- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1996 оны 72 дугаар тогтоолын хавсралт
/ЗГ-ын 1999 оны 164-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
1.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын зорилт нь архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, заавар, журмын хэрэгжилтийг хангуулахад оршино.
2.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтыг архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба, аймаг, нийслэлийн улсын байцаагч хэрэгжүүлнэ.
3.Архивын төв байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байна.Улсын ерөнхий байцаагчийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газраас олгоно.
4.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор хууль зүйн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлнө.
Аймаг, нийслэлд ажиллах архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээр байцаагчийн эрхийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд олгоно.
5.Ажил төрлийн онцлог байдлаас шалтгаалан зарим яам, газарт архив,албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч ажиллуулж болно. Яам, газрын улсын байцаагчийг сайд, дарга нь томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээр байцаагчийн эрхийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд олгоно.
6.Улсын байцаагчид нь архив, албан хэрэг хөтлөлтийн асуудлаар мэргэшсэн байна.
7.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба, улсын байцаагчид нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
8.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын ерөнхий болон ахлах байцаагч, улсын байцаагчид /энэ дүрэмд "байцаагч" гэх/ нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
9.Аймаг, нийслэлд ажиллаж байгаа архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
10.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/ архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомж, холбогдох бусад эрхийн актын биелэлт;
б/ архивын баримт болон музей, номын сан, эрдэм шинжилгээний байгууллага дахь гар бичмэлийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл, баримтын бүрэн бүтэн байдал;
в/ архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын үйл ажиллагаа;
г/ архивын баримтын тоо бүртгэл, эрдэм шинжилгээний лавлагаа мэдээлэл;
д/ архивын баримтын ашиглалт.
11.Байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан чиглэлийн дагуу улсын хяналтыг зохион байгуулж явуулах;
б/ хууль тогтоомжийг чанд сахих, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, байгууллага, албан тушаалтны хууль ёсны эрх ашиг, нэр төрийг хүндэтгэх;
в/ хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийж, гаргаж буй дүгнэлт, бичсэн акт, албан шаардлага, оногдуулсан торгуулийн үндэслэлийн үнэн зөвийг бүрэн хариуцах.
12 Байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих, хугацаатай үүрэг өгч биелэлтийг хангуулах;
б/ байгууллагын удирдлагатай тохиролцон холбогдох албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах;
в/ хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох, тухайн хяналт шалгалтын ажилд холбогдолтой мэдээ, судалгаа, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
г/ архивын сан хөмрөгийн баримт хадгалалтын тохиромжгүй нөхцөлд байгаа нь тогтоогдвол зөрчлийг арилгах хүртэл тухайн архивын үйл ажиллагааг түр зогсоох;
д/ илэрсэн зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байвал шалгалтын акт, материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх.
13.Байцаагч нь архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн болон илэрсэн зөрчлийг арилгуулах талаар өгсөн шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, гэм буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд, бусад холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
а/ албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, баримт бичгийн улсын стандартыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 20000-40000 төгрөгөөр, этгээдийг 1000-15000 төгрөгөөр торгох;
бтөр, захиргааны байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын архивын үндсэн зааврыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 20000-40000 төгрөгөөр, этгээдийг 1000-15000 төгрөгөөр торгох;
в/архивын баримтыг тогтоосон цаг хугацаанд улсын архивт шилжүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-80000 төгрөгөөр, этгээдийг 5000-30000 төгрөгөөр торгох;
г/архивын баримтын тоо бүртгэлийн талаар буруу мэдээлэл өгсөн этгээдийг 5000-20000 төгрөгөөр торгох;
д/архивын баримтын хадгалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-80000 төгрөгөөр, этгээдийг 5000-30000 төгрөгөөр торгох;
е/ архивын баримтын ашиглалтын журмыг зөрчсөн байгууллагыг 50000-80000 төгрөгөөр, этгээдийг 10000-30000 төгрөгөөр торгох;
ж/ улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
з/ хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25000, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл, хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гарган өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр тус тус торгуулах саналаа шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
14. Байцаагчийн шаардлагыг байгуулага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгөх үүрэгтэй.
15. Байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд үзвэл гомдлоо уг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргаж болно. Уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно.
16. Хууль тогтоомж зөрчсөн буюу энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байцаагчид зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A