A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 181 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

/Засгийн газрын 2002 оны 246 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг зүйл
1.Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийг баримтална.
2.Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага (цаашид "магадлан итгэмжлэх байгууллага" гэх) нь үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжиж, бие даан ажиллах ашгийн төлөө бус улсын байгууллага байна.
3.Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл (цаашид "итгэмжлэл" гэх), эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх) олгох үүргийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага гүйцэтгэнэ.
4.Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага нь улсын хэмжээнд нэг байна.
 
Хоёр. Магадлан итгэмжлэх байгууллагын зорилго
5.Магадлан итгэмжлэх байгууллагын зорилго нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, технологи, стандартын мөрдөлтөд шинжилгээ хийж, эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, энэ талаар дүгнэлт гаргаж магадлан итгэмжлэхэд  оршино.
 
Гурав.Магадлан итгэмжлэх байгууллагын бүтэц
6.Магадлан итгэмжлэх байгууллага нь энэ дүрмийн 5-д заасан зорилгыг хэрэгжүүлэх чадвар бүхий зохион байгуулалтын бүтэцтэй байна.
7.Магадлан итгэмжлэх байгууллагын дэргэд Магадлан итгэмжлэх зөвлөл ажиллана.
8.Уг зөвлөл нь Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын алба, анагаах ухааны сургалтын байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, магадлан итгэмжлэх байгууллагын төлөөлөл бүхий 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Магадлан итгэмжлэх  зөвлөлийн ажиллах журам болон түүний бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
9.Магадлан итгэмжлэх зөвлөл нь итгэмжлэл, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих, уг үйл ажиллагаатай холбогдон гарах санал, гомдлыг хянаж шийдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
10.Магадлан итгэмжлэх байгууллага нь итгэмжлэл, зөвшөөрөл олгох чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны болон орон тооны бус магадлан шинжлэх шинжээчтэй байна.
11.Магадлан итгэмжлэх байгууллага нь орон нутагт салбартай байж болно. Түүний бүрэлдэхүүнийг Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн санал болгосноор тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр батална.
 
Дөрөв. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа
12.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд жигд шаардлага, стандарт хэрэглэх, бусдын нөлөөнд үл автах, шударга шийдвэр гаргаж байх зарчимд тулгуурлана.
13.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод байж, магадлан итгэмжлэлийн дүнг нийтэд мэдээлж байна.
14.Итгэмжлэл, зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн нь Магадлан итгэмжлэх байгууллагад үйлчилгээний хөлс төлнө. Үйлчилгээний зардлыг тооцох жишгийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
15.Итгэмжлэл, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тухайн байгууллага байгууллага, хүмүүсийн хүсэлтийг үндэслэн сайн дурын үндсэн дээр явуулна.
16.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн засаг даргын тамгын газар шаардлагатай гэж үзвэл эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний талаар дүгнэлт гаргуулах санаачлага гаргаж болно.
 
Тав. Магадлан итгэмжлэх байгууллагын үүрэг, эрх   
17. Магадлан итгэмжлэх байгууллага нь дор дурьдсан үүрэгтэй:
а/ Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох, сунгах;
б/ Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох сунгах;
в/ Эрүүл мэндийн байгууллагын түвшинг тодорхойлж, дүгнэлт гаргах;
г/ Итгэмжлэл, зөвшөөрөл авсан байгууллага, эмнэлгийн мэргэжилтний бүртгэл мэдээллийн санг бий болгож, ажиллуулах;
д/ Орон нутгийн салбарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
е/ Магадлан итгэмжлэл авсан байгууллагуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхэд аргачлал, заавраар хангах;
ж/ Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний итгэмжлэл, зөвшөөрлийн асуудлаар лавлагаа өгөх, санал, дүгнэлт  гаргах;
з/ Итгэмжлэл, зөвшөөрөлтөй холбогдсон санал, гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх.
18. Магадлан итгэмжлэх байгууллага нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/ Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнээс итгэмжлэл, зөвшөөрөл   авахаар хүсэлт гаргаж ирүүлсэн шаардлага хангаагүй материалыг буцаах;
б/ Итгэмжлэл, зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, стандартын шаардлага болон мэдлэг, чадварын зохих түвшинг хангаагүй нөхцөлд итгэмжлэл, зөвшөөрөл олгохгүй байх;
в/ Итгэмжлэл, зөвшөөрөл олгох ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, холбогдох байгууллагад тавих;
г/ Итгэмжлэл, зөвшөөрөлтэй холбогдох гэрчилгээ, үнэмлэх, хаягийн загвар, бүртгэл судалгааны маягтыг батлан мөрдүүлэх;
д/ Эрхэлсэн асуудлаараа гадаад орон, олон улсын байгууллага харилцаж, тогтсон журмын дагуу гэрээ, хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох;
е/ Магадлан итгэмжлэх байгууллагын шинжээчдийг сонгон шалгаруулж ажиллуулах;
ж/ Итгэмжлэл, зөвшөөрлийг хууль тогтоомж, журмын дагуу хүчингүй болгох.
 
Зургаа. Магадлан итгэмжлэх байгууллагад тавих шаардлага
19. Магадлан итгэмжлэх байгууллага нь дараахь шаардлагыг хангасан байна:
а/ магадлан итгэмжлэх байгууллагын удирдлага болон мэргэжлийн шийдвэр гаргах албан тушаалтан нь бакалаврын зэрэгтэй эмч, эм зүйч, менежер, хуульч, эдийн засагч болон бусад шаардлагатай мэргэжил эзмшсэн байх;
б/ дээрхи албан тушаалтан нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, стандартад шинжилгээ хийх, эрүүл мэндийн байгууллагын түвшинг тодорхойлох, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг үнэлж дүгнэх, энэ талаар судалгаа явуулж, дүгнэлт гаргах чадвартай, мэргэшсэн, туршлагатай байх;
в/ үйл ажиллагаа явуулах ажлын байр, шалгалт авах, мэдээллийн сан ажиллуулах, судалгаа хийх, хэвлэн олшруулах болон бусад шаардлагатай техник хэрэгслээр хангагдсан байх;
г/ холбогдох ном зүй, хууль эрхийн лавлагаа /номын сан/-тай байх.
------оОо-------