- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ДАМЖУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1993 оны 68 дугаар тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ДАМЖУУЛАХ ЖУРАМ
1.Улс орны нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд бэрхшээл учруулж болзошгүй цаг агаарын үзэгдлийг учруулах хор хөнөөлийнх нь байдлаар онцгой аюултай, аюултай гэж ангилна.
2.Цаг агаарын онцгой аюултай, аюултай үзэгдлийн тухай урьдчилан сэргийлэх мэдээг Байгаль орчны яамны Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв хариуцаж гаргана.
3.Цаг агаарын онцгой аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг Улсын байнгын онцгой комисс, "МОНЦАМЭ" агентлаг, Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, тухайн аймгийн онцгой комисс, холбооны байгууллага, аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв тус тус хариуцан телефон, телеграфаар яаралтай мэдээлэх бөгөөд эдгээр байгууллага нь нийтэд зарлан түгээх ажлыг мөн хариуцна. Урьдчилан сэргийлэх мэдээг хүлээн авснаас хойш 10 минутын дотор улсын болон аймаг, хот, сумын радио, телевизээр эхлэн зарлаж, цаашид 2 цаг тутамд "Цаг агаарын онцгой аюултай үзэгдэл"-ийн тухай мэдээг нийтийн анхаарал татах тусгай дохиотойгоор, "Цаг агаарын аюултай үзэгдэл"-ийн тухай мэдээг хөгжимт дохиотойгоор тус тус "Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ" гэж хэлж анхааруулсны дараа уншиж зарлана.
4.Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ зарласан үед аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, хотын Ардыын Хурлын гүйцэтгэх захиргаа, хөдөө аж ахуйн байгууллагын удирдлага, суурь, хот айл бүр цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэн хамгаалах бүх талын арга хэмжээ авч бэлэн байдлыг хангасан байх
үүрэгтэй.
Цаг агаарын онцгой аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг "дохиотой" зарласан үед сэрэмжлэн хамгаалах ажлыг улсын иргэний хамгаалалтын шугамаар зохион байгуулна.
5.Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ хүлээн авах хүмүүсийг Улсын байнгын онцгой комисс, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд жижүүрийн журмаар томилон ажиллуулж мэдээний агуулга, хүлээн авсан хугацаа, мэдээг цааш нь дамжуулсан байдал, урьдчилан сэргийлэх болон бэлтгэл хангуулах талаар авсан арга хэмжээний тухай бүртгэл, тэмдэглэл хөтлүүлнэ.
6.Цаг агаарын онц аюултай хийгээд аюултай үзэгдэл болсон тухай бүр авсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаар тодорхойлолтыг сумдаас цаг агаарын онцгой аюултай болон аюултай үзэгдэл болсноос хойш 3 хоногийн дотор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд, мөн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь 10 хоногийн дотор Улсын байнгын онцгой комисс, Байгаль орчны яамны Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнд тус тус ирүүлнэ.
Улсын байнгын онцгой комисс, Байгаль орчны яам дээрх мэдээг улсын хэмжээгээр нэгтгэж төр, засгийн төв байгууллагуудад танилцуулна.
---oOo--
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх