- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД ЭМЧЛЭХ, СУВИЛАХ, ЭМ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ ЖУРАМ
Засгийн газрын 1998 оны 181 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт
/Засгийн газрын 2002 оны 246 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
/Засгийн газрын 2002 оны 246 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД ЭМЧЛЭХ, СУВИЛАХ, ЭМ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ ЖУРАМ
1. Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/ олгох, түүний хугацааг сунгах, зөвшөөрлийг хүчингүй болгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
2.Энэхүү журам Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүн эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгоход иргэний харъяалал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хамаарна.
3. Зөвшөөрлийг эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг хүссэн эмнэлгийн мэргэжилтэнд олгоно.
4. Зөвшөөрөл олгох мэргэжил, нарийн мэргэшлийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
5. Зөвшөөрлийг Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага мэргэжлийн болон нарийн мэргэшлийн шалгалт /цаашид "шалгалт" гэх/ авсны үндсэн дээр олгоно.
6. Шалгалтыг олон сонголттой сорилоор авах ба шалгалтын ерөнхий агуулгыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
7. Шалгалт авах журмыг Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага батална.
8. Олон сонголттой сорилыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захирганы төв байгууллагын баталсан агуулга дотор Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага нь мэргэжлийн нийгэмлэг, сургалтын байгууллагатай хамтран боловсруулна.
9. Шалгалт авах журам, шалгалтын агуулга, олон сонголттой сорилтой холбогдсон асуудлаар гарын авлагыг Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагаас урьдчилан хэвлэж гаргана.
10. Эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрөл авахаар хүсэлт гаргахдаа дараахь материалыг бүрдүүлнэ.
а/ өргөдөл
б/ иргэний үнэмлэхийн хуулбар
в/ боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн батлагдсан хуулбар
г/ биеийн байцаалт /батлагдсан маягтаар/
д/ 4х6 хэмжээтэй зураг 2 хувь
е/ ажил олгогчийн санал, тодорхойлолт
ё/ мэргэжлийн нийгэмлэгийн тодорхойлолт
11. Эмнэлгийн мэргэжилтэн материалаа бүрдүүлж эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагын орон нутгийн салбарт өгнө.
12. Орон нутгийн салбар нь материалыг зохих шаардлага хангасан гэж үзвэл Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагад шалгалт авах өдрөөс 2 сарын өмнө хүргүүлнэ.
13. Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий сургууль болон төгсөлтийн дараахь нарийн мэргэшил олгох сургалт төгсөгчдийн материалыг сургалт явуулсан байгууллага бүрдүүлж Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ.
14. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага нь зөвшөөрөл авах хүсэлт гаргасан хүмүүст шалгалтанд орох зөвшөөрлийг, хэрвээ татгалзсан бол үндэслэлээ орон нутгийн салбар, сургалтын байгуулагад 1 сарын дотор мэдэгдэнэ.
15. Шалгалтыг аймаг, нийслэлд тодорхой цагт нэгэн зэрэг авах бөгөөд шалгалт авах хугацааг 6 сарын өмнө товлон зарлана.
16. Шалгалтын дүнг үндэслэн зөвшөөрөл олгох, эсэх тухай шийдвэрийг шалгалт авч дууссанаас хойш нэг сарын дотор Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагаас гаргана.
17. Зөвшөөрөл олгосныг баталгаажуулан гэрчилгээ олгоно.
18. Зөвшөөрөл олгох шалгалтанд тэнцээгүй эмнэлгийн мэргэжилтэн сургалтад хамрагдсаны дараа дахин шалгалт өгөх эрхтэй.
19. Зөвшөөрлийг 5 жил тутамд сунгана. Зөвшөөрлийг тасралтгүй сургалтын кредит биелүүлсэн нөхцөлд сунгана.
20. Мэргэжил дээшлүүлэх сургалтын кредитийг зөвшөөрөл авсан тухайн мэргэжлийн дагуу төлөвлөгөө, хөтөлбөрийг нь эрх бүхий байгууллагын зүгээс баталсан мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт оролцох буюу ном, эрдэм шинжилгээний бүтээл туурвих хэлбэрээр биелүүлнэ.
21. Гадаад оронд мэргэжил дээшлүүлэх сургалтад оролцсон тохиолдолд кредитийг дотоодын сургалттай адилтган тооцно.
22. Тасралтгүй сургалтын кредитийг тооцох жишгийг Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагаас баталж гаргана.
23. Эмнэлгийн мэргэжилтэн нь кредитийн биелэлтийг орон нутгийн салбарт жил тутам бүртгүүлнэ.
24. Зөвшөөрөл сунгахад дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:
а/мэргэжил дээшлүүлэх тасралтгүй сургалтын кредит биелүүлснийг гэрчлэх баримт, бичгийн баталгаажуулсан хуулбар
б/ ажил олгогчийн тодорхойлолт
в/ зөвшөөрлийн гэрчилгээ
25. Эрүүл мэндийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд мөн зүйлд заасан хугацаагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу зөвшөөрлийг Магадлан итгэмжлэх байгууллага хүчингүй болгоно.
26. Зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд сунгуулаагүй бол зөвшөөрөл хүчингүй болсонд тооцогдоно.
27. Зөвшөөрөл энэхүү журмын 25-т заасан нөхцөлөөр хүчингүй болсон бол хүчингүй болгосон хугацаа нь дууссаны дараа, 26-д заасан нөхцлөөр хүчингүй болсон бол хугацаа харгалзахгүйгээр уг мэргэжилтэн зөвшөөрөл шинээр авах хүсэлтээ эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагад гаргаж болно.
28. Зөвшөөрөл авсан, сунгуулсан, зөвшөөрөл нь хүчингүй болсон эмнэлгийн мэргэжилтний тухай мэдээллийг Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагын мэдээллийн санд бүртгэж, нийтэд тухай бүр мэдээлнэ.
29.Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага нь зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотойгоор эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо, мэргэжлийн хяналтын алба, хуулийн болон бусад байгууллага, хувь хүмүүсээс ирүүлсэн албан ёсны мэдээллийг бүртгэж, холбогдох лавлагаа өгнө.
----оОо----
Текст томруулах
A
A
A