- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 97 дугаар тогтоолын хавсралт
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
1. Байгаль орчны улсын хяналтын зорилт нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахтай холбогдсон Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тэдгээртэй нийцүүлэн тогтоосон журам, хэм хэмжээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартын биелэлтийг хангуулахад оршино.
2. Улсын хяналтыг Засгийн газрын тохируулагч агентлаг-Байгаль орчныг хамгаалах алба, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, газар, Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, сум, дүүргийн улсын байцаагч, байгаль хамгаалагч хэрэгжүүлнэ.
3. Байгаль орчныг хамгаалах албаны дарга нь байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Улсын ерөнхий байцаагчийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д заасны дагуу томилж, чөлөөлнө.
4. Байгаль орчныг хамгаалах алба Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын ахлах байцаагч, улсын байцаагч, байгаль хамгаалагчдыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-т заасны дагуу томилж, чөлөөлнө.
Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч нь байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.
5. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт ажиллах байгаль хамгаалагчийн тоог Засгийн газраас баталсан нормативыг баримтлан тогтооно.
6. Хил, гааль, цагдаа, мал эмнэлэг, эрүүл мэнд, уул уурхайн зэрэг хяналтын улсын байцаагч буюу хуульд зааснаар энэхүү хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажилтанд Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд байгаль орчны улсын байцаагчийн эрх олгож болно.
7. Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нь байгаль орчны асуудлаар мэргэшсэн төрийн захиргааны албан хаагч мөн.
8. Байгаль орчныг хамгаалах алба, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, газар, бүх шатны улсын байцаагч, байгаль хамгаалагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газар, Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
9. Байгаль орчны улсын ерөнхий болон ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "байцаагч" гэх/, байгаль хамгаалагч нь үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон шийдвэр, зөрчлийн тэмдэглэл, албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, нөхөн төлбөр, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
10. Аймаг, нийслэлд ажиллаж байгаа улсын байцаагч, байгаль хамгаалагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Байгаль орчныг хамгаалах алба хариуцан гүйцэтгэнэ.
11. Байгаль орчны улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, журам, шийдвэрийн биелэлт;
б/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдээс байгаль орчныг хамгаалах, сэргээн сайжруулах, засаж тохижуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл, төлөвлөгөөний биелэлт, бусад үйл ажиллагаа;
в/байгалийн нөөц баялгийг ашигласны төлбөр, хураамж, хог хаягдал, бохирдуулах бодис гаргасны төлбөрийн барагдуулалт;
г/байгаль орчинд нөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон шинээр байгуулах, өргөтгөх байгууллага, аж ахуйн нэгжийн төсөл, хөтөлбөр, гэрээний байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр заасан байгаль орчныг нөхөн сэргээх, засаж тохижуулах арга хэмжээний биелэлт;
д/хайгуул, судалгаа шинжилгээний ажил, байгалийн аялал жуулчлалын явцад байгаль орчны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдал;
е/байгаль орчны талаархи хуулиуд болон Монгол Улсын улаан номонд орсон нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгаалалт, нөхөн сэргээлт;
ж/тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт;
з/цацраг идэвхт болон химийн хорт бодисыг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, хадгалах, тээвэрлэх, устгах, хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх, боловсруулж ашиглах, булах, устгах журам, горимын мөрдөлт;
и/байгаль орчны талаархи хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, журамд заасан бусад үйл ажиллагаа.
12. Байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 11 дүгээр зүйлд заасан чиглэлийн дагуу байгаль орчны хяналтыг зохион байгуулж явуулах;
б/байгаль орчны талаархи хууль тогтоомжийн зөрчил /зөрчил гаргагчийн нэр, хаяг, үйлдлийн шинж байдал, учруулсан хохирол, ногдуулах хариуцлагын тухай/-ийн тухай зөрчлийн тэмдэглэл хөтлөн зөрчил гаргагчаар гарын үсэг зуруулах буюу зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар, тэмдэглэл хийх;
в/байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд захиргааны шийтгэл ногдуулах, тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох, зөрчил гаргагчдаас эд зүйлийг хураахдаа үндэслэл, шалтгааныг хууль тогтоомжийн зүйл, заалтын дагуу тодорхойлж, акт, бусад баримт, торгууль, нөхөн төлбөр, шийтгэврийн хуудсанд тэмдэглэх;
г/илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, үйлдвэрлэлийн нууцыг хадгалах;
д/зөрчил гаргагчаас хуульд заасан үндэслэлээр хураан авсан эд зүйл, зэвсэг, хэрэгсэл, түр хураасан бичиг баримтын бүртгэлийг үйлдэж, хувийг эзэнд нь үлдээж, зэвсэг хэрэгслийг эрх бүхий байгууллагад 14 хоногийн хугацаанд шилжүүлэх;
е/хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх;
ж/гүйцэтгэсэн үзлэг шалгалт, үйлдсэн дүгнэлт, акт, танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;
з/сум, дүүрэгт байгаль хамгаалагч ажиллахгүй тохиолдолд түүний үүргийг гүйцэтгэх;
и/хууль тогтоомж, шийдвэрт заасан бусад үүрэг.
13. Байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/байгууллага, аж ахуйн нэгж, иргэний байгаль орчны тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг нутаг дэвсгэр, засаг захиргааны харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах;
б/хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
в/холбогдох байгууллага, албан тушаалтантай тохиролцсоны үндсэн дээр зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
г/хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд буюу шууд бус хохирол учруулж болзошгүй нь нотлогдсон, түүнчлэн аюул осол гарч болох тохиолдолд холбогдох үйлдвэрлэл, үйлчилгээг уг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлж энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох талаар холбогдох байгууллагад санал оруулах;
д/хяналт шалгалт хийхээр байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн үйлдвэр, цех, агуулах, талбай зэрэг объектод нэвтрэн орох, сорьц дээж авах, тэдгээрийг өөрийн хяналтын дор шинжлүүлэх;
е/байгалийн гамшиг, гэнэтийн осол аюулын үед шаардлагатай бол нийтийн тээврийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр зорчих, бусад тээврийн хэрэгслийг дайчилж хөлсийг нь төлөх;
ж/байгаль орчны талаархи хууль тогтоомж зөрчсөн иргэний бичиг баримтыг шалгах, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн зүйл, зэвсэг, хэрэгслийг акт үйлдэн хураан авч тогтоосон журмын дагуу улсын орлогод оруулах, холбогдох байгууллагад шилжүүлэх, шаардлагатай бол тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийх, бичиг баримтыг түр хураах;
з/улсын байцаагч байгаль орчин, байгалийн баялагт учирсан шууд хохирлыг тодорхойлж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу буруутай этгээдэд нөхөн төлбөр ногдуулах;
и/байгаль орчны талаархи хууль тогтоомжийн зөрчлийг арилгах зорилгоор үйл ажиллагааг нь түр буюу тодорхой хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан, эсвэл акт, тэмдэглэл үйлдэж лац ломбо тавьсны дараа үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулсан, байгалийн гаралтай түүхий эд ашигласан, бэлтгэсэн бол олборлосон ашигт малтмал, бүтээгдэхүүн, түүхий эдийн зүйл, зүй бус орлогыг хурааж улсын орлого болгох. Ийнхүү улсын орлого болгоход гарсан ачиж, буулгах, тээвэрлэх, хадгалах, борлуулах зэрэг зардлыг хураагдсан зүйлийг борлуулсны орлогоос нөхөн төлөх;
к/байгаль орчны талаархи хууль тогтоомжийн зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх лиценз, тусгай зөвшөөрөл, байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээг хураан авч уг лиценз, тусгай зөвшөөрөл, гэрчилгээг олгосон холбогдох байгууллагатай хамтран асуудлыг шийдвэрлэх;
л/ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
м/байгаль орчны улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч нь байгаль орчны хяналтын ажлын хүрээнд шийдвэр гаргаж түүний биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;
н/байгаль орчны бүх шатны улсын байцаагч нь байгаль орчны зөрчлийг таслан зогсоох, дахин гаргуулахгүй байх зорилгоор байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд албан шаардлага өгч, биелэлтийг нь гаргуулан авах;
о/байцаагч, байгаль хамгаалагчдын гаргасан шийдвэр, акт, албан шаардлага, үүргийг биелүүлээгүй болон торгууль, нөхөн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй бол байцаагч, байгаль хамгаалагчид нь хууль хяналтын зохих байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх;
п/хууль тогтоомж, шийдвэрт заасан бусад эрх.
14. Байгаль хамгаалагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 12-ын "б", "г", "д", "е", "ж", "и"-д заасан үүргийг хэрэгжүүлэх;
б/байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд захиргааны шийтгэл ногдуулахдаа түүний үндэслэлийг хууль тогтоомжийн зүйл, заалтын дагуу тодорхойлж акт буюу зөрчлийн тэмдэглэл үйлдэх, торгууль, нөхөн төлбөр, шийтгэвэр ногдуулах, улмаар тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох саналаа байцаагчид тавьж шийдвэрлүүлэх;
в/байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, аюулаас сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалах арга хэмжээ авах;
г/байгалийн нөөц баялгийг ашиглах эрхийн бичгийг зохих хууль тогтоомжийн дагуу олгох;
д/байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн дагуу тухайн баялгийг ашиглах газрыг зааж өгөх, хэрэгжилтэд байнгын хяналт тавих;
е/байгаль орчны төлөв байдал, байгалийн баялгийн өөрчлөлтөд ажиглалт, судалгаа хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;
ж/байгалийн гамшиг, гэнэтийн аюул, ноцтой хэрэг зөрчил гарсан даруйд тухайн шатны Засаг дарга, Байгаль орчны албаны даргад мэдээлж хор уршгийг арилгах арга хэмжээ авах;
з/нутаг дэвсгэртээ байгалийн баялгийг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах;
и/хууль тогтоомж, шийдвэрт заасан бусад үүрэг.
15. Байгаль хамгаалагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/байгаль хамгаалагч нутаг дэвсгэртээ энэ дүрмийн 13-ын "а", "д", "е"-д заасан эрхийг хэрэгжүүлэх;
б/хуульд тусгайлан заасан тохиолдолд нутаг дэвсгэртээ энэ дүрмийн 13-ын "ж", "з"-д заасан эрхийг хэрэгжүүлэх;
в/хууль тогтоомж, шийдвэрт заасан бусад эрх.
16. Байгаль орчны тухай хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд байцаагч, байгаль хамгаалагч зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан байгаль орчны тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг үндэслэн захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
17. Байгаль орчныг хамгаалах алба, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, газар, Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, байцаагч, байгаль хамгаалагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
18. Байцаагч, байгаль хамгаалагч ялгах тэмдэг, дүрэмт хувцас, бие хамгаалах тусгай болон бусад техник хэрэгсэл, уналгаар хангагдах бөгөөд тэдгээрийн эдэлгээний хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
19. Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид, эсвэл улсын ерөнхий байцаагчид уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гаргана.
Гомдол гаргах нь зөрчлийн тэмдэглэл, торгууль, нөхөн төлбөр, шийтгэврийн хуудсаар ногдуулсан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд гомдлыг хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригч буюу улсын ерөнхий байцаагч түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна.
20. Байцаагч, байгаль хамгаалагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A