A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
 
/ Засгийн газрын 2001 оны 150 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
УЛСЫН САЙН МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
 
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Малчин өрхийн идэвх, санаачилгыг урамшуулах замаар малын тоог өсгөх, сүргийн бүтцийг сайжруулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд энэхүү шагналын зорилго оршино
2.хээлтэгчийн хувийн жинг зохистой түвшинд хүргэж, мал сүргээ үр төлөөр нь өсөн үржүүлж, малын чанар, ашиг шимийг дээшлүүлэн мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан 10 хүртэлх малчин өрхийг жил бүр "Улсын сайн малчин"-аар шалгаруулж байна.
3."Улсын сайн малчин" шагнал олгох асуудлыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
 
ХОЁР.Шагналд тодорхойлох үндэслэл
4."Улсын сайн малчин"-аар тодорхойлоход дор дурдсан шаардлагыг хангасан байна;
а/ малчин өрх нь малаа сүүлийн гурван жил дараалан үр төлөөр нь өсгөсөн байх;
б/ малчин өрх нь бодод шилжүүлсэн 180-аас доошгүй малтай, хээлтэгчийн хувийн жин бог малд 52, бодод 30-аас доошгүй, оны эхний 100 эх тутмаас сүүлийн 3 жилд бойжуулсан төлийн тоо малын төрөл бүр дээр өмнөх оны амжилтаасаа буураагүй байх;
в/ нэгжээс авсан ашиг шимийн үзүүлэлтээр тухайн малын төрөл, үүлдэр, хэвшлийн дотор дээд амжилт гаргасан байх;
г/ саалийн чиглэлийн фермерийн аж ахуй нь сүүлийн 3 жил дараалан 25-аас доошгүй үнээ хариуцан маллаж онд бүрэн оруулан үнээ бүрээсээ тугал бойжуулж, нэг үнээнээс сааж хөдөлмөрчдийн хэрэгцээнд нийлүүлсэн сүүний хэмжээ нь тухайн үүлдрийн дээд амжилт тогтоосон байх;
д/ мал аж ахуйн үржлийн албаар баталгаажуулж, жишигт тэнцсэн хээлтүүлэгч малтай байх бөгөөд тодорхой тооны үржлийн мал бойжуулж бусад иргэдийн мал сүргийн чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулсан байх;
е/ өвөлжөө, хаваржаагаа бүрэн тохижуулсан, мал сүргээ өвөлжүүлж хаваржуулах, төл бойжуулахад хүрэлцэхүйц хэмжээний өвс, тэжээлийг жил бүр бэлтгэсэн байх;
ж/ малаа зохих журмын дагуу заазлан борлуулалт хийж, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан, малгүй буюу цөөн малтай иргэдийг малжуулахад сайн санааны тусламж, дэмжлэг үзүүлсэн нөлөө бүхий хүн байх;
з/ тухайн нутаг дэвсгэрт нэгдсэн зохион байгуулалтаар хийгдсэн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа цаг хугацаанд нь бүрэн хамруулсан, мал сүрэг нь өвчин эмгэггүй эрүүл байх;
и/ тухайн малчин нь холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг цаг хугацаанд нь төлсөн байх.
5.мал өсөлт, сүргийн хөдөлгөөн, төл бойжуулалт зэргийг улсын мал тооллогын үндсэн баримт материалаар, ашиг шим ашиглалтыг борлуулалт хийсэн баримт, мал аж ахуйн үржлийн албанаас хийсэн хяналтын жинлэлт, хяргалт, самналт, сааманд хийсэн судалгаа, дүгнэлт, татвар төлөлтийг татварын орон нутгийн байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тогтооно.
6.Мал сүргийн эрүүл мэнд, үржлийн ажил, мал маллагаа, эмчилгээний арга туршлага, цөм, торгон сүргийн хувийн жин, малын чанар, бэлтгэсэн өвс тэжээл, хашаа байр, уст цэгийн хангамж зэргийн тодорхойлолтыг сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн алба гаргана.
 
ГУРАВ.Шагналд тодорхойлох, шалгаруулах зарчим
7.Баг, хорооны Засаг  даргаас санаачлан "Улсын сайн малчин"-аар тодорхойлох үндэслэлийг хангасан гэж үзэж байгаа малчны тодорхойлолт, холбогдох материалыг  бүрдүүлж, багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлж  сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
8.Баг, хорооноос ирүүлсэн тодорхойлолт, холбогдох материалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хянан үзэж  хамгийн өндөр амжилт гаргасан нэг хүнийг шалгаруулан аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт  тодорхойлж хүргүүлнэ.
9.Сум, дүүргээс ирүүлсэн тодорхойлолт, холбогдох материалыг аймаг,нийслэлийн Засаг даргын тамгын газар хянан үзээд шаардлагатай үзүүлэлтүүдийг газар дээр нь шалган тодруулж аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж хамгийн өндөр үзүүлэлттэй 1-3 малчны тодорхойлолт, холбогдох материалыг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд  ирүүлнэ.
10.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн тодорхойлолт, холбогдох материалыг хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам хянан үзэж үзүүлэлт бүрээр нь цуваагаар байр эзлүүлэн шалгаруулж, асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт оруулна.
11.Тухайн малчинг "Улсын сайн малчин"-аар шалгаруулахаар тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ:
а/ малчны анкет /1 дүгээр хавсралт/;
б/ ажлын үзүүлэлт / 2 дугаар хавсралт/;
в/ баг, хорооны Иргэдийн хурлын тэмдэглэл;
г/ аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, ажлын үзүүлэлтийг баталгаажуулж шалгасан акт;
д/ сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн алба болон татвар, даатгал, цагдаагийн байгууллагын тодорхойлолт
12. Малыг бодод шилжүүлэхдээ Монгол улсын хүн амын орлогын албан татварын хуулийн 6  дугаар зүйлд заасан итгэлцүүрийг баримталсан байна.
13.Шалгаруулж байгаа малчны мал сүрэгт тавиул малыг оруулж тооцохгүй.
14. "Улсын сайн малчин" шагналыг тухайн малчин өрхөд зөвхөн нэг удаа олгоно.
15. "Улсын сайн малчин"-ыг улсын аварга малчинтай адилтган үзэх тул урьд нь ийм шагнал авсан малчныг "Улсын сайн малчин"-аар дахин шалгаруулахгүй.
 
ДӨРӨВ.Олгох шагнал.
16.Шалгарсан малчин өрхийн тэргүүнд "Улсын сайн малчин"-ы үнэмлэх, энгэрийн тэмдэг олгож, 350 мянган төгрөгийн үнэ бүхий  дурсгалын  зүйлээр шагнана.
17."Улсын сайн малчин"-ы шагналыг билгийн тооллын  хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан гардуулна.
 
 
-------оОо-------