A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 240 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

/Засгийн газрын 2003 оны 276 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
  Нэг.Нийтлэг зүйл
1.Монгол улсын дээд боловсролын магадлан итгэмжлэх байгууллага үйл ажиллагаандаа энэхүү дүрмийг баримтална.
2.Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр байгуулагдсан төр, олон нийтийн төлөөлөл бүхий Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/ хариуцан гүйцэтгэнэ.
3.Магадлан итгэмжлэх байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааныхаа орлогоор бүрэн санхүүжиж, аливаа байгууллага, иргэнээс хараат бус бие даан ажиллана.
4.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь сургалтын байгууллагын бие даасан байдлыг  хүндэтгэх, сургалтын байгууллагуудад жигд шаардлага болон стандарт хэрэглэх, бусдын нөлөөнд автахгүй, шудрага шийдвэр гаргаж байх зарчимд тулгуурлана.
5.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод байна. Магадлан итгэмжлэлийн дүнг нийтэд заавал мэдэгдэж  байна.
6.Магадлан итгэмжлэл хийлгэх хүсэлт гаргасан байгууллага нь магадлан итгэмжлэх байгууллагад үйлчилгээний хөлс төлнө. Үйлчилгээний гарах зардлыг тооцох жишгийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
7.Магадлан итгэмлэх үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр явуулна. Шаардлагатай гэж үзвэл боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага магадлан итгэмжлэл хийлгэх санаачилга гаргаж болно.
8.Магадлан итгэмжилсэн шийдвэр хүчинтэй байх хугацаа болон дахин магадлан итгэмжлүүлэх хугацааг Үндэсний зөвлөл тогтооно.
9.Магадлан итгэмжилснийг гэрчлэх баримт бичиг нь тухайн дээд боловсролын сургалтын байгууллага төрөөс санхүүгийн дэмжлэг авах, магадлан итгэмжлэгдсэн чиглэлээр суралцагчид төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр, дүгнэлт гаргах үндэс болно.
10.Боловсролын байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд тухайн сургалтын байгууллагыг магадлан итгэмжилснийг гэрчлэх баримт бичиг хүчингүй болно.
11.Үл итгэмжилсэн тухай Үндэсний зөвлөлийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн сургалтын байгууллага уг шийдвэр гарснаас хойш 12 сарын дараа магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ дахин тавьж болно.
 
Хоёр.Үндэсний зөвлөлийн зорилго
12.Үндэсний зөвлөлийн зорилго нь дээд боловсролын сургалтын үр ашиг, чанарт тавих төр-олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нийтэд нь дээшлүүлэх, тэдний сургалт, эрдэм шинжилгээний ажилд магадлан шинжилгээ хийж, сургалт эрхлэх шаардлага хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргах магадлан итгэмжлэхэд оршино.
 
Гурав.Үндэсний зөвлөлийн бүтэц
13.Үндэсний зөвлөл нь дарга, орлогч дарга, гишүүдээс бүрдэнэ. Уг зөвлөл нь төрийн захиргааны  төв байгууллага, монголын их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл бүхий 15 хүнтэй байна. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг гэгээрлийн сайд батална.
14.Үндэсний зөвлөл нь ажлын албатай байна
 
Дөрөв. Үндэсний зөвлөлийн эрх, үүрэг
15.Үндэсний зөвлөл нь  дор дурдсан эрх эдэлнэ:
а/ Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон энэхүү дүрэмд нийцүүлэн өөрийн үйл ажиллагааны дотоод журмыг баталж мөрдөх;
б/ сургалтын байгууллагаас ирүүлсэн өөрийн үнэлгээний материалд үнэлгээ хийх шинжээчдийн хэсгийг томилох;
в/  тухайн сургалтын байгууллага, түүний сургалтын чиглэлийг магадлан итгэмжилснийг гэрчлэх баримт бичиг олгох;
г/ зохих үндэслэлийг гаргаж магадлан итгэмжлүүлэхээр ирүүлсэн материалыг буцаах;
д/ боловсролын стандарт зөрчсөн сургалтын байгууллагын сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргах;
е/ магадлан итгэмжилснийг гэрчилсэн баримт бичгийн үзүүлэлтийг зөрчсөн, түүнчлэн магадлан итгэмжлүүлэхдээ хуурамч материал бүрдүүлсэн нь нотлогдсон тохиолдолд магадлан итгэмжилсэн шийдвэрээ хүчингүй болгож, баримт бичгийг буцаах авах;
ж/ ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг гадаад орны болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
з/ сургалтын байгууллагын тодорхой нэгж  буюу сургалтын чиглэлийг захиалгын дагуу үнэлэх.
16.Үндэсний зөвлөл нь дор дурдсан үүрэгтэй:
а/ магадлан итгэмжлэх үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах;
б/ магадлан итгэмжлэл хийлгэхэд бүрдүүлэх материал, магадлан итгэмжлэх стандарт, шалгуур, шаардлагуудыг тодорхойлох;
в/ шинжээчдийн хэсгийн үнэлгээг хэлэлцэж  дүгнэлт гаргах;
г/  магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар нийтэд мэдээлэл өгөх;
д/ магадлан итгэмжлэгдсэн байгууллагын бүртгэл хөтөлж  нийтэд мэдээлэх;
е/ хууль тогтоомжийг сахих, сургалтын байгууллагын нууцыг хадгалах, сургалтын байгууллагын үйл ажиллагааны талаар үнэн зөв дүгнэлт  гаргах.
 
Тав.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа
                17.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь дараахь үе шаттай байна.Ү үнд:
а/ Үндэсний зөвлөл нь сургалтын байгууллагуудтай хамтарч магадлан итгэмжлэхэд харгалзах стандарт, үзүүлэлтүүдийг тогтооно.
б/ магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан байгууллага нь Үндэсний зөвлөлөөс тогтоосон стандарт, үзүүлэлтүүдийг удирдлага болгон үйл ажиллагаандаа өөрийн үнэлгээ хийж, түүн дээр үндэслэн бүрэн хэмжээний тайлан бэлтгэнэ. Өөрийн үнэлгээний материал болон тайлангаа Үндэсний зөвлөлд ирүүлнэ;
в/  Үндэсний зөвлөлөөс томилсон шинжээчдийн хэсэг тухайн сургалтын байгууллага дээр очиж сургалтын байгууллагын үйл ажиллагааны байдалтай танилцан энэ дүрмийн 20–д заасан өөрийн үнэлгээний чиглэл бүрээр  үнэлгээ өгнө. Шинжээчдийн хэсгийн үнэлгээнд бүх гишүүд гарын үсэг зурж тухайн сургалтын байгууллага танилцуулна;
г/ Үндэсний зөвлөл нь шинжээчдийн үнэлгээг хэлэлцээд зохих стандарт, шалгуур, шаардлагууд хангагдсан гэж үзсэн тохиолдолд магадлан итгэмжилсэн тухай дүгнэлт гаргаж, тухайн сургалтын байгууллагад магадлан итгэмжилснийг гэрчлэх баримт бичиг олгож энэ тухай албан ёсоор хэвлэлээр нийтэд мэдээлнэ.
18.Үүсгэн байгуулах баримт бичигт заасан сургалтын байгууллагын ангилал нь уг ангилалд тавигддаг шаардлагыг хангаагүй байвал магадлан итгэмжлэхээс татгалзана
19.Шинжээчдийн хэсгийн бүрэлдэхүүнийг тогтоох журмыг үндэсний зөвлөл батална. Шинжээчдийн хэсгийн бүрэлдэхүүнд тухайн сургалтын байгууллагад өөрөө буюу төрөл садан нь ямар нэг хэлбэрээр ажиллаж цалин, хөлс авдаг хүнийг оруулахгүй.
20.Сургалтын байгууллага нь доорхи чиглэлээр өөрийн үйл ажиллагаанд үнэлгээ хийнэ:
а/ дээд боловсролын сургуулийн зорилго, зорилт;
б/ сургалтын байгууллагын барилга байгууламж, материаллаг нөхцөл;
в/ санхүү, эдийн засаг;
г/ сургалтын агуулга;
д/ багш;
е/ суралцагч;
ж/ номын сан, ном, мэдээллийн хангамж;
з/ удирдлага, зохион байгуулалт;
и/ эрдэм судлалын ажил.
21.Энэхүү дүрмийн 20-д  заасан чиглэлээр өөрийн үнэлгээ хийхэд болон шинжээчдийн хэсэг үнэлгээ гаргахад харгалзах хүчин зүйлсийг Үндэсний зөвлөлийн санал болгосноор Гэгээрлийн яам батална.
22.Сургалтын байгууллагын харьяа байгууллагын үндсэн байгууллагатай нь хамт магадлан итгэмжилнэ.
23.Сургалтын байгууллагын өөрийн үнэлгээний тайлан болон шинжээчдийн хэсгийн дүгнэлт бичих нэгдсэн загварыг Үндэсний зөвлөл батална.
 
-------оОо-------