- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1995 оны 209 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2001 оны 153 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
/Засгийн газрын 2001 оны 153 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Байгаль орчны улсын хяналтын зорилт нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын биелэлтийг хангуулахад оршино.
2.Улсын хяналтыг байгаль орчны хяналтын алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын байцаагч,байгаль хамгаалагч хэрэгжүүлнэ.
3.Байгаль орчныг хамгаалах албаны дарга нь байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Улсын ерөнхий байцаагчийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
/2000 оны 150 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/)
4.Байгаль орчныг хамгаалах албаны хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг байгаль орчныг хамгаалах албаны дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг Байгаль орчны сайд олгоно.
Аймаг, нийслэлд ажиллах улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагчтай тохиролцсоны үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд олгоно.
Сум, дүүрэгт ажиллах байгаль орчны хяналтын улсын байцаагчийг тухайн аймаг, нийслэлийн улсын ахлах байцаагчийн санал болгосноор аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөн улсын байцаагчийн эрх олгоно.
/4 дүгээр хэсэгт 2000 оны 150 дугаар тогтоолоор өөрчлөлт орныг тусгав./)
5.Байгаль хамгаалагчийг Засгийн газраас тогтоосон нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн санал болгосноор тухайн сум, дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд хуульд тусгайлан заасны дагуу улсын байцаагчийн эрх олгоно.
6.Хил, гааль, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар судлал, уул уурхайн зэрэг хяналтын улсын байцаагч буюу хуульд зааснаар энэхүү хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажилтанд Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд байгаль орчны улсын байцаагчийн эрх олгож болно.
7.Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь байгаль орчны асуудлаар мэргэшсэн байна.
8.Байгаль орчны хяналтын алба, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
9.Байгаль орчны хяналтын улсын ерөнхий болон ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид энэ дүрэмд "байцаагч" гэх/, байгаль хамгаалагч нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон тэмдэглэл, албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
10.Аймаг, нийслэлд ажиллаж байгаа улсын байцаагч, байгаль хамгаалагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг байгаль орчны улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
Хоёр.Байгаль орчны улсын хяналтын чиглэл
11.Байгаль орчны улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, журам, шийдвэрийн биелэлт;
б/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдээс байгаль орчныг хамгаалах, сэргээн сайжруулах, засаж тохижуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл, төлөвлөгөөний биелэлт, бусад үйл ажиллагаа;
в/байгалийн нөөц баялгийг ашигласны төлбөр, хураамж, хог хаягдал, бохирдуулах бодис гаргасны төлбөрийн барагдуулалт;
г/байгаль орчинд нөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон шинээр байгуулах, өргөтгөх байгууллага, аж ахуйн нэгжийн төсөл, хөтөлбөр, гэрээний байгаль орчны үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр заасан байгаль орчныг нөхөн сэргээх, засаж тохижуулах арга хэмжээний биелэлт;
д/хайгуул, судалгаа шинжилгээний ажил, байгалийн аялал жуулчлалын явцад байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдал;
е/байгаль орчны тухай хуулиуд болон Монгол Улсын улаан номонд орсон нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгаалалт, нөхөн сэргээлт;
ж/тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт;
з/цацраг идэвхт болон химийн хорт бодисыг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, хадгалах, тээвэрлэх, устгах, хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх, боловсруулж ашиглах, булах, устгах журам, горимын мөрдөлт;
и/байгаль орчны тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, тусгай журамд заасан бусад үйл ажиллагаа.
Гурав.Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
12.Байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 11 дүгээр зүйлд заасан чиглэлийн дагуу байгаль орчны хяналтыг зохион байгуулж явуулах;
б/байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн зөрчлийн шинж байдал /зөрчил гаргагчийн нэр, хаяг, үйлдлийн шинж байдал, уч- руулсан хохирол, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл/-ын тухай тэмдэглэл хөтлөн зөрчил гаргагчийн гарын үсэг зуруулах буюу зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар, тэмдэглэл хийх;
в/байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд захиргааны шийтгэл ногдуулах, тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоохдоо түүний үндэслэл, шалтгааныг хууль тогтоомжийн зүйл, заалтын дагуу тодорхойлж, баталсан загвараар үйлдсэн акт буюу торгуулийн хуудсанд тэмдэглэх;
г/илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, үйлдвэрлэлийн нууцыг хадгалах;
д/зөрчил гаргагчаас хуульд заасан үндэслэлээр хураан авсан зүйл, зэвсэг, хэрэгсэл, түр хураасан бичиг баримтын бүртгэлийг үйлдэж эзэнд нь үлдээж, зэвсэг, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, эрх бүхий байгууллагад хугацаанд нь шилжүүлэх;
е/хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх;
ж/хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт,бичсэн акт,танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;
з/сум, дүүрэгт байгаль хамгаалагч ажиллахгүй тохиолдолд түүний үүргийг гүйцэтгэх;
13.Байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/байгууллага, аж ахуйн нэгж, иргэний байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг харъяалал харгалзахгүйгээр хянан шалгах;
б/хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгуул- лага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
в/холбогдох байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
г/хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд буюу шууд бус хохирол учруулж болох нь нотлогдсон, түүнчлэн аюул осол гарч болох тохиолдолд холбогдох үйлдвэрлэл, үйлчилгээг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох талаар холбогдох байгууллагад санал оруулах;
д/хяналт шалгалт хийхээр аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, сорьц, дээж авах, тэдгээрийг өөрийн хяналтын дор шинжлүүлэх;
е/байгалийн гамшиг, гэнэтийн аюулын үед шаардлагатай бол нийтийн тээврийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр зорчих, бусад тээврийн хэрэгслийг дайчилж хөлсийг нь төлөх;
ж/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн иргэний бичиг баримтыг шалгах, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн зүйл, зэвсэг, хэрэгслийг акт үйлдэн хураан авч улсын орлогод оруулах, холбогдох байгууллагад шилжүүлэх,шаардлагатай бол тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийх, бичиг баримтыг түр хураах;
з/улсын байцаагч байгаль орчин, байгалийн баялагт учирсан шууд хохирлыг тодорхойлж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу буруутай этгээдэд нөхөн төлбөр ногдуулах;
и/ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх.
Дөрөв.Байгаль хамгаалагчийн үүрэг, эрх
14.Байгаль хамгаалагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 12-ын "б", "г", "д","е","ж"-д заасан үүргийг хэрэгжүүлэх;
б/байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд захиргааны шийтгэл ногдуулахдаа түүний үндэслэл, шалтгааныг хууль тогтоомжийн зүйл, заалтын дагуу тодорхойлж баталсан загвараар үйлдсэн акт буюу торгуулийн хуудсанд тэмдэглэх, тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох саналаа байцаагчид тавьж шийдвэрлүүлэх;
в/хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчинд учирч болзошгүй аюулаас сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалах арга хэмжээ авах;
г/хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн нөөц баялгийг ашиглах эрхийн бичиг олгох;
д/байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн дагуу тухайн баялгийг ашиглах газрыг зааж өгөх;
е/хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;
ж/байгалийн гамшиг, гэнэтийн аюул гарсан даруйд тухайн шатны Засаг даргад мэдээлж хор уршгийг арилгах арга хэмжээ авах;
з/нутаг дэвсгэртээ байгалийн баялгийг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах.
15.Байгаль хамгаалагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/байгаль хамгаалагч нутаг дэвсгэртээ энэ дүрмийн 13-ын "а", "д", "е"-д заасан эрхийг хэрэгжүүлэх;
б/хуульд тусгайлан заасан тохиолдолд нутаг дэвсгэртээ энэ дүрмийн 13-ын "ж", "з"-д заасан эрхийг хэрэгжүүлэх.
Тав.Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Байцаагч хууль тогтоомж,дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан дор дурдсан хуулиудын зохих заалтаар захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
16. Байгаль хамгаалах тухай хуулиар:
а/үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад байгаль орчинд гаргаж байгаа хорт бодис, физикийн хортой нөлөөлөл, хог хаягдлын хэмжээг бүртгэж, тэдгээрийг багасгах, цэвэрлэх талаар авсан арга хэмжээ, хянах төхөөрөмжийн ажиллагааны тухай тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагад өгөх; байгаль орчинд хортой нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага эвдэрсэн газар, хордож бохирдсон хөрс, усыг цэвэршүүлэх, ургамал, амьтныг нөхөн үржүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх; гэрээний дагуу тарьж ургуулсан ой, ургамал, үржүүлсэн амьтан, сэргээн сайжруулсан усны ундарга,, засаж сайжруулсан газрыг сум, дүүргийн Засаг даргад хугацаанд нь хүлээлгэн өгөх, төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу экологийн паспорт хөтлөх заалтыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000 төгрөгөөр торгох;
б/байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд төрөөс төлөвлөн олгосон хөрөнгийг өөр зориулалтаар ашигласан байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-150000, албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгох;
в/нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-200000, иргэнийг 10000- 25000 төгрөгөөр торгох;
г/байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээг хэтрүүлэн байгаль орчинд хорт бодис гаргасан, хортой нөлөөлөл үзүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн шаардлагатай бол байгаль орчинд учруулсан хохирлыг өөрөө арилгах буюу мэргэжлийн байгууллагаар арилгуулж гарсан зардлыг нөхөн төлөх заалтыг биелүүлээгүй бол байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-200000, иргэнийг 10000-25000 төгрөгөөр торгох.
17.Газрын тухай хуулиар:
а/албан ёсны баримт бичигт газар усны давхар нэр хэрэглэсэн, газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулсан, бусад хэлний дуудлагаар галиглан бичсэн албан тушаалтныг 2000 хүртэл төгрөгөөр торгох;
б/хашаа барих, хориглосон дохио, тэмдэг тавих зэргээр тусгайлан хамгаалагдсан бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэн орсон, дайран өнгөрсөн этгээдийг 6000 хүртэл төгрөгөөр торгох;
в/бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд уг газрыг үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу зориулалтаар ашиглахад нь санаатайгаар саад учруулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 75000, иргэнийг 10000 хүртэл төгрөгөөр торгох;
г/газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд заасан хугацаанд уг газрыг чөлөөлөөгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 95000, иргэнийг 20000 хүртэл төгрөгөөр торгох;
д/газар эзэмших, ашиглах тухай гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хугацаа дууссан гэрээний дагуу газрыг эзэмшиж, ашиглаж байгаа, эзэмшил, ашиглалтад байгаа газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хугацаанд нь хийлгээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-100000, иргэнийг 2000-30000 төгрөгөөр торгох;
е/нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахаар шийдвэрлэсэн газрыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нь чөлөөлөөгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 95000-125000, иргэнийг 6000-30000 төгрөгөөр торгох;
ж/эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалагийн талбай бий болгосон байгууллага, аж ахуйн нэгжийг 95000- 150000, иргэнийг 4000-40000 төгрөгөөр торгох;
з/эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр газрыг ашигласан, захиран зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 250000, иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр торгож, тухайн газрыг чөлөөлүүлж, хууль бусаар олсон орлогыг хураах;
и/газарт ноцтой хохирол учруулсан газар эзэмшигч, ашиглагч нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар газрын төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар авах; эвдэрч гэмтсэн газрыг тухай бүр нөхөн сэргээж байх; сорилт туршилтын ажил, ашигт малтмалын эрэл хайгуулын явцад газрын төрх байдлыг өөрчлөхөд хүрвэл түүнийг нөхөн сэргээх, засаж тохижуулах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн газар ашиглахтай холбогдолтой зураг төсөл боловсруулах, шинэ технологи нэвтрүүлэх, Монгол Улсад өмнө нь сорьж шалгаагүй химийн бодис, бордоог газарт хэрэглэхдээ зохих мэргэжлийн эрх бүхий байгууллагаар экологийн магадлан шинжилгээг өөрийн зард- лаар хийлгэх; байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж, тоног төхөөрөмж байршуулах, үйлдвэрлэлийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газрын дор хадгалах, булах ажлыг зохих мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэхийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000, иргэнийг 6000-50000 төгрөгөөр торгох;
к/байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж, тоног төхөөрөмж байршуулах, үйлдвэрлэлийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газар дор хадгалах, булах ажлыг зохих мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэхийн өмнө энэ тухайгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад урьдчилан мэдэгдэж, хүн амд мэдээлж энэ газрын хил, заагийг тэмдэгжүүлэх, сэрэмжлүүлэх байнгын дохио, тэмдгүүд өөрийн хөрөнгөөр байрлуулахыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000, иргэнийг 6000-50000 төгрөгөөр торгох;
л/бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг эзэмшигч, ашиuлагчтай нь тохиролцолгүйгээр ашигласан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000, иргэнийг 10000-50000 төгрөгөөр торгох.
18.Газрын хэвлийн тухай хуулиар:
а/газрын хэвлийг хамгаалах журам, түүнийг ашиглахад үүсч болзошгүй аюул осол, хортой нөлөөнөөс ажиллагчид, хүн ам болон мал, ан амьтан, байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтныг 10000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-200000, иргэнийг 3000-30000 төгрөгөөр торгох;
б/газрын хэвлийг дур мэдэн ашигласан, ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барьсан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000, иргэнийг 20000-50000 төгрөгөөр торгох;
в/ашигт малтмалын ордыг гэмтээж сүйтгэсэн, баялаг хэсгийг нь сорчлон олборлосон, ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг бусад хэлбэрээр зөрчсөн, олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийг 150000- 250000 төгрөгөөр торгох;
г/газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулаагүй байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000, иргэнийг 30000-50000 төгрөгөөр торгох;
д/газрын хэвлийн хууль тогтоомжийг зөрчсөний улмаас учруулсан хохирлыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээр Монгол Улсын хууль тогтоомжид заасан хэмжээгээр төлүүлэх.
19.Ашигт малтмалын тухай хуулиар:
а/хайгуулын явцад ашигт малтмал олборлосон, борлуулсан, тусгай зөвшөөрөлгүйгээр хайгуул хийсэн, орд ашигласан гэм буруутай байгууллага, аж ахуйн нэгжийг 250000, иргэнийг 40000, албан тушаалтныг 60000 хүртэл төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого буюу бүтээгдэхүүнийг хураах;
б/хайгуул, олборлолтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 100000, албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
в/орчныг хамгаалах, хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, хүмүүсийн эрүүл мэнд,эд хөрөнгөд хохирол учруулах байдлаар хайгуул хийсэн, ашиглалт явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000, албан тушаалтныг 50000 хүртэл төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;
г/иргэн, хуулийн этгээдээс ашигт малтмалын хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэхэд санаатайгаар саад учруулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 80000, иргэнийг 30000, албан тушаалтныг 50000 хүртэл төгрөгөөр торгох.
20.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар:
а/тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000, иргэнийг 20000 хүртэл төгрөгөөр торгож хууль бусаар олсон орлогыг хураах;
б/байгалийн нөөц болон дурсгалт газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000, иргэнийг 2000-20000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
в/байгалийн цогцолборт газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан байгууллага,аж ахуйн нэгжийг 50000-100000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
г/тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажил явуулахдаа газрын төлөв байдал, хөрс, ус, агаар, ургамал, амьтны аймагт сөрөг нөлөөлсөн, хохирол учруулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000, иргэнийг 5000-25000 төгрөгөөр торгох;
д/дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000, иргэнийг 10000- 50000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах.
21.Агаарын тухай хуулиар:
а/агаарын чанарт нөлөөлж буй өөрийн үйл ажиллагааны тухай болон озоны давхаргын төлөв байдалд хортой нөлөөлөх бодисын импорт, үйлдвэрлэл, агаарын чанарын тухай мэдээг тогтоосон хугацаанд мэдээлээгүй буюу зориуд буруу мэдээлсэн, суурин газрын агаарыг хортой, халдвартай, эвгүй үнэртэй бодис, хаягдлаар бохирдуулах, хог хаягдлыг ил задгай, зориулалтын бус газарт хаях, шатаахыг хориглох заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-75000, иргэнийг 1000-5000 төгрөгөөр торгох;
б/зөвшөөрөх хэмжээнээс хэтрүүлэн бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэр ашиглан агаар бохирдуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000, иргэнийг 500-5000 төгрөгөөр торгох;
в/агаарыг хамгаалах шаардлага хангаагүй байгууллага, аж ахуйн нэгжийг ашиглалтад оруулсан, тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-150000, албан тушаалтныг 10000-25000 төгрөгөөр торгох;
г/агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн хортой нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн, эсхүл агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-200000, иргэнийг 15000-25000 төгрөгөөр торгох;
д/эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг суурин эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан, эсхүл агаарыг зөвшөөрөлгүйгээр савлаж үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000, иргэнийг 25000-50000 төгрөгөөр торгох.
22.Ан агнуурын тухай хуулиар:
а/хугацаа нь дууссан зөвшөөрлөөр ан амьтан агнасан, барьсан, эсхүл ангийн буу, ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000, иргэнийг 500-3000 төгрөгөөр торгох;
б/сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэртээ бүхэлд нь буюу тодорхой газарт зарим ан амьтны агналтыг 3 хүртэл жилийн хугацаагаар хориглох журмыг зөрчсөн, хот, тосгоны ногоон бүсэд ан амьтны тоо толгойг зохицуулах заазлалт хийх, халдварт өвчний голомт устгах, судалгаа шинжилгээнийхээс бусад зорилгоор ан амьтан агнах, барихыг хориглосныг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000- 75000, иргэнийг 1000-5000 төгрөгөөр торгох;
в/ан амьтны жим дээр нүх ухах, буу сойх, занга, сааль тавих, туурайтан амьтныг агнахад цасанд умбуулах, мөсөнд хальтиргах, хясаа, эрэг, ганга руу нисгэх, хавх тавих; тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, урхи тавих, нохойгоор зориудаар бариулах, загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, сэрээ, хаалт, хашилга, гувчуур хэрэглэх, шуурга, ган, зуд, үер, мөндөр, түймэр зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн болон гол, мөрөн, намаг, шаварт орох зэрэг биеэ хамгаалах чадваргүй болсон ан амьтныг агнах, барих, булаг, шанд, хужир мараанд ирж буй амьтныг отож агнах, өөр нутагт шилжин байршиж байгаа ан амьтныг агнах, барих, ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилго бүхий байр, саравч, тэжээл, мараа, бусад байгууламжийг эвдэж гэмтээх, устгах, ан амьтныг сайн танилгүй буюу анир чимээгээр таамаглаж буудах, ан амьтны үр төлийг агнах, шувууны өндгийг түүх, гэмтээх, устгахыг хориглосныг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000, иргэнийг 2000-5000 төгрөгөөр торгох;
г/бор гөрөөс, цагаан зээр, гахай, баавгай, ойн булга, хадны суусар, элбэнх, шилүүс, нохой зээх, үнэг, хярс, хэрэм, ойн солонго, чандага, бор туулай, тарвага, заарт харх, дорго, хөтүү, ятуу, хахилга, ногтруу, хур сойр, галуу, нугас болон ус, намгийн бусад шувуу, дархадын цагаан загас, Буйр нуурын загас, омоль загас, зарам загас, алтайн сугас загас, бусад загасыг агнахыг хориглосон хугацааг зөрчиж агнасан, барьсан, зохих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт зааснаас хэтрүүлэн агнасан, барьсан байгууллага, аж ахуйн нэгжийг 50000- 100000, иргэнийг 3000-15000 төгрөгөөр торгох;
д/химийн бодис, тэсрэх дэлбэрэх зүйл, хэрэгсэл ашиглах, ан амьтныг тээврийн хэрэгслээр хөөх, гэрэлтүүлэх, утах; ахуйн хэрэгцээнд загас барихад тор хэрэглэх; зориулалтын бус буугаар ан амьтан агнах; ан амьтны үүр, ичээ ухах, гэмтээх; тарваганы түүхий мах, нойтон арьсыг хот, тосгонд оруулахыг хориглосныг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-150000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр торгох;
е/зохих эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаар ан амьтан агнасан, барьсан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000, иргэнийг 10000-25000 төгрөгөөр торгох;
ж/зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнасан, барьсан байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000, иргэнийг 15000-30000 төгрөгөөр торгох;
з/байцаагч, байгаль хамгаалагч хууль бусаар ан амьтан агнасан, барьсан этгээдийн ангийн зэвсэг, хэрэгсэл, агнасан, барьсан ан амьтан, тэдгээрийн арьс үс, мах, эвэр,заар, бусад түүхий эд болон олсон орлогыг хурааж, улсын орлогод оруулах;
и/хууль бусаар ан амьтныг агнах,барихад ашигласан автомашин, мотоцикль, тээврийн өөрөө явагч бусад хэрэгсэл ашигласан тохиолдолд гэм буруутай этгээдийн тухайн өөрөө явагч хэрэгслийг жолоодох эрхийг хасуулах саналыг эрх бүхий байгууллагад тавих;
к/ан агнуурын хууль тогтоомж зөрчсөний улмаас ан амьтны санд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх.
Энэ дүрмийн 22-ын "а"-"к"-д заасан эрхийг байгаль хамгаалагч байцаагчийн адил хэрэгжүүлнэ.
23.Байгалийн ургамлын тухай хуулиар:
а/ургамлыг түүж бэлтгэх журам зөрчсөн, эсхүл журам, зөвшөөрөлд заасан хугацааг зөрчсөн, хэмжээг хэтрүүлэн түүж бэлтгэсэн бол хууль бусаар түүж бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийг 50000, иргэнийг 500-5000 төгрөгөөр торгох;
б/байгаль орчны тэнцлийг хангах ач холбогдол бүхий хот, тосгон, бусад суурины ногоон бүс; гол, горхины эх болон нуур, цөөрмийн эргээс 2 километрийн доторхи газар; нэн ховор амьтны байршил газар; баянбүрд; ургамлын бүрхэвч нь талхлагдсан газар; элсний нүүлтээс хамгаалах ач холбогдол бүхий газар; хөрсний элэгдлээс хамгаалах зурвас газар нутагт ургамлыг нөөцийн нь хэмжээг үл харгалзан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглосон, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны Иргэдийн нийтийн хурал нэн ховор ургамлыг хамгаалах зорилгоор түүний ургадаг газар мал бэлчээх, хадлан авахыг 2 хүртэл жилийн хугацаагаар хориглосон газар үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-75000, иргэнийг 5000-15000 төгрөгөөр торгож, хууль бусаар түүж бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хураах;
в/нэн ховор ургамлыг судалгаа шинжилгээнийхээс бусад зориулалтаар, ховор ургамлыг эм бэлтгэн найруулахаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-100000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр торгож, хууль бусаар түүж бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хураах;
г/энэ хуульд заасан журмын дагуу зохих зөвшөөрөл авалгүйгээр ургамлыг ашигласан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000- 150000, иргэнийг 10000-25000 төгрөгөөр торгож, хууль бусаар түүж бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хураах;
д/байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
Энэ дүрмийн 23-ын "а"-"д"-д заасан эрхийг байгаль хамгаалагч байцаагчийн адил хэрэгжүүлнэ.
24.Ойн тухай хуулиар:
а/мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй, эсхүл мод огтлох, ойн дагалт баялаг ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000, иргэнийг 500-5000 төгрөгөөр торгох;
б/гэрээний дагуу ашиглаж байгаа ойдоо гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй байгууллага, аж ахуйн нэгжийг 50000 төгрөгөөр торгох;
в/байгууллага, аж ахуйн нэгж, иргэн ойн гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх үүднээс гал түймрийн аюултай үе болох жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ил задгай гал түлэхгүй байх,зайлшгүй тохиолдлоор түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах; гал түймрийн аюултай үед ой мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, аялал, зугаалгаар явах, бусад ажлыг гүйцэтгэхдээ тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчид мэдэгдэж гал түймэр гаргахгүй байх талаар зохих арга хэмжээ авах тухай баталгаа өгөх;
ойд ажиллах, дамжин өнгөрөх бүх төрлийн тээврийн болон өөрөө явагч бусад хэрэгслийн тэжээлийн систем, утааны янданг гал түймрийн аюулгүй байдлыг хангах шаардлагын дагуу тоноглох; тэсрэх, галын аюултай бодис, тослох материалыг хэрэглэх, хадгалах журам, горимыг мөрдөх; ойн гал түймрийг илрүүлсэн, гал түймрийн тухай мэдээ хүлээн авсан бол өөрийн хүч хэрэгслийг зохион байгуулан гаргаж, гал түймэр унтраах арга хэмжээ авч сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, бусад холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх; бүх шатны Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гал түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулах бөгөөд түүнтэй холбогдсон Засаг даргын шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн биелүүлэх үүрэг, гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх шаардлагыг биелүүлээгүй, насны 5 дугаар анги хүртэлх ой, бүх төрлийн өсвөр мод, түүнчлэн жодоо, яшил, тоорой, жигд, яргай, сухай, гандигар, тэс болон чацаргана зэрэг бүх төрлийн жимсний мод, бутыг огтлох,хугалж гэмтээх; төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хуш, гацуур, хайлаасыг бэлтгэн ашиглах; ойд нэлэнхүйд нь огт- лох аргаар мод бэлтгэх; ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр өвс хадах; тарьц суулгац ургуулсан талбайд мод бэлтгэх, мал бэлчээх зэрэг хориглосон үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-75000, иргэнийг 1000-10000 төгрөгөөр торгох;
г/зохих эрхийн бичиггүйгээр хэрэглээний мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-75000, иргэнийг 3000-10000 төгрөгөөр торгож, хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хураах;
д/зохих гэрээ байгуулахгүйгээр ойд үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-150000, иргэнийг 5000-20000 төгрөгөөр торгож, хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хураах;
е/ногоон бүсийн ой, хориотой зурвасын ой, хамгаалалтын бүсийн бусад ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-200000, иргэнийг 5000-20000 төгрөгөөр торгож, хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хураах;
ж/онцгой бүсийн цармын бүслүүрийн ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 200000- 250000, иргэнийг 10000-25000 төгрөгөөр торгож, хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хураах;
з/байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хууль бус үйл ажиллагааны улмаас ойн санд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
Нөхөн төлбөрийн хэмжээг тухайн баялгийн мөнгөн үнэлгээг үндэслэн тогтооно.
Энэ дүрмийн 24-ийн "а"-"з"-д заасан эрхийг байгаль хамгаалагч байцаагчийн адил хэрэгжүүлнэ.
25.Усны тухай хуулиар:
а/ус ашиглалтын болон хаягдал усны бүртгэл, мэдээг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хугацаанд нь гаргаж өгөөгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 50000, иргэнийг 1000-3000 төгрөгөөр торгох;
б/усны эх үүсвэр, голдирол, гуу жалга, сайр болон хамгаалалтын бүсэд хог хаягдал, бохирдуулах бодис хаяхыг хориглох; иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж дууссан цооногоо битүүмжлэн сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэж өгөх; ашигт малтмал эрж хайх, олборлох явцад ус бүхий давхарга илэрвэл түүнийг бохирдохоос хамгаалах арга хэмжээ авч зохих шатны Засаг даргад мэдэгдэн усны мэдээллийн санд тусгуулах; ус ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэгийг усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн гадна урсгалын доод талд нь байрлуулж бохир усыг ариутгаж зайлуулах; байгууллага, аж ахуйн нэгж болон хот, тосгон, бусад суурины оршин суугч иргэн ахуйн бохир хаях цэгээ эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу доторлож, тохижуулан ашиглах, усыг бохирдохоос хамгаалах шаардлагыг биелүүлээгүй, усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-75000, иргэнийг 5000-15000 төгрөгөөр торгох;
в/ус татах болон бохир ус цэвэршүүлэх барилга байгууламжийн хэвийн ажиллагааг хангах шаардлагыг биелүүлээгүй, тэдгээрт засвар үйлчилгээ хийгээгүй, барилга байгууламж барих явцад урсгал усны голдирлыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарвал түүнийг байгалийн төрхөд нь буцааж оруулах, засч тохижуулах арга хэмжээний зардлыг зураг төсөлд тусгаж хэрэгжүүлэх; усны нөөц нь бүрэн нөхөгдөн сэргэдэггүй газар нутагт ус ашигласны төлбөрийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг мод, ургамал тарих зэрэг усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэх арга хэмжээнд зарцуулах шаардлагыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-100000, иргэнийг 5000-15000 төгрөгөөр торгох;
г/байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу тэдгээрийг чанарын баталгаатай усаар хангаагүй, усыг ахуйн зориулалтаар ашиглаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний ус хангамжийг тасалдуулсан буюу эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй усаар хангасан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-150000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр торгох;
д/усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан буюу гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000, иргэнийг 10000-25000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
е/ус ашиглах технологи нь олон улсын жишиг болон улсын стандартад тохирохгүй үйлдвэр, үйлчилгээний газар, аж ахуйн нэгжийг байгуулах, ажиллуулахыг хориглох; Ойн тухай болон Байгалийн ургамлын тухай хуульд заасан хориотой зурваст мод огтлох, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал ашиглах, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд батлагдсан зураг төсөл, зөвшөөрөлгүйгээр элс, хайрга авах, ашигт малтмалын орд ашиглахыг хориглох; усны нөөц нь бүрэн нөхөгдөн сэргэдэггүй газар нутагт ус ашигласны төлбөрийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг мод, ургамал тарих зэрэг усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэх арга хэмжээнд зарцуулах заалтыг зөрчсөн үйл ажиллагааг явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000, иргэнийг 20000-35000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
ж/усны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас усны санд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон мөнгөн үнэлгээгээр тогтооно.
Энэ дүрмийн 25-ын "б"-д заасан эрхийг байгаль хамгаалагч мөн хэрэгжүүлнэ.
26.Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулиар:
а/химийн хорт бодисыг хүлээн авсан тухай холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй, ашиглалт, зарцуулалтын мэдээ, тайланг гаргаж өгөөгүй буюу зориуд буруу мэдээлсэн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000, иргэнийг 1000- 3000 төгрөгөөр торгох;
б/химийн хорт бодисоос учирсан хохирол, хөнөөлийг арилгах арга хэмжээг аваагүй, байгаль орчинд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн химийн хорт бодис гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-75000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр торгох;
в/химийн хорт бодис тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тусгай сэрэмжлүүлэх тэмдэг тавих; химийн хорт бодисыг шуудангаар илгээх, гадны хүнээр дамжуулах, биедээ авч нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглох;
химийн хорт бодисын нэр төрөл, шинж чанар, хэрэглэх зориулалт, аргачлал, заавар нь тодорхой бус бол түүнийг хэрэглэхийг хориглосныг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-100000, иргэнийг 15000-25000 төгрөгөөр торгох;
г/химийн хорт бодисыг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, устгах болон түүнтэй харьцаж ажиллахад тавих шаардлагыг зөрчсөн, эсхүл химийн хорт бодис ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан байгууллага,аж ахуйн нэгжийг 100000- 150000, иргэнийг 20000-30000 төгрөгөөр торгож,хууль бусаар олсон орлогыг хураах;
д/химийн зэвсгийн зориулалттай химийн хорт бодисыг бусдад дамжуулсан, үйлдвэрлэсэн, нөөцөлж хадгалсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000, иргэнийг 25000-50000 төгрөгөөр торгох;
е/байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хууль тогтоомжид заасан журмыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа химийн хорт бодисыг шаардлагатай тохиолдолд хураан авах;
ж/химийн хорт бодис ашиглахад тавих шаардлага, журам, технологийн горимыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх.
27.Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар:
а/улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
б/хяналт шалгалтын байгууллага, байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй,шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25000; хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гарах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл; хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр торгуулах саналаа шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
Зургаа.Бусад зүйл.
28.Байгаль орчны улсын хяналтын алба,байцаагч, байгаль хамгаалагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
29.Байцаагч, байгаль хамгаалагч ялгах тэмдэг,галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл болон техник хэрэгсэл,уналгаар хангагдах бөгөөд тэдгээрийн эдэлгээний хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
30.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гаргана.
Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна.
Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан, иргэн хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхэд гаргаж болно.
31.Байцаагч, байгаль хамгаалагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
-------оОо---------
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх