр, харилцагч газрын жагсаалт зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлсэн байна.
ТАВ.ХЯНАЛТ, ШАЛГАЛТ
25.Радио цацалтыг зохицуулах, хүн ам болон нийгмийн амгалан тайван байдлыг хангах үүднээс Дэд бүтцийн хөгжлийн яамнаас урьд нь олгосон эрхийн зөвшөөрөлд заасан радио төхөөрөмж эзэмшигчийн ашиглаж байгаа үелзэл, хүчин чадал, газар зүйн байршил зэргийг өөрчилж болно.
26.Шаардлагатай гэж үзвэл Дэд бүтцийн хөгжлийн яамнаас мэргэжлийн хэсэг томилон радио төхөөрөмжийн баримт бичиг, ажиллах цагийн хуваарь, үелзэл, хүчин чадал зэргийг шалгуулж, зөрчил илэрсэн тохиолдолд ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авна.
27.Байгалийн гамшиг тохиолдсон буюу тохиолдох гэж байгаа үед Дэд бүтцийн хөгжлийн яамнаас аливаа радио төхөөрөмжөөр шаардлагатай бүх төрлийн радио мэдээллийг явуулах ажлыг зохион байгуулж радио төхөөрөмж эзэмшигчтэй хамтран ажиллана.
28.Радио төхөөрөмж эзэмшигч нь энэ дүрэм болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Дэд бүтцийн хөгжлийн яамнаас уг радио төхөөрөмжийн ажиллагааг түр зогсоох, эсвэл ажиллах цагийн хуваарь, үелзэл, хүчин чадлыг багасгах буюу хязгаарлах болно.
29.Радио төхөөрөмж эзэмшигч нь дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд Дэд бүтцийн хөгжлийн яамнаас радио долгион ашиглах эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгоно.Үүнд:
а/ хууль бус аргаар эрхийн үнэмлэх олж авсан;
б/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр радио төхөөрөмжийг 3 сараас дээш хугацаагаар ажиллуулаагүй;
в/ радио төхөөрөмждөө зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт хийж ашигласан;
г/ тогтоосон хязгаарлалт, норм хэмжээг мөрдөөгүй;
д/ зэвсэгт хүчин, бусад цэрэг болон аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах байгууллагын ашиглаж байгаа радио төхөөрөмжид санаатайгаар саад шуугиан оруулах, сонсох зэрэг зорилгоор зөвшөөрөлд заасан зориулалт бусаар радио төхөөрөмжийг ашигласан.
30.Радио долгион ашиглах эрхийн зөвшөөрөл нь хүчингүй болсон тохиолдолд Дэд бүтцийн хөгжлийн яамнаас радио төхөөрөмжийн ажиллагааг зогсооно.Энэ тохиолдолд эрхийн зөвшөөрөл эзэмшигч радио станцынхаа антенныг татан буулгах үүрэгтэй.
31.Радио чиглэл хайгч төхөөрөмж, радио долгионы хяналт шалгалтын станцаас 1 км зайд болон түүний цахилгаан соронзон талбайд саад учруулж болзошгүй газарт барилга байгууламж барих гэж байгаа этгээд энэ тухайгаа дэд бүтцийн хөгжлийн яаманд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна.
32.10 КГц-ээс дээш үелзэлд ажилладаг холбоо, эмнэлэг, төхөөрөмжүүдийг ашиглах этгээд Дэд бүтцийн хөгжлийн яамнаас долгион ашиглах эрхийн зөвшөөрөл авна.
33.Тоног төхөөрөмж өвлөж буюу шилжүүлэн авсан этгээд энэ тухай баримт бүхий хүсэлтээ дэд бүтцийн хөгжлийн яаманд бичгээр өгч эрхийн зөвшөөрөлдөө тодотгол хийлгүүлнэ.
34.Радио долгионы ашиглалтад Дэд бүтцийн хөгжлийн яамны радио долгионы асуудал хариуцсан ажилтан хяналт тавина.Энэ ажилтан нь улсын байцаагчийн эрхтэй байна.
ЗУРГАА.ХАРИУЦЛАГА
35.Радио холбооны албанд ажилладаг аливаа этгээд энэ дүрмийн 27 дугаар зүйлд заасан тохиолдол гарсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр радио холбоогоор үйлчлээгүй буруутай бол 1 жилээс дээшгүй хугацаагаар долгион ашиглах эрхийг нь хасна.
36.Радио долгионоо урьдчилан тохироогүйгээр гадаад орноос авчирсан, үйлдвэрлэсэн радио төхөөрөмжид долгионы зохицуулалт хийх боломжгүй байвал түүнийг тус улсын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглоно.
37.Долгион ашиглах эрхийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа радио төхөөрөмжийн ажиллагааг зогсоож, зөрчлийг арилгасны дараа түүнийг ашиглах эсэхийг шийдвэрлэнэ.
38.Радио долгионы ашиглалтын журмыг зөрчсөн дор дурдсан тохиолдолд гэм буруутай хүмүүст улсын байцаагч Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ:
1/ өөрийн ашиг сонирхлоор бусдын эрх ашгийн эсрэг радио холбооны төхөөрөмжүүдээр аливаа хуурамч мэдээлэл дамжуулсан;
2/ энэ дүрмийн 4 дүгээр зүйлд заасан зөвшөөрөл авалгүй радио станц байгуулж ажиллуулсан;
3/ радио долгион ашиглах эрхийн зөвшөөрөлд заагдсанаас бусад зорилго, үйлчилгээнд радио төхөөрөмжийг ашигласан;
4/ зөвшөөрөлгүйгээр радио төхөөрөмжийн байрлал, эд анги, үелзэл, дуудлага, ажлын төрөл, хүчин чадлыг өөрчилсөн;
5/ үелзлийн тогтворжилт, зурвасын өргөн зэрэг чанарын үзүүлэлтийг хангаагүй радио төхөөрөмжийг ажиллуулсан;
6/ энэхүү дүрмийн 14, 15, 16, 17, 29, 30, 32, 33 дугаар зүйлд заасныг биелүүлээгүй.
ДОЛОО. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС
39. Монгол Улсын нутаг дэвсгэрт радио төхөөрөмж эзэмшигчдээс долгион ашиглалтын үйлчилгээний хөлс авна. Энэ заалт зэвсэгт хүчин, бусад цэрэг болон аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах байгууллагуудад хамаарахгүй.
40.Долгион ашиглалтын үйлчилгээний хөлсийг Дэд бүтцийн хөгжлийн яамнаас нэгдсэн журмаар тогтооно.
41.Радио долгион ашиглалтын үйлчилгээний хөлсийг зохих дансанд оруулна.Долгион ашиглалтын үйлчилгээний хөлсийг чөлөөт валютаар төлж болно.
42.Долгион ашиглалтын үйлчилгээний хөлсийг Дэд бүтцийн хөгжлийн яам радио долгионыг төлөвлөх, хуваарилах, зохицуулах,хяналт, шалгалт хийх зэрэг үйл ажиллагаа, техникийн баазыг бэхжүүлэх, боловсронгуй болгоход чиглэгдсэн арга хэмжээнүүдэд зарцуулна.
------оОо-----
РАДИО СТАНЦ АШИГЛАХЫГ ХҮСЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭЭС ГАРГАХ ӨРГӨДЛИЙН МАЯГТ
Асуулт
|
|
1.Радио станц ашиглах зорилго
|
|
2.Радио төхөөрөмж эзэмшигчийн нэр, хаяг, регистрийн дугаар
|
|
3.Хэрэглэх радио төхөөрөмжийн зориулалт, явуулах үйлчилгээний төрөл
|
|
4.Радио төхөөрөмжийн газар зүйн байршил
|
|
5.Радио долгион цацаргах хэлбэр, шаардлагатай үелзэл, хүчин чадал, маяг
|
|
6.Радио станцын ажиллах шаардлагатай цаг
|
|
7.Радио станцыг ажиллуулж эхлэх ба дуусгахаар төлөвлөж байгаа хугацаа
|
|
8.радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал
|
|
Тайлбар: Агаарын хөлөг, усан онгоц, сансрын хиймэл дагуулын радио төхөөрөмжийн долгион ашиглах эрхийн зөвшөөрөл авахыг хүссэн этгээд энд заасан зүйлүүдээс гадна эзэн, үйлчилгээний зорилго, төрөл, нислэг хийх, явах газрууд, байнгын зогсоол, бүртгэгдсэн тэмдэг, хиймэл дагуултай холбогдох баримтууд, хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн хугацаа, байршил зэргийг мэдэгдэнэ.
Харьяалах газрын тамга Хариуцагчийн гарын үсэг
…..он…..сар….өдөр
РАДИО ДОЛГИОН АШИГЛАХ ЭРХИЙН ЗӨВШӨӨРӨЛ
……оны ….дугаар
сарын …ны өдөр Дугаар Станцын дуудлага
---------------------------
Ажиллах үелзэл
---------------------------
Монгол улсын Дэд бүтцийн хөгжлийн Яам
Эзэмшигчийн нэр, хаяг, регистрийн дугаар
Станцын төрөл, чадал- ------------------------------------------------------------------
Байршил -----------------------------------------------------------------------
Зориулалт ---------------------------------------------------------------------
Эрхийн хугацаа----------------------------------------------------------------
Ажиллах цаг -----------------------------------------------------------------
Гарын үсэг _____________________
Текст томруулах
A
A
A