- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХЭД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 195 дугаар тогтоолын хавсралт
НЭГ. Нийтлэг үндэслэл
/Засгийн газрын 2001 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХЭД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
1."Архидан согтуурахтай тэмцэх тухай" Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5, 8 дугаар зүйлд заасны дагуу согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.
2.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын болон гадаадын үйлдвэрийн газар, байгууллагад энэ журам нэгэн адил хамаарна.
3.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэх, олгосон зөвшөөрлийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно.
ХОЁР. Зөвшөөрөл олгох журам
4.Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхэд дараахь нөхцөлүүдийг бүрдүүлсэн байна:
а/үйлдвэрлэлийг ажиллуулах исгэлтийн үйлдвэрлэлийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэсэн байх;
б/эрүүл ахуй, ариун цэвэр, техникийн болон галын аюулгүйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн байртай байх асуудлыг шийдвэрлэсэн байх;
в/бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник технологийн баталгааг хангах, үүний тулд суурилуулах тоног төхөөрөмжийн техник, технологийн баталгаат үзүүлэлт, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд мөрдөх батлагдсан стандарт, технологийн болон лабораторийн шинжилгээний заавар, ариун цэвэр, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, бүтээгдэхүүний чанарын өдөр тутмын хяналт явуулах лабораторийн нөхцөл, хэрэглэх багаж төхөөрөмж, урвалжийн жагсаалт гаргасан байх;
г/үйлдвэр барьж байгуулах техникийн нөхцөлийг бэлэн болгосон байх;
д/согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагуудын санал дүгнэлт авсан байх.
5.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тухай өргөдлийг аж ахуйн нэгжүүд тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргана. Өргөдөлд үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг хангасан тухай баримт бичгүүд, эдийн засгийн үндэслэл тооцоо, технологийн бүдүүвч зураг, зургийн даалгаврын төслийг хавсаргасан байна.
6.Өргөдөл, материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүлээн авч энэхүү журмын дагуу нэгтгэн хянаад, аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан ирүүлсэн байна. Мөн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дэвсгэр нутагтаа ажиллаж байгаа согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны жилийн тайланг, эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, стандарт, эрүүл ахуйн байдалд хяналт тавьсан ажлын дүн, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэх талаар санал, дүгнэлтээ хамт ирүүлнэ.
7.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн материалыг аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч тухайн орон нутагт согтууруулах ундааны хэрэгцээ, хангалтын бодлоготой уялдуулан хянаад шаардлага хангасан гэж үзвэл үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл гаргуулахаар Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
8.Засгийн газраас согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж зургийн даалгаврын дагуу мэргэжлийн байгууллагаар зураг төсөв хийлгэж зохих газруудаар хянуулан цехийг барьж байгуулах, ашиглалтад бэлэн болгох, туршилт явуулах ажлыг зохион байгуулахын дээр ажиллагсдыг бэлтгэх, мэргэжлийн заавар зөвлөмж өгөх, тэдгээрийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, хүнсний үйлдвэрлэлийн ариун цэвэр, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм заавартай танилцуулах, сургалтад хамруулах болон даралтат савыг шалгуулж баталгаажуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.
9.Согтууруулах ундааны үйлдвэр, цех ашиглалтад бэлэн болмогц Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамнаас Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гал түймрийг эсэргүүцэх газартай хамтран үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийн угсралт, технологийн горим, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, лабораторийн нөхцөл, ариун цэвэр, эрүүл ахуй, техникийн болон галын аюулгүй байдлыг шалгаж дүгнэлт гаргана.
10.Уг дүгнэлтийг үндэслэн зохих шаардлага хангасан аж ахуйн нэгжид Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын тушаалаар үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэнэ.
Гэрчилгээнд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх шийдвэр, байршил, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, чанарт хийсэн шинжилгээний дүн, дүгнэлт, үйлдвэрлэл эрхлэх хугацааг заана.
11.Сүү, цагаан идээгээр 12-оос дээш хатуулагтай архи үйлдвэрлэх эрх олгох, үйлдвэрлэлийн ажиллагаанд хяналт тавих ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар зохицуулна.
ГУРАВ. Хяналт тавих
12.Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний чанарт Стандартчилал хэмжил зүйн төв, Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба болон тэдгээрийн харьяа аймаг, нийслэл, сум, дүүргийн хяналтын байцаагч нар байнгын хяналт тавьж байхын дээр согтууруулах ундааны чанарын шинжилгээг экспертиз шинжилгээ хийх эрх олгогдсон сорилтын лабораториудад улиралд 2-оос доошгүй удаа хийж дүгнэлт гаргана. Шинжилгээний дээжийг хяналтын байцаагчид газар дээр нь зохих журмын дагуу авч байна.
13.Үйлдвэр нь технологийн дамжлага бүрт технологийн горимыг тодорхойлсон анхан шатны бүртгэл хөтлөнө. Экстракттай болон тусгай технологиор үйлдвэрлэсэн согтууруулах ундаанд улсын стандартын үзүүлэлт, шаардлагыг өндөржүүлсэн буюу дэлгэрүүлсэн хэм хэмжээг заасан байгууллагын стандартыг батлуулж мөрдсөн байна.
14.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон мэргэжлийн хэсэг согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн техник, технологийн ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэвэр, бүтээгдэхүүний чанар, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүйн шаардлагын биелэлтэд жил бүр шалгалт хийж аттестатчилал явуулан үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх эсэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт тавьж, үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх хугацааг эрхэлсэн сайдын тушаалаар шийдвэрлүүлж байна.
15.Хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байгаа болон чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь тогтоогдсон, үйлдвэрлэлийн ажиллагаанд гарсан зөрчлийг арилгах талаар мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй, зөвшөөрөлгүй үйлдвэрлэл эрхэлсэн болон үйлдвэр байгуулах зөвшөөрөл авснаас хойш үйлдвэрлэлээ эрхлэлгүй хоёр жилийн хугацаа өнгөрсөн зэрэг шалтгаанаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаагаар зогсоох буюу хүчингүй болгож болно. Хүчингүй болгох шийдвэрийг зохих журмын дагуу Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
16.Согтууруулах ундаа үйлдвэрлэхэд зөвхөн стандарт, эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангасан хүнсний спирт хэрэглэх үүргийг уг үйлдвэрлэлийг эрхэлж буй аж ахуйн нэгж бүр хүлээх бөгөөд энэхүү шаардлагыг санаатай зөрчин, техникийн спирт хэрэглэж, хэрэглэгчдийн эрх ашиг, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нөхцөл бүрдүүлсэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох арга хэмжээ авна. Бүтээгдэхүүний чанар, технологийн горимын зөрчлийн талаар мэргэжлийн байгууллагуудаас өгсөн дүгнэлт, шийдвэрийг биелүүлээгүйгээс хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байгаа аж ахуйн нэгжийг шүүхэд шилжүүлж болно.
17.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв, Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албанаас томилогдсон ажлын хэсэг согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагууд хэрхэн хяналт тавьж ямар үр дүнд хүрч байгаа талаар улсын үзлэгийг жил бүр 2-оос доошгүй аймаг болон нийслэлийн 1-ээс доошгүй дүүрэгт явуулж холбогдох арга хэмжээ авч байна.
ДӨРӨВ. Бусад зүйл
18.Согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь байршлаа өөрчлөн тухайн сум, аймаг, хотоос өөр сум, аймаг, хотод шилжих, өөрийн салбарыг шинээр нээн ажиллуулах тохиолдолд уг үйлдвэрлэлийг шинээр эрхлэгчдийн нэгэн адил материал бүрдүүлж энэхүү журмын хоёрдугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлүүлнэ.
19.Энэхүү журмыг мөрдөх явцад үйлдвэрлэгч нь зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага, мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын дүгнэлт, шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол гомдлоо дээд шатны байгууллагад эсвэл шүүхэд гаргаж болно. Дээд шатны байгууллага гомдлыг хүлээн авсан өдрөөс эхлэн нэг сарын дотор хянан шийдвэрлэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A