A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 150 дугаар тогтоолын хавсралт
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
АВТО ЗАМЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
                1.Авто  замын улсын хяналтын зорилго нь Монгол Улсын болон гадаадын авто замын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс тус улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэж байгаа авто зам, замын байгууламжийн барилга, засвар арчлалт, ашиглалт, тэдгээрийн зураг төсөл, хайгуулын ажил, түүнчлэн материал эдэлхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, тэдгээрийн аюулгүй ажиллагааны байдалд төрийн захиргааны хяналт явуулж Авто замын тухай хууль тогтоомж, журам, техникийн баримт бичиг, барилгын норм ба дүрэм, улсын стандарт, зураг төслийн мөрдөлтийг хангуулахад оршино.
                2.Дэд бүтцийн улсын хяналтын албанд  авто замын салбарын хяналт хариуцсан Авто замын улсын ерөнхий байцаагч ажиллана.
                Автозамын улсын ерөнхий байцаагчийг Дэд бүтцийн хөгжлийн сайд томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг нь Засгийн газар олгоно.
                3.Дэд бүтцийн улсын хяналтын албаны Авто замын улсын ахлах байцаагчийг тухайн албаны дарга, аймаг нийслэлд ажиллах Авто замын улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлөх бөгөөд ажил төрлийн онцлогоос шалтгаалж  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газарт авто замын улсын ахлах байцаагч, байцаагч ажиллана. Эдгээр ахлах байцаагч, байцаагчийг агентлагийн дарга томилж чөлөөлнө. Авто замын ахлах байцаагч, байцаагчийн эрхийг Авто замын улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор Дэд бүтцийн хөгжлийн сайд олгоно.
                4.Авто замын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "байцаагч" гэх/ нь Авто замын инженер, эсхүл мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж мэргэшсэн авто замын техникч байна.
                5.Дэд бүтцийн улсын хяналтын алба, байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
                6.Байцаагч нь Авто замын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсан дүрэмт хувцас, албан үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай техник  хэрэгсэл /фото аппарат, дүрс бичлэгийн камер болон холбооны хэрэгсэл зэрэг/, үнэмлэх, тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт,торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
                7.Авто замын улсын байцаагчийн үйл ажиллагааны болон унаа, техник хэрэгсэл, дүрэмж хувцасны зардлыг байцаагчдыг ажиллуулж буй агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр улс, орон нутгийн замын сангаас санхүүжүүлнэ.
                8.Аймаг, нийслэлд ажиллаж байгаа байцаагчдыг мэргэжил, арга зүйн  удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Дэд бүтцийн улсын хяналтын алба  хариуцан хэрэгжүүлнэ.
 
Хоёр.Авто замын улсын хяналтын чиглэл
 9.Авто замын улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/ авто зам, замын байгууламжийн барилга, өргөтгөл, шинэчлэлт, засвар арчлалтын ажлын технологи болон чанар, аюулгүй ажиллагаа;
б/ зам барилгын материал, хагас бэлэн бүтээгдэхүүн, эдэлхүүний чанарын стандарт, баталгаажуулалт;
в/ авто зам, замын байгууламжийн хайгуул, зураг төсөл, барилгын норм ба дүрэм, чанар;
г/ авто зам, замын байгууламжийн арчлалт хамгаалалт, ашиглалтын бэлэн байдал;
д/ авто зам, замын байгууламжийн зураг төслийн хэрэгжилт;
е/ замын хөдөлгөөнд оролцогчдын авто зам, замын байгууламжийг ашиглаж байгаа байдал;
ж/ авто зам, замын байгууламжийн барилга, засвар, зураг төслийн болон материал бэлтгэлийн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл /лиценз/ авсан байдал;
з/ зам барилгын материал эдэлхүүн, бүтээцийн чанарт шинжилгээ хийх үүрэг бүхий улсын экспертиз лабораторийн /холбогдох байгууллагатай хамтран/ тусгай зөвшөөрөл авсан байдал;
и/ авто зам, замын байгууламжид гарсан нуралт, эвдрэл, замын байдлаас үүссэн онц ноцтой зам тээврийн ослын шалтгаан.
 
 
 
Гурав.Автозамын улсын байцаагчийн үүрэг, эрх
10.Байцаагч нь дор дурдсан үүргийг хүлээнэ:
а/ авто замын тухай хуулийн 8 дугаар зүйл, энэ дүрмийн 9 дүгээр зүйлд заасан үүрэг, чиглэлийн дагуу захиргааны хяналтыг хэрэгжүүлэх;
б/ хяналт  шалгалт хийсэн байгууллага, аж ахуйн нэгжийн бизнесийн болон үйлдвэрлэл, технологийн нууцыг чандлын хамгаалах;
в/ хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
г/ хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн акт, танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
11.Байцаагч нь авто замын тухай хуулийн 8 дугаар зүйлд заагдсан эрхээс гадна дараахь эрхийг эдэлнэ:
а/ хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох;
б/ холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
в/ хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
г/ бүтээгдэхүүний дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо хэмжээгээр шинжлүүлэх зорилгоор үнэ төлбөргүй авах;
д/ хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд  шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
е/ авто зам, замын байгууламжийн зураг төсөл, хайгуул, барилга, их засварын ажлын чанарт ноцтой зөрчил илэрвэл зөрчлийг арилгах хүртэл ажлыг түр зогсоох, шаардлагатай гэж үзвэл ажлыг дахин шинээр гүйцэтгүүлэх;
ж/ улсын стандартын шаардлага хангаагүй зам барилгын материал, эдэлхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, ашиглахыг хориглох, устгах, зөрчил нь давтагдан гарах нөхцөл бүрдсэн тохиолдолд үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоох асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх;
з/ ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хохирол учирсан, гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрсэн тохиолдолд шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх.
12.Байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай байгууллага, аж ахуйн нэгж, этгээдийг Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто замын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
 
Дөрөв.Бусад зүйл
13.Авто замын улсын байцаагчийн шийдвэрийг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
14.Шалгагдсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид буюу дээд шатны улсын байцаагчид гаргана.Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.Хэрэв энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
15.Байцаагч нь энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжид  заасны дагуу хариуцлага хүлээнэ.
--------оОо-------